2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2326

 

 

 

 

 

 

 

 

 

  2025          10          07                                    2025/ШЦТ/2326

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал, 

улсын яллагч Г.Намжил, 

шүүгдэгч/ хохирогч Ж.***, түүний өмгөөлөгч Г.Батболд, Ц.Гансүх,

шүүгдэгч/ хохирогч З.***, түүний өмгөөлөгч И.Түвшинжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******, ****** нарт холбогдох эрүүгийн *** дугаартай, 1 хавтас хэргийг 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.***.

 

2.***.    

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.*** нь 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн үүрээр Баянгол дүүргийн 9-р хороо, *** тоот хаалгыг цохилоо гэх шалтгаанаар иргэн З.***тай маргалдаж, гараараа зодож “хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн дээд 1 дүгээр шүдний сулрал, буйланд цус хуралт, уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамарт зөөлөн эдийн няцрал, хүзүү, зүүн шанаанд цус хуралт” бүхий гэмтэл учруулан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч З.*** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн үүрээр гэртээ орохоор явж байхдаа Баянгол дүүргийн 9-р хороо, *** тоот иргэн Ж.***ын гэрийн хаалгыг андуурч, цохисны улмаас Ж.***той маргалдаж, гараараа нүүрэн тус газарт нь зодож “уруулд нэвт няцарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт, зүүн сарвуунд зулгаралт” бүхий гэмтэл учруулан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.*** мэдүүлэхдээ: “...Би 2025 оны 04 дүгээр  сарын 29-ний өглөө цайгаа уугаад байж байтал хаалга тогшсон, хэн бэ гэхэд “би байна” гээд залуухан хүний шингэн хоолой гарахаар нь би хаалгаа тайлсан. Хаалгаа тайлаад онгойлготол танихгүй залуу хараад зогсож байсан, орох гээд дайрахаар нь би “яах гэж байгаа вэ, юун хүн бэ” гэхэд хаалгаар орох гээд байсан. Тэгээд намайг хараагаад түлхээд ороод ирэхээр нь би түлхтэл зөрүүлээд намайг цохисон. Манай хаалга гадагш онгойдог үүдэн хэсэгт ноцолдож байсан тул хаалгаа хаахын тулд эсэргүүцэл үзүүлсэн, түлхээд гарах боломжгүй байсан тул харилцан цохилцсон. Удаан үргэлжлээгүй 1-2 минут л болсон, би гэртээ ороод хаалгаа хаагаад утсаа аваад бичлэг хийгээд байтал эмэгтэй хүн ирчихсэн байсан ба уучлаарай гээд явах гэж байхаар нь би хаалганых нь тоот, овог нэрийг нь хэлүүлж аваад гэртээ буцаж ороод цагдаад дуудлага өгсөн...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.*** мэдүүлэхдээ: “...Би найзтайгаа хамт төрсөн өдөр тэмдэглээд жаахан уусан байсан, би найздаа гэртээ согтуу орохгүй гээд гэр рүүгээ харих замдаа орцонд сууж байсан, өглөө үүрээр аав, ээж хоёр хогоо асгах үедээ намайг ор гэж хэлсэн. Тэгээд би жаахан байж байгаад орно гэж бодоод байж байтал ээж гарч ирээд дээшээ гарангуут нь би шатаар дээшээ өгссөн. Ингээд шатаар дээшээ өгсөж байгаад айлын хаалга андуурч тогшсон. Тэгээд нэг хүн гарч ирээд намайг нэг цохиод ийм зүйл болсон...” гэв. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.*** мэдүүлэхдээ: “...Надад нэхэмжлэх зүйл байхгүй, болсон асуудлаас болоод би өөрөө хохирох гээд байгаа тул өөрийгөө өмгөөлүүлэх хүсэлттэй оролцсон, прокурор бол бид хоёрыг харилцан зодолдсон гэдэг байдлаас л чиглүүлээд явсан, энэ талаар баримт нотолгоо байна гээд өдийг хүрсэн, ***аас нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал гэвэл согтуу хүн хаалга андуурсан байна гэдгийг дараа нь ойлгосон. Тухайн үйл явдал болж байхад асуудлыг өөрөөр шийдвэрлэх боломж байгаагүй, маш хурдан болсон...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч З.*** хохирогчоор мэдүүлэхдээ: “...Надад Ж.***оос нэхэмжлэх зүйл байхгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

