Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 128/ШШ2023/0241

 

                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х ХХК /РД:6707262/,

Хариуцагч: Нийслэлийн мал эмнэлгийн газар, 

Маргааны төрөл: “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад лац тавьж, битүүмжилсэн махыг буцаан  олгохоос татгалзсан үйлдэл хууль бус болохыг тогтоож, буцаан олгохыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт даалгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, өмгөөлөгч Ха, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дэлгэрмөрөн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага: Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад лац тавьж, битүүмжилсэн махыг буцаан  олгохоос татгалзсан үйлдэл хууль бус болохыг тогтоож, буцаан олгохыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт даалгуулах,

Хоёр. Талуудын маргаж буй үндэслэл

1. Х" ХХК-ийн захирал А.А нь Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлтийн 153/3 тоот хаягт байрлах агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч бөгөөд тус агуулахыг хөргүүрийн зориулалтаар ашиглаж, бусдын мах, малын дайвар бүтээгдэхүүнийг хадгалах үйлчилгээг өөрийн компанийн нэрээр явуулдаг. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 2022 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлтийн 153/3 тоот хаягт байрлах хөргүүрт агуулахад хадгалагдаж буй махыг битүүмжилж, мөн оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 02-17/23 дугаар Хяналт шалгалтын удирдамжийн дагуу хөргүүрт агуулахын үйл ажиллагаа мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагад нийцэж буй эсэх, агуулахад хадгалагдаж буй дулааны аргаар боловсруулсан мах, түүхий маханд шинжилгээ хийх зорилгоор шалгалтын ажиллагааг явуулсан.

Улмаар Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч С.С Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1, 4, 5.1, 5.3, 6.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар "Х" ХХК-д холбогдуулан 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр зөрчлийн хэрэг нээж, прокурор Р.Б 2208001721 дугаар олгосноор зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа эхэлсэн. Мэргэжлийн хяналтын хэлтсээс шалгалтын ажиллагааг явуулж, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлтийн 153/3 тоот хаягт байрлах хөргүүрт агуулахад хадгалагдаж буй дулааны аргаар боловсруулсан 80 тн ямааны махыг ариун цэврийн шаардлага хангаж буй эсэхийг тогтоолгохоор махнаас сорьц авч, Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораториор 2022.07.21-2022.07.26-ны өдрийн хооронд шинжилгээ хийлгэхэд бүртгэлийн 22-2689 дугаартай "Шинжилгээний дүнгийн хуудас"-аар тус 80 тн мах ариун цэврийн шаардлага хангасан болох нь тогтоогджээ.

Харин "тухайн хадгалагдаж буй 80 тн мах хаяг, шошгогүй байсан нь MNS 6740:2019 стандартын 6.4 дэх заалтыг зөрчсөн" гэх үндэслэлээр Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Мал эмнэлгийн хяналтын улсын ахлах байцаагч П.Э нь 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 0034263 дугаар "Зөрчилд шийтгэл оногдуулах тухай" шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 6.95 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасны дагуу 3000 нэгжээр торгох шийтгэлийг "Х" ХХК-д ногдуулсан ба уг шийтгэлийг биелүүлсэн.

 Өөрөөр хэлбэл "Х" ХХК-д холбогдох зөрчлийг шалган шийтгэл ногдуулж, шийтгэлийг биелүүлснээр 2208001721 дугаартай зөрчлийн хэргийг шалган шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон байна. Гэтэл 2022 оны дүгээр сарын 01-ний өдөр дахин "Х" ХХК-д холбогдуулан өмнө хэрэг нээсэн үндэслэлээрээ буюу Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр зөрчлийн хэрэг нээж, мэргэжлийн хяналтын улсын байцаагч П.Э хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд дахин зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, өмнө нь 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр "Х" ХХК-д холбогдуулан 2208001721 дугаарт зөрчлийн хэргийг Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1, 5.1, 5.3 дахь заалтуудаар нээж байсан болох нь тогтоогдсон" гэсэн үндэслэлээр 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр "Зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай" тогтоолыг үйлдэж, мах битүүмжилсэн лац ав гэсэн зөвшөөрлийг өгсөн.

Гэтэл Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Т хэргийг хянаад, 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 05 дугаар тогтоолоор зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон эрх бүхий албан тушаалтан П.Эын тогтоолыг хүчингүй болгож, нэмэлт ажиллагаа хийлгэхээр зөрчлийн хэрэг бүртгэлтэд буцаасан. Бид Сонгинохайрхан дүүргийн ерөнхий прокурор Д.От хандахад тэрээр хяналтын прокурор Д.Тгийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 05 дугаар тогтоол үндэслэлгүй, эрх бүхий албан тушаалтны буюу улсын байцаагч П.Эын өмнө "Х" ХХК-д холбогдуулан зөрчлийн хэрэг нээж, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулан хэргийг эцэслэн шийдвэрлэсэн тухайн шийдвэр нь хүчин төгөлдөр хэвээр байхад дахин Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар хэрэг нээж, "Х" ХХК-д холбогдох 2208002261 дугаартай хэргийг шалгасан нь хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байна.

Өөрөөр хэлбэл "Х" ХХК-д холбогдуулан зөрчлийн хэрэг нээх үндэслэлгүй байхад хэрэг нээсэн болох нь тогтоогдсон бөгөөд улмаар зөрчлийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдэж, хэрэгсэхгүй болсон байх тул тухайн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хийгдсэн ажиллагаанууд бүгд хэрэгсэхгүй буюу хүчингүй болох, эрх зүйн үйлчлэл нь дуусгавар болох үр дагаварт хүрэх ёстой. Төрийн байгууллагын хууль бус үйлдлийн улмаас манай компанийн хөргүүртэй агуулахын хөлдөөгч эвдэрч өөр агуулахад амархан муудаж, чанар байдлаа алдах бүтээгдэхүүн болох махыг шилжүүлэх шаардлагатай болсон учраас эрх бүхий албан тушаалтан, байгууллагуудад удаа дараа хандсаны дагуу 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр тухайн агуулахаас шилжүүлэн "И" ХХК-ийн хөргүүрт агуулахад зөөж, дахин лацадсанаас хойш өнөөдрийг хүртэл битүүмжлэгдсэн, лацтай хэвээр байна. Төрийн байгууллагын ойлгомжгүй шийдвэрийн улмаас 6 сар гаруйн хугацаанд манай компани эд хөрөнгөд эвдрэл гэмтэл үүссэн, мах хадгалуулсан аж ахуйн нэгжийн хөрөнгийг буцаан өгөх боломжгүй, чанар байдлын хувьд хурдан муудах эд хөрөнгийг муутган бусдад их хэмжээний төлбөрт ороход хүрээд байгаа тул маш их гомдолтой байна. Манай байгууллагын өмгөөлөгч Б.Хын зүгээс махны битүүмжийг арилгуулах, лацыг тавиулж буцаан олгуулах талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт хүсэлт гаргасан боловч 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 02-01/5269 дүгээр албан бичгээр "махыг чөлөөлөх боломжгүй" хэмээн хууль бусаар татгалзсан болно. Нэгэнт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон буюу эцэслэн шийдвэрлэгдсэн, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад битүүмжлэгдсэн махыг буцаан олгосноор хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал амьтанд хортой нөлөө үзүүлэх, нийтийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх бодит үндэслэлгүй буюу "ариун цэврийн шаардлага хангасан" болох нь Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн бүртгэлийн 22-2689 дугаартай “Шинжилгээний дүнгийн хуудас"-аар тогтоогдсон тул битүүмжийг чөлөөлөн лацыг тавьж, махыг буцаан олгох ёстой билээ.

Х ХХК-ийн тухайд төрийн байгууллагаас явуулж буй хяналт шалгалтын үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандаж, шалгалтын ажиллагааны бүхий л явцад махыг битүүмжлүүлсэн. Мах битүүмжлэгдсэн хагас жил гаруйн хугацаанд тус компани нь ашиг орлого олох, хөргүүрт агуулахаа зориулалтын дагуу ашиглах, компанийн бизнесийн хэвийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх зэрэг бүхий л эрсдэлийг үүрч ирсэн. Цаашид тухайн махыг хууль зүйн үндэслэлгүйгээр битүүмжтэй хэвээр байлгах тохиолдолд тус компанид ихээхэн хэмжээний хохирол учрах эрсдэл тулгараад байна.

Иймд, "Х" ХХК-д холбогдуулан явуулсан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад лац тавьж, битүүмжилсэн махыг буцаан олгохоос татгалзсан үйлдэл хууль бус болохыг тогтоож, махыг буцаан олгохыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт даалгаж өгнө үү” гэжээ.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: Х ХХК-ийн нэхэмжлэлд хариу тайлбар хүргүүлж байна. Үүнд: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 70128012 тусгай дугаарт 2022 оны 05 сарын 28-ны өдрийн 18 цаг 09 минутад иргэн Гийн // СХД 32 дугаар хороо эмээлтийн Сод монгол ШТС-ийн эсрэг талд махны үйлдвэрт малын сэгийг их хэмжээгээр борлуулж байна. Өмнө нь Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар болон Цагдаагаас шалгаж байсан. Одоо хууль бусаар шөнийн цагаар махаа зөөж ажиллаад байна шалгаж өгнө үү гэсэн гомдол мэдээлэл бүртгүүлсэн. Тухайн гомдлыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Н.А, Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн тасгийн дарга, мал эмнэлгийн хяналтын улсын ахлах байцаагч П.Э нар НМХГ-н удирдлагаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу 2022 оны 05 сарын 29-ны орой буюу шөнийн цагаар шалгасан.

Шалгалтын явцад тус аж ахуйн нэгжийн агуулахад байсан адууны түүхий мах, ямааны чанасан мах, дайвар бүтээгдэхүүн буюу бөөрнөөс тус бүр дээж авч Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторит 2022 оны 05 сарын 30-ны өдөр хүргэсэн байна. Мөн лабораторийн шинжилгээний дүнг гарах хүртэл Х ХХК-ийн махны агуулахыг 162004, 162005, 162010, 162031, 162038 дугаартай 5 ш нэг удаагийн төмөр лацаар битүүмжилсэн. Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн 2022 оны 06 сарын 05-ны өдрийн 22-2058 дугаартай сорилын дүнгээр Х ХХК-ийн агуулахаас шинжлүүлсэн адууны мах, ямааны чанасан мах мэдрэхүйн үзүүлэлтээр тус тус шаардлагад дүйцээгүй, ямааны чанасан маханд нянгийн тоо зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн. Энэ хугацаанд Х ХХК-ийг шалгаж дээж авч, агуулахыг битүүмжилсэн улсын ахлах байцаагч П.Э амралтаа авсан тул Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч С.С би хэлтсийн даргын өгсөн үүргийн дагуу уг гомдлыг үргэлжлүүлэн шалгасан.

Х ХХК-ийн агуулахад хадгалагдаж байсан дулааны аргаар боловсруулсан ямааны мах, адууны түүхий мах, дайвар бүтээгдэхүүн/малын ул мөр мөрдөн тогтоох бүртгэлийг хөтлөөгүй, түүхий эд баараа бүтээгдэхүүн нь эрүүл ахуйн шаардлага хангаагүй гэх зөрчилд 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.15 дугаар зүйлийн 3.1 дэх 13.1.хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх, эсхүл хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн, эсхүл хуурамч хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, үйлчилсэн.; бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр > торгоно/, 5.1 дэх/ 5.1.хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхдээ үйлдвэрлэлийн холбогдох дүрэм, журам стандарт мөрдөөгүй...бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.;, 5.3 дахь/5.3 хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн бүрд ул мөр мөрдөн тогтоох бүртгэлийг хөтлөөгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно / 6.17 дугаар зүйлийн 4 дэх / 6.17.4.Түүхий эд, бараа, бүтээгдэхүүн, бодис, бэлдмэлд тавих эрүүл ахуйн шаардлагыг хангаагүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно./ хэсгүүдэд зааснаар 2208001721 дугаартай зөрчлийн хэрэг нээсэн. Зөрчлийн хэргийг дээрх олон заалтуудаар нээсэн нь хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагч, эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч нарыг татан оролцуулахаар "Зөрчлийн хэргийг хэд хэдэн эрх бүхий албан тушаалтанд даалгах тухай 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр /маягт ЗХБ-66/ удирдах албан тушаалтны тогтоол гаргуулсан. Гэвч Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн хүнсний чанар стандартын хяналтын улсын ахлах байцаагч А.Б /орлох хүн байхгүй/ эрүүл мэндийн шалтгаанаар чөлөө авсан, мөн эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Б.Энхцэцэг нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 2022 оны 05 сарын 18-ны өдрийн 02-01/501 Дугаар Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай" удирдамжийн хяналт шалгалт хийх чиглэлд эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын чиглэл ороогүй гэх шалтгаанаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй болно.

