Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2016/00740

 

П.Санзайдэлгэрийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 111 дүгээр шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 690 дүгээр магадлалтай,

П.Санзайдэлгэрийн нэхэмжлэлтэй

Зэвсэгт хүчний 350 дугаар ангид холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор 573 994 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Жавзмаа, хариуцагчийн итгэмжлэгдэн төлөөлөгч Л.Дагвасүрэн, О.Ариунгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хүрэлтулга нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Зэвсэгт хүчний 350 дугаар ангид 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл HiGER маркийн 22-46 ЦАБ дугаарын автобусны жолоочоор 2 жил 8 сар ажиллах хугацаандаа 2013, 2014 онуудад ээлжийн амралтгүй хагас, бүтэн сайн, баяр ёслолын зарим өдрүүдэд амралтгүй ажиллаж, өглөөний 6.30 минутаас оройн 20.00-22.00 цаг хүртэл ажиллах хугацаанд 2013 оны ажлаараа шалгарч сарын цалин, 2014 оны ажлаараа байгууллагын Хөдөлмөрийн аварга ажилтнаар шалгарч байсан. 2013 оны 07 дугаар сараас 2015 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл 2 жил 7 сар 1 автобусаар Офицеруудын ордноос Налайх-Городокийн анги хүртэл 45 хүний суудалтай автобусаар 70-100 хүн суулгаж тээвэр хийж ирсэн. Энэ хугацаанд би болон автобусны талаас шалтгаалсан нэг өдрийн ч сул зогсож байгаагүй. Би 2015 оны ээлжийн амралтаа 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 09 дүгээр сарын 03-ны өдөр ажилдаа орсон. Хүн тээврийн автобус учраас 1 сар засварлаагүй байхад би богино хугацаанд засварлах боломжгүй гэдгээ хэлж штабын дарга Л.Дагвасүрэнтэй маргалдсаны төлөө маргааш нь цалингийн 20 хувиар шийтгүүлсэн. 2015 оны 10 дугаар сарын 31-ний хагас сайн өдөр урлагын үзлэг бэлтгэх ажилчдыг хотоос авч анги дээр бүтэн ажилласан. 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн орой ажил тарахад нөгөө автобусаа хот руу явуулаад 20 цагт урлагын үзлэгийн хүмүүс авч явахаар үлдээсэн. Ар талын дарга дэд хурандаа н.Мягмарцоожид хандан миний гэр бүлийн хүн гэмтлийн тасагт хэвтээд 9 хонож байна. Намайг 1 удаа цагт нь явуулж болохгүй байгаа юм бэ гэж асуухад би мэдэж байна гэж ангийн гадаа автобусанд согтуу орж ирэн шаардлага тавьсныг эсэргүүцсэн гэж 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр сануулах арга хэмжээ авсан. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажилтан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор заасан ноцтой зөрчил гаргасан эсхүл хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан байх гэж заасан байдаг, бүрэн бус техникээр тээвэрт гаргах гэж байна гэж хэлснийг ноцтой зөрчил гаргасан гэж үзэхгүй. Ажлын цаг дууссан байхад ажлын байрны гадаа техникийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй байж зүй ёсны шаардлага тавьсан дарга нарын үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэж 10 хоногийн зайтай 2 удаа арга хэмжээ авагдсан. Ажлаас халах тушаалдаа намайг элдэв зүй бус авир гаргасан, ажил хүлээлцэх комиссыг томилоогүй гэжээ. Ангийн дотоод журмын 13 дугаар зүйлийн 13.1.5-д заасныг ноцтой зөрчсөн, 1.6-д заасныг зөрчсөн тохиолдолд анги байгууллагатай хийсэн хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачилгаар ажлаас шууд халах заалтын аль алийг нь зөрчөөгүй. Энэ заалтыг хэрэгжүүлэх дарга нар намайг амарч байх хугацаанд автобус эвдэлсэн ахлах ахлагч н.