 

Хохирогч З.***ын:

“...2025 оны 04 дүгээр сарын 29-ний өглөө 07 цагийн үед бага зэргийн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн явж байгаад гэртээ орохдоо айл андуурч хаалга нүдсэн тэгээд тухайн айлаас нэг түрсийгтэй ах гарч ирээд яагаад хаалга нүдээд байгаа бэ гээд нүүр хэсэг рүү 2, 3 удаа цохиод, үснээс зулгааж байгаад хана мөргүүлэх шиг болсон. Тэгээд би тухайн биеийн хамгаалах гээд нөгөө залуугийн нүүр хэсэг рүү нь 1, 2 удаа цохисон. Тэгээд манай ээж гарч ирээд юу болоод байна гээд намайг аваад гэр лүү орсон. Тэгээд тухайн өдрөө цагдаагийн байгуулагд маргааш нь буюу 2025 оны 04 дүгээр сарын 30-ний өдөр өргөдөл гаргасан. Би найзындаа архи ууж байгаад шууд гэртээ харьсан. Зодоон болж байхад бид хоёр л байсан. Тэгээд дуусаж байхад ээж гарч ирсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11 дэх тал/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 6365 дугаартай:

“...3.***ын баруун дээд, доод зовхи, сарвуунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, салстад цус хуралт, зүүн дээд 1, 2 дугаар шүдний сулрал, буйланд цус хуралт, дух эрүү, дээд уруул, баруун хацар, сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 27- 28 дахь тал/,

 

Хохирогч Ж.***ын:

“...2025 оны 04 дүгээр сарын 29-ний өглөө 05:30 цагийн үед манай гэрийн хаалгыг зүгээр тогшсон. Тэгээд би хаалган дээрээ очоод хэн бэ? гэсэн чинь би байна гэхээр нь би доод талын дүүг байна гэж бодоод хаалгаа нээсэн чинь нэг танихгүй залуу ална писда, хөдөөний писда гэхээр нь би чи айл андуураад байгаа юм биш үү гэсэн чинь шууд нүүр хэсэгт хоёр удаа цохисон тэгэхээр нь би хаалгаа хаах гэсэн ...татаад байсан тэгээд бид хоорондоо ноцолдоод би хаалгаа хаагаад утсаа аваад буцаж гарч ирээд бичлэг хийсэн чинь ээж нь бололтой нэг эмэгтэй хүн ирсэн цусыг арчаад зогсож байсан. Тэгээд би тухайн залуугаас овог, нэр гэрийн хаягийн асууж бичлэг хийж авсан. Тэгээд би буцаж ороод цагдаагийн 102 дугаарт дуудлага өгсөн. Тэгээд цагдаад удаагүй байсан чинь ээж нь хаалга тогшоод уулзъя гэхээр нь би хэдүүлээ яваад байгаа гэсэн чинь ганцаараа байна гэсэн. Тэгээд тухайн залуугийн ээжтэй нь уулзсан чинь чи манай хүүхдийг согтууг нь далимдуулаад зодчихлоо гэхээр би танай хүүхдийг зодоогүй ээ танай хүүхэд чинь харин намайг цохиод нүүр цохичихлоо гэсэн. Уруул хэсэг нь нэлээн улаан болсон байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дахь тал/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 6188 дугаартай:

“...Ж.***ын биед уруулд нэвт няцарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Мохоо зүйлийн үйлчлэлээр, гурваас доошгүй удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 33-34 дэх тал/,

 

Гэрч Л.***гийн:

“...2025 оны 04 дүгээр сарын 29-ний өглөө 06-07 цагийн орчимд би хогоо хаях гээд гэрээсээ гараад доошоо явж байсан чинь манай хүү *** 5 давхрын шатан дээр унтаж байсан. Би сэрээгээд гэртээ оръё гэхэд жоохон байж байгаад оръё гэсэн. Гэр лүүгээ ороод хувцсаа сольж байх хооронд орц чимээ гараад байхаар нь сонссон чинь манай хүүгийн хоолой байх шиг байсан. Тэгээд буугаад очсон чинь манай хүү 6 давхарт нэг айлын хаалга түшээд нүүр хэсгээс нь цус гарсан байдалтай зогсож байсан. Хажуу хаалганаас нэг залуу гарч ирээд хаалга цохиод байна гэсэн. Тэгэхээр нь би чи хаалга андуурсны төлөө яагаад хүүхэд зодож байгаа юм бэ гэсэн, танай хүүхэд чинь намайг зодсон гээд утсан дээрээ зураг дараад гэр лүүгээ орсон...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дэх тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч Ж.***, З.*** нар нь бие биеийнхээ  эрүүл мэндэд харилцан халдаж хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч З.***ын өмгөөлөгч И.Түвшинжаргал “...Миний үйлчлүүлэгч өөрийн үйлдсэн гэм буруугийн талаар маргахгүй, хохирогчийн хувиар Ж.***, З.*** нарын аль аль нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй байгаа. ***ын хувьд гэм буруугийн хувьд маргаад би аргагүй хамгаалалт хийсэн, ***ын зүгээс миний болон миний гэр бүлийнхний халдашгүй байдалд халдсан гэдэг байдлаар тайлбарлаж байна. Аргагүй хамгаалалт гэдэг нь тухайн хүний үйлдэж байгаа үйлдэл нь тухайн хүний эсрэг довтолгоо хийх эсэхийг мэдэгдсэн, шууд довтолсон байхыг ойлгоно. Шүүгдэгч нарын мэдүүлгээр зогссон, ярилцсан, түлхэлцсэн, зөрүүлээд миний биед халдсан, тэгээд зодолдсон, энэ үйл явдал 2 минутад болсон, манай довжооноос цааш хэтрээгүй гэдэг талаараа мэдүүлсэн, ***ын зүгээс хаалгаа нээж өгөхгүй байхад нь ***ын зүгээс хүч хэрэглэсэн зүйл бол асуудал өөрөөр яригдах байсан. Хаалгаа нээхэд танихгүй хүн байсан, гэртээ оруулахгүй гээд түлхсэн, ингээд энэ хоёрын хооронд энэ үйл явдал болсон. Түүнээс аргагүй хамгаалалт хийхээр хэмжээний үйл явдал болоогүй. ***ын зүгээс гэмт хэргийн шинж агуулсан үйлдэл хийгээгүй гэж үзэж байна...” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Ж.***ын өмгөөлөгч Г.Батболд “...Өмгөөлөгчийн зүгээс үйлчлүүлэгчийнхээ хийсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд зааснаар аргагүй хамгаалалтын шинжийг хангаж байна гэж үзэж байна. Учир нь хэрэгт авагдсан баримтуудаас харахад Ж.*** эхнэр, бага насны 2 хүүхдийн хамт гэртээ байж байхад үүрээр хаалга тогшоод байхаар нь онгойлгоход өмнө нь харж байгаагүй согтуу хүн дотогш орох гээд дайраад хүч хэрэглээд байгаа үйлдэл нь Ж.*** болон түүний гэр бүлийн хүмүүсийн амь насанд нь шууд аюул учруулж байгаа довтолгоо байсан гэж үзэж байна. Уг тохиолдолд Ж.***ын хийсэн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан боловч Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар амьд явах, халдашгүй чөлөөтэй байх эрхтэй, мөн 13-т орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална гэж заасан зүйлсийг буюу өөрийн эрүүл мэнд, гэр бүлийнхнээ хамгаалах үйлдэл хийсэн үйлдэл гэж үзэж байгаа. Мөн аргаггүй хамгаалалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан, мөн 13-т заасан халдашгүй чөлөөтэй, амьд явах зэрэг эрхэд халдсан довтолгооны няцаах, түүнээс хамгаалахад чухал ач холбогдолтой, эрүүгийн хуулиар зөвшөөрөгдсөн, түүнчлэн уг хуулиар хамгаалагдсан ямар ч хохирол хор уршигт хүргэж болох гэмт хэрэгт тооцдоггүй, гэмт хэргийг үгүйсгэдэг онцгой нөхцөл байдал юм гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Мөн шүүх хуралдаанд аль аль нь ярилаа, бусдын өдөөн хатгалгын улмаас, таарамжгүй харилцааны улмаас буюу өмнө нь таарамжгүй харилцаатай байсан тохиолдолд өдөөн хатгалаг хийгээд нэг нь нөгөөгөө зодсон тохиолдолд аргагүй хамгаалалтад тооцохгүй, харин аргагүй хамгаалалтад тооцсон шүүгдэгчийн гэрч, яллагдагч, хохирогчоор өгсөн мэдүүлгээс харахад Ж.*** нь бусдын эсрэг санаатай өдөөн хатгалаг гаргасан үйлдэл бол огт байхгүй нь харагддаг. Харин өөрийн болон гэр бүлийн гишүүдийн мөн орон байрны халдашгүй дархан байдлыг хамгаалсан үйлдэл гаргасан. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хууль бус халдлагаас хамгаалж довтлогч этгээдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл Эрүүгийн хуульд заасан гэм хорыг учруулсан боловч бодит агуулгаараа бол хууль бус халдлагын эсрэг хийгдэж байгаа аргагүй хамгаалалт мөн гэж үзэж байна. Иймд түүнд холбогдох хэргийг цагаатгаж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг,   

