Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнх-Эрдэнэ |
Хэргийн индекс | 128/2022/0800/3 |
Дугаар | 128/ШШ2023/0086 |
Огноо | 2023-01-23 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 128/ШШ2023/0086
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ц.Энхжаргал,
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,
Гуравдагч этгээд: Ш.Оюундэлэг,
Маргааны төрөл: иргэн Ш.Оюундэлэгт газар эзэмшүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2005 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А/155 дугаар захирамж нь хуульд нийцсэн эсэх газрыг маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвадорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Лувсанданзанжанцан, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Хатанбаатар, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ч.А**** шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхзол нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Ц.Энхжаргалаас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2005 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А/155 дугаар захирамжийн Ш.Оюундэлэгт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2.Нэхэмжлэгч Ц.Энхжаргалд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/304 дүгээр захирамжаар тус дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт, 696 м.кв газрыг 15 жилийн хугацаатай, иргэний ахуйн зориулалтаар эзэмшүүлжээ.
3. Харин Гуравдагч этгээд Ш.Оюундэлэгт Нийслэлийн Засаг даргын 2005 оны 4 дүгэрэ сарын 21-ний өдрийн 155 дугаар захирамажаар Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 78 дугаар гудамжны 1007 тоотод 625.28 м.кв газрыг өмчлүүлжээ.
4.Нэхэмжлэгч Ц.Энхжаргалын гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл:
1/Иргэн Ц.Энхжаргал нь Сүхбаатар дүүргийн засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/304 дугаартай захирамжийн дагуу 18644319510559 нэгж талбарын дугаартай, 000654198 гэрчилгээний дугаартай, 696 м.км бүхий Сүхбаатар дүүрэг, 17 дугаар хороо, Дамбадаржаа 78 гудамжны 1008 тоот газрыг эзэмшдэг. Энэхүү газрыг анх авахад кадастрын зураг нь зөрүүтэй байсан бөгөөд энэ талаар газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтнээс тодруулан асуухад “...уг гудамжны бүх айлуудын кадасрын зураг зөрүүтэй, ямар нэгэн асуудалгүй, болохгүй бол дээрх айлуудыг кадастрын зургийн дагуу нүүлгэн шилжүүлнэ...” гэх хариу өгсөн. Улмаар Ц.Энхжаргал нь тухайн газрын өмчлөх хүсэлтээ газрын албанд өгсөн боловч шийдвэрлэхгүйгээр өнөөдрийг хүрээд байна.
2/Гэтэл Ш.Оюундэлэг нь Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаа 78 тоот гудамжны 1007 тоот газрыг эзэмшдэг бөгөөд Ц.Энхжаргал нь манай газар дээр амьдарч байгаа тул албадан чөлөөлж өгнө үү” гэх нэхэмжлэлийг гаргасан байсан. Нэхэмжлэгчийн зүгээс газар давхацсаныг Ц.Энхжаргал нь шүүхэд нэхэмжлэл гаргахад мэдсэн бөгөөд уг нэхэмжлэлийг 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр гардаж авсан. Үүний дараа буюу 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Нийслэлийн Засаг даргад 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албанд гомдол гаргасан. Гэвч Нийслэлийн засаг дарга болон газар Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албанаас "... Шүүхий байгуулалгад хандана уу.." гэх хариуг өгсөн.
3/Иргэн Ш.Оюундэлэг нь маргаан бүхий газрын ойролцоох газруудыг өмчлөх хэлбэрээр авч дараа нь бусдад зарж борлуулдаг гэх мэдээлэл байдаг. Мөн иргэн ш.Оюундэлэг нь Нийслэлийн засаг даргын 2005 оны 04-р сарын 21-ний өдрийн 155 дугаар захирамжийг үндэслэн Сүхбаатар дүүрэг, 17-р хороо, Дамбадаржаа 78 гудамжны 1007а тоотыг өмчилсөн атлаа тус захирамжийг дахин ашиглаж Сүхбаатар дүүрэг, 17 дугаар хороо, Дамбадаржаа 78 гудамжны 1007б тоот газрыг хууль бусаар өмчилсөн байна. Тодруулбал Сүхбаатар дүүрэг, 17 дугаар хороо, Дамбадаржаа 78 гудамжны 1007а тоот газар, Сухбаатар дүүрэг, 17 дугаар хороо, Дамбадаржаа дурдсан 636 м.кв талбайтай ижил 78 гудамжны 1007б тоот газар нь хоёулаа уг захирамжид байсан.
4/Мөн Сүхбаатар дүүрэг, 17-р хороо, Дамбадаржаа 78 гудамжны 1007а тоот газар 2005 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр бүртгэгдсэн бөгөөд 01119-155/2005 тоот шийдвэрийн дугаартай байдаг. Ш.Оюундэлэг нь уг газрыг бусдад худалдан борлуулж өмчлөх эрх нь дуусгавар болсон. Үүний дараа Ш.Оюундэлэг нь тухайн газрыг өмчлүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2005 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А/155 дугаар захирамжийг ашиглан дахин хүсэлт өгч Сүхбаатар дүүрэг, 17-р хороо, Дамбадаржаа 78 гудамжны 10076 тоот газрыг нэхэмжлэгч Ц.Энхжаргалын газартай давхцуулан 2022 онд шинээр газар өмчлөх эрхийн гэрчилгээг авсан байгаа нь газрын цахим сангаас харагддаг. Ш.Оюундэлэг нь төрийн байгууллагуудыг хуурч, Нийслэлийн засаг даргын 2005 оны 04-р сарын 21-ний өдрийн 155 дугаар захирамжийг дахин ашиглаж Сүхбаатар дүүрэг, 17-р хороо, Дамбадаржаа 78 гудамжны 1007Б тоот гэх газрыг хууль бусаар өмчилсөн байна гэж үзэж байна.
Тухайн өмчлөх эрхийн гэрчилгээг хаанаас хэрхэн авсан талаар холбогдох байгууллагад хандахад мэдээлэл өгөөгүй тул иргэний шүүхэд маргаан бүхий хоёр газрын түүхчилсэн лавлагааг гаргуулах хүсэлтийг гаргасан бөгөөд шүүхээс хүсэлтийг хангаж шийдсэн боловч өнөөдрийг хүртэл хариу ирээгүй байгаа болно.
Гэвч нэхэмжлэгчийн зүгээс хуульд заасан шүүхэд хандах хугацаа дуусгавар болж байгаа тул ийнхүү нэхэмжлэл гаргаж байгаа билээ.
Дээрх бүгдээс нэгтгэн үзэхэд газар давхцуулан олгосон нийслэлийн Засаг даргын 2005 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А/155 дугаар захирамж нь нэхэмжлэгч Ц.Энхжаргалын хуульд заасан үндэслэл журмын дагуу газар эзэмших, өмлчөх эрхэнд халдаж, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байх тул Нийслэлийн Засаг даргын 2005 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А/155 дугаар захирамжийн Ш.Оюундэлэгт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч нь Нийслэлийн Засаг даргын 2005 оны 4 дүгээр сарын 21-ний А/155 дугаар захирамжийн Ш.Оюундэлэгт холбогдох хэсгийг хүчингүй болгох нэхэмжлэл гаргасан. Энэ нэхэмжлэлийн үндэслэл нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн А/304 дүгээр захирамжаар 18644319510559 нэгж талбарын дугаартай 000654198 гэрчилгээний дугаартай, Сүхбаатар дүүрэг, 17-р хороо, Дамбадаржаа 78 дугаар гудамжны 1008 тоот газрыг Ц.Энхжаргалд эзэмшүүлсэн. Анх эзэмшүүлсэн газрын кадастрын зураг зөрүүтэй байсан. Үүний дагуу Чингэлтэй дүүргийн газрын албаны мэргэжилтэнд хандахад тэр хавийн бүх айлын кадастрын зураг зөрүүтэй, ямар нэг асуудал болохгүй гэсэн хариу өгсөн. Ц.Энхжаргал нь тухайн газраа өмчлөх хүсэлтээ газрын албанд өгсөн боловч шийдвэрлэгдэхгүй байсаар өнөөдрийг хүрээд байна. Бид нэхэмжлэл гаргасан. Холбогдох баримтууд шүүхэд ирсэн байдаг. Хэргийн газрын үзлэг хийгдэхэд газрын албанаас анхнаасаа зохион байгуулалтгүй, кадастрын бусаар айлуудыг байршуулсан нөхцөл байдал тогтоогдсон. Нэхэмжлэгчийн эрх хууль ёсны эрх ашиг сонирхол зөрчигдсөн. Бид нэхэмжлэл гаргасан учраас хэргийг эцэслэн шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна” гэв.
5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Лувсанданзанжанцан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:
1/Нийслэлийн Засаг дарга нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд заасан эрх хэмжээний хүрээнд 2005 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А/155 дугаар захирамж гаргасан. Тус шийдвэр нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх газар өмчлүүлэх арга хэмжээг газар өмчлөн авахыг хүссэн иргэний сайн дурын үндсэн дээр зөвхөн энэ хуульд заасан зориулалтаар төр, олон нийтийн хяналтын дор ил тод явуулах зарчимын дагуу гарсан болно.