Эрхэмбаяр, архи ууж ангийн гал тогоонд агсан согтуу тавьсан 3 дэд хурандаа нартаа арга хэмжээ аваагүй байж надад арга хэмжээ авч, ажлаас халсныг нь хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Санзайдэлгэр нь автобус хариуцсан жолооч учраас сэлбэгээ ирэхээр автобусаа засварлаад өглөө офицеруудын ордноос ажилчдыг авах үүрэг өгсөн ч түүнийг шөнө болсон байхад засвар хийж чадахгүй тухай маргаан үүсгэж уг маргаантай холбоотойгоор ангийн орлогч, штабын дарга Л.Дагвасүрэн нь холбогдох хуулийн зүйл, заалтаар цалингийн 20 хувиар хариуцлага тооцох арга хэмжээ авсан. Арга хэмжээг авсан нь анги байгууллагын бэлэн байдлыг хангах үүрэг нь ажилчдын автобус барьж байгаа П.Санзайдэлгэр үндсэн үүргээ хүлээж техникт санаачилгатай ажиллаж, техникийн бэлэн байдлыг хангаж, сэлбэг хэрэгслийг ирэхээр нь автобусыг засварлаж бэлэн байлгах нь ажлын байр, хөдөлмөрийн гэрээнд заасан үүрэг. Үүргээ биелүүлээгүй, ахлах даргынхаа өөдөөс зүй бусаар харьцаж, хэл амаар доромжилж байхад нь ангийн захирагч гарч ирж таарсан. Энэ үйл баримтуудыг нь үндэслэж ангийн захирагчийн тушаал гарч эхний арга хэмжээг авсан. Дарга нарын гаргасан шийдвэрийг П.Санзайдэлгэр хүлээн зөвшөөрөхгүй явах ёстой гэж маргаан үүсгэсэн. П.Санзайдэлгэр нь ангийн удирдах албан тушаалтантай зүй бус харилцаж байгааг ангийн нийт бүрэлдэхүүн мэдэж байсан. П.Санзайдэлгэрт арга хэмжээ авах гэсэн ч 10 хоногийн өмнө цалингийн 20 хувиар арга хэмжээ авагдсан, ангийн бэлэн байдалд ноцтой нөлөөлөөгүй, өөрийн буруугаа хүлээгээд орой нь хүнээ тээвэрлээд явсан учраас сануулах арга хэмжээ авъя гээд албан тушаалдаа тэнцэхгүй гэж сануулах арга хэмжээг хуульд нийцүүлэн авсан. Даваа гарагт П.Санзайдэлгэр гуай автобусыг саатуулж ажлыг 10 цагт эхлүүлсэн. Автобусны гар тоормосыг татсанаас урд дугуйны наклад тэлээд барваантайгаа зууралдсанаас болоод автобус саатсан асуудал гарсан. Маргааш нь хуваарийн дагуу дэд хурандаа Г.Ганболд зэрэг ажилчид суугаад явж байхад 353 дугаар цэргийн ангийн урдуур гарахдаа тус ангийн гадаа 350 дугаар ангийн ажилчдыг авдаг. Гэтэл тэр өдөр 353 дугаар ангийн үүдэнд байгаа ажилчдыг авахгүй яваад Налайх дүүргийн пост өнгөрөөд явж байхад ар албаны дарга, дэд хурандаа Г.Ганболд ажилчдыг яагаад аваагүй талаар асууж, буцаж очиж авахыг үүрэг болгосон. Тухайн үед П.Санзайдэлгэр автобусаа зогсоогоод дэд хурандаа Г.Ганболдтой маргалдаж хэлэх хэлэхгүй үгээр зүй бусаар харьцсан. Анги руу явж байхдаа П.Санзайдэлгэр урсгал сөрж явсан, замын хажуу жалга орох гэж байсан. Ангийн захирагч П.Санзайдэлгэртэй уулзаж ярилцахаар болоод ангийн удирдлагын бүрэлдэхүүнийг цуглуулж эхлээд П.Санзайдэлгэрийн талаар ярилцаад насны хувьд тэтгэвэрт гарах насанд дөхөж байгаа учраас автобусыг нь өөрчлөөд тушаалын гаргах талаар ярилцаад П.