| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Далайхүү |
| Хэргийн индекс | 195/2025/00518/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/2320 |
| Огноо | 2025-10-07 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Д.Бум-Аюуш |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2320
2025 10 07 2025/ШЦТ/2320
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал,
улсын яллагч Д.Бум-Аюуш,
шүүгдэгч Ц.*** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***д холбогдох эрүүгийн *** тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
***.
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.*** нь “өвс авна” гэх хохирогчийн интернэт орчинд оруулсан зарын дагуу утасдаж өвс зарна гэж худал хэлж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 7-р хороо, “***” худалдааны төвийн 2-р давхарт байрлах солонгос хоолны газарт байхдаа 4.000.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны *** тоот дансаар 1 удаагийн гүйлгээгээр хохирогч С.***аас шилжүүлэн авч “залилах” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.*** мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгсөн, нэмж ярих зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:
Хохирогч С.***ы:
2025 оны 07 дугаар сарын 07-ний өдөр Цагдаагийн байгууллагад гаргасан “...2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 7-р хороонд байхдаа өвс авах зорилгоор Худалдаа хөгжлийн банкны *** тоот данс руу 5.000.000 төгрөг шилжүүлж залилуулсан...” гэсэн гэмт хэргийн талаар гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 5 дахь тал/,
Хохирогч С.***ы:
“..Би 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд байхдаа намрын бэлтгэлээ хангах зорилгоор фейсбүүк дээр өвс авна гэсэн зар оруулсан тэгсэн *** гэдэг хүн над руу залгаад надад өвс байна өвс нийлүүлж болно гэж хэлсэн тэгээд хотод ирээд уулзчих гэсэн. Тэгээд би тэр өдрөө Улаанбаатар луу хувийн машинаар ирээд Баянгол дүүргийн 10-р хорооллын уулзварын МТ шатахуун түгээх станцын баруун талд байрлах *** төвийн 2-р давхарт байрлах Солонгос хоолны газар *** гэх хүнтэй уулзсан. Тэгээд *** гэх хүн надад ийм өвс байгаа гээд утсан дээрээ байсан зураг үзүүлсэн, бас тэжээлийн ченж хийдэг оросын тэжээлийн үйлдвэртэй гэрээ байгуулсан тэжээл оруулж ирдэг гэж өөрийгөө танилцуулсан. Тэгээд бид 2 тэр хоолны газар 30 минут орчим суугаад ярилцсан тэгээд би тэр хүнд итгээд 2.000 боодол өвс авахаар болоод урьдчилгаанд 4.000.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд эхний 3 хоног холбоотой байсан. Өвс нь ачигдаж байна гэж ярьж байсан тэгээд 06 дугаар сарын 27-ны өдөр залгаж ярихад өвс ачсан машин нь эвдэрсэн гэж ярьсан. Тэгээд 06-р сарын 30-ны өдөр ярьсан чинь өвс ачсан машин өвсөө буулгаад цаашаа жоншны уурхай луу ажил хийхээр явчихлаа урьдчилгаанд авсан мөнгөө буцааж өгнө гэж хэлсэн. Тэгээд 07-р сарын 01-ний өдөр залгаж ярихад 10 минутын дараа шилжүүллээ гээд данс авсан тэгээд тэр өдөр видео колл хийгээд ярьсан чинь яг одоо хийлээ гэсэн. Тухайн үед би хотод ирсэн байсан болохоор өөр газраас өвс аваад явъя гэж бодоод ахыгаа том машинтай нь хамт аваад 4-р зөрлөг ороод өвс ачих гээд налайхаас хөлсний кран дуудсан. Тэгээд ахын машин дээр 45 ширхэг өвс ачсан. Тэгээд тооцоогоо хийх гээд *** гэх хүн лүү залгаад ярьсан чинь өөр банкнаас шилжүүлэх гээд байна IBAN дугаараа явуул гэсэн тэгээд би Iban дугаараа явуулчхаад буцаагаад залгасан чинь утас нь холбогдох боломжгүй болсон байсан. Тэгээд өвс ачсан ахын машин болон кран нь хоноод маргааш үүрийн 04 цаг хүртэл хүлээсэн. Тэгээд хөлсний кран нь ачихад 500.000 төгрөг болсон байсан ба *** гэдэг хүн мөнгөө хийгээгүй болохоор өвсөө авч чадахгүй буцаагаад буулгуулсан... Би 4.000.000 төгрөгөө 10-р хорооллын тэнд байдаг *** төвийн 2-р давхарт байхдаа өөрийн Хаан банкны *** тоот дугаарын данснаас *** гэх хүний Худалдаа хөгжлийн банкны *** тоот данс руу шилжүүлсэн.. Би гомдолтой байгаа цаг хугацаа болон нааш цаашаагаа явсан зардал гээд бөөн зарлага болсон. Өвсний үнэ 4.000.000 төгрөг болон хөлсний краны 1.000.000 төгрөгөө гаргуулж авмаар байна...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 23-25 дахь тал/,
2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн С.***ы эзэмшлийн Хаан банкны *** тоот “Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл” /хавтаст хэргийн 6 дахь тал/,
2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Ц.***гийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны *** тоот “Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл” /хавтаст хэргийн 7 дахь тал/,
С.***ы сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэг тогтоолгохгүй гэсэн хүсэлт /хавтаст хэргийн 4 дэх тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
I. Гэм буруугийн талаар:
Улсын яллагч “шүүгдэгч Ц.*** нь хохирогч С.***ыг “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч Ц.*** нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй.
Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ц.***гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч Ц. *** нь:
“өвс авна” гэх хохирогчийн интернэт орчинд оруулсан зарын дагуу утасдаж өвс зарна гэж худал хэлж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 7-р хороо, “***” худалдааны төвийн 2-р давхарт байрлах солонгос хоолны газарт байхдаа 4.000.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны *** тоот дансаар 1 удаагийн гүйлгээгээр хохирогч С.***аас шилжүүлэн авч залилсан болох нь гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл, хохирогч С.***ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, хохирогч С.***ы эзэмшлийн дансны дэлгэрэнгүй хуулга болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ц.***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.***д 4.000.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгчээс мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
II. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас “шүүгдэгч Ц.***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч Ц.*** нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын санд 2 удаагийн ял шийтгэлийн бүртгэлтэй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Ц.***г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг болон урьд санаатай гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн атлаа нийгэмшихгүй, хүмүүжихгүй байгаа түүний хувийн байдлыг харгалзан, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
- Бусад асуудлаар:
Эрүүгийн *** дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ц.*** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.***г 1000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.***д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*** нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ц.*** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ц.***д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ДАЛАЙХҮҮ