| Шүүх | Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2014004770014 |
| Дугаар | 2021/ДШМ/030 |
| Огноо | 2021-04-20 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Г.Цогтмагнай |
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 2021/ДШМ/030
Д.Жд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч В.Цэцэнбилэг, Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар В.Ундрах-Оргил нарыг оролцуулан;
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 2021/ШЦТ/67 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч *******гийн гаргасан давж заалдах гомдлоор Д.Жд холбогдох эрүүгийн 2014004770014 дугаар хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Д.Ж, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, урьд 2012 оны 11 дүгээр сарын 08-нд Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, 2013 оны 04 дүгээр сарын 15-нд Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар тус шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх буюу 2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 116 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялын зарим хэсэг болох 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар тогтоож хорих ялаар шийтгүүлж Сум дундын 18 дугаар шүүхийн ерөнхий шүүгчийн 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 162 дугаар захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдаж байсан, мөн 2016 оны 05 дугаар сарын 27-нд Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгчийн 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 35 дугаар захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдаж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй,
Д.Ж нь 2020 оны 03 дугаар сард Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Шаргалжуут 8 дугаар багт байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хүн болох өөрийн эхнэр Г.Юг жирэмсэн болохыг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь 2 гарын бугалга, мөрний цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Баянхонгор аймгийн Прокурорын газраас Д.Жд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.Жг хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Д.Жг дөрвөн наян /480/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Д.Жд оногдуулсан дөрвөн наян /480/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэж байхыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр 4-д зааснаар шүүгдэгч Д.Ж нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, Шүүгдэгч Д.Ж нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч Д.Жн эзэмшлийн Мустанг-5 маркийн мотоциклыг битүүмжилсэн 2021 оны 01 дүгээр сарын 18-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгон уг Мустанг-5 маркийн мотоциклыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу эзэмшигч Д.Жд буцаан олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1.1, 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.4, 36.8 дугаар зүйлийн -д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Си Ди 1 ширхэг, Samsung маркийн гар утас 1 ширхэг, тэлээ 1 ширхэг зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц СД-ийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар, Самсунг гар утсыг хэрэгцээний дагуу эзэмшигч Г.Юд буцаан олгож, тэлээг устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
... шийтгэх тогтоолоор Д.Жг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн. Шүүгдэгч болон өмгөөлөгчийн зүгээс гэм буруутай маргаагүй ба эрүүгийн хариуцлагын саналдаа шүүгдэгчийн ар гэр амьдрал ахуйг харгалзан үзэхийг хүсэж торгуулийн ял авах байр суурьтай оролцсон. Энэ байр сууриа одоо ч барьж байна. Учир нь Д.Ж нь өндөр настай аав, ээжийнхээ хамт, эхнэр Г.Ю нь одоо 6 сартай жирэмсэн. Тухайн өрх айл нь Баянхонгор аймаг Шаргалжуут 8 дугаар багт харьяатай хөдөөний малчин айл бөгөөд одоо хавар цаг мал төллөх их ажил эхэлж байгаа ба малд явах идэр насны хүн нь ганц Д.Ж байгаа. Настай хоёр хөгшин, жирэмсэн эхнэр нар нь мал маллахад хүнд байна. Тиймээс түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийх ялыг хөнгөрүүлэн торгох ялаар сольж өгнө үү гэжээ.
Прокурор ******* тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээнэ үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Д.Жд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******гийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд үндэслэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахдаа тус хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлахад:
Шүүгдэгч Д.Ж нь 2020 оны 03 дугаар сард Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Шаргалжуут 8 дугаар багт байх гэртээ, эхнэр Г.Юг жирэмсэн болохыг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь 2 гарын бугалга, мөрний цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.
Дээрх үйл баримт нь хавтаст хэргийн 68-74 дүгээр талд авагдсан хохирогч Г.Югийн мэдүүлэг,
Хавтаст хэргийн 78,80,93 дугаар талд тус тус авагдсан гэрч *******, *******, ******* нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд,
Хэргийн 121-122 дугаар талд авагдсан “...Г.Югийн ...2 гарын бугалга, мөрний цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...”гэх Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 646 дугаар дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэх үндэслэлгүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байна.
Баянхонгор аймгийн Прокурорын газраас Д.Жн гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалтын шатанд болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Жд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл ангид заасан ялын төрөл хэмжээний хүрээнд түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулан шийдвэрлэснийг буруутгах хуулийн үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн “ оногдуулсан ялыг хөнгөн төрлийн ял болох торгох ял болгон өөрчлүүлэхийг хүссэн” гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр
зүйлийн 1.1- т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 2021/ШЦТ/67 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч *******гийн гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Л.НЯМДОРЖ
В.ЦЭЦЭНБИЛЭГ