2/Нийслэлийн Засаг дарга нь иргэнд газар өмчлүүлэхдээ Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 12 дугаар зүйлийн 12.1.3, 21 дүгээр зүйлийн 21.1-т заасны дагуу “газар өмчлүүлэх арга хэмжээг газар өмчлөн авахыг хүссэн иргэний сайн дурын үндсэн дээр зөвхөн энэ хуульд заасан зориулалтаар төр, олон нийтийн хяналтын дор ил тод явуулах”-аар заасан. Нийслэлийн засаг даргын гаргасан акт нь иргэн н.Лхагвасүрэн нарт газар өмчлүүлэхээр шийдвэрлэсэн эерэг нөлөөлөл бүхий захирамж гарсан. Нэхэмжлэгчийн гаргасан маргаан бүхий захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т заасан илт хууль бус акт болох үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
6/ Гуравдагч этгээд шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа:
1/Ц.Энхжаргал нь 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдөр тухайн газрын өмнөх эзэмшигч Я.Лхамсүрэнгээс тус газрыг 13,000,000 төгрөгийн үнээр шилжүүлэн авсан байх бөгөөд тус газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний 3.2 дахь хэсэгт “Уг газар эзэмших эрх нь ... 3.7 дахь хэсэгт “Гэрээний талууд холбогдох мэдээллийг харилцан зөв эрхийн талаар мapгaaнгуй болно", мэдүүлэх үүрэгтэй” гэсэн тохиролцоог хийжээ. Үүнээс үзвэл, Ц. Энхжаргал нь
Тухайн газрыг анхнаасаа эрхийн доголдолтой, маргаантай буюу кадастрын зураг давхардал, зөрүүтэй болохыг хангалттай түвшинд мэдэж ойлгосны үндсэн дээр шилжүүлэн авсан
Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ ёсоор холбогдох хохирлыг барагдуулах, зөрчигдсөн эрх ашгаа сэргээлгэхээр эрх шилжүүлэгч талд холбогдуулан иргэний хэргийн журмаар нэхэмжлэл гаргах замаар хандах эрхтэй болох нь харагдаж байна.
2/Ц.Энхжаргал нэхэмжлэлдээ дурдахдаа, анх газар эзэмших эрхийг шилжүүлэн аваад газар зохион байгуулалт хариуцсан захиргааны албан тушаалтанд хандан кадастрын зургийн зөрчлийг арилгуулах, нүүлгэх, мөн газрыг өмчлөх хүсэлтээ газрын албанд өгсөн боловч тухайн хүсэлтүүдийг шийдвэрлээгүй гэжээ.
Энэ нь 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр түүнд газар эзэмших эрх олгосон А/304 дугаартай Сүхбаатар дүүргийн Засаг даргын захирамжийг авснаас хойшхи хугацаанд тухайн 2016 онд болсон үйл явдал гэж ойлгогдохоор байна. Иргэн Ц. Энхжаргал нь захиргааны байгууллагын эс үйлдэхүй, татгалзсан хариу нь хуульд нийцээгүй гэж үзэж байгаа бол Захиргааны ерөнхий хууль, Газрын тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-14.4 дэх хэсэгт заасан журам, хугацааны дагуу нэхэмжлэл гаргах эрхтэй байсан боловч энэхүү эрхээ хэрэгжүүлээгүй болох нь түүний өөрийн шүүхэд гарган өгсөн тайлбараар нотлогдож байгаа тул одоо тухайн асуудлаар нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.
3/Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Лувсанданзанжанцангаас шүүхэд 2022 оны 9 дүгээр сарын 27-ны ирүүлсэн хариу тайлбарт 2005 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн А/155 дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасан илт хууль бус болох үндэслэл байхгүй гэж дурдсан нь үндэслэлтэй тайлбар болсон гэж үзэж байна.
