Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 183/ШШ2023/00784

 

 

 

2023 оны 03 сарын 10 өдөр               Дугаар 183/ШШ2023/00784                  Улаанбаатар хот

 

 

                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 6 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

  Нэхэмжлэгч: Бдүүрэг, 39 тоотод оршин суух, Н овогт Б.О  /РД:**********/-ын нэхэмжлэлтэй,

  Хариуцагч: Х дүүрэг, өөрийн байранд байрлах, У  ТБАГУТҮГ /РД:******/-д холбогдох,

  Нэхэмжлэлийн шаардлага:  2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/55 тоот тушаалыг хүчингүй болгуулан, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.О,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б,

Хариуцагчийн өмгөөлөгч Э.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Үүрийнцолмон нар оролцов.

 

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч У ТБАГУТҮГ-т холбогдуулан 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/55 тоот тушаалыг хүчингүй болгуулан, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байд лаар тодорхойлж байна. Үүнд:

 Миний бие Б.О нь Хөдөө аж ахуйн их сургуулийн харьяа Уд эрдэм шинжилгээний ажилтнаар ажилладаг. Байгууллагын удирдлагын шийдвэрээр 2020 оны 10 дугаар сарын 12, 13-ны өдрүүдэд Төв аймгийн Борнуур сумын Баянгол багт байрлах манай байгууллагын судалгаа шинжилгээний газарт албан томилолтоор ажиллаад 10 дугаар сарын 13-ны өдөр буцаж явахдаа Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, цагаан бургастай гэх газар Ар гүнтийн замд Угийн эзэмшлийн "Мицубишу Пажеро" маркийн **** УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж яваад, уг автомашин осолдож надад 2,3,4,5,6,7,8,9-р хавирга, цээжний 4,5,6-р нугалмын арын сэртэн, бүсэлхийн 1-р нугалмын баруун хөндлөн сэртэн, баруун умдаг ясны дээд, доод салаа, ууцны 1-5 нугалмын зүүн хажуугийн хугарал, уушги авчилт, цээжний хөндийн шингэн хуралт, зүүн шилбэнд зулгаралт зэрэг хүнд гэмтэл учирсан. Уг гэмтлүүдийн улмаас би хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдсан. Мөн 2022.06.16-ны өдрийн "БЗД-ийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр"-ийн дагуу хөдөлмөрийн чадвар алдалт 79 хувь болж тогтоогдсон. "Мицубишу Пажеро" маркийн ***** УБӨ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан жолооч Д.М нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 2021/ШЦТ/***** дүгээр шийтгэх тогтоолоор гэм буруутай нь тогтоогдож тэнсэн авсан. Одоогийн байдлаар Иргэний хэргийн шүүх болон Захиргааны хэргийн шүүхийн журмаар хэргийг хянан хэлэлцэж байхад У-гийн захирлын 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/55 тоот тушаалаар ажлаас үндэслэлгүй халсан. Б.О миний бие ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн тул Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан боловч шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн дугаар 183/Ш32022/19092 дугаартай шүүгчийн захирамж гарсан. Захирамжид заасны дагуу хөдөлмөрийн эрхийн байгууллагуудад маргаан хянан шийдвэрлүүлэхээр шат шатны Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дах хэсэгт “Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй” хэмээн заасан байх тул Угийн Хөдөлмөрийн маргаан таслах комисст маргаанаа урьдчилан шийдвэрлүүлэхээр гомдол гаргасан. Б.О миний гаргасан гомдлыг хүлээн авч гомдлын хурал 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр болж хуралдсан. Гомдлыг хэлэлцэж комиссын бүрэлдэхүүний шийдвэрээр тохиролцоонд хүрээгүй. Тиймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6 дах хэсэгт “энэ хуулийн 154.5-д заасан хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын тэмдэглэлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч аль нэг тал хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандана” хэмээн заасны дагуу Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан. Гомдлын хурал 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр болж комиссын гишүүдийн шийдвэрээр талууд тохиролцоонд хүрээгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.7 дах хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэл гаргаж байна. Б.О миний биеийн байдал өдөр ирэх тусам сайжирч, эмчилгээгээ хугацаандаа хийлгэж ажлаа хийх боломжтой болж байгаа тул Ургамал нийгмийн хамгааллын эрдэм шинжилгээний байгууллагын Захирлын 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/55 тоот тушаалыг хүчингүй болгуулан, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгүүлж өгнө үү.  

