| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 130/2023/00192/И |
| Дугаар | 130/ШШ2023/00360 |
| Огноо | 2023-04-18 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 130/ШШ2023/00360
| 130/ШШ2023/00360 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж тус шүүхийн иргэний хэргийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б аймгийн А сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг, “Э” ХХК (захирал З.Б);
Хариуцагч: Б аймгийн А сумын 11 дүгээр багт байрлах, Б аймгийн ТН-ын Тамгын газарт үйл ажиллагаа явуулдаг, Б аймгийн ТД (ТН-ын орлогч Х.А)
Хариуцагч: Б аймгийн А сумын 11 дүгээр багт байрлах, Б аймгийн ТН-ын Тамгын газар (дарга Б.М)
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээт ажлын хөлс нийт 2,327,287 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч “Э” ХХК-ний захирал З.Б (Ховд аймгаас цахимаар)
Хариуцагч Б аймгийн ТД болон Б аймгийн ТН-ын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч дарга Х.С,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Арманбек нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагч Б аймгийн ТД болон Б аймгийн ТН-ын Тамгын газарт холбогдуулан гэрээт ажлын хөлс нийт 2,327,287 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Манай ”Э” ХХК нь 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр №20/07 дугаартай “Инженер-геологийн судалгаа гүйцэтгэх тухай” гэрээг Б аймгийн ТН-ын Тамгын газрын даргатай байгуулж, аймгийн ТД баталгаажуулсан. Энэ гэрээгээр манай компани Б сумын Цэцэгт багийн бага сургуулийн өргөтгөлийн ажилд шаардагдах инженер-геологийн судалгааг гүйцэтгэх ажлыг хийхээр тохиролцож, тухайн ажлыг хийхэд шаардагдах унааны зардал, ажилчдын хөлс, лабораторийн зардал гэх мэт зардлуудыг манай компанийн зүгээс гаргаж уг ажлыг гэрээнд заасан хугацаанд хийж гүйцэтгэсэн.
1.3.Тухайн ажлыг хүлээлгэж өгсний дараа тендер зарлахгүй явсаар байгаад 2021 онд тендер зарлагдаад, гүйцэтгэгчээр “В констракшн” ХХК тодорсон. Манай компанийн гэрээний дагуу авах ёстой ажлын хөлс “В констракшн” ХХК-ийн төсөвт тусгагдсан гэсэн боловч тусгагдаагүй байсан. Үүний учрыг тодруулахаар аймгийн ТН-ын Тамгын газрын төлөөллүүдтэй уулзахад тендер зарлахдаа “В констракшн” ХХК нь манай компанийн авах ёстой мөнгийг төсвөөс хассан гэсэн хариу өгсөн. Харин Худалдан авах ажиллагааны газраас тодруулахад манай компанийн мөнгө төсөвт орсон, тухайн мөнгөнөөс өгнө гэж хариулсан. Гэтэл тендерийн материалуудаас харахад манай компанийн гэрээний дагуу авах ёстой мөнгө нь тусгагдаагүй байсан.
1.4.Б сумын Цэцэгт багийн бага сургуулийн өргөтгөлийн ажлын тендер зарлагдахаас өмнө зураг төсөл гаргасан компани болон төсөв гаргасан төсөвчний мөнгө нь орсон мөртлөө манай компанийн мөнгө ороогүй байгаа юм. Иймээс манай компани энэхүү 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн “Инженер-геологийн судалгааг гүйцэтгэх гэрээ”-г аймгийн ТД болон ТН-ын Тамгын газартай байгуулсан учраас гэрээт ажлын хөлс нийт 2,327,287 төгрөгийг аймгийн ТД болон ТН-ын Тамгын газраас гаргуулж өгнө үү.
