2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2343

 

 

 

 

 

 

 

 

 

  2025          10          13                                    2025/ШЦТ/2343

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал,

улсын яллагч А.Марал,

хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Даш,

шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Х.Наранзул, Б.Өлзийбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн  2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***ид холбогдох эрүүгийн 2503004440799 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ***

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч *** нь 2025 оны 04 дүгээр сарын 25-ны шөнийн 01 цаг 25 минутын орчимд Хан-Уул дүүргийн 16-р хороо, “Нисэх Гарден” хотхоны урд замд *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 11.14 “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурдаас хамааруулан сонгож явна.” Мөн дүрмийн 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно: а. ...хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй..., ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох,” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас тус замын хөдөлгөөнд оролцож явсан *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, улмаар *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч насанд хүрээгүй ***ийн Цогзолмаа /РД: ***, 5 сартай, эмэгтэй/-н эрүүл мэндэд нь хүнд хохирол, Бизъяагийн Даш /РД: ***, 31 настай, эмэгтэй/-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *** мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Даш мэдүүлэхдээ: “...Бидний зүгээс гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Хүүхдийн бие байдал сайжирсан, одоогийн байдлаар эмнэлгийн хяналтаас гарсан. Тухайн үед мэдрэлийн тасагт хэвтэн эмчлүүлсэн, 14 хоногийн дараа давтан үзүүлэхэд биеийн байдал гайгүй, байнгын хяналтад байх шаардлагагүй гэж хэлсэн. Дахин ямар нэг зовуурь илрээгүй тул эмнэлэгт үзүүлээгүй байна...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

 

Гэмт хэргийн талаарх дуудлага мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 4 дэх тал/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, болон

гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 05-12 дахь тал/,

 

Жолооч ***ийн жолоочийн нэгдсэн сан, авто тээврийн хэрэгслийн нэгдсэн сангийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 61-69 дэх тал/,

 

Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Дашийн:

“...Нөхөр бид 2 бага хүүхдээ эмнэлэгт үзүүлэхээр Улаанбаатар хотод орж ирээд Нисэхэд байдаг эгчийндээ очихоор Нисэхийн тойргоос баруун тийш чиглэлтэй явж байсан. Би бага хүүхдээ өвөр дээрээ тэвэрсэн хөхөө хөхүүлж байсан чинь зам тээврийн осол болсон. Миний баруун талын хавирганууд хугарсан. Осол болох үед зам сийрэг түгжрэлгүй байсан. Осол болох үед нөхөр хоёр хүүхдийн хамт явсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дахь тал/,

- “...Одоогоор хүүхэд зовуурилаад уйлаад байгаа юм байхгүй. Биеийн байдал ослын үеийнхээс сайжирсан, Эх нялхсын эмч нар гам барь агаар салхинд гарга гээд 2 төрлийн эм бичиж өгсөн...” гэсэн мэдүүлэг / хавтаст хэргийн 19 дэх тал/,

 

Иргэний нэхэмжлэгч Б.Алтангэрэлийн:

“...Тухайн шөнө би найз Ууганжаргалын машинд жолоочийн хажуугийн суудалд суугаад явж байсан. Тэгээд “Нисэх гарден” хотхоны урд замаар зүүнээс баруун зүгт нэгдүгээр эгнээгээр явж байгаад, баруун гар тийш эргэх гээд дохиогоо өгөөд хурдаа хасаад явж байтал гэнэт араас нэг машин мөргөчихсөн. Би тухайн үед суудлын бүсээ зүүгээгүй явж байсан учир урд кабинаа мөргөсөн. Ямар ч байсан аюулгүй дэр гараад ирсэн. Ослын улмаас миний үүдэн нэг шүд хугарсан. Өөр гэмтэл байхгүй. Жолооч надтай байнга холбоотой байгаа дор дор нь эмчилгээтэй холбоотой зардлыг өгөөд явж байгаа. Жолооч шүд суулгах зардлыг өгнө гэсэн. Шүднийхээ эмчилгээний зардлыг авчихвал өөр санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дахь тал/,

 

Гэрч А.Ууганжаргалын:

“...Би 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 01 цагийн үед нисэхээс хүн авахаар нисэхийн тойргоос баруун тийш 400 метр орчим 1-р эгнээнд баруун гар тал руу эргэх гээд баруун дохио өгөөд явж байхад миний хойд талаас автомашин ирж мөргөсөн. Эргэх газраа хайгаад бага хурдаар буюу 5-10 орчим км цагийн хурдтай явж байсан. Надад бэртэл гэмтэл учраагүй надад гомдол санал байхгүй. Би өөрийн автомашинаа үнэлгээнд оруулж, үнэлгээгээр 6.500.000 төгрөг гарсан. Тэр мөнгөө өөрийн эзэмшлийн Хаан банкны 5075701413 тоот дансанд хүлээж авсан. Надад гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг, / хавтаст хэргийн 31 дэх тал/,

 

Иргэний нэхэмжлэгч Д.Гантуяагийн:

“...Дээрх гэмт хэргийн улмаас Б.Даш нь Эрүүл мэндийн байгууллагаас нийт 309.000 /гурван зуун есөн мянга/ төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч, уг зардал нь Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан болох нь эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн мэдээллээр тогтоогдож байх тул төрд учирсан хохирол болох 309,000 төгрөгийг гэм буруутай этгээд Билгүүний ***оос гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь МИ090090100900020080 дугаартай дансанд /гүйлгээний утга: хохирогчийн овог, нэр, регистрийн дугаар, хэргийн дугаар/ нөхөн төлүүлж өгнө үү...”,

