2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2350

 


 

 

 

 

 

 

   2025         10           14                                   2025/ШЦТ/2350

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга.Ж.Буянжаргал,

улсын яллагч З.Бат-Амгалан, 

насанд хүрээгүй хохирогч ****, түүний хууль ёсны төлөөлөгч Н.Өлзийхутаг, тэдгээрийн өмгөөлөгч Г.Анхбаяр, 

шүүгдэгч ****, түүний өмгөөлөгч Л.Ган-Очир нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Шаазгай овогт Цонхын Төмөрпүрэвийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2310033480932 тоот дугаартай, 2 хавтас хэргийг 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *****

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч **** нь Хөдөлмөрийн тухай хуулийн 142 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 15 насанд хүрээгүй хүнээр энэ хуулийн 142.3, 142.5-д зааснаас бусад тохиолдолд хөдөлмөр эрхлүүлэхийг хориглоно гэх заалтыг зөрчиж 15 нас хүрээгүй ****г үйлдвэрийн хүнд нөхцөлд авч ажиллуулсан, мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 27.3.5 /ажлын нөхцөл, мэргэжлийн онцлогт тохирсон тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг ажилтанд олгох, норм, чанар, зохистой хэрэглээнд хяналт тавих/ заалтыг зөрчсөний улмаас 2023 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 12 цагийн орчимд ****үйлдвэрт ажиллаж байсан хохирогч 14 настай, **** нь үйлдвэрийн төхөөрөмжид хөлөө хавчуулж гэмтээсний улмаас эрүүл мэндэд нь баруун тавхайн дунд хуруу угийн шивнүүрийн дунд хэсгээр, ядам болон чигчий хурууны шивнүүрүүд бүрэн тасарсан гэмтэл учирч хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч **** мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байна...” гэв.

 

Шүүх хуралдаанд насанд хүрээгүй хохирогч **** мэдүүлэхдээ: “...Тухайн үед Тэмүүжин ах энийг ингэдэг юм гээд нэг өшиглөөд араас нь ломбодоод, дараа нь гацвал чи яг ингэнэ шүү, би чамд одоо зааж өгье гэж хэлсэн. Би тэр ахын хэлснээр очоод өшиглөхөд үдээс орооцолдоод хөлөө хавчуулсан...” гэв.

 

Шүүх хуралдаанд насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Өлзийхутаг мэдүүлэхдээ: “...Миний хувьд үйлдвэрийн даргатай уулзаж байгаагүй, үйлдвэрийн дарга гээд хүн хагалгаанд орж байхад ирж байсан. Манай хүү барилддаг хүүхэд байсан тул гомдолтой байна. Одоо манай хүүхэд ямар ч хөдөлмөрийн чадваргүй болчихсон, 2 цаг алхаад амраадаг болсон, мөн хөлд нь яс ургаад байгаа, гарсан зардлууд бол хагалгаанд 3 удаа орсны төлбөр, эхний хагалгаанд үеүдийг тайрч авсан, 7 хоногийн дараа дахиад 1 үе хойш нь тайрч авсан, 3 дахь хагалгаагаараа гуяны арьснаас нь авч, хөлийг нь бүрж оёсон. Тэрнээс гараад арьс нөхөн сэргээх эмчилгээ хийлгэхээр хувийн эмнэлэгт хэвтсэн. Тэгээд идээ гараад байхаар нь дахин эмнэлэгт хэвтсэн гэх зэргээр хохирол төлбөр их гарсан. Иймд гарсан зардлаа нэхэмжилж байна...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 13-16 дахь тал/,

 

Насанд хүрээгүй хохирогч ****н:

“...Би тухайн өдөр ажил дээр өглөө эрт очсон байсан. Тэгээд намайг бетон зуурмагийн лабораторид сууж байсан Ахлах оператор Төгөлдөр намайг үйлдвэрийн дээд талд цемент асгарсан байсан, тэрийг шүүрдчих гэж хэлсэн. Тэгтэл Тэмка гээд ах түр байж бай цемент гаргаж дууссаны дараа цэвэрлэ гэж хэлсэн. Тэгэхээр би операторын өрөөнд сууж байгаад үйлдвэрийн бетон зуурмагийг нэг эд байхаар нь гацахаар нь лоом хийсэн чинь болохгүй байсан тэгэхээр нь би хөлөөрөө өшиглөж үзсэн чинь гутлын үдээс орооцолдож хөлийн хурууг гэмтээсэн. ...Би осол болох үед 14 нас 6 сартай байсан. Гомдолтой байна. Хуруугаа эмчлүүлэхэд эмчилгээний зардал нь 50.000.000 төгрөг болж байсан. Би 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр ажил дээрээ очиж ажиллаад үйлдвэрийн хажуу талын горхинд үер буугаад үерийн улмаас үйлдвэрийн доод талын доод талын хэсэгт ус, шороо орсныг цэвэрлэж хоногоор ажиллаж байсан. Тэгээд 09-ний өдөр нь мөн өдөр ажиллуулаад орой нь амраалгүй дахин нөгөө орсон ус, шороог цэвэрлэж хоногоор ажиллуулсан. Тэгээд намайг 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр дахин уг ус, шороо цэвэрлэх ажлыг хийлгэж байгаад нэлээд орой буюу 22-23 цагийн орчимд ажлаас буулгасан, тэгээд би 00 цаг орчмын үед гэртээ харьж амарсан. Тэгээд би өглөө нь ажилдаа явахын тулд 07 цагийн орчимд сэрээд ажил руугаа явсан, тэгээд би ажил дээрээ 09 цагийн үед очиход манай ажлын дарга, ХАБ-ын инженерүүд байхгүй байсан. Тэр үед үйлдвэрийн ахлах оператор зуурмаг зуурч байх үед үйлдвэрийн мэдрэгч нь гацаж зуурмаг зуурахаа больсон, тэр үед намайг хоолондоо ор гэж хэлсэн. Урд нь уг мэдрэгч нь гацдаг байсан ба бид нар очоод тэр гацсан хэсгийг нь өшиглөөд зүгээр ажиллагаанд оруулдаг байсан, тэр би хөлөө гэмтээдэг үед би мэдрэгчийн гацааг гаргах гээд хөлөөрөө өшиглөсөн чинь гутлын үдээс орооцолдож араа нь гэнэт эргээд миний хөлийг гэмтээсэн. Тухайн хөлөө гэмтээдэг өдрөөс өмнө би 2 хоног дараалан 24 цагаар ажилласан байсан учраас ядарсан байсан ба урд өдөр нь гэртээ харьж амарсан боловч сайн амарч чадаагүй, нойр муутай байсан юм... Намайг тус компанийн ажилчид насанд хүрээгүй гэдгийг мэддэг байсан. Надад хөдөлмөр хамгааллын чиглэлээр зааварчилгаа өгч гарын үсэг зуруулж байгаагүй. Мөн ганцхан ажлын бээлий өгдөг байсан, өөр ямар нэгэн хувцас хэрэглэлээр хангаж байгаагүй. Тухайн мэдрэгч төхөөрөмж гацдаг талаар манай компанийн ажилчид мэддэг байсан. Гацах болгонд оператор өөрөө хааяа гацааг нь лоомоор хөших, цохих зэргээр гаргадаг байсан. Би урд нь хэд хэдэн удаа мэдрэгч төхөөрөмж гацахад лоомоор цохиж, эсхүл өшиглөж байгаад гацааг нь гаргаж байсан. Тухайн өдөр би урьдын адил гацааг нь гаргах гэж лоомоор цохиж, өшиглөж байгаад тухайн мэдрэгч гэнэт араа нь эргэж миний хөлийг гутлын үдээстэй цуг хамт авч эргээд хөлийн хурууг гэмтээсэн. Компанийн зүгээс хагалгаанд орж байх явцад 3,000,000 төгрөг өгсөн. Өөр ямар нэгэн хохирол төлсөн зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 31, 33-35, 39-40 дэх тал/,

 

Гэрч 3.Мөнхбаярын:

“... Би өөрийн хамаатны дүү болох Өсөх-Ирээдүйг ****үйлдвэрийн дарга ажилтай Пүрэвсүрэнд хэлж үйлдвэрийн туслах ажилтнаар 2023 оны 06 дугаар сарын 19-ний хавьцаа оруулж өгч байсан. Өсөх- Ирээдүй нь ****ойр зуурын туслах ажлыг хийж байсан. 2023 оны 08 дугаар сарын 12-ны өдөр бетон зуурмагийн үйлдвэрт ажиллаж байгаад хөлийн 2 хуруугаа бетон зуурмагийн машины араанд хөлөө хавчуулж тастуулсан байдаг. Өсөх-Ирээдүй нь үйлдвэрийн үндсэн ажилтан бол биш байгаа юм. зүгээр ойр зуурын ажилд туслахаар орсон байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 42 дахь тал/,

 

Гэрч Н.Пүрэвсүрэнгийн:

“...2023 оны 07 дугаар сарын өмнө шиг санаж байна, манай компанийн ковшийн оператор хийдэг. Мөнхбаяр гэх залуу манай нэг барилддаг дүү байгаа, сургууль нь амарсан байгаа учраас ажил хийлгэх сонирхолтой байгаа талаар надад хэлсэн. Тухайн үед энэ талаар ярилцаж байгаа би за дүүгээ дагуулаад ир ярьж байгаад болно гэж хэлсэн. Тэгээд Мөнхбаяр дүүгээ дагуулаад ирэхэд нэлээд биеэр хүү том биетэй хүүхэд байсан. Тэр үед яг тодорхой Хийлгэчих ажил байгаагүй, тэгэхээр нь ажилчдын ойр зуурын ажилд туслуулж болох юм байна гээд ажилд авахаар болсон. ингээд тухайн хүүхдийн компанид туслах ажилтнаар сарын 1,500,000 төгрөгөөр ажиллуулахаар болсон, ингээд тухайн хүүхдийг ажилд авч ойр зуурын ажил хийлгэх болсон, ингээд намайг 2023 оны 08 дугаар сарын 12-ны өдөр ажил дээрээ байж байхад над руу манай үйлдвэрийн оператор Төгөлдөр утсаар залгаж үйлдвэр дээр хүрээд ирээч гэж хэлээд нөгөө Өсөх-ирээдүй хөлөө гэмтээчихлээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би яаж байгаад хөлөө гэмтээчихдэг юм бэ гэхэд та юу ч гэсэн хүрээд ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би үйлдвэр дээр яваад очсон чинь Өсөх-ирээдүйг үйлдвэрийн 2 давхраас дамжлаад сугадаад буугаад ирүүлсэн. Тэгээд би яасан юу болов гэж асуухад үйлдвэрийн яг юунд гэдгийг бол тодорхой хэлээгүй, хөлөө хавчуулж гэмтээсэн гэдгийг хэлсэн. Тэр үед Өсөх- ирээдүй нь оймстойгоо цус гарсан байдалтай байсан, гутал нь байхгүй байсан. Тэгэхээр нь би Өсөх-Ирээдүйн оймсны завсраар хөлийг нь харсан чинь нэлээд эвгүй бололтой гэмтсэн цус гараад байсан. Тэгээд эндээс яаралтай эмнэлэг авч явъя гээд үйлдвэрийн лобаронтоор хөлийн судсыг нь бариулаад Гэмтлийн эмнэлэг рүү ХАБ- ын инженер Болд-Эрдэнийн хамтаар явуулаад өөрөө үлдэж араас нь өөр машинтай явж очсон. Гэмтлийн эмнэлэг дээр очиход Өсөх-Ирээдүйн ах гэх залуу, эгч нь ирсэн байсан. Тэгээд гэмтлийн эмч нар эмчилгээ хийж эхэлсэн ба хөлийн зургийг нь аваад Яаралтай хагалгаанд орох хэрэгтэй байна гэсэн. Ингээд Гэмтлийн эмнэлэг дээр байж байхад над руу Баянгол дүүргийн цагдаагаас яриад манай хаяг байршлыг асууж тухайн осол болсон газарт үзлэг шалгалтын ажиллагаа явуулсан... Манай хөдөлмөр хамгаалал аюулгүй байдал хариуцсан инженерийн ажилтан Болд-эрдэнэ ажилчдад зааварчилгаа өгч гарын үсэг зуруулдаг байсан. Тухайн Өсөх-ирээдүй гэх хүүхэд нь ажлаасаа хоцорч ирнэ, мөн хэзээ ирсэн нь мэдэгдэхгүй ажил дээр ирчихсэн байдаг, тэгээд өөрөө дураараа хийх ёстой ажлаасаа өөр өөр газарт дураараа явж очоод байдаг хүүхэд байсан. Энэ талаар нь манай ажлын Төгөлдөр гэх залуу сануулж хэлж байсан талаар надад мэдэгдэж байсан. Төгөлдөр нь тухайн үед чи энд тэнд битгий яваад бай үйлдвэр ажиллаж байхад канвер лүү битгий дөхөж бай гэдэг талаар хэлсэн талаар надад мэдэгдэж байсан. Өсөх-ирээдүйд манай хаб- ын ажилтан аюулгүй ажиллагааны зааварчилгааг 2-3 удаа өгч гарын үсэг зуруулж байсан нь манай ХАБ-ын дэвтэр дээрээс харагддаг... Би өөрөө яг хажууд нь байгаагүй болохоор яаж гэмтсэнийг нь хэлж мэдэхгүй байна. Осол болсны дараа компанийн ажилчдаас юу болсон талаар тодруулга авч асууж байх үед компанийн Төгөлдөр, зуурмаг зуурч байсан оператор Тэмүүлэн нар нь хэлэхдээ үйлдвэрийн миксерийн хаалт гацаж хөдлөхгүй болохоор нэг нь очоод цохиорой гэж орилох үед Өсөх-ирээдүй нь үүнийг сонсоод өөрөө сайн дураар очиж цохих гэж байгаад гэмтээсэн талаар ярьж байсан. Тэрнээс биш Өсөх-ирээдүйг очиж цохиод гацааг нь гарга гэж Тэмүүлэн хэлээгүй байдаг. Тухайн хөлөө гэмтээсэн гэх миксерийн хаалтын гацааг гаргахад хүн заавал лоом юм уу бусад эд зүйлээр цохиж, эсхүл хөшиг гаргах боломжтой байдаг. Тэрнээс биш араатай нь хүн шууд харьцах шаардлагагүй байдаг, ямар учраас Өсөх-ирээдүй нь тэр араанд хөлөө гэмтээснийг мэдэхгүй байгаа. Тухайн үед арааны завсар хөлөө хавчуулсан гэж яригддаг...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн  44-45 дахь тал/,