Санзайдэлгэрээр болсон үйл явдлыг яриулахаар удирдлагын бүрэлдэхүүний хуралд оруулсан. Хурлын тэмдэглэлийг хэрэгт өгсөн. Тэр хурал дээр ангийн захирагч руу дайрч элдэв үгээр хэлсэн учраас ангийн захирагч ийм хүнтэй хөдөлмөрийн гэрээг үргэлжлүүлэх нөхцөл байхгүй учраас хөдөлмөрийн гэрээг цуцалж байна. П.Санзайдэлгэр зөвшөөрч байна, харин чаддаг юм бол автобусаа ав гэж хэлсэн. Ажилтныг ажлаас нь халах тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын дотоод журам хөдөлмөрийн гэрээг баримталж хуульд нийцүүлж гаргасан. Анги байгууллага ажилчдад хариуцлага тооцохдоо хэн нэгний гаргасан зөрчилд нь тохирсон хариуцлагыг тооцдог. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 111 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар П.Санзайдэлгэрийн нэхэмжлэлтэй Зэвсэгт хүчний 350 дугаар ангид холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор 573 994 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг шаардсан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч П.Санзайдэлгэр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 690 дүгээр магадлалаар Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 111 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2...” гэсний дараа “...Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1...” гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч П.Санзайдэлгэр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Би 2015 оны Б/173 тоот тушаалаар ажлаас халагдсан шалтгаан нь сахилгын зөрчил давтан гаргасан гэх үндэслэлгүй. Би сахилгын зөрчлийг давтан гаргаагүй, хууль бус тушаал захирамжийг биелүүлэхгүй л гэх шаардлага тавьсныхаа төлөө ажлаасаа харагдсан байхад хоёр шатны шүүх анхаарч үзэлгүй хуулийг буруу хэрэглэсэн. Хариуцагч надад анх 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Б/140 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2, ангийн дотоод журмын 13.2.1, хөдөлмөрийн гэрээний 3.2-т заасныг баримтлан цалинг нэг сар 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсаныг би нэхэмжлэл гаргахдаа л мэдсэн. Тушаалын утга нь ахлах даргын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, хамт олны дунд ёс зүйн үйлдэл удаа дараалан гаргасан гэсэн үндэслэлийг барьсан. Уг үндэслэл нь ангийн дотоод журмын 13.2.1-д Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хууль тогтоомж энэхүү дотоод журам анги байгууллагатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг зөрчсөн албан хаагчдад хариуцлага хүлээлгэнэ. Хөдөлмөрийн гэрээний 3.2-т ажилтан дараах үүргийг хүлээнэ гээд нийт 3.2.1-3.25 хүртэл үүргийг заасан болохоос эдгээр үүргүүдээс нь аль үүргийг биелүүлээгүй нь тодорхой бус, тушаалын зарим утга болох хамт олны дунд ёс зүйн үйлдэл удаа дараалан гаргасан гэх зохицуулалт байхгүй. Тэгээд ч манай анги нэгтгэл дээр ёс зүйн хороо гэж байхгүй, намайг тэр хороогоор оруулаад ямар ёс зүйн алдаа гаргасан эсэхийг тогтоогоогүй, үүнийг нотлох баримт байхгүй. Мөн үл ойлголцсон асуудал болохоор 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хөдөлгөөнд оролцоход хүндрэлтэй, тоормос гишгэхээр түлк байхгүй