Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 73

 

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гансүх даргалан,

       Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Сувд-Эрдэнэ,

  Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор: Э.Ууганзаяа,

  Шүүгдэгч: Х.Бат-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын Газраас 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бутангууд овогт Хүрэлбаатарын Бат-Эрдэнэд холбогдох 1735000090006 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, 1992 оны 08 дүгээр сарын 08-ны өдөр Увс аймгийн Улаангом  суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, ам бүл-3, эхнэр  1 хүүхдийн хамт  Увс аймгийн Улаангом  сумын 10 дугаар баг 08-14 тоотод оршин суух /РД:ОЮ92080813/ Бутангууд овогт   Хүрэлбаатарын Бат-Эрдэнэ.

Холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч Х.Бат-Эрдэнэ  нь 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн нутагт О.Одгэрэлийг хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд :

  1. Хохирогч О.Одгэрэл мөрдөн байцаалтад өгсөн: “Х.Бат-Эрдэнэ бид хоёр одооноос 7 жилийн өмнө буюу 2010 онд анх гэр бүл болсон. Манайх нэг хүүхэдтэй бөгөөд миний хүү Б.Дөлгөөн нь 7 настай. Энэ жил Ерөнхий боловсролын сургуулийн 2 дугаар ангид орно. 2017 оны 6 дугаар сарын 29-ны орой 17:00 цагийн орчимд миний нөхөр Х.Бат-Эрдэнэ нь “Айлын ногооны талбай дээр очиж ажил хийж өгнө” гэж хэлээд гэрээс гараад явсан. Х.Бат-Эрдэнэ нь тэр өдөртөө гэртээ ирж хоноогүй. Маргааш өглөө нь буюу 2017 оны 06 сарын 30-ны өглөө 06:00 цагийн орчимд  Х.Бат-Эрдэнэ бага зэрэг архи уусан байдалтай гэрт ирсэн. Би Х.Бат-Эрдэнээс “Чи хаагуур яваад, хэнийд хоноод ирэв. Хэнтэй уулзаж учирч байгаад ирэв” гэж асуухад Х.Бат-Эрдэнэ “Пизда минь миний хаагуур явж, хэнийд хонох ямар хамаатай юм” гэж над руу уурласан. Мөн Х.Бат-эрдэнэ нь миний хүү Б.Дөлгөөн рүү “Пизда минь хутга аваад ир. Хутга авч ирэхгүй бол ална шүү “гэж уурласан. Тэгтэл миний хүү Б.Дөлгөөн нь шкабны доор тавьсан байсан бор өнгийн модон иштэй, гадна талаараа бор өнгийн ширээр хийсэн гэр /хуйтай/-тэй хутгыг аваад Х.Бат-Эрдэнэд өгсөн. Х.Бат-Эрдэнэ тэр хутгыг авангуутаа гэрнээс /хуйнаас/ нь гаргахгүйгээр над руу дайрсан. Тухайн үед би гэрийнхээ зүүн талын орон дээр, хөнжил  дотроо хэвтэж байсан бөгөөд Х.Бат-Эрдэнэ нь хөнжилний гаднаас гартаа барьж байсан хутгаараа миний цээжний зүүн талын хэсэг рүү 1 удаа хутгалсан. Би Х.Бат-Эрдэнээр хутгалуулаад, орилоод, уйлж байтал манай хадам ээж  Нямцэвээн гэрийн хаалгаар шагайгаад “Юу болж байх юм бэ” гэж асуухад Бат-Эрдэнэ “Та цаашаа явж бай. Би одоо ингээд цагдаад баригдана” гэж хэлэхэд манай хадам ээж Нямцэвээн нь манай гэрийн хаалгыг гадна талаас нь хаачихаад цаашаа явчихсан. Би орон дотроо, хөнжилөө нөмрөөд уйлаад хэвтэж байтал Бат-Эрдэнэ “Би чамайг алчихъяа” гэж хэлээд  хөнжилний гаднаас, миний баруун талын бөгсний хэсэг рүү барьж байсан хутгаараа нэг удаа хутгалсан. Тэгээд миний цээжний зүүн тал, баруун талын бөгсний хэсгээс цус гарч ор, хөнжлийн даавуу нилэнхийдээ цусаар бохирлогдсон бөгөөд Х.Бат-Эрдэнэ “ Чи наад цусаа цэвэрлэ. Цэвэрлэхгүй бол би чамайг ална” гэж хэлээд миний хамарны хэсэг рүү гараараа 1 удаа цохисон. Би Бат-Эрдэнээс айгаад ор хөнжилийн даавууны цусыг арчиж цэвэрлэсэн. Би Бат-Эрдэнээр хутгалуулсан учраас гарч цагдаа, эмнэлгийн байгууллагад хандах гэсэн боловч Х.Бат-Эрдэнэ нь намайг гэрээс гаргаагүй. Х.Бат-Эрдэнэ нв миний утасны сим картыг гэмтээсэн учраас надад утсаар ярьж тусламж дуудах боломж байгаагүй.  Х.Бат-Эрдэнэ нь тэрнээс хойш 2 хоног намайг гэрээс гаргаагүй бөгөөд 2017 оны 07 сарын 02-ны орой Х.Бат-Эрдэнэ нь найзуудтайгаа алтанд явна гээд гэрээс гараад явсан. Би Х.Бат-Эрдэнийг явангуут нь тэр дороо өөрийн төрсөн эгч О.Нямгэрэлийн гэрт  очиж О.Нямгэрэлд болсон явдлыг хэлсэн. Тэгээд би 2017 оны 07 сарын 03-ний өдөр цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Би 2017 оны 07 сарын 02-ны орой гэрээс гарч явахдаа Х.Бат-Эрдэний намайг хутгалсан хутгыг авч гарсан. Одоо тэр хутга надад байгаа. Тэр өдрөөс хойш би дахиж гэртээ очоогүй. 2017 оны 06 сарын 30-ны өдөр Х.Бат-Эрдэнэ миний цээжний зүүн талын хэсэг рүү 1 удаа, баруун талын бөгсний хэсэг рүү нэг удаа хутгалсан. Мөн миний хамарны хэсэг рүү гараараа 1 удаа гараараа цохисон. Өөр намайг цохиж, зодсон зүйл байхгүй. Би 2017 оны 07 сарын 02-ны орой гэрээс  гарч явахдаа Х.Бат-Эрдэний намайг хутгалсан хутгыг авч гарсан. Одоо тэр хутга надад байгаа. Тэр хутга нь бор өнгийн модон иштэй, гадуураа бор өнгийн ширэн гэртэй, манай гэрийн хоолны хутга юм. Х.Бат-Эрдэнэ надад өнөөдрийг хүрттэл надад учирсан хохирол, төлбөрийг төлж барагдуулсан зүйл огт байхгүй. Би Х.Бат-Эрдэнэд маш их гомдолтой байна. намайг цагдаагийн байгууллагад хандсаны дараа Х.Бат-Эрдэнэ надтай ирж уулзаад “Намайг уучилаарай. Гомдолгүй гэсэн бичиг хийгээд өгөөч” гэж надаас гуйж байгаад явсан. Энэ хэргийн улмаас надад 100000 /нэг зуун мянга/төгрөгний хохирол учирсан. Гэхдээ надад одоо ямар нэгэн төлбөрийн баримт байхгүй. Х.Бат-Эрдэнэ нь надад учирсан хохирол, төлбөрийг барагдуулсан зүйл огт байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 28-30-р тал/,

 

2. Гэрч Л.Нямцэвээн мөрдөн байцаалтад өгсөн: “Манай гэр Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн 8-014 тоот хашаанд байдаг. Миний хүү Х.Бат-Эрдэнэ нь эхнэр О.Одгэрэл, хүү Б.Дөлгөөн /7 настай / нарынхаа хамт манай хашаанд гэртээ амьдардаг байсан. Би 2017 оны 06 сарын 30-ны өглөө 06:00 цаг өнгөрч байх  үед босоод ОО орох гээд явж байтал Бат-Эрдэний гэрээс хүмүүс хоорондоо ярилцах чимээ гарсан. Би гаднаас хүмүүс ирсэн байж магадгүй гэж бодоод гаднаас шагайж харахад Бат-Эрдэнэ, Одгэрэл нар гэрийнхээ зүүн талын орон дээр зэрэгцээд сууж байсан. Намайг хаалгаар шагайж харахад Бат-Эрдэнэ “Та юу хийж байгаа юм бэ гэртээ харьж амар” гэж хэлэхээр нь би хаалгыг нь хаачихаад гэр лүүгээ орсон. Би Бат-Эрдэний хаалгаар шагайж харахдаа дутуу харсан учраас Бат-Эрдэнэ, Одгэрэл нарыг хувцастай байсан үгүйг анзаараагүй. Бас Дөлгөөнийг хаана байгааг анзаарч хараагүй. Би гэртээ ороод унтаж байтал 07:00 цагийн орчимд Одгэрэл манай гэрт орж ирээд “Би Бат-Эрдэнийг цагдаад өгнө. Шоронгийн ялтан хийнэ” гэж хэлчихээд буцаад гараад явсан. Тухайн үед Одгэрэлийн биед ил харагдах бэртэл гэмтэл, шарх сорви байсан үгүйг би анзаарч хараагүй. Би удалгүй босоод ажилдаа явчихсан бөгөөд тэрнээс хойш Бат-Эрдэний гэрт дахиж ороогүй учраас юу болсныг огт мэдэхгүй байна. Намайг 2017 оны 06 сарын 30-ны өглөө Х.Бат-Эрдэний гэрийн хаалгаар шагайж харахад  О.Одгэрэл, Х.Бат-Эрдэнэ нар орон дээрээ сууж байсан. Би гэрийн хаалгыг нь бага зэрэг онгойлгож харсан учраас ямар байдалтай байсныг нь тодорхой хэлж мэдэхгүй байна. О.Одгэрэлийн биед ил харагдах шарх сорви, бэртэл гэмтэл байсан үгүйг анзаарч хараагүй. 2017 оны 06 сарын 30-ны өглөө О.Одгэрэл нь манайд орж ирэх үед биед нь ил харагдах бэртэл гэмтэл, шарх сорви байсан үгүйг анзаарч хараагүй. Тухайн үед би нойрмог байсан учраас ямар хувцастай байсныг нь санахгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32-р тал/,

 

3. Гэрч О.Нямгэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг Гахайн байрны 11-44 тоотод өөрийн нөхөр, хүүхдийнхээ хамт амьдардаг. Миний төрсөн дүү О.Одгэрэл нь нөхөр Х.Бат-Эрдэнэ, хүү Дөлгөөн нарынхаа хамт Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн нутагт, гэртээ амьдардаг байсан. 2017 оны 07 сарын 02-ны орой миний төрсөн дүү О.Одгэрэл над руу  утсаар залгаад “Миний нөхөр Бат-Эрдэнэ намайг хутгалсан” гэж хэлэхээр нь би “Танай нөхөр чинь одоо гэртээ байгаа юмуу. Цагдаад дуудлага өгөх үү гэж асуухад О.Одгэрэл “Бат-Эрдэнэ одоо гэрт байхгүй. Алтанд явчихсан байгаа. Би одоо хүүгээ дагуулаад танайд очино” гэж хэлсэн. Удалгүй О.Одгэрэл нь хүү Дөлгөөнийхөө хамт манайд ирсэн. Би тэр дороо өөрийн төрсөн хүү О.Одгэрэлийн биеийг үзэхэд хүзүүний зүүн талд болон баруун өгзөгний булчинд хутгаар зүсэгдсэн шархтай байсан. Би Одгэрэлээс юу болсон талаар асуухад Одгэрэл “Манай нөхөр Бат-эрдэнэ гадуур хоноод ирэхээр нь би Бат-Эрдэнээс “Чи хаагуур явж байгаад ирэв” гэж асуухад Бат-Эрдэнэ “Чамд ямар хамаатай юм” гээд над руу уурласан. Би хөнжил дотроо хэвтэж байтал Бат-Эрдэнэ миний хүү Дөлгөөнөөр хутга авахуулаад над руу дайрсан. Тэгээд хөнжилний гаднаас миний хүзүүний зүүн тал руу болон баруун өгзөгний булчин руу хутгалсан. Миний хүү Дөлгөөн рүү бас уурласан. Бат-Эрдэнэ намайг хутгаар айлгаж байхад манай хадам ээж хаалгаар шагайж харчихаад цаашаа явчихсан. Бат-Эрдэнэ ээжийгээ харчихаад “Та цаашаа явж бай. Цагдаад хэлж болохгүй” гэж хэлж байсан. Би Бат-Эрдэнээр хутгалуулаад цагдаад мэдэгдэх гэсэн боловч Бат-Эрдэнэ нв намайг гэрээс гаргахгүй байсан. Бат-Эрдэнэ өнөөдөр алтанд явсан учраас би танайд ирлээ” гэж хэлсэн. Тэрнээс хойш миний дүү О.Одгэрэл нь хүү Дөлгөөнийхөө хамт манай гэрт байгаа. Бт Одгэрэлийн биеийн шархыг үзээд “Чи цагдаад мэдэгдэх хэрэгтэй” гэж хэлсэн бөгөөд 2017 оны 07 сарын 03-ны өдөр О.Одгэрэл нь өргөдөл бичиж танай байгууллагад хандсан. Тэрнээс хойш би Бат-Эрдэнэтэй огт уулзаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 33-р тал/,

