Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2023/01578

 

 

 

 

 

2023 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2023/01578

Улаанбаатар хот

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, шүүгч Г.Ариунаа, Ч.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ***, өөрийн байранд оршин байх, *** /РД:***/

 

Хариуцагч: *** тоот хаягт бүртгэлтэй, *** тоот хаягт оршин суух хаягтай, *** ургийн овогтой ***гийн *** /РД:***/

 

Нэхэмжлэлийн шаардлага: 2,855,616,601.4 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б***

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч***

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хариуцагч Ш.*** өөс 2,855,616,601.4 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгч дараах байдлаар тайлбарлав. Үүнд: Баянгол дүүргийн татварын хэлтсийн эрх бүхий албан тушаалтан нараас 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр *** ХХК-д холбогдуулж Зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулсан. Ингээд *** ХХК-ийг Монгол Улсын Татварын Ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 Татвар төлөгч... үүрэг хүлээнэ, 18.1.1татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх..., 18.1.3анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн тогтоосон журам болон нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, санхүү, аж айхуйн үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргах, 18.1.14-т ...хууль тогтоомжид заасан бусад үүрэг гэж заасныг зөрчин татварыг хуулийн хугацаанд төсөвт шилжүүлэхгүйгээр 2,855,616,601.4 төгрөгийн зөрчил гаргасан гэж үзэн Татварын ерөнхий хуулийн 74.1, 74.1.3, 74.1.4, 74.2, 74.3 дахь хэсэгт заасныг үндэслэн нийт 2,855,616,601,4 төгрөгийн төлбөр оногдуулж, уг мөнгийг буруутай этгээдээс гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Шалгалтаар илэрсэн дээрх зөрчлийг арилгуулахаар буруутай этгээдээс татварын төлбөр, алданги, нөхөн татвар гаргуулахаар шийдвэрлэсэн эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудсыг холбогдогч *** ХХК нь хүлээж авсан боловч сайн дураар биелүүлээгүй, холбогдох нөхөн төлбөрийг улсын төсөвт шилжүүлээгүй. Иймд *** ХХК-д эрх бүхий албан тушаалтны *** тоот шийтгэлийн хуудсаар оногдуулсан нийт 2,855,616,601.4 төгрөгийн нөхөн татвар, төлбөрийг төрд учруулсан хохирол гэж үзээд уг мөнгийг хариуцагч Ш.*** өөс гаргуулж өгнө үү. Хариуцагч нь 2,855,616,601.4 төгрөгийн орлогоо нуусан учир энэ хэмжээг нь төрд учирсан хохирол гэж нэхэмжилж байгаа бөгөөд татварын зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд Ш.*** нь *** ХХК-ийг төлөөлж оролцсон учир хуулийн этгээдийг бус хувь хүнийг хариуцагчаар тодорхойлсон болно гэжээ.

 

2. Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбартаа: Дараах тайлбарыг гаргаж байна. Хэрэг авагдсан баримтаас үзэхэд БГД-ийн татварын хэлтсээс 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл хугацаанд *** ХХК-ийн санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулж 26*** тоот зөрчлийн хэрэг үүсгэн 2,855,616,601.4 төгрөгийн орлогыг Татварын Ерөнхий хуульд зааснаар тайлагнаагүй гэх зөрчлийг шалган шийдвэрлэсэн тухай Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлд тусгагдсан байна. Зөрчлийг шалгаад 234,049,668.2 төгрөгийн нөхөн татвар ногдуулж, 81,017,310.4 төгрөгийн торгууль, 34,465,050.0 төгрөгийн алданги нийт 349,532,028.6 төгрөгийн төлбөр ногдуулан шийдвэрлэсэн байна. Энэ төлбөрөөс 2018-2022 оны хугацаанд *** ХХК нь торгуульд 81,017,310.40 төгрөг, алдангийн 34,465,050.00 төгрөг, ААН-ийн орлогын албан татварт 215,441,450.00 төгрөг, НӨАТ-ийн 319,909,928.00 төгрөг нийт 655,911,918.40 төгрөгийг төлсөн байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн энэ зөрчлийн хэргийг шалгаж ногдуулсан төлбөр нь *** ХХК-ийн төлбөр бөгөөд хариуцах ёстой этгээд нь хариуцагч биш байх тул энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: шүүхэд төлөөлөх итгэмжлэл /хх 3/, Баянгол дүүргийн татварын хэлтсийн хүсэлт /хх 4/, Баянгол дүүргийн татварын хэлтсийн *** ХХК-ийн хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны материалын хуулбар /хх 5-13/.