 

Шүүгдэгч Ж.***ын өмгөөлөгч Ц.Гансүх “...Улсын яллагч миний үйлчлүүлэгчийг буруутгахдаа ***ын хувьд эрүүл байсан тул тухайн болж өнгөрсөн нөхцөл байдлыг зүй зохистой шийдвэрлэх боломжтой байсан, гэтэл зүй зохистойгоор шийдвэрлэхгүйгээр З.***ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай гэх агуулгаар буруутгаж байгаа. Тухайн үед гэртээ оруулахгүй гээд түлхэхээр нь цохилоо гэж бодоод ***ыг цохисон гэдэг талаараа З.*** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн. Бодит байдал дээр асуудлыг зүй зохистой шийдвэрлэнэ гэсэн асуудал байхгүй, хэрэг гарах үед *** нэлээд хэмжээний согтолттой байсан, энэ нь ***ын гэрчээр өгсөн мэдүүлгээс харагддаг, өөрөөр хэлбэл тухайн мэдүүлэгт *** найзтайгаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд лоунжнаас яаж гарснаа санахгүй, хүнд зодуулсан байдалтай сэрсэн гэдэг. Мөн ***ын ээж гэрч ***гийн мэдүүлгээр *** гэртээ орж чадахгүй согтуу орцондоо сууж байсан гэдэг, тэгэхээр согтуу байсан тул авч орохгүй байгаа юм, түүнээс гайгүй байсан бол ээж нь хүүгээ гэр рүүгээ аваад орох байсан. Үүгээр хэрэг учрал болоход *** согтуу байсан нь харагдаж байна. ***ын гэмт хэрэг үйлдсэн сэдэлт зорилгыг буруу тодорхойлсон гэж үзэж байна. Яагаад гэвэл өөрийн үйлдлээ хянах чадваргүй болтлоо согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, 9 давхарт амьдардаг атлаа 6 давхарт амьдардаг айлын хаалга андуурч цохиод онгойлгоход орохыг завдсан, оруулахгүй болохоор нь хүч хэрэглэсэн. Гэтэл яллах дүгнэлтэд хаалга цохилоо гэх шалтгаанаар ***тай маргалдсан гэсэн байгаа. Ийм нөхцөл байдал болоогүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Монгол Улсад хууль ёсоор амьдарч байгаа хүний эрх хууль ёсны ашиг сонирхол Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулиар хамгаалагддаг, мөн өөрийгөө хамгаалах тодорхой эрүүд байгаа, өөрөөр хэлбэл Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 13-т орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаалсан. Энэ хүн халдашгүй байдлаа хамгаалах гэтэл хүчээр орох гэсэн, ард нь бол эхнэр, 2 хүүхэд нь байсан учраас гэр бүлийнхээ эрүүл мэнд, амь насыг хамгаалах зорилго л агуулсан. Энэ талаар Эрүүгийн хуулийн зохих зүйл заалт байдаг, өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13 дугаар зүйлд бусдын орон байранд хууль бусаар нэвтрэх гэмт хэргийг хуульчилсан байгаа. Хүндрүүлэх нөхцөл байдлыг хүч хэрэглэж үйлдсэн бол гэж заасан байдаг. Тэгэхээр ***ын үйлдсэн нэг гэмт хэргийг дутуу шалгасан гэж харж байгаа. Давхараа андуураагүй байж болно. 9 давхарт очих ёстой хүн 6 давхарт очоод хаалга андуураад айлын хаалга тогшдог асуудал нь өөрөө хэр хууль ёсны вэ. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэлийг дутуу шалгасан гэж үзэж байгаа, энэ байр суурь хэвээрээ байгаа...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцэв.  

