| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Далайхүү |
| Хэргийн индекс | 195/2025/0055/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/2395 |
| Огноо | 2025-10-20 |
| Зүйл хэсэг | 17.4.2.2., |
| Улсын яллагч | Б.Тогтох |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2395
2025 10 20 2025/ШЦТ/2395
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал,
улсын яллагч Б.Тогтох,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Алдархишиг, түүний өмгөөлөгч Э.Торгой,
шүүгдэгч ****, түүний өмгөөлөгч Г.Мөнхзул нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос ****д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2510006250861 дугаартай хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ***
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч **** нь 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “**** агуулахын нярваар томилогдон ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж хариуцан итгэмжлэн өгсөн “Apple” загварын “айпоне 14” загварын 18 ширхэг гар утас, “Apple” загварын “айпоне 15” загварын 8 ширхэг гар утас, “Apple” загварын “айпоне 16” загварын 12 ширхэг гар утас, нийт 38 ширхэг гар утас буюу 148.705.400 төгрөгийг хувьдаа завшиж хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч **** мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Аавынхаа өмчид байдаг Хэнтий аймагт байрлах 7 ширхэг айлын газрыг зараад хохирлоо төлөх болно…” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Алдархишиг мэдүүлэхдээ: “...Тал хохирлыг шүүгдэгчээс авсан. Одоо үлдэгдэл хохирол төлбөрийг нэхэмжилж байна...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:
2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 10 дахь тал/, 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 12-16 дахь/, 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 17 дахь тал/, 2025 оны 01 дүгээр сарын 25-ны эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл /хавтаст хэргийн 10 дахь тал/, 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн эд зүйл “баримт бичиг, бусад баримт”-ийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 10 дахь тал/, 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн эд зүйл “баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт”-ийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 205-206 дахь тал/, Албан тушаалын ажил эрхлэлтэй холбоотой баримт /хавтаст хэргийн 93-124 дэх тал/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Алдархишигийн:
“...манай компани нярваар ажиллаж байсан Мөнхжаргалын Цэнгэл нь 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр захирлын томилогдон ажилласан. Тэгээд 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр компани борлуулж байгаа бүтээгдэхүүнийг завшсан болох нь эд хөрөнгийн хуваарь тооллогоор мэдэгдсэн. Иймд би шууд компани удирдлагуудад энэ талаар мэдэгдсэн. **** нь өөрөө тэр өдөр ажиллаж байсан учраас, мөн өөрийнх нь хариуцаж байсан, ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ ийм бараа бүтээгдэхүүн алга болсон асуудал гаргасан учраас би түүнд хандаж утаснууд хаачсан бэ? гэхэд Цэнгэл өөрөө би авсан юм аа эгч ээ гэж хариулсан. Дээр нь дурдсанаар удирдлагад мэдэгдсэн. ...мөн бид эдгээр утаснуудыг ломбардууд тавьсан болохыг Цэнгэлээс өөрөөс нь олж мэдсэн. Иймд бид эдгээр Цэнгэлийн завшсан гар утаснуудыг хоног хугацаа алдахгүйгээр буцаан авмаар байна. Учир нь гар утаснууд загвар шинээр гардаг учраас үнэ ханш нь унасан байх...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дахь тал/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Алдархишигийн:
“...Би урд өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ****ийн манай компанид учруулсан хохирлын тооцооны талаар мэдүүлмээр байна. Манай компанид **** нь 38 ширхэг гар утас ажиллах явцдаа завшиж хохирол учруулсан. Хөрөнгийн үнэлгээтэй бид танилцсан. Үнэлгээгээр 148.705.400 төгрөгийн дүнтэйгээр уг 38 гар утсыг үнэлсэн байна лээ. Бид энэ үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Одоогоор ****ийн ломбардуудад барьцаалсан байсан 12 гар утсыг мөрдөн шалгах ажиллагааны явцад хураан авсан байсныг бид хүсэлт гаргаж хүлээн авсан. Уг 12 гар утаснаас 8 гар утас нь лац нь задарсан байсан. Харин 4 гар утас нь хайрцаг сав нь лацтай байсан. Иймд манай компанийн хувьд худалдах зорилгоор гадаад улсаас бараа бүтээгдэхүүн оруулж ирдэг учраас хэрэглэгчид лацгүй гар утсыг бол хямд үнээр авдаг. Гэхдээ манай компанийн хувьд 12 гар утсыг үнэлгээний дүнгээр буюу нийт 37.998.800 төгрөгийн дүнтэй хохирол барагдуулсан гэж үзэж хүлээн аваад байна. Тэгээд нийт 148.705.400 төгрөгийн дүнгээс ****ийн барагдуулсан 37.998.800 төгрөгийг хасаад тооцохоор одоогоор 111.645.918 төгрөгийн дүнтэй хохирол учраад байгаа тул эцсийн байдлаар энэ дүнгээр ****ээс нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 208-209 дэх тал/,
Иргэний нэхэмжлэгч Г.Солонгын:
“...2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 1-р хороонд байрлах 21-р байрны 38 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Цэн” ломбардад **** РД:98111117 регистрийн дугаартай 99053316 утасны дугаараар “айпоне-15 про” маркийн 2 ширхэг гар утсыг 2.800.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Улмаар 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр барьцаанд тавьснаас хойш 2025 оны 01 дүгээр сарын 22-ны хүртэл хугацаа дууссан байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дахь тал/,
“Дамно” ХХК-ийн 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн ХУ1-25-11 дугаартай шинжээчийн “...148.705.400...” төгрөгийн хохирол шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 138-140 дэх тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
I. Гэм буруугийн талаар:
Улсын яллагч “Шүүгдэгч ****ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах, шүүгдэгчээс хохирол төлбөрөөс үлдэх 86.645.918 төгрөгийг гаргуулж хохирогч “****-д олгуулах” гэсэн дүгнэлтийг,
Хохирогчийн хууль ёсны төллөөгчийн өмгөөлөгч Э.Торгой “...Шүүгдэгч **** нь манай байгууллагад ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж 148.705.400 төгрөгийн хохирол учруулсан. Эцэг, эхийн буянаар хохирол төлбөрөөсөө тодорхой хэсгийг төлж барагдуулаад одоо 86.645.918 төгрөгийн хохирлын үлдэгдэлтэй байгаа. Иймл хохирлоо барагдуулж авах хүсэлттэй байна...” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнхзул “...Миний үйлчлүүлэгч **** хэргийн зүйлчлэл, шинжээчийн дүгнэлт болон хохиролтой маргахгүй, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг төлж барагдуулж байгаа. ****д орлого байхгүй, гэхдээ аавынх нь газар байгаа, мөн гар утасны дугаарууд байгаа тэдгээрийг зарж хохирол төлбөрийг төлж барагдуулна гэдгээ илэрхийлж байна. Мөн эцэг, эхийнх нь тэтгэврийн зээл нь дуусаж байгаа тул дахин зээл аваад хохирол төлбөрийг төлж барагдуулна гэдгээ хэлж байгаа...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч ****ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч **** нь:
2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “**** агуулахын нярваар томилогдон ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж хариуцан итгэмжлэн өгсөн “Apple” загварын “айпоне 14” загварын 18 ширхэг гар утас, “Apple” загварын “айпоне 15” загварын 8 ширхэг гар утас, “Apple” загварын “айпоне 16” загварын 12 ширхэг гар утас, нийт 38 ширхэг гар утас буюу 148.705.400 төгрөгийг хувьдаа завшиж хохирол учруулсан болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Алдархишигийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, “Дамно” ХХК-ийн 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн ХУ1-25-11 дугаартай шинжээчийн дүгнэлт, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл үзүүлэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч ****ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “албан тушаалын байдлаар ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулж” үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:
Энэ гэмт хэргийн улмаас “****-д нийт 148.705.400 төгрөгийн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд шүүгдэгч, түүний ар гэрийн зүгээс нийт 62.998.800 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан бөгөөд одоо үлдэгдэл 86.645.918 төгрөгийг шүүгдэгч ****ээс гаргуулж, “Бэст компьютер технологи” ХХК-д олгох нь зүйтэй гэж үзлээ.
II. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч “шүүгдэгч ****д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн дүгнэлтийг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Торгой “...хохирогчийн зүгээс 86.645.918 төгрөгийг хэрхэн төлөхөө баталгаатай илэрхийлсэн тохиолдолд ялын санал дээр тусгайлан гаргах саналгүй байна...” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнхзул “...Улсын яллагчийн гаргасан 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлттэй саналтай нийлэхгүй байна. Учир нь **** нь хохирол төлбөр төлж барагдуулж байгаа, цаашид төлөхөө илэрхийлж байгаа зэргийг харгалзан торгох ял оногдуулж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Иймд шүүгдэгч ****ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
- Бусад асуудлаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ****ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад тус тус заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “албан тушаалын байдлаар ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч ****ийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****ээс нийт 86.645.918 төгрөгийг гаргуулж хохирогч “****-д олгосугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч **** нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч, өмгөөлөгч нар, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч ****д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ДАЛАЙХҮҮ