2.Хариуцагч Б аймгийн ТД болон Б аймгийн ТН-ын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч дарга Х.С шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хариу тайлбартаа:
2.1.Б сумын Цэцэгт багийн бага сургуулийн өргөтгөлийн ажлын гүйцэтгэгчээр “В констракшн” ХХК шалгарсан. Хөрсний шинжилгээний зардал уг ажлын төсөвт орсон байсан учраас гүйцэтгэгч компани хариуцан төлөх ёстой байсан. Гэтэл нэхэмжлэгч “Э” ХХК шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа энэ ажлын зардал төсөвт тусгагдаагүй гэдгийг мэдсэн. Энэхүү “Инженер-геологийн судалгааг гүйцэтгэх гэрээ”-г аймгийн ТН-ын Тамгын газар нэхэмжлэгч “Э” ХХК-тай байгуулсан мөртлөө мөнгө нь төсөвт тусгагдаагүйд ТН-ын Тамгын газар болон Худалдан авах ажиллагааны албаны буруу байгаа юм шиг байна.
2.2.Аливаа барилгын ажлын тендерийг зарлахаас өмнө хөрсний шинжилгээ буюу инженер-геологийн судалгаа хийх шаардлагатай байдаг. Инженер-геологийн судалгаа хийгдсэний дараа өргөтгөлийн ажлын төсөв өртөг нь гараад, тендер зарладаг. Тийм учраас “Э” ХХК-тай урьдчилж гэрээ байгуулсан. Дараа нь өргөтгөлийн барилгын гүйцэтгэгчээр тендерт “В констракшн” ХХК шалгарсан. Энэхүү инженер-геологийн судалгааны ажлын төсвийг Худалдан авах ажиллагааны алба төсөвт суулгаад өгч, өргөтгөлийн барилгын ажлыг гүйцэтгэгч компаниар төлүүлэх ёстой. Гэтэл бидний ажлын уялдаагүй байдлын улмаас энэ мөнгө төсөвт тусгагдаагүйгээс нэхэмжлэгч хохирсон байна гэв.
3.Нэхэмжлэгч “Э” ХХК-аас 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн №000155894 дугаартай “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ”, 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн №ЗТ42-869/19 дугаартай “Барилга, хот байгуулалтын яамны Тусгай зөвшөөрөл”, 2018 оны №ТЗ2018/32 дугаартай “Барилга, хот байгуулалтын яам Тусгай зөвшөөрөл”, 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн №20/07 дугаартай “Инженер геологийн судалгаа гүйцэтгэх гэрээ”, Б аймаг, Б сумын Цэцэгт багийн “Бага сургуулийн өргөтгөлийн барилгын инженер геологийн ажил”-ын төсөв, Барилгын инженер хайгуулын “Э” ХХК-ийн 2020 оны №006/020 дугаартай “Ажил хүлээлцэх акт”, “Э” ХХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн “Хүсэлт гаргах тухай” №2022/25 дугаартай албан бичиг,
Хариуцагч талаас Б аймгийн Б сумын Цэцэгт багийн “Бага сургуулийн өргөтгөлийн ажлын төсөв”-ийг зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
4.Шүүх талуудын шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зармыг хангаж, зармыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх зүйтэй байна.
5.Нэхэмжлэгч “Э” ХХК нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн №20/07 дугаартай “Инженер геологийн судалгаа гүйцэтгэх гэрээ”-нд заасан ажил үйлчилгээг манай компанийн зүгээс хугацаанд бүрэн гүйцэтгэж захиалагчид актаар хүлээлгэн өгсөн боловч хариуцагч талаас гэрээний дагуу авах ёстой мөнгийг төлөхийг удаа дараа шаардсан боловч өгөөгүй болно. Иймд хариуцагч талаас гэрээт ажлын хөлс нийт 2,327,287 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.
6.Хариуцагч Б аймгийн ТД болон Б аймгийн ТН-ын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч дарга Х.С нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ... нэхэмжлэгч “Э” ХХК шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа энэ ажлын зардал төсөвт тусгагдаагүй гэдгийг мэдсэн. “Э” ХХК-ийн нэхэмжилсэн гэрээт ажлын хөлс нийт 2,327,287 төгрөгийн ажлын төсвийг Худалдан авах ажиллагааны алба төсөвт суулгаад өгөөгүй, мөн өргөтгөлийн барилгын ажлыг гүйцэтгэгчээр шалгарсан компаниар төлүүлэх ёстой байсан боловч бидний ажлын уялдаагүй байдлын улмаас энэ мөнгө төсөвт тусгагдаагүй байна.
