Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 2021/ДШМ/029

 

Ч.Дд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Г.Уламбаяр, Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Шүүгдэгч Ч.Д, түүний өмгөөлөгч *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар В.Ундрах-Оргил нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж хянан шийдвэрлэсэн, шүүгчийн 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 2021/ШЗ/209 дүгээр захирамжийг эс зөвшөөрч дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлээр Ч.Дд холбогдох эрүүгийн 2014001070327 дугаар хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Ч.Д, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, 2003 оны 01 дүгээр сарын 09-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62.2, 62.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоод биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, 2009 оны 12 дугаар сарын 04-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, 2012 оны 04 дүгээр сарын 03-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2-т зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар оногдуулсан хорих ялыг 3 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 21 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар 2 сарын хугацаагаар баривчлахаар ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.5-д зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 сарын хугацаагаар баривчлах ял дээр өмнөх 2012 оны 4 сарын 03-ны өдрийн 41 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялын зарим хэсэг болох 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтэн биечлэн эдлэх ялыг 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 09 дугаар шүүгчийн захирамжаар хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллагдсан, улсаас авсан гавъяа шагналгүй,

Ч.Д нь 2020 оны 01 дүгээр сард Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар багийн 18-12 тоот хашаанд Монгол гэр барьж тээрэм зоож тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын боловсруулалт, ашиглалт явуулсан,

Мөн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар багийн 18-12 тоот хашаанд Монгол гэрт 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр мөнгөн ус, азот зэрэг химийн бодис хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ./ яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн Прокурорын газраас Ч.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1, 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: ...Шүүгдэгч Ж.Дд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1, 24.3 дугаар зүйлийн 3-т тус тус зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан ба прокурорын яллах дүгнэлт нь хэргийг шүүхэд шилжүүлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1-д...гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ… гэж, 8.2 дугаар зүйлийн 2-т... шүүх, прокурор мөрдөгч хохирогчоор тогтоох тухай шийдвэр гаргана ... гэж тус тус хуульчилжээ. Тухайн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 24 дүгээр бүлэгт заасан хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн хувьд тухайн хэрэгт хохирогч тогтоогоогүй, өөрөөр хэлбэл тухайн нутаг орны иргэдийн эрх ашгийг хамгаалах хуулийн этгээдийг хохирогчоор тогтоох,

Түүнчлэн тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын боловсруулалт, ашиглалт явуулсан гэх боловч энэ гэмт хэргийн хор уршиг, үр дагавар нь байгаль орчинд хохирол учруулсан шалтгаант холбоотой ба уг үйлдлийг улмаас ямар хэмжээний хохирол учирсан талаар огт ажиллагаа хийгдээгүй орхигдуулсан тул мөнгөн ус хэрэглэсэн, ашигт малтмалын боловсруулалт, ашиглалт явуулсан гэмт хэргийн улмаас байгаль орчинд ямар хэмжээний хохирол учирсан буюу хор уршгийн шинж чанар хэр хэмжээг тогтоох шаардлагатай байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлоогүй үүнтэй холбоотойгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан ажиллагааг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй гэх үндэслэлээр шүүгдэгч Ж.Дд холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор А.Энхжаргалын тус шүүхэд гаргасан 24 тоот эсэргүүцэлд: Хэргийг прокурорт буцааж шийдвэрлэснийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Шүүгчийн захирамжийг Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22.5 дугаар зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон гаргасан байх боловч Шүүхийн тухай хуульд “22.5” гэсэн зүйл хуульчлагдаагүй байна.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэргийг прокурорт буцаах гурван үндэслэлийг заасан ба уг хэргийн тухайд аль үндэслэлээр хэргийг прокурорт буцааж байгааг тодорхой бичээгүй, мөн прокурорын яллах дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан ямар шаардлагыг хангаагүй талаар дурдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчиж, шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ” гэж заасан ба Ч.Д нь ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулаагүй, хууль бусаар газрын хэвлийд халдаагүй, Цагаан цахир гэх газраас шуудайтай “шлам”-ыг авчирч, алт гаргаж авах зорилгоор дахин угаасан үйлдэл нь хэргийн газар буюу Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар баг, 18-12 тоот хашаанд байрлах Монгол гэрт хийсэн үзлэгийн тэмдэглэл, Ч.Дгийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр давхар нотлогдсон байхад хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийж, тухайн нутаг орны иргэдийн эрх ашгийг хамгаалах хуулийн этгээдийг хохирогчоор тогтоолгох тухай шүүгчийн захирамжид заасан нь үндэслэлгүй болжээ.

Түүнчлэн “шлам” гэдэг нь шавар, шавхай гэсэн утгатай үг бөгөөд бүтээгдэхүүнийг шингэнд боловсруулах эсхүл угаах үед үүсэх маш жижиг, коллиод хэсгүүдийг агуулсан холимог гэсэн агуулгыг илэрхийлдэг. Тодруулбал, уг хэргийн тухайд Ч.Д нь өмнө угаагдсан шороог дахин угаах байдлаар ашигт малтмалын боловсруулалт, ашиглалт явуулсан үйл баримт тогтоогдсон байна.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд заасан “Хууль бусаар ашигг малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэрэг нь бодит хохирол учирсан байхыг шаардахгүй, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын боловсруулалт, ашиглалт явуулсан үйлдэл хийснээр төгсдөг гэмт хэрэг бөгөөд Ч.Дгийн үйлдлийн улмаас байгаль орчинд хохирол учраагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаас тогтоогдсон тул байгаль орчинд учирсан хохирлын хэмжээг тогтоолгохоор шинжээч томилж, дүгнэлт гаргуулах үндэслэлгүй байна.

4. Тухайн хэрэгт Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн байхад шүүгчийн захирамжийн “удиртгал” хэсэгт “... Аймгийн прокурорын газраас ...” гэж, “захирамжлах нь” хэсэгт “...Баянхонгор аймгийн прокурорын газарт буцаасугай...” гэж тус тус зөрүүтэй байдлаар бичсэнийг дурдах нь зүйтэй.

Иймд Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 2021/ШЗ/209 дүгээр захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүхийн шийдвэрт заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй үндэслэлээр хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Прокурор ******* тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж тус шүүх хуралдаанд оролцоно. Захирамжийг хүчингүй болгож, мөн шүүхээр дахин хэлэлцүүлнэ үү гэв.

Яллагдагч Ч.Дн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгчийн захирамжийг хэвээр үлдээнэ үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэлийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч А.Энхжаргалын давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлд үндэслэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлан үзвэл:

Прокуророос Ч.Дг 2020 оны 1 дүгээр сард Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар багийн 18-12 тоот хашаанд Монгол гэр барьж тээрэм зоож тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын боловсруулалт, ашиглалт явуулсан

Мөн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар багийн 18-12 тоот хашаанд Монгол гэрт 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр мөнгөн ус, азот зэрэг химийн бодис хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1, 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Ч.Дд холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлон тогтоосон байх бөгөөд эрүүгийн хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу авагдсан нотлох баримтуудыг шүүгч тал бүрээс нь нягт нямбай, бодит байдлаар хянах, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн хэлэлцүүлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд гэм буруугийн асуудлыг хянан шийдвэрлэх бүрэн боломжтой байхад хэргийг хуулийн үндэслэлгүйгээр Прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ “...тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын боловсруулалт, ашиглалт явуулсан гэх боловч энэ гэмт хэрэгт ...хохирогч тогтоогоогүй, ...гэмт хэргийн улмаас байгаль орчинд ямар хэмжээний хохирол учирсан буюу хор уршгийн шинж чанар хэр хэмжээг тогтоох шаардлагатай ... ” гэх үндэслэл нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Ч.Д нь “Цагаан цахир” гэх газраас шуудайтай “шлам”-ыг авчирч, алт гаргаж авах зорилгоор Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5-18-12 тоот хашаанд байрлах Монгол гэрт шуудайтай шламыг дахин угаасан үйл баримттай нийцээгүй буюу гэмт хэргийн улмаас байгаль орчинд материаллаг хохирол, хор уршиг учирсныг тогтоох боломжгүй, хохирогчгүй болохыг анхаараагүй байна.

Мөн захирамжид “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлоогүй...” гэж заасныг дүгнэн үзэхэд мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-1.6-д заасан нотолбол зохих байдлуудыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад бүхэлд нь нотлоогүй гэж үзэж байгаа үндэслэл нэг бүрээ тодорхой бичээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “ шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасныг зөрчсөн үндэслэл болж байна.

Мөн шүүгчийн 209 тоот захирамжид Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн байхад Аймгийн прокурорын газраас гэж, Баянхонгор аймгийн прокурорын газарт буцаасугай...” гэж, Монгол улсын Шүүхийн тухай /шинэчилсэн найруулгын/ хуулийн 22 дугаар зүйлийн 22.5-д заасныг удирдлага болгох байтал 22.5 гэж буруу бичсэн, 155 тоот захирамжид мөн хуулийн 33.1 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-1.4-д заасан аль нэг тохирох заалтыг баримтлаагүйг анхан шатны шүүх хэрэглэх ёстой хуулийн зохих заалт, хэсгийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэл болж байна.

Мөн шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсэгт Ч.Дн эцгийн овгийн эхний үсгийг “Ж” гэж бичиж хайнга, хайхрамжгүй алдаа гаргасныг дурдвал зохино.

Иймд анхан шатны шүүх хэргийг тал бүрээс нь шинжлэн судлаагүй, хэргийн үйл баримт, нөхцөл байдалд зөв дүгнэлт хийгээгүйгээс үндэслэл муутай дүгнэлт хийж хэргийг прокурорт буцаасан байх тул энэ талаар бичсэн дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 2021/ШЗ/209 дүгээр захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Хэргийг анхан шатны шүүхээр хянан хэлэлцэх хүртэл хугацаагаар шүүгдэгч Ч.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг анхан шатны шүүхэд очтол хэвээр үргэлжлүүлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 2021/ШЗ/209 дүгээр захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, 2014001070327 тоот эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч Ч.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг анхан шатны шүүхэд очтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ Г.УЛАМБАЯР

Л.НЯМДОРЖ