| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2023/01150/И |
| Дугаар | 102/ШШ2023/01601 |
| Огноо | 2023-04-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 102/ШШ2023/01601
| 2023 оны 04 сарын 24 өдөр | Дугаар 102/ШШ2023/01601 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: *** тоотод оршин суух хаягтай, *** ургийн овогтой ***гийн *** /РД:*** /
Нэхэмжлэгч: *** тоотод оршин суух хаягтай, *** ургийн овогтой ***гийн *** /РД:***/
Хариуцагч: *** тоотод оршин суух хаягтай, *** ургийн овогтой ***-ийн *** /РД:***/
Нэхэмжлэлийн шаардлага: 8,399,500 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогч:
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э***
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнгөнсаран
/Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралд ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хариуцагч Ц.*** гээс 8,399,500 төгрөг гаргуулах тухай шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч нар дараах байдлаар тайлбарласан. Үүнд: Бид Ц.*** д 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн хооронд нийт 8,399,500 төгрөгийг дансаар зээлдүүлсэн. Бид бичгээр гэрээ байгуулаагүй. Уг нь зээлийн хүүг 10 хувь байхаар амаар тохирсон боловч энэ талаараа бичгээр гэрээ байгуулж амжаагүй юм. Бид гэхдээ зээлийн хүү нэхэмжлээгүй, зөвхөн шилжүүлсэн мөнгөө хариуцагчаас шаардан шүүхэд хандсан. Хариуцагчаас мөнгөө буцаан шаардахад ...удахгүй өгнө гэдэг боловч ямар нэг арга хэмжээ аваагүй, төлбөрийг огт төлөөгүй. Иймд хариуцагчаас 8,399,500 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү. Бид хариуцагч руу мөнгийг шилжүүлсэн болохоо өөрсдийн дансны хуулгаар нотолж байгаа гэжээ.
2. Хариуцагч бичгийн тайлбар өгөөгүй.
3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: иргэний үнэмлэхийн лавлагаа /хх3/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх 4/, Голомт банкны тодорхойлолт /хх5/, Голомт банкны дансны хуулга /хх6-7/, Хаан банкны дансны хуулга /хх8-16/, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн албан бичиг /хх17/, хорооны тодорхойлолт /хх21/.
4. Хариуцагчаас шүүхэд бичгийн нотлох баримт гаргаж өгөөгүй.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэгч Ш.*** , О.*** нар хариуцагч Ц.*** гээс 8,399,500 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан. Нэхэмжлэгч нар өөрсдийн шаардлагын үндэслэлээ ...бид хариуцагчтай амаар зээлийн гэрээ байгуулж ...дансаар нийт 8,399,500 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн. Уг мөнгийг буцааж төлөөгүй гэсэн агуулгаар тайлбарласан.
2. Шүүхээс дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогч шүүхэд үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй, нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй бол хүлээн зөвшөөрсөнд тооцохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсгүүдэд заажээ.
Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлага, хэрэгт авагдсан нотлох баримтыг зөвшөөрсөн, эс зөвшөөрсөн талаар бичгийн тайлбарыг нотлох баримтын хамт шүүхэд ирүүлээгүй, ямар нэг байдлаар эсэргүүцээгүй.
Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээхийг, мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцохыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсгүүдээр зохицуулжээ.
Нэгэнт хариуцагч талаас нэхэмжлэгчийн ...зээлж авсан мөнгөө буцааж бүрэн төлөөгүй гэх тайлбарыг эсэргүүцээгүй, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээн дээр маргаагүй тул шүүхийн зүгээс нэхэмжлэгчид Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу зээлсэн мөнгөө буцаан шаардах эрх бий болсон гэж үзээд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 149,342 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 149,342 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.*** гээс 8,399,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.*** , О.*** нарт олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 149,342 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.*** гээс 149,342 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.*** , О.*** нарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ХАНГАЛ