| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2022/05586/И |
| Дугаар | 102/ШШ2023/01250 |
| Огноо | 2023-03-31 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 102/ШШ2023/01250
| 2023 оны 03 сарын 31 өдөр | Дугаар 102/ШШ2023/01250 | Улаанбаатар хот |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: М ХХК
Хариуцагч: Х ХХК
Хариуцагч: Д
Нэхэмжлэлийн шаардлага: 92,039,154 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Н
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнгөнсаран
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хариуцагч Х ХХК, Э.Д нараас 92,039,154 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгч М ХХК-ийн зүгээс дараах байдлаар тайлбарлав. Үүнд: Манай компани нь уулын дайргыг төрөл бүрийн фракцаар үйлдвэрлэж бетон зуурмагийн үйлдвэрүүдэд нийлүүлж ажилладаг. Хариуцагч болох Х ХХК-тай 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Дайрга, элс, буталсан чулуу нийлүүлэх гэрээ-г байгуулан 500,000,000 төгрөгийн дайрга чулуу нийлүүлсэн. Х ХХК-иас дээрх төлбөрийн үнийн дүнд 7 өрөө орон сууцыг төлбөрт тооцон авч, 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр төлбөр тооцоо бүрэн дууссан. Үүний дараа Хөтөл тэлмэн констракшн ХХК-ийн ажилтан гэж танилцуулсан Э.Д нь тухайн компанийн захирал Б.У-ын ээж гэдгийг сүүлд нь мэдсэн. Э.Д нь манай компаниас дахин дайрга чулуу худалдан авах санал тавьж, удахгүй мөнгө ороод ирэхээр нь төлье, дайрга чулуугаа манай компанид нийлүүлээд явж байгаа ч гэж санал тавьсны дагуу Хөтөл тэлмэн констракшн ХХК-ийн удирдлагатай ярьж дайрга тэднийд худалдахаар болж харилцан тохиролцож дайргаа нийлүүлж эхэлсэн. Ингээд 2021 оны 8 дугаар сарын 31-ний амаар гэрээ байгуулж тус өдрөөс эхлэн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийг дуустал 9.386 м3 дайрга буюу 150,179,154 төгрөгийн дайрга худалдсан. Дайргын үнэ 1 м3-ийг 16,000 төгрөгөөр тохиролцож худалдсан. Манай компанийн зүгээс харилцан тохиролцсоны дагуу дайргаа бүрэн нийлүүлж дуусан. Гэвч Х ХХК-ийн талаас төлбөр мөнгийг төлөхгүй удаа дараа нэхэж шаардсан, 3 удаа албан бичиг хүргүүлсэн, утсаар холбогдох гэж байнга залгаж, мессеж явуулж байсан боловч огт хариу ирүүлээгүй. Ингэж байнгын төлбөр мөнгөө нэхэж шаардсаны дараа дайргын мөнгө 150,179,154 төгрөгөөс 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 11 дүгээр сарын 07-ны өдрийн хооронд 24,790,000 төгрөгийн үнэ бүхий 134 м3 бетон зуурмагийг төлбөртөө тооцон хасч авсан. 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 7,350,000 төгрөгийн үнэ бүхий 35 м3 бетон зуурмаг төлбөртөө тооцон авсан. 2022 оны 7 дугаар сард 21,000,000 төгрөгөөр тооцон Тоёота приус-30 маркийн автомашиныг, 2022 оны 7 дугаар сард бэлэн мөнгөөр 5,000,000 төгрөгөөр төлсөн. Ингээд нийт 150,179,154 төгрөгөөс 58,140,000 төгрөгийг эд зүйл болон бэлэн мөнгөөр төлсөн ба одоо үлдэгдэл 92,039,154 төгрөгийг төлөөгүй одоог хүртэл манай компанийг хохироож байна. Иймд гэрээний үүрэгт 92,039,154 төгрөгийг Хөтөл тэлмэн констракшн ХХК-иас гаргуулж өгнө үү. Бид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Д-аас татгалзсан байгаа, түүнээс юм нэхэмжлэхгүй гэжээ.
2. Хариуцагч Х ХХК-иас шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Хариуцагч Х ХХК нь 2021 оноос хойш Иргэний хуулийн 236.1.1-т заасны дагуу үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байсан. Харин үлдэгдэл 92,039,154 төгрөгийг төлж барагдуулаагүй байгаа нь манай компанийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалаагүй гэдэг нь дараах байдлаар тогтоогдож байгаа юм. Х ХХК-ийн буруутай үйлдлээс шалтгаалаагүй нь гуравдагч нөхцөл байдал буюу гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас шалтгаалж байгаа нь сүүлийн 2-3 жилийн хугацаанд буюу 2019 оны 12 дугаар сараас эхэлсэн Ковид-19 цар тахалтай шууд холбоотой юм. Үүний улмаас хил, гааль хаагдаж, Х ХХК-д нийлүүлэгч компаниудаас нийлүүлэх байсан хайрга, дайрга, бетон, зуурмаг хомсдож үнэ нь нэмэгдсэн тул бидэнд өндөр үнээр борлуулсан, мөн М болон М цементийн үнэ өссөнөөс үүдэлтэй бусад цемент нийлүүлэгч компаниуд цементийн үнэ өссөн талаар мэдэгдэж үүний улмаас манай компани санхүүгийн хувьд алданги байдалд орсон. Энэхүү байдал нь одоог хүртэл үргэлжилж байгаа болно. М ХХК нь Х ХХК-д дайрга чулуу нийлүүлэхээр харилцан тохиролцож, 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс 11 дүгээр сарын 12-ны өдрийг дуусгал 9,389 метр куб дайрга буюу нийт 150,179,154 төгрөгийн дайрга худалдсан байдаг. Харилцан тохиролцож дайрга нийлүүлснээс хойш Х ХХК нь Иргэний хуулийн 236.1.1-т заасны дагуу үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байсан бөгөөд нийт 150,179,154 төгрөгөөс 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 11 дүгээр сарын 07-ны хооронд 24,790,000 төгрөгийн үнэ бүхий 134 м3 бетон зуурмаг, 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 7,350,000 төгрөгийн 35 м3 бетон зуурмаг, 2022 оны 7 дугаар сард 21,000,000 төгрөгийн үнэ бүхий Тоёота приус 30 маркийн автомашин, 2022 оны 7 дугаар сард бэлэн мөнгөөр 5,000,000 төгрөг, нийт төлбөрөөс 58,140,000 төгрөгийг төлж барагдуулсан байдаг. Тус үндсэн төлбөрийн үлдэгдэл төлбөр болох 92,039,154 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй бөгөөд цементийн үнэ буусны дараа, тодорхой хугацааны дотор график гаргах төлөх сонирхолтой байгаа гэжээ.
3. Хариуцагч Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэргийн материалтай танилцахад нэхэмжлэгч нь анх Х ХХК болон Э.Д нарт холбогдуулан нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Э.Д-аас татгалзаж Х ХХК-ийг хариуцагчаар татсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлтэй танилцахад 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дайрга элс буталсан чулууг нийлүүлэх гэрээний дагуу 92,039,154 төгрөгийг нэхэмжилж байгаа гэж ойлгож байна. Гэрээний дагуу нэхэмжилж байгаа бол тус гэрээний 1.3.2 дахь хэсэгт зааснаар нэгжийн үнэлгээ 12,500 төгрөг гэж байгаа. Тэгэхээр 12,500 төгрөгөөр тооцож тухайн нийлүүлсэн бараа бүтээгдэхүүн буюу буталсан чулуу шигшсэн хайрга, элсний бараа бүтээгдэхүүний үүнийг бодох ёстой бөгөөд 92,039,154 төгрөг яагаад ч гарахгүй. Нэхэмжлэгч нэгжийн үнийг 16,000 төгрөгөөр тохирсон гэж үндэслэлгүйгээр их үнийн дүнг нэхэмжилж байна. Мөн гэрээний 6.2-т зааснаар талууд гэрээний хугацааг сунгах бол харилцан тохирох ёстой. Гэтэл гэрээг талууд харилцан тохирч сунгаагүй байна. Хэрэгт нэхэмжлэгчийн байгуулсан гэх хоёр дахь гэрээ, уг гэрээтэй холбоотой баримт авагдаагүй байгаа. Хэрэв гэрээг амаар Э.Д-тай байгуулсан бол Э.Д-аас нэхэмжлэх ёстой байсан юм болов уу гэж бодож байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна гэжээ.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Э.Д болон Х ХХК-д холбогдуулж 92,039,154 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч Э.Д-т холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Э.Д-т холбогдох шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоно.
Шүүхээс талуудын хооронд үүссэн маргааныг дараах байдлаар шийдвэрлэв. Үүнд:
1. Хэрэгт 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр М ХХК /бэлтгэн нийлүүлэгч/ болон Х ХХК /худалдан авагч/-иудын хооронд байгуулагдсан Дайрга, элс, буталсан чулуу нийлүүлэх гэрээ авагджээ.
Дээрх гэрээгээр М ХХК нь 10-20мм-ийн дайрга нийлүүлэх /нэгжийн үнэ: 12,500 төгрөг/, үүний хариуд Х ХХК нь тохирсон үнэ төлөхөөр харилцан тохирсноос үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
2. Хариуцагч Х ХХК-иас 92,039,154 төгрөг гаргуулах тухай шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгчийн зүгээс ...2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Дайрга, элс, буталсан чулуу нийлүүлэх гэрээ 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр дууссан. 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс шинээр дайрга нийлүүлэх гэрээг амаар тохирч хийсэн ба 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийг дуустал 1м3 дайргыг 16,000 төгрөгөөр тохирч нийт 9,386м3 буюу 150,179,154 төгрөгийн бүтээгдэхүүнийг бид хариуцагчид нийлүүлсэн. Уг 150,179,154 төгрөгөөс 58,140,000 төгрөгийг бэлэн мөнгөөр болон бараа бүтээгдэхүүнээр хүлээн авсан. Одоо үлдэх 92,039,154 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэж тайлбарласан.
Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрийн татгалзлаа ...2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Дайрга, элс, буталсан чулуу нийлүүлэх гэрээ-ний 1.3.2-т гэрээний нэгжийн үнэ 12,500 төгрөг байхаар тохирсон. Гэтэл нэхэмжлэгч нэгжийн үнийг 16,000 төгрөгөөр тохирсон гэж үндэслэлгүйгээр их үнийн дүнг нэхэмжилж байна, ...мөн гэрээний 6.2-т зааснаар талууд гэрээний хугацааг сунгах бол харилцан тохирох ёстой. Гэтэл гэрээг талууд харилцан тохирч сунгаагүй гэсэн агуулгаар тайлбарлаж байна.
3. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.2.2, 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.1, 38.6 дахь хэсгүүдэд зааснаар иргэний хэрэг маргаанд зохигч өөрийн шаардлага хийгээд татгалзлаа нотлох, нотлох баримтаа өөрөө цуглуулан гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэхүү үүргийнхээ хүрээнд гэрч асуулгах, шинжээч томилуулах, үзлэг болон туршилт хийлгэх, өөрөө олж авах боломжгүй баримтуудыг шүүхэд хүсэлт гаргах замаар бүрдүүлэх зэрэг өргөн хэмжээний эрхийг эдэлж оролцдог. Түүнчлэн хэргийн оролцогч шүүхэд үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй ба зохигчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан тайлбар нотлох баримтаар үнэлэгдэнэ.
Нэхэмжлэгч өөрийн шаардлагыг нотлох үүднээс хэрэгт Х ХХК-д бүтээгдэхүүн нийлүүлсэн зарлагын баримтууд, Баянгол дүүргийн Прокурорын газрын прокурорын 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1641 тоот Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол, 2022 оны Харилцагчийн гүйлгээ зэрэг бичгийн баримтуудыг гаргаж өгсөн.
Харин 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хариуцагч Х ХХК-иас шүүхэд бичгийн тайлбарыг гаргаж өгсөн. Уг тайлбарт ...үлдэгдэл 92,039,154 төгрөгийг төлж барагдуулаагүй байгаа нь манай компанийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалаагүй..., ...гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас шалтгаалж байгаа нь сүүлийн 2-оос 3 жилийн хугацаанд буюу 2019 оны 12 дугаар сараас эхэлсэн Ковид-19 цар тахалтай шууд холбоотой..., ...нийт 150,179,154 төгрөгөөс 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 11 дүгээр сарын 07-ны хооронд 24,790,000 төгрөгийн үнэ бүхий 134 м3 бетон зуурмаг, 2022 оы 6 дугаар сарын 28-ны өдөр 7,350,000 төгрөгийн 35 м3 бетон зуурмаг, 2022 оны 7 дугаар сард 21,000,000 төгрөгийн үнэ бүхий ...автомашин, 2022 оны 7 дугаар сард ...5,000,000 төгрөг, нийт төлбөрөөс 58,140,000 төгрөгийг төлж барагдуулсан. Үндсэн төлбөрийн үлдэгдэл төлбөр болох 92,039,154 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй, ... цементийн үнэ буусны дараа, тодорхой хугацааны дотор график гаргах төлөх сонирхолтой гэж дурдагджээ.
Хариуцагчийн дээр дурдсан тайлбарыг хэрэгт авагдсан баримтуудтай харьцуулан судлахад нэхэмжлэгчийн ...2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Дайрга, элс, буталсан чулуу нийлүүлэх гэрээ 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр дууссан. 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс шинээр дайрга нийлүүлэх гэрээг амаар тохирч хийсэн ба ...уг гэрээний дагуу хариуцагчийн төлөх үлдэгдэл 92,039,154 төгрөг байгаа гэх тайлбар үндэслэлтэй байна.
Иймд хариуцагч Х ХХК-иас 92,039,154 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгох нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасантай нийцнэ.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 618,191 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Х ХХК-иас 618,191 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Э.Д-т холбогдох шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х ХХК-иас 92,039,154 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 618,191 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Х ХХК-иас 618,191 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасныг баримтлан шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ХАНГАЛ