-“Дээрх гэмт хэргийн улмаас М.Цогзолмаа нь Эрүүл мэндийн байгууллагаас нийт 7.726.875 /Долоон сая, долоон зуун, хорин зургаан мянга, найман зуун далан тав/ төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч, уг зардал нь Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан болох нь эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн мэдээллээр тогтоогдож байх тул төрд учирсан хохирол болох 7.726.875 төгрөгийг гэм буруутай этгээд Билгүүний ***оос гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь МИ090090100900020080 дугаартай дансанд /гүйлгээний утга: хохирогчийн овог, нэр, регистрийн дугаар, хэргийн дугаар/ нөхөн төлүүлж өгнө үү...” гэх нэхэмжлэл /хавтаст хэргийн 23-29 дэх тал/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний Газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч С.Эрдэнэцэцэгийн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн No6260 дугаартай:

“...Б.Алтангэрэлийн биед зүүн дээд 2-р шүдний булгарал, буйланд зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10% алдагдуулна...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 36-37 дахь тал/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Баяртогтохын 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн No6191 дугаартай:

“...М.Цогзолмаагийн биед гавлын ясны суман заадасны урд хэсгээс баруун, зулай, чамархай хэсэгт салсан бага зэрэг зөрөөтэй, баруун хөхлөг сэртэн рүү үргэлжилсэн нийлмэл хугарал, баруун нүдний ухархайн дээд ханын зөрөөтэй хугарал, баруун зулай хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, духанд зулгаралт, баруун нүдний зовхинд цус хуралт, баруун зулай, чамархайд зөөлөн эдийн няцрал

гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайлбал авто ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь тухайн осол болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна. Амь насанд аюултай тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 42-45 дахь тал/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Баяртогтохын 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн No6192 дугаартай:

“...Б.Дашийн биед баруун 4, 5, 6-р хавирганы зөрөөтэй далд хугарал, цээжний баруун хөндий дэх зурвас хий хуралдалт, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайлбал авто ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь тухайн осол болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 49-51 дэх тал/,

 

Авто тээврийн үндэсний төв Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 76 дугаартай:

“...Техникийн гаргуулахаар тус төвд ирүүлсэн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь их хэмжээний эвдрэл гэмтэлтэй тул тоног төхөөрөмж дээр техникийн бүрэн бүтэн байдалд шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй болно...” гэсэн албан бичиг /хавтаст хэргийн 56-58 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч *** нь Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас насанд хүрээгүй хохирогч М.Цогзолмаагийн эрүүл мэндэд хүнд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Дашийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Өлзийбаяр “...Хэргийн зүйлчлэл тохирсон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, *** нь хохирогч нарт эмнэлгийн тусламж үзүүлж байсан, хор уршгийг төлж барагдуулсан нь нотлох баримтуудаар нотлогдож байна...” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Наранзул “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг, гэмт хэргийн ангиллын талаар авч үзвэл хөнгөн гэмт хэрэгт хамаарна. *** нь хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.  

 

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч ***ид холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч *** нь:

2025 оны 04 дүгээр сарын 25-ны шөнийн 01 цаг 25 минутын орчимд Хан-Уул дүүргийн 16-р хороо, “Нисэх Гарден” хотхоны урд замд *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 11.14 “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурдаас хамааруулан сонгож явна.” Мөн дүрмийн 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно: а. ...хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй..., ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох,” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас тус замын хөдөлгөөнд оролцож явсан *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, улмаар *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч насанд хүрээгүй ***ийн Цогзолмаа /РД: ***, 5 сартай, эмэгтэй/-н эрүүл мэндэд нь хүнд хохирол, Бизъяагийн Даш /РД: ***, 31 настай, эмэгтэй/-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан болох нь: 

- Зам тээврийн ослын дуудлагын лавлагааны хуудас, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Даш, иргэний нэхэмжлэгч Б.Алтангэрэл, гэрч А.Ууганжаргал нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн №6260 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн №6191 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн №6192 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

 

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчих гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “хохирогчид хүнд гэмтэл учруулж” үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Энэ гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч М.Цогзолмаагийн эрүүл мэндэд хүнд, хохирогч Б.Дашийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учирсан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтийг гарсан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч ***ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар Булган аймгийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Өлзийбаяр “...*** хөдөө мал малладаг ба Булган аймгийн Рашаант сумын нутаг дэвсгэр нь 3 аймгийн нутаг дэвсгэрийг дамнан оршдог юм байна. Малын тооллогын тодорхойлолтоор мал нь хол явж бэлчдэг мал тул сум, аймгийн нутаг дэвсгэрээр хязгаарлагдахгүй тул зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулахад хүндрэлтэй байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5.1-1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтогдож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хорих ял оногдуулаад хохирол төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан тэнсэж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Наранзул “...Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрийг төлсөн, гэмшиж байгаа, малчин, эцэг нь өнгөрсөн, эх болон эхнэр, хүүхдийн хамт амьдардаг тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх эсхүл чөлөөлөх боломжтой байгаа. Иймд эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.   

 

Шүүгдэгч *** нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

 

Иймд шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, түүнд “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч, хэрэгжилтэд нь хяналт тавихыг Булган аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгов.

 

Шүүгдэгч *** нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг түүнд анхааруулах нь зүйтэй.

 

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2503004440799 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчих гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “хохирогчид хүнд гэмтэл учруулж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч ***ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч ***ид “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, хэрэгжилтэд нь хяналт тавихыг Булган аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.  

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг  шүүгдэгч ***ид анхааруулсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрвөн/ жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй  болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд хохирогч, хохирогчийн ийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч, өмгөөлөгч нар, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч ***ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.ДАЛАЙХҮҮ