талруугаа таталдаад осол аваар гарах нөхцөл бүрдсэн байсан тул хөдөлмөрийн эрүүл ахуйн аюулгүй байдлын тухай хуулийн 18.1.4-т зааснаар үйл ажиллагаагаа зогсоон шууд удирдлагадаа мэдэгдээд урд мостоо бүтнээр нь тайлаад задлан сэлбэгэнд хот руу өөр хүн явсан бөгөөд би сэлбэгээ ажил тарах болсон байхаар нь асуухад авчрах сэлбэг болох түлкээ зорж тайруулж байгаа болохоор болохгүй байна гэсэн тул харихаар нөгөө автобусандаа суусан байсан. Энэ үед ангийн дарга дуудаад өнөө орой гэхэд бэлэн болго гэсэн биелэх боломжгүй шаардлага надад тавихаар өөдөөс ямар их тайлбар тавьдаг юм бэ та өчигдөр ажилчдыг автобусанд суулгаагүй байна гэхээр нь би 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр баталж өгсөн суулгах хүмүүсийн хувиараар суулгасан бөгөөд хувиаргүй хүн суух гэхээр нь зүй ёсны шаардлага тавьсан гэсэн хариултыг өгснөө бид хоёр үйл ойлголцсон. Ингээд гэртээ ирээд удаагүй байхад оройн 20 цагийн орчим түлхүүрээ өг гээд 2 жолооч ирэхээр нь албан ёсны шийдвэр гарахаар нь өгнө гээд буцаасан үүднээс өөр зүйл болоогүй. 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Б/155 тоот тушаалаар сануулах сахилгын шийтгэлийг надад танилцуулаагүй шүүхэд нэхэмжлэл гаргаад мэдсэн. Тушаалын үндэслэл болохоор анх 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Б/140 тоот тушаалын үндэслэлтэй адил ч тушаалын утганд ахлах даргын шийдвэрийг эсэргүүцэн анги байгууллагын үйл ажиллагааг үгүйсгэж, харьцааны зөрчил гарган хамт олны дунд ёс зүйгүй үйлдэл үзүүлсэн гэсэн өнөө л зүйлээ дурдсан байна. Зөрчил гаргасан гээд байгаа өдрийг би 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр ажил тарах цаг болохоор нь ар тал хариуцсан даргадаа “манай эхнэр өвдөөд эмнэлэгт байгаа ажлаас болоод очиж чадахгүй байна өнөөдөр эрт хариад эхнэрээ эргэж болох уу” гэхэд тэрээр “хэнийг явуулахаа би мэдэж байна” гэхээр нь би “хүндэтгэн үзэх шалтгаан гараад байхад яагаад ойлгохгүй байгаа юм бэ” гээд даргатайгаа үл ойлголцол болсноос үүдэлтэй. Цэргийн анги нэгтгэлийн даргын өөдөөс үг хэлэх ёсгүй дарга бол дарга гэсэн үндэслэлээр энгийн ажилчид хагас цэрэгжилтээр ажиллах ёстой миний үг бол хууль гэж үзсэн даргын өөрийнх нь үзэмжийн асуудал байхад 2 шатны шүүх энэ талаас нь харалгүйгээр зөвхөн хариуцагчийн тайлбараар намайг буруутай гэж үзэж байгааг би хүлээн зөвшөөрөхгүй. Улсын Дээд шүүхийн Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудал гэсэн зөвлөмжийн 3.3-т “Иймээс тушаалд заасан зөрчлийг шалгасан талаарх материал, хэлэлцсэн хурлын тэмдэглэл, зөрчил гаргагчийн тайлбар зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг ажил олгогч гаргаж өгөөгүй тохиолдолд тушаалын үндэслэлийг хариуцагчийн тайлбар бүрэн нотлохгүй гэж үзнэ” гэж заасан байгааг харгалзаж үзээгүй. Ангийн дотоод журамд жолооч нар өглөө орой нэгдэлд жагсах зохицуулалт байхгүй байхад өглөөний нэгдсэн нэгтгэл дээр уг тушаалуудыг танилцуулсан гэдгийг би мэдэх боломжгүй. Хариуцагчаас үүнийг нотолсон нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүйгээр надад сахилгын шийтгэл ногдуулсан тушаал шийдвэрийг танилцуулаагүй гэдгийг нотолно.