4/Ц.Энхжаргал нэхэмжлэлдээ ш. Оюундэлэг нь ойролцоох газруудыг өмчлөх
хэлбэрээр авч бусдад худалддаг, төрийн захиргааны байгууллагаас өөрт нь эерэг нөлөөлөл үүсгэсэн нэг удаагийн захирамжийг хууль бусаар ашиглаж өөр газрыг давхардуулан өмчилж авсан, төрийн байгууллагуудыг хуурсан гэсэн тайлбар нь бусдыг илтэд гүжирдэж гүтгэсэн, хууль бус үйл ажиллагаа явуулсан хэмээн баримт нотолгоогүй, үндэслэлгүйгээр буруутгасан үйл явдал болжээ” гэжээ.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэхүү нэхэмжлэлийг Нийслэлийн Засаг даргын 2005 оны 4 дүгээр сарын 21-ний А/155 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар гаргасан. 2005 оны хөөн хэлэлцэх хугацаа дууссан актад захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Ш.Оюундэлэгийг төрийн байгууллагуудыг хуурч нэг захирамж дээр 2 газрыг авсан гэж нэхэмжлэлдээ дурдсан. Иргэний захиргааны байгууллагад гомдол гаргах эрхийг хүндэтгэж байгаа. Гэхдээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан үйл баримт захиргааны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотолгооны хэрэгслээр тогтоогдоогүй. Нэхэмжлэлийн үндэслэл дээр нэг захиргааны актыг дахин ашиглах замаар 1007б газрыг хууль бусаар эзэмшсэн гэж дурдсан. Газрын кадастрын санд 1007б гэх нэгж талбарын дугаартай ямар нэг газар байхгүй. 1007 а б бусдын эзэмшилтэй давхардсан зүйл байхгүй. Ц.Энхжаргал нь 2016 онд газрыг эрх шилжүүлэх гэрээгээр олж авсан. Энэ газар нь гуравдагч этгээд Ш.Оюундэлэгийн газартай давхцаж байна гэдэг. Нэхэмжлэгчийн энэ үндэслэл нь цаг хугацаа болон учир зүйн холбоос байхгүй. 2005 онд Ц.Энхжаргал газар эзэмшиж байгаагүй. Харин 2016 онд буюу 11 жилийн дараа иргэн н.Лхагвасүрэнгийн газрыг шилжүүлж авсан. Уг авсан газар нь 1007 болон 1007а газруудтай давхцаагүй. Нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол зөрчигдсөн асуудал байхгүй. Харин үзлэг болон бусад ажиллагааны явцад кадастрын зургаас зөрүүлж хашаа барьчихсан нь сансрын зургаас харагдаж байна. Энэ үйл баримт нь газар зохион байгуулалтын шинжтэй гэж харагдаж байгаа. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэл байхгүй” гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1.Анх иргэн Я.Лхамсүрэнд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/491 дүгээр захирамжаар тус дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаа 78-1008 тоотод байрлах 696 м.кв газрыг иргэний ахуйн зориулалтаар эзэмших эрх олгосныг үндэслэн газар эзэмших эрхийн 000539965 дугаар гэрчилгээг олгож, 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр газар эзэмших гэрээг байгуулжээ.
2.Харин нэхэмжлэгч нь 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр иргэн Я.Лхамсүрэнтэй Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаа 78-1008 тоот хаягт байрлах, 696 м.кв газрыг газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг байгуулжээ.
3.Улмаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/304 дүгээр захирамжаар маргаан бүхий газрыг иргэний ахуйн зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.
4.Харин гуравдагч этгээд Ш.Оюундэлэгт Нийслэлийн Засаг даргын 2005 оны 4 дүгэрэ сарын 21-ний өдрийн 155 дугаар захирамажаар Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 78 дугаар гудамжны 1007 тоотод 625.28 м.кв газрыг өмчлүүлжээ.
Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, Монгол Улсын Иргэнд Газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга дараахь бүрэн эрхтэй”, 12.1.3-т “аймгийн төвийн сумын Засаг дарга болон нийслэлийн дүүргийн Засаг даргын өргөн мэдүүлснээр иргэний газар өмчлүүлэх тухай өргөдлийг хүлээн авч, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэн газар өмчлүүлэх тухай шийдвэр гаргах” мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана” гэжээ.
5. Дээрхээс дүгнэвэл гуравдагч этгээдэд маргаан бүхий газрыг өмчлүүлсэн нь хуульд нийцжээ.
6.Тодруулбал, нэхэмжлэгчээс өмнө гуравдагч этгээдэд хуульд заасан үндэслэл журмын дагуу газар эзэмших, өмчлөх эрх үүссэн бөгөөд нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын газар өөр хоорондоо давхцаагүй болох нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1/2450 дугаар албан бичгээр нотлогдож байна.
7.Харин нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын газар анх захирамжаар олгосон, кадастрын мэдээллийн санд бүртгэгдсэн нэгж талбартаа байрладаггүй /гүйсэн/ нөхцөл байдал тогтоогдож буй хэдий ч энэ нь хариуцагчийг буруутгах үндэслэл болохгүй.
8.Өөрөөр хэлбэл тухайн орчим нь намаг, балчигтайн улмаас иргэд /гудамжаараа/ эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр, зөвшөөрөлгүйгээр өөрсдийн эзэмшил, өмчлөлийн газрын хашааг дур мэдэн шилжүүлж барьснаар дээрх нөхцөл байдал үүссэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 21 дүгээр зүйлийн 21.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Энхжаргалын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2005 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А/155 дугаар захирамжийн Ш.Оюундэлэгт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