7.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
7.1.2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн №20/07 дугаартай “Инженер геологийн судалгаа гүйцэтгэх гэрээ”-ээр Б аймгийн Б сумын Цэцэгт багийн Бага сургуулийн өргөтгөлийн барилгын инженер геологийн ажил гүйцэтгэхээр нэг талаас Б аймгийн ТН-ын Тамгын газар (цаашид “захиалагч” гэх), нөгөө талаас “Э” ХХК (цаашид “гүйцэтгэгч” гэх) харилцан тохиролцож захиалагчийг төлөөлж Аймгийн ТН-ын Тамгын газрын дарга Х.С, ХОХБТХ-ын хэлтсийн дарга З.Б, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Х.Е, Барилга захиалагчийн албаны дарга М.С нар, гүйцэтгэгчийг төлөөлж “Э” ХХК-ийн менежер Х.А гарын үсэг зурж тус тусын тамгыг дарж баталгаажуулан, Б аймгийн ТД А.Г болон “Э” ХХК-ний захирал З.Б нар баталсан байна.
Энэхүү 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн №20/07 дугаартай “Инженер геологийн судалгаа гүйцэтгэх гэрээ”-ний 1.1-д “Гүйцэтгэгч (Э ХХК) нь судалгааны ажлыг Монгол Улсын БНбД болон холбогдох стандартын шаардлагад нийцүүлэн чанарын өндөр түвшинд гүйцэтгэх, захиалагч (Б аймгийн ТН-ын Тамгын газар) нь гэрээгээр тохиролцсон ажлын хөлсийг гүйцэтгэгчид төлөх” харилцааг зохицуулсан байна.
7.2.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд захиалагч байна” гэж заасны дагуу захиалагч нь Б аймгийн ТН-ын Тамгын газар байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Энэ хуулийн 34.1-д заасан нөхцөлийн дагуу шууд гэрээ байгуулахад захиалагч энэ хуулийн 14-16 дугаар зүйлийн шаардлагыг хангасан, тухайн бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх чадавхтай нэг, эсхүл түүнээс дээш тооны этгээдтэй хэлэлцээ хийж, техникийн тодорхойлолт болон бусад нөхцөл, шаардлагыг хамгийн сайн хангасан этгээдтэй энэ хуульд заасны дагуу гэрээ байгуулах бөгөөд хэлэлцээний үед хүрсэн аливаа тохиролцоог гэрээнд тусгана” гэж заасан байна.
7.3.Иймээс талуудын байгуулсан 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн №20/07 дугаартай “Инженер геологийн судалгаа гүйцэтгэх гэрээ”-ний 2.1-д “Гүйцэтгэгч захиалагчийн ажлын даалгаврыг стандартын шаардлагад нийцүүлэн чанарын өндөр түвшинд гүйцэтгэнэ”, 2.3-д “Гэрээт ажлыг 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн ажлын 14-20 хоногт хийж гүйцэтгэнэ”, 3.1-д “Гэрээт ажлын нийт хөлс 2,327,287 төгрөг байх бөгөөд үүнд НӨАТ ороогүй болно”, 3.2-т “Захиалагч тал хээрийн ажил эхлэхээс өмнө гэрээт ажлын нийт хөлсний 30% болох 698,186 төгрөгийг Төрийн банкны 291400400000 дансанд тушаана”, 3.3.-д “Захиалагч туршилтын үр дүнг хүлээж авахдаа гэрээний үлдэгдэл төлбөр болох 1,629,101 төгрөгийг Төрийн банкны 291400400000 дансанд тушаана“ гэж тус тус заасан байна.
7.4.2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн №20/07 дугаартай “Инженер геологийн судалгаа гүйцэтгэх гэрээ”-ний 2.2-д “Гэрээний дагуу гүйцэтгэх ажлын төсөв нь гэрээний салшгүй хэсэг байна” гэж заасан ба Б аймаг Б сумын Цэцэгт багийн бага сургуулийн өргөтгөлийн барилгын инженер геологийн ажил”-ын нийт төсөв 2,327,287 төгрөг болох нь нотлогдож байна.