Б/173 тоот тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр сарын 40.1.4, ангийн дотоод журмын 13.2, хөдөлмөрийн гэрээний 4.3.5-д заасныг баримталсан. Дотоод журмын 13.2-т “ажилчин албан хаагчдад хүлээлгэх хариуцлага” гээд 3.2.1 -3.2.3 хүртэл хариуцлагыг заасан бөгөөд алинаар нь хариуцлага хүлээлгээд байгаа нь тодорхой бус, хөдөлмөрийн гэрээний 4.3.5-д ажлын байранд танхайрах, хэрүүл маргаан үүсгэх, бусдыг өдөөн хоргоох, айлган сүрдүүлэх, цээртэй үгээр доромжлох гэж заасан зохицуулалтыг хариуцагч нотлоогүй бөгөөд хариуцагч нотлох, шалгах эрх бүхий хуулийн зохицуулалт биш бөгөөд харьяа хууль хууль хяналтын байгууллага болох цагдаа, прокурорын хийх ажлыг хариуцагч хийсэн байгаа нь харагдаж байна. Тушаалын утга болох техникийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй. Тэгвэл байгууллага намайг бүрэн тээврийн хэрэгсэлтэй гаргаж байснаа хэрхэн нотлох юм бэ? Нэг удаа ч гэсэн тээврийн хэрэгслийн шалгаж байгаагүй, намайг жолооч болохоос засварчин биш, ажлын байрны тодорхойлолтоор ч гэсэн ийм үүрэг хүлээгээгүй тусдаа засварчидтай. Жолоочийн үүргээ биелүүлээгүй гэжээ. Би харин ч биелүүлсэн. Учир нь би олон хүний амь насыг тээвэрлэж явж байгаа бөгөөд бүрэн бус тээврийн хэрэгслээс болоод авто аваарын хэрэг гарахын бол Эрүүгийн хуульд заасан 215 дугаар зүйл ангиар хүлээх ял шийтгэлийг үүрэх ёстой болдог бөгөөд үүнээс мултрах аргагүй. Харин ч энэхүү осол аваараас сэргийлснээр анги байгууллагын үйл ажиллагааны нэр хүндийг хамгаалсан үйлдэл хийсэн. Ахлах даргын тавсан шаардлагыг эсэргүүцсэн гэжээ. Би хүний ам нас хариуцаж хүн тээвэр хийдэггүй байсан бол ахлах байна уу ямар ч даргыг хий гэсэн зүйлийг бүгдийг хийнэ. Гэтэл би хүний амь нас хариуцдаг ба тэдгээр хүмүүсийн амь насанд аюул учруулсан үйлдлийг хий гэсэн дээд тушаалтны хуульд нийцээгүй шаардлагыг хэзээ ч биелүүлэх боломжгүй. Хамт олны дунд зан харьцааны ёс зүйн үйлдэл гаргасан гэжээ. Гэтэл ямар харьцааны доголдол гаргасан юм бэ хурал хийгээгүй бөгөөд тухайн өдөр зарим нэг хүн нь байхгүй байхад хуралдсан гэсэн хурлын тэмдэглэлийг шүүхэд нотлох баримтаар гаргасан. Би бүрэн бус тээврийн хэрэгслээр хүн тээвэрлүүлэх гээд хэлээд байхад ойлгохгүй байхаар нь хүн алахаас өмнө ажлаас халж байгаад баярлалаа гээд уурандаа хэлсэн болохоос санаатай хэлээгүй. Тэгээд ч манай байгууллагад ёс зүйн хороо байхгүй бөгөөд ямар зан харьцааны алдаа гаргасан эсэх тогтоогоогүй байгааг хоёр шатны шүүхээс анхаарч үзээгүй. Зөвхөн зохигчдын тайлбар хэрэгт авагдсан тушаалуудыг үндэслэсэн байгаа нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан. Мөн уг тушаалд гомдол гаргаагүй гэсэн нь үндэслэлгүй бөгөөд тушаал шийдвэр гарсан эсэхийг мэдэж байж уг тушаалуудад гомдол гаргах ёстой. Ажлаас халагдсан тушаалын үндэслэл бол зөрчил давтан гаргасан гэсэн үндэслэл бөгөөд уг тушаалыг эсэргүүцэж байна гэдэг нь тухайн сахилгын шийтгэл ногдуулсан тушаал шийдвэрт мөн адил давхар гомдож байгаа гэсэн үг. Үүнийг хоёр шатны шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа тодоруулахдаа тодруулж хэлж байсан ч анхаарч үзээгүй. Хариуцагч надтай хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа ажлын байрны тодорхойлолтыг танилцуулаагүй нь миний гарын үсэг байхгүйгээр нотлогдоно. Намайг хариуцагч хууль бусаар ажлаас халах гээд байгаа явдал нь хэргийн материалын 63 дугаар хуудсанд нотлох баримтаар авагдсан Зэвсэгт хүчний авто техникийн хяналтын албанаас хууль бусаар тодорхойлолт авсан байсныг би мэдээд тус албанаас яг ямар үйлдэл болсон тухай тухайн өдөр үйл явдлыг хариуцаж байсан бэлтгэл хурандаа Л.Амарсайханаа бичүүлээд Зэвсэгт хүчний хяналтын албанд өгснийг хэрэгт баримтаар өгсөн. Би 30-д жил хүн тээвэр хийхдээ нэг удаа ч гэсэн замын хөдөлгөөний дүрэм зөрчиж байгаагүй хэрвээ зөрчиж байгаад ажлаасаа халагдсан бол гомдох зүйлгүй. Үүнийг тухайн байгууллагад 3 жил хүрэхгүй хугацаанд ажиллахдаа байгууллагын аварга болсноор нотлогдоно. Дээрхээс үзэхэд ажил олгогч ажилтанг ажилд авахдаа болон түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах, дуусгавар болгохдоо Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийн хүрээнд ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, байгууллагын хөдөлмөрийн дотоод дүрэм журамд нийцүүлэн хөдөлмөрийн гэрээг цуцалж дуусгавар болгож байгаа тушаал шийдвэрээ гаргах ёстой. Ингэснээр ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт ажилтныг ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч байж Хөдөлмөрийн тухай хуульд заасан шаардлагыг хангах ёстой. Иймд шийдвэр, магадлалд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж нэмэлт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий маргааныг хянан шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч П.Санзайдэлгэр нь Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн захирагчийн 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/173 дугаар тушаалаар жолоочийн ажлаас халагджээ. Уг тушаалын үндэслэлийг ажил олгогч “хариуцсан техникийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй, жолоочийн үүргээ биелүүлээгүй, ахлах даргын тавьсан шаардлагыг эсэргүүцсэн, техникийu эвдэх гэж заналхийлсэн, хамт олны дунд удаа дараа зан харьцааны ёс зүйгүй үйлдэл гаргасан” гэж хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэсэн агуулгаар тодорхойлж, ажилтанд сахилгын шийтгэл ногдуулсан 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/140, 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Б/155 тоот 2 тушаал, Зэвсэгт хүчний автотехникийн хяналтын албаны тодорхойлолт, 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр ажилчдыг автобусаар авахаар явахдаа урсгал сөрж, хэрүүл маргаан үүсгэсэн зөрчил гаргасныг нотлох зорилгоор 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн удирдлагын хуралдааны тэмдэглэл, Г.Ганболд, Б.Мөнгөншагай нарыг гэрчээр асуулгасан ач холбогдол бүхий баримтуудыг шүүхэд гаргаж өгчээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд ажилтны гаргасан давтан зөрчлийг тогтоогдсон гэж үзэж, сахилгын шийтгэл ногдуулах хуулийн хугацаа, ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэг, ангийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолт зэрэг баримтуудыг харьцуулан ажил олгогчийн тушаал  Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтад нийцсэн талаар үндэслэлтэй дүгнэсэн байна. 

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагад хэрэглэвэл зохих хуулийг бүрэн хэрэглэж шийдвэрт өөрчлөлт оруулсан нь хуулийн үндэслэлтэй болжээ.

Иймд хөдөлмөрийн гэрээг цуцалсан үндэслэлийг үгүйсгэх баримт хэрэгт байхгүй тул “нэхэмжлэлийг хангаж өгөхийг” хүссэн нэхэмжлэгч П.Санзайдэлгэрийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 690 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч П.Санзайдэлгэрийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч П.Санзайдэлгэрийг хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Х.СОНИНБАЯР

 ШҮҮГЧ                                                            П.ЗОЛЗАЯА