Иймд мал эмнэлгийн хяналтын улсын ахлах байцаагч П.Э өөрийн мэргэжлийн чиглэлд хамаарах зүйл заалтаар торгох шийтгэл оногдуулсан байна. Зөрчлийн хэргийн үндсэн хугацаанд тухайн аж ахуйн нэгжийн агуулахад хадгалагдаж байсан махыг лабораторийн шинжилгээнд хамруулах, гэрчийн мэдүүлэг авах, мах хадгалж буй Х ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч тогтоох, холбогдогчийг тодруулах зэрэг ажиллагаа явуулсан бөгөөд цаашид тухайн махыг лабораторийн шинжилгээнд давтан хамруулах, холбогдогч /холбогдогч Бүгд Найрамдах Хятад Ард улсаас хил гаалийн зорчигч тээврээс хамааран ирэх хугацаа тодорхойгүй/-оос мэдүүлэг авах, нэмэлт нотлох баримт цуглуулах шаардлагатай байсан тул 2022 оны 06 сарын 22-ны өдрөөс 07 дугаар сарын 06-ны өдөр хүртэл 14 хоногоор зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг сунгуулж прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн С.С би нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын тушаалаар батлагдсан хуваарийн дагуу 2022 оны 07 сарын 01-ний өдөр ээлжийн амралтаа авсан тул Х ХХК-нд холбогдох 2208001721 дугаартай анхны зөрчлийн хэргийг Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн даргын тогтоолоор мал эмнэлгийн хяналтын улсын ахлах байцаагч П.Эт /анх гомдол мэдээллийг хүлээн авсан тул/ буцаан шилжүүлсэн болно. П.Э нь 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 0034263 дугаартай Зөрчилд шийтгэл оногдуулах тухай" шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасны дагуу 3000 нэгжээр торгох шийтгэлийн арга хэмжээ авсан байна. Х ХХК нь шийтгэлийг барагдуулж тухайн зөрчлийн хэрэг шийдвэрлэгдсэн байсан.

Гэтэл Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын газрын дарга Б.Агийн өгсөн үүрэг чиглэлийн дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын удаа дараагийн шуурхай хурлууд дээр Х ХХК-нд холбогдох шийдвэрлэгдсэн" 2208001721 дугаартай зөрчлийн хэргийг "дахин задалж хэрэг нээх"-ийг шаардсан. Тухайн хурлуудад Мал эмнэлгийн хяналтын улсын ахлах байцаагч П.Э өөрийн биеэр оролцоогүй тул Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга С.Б*******т Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн /Зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан эрх үүргийн дагуу 12.3 дугаар зүйлийн 1.7. шаардлагатай бол эрх бүхий албан тушаалтны бүрэн эрхийг хэрэгжүүлэх / дагуу дахин зөрчлийн хэрэг нээхийг мэдэгдсэн. Сонгинохайрхан дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Х ХХК-нд холбогдох 2208002261 дугаартай зөрчлийн хэргийг Зөрчлийн тухай хуулийн ямар зүйл заалтаар /хэдэн зүйл заалт/ нээж Улсын ахлах байцаагч П.Эт дахин зорчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахыг даалгасан тухайг С би сонссон боловч тухайн 2208002261 дугаартай зөрчлийн хэрэгтэй танилцаагүй болно.

Харин Х ХХК-ийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийг 2023 оны 03 сарын 06-ны өдөр хүлээн авч Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1 дэх /хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх, эсхүл хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн, эсхүл хуурамч хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, үйлчилсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно./ хэсэгт зааснаар үндэслэн Х ХХК-нд холбогдох 2208002261 дугаартай хэргийг нээсэн талаарх мэдээлэлтэй танилцлаа. П.Э нь Х ХХК-нд холбогдох 2208002261 дугаартай зөрчлийн хэргийг мөн Х ХХК-нд холбогдох өмнөх 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр нээсэн 2208001721 дугаартай зөрчлийн хэргийн "Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар ижил зүйл заалтаар нээж шалгасан нь хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байна.