7.5.Мөн 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр №20/07 дугаартай “Инженер геологийн судалгаа гүйцэтгэх гэрээ” нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3 заасан нөхцөлийг бүрэн хангасан байна.
Энэ нь Сангийн сайдын 2019 оны 282 дугаар тушаалаар батлагдсан “Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг төлөвлөх, санхүүжүүлэх, хянах, тайлагнах журам”-ын 9.13-д заалтад нийцэж байна.
7.6.Нэхэмжлэгч (гүйцэтгэгч) “Э” ХХК нь гэрээний хугацаанд буюу 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 21 хоногт Б аймгийн Б сумын 1 дүгээр багийн Бага сургуулийн өргөтгөлийн барилгын ИГСД болон байр зүйн зураглалыг 100%-ийн гүйцэтгэлтэй ажлыг хүлээлгэн өгсөн нь Барилгын инженер хайгуулын “Э” ХХК-ийн №006/020 дугаартай “Ажил хүлээлцэх акт”-аар нотлогдож байна.
Энэхүү ажил хүлээлцэх актад гүйцэтгэгчийг төлөөлж “Э ХХК-ийн захирал К.Б, захиалагчийг төлөөлж Барилга захиалагчийн албаны дарга М.С, зураг төсөл зохиогч “РН” ХХК-ийн архитектур С.А нар гарын үсэг зурж тус тус тамга дарж баталгаажуулсан байна.
7.7.Нэхэмжлэгч “Э” ХХК нь Б аймгийн ТН-ын Тамгын газарт “манай байгууллага нь Б сумын Цэцэгт багийн бага сургуулийн өргөтгөлийн барилгын инженер-геологи болон байр зүйн зураглалын судалгааны ажлыг гэрээний дагуу гүйцэтгэж байсан ба тухайн гэрээт ажлын төлбөр болох 2,327,287 төгрөг,....санхүүжилтийг олгож өгнө үү гэж хүсэлт тавьж байсан нь 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн №2022/25 дугаартай албан бичгээр нотлогдож байна.
8.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулах бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гэрээ /цаашид “худалдан авах гэрээ” гэх/-тэй холбоотой харилцааг энэ хуульд өөрөөр заагаагүй бол Иргэний хуулиар зохицуулна” гэж заасан байна.
Эдгээр нотлох баримтаар нэхэмжлэгч (гүйцэтгэгч) “Э” ХХК нь Б сумын Цэцэгт багийн бага сургуулийн өргөтгөлийн ажилд шаардагдах инженер-геологийн судалгааг гүйцэтгэж, хариуцагч (захиалагч) Б аймгийн ТН-ын Тамгын газар нь хээрийн ажил эхлэхээс өмнө гэрээт ажлын нийт хөлсний 30% болох 698,186 төгрөгийг, туршилтын үр дүнг хүлээж авахдаа гэрээний үлдэгдэл төлбөр болох 1,629,101 төгрөгийг тус тус төлөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулснаар тэдний хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулагдсан ба энэ талаар талууд маргаагүй, тухайн үйл баримтыг зөвшөөрч байгаа болно.
9.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээгээр нэхэмжлэгч (ажил гүйцэтгэгч) нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, хариуцагч (захиалагч) нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.
Мөн Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно” гэж заасан байна
10.Иймд нэхэмжлэгч (гүйцэтгэгч) “Э” ХХК нь Б сумын Цэцэгт багийн бага сургуулийн өргөтгөлийн ажилд шаардагдах инженер-геологийн судалгааг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгснөөр хариуцагч (захиалагч) Б аймгийн ТН-ын Тамгын газар нь гэрээний дагуу үнийг төлөх үүрэгтэй болно.
11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заасан бөгөөд хариуцагч Б аймгийн ТН-ын тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгч “Э” ХХК-ийн нэхэмжилсэн гэрээт ажлын хөлс нийт 2,327,287 төгрөгийн ажлын төсвийг Худалдан авах ажиллагааны алба төсөвт суулгаад өгөөгүй, мөн өргөтгөлийн барилгын ажлыг гүйцэтгэгчээр шалгарсан компаниар төлүүлэх ёстой байсан боловч ажлын уялдаа холбоогүйгээс төсөвт тусгагдаагүй үлдсэн байна гэж тайлбарладаг боловч холбогдох нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй болно.
