| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2023/01319/И |
| Дугаар | 102/ШШ2023/01631 |
| Огноо | 2023-04-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 102/ШШ2023/01631
| 2023 оны 04 сарын 24 өдөр | Дугаар 102/ШШ2023/01631 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: *** давхарт оршин байх, *** ХХК /РД:5459567/
Хариуцагч: *** тоотод оршин суух хаягтай, *** ургийн овогтой ***ын *** /РД:*** /
Нэхэмжлэлийн шаардлага: 2,978,800 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б***
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнгөнсаран
/Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралд ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хариуцагч О.*** аас 2,978,800 төгрөг гаргуулах тухай шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч дараах байдлаар тайлбарласан. Үүнд: *** ХК нь банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зээлийн үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд. Манай компаниас иргэн О.*** нь зээл авах хүсэлт гаргаж, 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр *** тоот Цахим зээлийн эрх нээх гэрээ-г байгуулж, зээлийн гэрээгээр үндсэн зээл 1,080,000 төгрөг, сарын 5%-ийн зээлийн хүүтэй, 12 сарын хугацаанд төлж барагдуулах нөхцөлтэйгөөр байгуулсан байдаг. О.*** нь зээлийн гэрээ болон Ард апп-д заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн зөрчиж, зээлээ төлөх үүргээ удаа дараа зөрчсөн, компанийн зүгээс зээл, зээлийн хүүгээ төлөхийг шаардлагыг удаа дараа тавьсан боловч өнөөдрийг хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй үүргээ ноцтой зөрчсөн болно. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий байгууллагын мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх заалтыг үндэслэн хариуцагч О.*** аас 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Цахим зээлийн эрх нээх гэрээ-ний үндсэн зээлийн төлбөрт 1,080,000 төгрөг, зээлийн хүүд 1,818,800 төгрөг, нийт 2,978,800 төгрөгийг шүүхийн журмаар гаргуулж өгнө үү. Бид зээлийн эргэн төлөлтийн талаар ярилцая, хүүг нь хасах талаар хамтдаа шийдвэрлье гэж хариуцагчид удаа дараа хэлсэн. Тэрээр надтай ...за би очно гэж хэлээд л алга болдог. Ийм учраас хүүг багасгах боломжгүй. Гэхдээ бид энэ талаар хариуцагчтай хэдийд ч ярилцахад бэлэн байгаа гэжээ.
2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2019 оны 11 дүгээр сарын сарын 25-ны өдөр Ард аппликейшнээс жилийн гэрээтэй 1,080,000 төгрөг зээлж авсан. Тухайн үед ээжийн минь муу, онош тодрохгүй өвдөөд байсан тул зээл авч хэрэглэсэн. Тэгээд цар тахал болж ажилгүй болоод, авсан зээлийг төлөх боломж муудсан. Өдийг хүртэл би 4 удаа яриад ...хүүг нь зогсоогоод өгөөч гэж их гуйж хэлж байсан. Би 1 жилийн гэрээ дууслаа, та нарт шүүхэд өгөх эрх байгаа гэхэд тэд ...та хамгийн бага зээлтэй, боломжгүй гэж байсан. Ийм учраас надад зээлийн хүүг нь багасгаад 1,000,000 төгрөгийг нь хасч өгөөчээ гэжээ.
3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: улсын бүртгэлийн гэрчилгээ /хх5/, зээлийн дансны хуулга /хх8/, цахим зээлийн эрх нээх гэрээ /хх9,10/.
4. Хариуцагч шүүхэд нотлох баримт ирүүлээгүй.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хэрэгт дараах нөхцөл байдал тогтоогдож байна.
2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр нэхэмжлэгч *** ХК болон хариуцагч О.*** нар нь 2,000,000 төгрөг хүртэл ашиглах эрхтэй Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулжээ.
Шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заагдсан гэрээний үүргийн харилцаа үүссэн бөгөөд зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т ...зээлийн гэрээг бичгээр хийнэ гэсэн хуулийн шаардлагад нийцсэн, хүчин төгөлдөр байна гэж дүгнэлээ.
2023 оны 3 дугаар сарын 07-ны өдөр *** ХК нь хариуцагч О.*** д холбогдуулж талуудын байгуулсан гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр, хүүнд нийт 2,978,800 төгрөгийг гаргуулахаар шүүхэд хандсан.
Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүү, хугацаа хэтрүүлсний хариуцлага нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргийг тус тус хүлээдэг.
Хэргийн оролцогч шүүхэд үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй, нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй бол хүлээн зөвшөөрсөнд тооцохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсгүүдэд заажээ.
Хариуцагч талаас гэрээний дагуу 1,080,000 төгрөгийг хүлээн авсан талаар маргаангүй байна. Нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийн мөнгийг бодитоор шилжүүлсэн, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан үүргээ гүйцэтгэсэн байх тул хариуцагчаас гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй, хариуцагч гэрээний үүргээ биелүүлэх үүрэгтэй. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд заасны дагуу үндсэн зээл, хүүгийн төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62,620 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 62,620 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч О.*** аас 2,978,800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *** ХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62,620 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.*** аас 62,620 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *** ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ХАНГАЛ