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Ажлаа хийж байгаад автын осолд орсон. Тэрнээс болоод 2020 онд хөдөлмөр эрхлэлт 50 хувь, 2022 онд 79 хувь алдалттай болсон. Гэмтлийн эмнэлэгт 4 нийт 8 удаа хагалгаанд орсон. Одоогоор миний бие сайжирч байгаа. Миний хувьд ажлаа хийж явж байгаад осолд орсон тул Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний ажил, ажилгүй байсан хугацааны нийгмийн, эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэх хүсэлттэй байна гэв.

1.2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2023 оны 2 дугаар сард шүүх хурлаар орсон байдаг. Хөдөлмөрийн чадварын хувь хэмжээг харгалзан Б.О ыг ажлаас чөлөөлөх ёстой байсан боловч үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т “Ажил олгогч энэ хуулийн 65.4.2, 78.1.5, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй” гэж заасны дагуу мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

 

2.Хариуцагчийн төлөөлөгч А.Б шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.О нь Угийн эрдэм шинжилгээний ажилтан байсан бөгөөд дээр дурдсан өдрүүдэд албан-томилолтоор явсан нь үнэн боловч бодит үйл баримт нь гаргасан нэхэмжлэлд дурдсанаас илүү тодруулж тайлбар гаргах ёстой ноцтой асуудлууд болсныг тайлбарлаж, баримтыг хэрэгт хавсарган хүргүүлж байна. Д.М, Б.О , У.А нар нь томилолтын өдрүүд дэх ажил дуусч, 2020 оны 10 дугаар сарын 13-ны орой ажилтнууд хотруу буцахад, өөрсдөө дур мэдэн байгууллагын машиныг удирдлагын зөвшөөрөлгүй ажлын бус цагаар авч үлдэн, оройн цагаар нийлж архидан согтуурч, улмаар согтуурсан байх үедээ тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцож, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Цагаан бургастай гэх газар, ар гүнтийн замд засмал замаас гарч онхолдон, зорчигч Б.О , У.А нарт гэмтэл учирсан. Б.О нь албан ажлаар ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ ажлын байран дээр ажил олгогчийн буруутай үйл ажиллагаа, үйлдэл эс үйлдэхүйн улмаас үйлдвэрлэлийн осолд орсон асуудал биш болох нь тодорхой ойлгомжтой харагддаг. Гэвч ажил олгогч нь Б.О ыг осолд орсноос хойш 2020 оны 10 сараас хойш 2022 оны 9 сар хүртэл ажил олгогч нь нийт 24 сар тасралтгүй сар бүр бүтэн цалин хөлс олгосоор байсан. Энэ хугацаанд Б.О нь нэг ч өдрийн ажил хөдөлмөр эрхлээгүй атлаа байгууллагаас нийт 24 сарын турш 17 555 176 төгрөгийн цалин хөлс олгогдсоныг шүүхэд байгууллагын санхүүгийн баримттай нь гаргаж өгч байна. Мөн түүнчлэн Угийн Захирал М.Б нь хүнлэг ёсоор хандаж, албан байгууллагаас түүнд олгох ёстой бүхий л дэмжлэг, олговор, урамшуулал, хандив, цалинг гаргаж боломжоороо зохион байгуулж, бүхий л хэлбэрээр эмчилгээний зардалд туслалцаа үзүүлсээр өнөөдрийг хүрсэн байна. Мөн ажил олгогч эрүүл мэндийн хохирол амссан ажилтнуудыг байгууллагад учруулсан эд хөрөнгийн хохирол буюу гэмт хэргийн улмаас шатаж үгүй болсон тээврийн хэрэгслийн хохирол төлбөр 15 781 425 төгрөгөөс түүнд оногдох 5 260 475 төгрөгийн хариуцлагаас чөлөөлсөн. М.Б захирал Б.О ыг архидан согтуурч байгууллагын дотоод журмыг ноцтой зөрчиж, хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэл бий болсон асуудалд мөн ажилтнуудын буруутай үйлдлийн улмаас байгууллагад учруулсан эд хөрөнгийн хохирлыг төлөх зэрэг ноцтой асуудлуудыг Б.О ыг хөдөлмөр эрхлэх боломжгүй, эмчилгээ зардалтай байсан тул түүнийг эрүүл болоход дэмжих зорилгоор цалинг нь таслалгүй олгож байсан. Б.О гэх хүний төлөө Угийн удирдлага хамт олноос маш их зүйл хийсээр ирснийг тэрээр маш сайн мэдэж байгаа учир ухамсарлаж, талархах учиртай. Гэтэл Б.О нь огт ажил хийхгүй 24 сар цалин авчихаад, өнөөдөр дахин байгууллагыг ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байхад нь халсан мэтэр шүүхэд өгч буй нь хэт увайгүй, хүнлэг бус, асуудал юм. Б.О ын эмчилгээнд захирал М.Бгээс 12 500 000 төгрөг, хамт олны хандиваар эмчилгээнд 2 010 000 төгрөг, тээврийн хэрэгслийн хохирол, зардалд нэг хүнд ногдох хохирлын төлбөр 5 260 475 төгрөгөөс чөлөөлөгдөж, 24 сарын цалин 17 655 176 төгрөг, нийт мөнгө 32 165 176 төгрөг болсон байна. Мөн Б.О нь өөрийн хөдөлмөр чадвар алдалтыг Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлстийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 414151 дугаарын актаар 12 сарын хугацаатайгаар 50 хувиар, үүний дараа үргэлжүүлэн эмчлүүлж, 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 494325 дугаар актаар 12 сарын хугацаатайгаар 79 хувиар тогтоолгосноор цаашид ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон. Өмнө нь энэ талаар Б.О нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нийт гэм хорын төлбөрт 32 903 800 төгрөгийг хөдөлмөрийн чадвар алдалттай холбоотой нөхөн төлбөрт 13 815 809 төгрөгийн цалин хөлс гаргуулахаар ажил олгогчийг хариуцагчаар татан шалгуулсан. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцээд, 02335 дугаартай шийдвэрээр цалин хөлсний нөхөн төлбөрт нэхсэн 13 815 809 төгрөгийг ажил олгогчоос гаргуулах үндэсгүй байна гэж үзэн, зөвхөн эмчилгээний зардалд 19 087 991 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл Д.О байгууллагаас өмнө нь авсан цалин хөлсийг дахин давхардуулан нэхэмжилснийг шүүхээс олгогдсон байх тул давхардуулан нэхэх эрхгүй гэх агуулгаар нөхөн төлбөрийг хэрэгсэхгүй болгосон. Иймд Б.О нь эрүүл мэндийн шалтгааны улмаас хөдөлмөр эрхлэх чадваргүй, Угийн ажлыг хэвийн явуулах боломжгүй нөхцөл маш удаан хугацаанд үргэлжилсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.3 дахь заалтыг баримтлан Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан нь үндэслэлтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн.

2.1.Хариуцагчийн өмгөөлөгч Э.Мшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ажлаас чөлөөлөх тухай тушаал яагаад гарах болсон бэ гэдгийг ярих нь зүйтэй байна. Миний ажлын байрыг хадгалж үзэх ёстой байсан гэж ярьж байгаа хэдий ч энэ талаарх баримт байхгүй байна. Хөдөлмөрийн маргаан таслах комиссын гурван талт хорооны хурлын тэмдэглэлээр нэхэмжлэгчийг эргээд ажилд орох боломжтой юу гэхэд, би ажил хийх боломжгүй миний эрүүл мэндийн байдал муу байна гэсэн. Гэтэл ажлаа хийх боломжгүй байж, ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэл гаргаж байгаа нь ажлаа хийхгүйгээр цалин авах гээд үндэслэлгүйгээр хөрөнгөжих гээд байна гэж үзэж байна. Хөдөлмөрийн чадвар 79 хувийн алдалттай байгаа тул ажилд авах үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч биеийн байдлаа сайжруулж байгаа талаарх баримтаа гаргаж өгөх ёстой гэв.

 

3.Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхний хуулбар, Угийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/55 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаал, Хөдөлмөрийн гэрээ, Угийн 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Дугаар 2 Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны тэмдэглэл, 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл, шийдвэр, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 183/ШЗ2022/19092 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж, Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тодорхойлолт /хэргийн 4-16, 74-75-р хуудас/ гэсэн баримтуудыг,

хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, А.Б-д олгосон итгэмжлэл, хариу тайлбар, Хөдөлмөрийн гэрээ, Угийн 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Б/14 дүгээр Ажилд томилох тухай тушаал, 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Б/25-1 дүгээр Ажилд жинхлүүлэх тухай тушаал, 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/55 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаал, Угийн Д.М, У.А, Б.О нарын авто тээврийн осолтой холбоотойгоор Б.О т зарцуулсан зардлын тооцоо гэх хүснэгт, Цалин олгосон хүснэгт, Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын №414152 дугаар шийдвэр, №494325 дугаар шийдвэр, Угийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Лавлагаа, мэдээлэл хүсэх тухай албан бичиг, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2022/0617 дугаар шийдвэр, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2022/02335 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 01928 дугаар магадлал, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 0704 дүгээр магадлал, Угийн 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 15 тоот Хүсэлт гаргах тухай албан бичиг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 23290219/01 дугаар мэдэгдэл, 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 183/ГХ2023/00231 дүгээр Гүйцэтгэх хуудас, 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШЗ2023/02560 дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай шүүгчийн захирамж, Хөдөлмөрийн гэрээ, 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн шилжүүлгийн баримтууд, У лабораторийн ЭША, Б.О-ын хагалгаанд орсон тул эмчилгээний зардалд сэтгэлийн хандив үзүүлсэн ажилчдын бичвэр /хэргийн 21, 26-64, 77-89-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

2.Нэхэмжлэгч Б.О нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

-биеийн эрүүл мэндийн байдал сайжирч, ажлаа хийх боломжтой болж байхад ажлын байрыг хадгалахгүйгээр ажлаас үндэслэлгүй халагдсан тул захирлын 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/55 тоот тушаалыг хүчингүй болгуулах,

-урьд эрхэлж байсан ажил болох эрдэм шинжилгээний ажилтнаар эгүүлэн тогтоолгох,

-ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах,

-нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэхээр шаардсан.

 3.Хариуцагч У нь ажлаас чөлөөлсөн тушаал нь хууль зөрчөөгүй, нэхэмжлэгч Б.О нь хөдөлмөрийн чадвараа 79 хувиар алдсан тул цаашид ажил эрхлэх боломжгүй болсон тул ажлаас чөлөөлсөн, байгууллага түүнийг ажил хөдөлмөр эрхлээгүй байхад ажлын байрыг нь хадгалж цалин хөлсийг нь олгож байсан гэж үгүйсгэсэн.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1.Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч Уд эрдэм шинжилгээний ажилтнаар 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн №Б/14 дугаартай “Ажилд томилох тухай” захирлын тушаалаар Ой, бэлчээр хамгааллын лабораторид туршилтын 3 сарын хугацаатай түр томилогдож, 2016 оны 5 дугаар сарын 30-ний өдрийн №Б/25-1 дугаартай “Ажилд жинхлүүлэх тухай” захирлын тушаалаар Ой хамгааллын лабораторид эрдэм шинжилгээний ажилтнаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн төлөөлөгч нарын тайлбар, хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор тогтоогдож байна.

 

4.2.Угийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн №Б/55 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” захирлын тушаалаар Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.3 дах заалтыг үндэслэн Ой хамгааллын лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан Б.О-ын хөдөлмөрийн чадвар алдалтыг Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 414151 дугаар актын дагуу 12 сарын хугацаатайгаар 50 хувиар, 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 494325 дугаар актын дагуу 12 сарын хугацаатайгаар 79 хувиар тогтоогдсоноор цаашид ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон тул 2022 оны 10 дугаар сарын 03-наас эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

 

            4.3.Нэхэмжлэгч  ажлаас чөлөөлсөн тухай 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн №Б/55 тоот тушаалыг хүлээн авч, Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-д “хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй” гэж зааснаар маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хандсан болох нь 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Угийн №2 дугаартай хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны тэмдэглэл, 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн №20 дугаартай Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байх бөгөөд талууд харилцан тохиролцоогүй тул мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-д зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцласан тухай гомдлоо шүүхэд гаргасан байна.

 

            5.Талуудын маргааны зүйл нь хөдөлмөрийн гэрээг үндэслэлгүй цуцласан талаар байх бөгөөд хуульд заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа болон хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан талаараа маргаагүй болно.

 

            6.Хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.3-д заасныг үндэслэн цуцласан байх бөгөөд мөн хуулийн 80.1.3-д “ажилтан эрүүл мэндийн хувьд ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй нь эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр тогтоогдсон бөгөөд түүнийг шилжүүлэн ажиллуулах өөр ажлын байр байхгүй, энэ хуулийн 144.1-д заасан арга хэмжээг ажил олгогч авсан боловч ажилтан хөдөлмөр эрхлэх боломжгүй бол” ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахаар заажээ.

            Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 144 дүгээр зүйлийн 144.1-д “ажил олгогч хөгжлийн бэрхшээлтэй хүнийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд заасан тохирох хэрэглэгдэхүүнээр хангах замаар хөдөлмөр эрхлэх боломжоор хангах үүрэгтэй” гэж заасан.

            Нэхэмжлэгч нь эрүүл мэндийн хувьд ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй талаарх баримтгүй, тохирох хэрэглэгдэхүүнээр хангаагүй, мөн ажлын байрыг нь хадгалах үүргээ биелүүлээгүй, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах талаар ажилтанд хуульд заасан 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр болон бусад байдлаар мэдэгдээгүй гэсэн.

            Хариуцагч нь эрүүл мэндийн хувьд ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй хөдөлмөрийн чадвараа 79 хувь алдсан болох нь эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын актаар тогтоогдсон, өөрөө ажил хөдөлмөр эрхлэх боломжтой талаараа баримтаар нотлоогүй, ажил эрхлэх боломжгүй гэдгээ өөрөө илэрхийлсэн, ажлын байрыг нь хадгалж цалин хөлсийг нь олгож байсан гэж мэтгэлцсэн.

 

            Хэрэгт авагдсан 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын №414172 дугаартай шийдвэрээр Б.О ын хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувиар 12 сараар буюу 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийг хүртлэх хугацаагаар тогтоож, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын №494325 дугаар шийдвэрээр хөдөлмөрийн чадвар алдалтыг 79 хувиар 12 сараар буюу 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл сунгасан байна байх тул ажилтан хөдөлмөрийн чадвараа алдсан талаар мэргэжлийн байгууллагын шийдвэр гарсан байна.

            Мөн 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Дугаар 2 Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны тэмдэглэлд “...Б.О ажлаа хийх боломжгүй” байгаа талаараа өөрөө хэлж байсан гэх хариуцагчийн тайлбар нь үндэслэлтэй байна.

            Гэвч Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-д “ажил олгогч энэ хуулийн 65.4.2, 78.1.5, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй” гэж заасныг зөрчсөн, хариуцагч нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах талаараа нэхэмжлэгчид хуульд заасан хугацаанд мэдэгдээгүй, энэ талаараа нотлоогүй болно.

            Иймд нэхэмжлэгч Б.О ын нэхэмжлэлийг хангаж, түүнийг урьд эрхэлж байсан ажил болох У-гийн **************** ажилтнаар эргүүлэн тогтоохоор шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч нь 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн №Б/55 тоот захирлын тушаалыг хүчингүй болгуулахаар шаардлага гаргасан боловч шүүхээс ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоохоор шийдвэрлэсэн бөгөөд цаашид энэ тушаал нь эрх зүйн үр дагавар үүсгэхгүй учир уг тушаалыг хүчингүй болгох шаардлагагүй гэж үзэв.

7.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д “хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж заажээ.

Иймд нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх дундаж цалинг тооцохдоо түүний нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг үндэслэн Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журмын” 2.3.5-д зааснаар тооцвол нэг сарын дундаж цалин 1 104 180 төгрөг /1 111 680+1 116 180+1 084 680=3 312 540:3=1 104 180/ байх тул түүний ажилгүй байсан хугацааны 5 сар 4 хоногийн цалин нийт 5 593 304 төгрөгийг /1 104 180х5=5 520 900 төгрөг, 9 сарын ажлын хоног 22 хоног, 8 сарын ажлын хоног 23 хоног, 7 сарын ажлын хоног 16 хоног, нийт 61 хоног, 1 104 180:61=18 101 төгрөг, 4хоног х 18 101=72 404 төгрөг, 5 520 900+72404=5 593 304/ хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

8.Хөдөлмөрийн тухай хуулийн  дугаар зүйлийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д “ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах” гэж зааснаар хариуцагч Уд нэхэмжлэгч Б.О ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзэв.

 

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 104 442 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулах нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон   

 

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-д зааснаар нэхэмжлэгч Н овогт Б.О-ыг У-гийн **************** шинжилгээний ажилтнаар эгүүлэн тогтоосугай.

 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар хариуцагч Угээс нэхэмжлэгч Б.О ын ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 5 593 304 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.О-т олгосугай.

3.Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар хариуцагч Уд нэхэмжлэгч Б.О-ын ажилгүй байсан хугацаанд төлөгдвөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг даалгасугай. 

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.О нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Угээс улсны тэмдэгтийн хураамжид 104 442 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

                                 

 

 

                          ДАРГАЛАГЧ                                 Д.ХУЛАН