 

4. Хариуцагч нараас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд шүүхэд төлөөлөх итгэмжлэл /хх 21/, татварын тооцоолол /хх 37/, аж ахуй нэгж, байгууллагын тодорхойлолт /хх 38-42/, хуулийн этгээдийн лавлагаа /хх 62/, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 63/, компанийн дүрэм /хх 64-66/.

 

5. Хариуцагчийн хүсэлтээр дараах нотлох баримтыг шүүхийн журмаар бүрдүүлсэн. Үүнд: 26*** тоот зөрчлийн хэргийг шийдвэрлэн төлбөр тогтоосноос хойш *** ХХК нь ААНОАТ, НӨАТ, ҮХЭХАТ торгууль, алдангид хэдэн төгрөг төлсөн эсэх лавлагаа, төлсөн тохиолдолд татварын өр төлбөрт суутгагдсан эсэх лавлагаа, *** ХХК-ийн торгууль, алданги төлсөн мэдээлэл /хх 53-55/.

 

6. Иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй тул талуудын хүсэлтээр шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлсэн.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Хэрэгт Баянгол дүүргийн татварын хэлтсийн *** тоот Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны материал авагджээ. Уг материалд ...*** ХХК-ийн 2014-2018 оныг дуустал хугацааны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийхэд ...нийт 2,855,616,601.4 төгрөгийн зөрчил илэрсэн гэсэн үндэслэлээр *** ХХК-д 349,532,028.6 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

 

2. *** нь хариуцагч Ш.*** д холбогдуулж төрд учруулсан хохирол 2,855,616,601.4 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан.

 

Дээрх шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч ...хариуцагч нь 2,855,616,601.4 төгрөгийн орлогоо нуусан учир энэ хэмжээг нь төрд учирсан хохирол гэж нэхэмжилж байгаа, ...зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд Ш.*** нь *** ХХК-ийг төлөөлж оролцсон учир хуулийн этгээдийг бус хувь хүнийг хариуцагчаар тодорхойлсон гэж тайлбарлаж байна.

 

3. Хариуцагчийн зүгээс дээрх шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн татгалзлаа ...хариуцах ёстой этгээд нь хувь хүн буюу Ш.*** биш, ...татварын өрийг буруу тооцоолсон гэсэн агуулгаар тайлбарлав.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаас үзэхэд бусдын эрх, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

 

Харин гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөхийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсгээр зохицуулсан.

 

5. Шүүхээс хэрэгт цугларсан баримтуудыг зохигчийн тайлбаруудтай харьцуулан судлаад хариуцагч Ш.*** өөс 2,855,616,601.4 төгрөг гаргуулах тухай ***ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Учир нь хуулийн этгээд буюу *** ХХК-д холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэсэн үндэслэлээр 349,532,028.6 төгрөгийн торгууль оногдуулсан байхад хариуцагч Ш.*** өөс тухайн компанийн татварт тайлагнаагүй орлогын дүнг ...төрд учирсан хохирол гэж тодорхойлон нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байхаас гадна уг нэхэмжлэлийг хариуцах этгээд нь Ш.*** биш байна.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд заасан үндэслэлгүй тул хариуцагч Ш.*** өөс 2,855,616,601.4 төгрөг гаргуулах тухай ***ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ХАНГАЛ

 

ШҮҮГЧ Г.АРИУНАА

 

Ч.МӨНХЦЭЦЭГ