 

Гэрч Б.Болд-Эрдэнийн:

“... Би 2023 оны 08 дугаар сарын 11-ний өглөө ажил дээрээ ирээд ирсэн ажилчдын цагийг бүртгэж ирсэн ажилчдад аюулгүй ажиллагааны зааварчилгааны дэвтэр дээр гарын үсэг зуруулсан. Би уг ажлыг 09-10 цагийн хооронд хийж гүйцэтгэсэн. Тэгээд 10 цагаас гадуур ажилчдын хүнс захиалах ажлаар явсан байсан. Ингээд би цайны цаг болж байхад ажил дээрээ цайндаа орж байхад Өсөх-ирээдүй гэх хүүхэд зуурмагийн үйлдвэрийн зуурмаг зуурдаг араанд хөлөө гэмтээлээ гэдгийг мэдсэн. Ингээд тухайн хүүхдийг би шууд очиж аваад хөлийг үзээд Гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Тэгээд эмнэлэг дээр очиж эмчилгээ хийлгэх, хөлийн зураг авхуулсан. Тухайн өдөр өглөө би ажил дээрээ ирээд ажилчдад Хөдөлмөр хамгааллын заавар Өсөх-Ирээдүй гэх хүүхэд ажилдаа ирээгүй байсан учраас зааварчилгаа өгч чадаагүй. Өсөх-ирээдүй нь ажилд орсон өдрөөс эхлэн Зааварчилгаа өгч байсан, гэхдээ зааварчилгааны дэвтэр дээр гарын үсэг зуруулын байгаагүй. Миний бие өглөө эрт ирж ажилчдад хөдөлмөр аюулгүй байдлын зааварчилгаа өгдөг, ХАБ-ын дэвтэр дээр гарын үсэг зуруулж авдаг байсан. Өсөх- Ирээдүй гэх хүүхэд нь ажилд орсон эхний долоо хоногт зааварчилгаа дээр гарын үсэг зурж байгаад сүүлдээ ажиллаж байгаа үгүй нь мэдэгдэхгүй, ажлаас хоцорч ирээд байсан учраас зааварчилгааны дэвтэр дээр гарын үсэг зуруулж байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст  хэргийн 47-48 дахь тал/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Т.Номинцэцэгийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 13835 дугаартай:

“...Ө.Өсөх-Ирээдүйн биед баруун тавхайн дунд хуруу угийн шивнүүрийн дунд хэсгээр, ядам болон чигчий хурууны шивнүүрүүд бүрэн тасарсан гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр дарагдах, хавчигдах, шахагдах үед үүснэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид баруун тавхайн дунд, ядам, чигчий хурууны тасрал гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10 хувь тогтонги алдагдуулна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 52-53 дахь тал/,

 

Мэдрэлийн эмчийн үзлэгийн хуулбар /хавтаст хэргийн 54 дэх тал/,

 

Шинжээч Г.Ариунболорын 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/05 дугаартай “...****” ХХК нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын баталсан 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/122 тушаалаар баталсан насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалтын 2.1.7.7 ноцтой зөрчиж насанд хүрээгүй хүн ажиллуулсан байна. Байгууллагын удирдлага үйлдвэрлэлийн орчинд мөрдөх техник ашиглалтын дүрэм, аюулгүй ажиллагааны зааварчилгаа батлуулж мөрдүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй, үйлдвэрлэлийн орчинд ашиглаж буй техник, тоног төхөөрөмж эвдэрсэн, гацсан үед засвар үйлчилгээг хэн хариуцаж хэрхэн засвар хийхийг тодорхойлж өгөөгүй байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд заасанд нийт ажилтнуудын сургалт зохион байгуулах, ажилтнуудыг нэг бүрийн хамгаалах хэрэгслээр үнэ төлбөр ханган ажиллах үүргээ биелүүлээгүй байна...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 59-61 дэх тал/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Ц.Анхбаяр, Х.Хулан нарын 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 155 дугаартай “...Өлзийхутаг овогтой Өсөх-Ирээдүйн сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинж илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна. Учирсан сэтгэцийн хор уршиг нь 2023 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн гэмт хэргийн улмаас үүссэн байх боломжтой. Шинжилгээний явцад хэрэгт нэмэлт ач холбогдол бүхий нөхцөл байдал илрээгүй..." гэсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 67-69 дэх тал/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 13/6899 дугаартай албан бичиг /хавтаст хэргийн 137 дахь тал/,

 

Иргэний хариуцагч Н.Пүрэвсүрэнгийн:

“...Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх үед эмчилгээний зардлыг төлсөн. Мөн гэр бүлд нь 3,000,000 төгрөгийг өгсөн байгаа. Баримтаар дахин зардал гарах юм бол манай талаас татгалзах зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 226-227 дахь тал/,

 

Нийслэлийн мэргэжлийн хяналтын даргын 2018 оны 09 дүгээр сарын 28-ны  өдрийн Б/438 дугаартай тушаалын хуулбар /хавтаст хэргийн 229 дэх тал/,

 

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2018 оны 09 дүгээр сарын 20-ны Б/142 дугаартай тушаалын хуулбар /хавтаст хэргийн 230 дахь тал/,

 

“****” ХХК-ийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 232 дахь тал/,

 