4. Гэрч Г.Батзаяагын мөрдөн байцаалтанд өгсөн: “Би Х.Бат-Эрдэнийг танина. Бид хоёр найз нөхдийн холбоотой. Бид 2-ын дунд ямар нэгэн өр авлага, өш хонзон байхгүй.  Х.Бат-Эрдэнэ бид 2 найз нөхөдийн холбоотой ямар нэгэн хамаатан садны холбоо байхгүй. Бас бид 2-ын дунд ямар нэгэн өр авлага өш хонзон байхгүй. Бат-Эрдэнэ эхнэр Одгэрэл хүү Дөлгөөн нарын хамт Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багт амьдардаг байсан. Х.Бат-Эрдэнэ, Одгэрэл нар нь эрхэлсэн тодорхой ажилгүй гэртээ байдаг бөгөөд миний найз Бат-Эрдэнэ нь заримдаа хувиараа гар аргаар алт олборлож гэр бүлийнхээ амьдрал ахуйг залгуулдаг. Х.Бат-Эрдэнэ зан байдлын хувьд бусадтай нийтэч, хүнд тусархаг эелдэг зантай. Х.Бат-Эрдэнэ нь хааяа бага зэрэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, тамхи татдаг. Х.Бат-Эрдэнэ архи уусан үедээ бусадтай маргаж муудалцаад байдаггүй Бат-Эрдэнэд өөр янз бүрийн муу зуршил байхгүй. Миний найз Х.Бат-эрдэнэ нь машин техник их сонирходог” гэх мэдүүлэг /хх-ийн 34-р тал/,

5. Гэрч П.Сайханбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: “Би Увс аймгийн Улаангом сумын харъяат Х.Бат-Эрдэнэг сайн танина.  Х.Бат-Эрдэнэ бид 2 найз нөхдийн холбоотой бид 2-ын дунд ямар нэгэн хамаатан садангийн холбоо байхгүй. Бас бид 2-ын дунд ямар нэгэн өш хонзон байхгүй. Х.Бат-Эрдэнэ бид 2 одоогоос 2 жилийн өмнө буюу 2015 онд анх танилцаж найз нөхдийн холбоотой болсон миний найз Х.Бат-Эрдэнэ эхнэр Одгэрэл, хүү Б.Дөлгөөн нарын хамт Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багт амьдардаг. Х.Бат-Эрдэнэ, Одгэрэл нар нь эрхэлсэн тодорхой ажилгүй гэртээ байдаг бөгөөд миний найз Бат-Эрдэнэ нь заримдаа хувиараа гар аргаар алт олборлож гэр бүлийнхээ амьдрал ахуйг залгуулдаг. Х.Бат-Эрдэнэ зан байдлын хувьд төлөв даруу, бусадтай нийтэч, найз нөхдийнхөө дунд нэр  хүндтэй, хүнд тусархаг, хөдөлмөрч зантай. Х.Бат-Эрдэнэ хааяа  архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, тамхи татдаг юм. Х.Бат-Эрдэнэ архи уусан үедээ бусадтай маргаж муудалцаад, агсам согтуу тавиад байдаггүй.  Бат-Эрдэнэд өөр янз бүрийн муу зуршил байхгүй. Миний найз Х.Бат-эрдэнэ нь машин техник болон дуу хөгжим сонирходог” гэх мэдүүлэг /хх-ийн 35-р тал /,  

6. Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 385 дугаартай шинжээч эмчийн: “ Иргэн Х.Одгэрэлийн биед хохирол учирсан байна. Баруун өгзөгний булчин, хүзүүний зүүн талд дээрхи хэмжээтэй зүсэгдэж хутгалагдсан шарх, зүүн гуяны хэсэгт зөөлөн эдийн цус хуралт гэмтэл учирсан байна. Дээрхи гэмтэлүүд нь гадны хурц, ир үзүүртэй багажны хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрхи гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрхи гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тодорхой хугацаанд нөлөөлнө” гэх дүгнэлт /хх-ийн 18-р тал/,

6. Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлтүүд /хх-ийн 22-24-р тал /,

7. Шүүгдэгч Х.Бат-Эрдэний ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа /хх-ийн 60-р тал/,

 

8. Х.Бат-Эрдэний хувийн байдлыг тогтоосон баримт /хх-ийн 46, 48-52, 56, 58, 63-65-р тал/

 

9. Шүүгдэгч Х.Бат-Эрдэний мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Миний эхнэр О.Одгэрэл нь бид 2 одоогоос 7 жилийн өмнө буюу 2010 онд анх гэр бүл болсон манайх 1 хүүхэдтэй бөгөөд миний хүү Б.Дөлгөөн нь 7 настай одоо Увс аймгийн Тариалан сумын Ерөнхий боловсролын ахлах сургуулийн 2 дугаар ангид элсэн орно. Би эхнэр О.Одгэрэл болон хүү Б.Дөлгөөн нарын хамт Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн 8-14 тоот хашаанл амьдардаг байсан. Тухайн хашаанд миний ээж Нямцэвээний хашаа юм. 2017 оны 06 сарын 29-ний орой 17:00 цагийн орчимд би өөрийн эхнэр О.Одгэрэлд “Би айлын ногооны талбай дээр очиж ажил хийж өгчихөөд ирье” гэж хэлчихээд гэрээсээ гарсан. Би гэрээсээ гараад явж байгаад Улаангом сумын 7 дугаар багт, гудамжинд Увс аймгийн Тэс сумын харьяат 2 залуутай танилцаж хамт архи уусан. Би тэр 2 залууг урьд өмнө огт таньдаггүй байсан бөгөөд одоо тэр 2 залуугийн нэрийг санахгүй байна. Бас тэр 2 залууг одоо хаан байгаа болохыг нь тодорхой хэлж мэдэхгүй байна. Би тэр 2 залуутай хамт Улаангом политехник коллежийн хашаанд байх  сарвачинд архи ууж хоносон. Маргааш  өглөө буюу 2017 оны 06 сарын 30-ны өглөө 05:00 өнгөрч байх үед нөгөө 2 залуу гэртээ харин гээд явсан би ч бас тэр 2 залуугаас салаад гэрт очсон. Намайг гэрт очих үед миний эхнэр О.Одгэрэл хүү Б.Дөлгөөн нар унтаж байсан бөгөөд О.Одгэрэл сэрчихээд “Чи хаагуур тэнэж яваад ирэв. Хэнтэйгээ явж байгаад одоо ирж байна” гэж над руу уурласан тэгэхээр нь би найзуудтайгаа архи ууж байгаад ирлээ гэж хэлэхэд О.Одгэрэл “Чи янхандаж яваад ирсэн биздээ” гээд намайг хэл амаар доромжилоод байхаар нь О.Одгэрэлийг айлгая гэж бодоод өөрийн хүү Дөлгөөндөө “Хутга аваад ир” гэж хэлхэд Б.Дөлгөөн нь хоолны тавиур доороос бор өнгийн модон иштэй бор өнгийн хуйтай хутгыг надад авч ирж өгсөн. Тухайн үед Одгэрэд нь орон дээр хөнжил нөмрөөд хэвтэж байсан бөгөөд би хутга аваад хуйнаас гаргалгүйгээр О.Одгэрэлийг айлгая гэж бодоод хөнжилийн гаднаас хутгаар 1 удаа чичхэд О.Одгэрэл “Чи миний цээж рүү хутгалчихлаа шдээ” гэж хэлсэн тэр үед О.Одгэрэлийн биеэс цус гарч мэдэгдэхгүй байсан учраас би О.Одгэрэлийг тоглож байгаа юм байна гэж бодоо дахин барьж байсан хутгаараа О.Одгэрэлийн хөнжилний гаднаас 1 удаа хутгалсан. О.Одгэрэл “Чи миний бөгс рүү хутгалчихлаа. Яаж байгаа юм бэ” гэхээр нь би барьж байсан хутгаа хаячихаад О.Одгэрэлийн нөмөрч байсан хөнжилийг сөхөж үзхэд О.Одгэрэлийн цээжний зүүн талын хэсэг болон баруун талын өгзөгни хэсгээс бага зэрэг цус гарч байсан. Би О.Одгэрэлийн цусыг арчиж, тогтоож өгчихөөд “Наад хөнжил дэвсгэр чинь цус болчихлоо. Чи арчиж цэвэрлэ” гэж хэлэхэд О.Одгэрэл нь хөнжилний цусыг угааж арчиж цэвэрлэсэн. О.Одгэрэл бид 2 хоорондоо ярилцаад эвлэрсэн бөгөөд гэрийнхээ зүүн талын орон дээр суугаад юм ярьж байтал миний ээж Нямцэвээн манай гэрийн хаалгаар шагайж харахаар нь би “Та гэртээ харьж амар хар үүрээр юу хийж яваа юм” гэж хэлэхэд миний ээж Нямцэвээн хаалга хаачихаад цаашаа явчихсан. Тэрнээс хойш О.Одгэрэл бид 2-ын дунд дахин ямар нэгэн маргаан зодоон болоогүй. Би гэрээс гаралгүй 2 хоночихоод 2017 оны 07 сарын 02 –ны орой Увс аймгийн Тариалан сумын Бор хавцал гэх газар луу алтанд явсан тэрнээс хойш би Одгэрэлтэй дахин уулзаагүй. О.Одгэрэл нь намайг хэл амаар доромжлоод байсан учраас би айлгая гэж бодоод хутга авч хөнжлийнх нь гаднаас нь хутгалсан. Би О.Одгэрэлийг хутгалахдаа айлгах зорилготой байсан учраас хутгаа хуйнаас нь гаргаагүй. Гэтэл хуйны үзүүр хөнжил цоороод хөнжил нэвтлээд О.Одгэрэлийг хутгалсан байсан. Би О.Одгэрэлд учирсан хохирол, төлбөрийг төлж барагдуулаагүй байгаа. Гэхдээ би О.Одгэрэлд учирсан хохирлыг цаашид бүрэн төлж барагдуулна. Ийм хэрэг хийсэндээ гэмшиж байна. Одгэрэл намайг хардаж хэрүүл хийгээд байхаар нь айлгая гэж бодсон боловч хутга орчихсон” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.          

            Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл: Шүүгдэгч Х.Бат-Эрдэнэ  нь 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн нутагт өөрийн гэртээ энхэр О.Одгэрэлийг хутгалсан болох хохирогч О.Одгэрэл, гэрч Л.Нямцэвээн, О.Нямгэрэл, Г.Батзаяа, П.Сайханбаяр, шүүгдэгч Х.Бат-Эрдэнэ нарын мэдүүлгээр нотлогдож тогтоогдсон байна.

Шүүгдэгч Х.Бат-Эрдэний гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч О.Одгэрэлийн бие махбодид “Баруун өгзөгний булчин, хүзүүний зүүн талд дээрхи хэмжээтэй зүсэгдэж хутгалагдсан шарх, зүүн гуяны хэсэгт зөөлөн эдийн цус хуралт” гэмтэл учирсан байх ба уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 385 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзнэ. 

Шүүгдэгч Х.Бат-Эрдэний үйлдэл нь 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял халдаах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

 

             Шүүгдэгч Х.Бат-Эрдэнэ нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав.

            Хохирогч О.Одгэрэл нь энэ гэмт хэргийн улмаас 100.000 төгрөгийн хохирол учирсан гэж мэдүүлсэн боловч нотлох баримт гаргаж өгөөгүй тул нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй үлдээх зүйтэй  гэж дүгнэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 28.7 см урттай, цайвар бор өнгийн хуйтай хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийлвэрлэв.

 

 

Шүүгдэгч Х.Бат-Эрдэнэд ял шийтгэл оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.1-д заасан бие махбодь, сэтгэл санааны зовиур үүсгэж онц аргаар үйлдсэн гэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсоныг харгалзан үзсэн болно. 

 

               Шүүгдэгч Х.Бат-Эрдэнэд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.    

 

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

            1. Шүүгдэгч Бутангууд овогт Хүрэлбаатарын Бат-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бат-Эрдэнийг 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.Бат-Эрдэнэд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын  дотор төлж барагдуулах хугацаа тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын  15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

            5. Шүүгдэгч Х.Бат-Эрдэнэ нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 28.7 см урттай, цайвар бор өнгийн хуйтай хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7. Хохирогч О.Одгэрэл нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол болон хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар хохирлоо нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Х.Бат-Эрдэнэд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэрэглэсүгэй.

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                                     

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.ГАНСҮХ