 П.Э нь тухайн 2208001721 дугаартай зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж 2 удаагийн хурал дээр удирдлагуудад танилцуулахад тодорхой хариу шийдвэр гараагүй бөгөөд хууль эрх зүйн хэлтсийн дарга н.Г*******ыг тодруулж судлахыг даалгасан бөгөөд эцэст нь ямар шийдвэрт хүрсэн тухайг би өөрийн биеэр сонсоогүй болно. "*******"-ын сэтгүүлч У.У******* 2022 оны 11 сарын 02-ны өдрийн 10 цаг 44 минутад ******* утсаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 70128012 тусгай дугаарт "Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 32-ийн Сод монголын ойролцоо эмээлтийн тойрогт Сайле фуудс монголий нэртэй махны компани Мэргэжлийн хяналтын лацадсан мах ачиж, зөөвөрлөж байна. Шалгаж арга хэмжээ авч өгнө үү.гэх гомдол мэдээлэл бүртгэгдсэнийг хэлтсийн дарга С.Б******* Мал эмнэлгийн хяналтын улсын ахлах байцаагч П.Эт өргөдөл гомдлыг шилжүүлсэн тул дахин гомдол мэдээллийн дагуу П.Э байцаагч очиж ажилласан. Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Мал эмнэлгийн хяналтын улсын ахлах байцаагч П.Э 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Х ХХК-нд холбогдох 2208001721 дугаартай зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоол үйлдэж, тогтоолд махыг буцааж олгох хэсэгт доогуур зурсан тэмдэглэгээг "*******"-ын шууд дамжуулж буй бичлэг дээр харуулж байсан. Тухайн мэдээллийг ******* нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулсантай холбогдуулан асуудал үүссэн. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын удирдлагын баг /Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн мал эмнэлгийн хяналтын улсын ахлах байцаагч П.Эыг Х ХХК-нд холбогдох зөрчлийн хэргийн шийдвэрлэлтийг удирдлагуудад танилцуулаагүй, мөн хяналтын прокурор тогтоолтой танилцаж дуусаагүй байхад битүүмжлэгдсэн махыг буцаан олгох шийдвэрийг гаргасан, Мэргэжлийн хяналтын байгууллагын нэр хүндийг унагасан гэх шалтгаанаар ажлаас халсан болно. Мөн х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хуулийн зөвлөх Б*******ы Б /*******/ 2022 оны 11 сарын 02-ны өдрөөс "Х ХХК-ийн агуулахын хөлдөөгч эвдэрч мах хадгалах боломжгүй болсон тул агуулахад хадгалж байгаа махыг өөр агуулахад шилжүүлэх хүсэлтэй байна." гэх хүсэлтийг Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэст болон Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт удаа дараа ирүүлж байсан. 01 Хүсэлтийн дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Б.Д*******, Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч М.О******* нарт хүсэлтийг шилжүүлж тухайн агуулахаас "И ХХК"-ийн хөргүүрт агуулахад махыг зөөвөрлөх, дахин битүүмжлэх явцад хяналт тавин ажилласан. болгох тогтоол үйлдэж, тогтоолд махыг буцааж олгох хэсэгт доогуур зурсан тэмдэглэгээг "*******"-ын шууд дамжуулж буй бичлэг дээр харуулж байсан. Тухайн мэдээллийг ******* нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулсантай холбогдуулан асуудал үүссэн. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын удирдлагын баг /Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн мал эмнэлгийн хяналтын улсын ахлах байцаагч П.Эыг Х ХХК-нд холбогдох зөрчлийн хэргийн шийдвэрлэлтийг удирдлагуудад танилцуулаагүй, мөн хяналтын прокурор тогтоолтой танилцаж дуусаагүй байхад битүүмжлэгдсэн махыг буцаан олгох шийдвэрийг гаргасан, Мэргэжлийн хяналтын байгууллагын нэр хүндийг унагасан гэх шалтгаанаар ажлаас халсан болно. Мөн Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хуулийн зөвлөх Б*******ы Б /*******/ 2022 оны 11 сарын 02-ны өдрөөс "Х ХХК-ийн агуулахын хөлдөөгч эвдэрч мах хадгалах боломжгүй болсон тул агуулахад хадгалж байгаа махыг өөр агуулахад шилжүүлэх хүсэлтэй байна." гэх хүсэлтийг Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэст болон Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт удаа дараа ирүүлж байсан. 01 Хүсэлтийн дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Б.Д*******, Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч М.О******* нарт хүсэлтийг шилжүүлж тухайн агуулахаас "И ХХК"-ийн хөргүүрт агуулахад махыг зөөвөрлөх, дахин битүүмжлэх явцад хяналт тавин ажилласан” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад лац тавьж, битүүмжилсэн махыг буцаан олгохоос татгалзсан үйлдэл хууль бус болохыг тогтоож, буцаан олгохыг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагатай энэ хэргийг доорх байдлаар шийдвэрлэлээ.