Мөн хариуцагч талаас гаргаж өгсөн “Б” аймгийн Б сумын Цэцэгт багийн ажлын бага сургуулийн өргөтгөлийн ажлын төсөв”-т тус бага сургуулийн өргөтгөлийн ажилд шаардагдах инженер-геологийн судалгааг хийх ажлын хөлс тусгагдаагүй болох нь тогтоогдож байна.
12.Иймд нэхэмжлэгч (гүйцэтгэгч) “Э” ХХК болон (захиалагч) Б аймгийн ТН-ын Тамгын газрын байгуулсан 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн №20/07 дугаартай “Инженер геологийн судалгаа гүйцэтгэх гэрээ”-ний 1.4.-д “Талуудын аль нэг нь нөгөө талын зөвшөөрөлгүйгээр гэрээний эрх, үүргээ гуравдагч этгээдэд шилжүүлэхийг хориглоно” гэж заасан байхад хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Б аймгийн Б сумын Цэцэгт багийн ажлын бага сургуулийн өргөтгөлийг барихаар тендерт шалгарсан компаниар гэрээт ажлын хөлс нийт 2,327,287 төгрөгийг төлөх ёстой...” гэсэн тайлбар нь үндэслэлгүй байна.
13.Мөн 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн №20/07 дугаартай “Инженер геологийн судалгаа гүйцэтгэх гэрээ”-ний 2.4-д “энэ гэрээ нь хоёр талын эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурж, баталгаажуулсан өдрөөс хүчин төгөлдөр болж, талууд харилцан хүлээсэн үүргээ бүрэн биелүүлснээр дуусгавар болно” гэж зааснаар (захиалагч) Б аймгийн ТН-ын Тамгын газар нь нэхэмжлэгч (гүйцэтгэгч) “Э” ХХК-нд гэрээний дагуу төлөх гэрээт ажлын хөлс нийт 2,327,287 төгрөгийг бүрэн төлснөөр гэрээ дуусгавар болох байсан боловч захиалагч дээрх ажлын хөлсийг гүйцэтгэгчид төлөөгүй гэдэг нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар нотлогдож байна.
14.Иймд дээрх нотлох баримтуудыг үндэслэн Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1-ийг тус тус баримтлан хариуцагч Б аймгийн ТН-ын Тамгын газраас гэрээт ажлын хөлс нийт 2,327,287 (хоёр сая гурван зуун хорин долоон мянга хоёр зуун наян долоон) төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Э” ХХК-нд олгох нь зүйтэй байна.
15.Харин Б аймгийн ТД энэ хэргийн хариуцагч гэдэг үндэслэл тогтоогдохгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаас Б аймгийн Засаг даргад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
16.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Э” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52,200 төгрөгөөс нэхэмжлэлийн үнийн дүнд оногдох 52,187 төгрөгийг улсын орлого болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн илүү төлсөн 3 (гурван) төгрөгийг тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 0100020000941 дугаартай данснаас, мөн хариуцагч Б аймгийн ТН-ын Тамгын газраас 52,187 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Э” ХХК-нд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1-ийг тус тус баримтлан хариуцагч Б аймгийн ТН-ын Тамгын газраас гэрээт ажлын хөлс нийт 2,327,287 (хоёр сая гурван зуун хорин долоон мянга хоёр зуун наян долоон) төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Э” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас Б аймгийн Засаг даргад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч “Э ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52,200 (тавин хоёр мянга хоёр зуун) төгрөгөөс нэхэмжлэлийн үнийн дүнд оногдох 52,187 (тавин хоёр мянга нэг зуун наян долоон) төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б аймгийн ТН-ын Тамгын газраас 52,187 (тавин хоёр мянга нэг зуун наян долоон) төгрөгийг, мөн Б аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 0100020000941 дугаартай данснаас 3 (гурван) төгрөгийг төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Э” ХХК-нд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК