Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2023/01495

 

 

 

 

 

2023 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2023/01495

Улаанбаатар хот

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: *** тоотод оршин суух хаягтай, *** ургийн овогтой ***ы *** /РД:***/

 

Хариуцагч: *** тоотод оршин суух хаягтай, *** ургийн овогтой *** ийн *** /РД:***1/

 

Хариуцагч: *** тоотод оршин суух хаягтай, *** ургийн овогтой *** ын *** /РД:***/

 

Хариуцагч: *** тоотод оршин суух хаягтай *** ургийн овогтой ***ын *** /РД***/

 

Нэхэмжлэлийн шаардлага: 84,250,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч:

Нэхэмжлэгч Н.***

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.З***

Хариуцагч Б.***

Хариуцагч, хариуцагч Д.*** ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э***

Хариуцагч нарын өмгөөлөгч А.Д***

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнгөнсаран

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хариуцагч Б.*** , Д.*** , Д.Э*** нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгч дараах байдлаар тайлбарлав. Үүнд:

а/ Би Б.Б-той ***-ны өдөр гэр бүл болж, гэрлэлтээ батлуулсан ба бидний дундаас охин Б.Н төрсөн. Бид зан харьцааны таарамжгүй байдлаас болоод тусдаа амьдарч байсан. Ингээд 2015 оноос би ХБНГУ руу охиноо аваад явсан. Ингээд 2018 онд Монголдоо буцаж ирсэн. Манай нөхөр Б.Б нь ***-ний өдөр АНУ-д нас барсан. Ер нь бол охин бид хоёр 2015 оноос хойш талийгаачтай биечлэн уулзаагүй. Ингээд 2018 онд би Монголд, талийгаач нөхөр маань АНУ-д амьдарч байсан. Тухайн үед нөхөр бид 2 ярилцаад *** ХХК-иас байр худалдаж авахаар болсон. Ингээд *** ХХК дээр нөхрийн дүү Б.*** тэй очиж амаар худалдах-худалдан авах гэрээ байгуулаад 40,000,000 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр бэлнээр тушаасан. Уг 40,000,000 төгрөгийг манай нөхөр дүүдээ өгсөн буюу хадгалуулсан байсан бөгөөд бидний байр авах мөнгө юм. Үлдэх 40,850,000 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сараас эхлэн манай нөхөр АНУ-аас Мони грам /Moneygram/ үйлчилгээгээр дамжуулан над руу явуулж байсныг хадам аав болох Д.*** банкнаас очиж аваад *** ХХК-д тушаадаг байсан. Ингээд үндсэндээ нийт 115,500,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцны 80,850,000 төгрөгийг би төлсөн. Үлдэх 34,650,000 төгрөгийг хариуцагч нар төлсөн. Гэтэл орон сууцны гэрчилгээ нь хариуцагч нарын нэр дээр гарсан бөгөөд тэд намайг орон сууцнаасаа явуулсан. Ингээд би байр ч үгүй, мөнгө ч үгүй болсон. Орон сууцны урьдчилгаанд төлсөн 80,850,000 төгрөгийг манай нөхөр надад зориулж өгсөн учир уг мөнгийг хариуцагч нараас гаргуулна, учир нь тэд энэ хэмжээний мөнгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн, миний мөнгөөр тэд орон сууцтай болсон. Ийм учраас хариуцагч Б.*** , Д.*** , Д.Э*** нараас 80,850,000 төгрөгийг нэхэмжилж байна.

б/ Би хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн шаардлагаа 3,400,000 төгрөгөөр ихэсгэсэн. Учир нь тухайн үед би худалдаж авсан байр, орон сууцаа тохижуулж тавилга хийсэн байсан. Гэвч Б.*** байрны түлхүүрийг солиод, хувцас хунарыг боогоод үеэл дүү Батчимэг гэж охинд үлдээгээд явсан байсан. Үүнээс хойш миний хувьд хүүхдийн хамт өөрийн оршин суух орон байргүй явж өдийг хүрээд байна. Тухайн үед байрны хэмжээ зохион байгуулалтад тааруулж тавилга болон цахилгаан бараануудыг захиалж авч байсан. Галт тогооны тавилгад 700,000 төгрөг, хөргөгч болон хувцас хатаагч 2,700,000 төгрөг болсон. Одоо дээрх зүйлс тухайн байранд ашиглагдаж тухайн үеийн байдлаар буцааж авах боломжгүй эдгээр эд зүйлсийн үнэ 3,400,000 төгрөгийг хариуцагч Б.*** ээс нэхэмжилж байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү. Би Б.Быг 2019 оны 7 дугаар сарын 14-ний өдөр нас барснаас хойш өв хүлээн авахаар холбогдох газарт хандаагүй. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс хариуцагч *** ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, уг шийдвэрт ямар нэг гомдол гаргаагүй нь үнэн гэжээ.

 

2. Хариуцагч Б.*** шүүхэд гаргасан тайлбартаа: Намайг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзээд 80,850,000 гаргуулах нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй. Миний хувь Н.*** ын нэхэмжилсэн дээрх төлбөрөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн зүйл огт байхгүй, Нэхэмжилж байгаа зүйл нь ч ойлгомжгүй, гаргасан төлбөр мөнгө нь ч хаанаас энэ 80,850,000 төгрөг нэхэмжлээд байгаа нь ч ойлгомжгүй байна. Миний ах Б.Б Н.*** тай хууль ёсны гэр бүл хэдий ч нэг ч удаа хамт амьдарч байгаагүй. Тэрээр миний ахыг төрсөн охинтой нь уулзуулаагүй. Сална гэж хол өөр газар тусдаа амьдарч байсан, ахтай минь хамт амьдраагүй, тэгээд ч өөр хүнтэй гэр бүлийн харьцаа тогтоогоод миний ахыг маш их хэмжээгээр доромжилдог байсан. Ээж, аав хоёр ч арга тасрахдаа Н.*** аас охиныг бидэнтэй уулзуулаач, Б.Б хүүхэдтэйгээ уулзах гэж олон удаа ирлээ, чи уулзуулахгүй юм, сэтгэл санаагаар маш их унаж байна гэхээр хэл амаар доромжлоод буцаагаад явуулдаг байсан. Үнэхээр хэцүү хүн гэхэд хилсдэхгүй. *** миний ахыг сэтгэл санаагаар унагааж, хүүхэдтэй нь ч уулзуулахгүй, хэл амар доромжилж архичин, гуйлгачин, түүлгэчин гэж доромжилсны улмаас, мөн сэтгэл санааны улмаас элэгний үйл ажиллагаа тэг болж нас барсан. Бид маш их гомдолтой байдаг. Эхнэр хүний хувьд ахтай минь гэр бүлийн харьцаатай сайхан байсан бол миний ах үхэхгүй, амьд сэрүүн байх байсан. Ахаас минь ийм муухай хол хөндий амьдарч байсан байж миний ээж Д.Э*** , аав Д.*** , миний хууль ёсны эзэмшлийн үл хөдлөх хөрөнгийг үндэслэлгүй олж авсан, хөрөнгөжсөн гэж үзэж байгаад гайхаж байна. Ахыг минь амьд сэрүүн байхад үзэж хардаггүй хөөж туудаг байсан байж, нас барсан хойно нь өөрийнхөө явалддаг хүнийг дагуулж ирж биднийг доромжилж байсан. Иймд хөрөнгө мөнгөний асуудлыг хэзээ ч зөвшөөрөхгүй. Энэ хүний хөрөнгө мөнгө гэж байхгүй, энэ хүнээс бид 1,000 төгрөг ч аваагүй. Н.*** мөнгө, төгрөг надаар дамжуулан төлсөн зүйл байхгүй. Биднээс болоод, миний ахаас болоод орон байргүй амьдарч байна гэснийг ойлгохгүй байна.

Мөн ихэсгэсэн шаардлага болох 3,400,000 төгрөгийг зөвшөөрөхгүй. Н.*** нь 2018 онд *** тоотод байрлах орон сууцыг худалдан аваагүй учраас тухайн орон сууцанд тавилга, тохижилт хийх ямар ч боломжгүй. Үнэхээр бодит амьдралд байгаагүй зүйлийг бичиж, шаардсаныг эс зөвшөөрч байна. Миний бие 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр *** дугаартай Орон сууцны барилгын захиалгын гэрээ -г *** ХХК-тай байгуулж, орон сууцны төлбөрийг бүрэн төлж, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлж, өөрийн аав, ээжийн хамт өмчлөх болсон. Тус орон сууц ашиглалтад орсноос хойш 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр миний аав, ээж 2 нүүн очиж амьдрах болсон тэр мөчид бид орон сууцныхаа дотоод байдлыг фото зургаар бэхжүүлсэн байдаг. Тус зургаас үзвэл орон сууцанд ямар нэгэн гал тогооны тавилга байгаагүй, тэр бүү хэл 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн зургаас харахад ч гал тогооны тавилга байхгүй л байсан. Бид тус орон сууцны гал тогооны тавилгын захиалгыг иргэн 800,000 мянган төгрөгийн урьдчилгаа төлбөр төлж захиалга өгсөн боловч, тэрээр мөнгийг аваад гал тогооны тавилгыг хийж өгнө гэж удаашруулж, улмаар сураг алдарсан учраас бид нэг хэсэгтээ л гал тогооны тавилгагүй, жижиг тавиур дээр гал тогооны бүх хэрэгслээ тавьж, зарим нь шалан дээр ч байдаг л байсан. Дараа нь Сүхбаатар дүүргийн барилгын материалын 100 айлын нэгэн тавилгын үйлдвэрт захиалга өгснөөр одоогийн хэрэглэж байгаа тавилгаа 2020 оны 02 дугаар сард хийлгэж, суурилуулснаар өнөөдрийг хүрч байна. Иймд нэхэмжлэлд дурдсан *** ын тохижуулсан гал тогоо манайд байгаагүй. Түүнчлэн нэхэмжлэгч нь ...хөргөгч болон хувцас хатаагч 2,700,000 төгрөг болсон гэжээ. Манай гэрийн хөргөгчийг манай аав өөрийнхөө Хаан банкны данснаас гүйлгээ хийж авсан байдаг. Тус хөргөгчийг 1,999,000 төгрөгөөр худалдан авахад аав *** ийн харилцах данс дах мөнгө хүрэлцэхгүй байсан тул өөрийн төрсөн дүү П***с 1,900,000 төгрөг зээлж тухайн мөнгийг аавын дансанд шилжүүлснээр хөргөгчийн төлбөрийг төлсөн. Хөргөгчийг аав *** ийн данснаас шилжүүлэг хийж төлсөн, Н.*** аас ямар нэгэн мөнгө, төгрөгийн тусламж авч байсан удаа байхгүй. Нэхэмжлэлд нэрлэгдсэн хувцас хатаагч гэж чухам юуг хэлж байгааг би огт ойлгохгүй байгаа, өнөөдрийг хүртэл ямар ч хувцас хатаагч байгаагүй, одоо ч байдаггүй болно. Нэхэмжлэгчийн одоо аав, ээж хоёрын минь амьдарч байгаа бидний өмчлөлийн орон сууцанд тохижилт хийснийг нотолно гэж хавсаргасан баримтуудын мэдээлэлтэй танилцахад манай орон сууцны тохижилтод зориулагдсан, хэрэгт хамааралтай гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч Д.*** , Д.Э*** нар шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагч Д.*** бид хоёр хууль ёсны эхнэр, нөхөр ба төрүүлсэн хоёр Б.Б, Б.*** гэх хоёр хүүтэй. Нэхэмжлэгч Н.*** нь бидний хүү Б.Б ын эхнэр, тэдний төрүүлсэн ганц охины эх нь үнэн боловч гэр бүлийн сайхан дулаан хайр халамж, хамтын амьдралын аз жаргал тэдний хооронд төдийлөн байгаагүй болохыг эцэг, эхийн хувьд бид мэдэж байна. Тэд байнга л хэрүүл маргаантай байдаг, эхнэр нь юм л бол салж сарних талаар ярьдаг байсан ч ганц охиныхоо төлөө эхнэрийн олон удаагийн үйлдлийг тэвчдэг талаар хүү минь ярьдаг байсан. Зээ охин Б.Н 2012 оны 5 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, зээ охиныгоо бид маш их хайрладаг. Н.*** нь миний хүүгээс 2014 онд салж яваад миний хүүг хуурч, өөр хүмүүстэй хамтын амьдралыг бий болгож, хүүг минь үр хүүхэдтэй нь ч уулзуулахгүй зовоодог, тухайн хугацаанаас эхлэн хүү Б.Б минь сэтгэл санаагаар унаж, сэтгэлийн дарамт гутралтай амьдарч байсан. Тэд тусдаа амьдарснаас хойш Н.*** хэл чимээ өгөлгүй алга болсон. Н.*** охиноо авч яваад хаана байгаа нь тодорхойгүй байсан ба тэрээр энэ хугацаанд ХБНГУ-д амьдарч байсныг хүү минь 2015 оны намар мэдсэн. Хүү минь өөрийн гэсэн орон байргүй, эхнэр нь хаяад явсан, эрхэлсэн тодорхой ажил нь ч бага байсан учраас аав, ээждээ болон дүү Б.*** дээ ...АНУ явахад туслаач... гэсэн санал тавьсан. Тухайн үед хүү минь би охиноо л их санах юмдаа гэж байнга ярьдаг, санадаг байсан. Хүү Б.Б БНСУ-д ажил хийж мөнгө олдог байсан боловч, эхнэр нь ар гэрийнхэндээ өгдөг байсан учраас буцаж ирэхдээ 700 ам доллартай ирснээ биднээс нуулгүй хэлж байсан. Хүү Б.Б манайд болон дүү Б.*** ийнд бидэнтэй хамт амьдарч байсан тул аав, ээж дүү бид нар ярилцаж байгаад хүүдээ туслахыг хичээж, АНУ руу визийн зөвшөөрөл авахад зуучилдаг хүнтэй уулзаж, ярилцсаны эцэст зуучлалын хөлсийг 10,000 ам доллар байхаар тохирч, визийг гаргуулсан. Мөн түүнчлэн хүүгийн сургалтын, байрны төлбөр, хэрэглээний зардалд 15,000 ам долларыг хүүдээ өгч, нийтдээ 25,000 ам долларыг зарцуулсан. Тухайн үед эцэг, эх бид 2 нь 20 орчим сая төгрөгийг, харин дүү *** 30 орчим сая төгрөгийг тус тус хүүдээ өгч байсан. Д.Э*** миний бие БНСУ-д ажил хөдөлмөр эрхэлж байсан орлогоо бүгдийг нь хүүдээ зарцуулсан. Бидний хүү Б.Б АНУ руу зорчсон 2015 оны 10 дугаар сарын 03-ны өдөр түүний эхнэр Н *** нь Монгол улсад байгаагүй, хүүг минь хэрхэн, ямархуу байдалтай амьдарч байгаад явсныг нь ч мэдэхгүй. Хүү *** нь АНУ-д англи хэлний сургалтад суралцахын зэрэгцээ цагийн ажил хийж аав, ээж, дүүгээсээ авч явсан мөнгөө бага багаар нь эргүүлж өгдөг байсан. 2018 онд хүү Б.Бын дүү Б.*** тэй нэгэнт ах *** нь авсан мөнгөө эргүүлэн төлж байгаа, эхнэр нь хаяад явсан, хүүгээ, ахыгаа дэмжээд орон байртай болгох талаар ярилцаж байсан. 2018 онд хүү Б *** ийн ажилладаг *** ХХК нь бартераар авсан орон сууцаа олон жил бүр бүтээлтэй сайн ажиллаж байгаа Б.*** д төлбөр төлөх хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдахаар болсон тул тус орон сууцыг ах *** ын нэр дээр авах талаар ярилцсан. Ингээд хүү Б.*** 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Орон сууцны барилгын захиалгын гэрээ -г *** ХХК-тай байгуулж, *** тоот, 77м2 талбайтай орон сууцыг 115,000,000 төгрөгөөр худалдан авсан. Орон сууцны төлбөрийг 8 удаагийн төлөлтөөр бүрэн төлж дуусгаж, орон сууцаа улсын бүртгэлд бүртгүүлэхээр 2019 оны 9 дүгээр сард эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг гаргасан. Тус мэдүүлгийг өмчлөгч, хамтран өмчлөгчийн мэдээлэл хэсэгт эцэг, эх биднийг мэдүүлснээр бид үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болсон. Тус орон сууц нь нөхөр Д..*** , хүү *** бидний мөнгөн хөрөнгөөр бий болсон учраас бид өмчлөгч болсон. Одоо ч тус орон сууцандаа амьдарч байна. Бидний хүү Б.Б 2019 оны 7 дугаар сарын 14-ны өдөр элэгний өвчний улмаас АНУ-д нас барсан. Талийгаач хүүг эцсийн замд нь үдэх ажил явдал Улаанбаатар хотод болсон. Энэ үед нь Н.*** ирэхдээ манай байрны гадна өөр залуутай үнсэлдэж, тэврэлдээд зогсож байсныг манай нөхөр болон тухайн үед бидний ажилд тусалж байсан найз зэрэг олон хүн харж байсан болно. Хүүг минь бурхан болсноос хойш хүүгээс минь үлдсэн ганц зээ охиныг минь ч өнөөдрийг хүртэл бидэнтэй уулзуулаагүй, хаана, хэрхэн амьдардаг нь ч тодорхойгүй, сураггүй байсан атлаа хүү Б.*** д холбогдуулан 80,850,000 төгрөг гаргуулахаар 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг сонсоод үнэхээр цочирдсон. Улмаар Н.*** ямар үндэслэлээр өөрийнх нь эрхийг зөрчсөн гэж биднийг хариуцагчаар татаж байгаа нь огт тодорхойгүй байна. Бид Н.*** ын өмнө ямар нэгэн үүрэг гүйцэтгэхээр үүрэг хүлээгээгүй, түүнээс ямар ч мөнгө, төгрөг авч байгаагүй юм. Үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөлдөө авахдаа хэн нэгний хөрөнгийг хууль бусаар авч, үндэслэлгүй хөрөнгөжсөн, эсвэл байрны төлбөрөө нэхэмжлэгчээр төлүүлсэн ямар ч асуудал байхгүй болно. Нэхэмжлэгчийн төлсөн гэж яриад байгаа мөнгө нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын ч хөрөнгө биш. Нэхэмжлэгч ...нөхөр надад мөнгө өгсөн гэж тайлбарладаг ч энэ талаар ямар ч баримт байхгүй. Нэхэмжлэгч нь талийгаачийн өв нээгдсэнээс хойш ямар ч байгууллагад хандаагүй, өвлөх эрхээсээ ч татгалзсан. Нэхэмжлэгч нь биднээс 80,850,000 төгрөг нэхээд байгаа мөртлөө өмнө нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд *** ХХК-иас 75,000,000 төгрөг нэхэмжлээд тус шүүх дээрээ ялагдсан. Уг шүүхийн шийдвэр дээр *** ХХК-д байрны төлбөрийг нэхэмжлэгч төлөөгүй болохыг маш тодорхой дурдсан, нэгэнтээ энэ асуудлаар өмнө нь шүүхээс шийдвэрлэсэн байгаа. Нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар өгсөн баримтуудыг нь Сүхбаатар дүүргийн шүүхээс үнэлсэн байгааг анхаарч үзнэ үү. Иймд Н.*** ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: иргэний үнэмлэхийн хуулбар /хх 3/, №0203131 тоот гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх 4/, *** тоот төрсний гэрчилгээний хуулбар /хх 5/, №0000239101 тоот нас барсны гэрчилгээний хуулбар /хх 6/, кассын орлогын ордер /хх 7-8/, Голомт банкны дансны хуулга /хх 9-10/, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх 24/, мөнгө тушаасан баримтууд /хх 164-167/.

 

5. Хариуцагч нараас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: шүүхэд төлөөлөх итгэмжлэл /хх 51/, Д.*** ийн тодорхойлолт /хх 86-87/, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн *** дугаар шийдвэр /хх 92-96/, Б.Б*** тодорхойлолт /хх 97/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх 102-107/, *** ХХК 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн *** тоот мэдэгдэл /хх 108/, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх 126-127/, шүүхэд төлөөлөх итгэмжлэл /хх 142/, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн *** тоот шүүх хуралдааны тэмдэглэлийн хуулбар /хх 178-185/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 186-192/, фото зураг /хх 193-196/.

 

6. Нэхэмжлэгчийн хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шүүхийн журмаар бүрдүүлсэн. Үүнд: *** тоот хаягт байршилтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнийн хувийн хэрэг /хх 34-50/, тухай орон сууцны төлбөр төлсөн баримт, дансны хуулга, төлсөн мөнгөний эх сурвалж баримтуудыг хариуцагчаас гаргуулсан /хх 54-85/.

 

7. Хариуцагчийн хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шүүхийн журмаар бүрдүүлсэн. Үүнд: Хил хамгаалах ерөнхий газрын *** тоот албан бичиг /хх 118/, мөн газрын *** тоот албан бичиг /хх 157/.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэгт дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Б.Б болон Н.*** нар *** өдөр гэр бүл болсныг ***-ны өдөр эрх бүхий байгууллага бүртгэж *** тоот гэрлэлтийн гэрчилгээ олгосон ба ***-ны өдөр Б.Б болон Н.*** нарын дундаас охин Б.Н төрсөн байна.

 

Б.Б нь ***-ний өдөр АНУ-д нас барсныг ***-ний өдөр нас барсны бүртгэлийн ***-т бүртгэж гэрчилгээ олгожээ.

 

***-ны өдөр нэхэмжлэгч Н.*** нь хариуцагч Б.*** , Д.*** , Д.Э*** нарт холбогдуулж 80,850,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан.

 

Улмаар нэхэмжлэгч хариуцагч Б.*** д холбогдуулж гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа 3,400,000 төгрөгөөр ихэсгэсэн.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад дараах үндэслэлүүдээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:

 

Нэг. 80,850,000 төгрөгийн шаардлага:

 

Хариуцагч Б.*** , Д.*** , Д.Э*** нарт холбогдох 80,850,000 төгрөгийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч нь ...2018 онд би Монголд, талийгаач нөхөр маань АНУ-д ажиллаж, амьдарч байсан. Нөхөр бид 2 ярилцаад *** ХХК-иас байр худалдаж авахаар болсон. Ингээд *** ХХК дээр нөхрийн дүү Б.*** тэй очиж амаар худалдах-худалдан авах гэрээ байгуулаад 40,000,000 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр бэлнээр тушаасан. Уг 40,000,000 төгрөгийг манай нөхөр дүүдээ өгсөн буюу хадгалуулсан байсан бөгөөд бидний байр авах мөнгө юм. Үлдэх 40,850,000 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сараас эхлэн манай нөхөр АНУ-аас Мони грам /Moneygram/ үйлчилгээг ашиглан над руу явуулж байсныг хадам аав болох Д.*** банкнаас очиж аваад *** ХХК-д шууд тушаадаг байсан. Ингээд нийт 115,500,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцны 80,850,000 төгрөгийг би төлсөн. Үлдэх 34,650,000 төгрөгийг хариуцагч нар төлсөн. Гэтэл орон сууцны гэрчилгээ нь хариуцагч нарын нэр дээр гарсан бөгөөд тэд намайг орон сууцнаасаа явуулсан. Ингээд би байр ч үгүй, мөнгө ч үгүй болсон. Орон сууцны урьдчилгаанд төлсөн 80,850,000 төгрөгийг манай нөхөр надад зориулж өгсөн учир уг мөнгийг хариуцагч нараас гаргуулна, учир нь тэд энэ хэмжээний мөнгөөр үндэслэлгүй хөрөнгөжөөд байна гэж тайлбарласан.

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг хангах үүднээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шатанд шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулахад тэрээр ...хариуцагч нар үндэслэлгүй хөрөнгөжсөн, ...учир нь байрны урьдчилгааг хариуцагч нар миний мөнгөөр хийсэн, ...80,850,000 төгрөгийг манай нөхөр надад зориулж өгсөн, миний мөнгө учир нэхэмжилж байгаа гэсэн тайлбарыг өгсөн.

 

а/ Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг  үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэнд хөрөнгө шилжүүлсэн тал нь уг зүйлийг олж авсан талаас хөрөнгөө буцаан  шаардах эрхтэй.

 

Харин бусдын өрийг сайн дураараа төлснөөр үүрэг бүхий этгээдэд ашигтай байдал үүсч, хөрөнгө нь үндэслэлгүйгээр нэмэгдсэн, харин төлбөр төлсөн этгээд нь энэ хэмжээгээр эд хөрөнгийн алдагдал хүлээж байгаа нөхцөл байдал үүссэн тохиолдолд өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэйг Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасан байна.

 

Хэрэгт зохигч талуудаас дараах кассын орлогын ордеруудыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Үүнд:

 

1/ 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн *** тоот кассын орлогын ордер. Уг баримтын утга хэсэгт урьдчилгаа /*** /, дүн хэсэгт 40,000,000, тушаагч хэсэгт *** гэж тусгагдсан /хх7/.

2/ 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн *** тоот кассын орлогын ордер. Уг баримтын утга хэсэгт Байрны урьдчилгаа /*** /, дүн хэсэгт 21,850,000 гэж тусгагдсан /хх8/.

3/ 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн *** тоот *** ХХК-ийн кассын орлогын ордер. Уг баримтын хэнээс гэсэн хэсэгт *** *** , утга хэсэгт Байрны урьдчилгаа, дүн хэсэгт 3,000,000 гэж тусгагдсан ба мөнгө тушаагч дээр *** гарын үсэг зуржээ /хх55/.

4/ 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн *** тоот *** ХХК-ийн кассын орлогын ордер. Уг баримтын хэнээс гэсэн хэсэгт *** *** , утга хэсэгт Байрны төлбөрөөс, дүн хэсэгт 5,000,000 гэж тусгагдсан ба мөнгө тушаагч дээр *** гарын үсэг зуржээ /хх56/.

5/ 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн *** тоот *** ХХК-ийн кассын орлогын ордер. Уг баримтын хэнээс гэсэн хэсэгт *** *** , утга хэсэгт Байрны төлбөрөөс, дүн хэсэгт 5,000,000 гэж тусгагдсан ба мөнгө тушаагч дээр *** гарын үсэг зуржээ /хх57/.

6/ 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн *** тоот *** ХХК-ийн кассын орлогын ордер. Уг баримтын хэнээс гэсэн хэсэгт *** *** , утга хэсэгт Байрны төлбөрөөс, дүн хэсэгт 5,000,000 гэж тусгагдсан ба мөнгө тушаагч дээр *** гарын үсэг зуржээ /хх58/.

7/ 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн *** тоот *** ХХК-ийн кассын орлогын ордер. Уг баримтын хэнээс гэсэн хэсэгт *** *** , утга хэсэгт Байрны төлбөрөөс, дүн хэсэгт 34,650,000 гэж тусгагдсан ба мөнгө тушаагч дээр *** гарын үсэг зуржээ /хх59/.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн эрхийн улсын *** дугаарт бүртгэлтэй, *** тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэргийг бүртгэлийн байгууллагаас татан авчирч хэрэгт хавсаргасан. Хувийн хэргээс үзэхэд дээрх орон сууцны захиалгын гэрээг Б.*** хийсэн байх бөгөөд 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Б.*** , Д.*** , Д.Э*** нарын нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан байна.

 

Хариуцагч нараас хэрэгт Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн *** дугаар шийдвэрийг өгсөн.

 

Тодруулбал, 2020 онд Н.*** нь хариуцагчаар *** ХХК-ийг тодорхойлон Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 75,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг гаргасан. Тэрээр өөрийн шаардлагын үндэслэлээ ...Б.Б-той гэр бүл байх үед буюу түүнийг нас барахаас өмнө *** ХХК-иас *** тоот хаягт байршилтай, 77м2 талбай бүхий 3 өрөө байрыг худалдан авахаар амаар тохиролцсон. 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 40,000,000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 3,000,000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 2,000,000 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 5,000,000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 4,000,000 төгрөг, 2019 оны 5 дугаар сард 21,000,000 төгрөг, нийт 75,000,000 төгрөгийг уг байрны үнэд шилжүүлсэн. Гэвч *** ХХК нь орон сууцны гэрчилгээг бусдын нэр дээр гаргасан, орон сууцыг миний нэр дээр шилжүүлж өгөхгүй нь тодорхой болсон учир уг мөнгийг *** ХХК-иас гаргуулна гэж тайлбарлаж байжээ.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс нэхэмжлэгч Н.*** болон хариуцагч *** ХХК-иудын хоорондын маргааныг хянаад нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо дараах дүгнэлтүүдийг хийсэн байна. Үүнд:

 

1/ Н.*** болон *** ХХК-иудын хооронд худалдах-худалдан авах гэрээ амаар байгуулагдсан байна.

2/ Харин худалдагч *** ХХК-д 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 40,000,000 төгрөгийг Б *** , 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 5,000,000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 4,000,000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 3,000,000 төгрөг, 2019 оны 5 дугаар сард 21,850,000 төгрөгийг Д.*** нар ...*** ын байрны үнэ гэсэн утгаар тус тус тушаасан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байх учир Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, 105 дугаар байрны 607 тоот дахь 77 м2, 3 өрөө байрны үнийг нэхэмжлэгч Н.*** төлөөгүй, Д.*** , Б.*** нар төлсөн гэж үзнэ.

3/ Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, 105 дугаар байрны 607 тоот дахь 77 м2, 3 өрөө байрны үнийг Б.*** , Д.*** нар төлж барагдуулсан тул уг байрны өмчлөх эрх 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр иргэн Б.*** , Д.*** , Д.Э*** нарын өмчлөлд бүртгэгдсэн.

4/ Нэхэмжлэгч Н.*** нь 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр өөрийн данснаас 18,507,095.89 төгрөгийн зарлага гаргасан, 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Д.*** ийн *** тоот дансанд 500,000 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 800,000 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 500,000 төгрөгийг, 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Д.П*** 5134015351 тоот дансанд 3,000,000 төгрөгийг тус тус шилжүүлснийг Н.*** ыг *** ХХК-иас худалдан авахаар тохирсон байрны үнийг шилжүүлж байсан гэж үзэх үндэслэлгүй учир хариуцагч *** ХХК-иас 75,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, 120 дугаар зүйлийн 120.4-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй ба зохигч болон хэргийн бусад оролцогч шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцааны талаар маргах эрхгүй. Дээрх шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон буюу зохигчид уг шийдвэрт давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаагүй талаар нэхэмжлэгч маргаангүй.

 

Дээрх бичгийн баримтуудаас үзэхэд нэхэмжлэгчийн ...хариуцагч нар үндэслэлгүй хөрөнгөжсөн, ...80,850,000 төгрөгийг манай нөхөр надад зориулж өгсөн, ...манай нөхөр АНУ-аас Мони грам /Moneygram/ үйлчилгээг ашиглан над руу явуулж байсныг хадам аав болох Д.*** банкнаас очиж аваад *** ХХК-д шууд тушаадаг байсан гэх тайлбарууд үгүйсгэгдэж байх бөгөөд хариуцагч нар үндэслэлгүй хөрөнгөжсөн, нэхэмжлэгч хариуцагч нарын өмнөөс төлбөр төлснөөр тэдэнд ашигтай байдал үүсч, хөрөнгө нь үндэслэлгүйгээр нэмэгдсэн гэж үзэхээр нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

б/ Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч болдог.

 

Гэрлэгчид нь хамтран амьдрах зорилгоор гэрлэлтээ бүртгүүлдэг ба хамтран амьдарсан хугацаанд гэх ойлголт нь гэр бүлийн дундын өмчлөлийг тодорхойлох шинжүүдийн нэг болно.

 

Иргэний хэргийн оролцогчдоос хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан тайлбар нотлох баримтаар үнэлэгдэхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.2.2, 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгүүдэд заасан.

 

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд ...би талийгаачтай 2015 оноос хойш зан харьцааны таагүй байдлаас шалтгаалан тусдаа амьдарсан, ...нас барах хүртэл нь огт уулзаагүй гэсэн тайлбарыг гаргасан.

 

Дээрх тайлбарыг хэрэгт авагдсан ***ын 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн *** тоот албан бичигт ...Наранчулууны *** ...нь 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдөр улсын хилээр гарсан гэсэн лавлагаатай харьцуулан судлахад нэхэмжлэгчийн ...талийгаач АНУ руу ажиллахаар явсан, тэндээс над руу мөнгө явуулж байсан, ...уг мөнгөөр нь байр авахаар бид тохирсон байсан гэх тайлбар үгүйсгэгдэж байна.

 

Тодруулбал, 80,850,000 төгрөгийг талийгаач нь нэхэмжлэгчид шилжүүлэн өгсөн гэх нөхцөл байдал, уг мөнгийг Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж үзэх үндэслэл хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдсонгүй байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгч Н.*** нь Б.Быг ***-ний өдөр нас барснаас хойш өв хүлээн авахаар холбогдох газарт хандаагүй гэсэн тайлбар гаргасныг дурдав.

 

Хоёр. 3,400,000 төгрөгийн шаардлага:

 

Дээрх шаардлагыг хариуцагч Б.*** д холбогдуулан гаргасан ба шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч ... тоотод байрлах орон сууцыг худалдан авч тухайн үед тавилга авч тохижуулсан. Гал тогооны тавилгад 700,000 төгрөг, хөргөгч болон хувцас хатаагч 2,700,000 төгрөг болсон. Одоо дээрх зүйлс тухайн байранд ашиглагдаж тухайн үеийн байдлаар буцааж авах боломжгүй тул мөнгийг нь авна гэж тайлбарлав.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигч өөрийн шаардлага болон татгалзлаа нотлох, нотлох баримтаа шүүхэд цуглуулан гаргаж өгөх үүрэгтэй. Нэхэмжлэгчийн ихэсгэсэн шаардлага буюу 3,400,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг маргаан бүхий байранд авсан, тохижуулсан нөхцөл байдал хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдохгүй, өөрийн шаардлагаа нэхэмжлэгч нотолж чадаагүй үндэслэлээр энэ талаарх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсгүүдэд заасан үндэслэлгүй тул хариуцагч Б.*** , Д.*** , Д.Э*** нарт холбогдох 84,250,000 төгрөг гаргуулах тухай Н.*** ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 631,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ХАНГАЛ