 “****” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 19/01 тоот тогтоолын хавсралтаар баталсан компанийн дүрмийн хуулбар /хавтаст хэргийн 233-236 дахь тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч **** нь Хөдөлмөрийн тухай хуулийн 142 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 15 насанд хүрээгүй хүнээр энэ хуулийн 142.3, 142.5-д зааснаас бусад тохиолдолд хөдөлмөр эрхлүүлэхийг хориглоно гэх заалтыг зөрчиж 15 нас хүрээгүй ****г үйлдвэрийн хүнд нөхцөлд авч ажиллуулсан, мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 27.3.5-д ажлын нөхцөл, мэргэжлийн онцлогт тохирсон тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг ажилтанд олгох, норм, чанар, зохистой хэрэглээнд хяналт тавих заалтыг зөрчсөний улмаас насанд хүрээгүй хохирогч ****н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах, хохирогчийн эмчилгээ үйлчилгээ авсан зардалд 4.472.784 төгрөгийг, мөн сэтгэцэд учирсан хор уршгийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 550.000 төгрөгийг 4.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож 2.744.500 төгрөг, нийт 7.217.284 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж насанд хүрээгүй хохирогчид олгуулах” гэсэн дүгнэлтийг,

 

Хохирогчийн өмгөөлөгч Г.Анхбаяр “...Миний үйлчлүүлэгч бага насны хүүхэд тул цаашид энэ хүүхдийн амьдралд бүх насаар нь хор уршиг учирч байна. Учир нь авсан бэртэл нь цаашид гаргах амжилтад нь нөлөөлж байгаа нь харагдаж байна. Миний үйлчлүүлэгч өсвөрийн нэлээдгүй олон шагналтай ирээдүйтэй хүүхэд байсан. Иймд цаашид гарах зардлаа нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг,          

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ган-Очир “...Мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдлийнхээ талаар маргаагүй. Хохирол хор уршгийн талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд заасан. Үйлчлүүлэгчийн маань хувьд “****” ХХК-ийн захирал, хэрэг гарсан шалтгаан нөхцөлийн хувьд энэ хүн эс үйлдэхүйгээр холбогдсон. Хүүхдийг хөдөлмөр эрхлүүлэхдээ албадаагүй, дарамтлаагүй, шаардаагүй, хүсээгүй, асран хамгаалагч нь мэдэж байгаа, манай компанийн хөдөлмөрийн гэрээтэй ажилтан санал болгосноор хүн ёсныхоо хувьд энэ хүүхдийг ажиллуулсан. Гэхдээ тухайн үйлдлийг хийхдээ газрын түвшнээс 1.5 метрт байдаг 2 араб дээр хэн нэгэн очоод хөлөө хийгээд гэмтээ гэдэг шууд ухагдахуунтай үйлдэл хийгдээгүй. Тийм учраас энэ гэмт хэрэг өөрөө болгоомжгүй, санамсаргүй гэсэн зүйлээс арай ялгаатай. Үүнийг ойлгох хэрэгтэй, бид хохирол төлбөрийг төлнө гэдэг байр суурыг анхнаасаа илэрхийлсэн. Мөрдөн шалгах ажиллагаанаас хойш хохирол төлбөртэй холбоотой баримтуудаа гаргаж өгөх боломжтой байсан. Миний үйлчлүүлэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Хавтаст хэргийн 243 дахь талд материал авагдсан байгаа. Гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл юу вэ, хэн оролцсон, энд уйлж байгаа хүн гэм буруугаа хүлээж байгаа юм шигээр шүүхэд нөлөөлөх үйлдэл гаргах ёстой биш, өдөр бүр шүүх хуралдаан нээлттэй явагддаг, ийм нөхцөл байдал байгаа юу, харьцуулалт хийх хэрэгтэй, анхнаасаа бид нар санаа зовж байсан...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч ****ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч **** нь:

Хөдөлмөрийн тухай хуулийн 142 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 15 насанд хүрээгүй хүнээр энэ хуулийн 142.3, 142.5-д зааснаас бусад тохиолдолд хөдөлмөр эрхлүүлэхийг хориглоно гэх заалтыг зөрчиж 15 нас хүрээгүй ****г үйлдвэрийн хүнд нөхцөлд авч ажиллуулсан, мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 27.3.5 /ажлын нөхцөл, мэргэжлийн онцлогт тохирсон тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг ажилтанд олгох, норм, чанар, зохистой хэрэглээнд хяналт тавих/ заалтыг зөрчсөний улмаас 2023 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 12 цагийн орчимд ****үйлдвэрт ажиллаж байсан хохирогч 14 настай, **** нь үйлдвэрийн төхөөрөмжид хөлөө хавчуулж гэмтээсний улмаас эрүүл мэндэд нь баруун тавхайн дунд хуруу угийн шивнүүрийн дунд хэсгээр, ядам болон чигчий хурууны шивнүүрүүд бүрэн тасарсан гэмтэл учирч хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан болох нь насанд хүрээгүй хохирогч ****, гэрч З.Мөнхбаяр, Н.Пүрэвсүрэн, Б.Болд-Эрдэнэ нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Т.Номинцэцэгийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 13835 дугаартай дүгнэлт, Мэдрэлийн эмчийн үзлэгийн хуулбар, Шинжээч Г.Ариунболорын 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/05 дугаартай дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Ц.Анхбаяр, Х.Хулан нарын 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 155 дугаартай дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 13/6899 дугаартай албан бичиг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

 

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч ****ийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан.

 

Энэ гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч ****н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчийн зүгээс насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нарт 4.000.000 төгрөгийн хохирлыг төлсөн байна. Харин шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нарын зүгээс баримтаар 4.462.789 төгрөгийн хохирлыг нэхэмжилсэн тул шүүгдэгчээс дээрх хохирол төлбөрийг гаргуулж насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нарт олгох нь зүйтэй.

 

Мөн насанд хүрээгүй хохирогч ****н сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг шинжээчийн дүгнэлтээр Нэгдүгээр зэрэглэлээр тогтоосон байх тул хохирогчийн сэтгэл санааны хохирлыг эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал зэргийг харгалзан Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор баталсан хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын хүснэгтэд тусгаснаар уг гэмт хэрэг үйлдэгдсэн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550.000 төгрөгийг 4.99 дахин үржүүлж 2.744.500 төгрөг, нийт 7.207.289 төгрөгийг шүүгдэгч ****ээс гаргуулж насанд хүрээгүй хохирогч ****, түүний хууль ёсны төлөөлөгч Н.Өлзийхутаг нарт олгож, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар нь цаашид энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдав.

 

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч Н.Төмөрпүрэвийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгийн торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг,

 

Хохирогчийн өмгөөлөгч Г.Анхбаяр “...шүүгдэгч хэдийгээр санамсар болгоомжгүйгээр энэ гэмт хэрэгт холбогдож байгаа боловч шүүх хуралдаанд оролцож байгаа байдал нь хохирогчийг үл хүндэтгэсэн байдалтай, гэм хорыг ухамсарлаагүй байх шиг байна. Иймд торгох ял оногдуулах нь тохиромжгүй тул зорчих эрхийг хязгаарлах ял эсхүл нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ган-Очир “...Эрүүгийн хариуцлагын хувьд улсын яллагчийн саналыг дэмжиж байна...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Иймд шүүгдэгч ****ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2310033480932 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч **** нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч **** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****ийг 1000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****т оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **** нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****ээс насанд хүрээгүй хохирогчийн эмчилгээ хийлгэсэн, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан хохирол төлбөрт 4.462.789 төгрөг, хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрт 2.744.500 төгрөг, нийт 7.207.289 төгрөгийг гаргуулж насанд хүрээгүй хохирогч ****, түүний хууль ёсны төлөөлөгч Н.Өлзийхутаг нарт олгож,

- насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нь цаашид энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч **** нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоолд насанд хүрээгүй хохирогч, түүний хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч, өмгөөлөгч нар, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч ****т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ДАЛАЙХҮҮ