Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 393

 

Т.Г-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 26 дугаар шийтгэх тогтоол, Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 14 дүгээр магадлалтай, Т.Г-т холбогдох 201612000109 дугаартай эрүүгийн хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А-ын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1990 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Т-ын Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон” гэмт хэрэгт холбогджээ.

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокуророос шүүгдэгч Т.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг болгон өөрчлөн зүйлчилж, шүүгдэгч Т.Г-ийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жил хасаж, 2 жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих ангийн энгийн зэрэглэлд эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А гаргасан гомдолдоо “...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон ах дүү, төрөл төрөгсөд бид Т.Г-ийг энэ хүн амины хэргийн гол оролцогч гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх хэргийн бодит байдлыг тал бүрээс нь судалж, гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрхээ хэрэгжүүлэхгүй, нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн. Би давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцохдоо “Т.Г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэг үйлдээгүй, харин Б.М-ыг мотоциклоороо дайрч, чирч, зодож санаатайгаар амь насыг нь хохироосон, шинжээч нар хохирогчид учирсан тэр олон тооны гэмтлийг зөвхөн авто ослоос болсон гэж шууд дүгнэж байгааг зөвшөөрөхгүй, мөн Т.Г шөнийн 22 цагаас үүрийн 03 цаг болтол талийгаачтай юу хийж байсан, түүнийг зодож мотоциклоороо дайрч чирч гэмтэл учруулж тоглож байсан уу, С.М-ын гадаа зодоон болохыг харсан гэрч Э.Ө-ийн сэтгэцийн дүгнэлтэд ар гэрээс нь хүн хамт орж шинжилгээ өгүүлсэн тийм учраас тухайн өдрийн болсон зүйлийг бүрэн мэдэж ярьж байсан боловч ар гэрээс нь хүн орж сэтгэцийн дүгнэлтэд нөлөөлж эргэлзээтэй байхад дахин дүгнэлт гаргуулах хүсэлтийг хүлээж аваагүй” гэх мэт олон асуудлыг дурдаж ярьсан боловч түүнд дүгнэлт өгсөнгүй. Түүнчлэн Т.Г-ийн согтуугаар үйлдсэн авто осол гэсэн нэг талыг барьсан дүгнэлтээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаасан нь үндэслэлгүй, харин ч хохирогчийн гомдолд заасан үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3-т заасан шаардлагыг хангаагүй тогтоолыг хүчингүй болгохдоо хэргийг прокурорт буцаах ёстой байсан. Талийгаачийн ар гэрийн зүгээс маш их гомдолтой байгаа бөгөөд хүн амины ноцтой хэргийг авто ослын хэрэг болгон хааж байна” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Ц.Бурмаа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг согтуурсан, мансуурсан үедээ үйлдсэн” гэж заасан. Тухайн гэмт хэрэг нь 2016 онд үйлдэгдсэн бөгөөд хуулийн дээрх заалт нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Гэтэл ямар учраас хууль хэрэгжиж эхлэхээс өмнө үйлдэгдсэн гэмт хэрэгт дээрх хүндрүүлэх шинж буюу согтуурсан, мансуурсан гэх шинжийг багтаасан бэ гэдэг нь ойлгомжгүй байна. Иймд, давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүх шүүгдэгч Т.Г нь 2016 оны 06 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө “Фекон” маркийн 43 16 ДУЗ улсын дугаартай мотоцикль жолоодон хүчтэй зэргийн согтолттой өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй Б.М-ыг сундалж явахдаа зам тээврийн осол гаргаж, түүний амь насыг хохироосон болох нь шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон талаар хууль ёсны бөгөөд үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

Шүүх шүүгдэгч Т.Г-т холбогдох хэргийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 буюу “автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон” гэмт хэрэгт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг “согтуурсан үедээ дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлох баримтаар нотлогдож, тогтоогдоогүй” гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулж Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч нь гэмт хэрэг согтуугаар үйлдсэн гэсэн хүндрүүлэх нөхцөл байдал хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогдоогүй байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй болно.

Харин давж заалдах шатны шүүх “Т.Г-ийн цусанд спиртийн агууламж илрээгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан боловч хэрэг учрал болсон өдөр шүүгдэгч Т.Г болон талийгаач нар архи, пиво уусан талаарх гэрчүүдийн мэдүүлэг, шүүгдэгчийн “хохирогч бид хоёр их согтолттой байсан” гэсэн мэдүүлэг зэргийг шүүх хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй байх тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн тогтоосон нь үндэслэлгүй байна гэж үзэн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасныг үндэслэлгүй гэж үзнэ.

Анхан шатны шүүх шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж, уг баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдсэн болохыг шалгаж, тэдгээрийн эх сурвалж болон агуулгыг тусгаж, эрх зүйн ухамсрыг удирдлага болгон өөрийн дотоод итгэлээр харьцуулан үнэлсний эцэст шүүгдэгч согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Өөрөөр хэлбэл, мөрдөн шалгах ажиллагааны явцад тусгай мэдлэг зайлшгүй шаардагдах асуудлаар буюу шүүгдэгч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан шинжилгээгээр Т.Г-ийн цусанд согтууруулах ундааны зүйл илрээгүй тул осол болох үед Т.Г согтуу байсан гэсэн дамжмал нотлох баримтыг шууд үнэлэх боломжгүй юм.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А “уг гэмт хэргийг санаатай хүн амины хэрэг гэж үзэж байгаа тул хэргийн нөхцөл байдлыг дахин шалгах” талаар гомдол гаргажээ.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан бөгөөд шүүгдэгч Т.Г нь Б.М-ыг санаатай алсан гэх үндэслэл бүхий нотлох баримт мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларч бэхжигдээгүй, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдээгүй байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 14 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 26 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А-ын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                   ДАРГАЛАГЧ                                                  Б.ЦОГТ

                                  ШҮҮГЧ                                                           Б.БАТЦЭРЭН

                                                                                                        Д.ГАНЗОРИГ

                                                                                                       Ч.ХОСБАЯР

                                                                                                       Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН