2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2368

 

 

 

 

 

 

 

  2025          10           15                                         2025/ШЦТ/2368

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал,

улсын яллагч Л.Солонго,

шүүгдэгч ****нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ****д холбогдох эрүүгийн 2508000361325 дугаартай хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ****

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч ****нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ****оршин суух иргэн У.Батсайханы Монгол гэрийн хаалганы цоожийг эвдлэн дотогш нэвтэрч, 32 инчийн Neolux фирмийн зурагт 1 ширхэг, зэс цөгц 7 ширхэг, сахлын машин 1 ширхэг, ор хөнжлийн даавуу 1 ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогчид 390.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ****мэдүүлэхдээ: “...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэг өгөхгүй. Миний буруу…” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 18-20 дахь тал/,

Хохирогч У.Батсайханы:

“...2024 оны 11 дүгээр сарын 28-ны өглөө 08 цагийн орчимд би гэрээ цоожлоод гадуур явж байгаад 21 цагийн орчимд буцаад гэрийнхээ гадна ирсэн чинь манай гэрийн хаалганы цоож мултарчихсан гэрийн хажууд хэвтэж байхаар нь би гэр лүүгээ яваад орсон чинь манайд гэрт байсан Neolux брэндийн 32 инчийн зурагт, 7 ширхэг зэсэн цөгц, сахлын машин, шинээр авсан орны даавуу зэрэг эд зүйлүүд алдагдсан байсан. Тухайн үед ээж, дүү хоёр маань хөдөө явчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дэх тал/,

 

Гэрч Г.Өөдөсийн:

“...Сонгинохайрхан дүүргийн 11-р хороо, Хонхорын 4-1456 тоотод байх гэртээ байж байхад манай хадам ах Батцагаан гаднаас хар өнгийн 32 инчийн зурагт барьж орж ирээд худалдаж авлаа гэж хэлсэн, тэгээд манайх тухайн зурагтыг хэрэглээд хэд хоног болж байхад манай гэрийн ойролцоо байдаг хүүхэд орж ирээд энэ манай зурагт байна гэж хэлсэн. Тэгээд цагдаагийн байгууллагаас ирээд манай ах Батцагаантай хамт архи уудаг Батсайхан ахын зурагт байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дахь тал/,

 

Насанд хүрээгүй гэрч Б.Батцэцэгийн:

“...яг хэзээ гэдгээ санахгүй байна, тухайн нэг хашаанд байдаг Батсайхан ахын гэрээс би 2024 оны 12 дугаар сарын үеэр, зурагт, цөгц өөр ганц нэг зүйл нь хулгайд алдагдсан гэж ярьж байсан ба би гудамжны хамт тоглодог найз Даваагийн гэрт тоглож байсан юм, тэгээд байж байхдаа харсан чинь найз Даваагийн гэрт Батсайхан ахын зурагт байсан юм, би зурагтыг нь хараад сайн мэддэг ба тэгээд тухайн үедээ тоглож дуусчхаад Батсайхан ахад хэлэхэд Батсайхан ах цагдаагийн байгууллагад хандсан. Батсайхан ахад хэлсний дараа би найз Даваагийн гэрт ороод аав Батцагаанд хэлсэн чинь биш биш гээд байхаар нь энэ зурагт дээр миний наасан хүүхэлдэйн киноны Элсагийн зурагтай стикер байна шүү дээ гэсэн чинь май май зурагтаа ав гэж байсан. Тэгээд би зурагтаа бариад гарсан ба Батцагаан ах гэрээс гараад явахаар нь цагдаа ирээд таны асуудлыг шийдэж өгнө гэсэн чинь уурлаад байсан юм...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 дэх тал/,

 

“Тэргүүн үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 25/002 дугаартай алдагдсан гэх “7 ширхэг зэс цөгц, 1 ширхэг сахлын машин, 1 ширхэг ор хөнжлийн даавууны нийт үнийн дүн 190.000 төгрөг...” гэсэн хөрөнгийн үнийн магадалгаа /хавтаст хэргийн 34-35 дахь тал/,

 

“Тэргүүн үнэлгээ” ХХК-ий 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 24/004 дугаартай алдагдсан гэх “32 инчийн Neolux фирмийн зурагт 200.000 төгрөг” гэсэн хөрөнгийн үнийн магадалгаа /хавтаст хэргийн 39-40 дэх тал/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч ****“Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хохирогч У.Батсайханд 390.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч  ****ы холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч ****нь:

2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ****оршин суух иргэн У.Батсайханы Монгол гэрийн хаалганы цоожийг эвдлэн дотогш нэвтэрч, 32 инчийн Neolux фирмийн зурагт 1 ширхэг, зэс цөгц 7 ширхэг, сахлын машин 1 ширхэг, ор хөнжлийн даавуу 1 ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогчид 390.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч У.Батсайхан, гэрч Г.Өөдөс, насад хүрээгүй гэрч Б.Батцэцэг нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, “Тэргүүн үнэлгээ” ХХК-ий 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 25/002 дугаартай магадалгаа, “Тэргүүн үнэлгээ” ХХК-ий 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 24/004 дугаартай магадалгаа болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч ****ыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч У.Батсайханд нийт 390.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогчийн гэрээс алдагдсан 200.000 төгрөгийн үнэ бүхий зурагтыг биет байдлаар буцаан хүлээлгэн өгсөн ба үлдэх 190.000 төгрөгийг шүүгдэгч ****аас гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.

 

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч ****ыг Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчээс 190.000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан. 

 

Иймд шүүхээс шүүгдэгч ****ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлсэн түүний хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

 

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2508000361325 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ****нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч ****ыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ****аас гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт нийт 190.000 төгрөгийг гаргуулж, хохирогч У.Батсайханд олгосугай.

 

5. Хэрэгт хавсаргасан, битүүмжилсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ****цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч ****д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч,  түүний эдлэх ялыг 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч ****д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ДАЛАЙХҮҮ