 

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ж.***, З.*** нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч Ж.*** нь:

2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн үүрээр Баянгол дүүргийн 9-р хороо, *** тоот хаалгыг цохилоо гэх шалтгаанаар иргэн З.***тай маргалдаж, гараараа зодож хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн дээд 1 дүгээр шүдний сулрал, буйланд цус хуралт, уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамарт зөөлөн эдийн няцрал, хүзүү, зүүн шанаанд цус хуралт бүхий гэмтэл учруулан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

Шүүгдэгч З.*** нь:

2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн үүрээр гэртээ орохоор явж байхдаа Баянгол дүүргийн 9-р хороо, *** тоот иргэн Ж.***ын гэрийн хаалгыг андуурч, цохисны улмаас Ж.***той маргалдаж, гараараа нүүрэн тус газарт нь зодож уруулд нэвт няцарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт, зүүн сарвуунд зулгаралт бүхий гэмтэл тус тус учруулсан болох нь хохирогч Ж.***, З.***, гэрч Л.*** нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 6365 дугаартай, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 6188 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Ж.***ын хохирогч З.***ын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн дээд 1 дүгээр шүдний сулрал, буйланд цус хуралт, уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамарт зөөлөн эдийн няцрал, хүзүү, зүүн шанаанд цус хуралт бүхий гэмтэл учруулсан үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцох боломжгүй.

 

 

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ж.***, З.*** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ж.***, З.*** нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нарын зүгээс баримтаар хэн аль нь хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Харин Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар хохирогч З.***ын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан төлбөрт 196.000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газраас нэхэмжилсэн боловч нотлох баримт хангалтгүй байх тул нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний нэхэмжлэгч байгууллага нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдав.

 

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч Ж.***, З.*** нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах” гэсэн дүгнэлтийг,    

 

            Шүүгдэгч З.***ын өмгөөлөгч И.Түвшинжаргал “...Миний үйлчлүүлэгч гэм буруугийн талаар маргахгүй, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү. Хэрэв эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзвэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг,

 

            Шүүгдэгч Ж.***ын өмгөөлөгч Ц.Гансүх “...Улсын яллагчийн саналыг сонслоо. Эрүүгийн хууль байгаа цагт уг хуулийн ялын бодлого гэж байна. Улсын яллагчийн ялын санал нь хоорондоо зөрчилдөж байна, өөрөөр хэлбэл шүүгдэгч нарыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох санал гаргаж байгаа атлаа ***ын буруутай үйл ажиллагааны улмаас энэ гэмт хэрэг үйлдэгдсэн гэж яриад, миний үйлчлүүлэгч *** энэ гэмт хэрэг үйлдэгдэхэд буруутай зүйл байхгүй, нэгийнх нь буруутай үйл ажиллагааны улмаас гэмт хэрэг үйлдэгдэж шүүхээс шүүгдэгч нарыг тус тус гэм  буруутайд тооцсон. Энэ нь шүүхийн эрх хэмжээний асуудал. Гэтэл нэгийг нь энэ гэмт хэрэг үүсэхэд нөлөөлсөн гээд нөгөөг нь за яах вэ гээд аль алийг нь 700.000 төгрөгөөр торговол ялын бодлоготой хэр нийцэх вэ. Үүнийг шүүж тунгаан бодож шийдвэрээ гаргана уу...” гэсэн дүгнэлтийг,

 

            Шүүгдэгч Ж.***ын өмгөөлөгч Г.Батболд “...Тусгайлсан саналгүй...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.  

 

Шүүгдэгч Ж.***, З.*** нар нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын санд бүртгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүхээс шүүгдэгч Ж.***, З.*** нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн түүний хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700.000 төгрөгийн торгох ял оногдуулж, шүүгдэгч нарын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тэдэнд анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2505000000909 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ж.***, З.*** нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******, ****** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.***, З.*** нарыг тус бүр 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.***, З.*** нарт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.***, З.*** нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тэдэнд анхааруулсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ж.***, З.*** нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоолд шүүгдэгч нар, хохирогч нар, өмгөөлөгч нар, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ж.***, З.*** нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.ДАЛАЙХҮҮ