Нэг. Х ХХК нь мах, махан  бүтээгдэхүүн үйлдвэрлэл, хадгалах үндсэн үйл ажиллагааны чиглэл бүртгэгдсэн байх бөгөөд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд холбогдогчоор оролцуулсныг эсэргүүцээгүй,  тухайн махны гарал үүсэл, эрүүл ахуй, хадгалалтын стандарт шаардлага хангасан эсэх, асуудлыг хариуцах эсэхэд маргаагүй тул махны үйлдвэрлэл, хадгалалт аль аль  асуудалд нэхэмжлэл гомдол гаргах , хариуцлага хүлээх эрхтэй эсэхэд маргаан байхгүй гэж үзлээ.

Зөрчлийн хэргийг шалгах зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа дууссан бол энэ ажиллагааны явцад авсан битүүмжилсэн эд зүйлийг хэрхэхийг /буцаан олгох, устгах/ шийдвэрлэх үүрэгтэй. Хэдийгээр прокурорын тогтоолоор буцаан олгохоор шийдвэрлэсэн эрх бүхий албан тушаалтны тогтоолын заалтыг хүчингүй болгосон ч прокурорын тогтоолд дурдсан  “ битүүмжилсэн эд зүйлсийг буцаан олгох нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөх эсэх, нөхцөл байдал байгаа эсэхийг бүрэн шалгаж тогтоолгүй буцаан олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж дүгнэснээр хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эсэх нөхцөл байдлыг  тогтоох үүргээ  Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын чиг үүргийг ............Засгийн газрын тогтоолоор шилжүүлэн авсан Нийслэлийн мал эмнэлгийн газар хэрэгжүүлэхээр байна.

Нөгөө талаас махан бүтээгдэхүүн хадгалахтай холбоотой стандартаар ямар горимд, хэдий хугацаанд  хадгалах боломжтой, энэ горимд нийцүүлэн хэдий хугацаанд хадгалсан одоо уг бүтээгдэхүүн хүнсний эрүүл ахуй, чанар, стандарт хангасан эсэх, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх эсэхийг мэргэжлийн лабораторийн шинжилгээгүйгээр шүүх дүгнэх боломжгүйн дээр үүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоолгох боломжгүй юм.

Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн шинжилгээг  8 тн махны 2 тн махны 1 дээжээс  авч хийгдсэн, үүнээс хөргүүрийн горим өөрчлөгдсөн нөхцөл байдал зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд авагдсан баримтаар нотлогдож байгаа, 80 тн мах зөвхөн 1төрлийнх биш /адууны мах, ямааны мах, шошготой, шошгогүй /хэдийд ямар аргаар боловсруулсан  нь тодорхойгүй /дайвар бүтээгдэхүүн байсан зэргээс дүгнэвэл  уг шинжилгээний  дүгнэлтээр одоо уг 80 тн махыг хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй эсэхийг хүнсний чанар, стандарт аюулгүй байдлыг хангасан эсэхийг үнэлэх боломжгүй юм.

Иймд мэргэжлийн лабораториор шинжлүүлж тогтоосны эцэст  буцаан олгох, устгах эсэхийг шийдвэрлэхийг Нийслэлийн мал эмнэлгийн газарт даалгаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.13 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг хэмжээний талбайд явган зам тавьсан талаарх мэдээлэл, баримт гаргуулах”, 3 дахь “Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/551 дугаартай захирамжид өөрчлөлт оруулсан, хүчингүй болгосон захирамж шийдвэр гарсан эсэх мэдээлэл авах” хүсэлтийг шийдвэрлэж хариу өгөхийг даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч Х ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн мал эмнэлгийн газраас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ХАЛИУНА