Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 130/ШШ2023/00380

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж тус шүүхийн иргэний хэргийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн А сумын 13 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг, Ерөнхий боловсролын Б Е сургууль (захирал А.Е);

Хариуцагч: Б аймгийн А сумын 11 дүгээр багт байрлах, Б аймгийн О газар (дарга З.А)

Хамтран хариуцагч: Б аймгийн А сумын 11 дүгээр багт байрлах, Б аймгийн Засаг даргын Тамгын газарт үйл ажиллагаа явуулдаг, Б аймгийн ОС (дарга нь аймгийн Засаг даргын орлогч Х.А)

Нэхэмжлэлийн шаардлага: Короновируст халдвар /ковид-19/-ын цар тахалтай холбогдуулан тусгаарлагдсан иргэдийн байрласан байр, хоол, урсгал зардлын нөхөн олговор болох 24,017,000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ерөнхий боловсролын Б Е сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.М,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч С.Н (Улаанбаатар хотоос онлайнаар),

Хариуцагч  Б аймгийн О газрын дарга З.А,

Хамтран хариуцагч Б аймгийн ОС (аймгийн Засаг дарга)-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Т,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Е нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ерөнхий боловсролын Б Е сургууль нь анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч Б аймгийн О газарт холбогдуулан “Короновируст халдвар /ковид-19/-ын цар тахалтай холбогдуулан тусгаарлагдсан иргэдийн байрласан байр, хоол, урсгал зардлын нөхөн олговор болох 24,017,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэл гаргасан.

Хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ерөнхий боловсролын Б Е сургууль нь нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөн хамтран хариуцагчаар Б аймгийн ОС-ыг татаж, хариуцагч  Б аймгийн О газар болон хамтран хариуцагч Б аймгийн ОС (аймгийн Засаг дарга)-д тус тус холбогдуулан “Короновируст халдвар /ковид-19/-ын цар тахалтай холбогдуулан тусгаарлагдсан иргэдийн байрласан байр, хоол, урсгал зардлын нөхөн олговор болох 24,017,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Нэхэмжлэгч Ерөнхий боловсролын Б Е сургууль нь Б аймгийн А сумын 13 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2020 оны 4 дүгээр сард Коронавирус халдвараас үүдэлтэй аймгийн хэмжээнд үүссэн онцгой нөхцөл байдлыг ойлгож, нийгмийн хариуцлагаа ухамсарлан Короновирус халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1, 13.2.2-т заасан үүрэг буюу эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг сахин биелүүлж, Бүгд Найрамдах Казахстан улсаас ирсэн Монгол Улсын 110 гаруй иргэнийг сургуулийн дотуур байранд байрлуулж, өглөө өдөр оройн хоол, тав тухтай орчин нөхцөлөөр хангаж үйлчилсэн.

1.2.Тухайн үед аймгийн ОС-оос 2020 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 1-801/919 дүгээр албан тоотоор короновирусийн халдвараас урьдчилан сэргийлэх эрсдэлийг бууруулах зорилгоор Улсын ОС-ын 2020 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 8 дугаар хурлаар тусгаарлах байрны зориулалтаар ашиглахаар улсын болон хувийн хэвшлийн сургуулийн дотуур байрыг шийдвэрлэхийг мэдэгдсэн. Мөн Бүгд Найрамдах Казахстан Улсад короновирусын халдвар бүртгэгдсэнтэй холбогдуулан тус улсаас ирсэн Монгол улсын иргэдийг 14 хоног тусгаарлахаар шийдвэрлэсэн тул Ерөнхий боловсролын Б Е сургуулийн дотуур байрыг шаардлагатай тохиолдолд ашиглахад бэлдэж, 250 ортой тусгаарлах байрыг 2020 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүртэл бэлэн болгох шаардлагатай гэсэн.

1.3.Үүний дагуу Ерөнхий боловсролын Б Е сургуулиас 2020 оны 3 дугаар сард короновирус халдвараас үүдэлтэй аймгийн хэмжээнд үүссэн онцгой нөхцөл байдлыг ойлгож, нийгмийн хариуцлагаа ухамсарлан Короновирус халдвар /Ковид-19/ цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1, 13.2.2-д заасан үүрэг буюу эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг биелүүлж Казахстан Улсаас ирсэн Монгол Улсын 110 гаруй иргэдийг сургуулийн дотуур байранд байрлуулж өглөө, өдөр, оройн хоол, тав тухай орчныг хангаж үйлчилсэн.

1.4.Энэ хугацаанд тусгаарлагдсан иргэдэд тусламж үзүүлэхдээ холбогдон гарсан санхүүгийн бодит зардал болох 51,072,000 төгрөгийг сургуулийн зүгээс аймгийн ОС болон О газарт хүсэлт гаргаад нэхэмжилсний дагуу 27,055,000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд үлдэгдэл 24,017,000 төгрөгийг өнөөдрийн хүртэл төлөхгүй байгаа учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан.

1.5.Тухайн үед сургалтын үйл ажиллагаа зогссон цаг үеийн байдалтай холбоотой сургуулийн санхүүгийн байдал хүндрэлтэй байсан хэдий ч тусгаарлагдсан иргэдэд зориулж хүнсний бүтээгдэхүүн нүүрс зэргийг сургуулийн зүгээс зээлээр авч, тогооч нарыг бүтэн цагаар ажиллуулсан. Короновирус халдвар /Ковид-19/ цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх үйл ажиллагаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшлийн эд хөрөнгө, барилга байгууламжийг дайчлан авч болох бөгөөд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өдөр тутмын нэн шаардлагатай хэрэгцээг хангахад ашиглагддаг эд хөрөнгө, барилга байгууламжийг дайчлахгүй” гэсний дагуу хариуцагч байгууллагаас цар тахалтай холбогдуулан Б аймгийн Е сургуулийн дотуур байрыг дайчлан хамруулсан гэж ойлгож байна.

Мөн хуулийн 16.2-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшлийн эд хөрөнгө, барилга байгууламжийг дайчилсан тохиолдолд тухайн хөрөнгийн урсгал, эсхүл үйл ажиллагааны зардлын хэмжээгээр нөхөх олговор олгоно” гэсний дагуу шаардах эрхээ хэрэгжүүлж байна.

1.6.Б аймгийн О газраас тухайн төлбөрийг тухайн үед зөвшөөрч нэхэмжлэгч байгууллагад шилжүүлж байсан. Дайчилгаанд хамруулсан субъект нь өөрөө аймгийн ОС буюу аймгийн Засаг дарга байсан. Иймд тусгаарлагдсан иргэдийн төлбөрийг аймгийн Засаг дарга эсвэл аймгийн О газар авч бидэнд шилжүүлэх ёстой байсан.

1.7.Иргэний хуулийн 74, 75 дугаар зүйлд гэрээний харилцаа болон хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой харилцааг зохицуулж өгсөн. Хөөн хэлэлцэх хугацаа 3 жил гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар төлбөр орж ирсэн сүүлийн хугацаа нь 2021 оны 6 сарын 16-нд орж ирсэн учраас хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэх боломжгүй.

1.8.Короновируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг буруулах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшлийн эд хөрөнгө, барилга байгууламжийг дайчилсан тохиолдолд тухайн хөрөнгийг урсгал, эсхүл үйл ажиллагааны зардлын хэмжээгээр нөхөн олговор олгоно...” гэж заасан.

1.9.Иймд холбогдох нотлох баримтуудыг үндэслэн хариуцагч  Б аймгийн О газар болон хамтран хариуцагч Б аймгийн ОС (аймгийн Засаг дарга)-оос “Короновируст халдвар /ковид-19/-ын цар тахалтай холбогдуулан тусгаарлагдсан иргэдийн байрласан байр, хоол, урсгал зардлын нөхөн олговор болох үлдэгдэл  24,017,000 төгрөгийг  гаргуулж өгнө үү гэсэн байна.

2.Хариуцагч Б аймгийн О газрын дарга С.А нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хариу тайлбартаа:

2.1.Бүгд Найрамдах Казахстан Улсад коронавируст халдварын тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан Улсын ОС-ын 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 07 дугаар хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх, коронавируст халдвараас иргэдийг урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн Засаг даргын 2020 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн А/165 дугаар захирамжаар Бүгд Найрамдах Казахстан Улсаас Оросын Холбооны Улсаас дамжиж Цагааннуур авто замын боомтоор тус аймгийн нутаг дэвсгэрт орж ирсэн Монгол Улсын иргэдийг өөрсдийн зардлаар тусгаарлах ажлыг аймгийн ОС зохион байгуулан ажилласан.

2.2.Улсын ОС-ын 2020 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 07 дугаар хурлын шийдвэр, Засаг даргын 2020 оны 3 дугаар сарын 14-ны өдрийн А/165 дугаар захирамжаар тусгаарлалтын зардлыг иргэд өөрсдөө хариуцахаар заасан юм. Тухайн үед 14 хоногийн хугацаатай тусгаарлагдаж гарсан иргэдэд төлбөрийн нэхэмжлэлийг өгч ажилласан. Мөн аймгийн Засаг даргын 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн А/228 дугаар захирамжаар байгуулагдсан (ажлын хэсэг байгуулах тухай) ажлын хэсэг тусгаарлалтын төлбөрийг барагдуулах ажлыг хариуцан ажиллаж байсан. 

2.3.Б аймгийн О газраас Короновируст халдварын үед тусгаарлах үйл ажиллагаа зохион байгуулсан нь үнэн. Олон улсын хэмжээнд короновирусын халдварын нөхцөл байдал хүнд байсан. Тухайн үед Казахстан улс болон Оросын холбооны улсад короновирусын халдвар бүртгэгдсэн. Үүнтэй холбогдуулан тухайн улсаас ирсэн иргэдийг аймгийн Засаг даргын 2020 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 165 дугаар захирамжийн дагуу тусгаарлах үйл ажиллагаа зохион байгуулсан. Аймгийн ОС-ын дарга нь аймгийн Засаг дарга байдаг.

2.4.Аймгийн ОС өөрөө тамга тэмдэг бланктай боловч ОС-ын данс гэж байгаагүй. Иймээс тухайн үед аймгийн О газрын нэмэлт дансанд тухайн үед орж ирсэн хандив тусламжийг манай нэмэлт дансанд тушаагаад шилжүүлж өгөх үүрэгтэй. Иргэдээс мөнгө тушаахдаа ямар дансанд тушаах вэ гэхэд О газрын нэмэлт дансанд тушаасан. Аймгийн ОС-ын ажлын алба О газар гэж явдаг учраас манай нэмэлт дансыг ашигласан. Тухайн үед иргэдээс төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудаас олон тусламж хандив ирсэн. Тэр бүгдийг О газрын нэмэлт дансанд төвлөрүүлж захиран зарцуулсан.

2.5.Тусгаарлах байрны мөнгийг тухайн иргэд өөрсдөө төлөх ёстой байсан. Тусгаарлагдсан иргэдээс хувийн баталгаа гаргаж авч байсан. Зарим иргэд мөнгөө төлөөд явсан. Гэхдээ төлбөрөө төлөөгүй иргэд ч байгаа. Иймээс энэхүү данс дахь мөнгөнөөс тухай үед төлбөрөө төлөөгүй тусгаарлагдсан иргэдийн төлбөрийг нэхэмжлэгчийн дансанд шилжүүлсэн нь үнэн. Данснаас мөнгө шилжүүлсний төлөө О газар хариуцагч болж байна. Аймгийн Засаг даргын захирамжаар иргэдийн аюулгүй байдлыг хангах ажлыг О газар, Цагдаагийн газар зохион байгуулахаар заасан ба бид үүргээ биелүүлсэн.

2.6.Тухайн үед аймгийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулж, өр төлбөр барагдуулах ажлыг зохион байгуулж байсан. Улсын ОС-ын 7 дугаар хуралдааны шийдвэрээр иргэдийг тусгаарлах хугацаанд гарсан зардлыг тухайн иргэд өөрсдөө хариуцсан төлнө гэж тусгасан. Төлбөрөө төлөхийг иргэд хүлээн зөвшөөрч эхэндээ төлж байсан. Төлбөрөө төлөөгүй иргэдийн буруутай ажиллагаанаас ийм байдал үүсэж байна.

Иймд Б аймгийн О газар нь Короновируст халдвар /ковид-19/-ын цар тахалтай холбогдуулан тусгаарлагдсан иргэдийн байрласан байр, хоол, урсгал зардлын нөхөн олговор олгох эрхий бүхий субъект буюу хариуцагч биш тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас Б аймгийн О газарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байна.

3.Хамтран хариуцагч Б аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Т шүүх хуралдаанд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хариу тайлбартаа:     

3.1.Аймгийн Засаг даргын 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн А/165 дугаар захирамжаар гадаад улсад ковид-19 бүртгэгдсэн улсаас ирсэн иргэдийг тусгаарлах тухай захирамж гарсан. Уг захирамжийн 1 дэх заалтаар тусгаарлагдсан иргэдийг өөрсдийн зардлаар тусгаарлах шийдвэр гарсан. 2 дахь заалтаар тусгаарлагдсан иргэдийг орон байр хоол цайгаар хангахыг аймгийн Засаг даргын Тамгын газар болон аймгийн БС-т тус тус даалгасан. Нэхэмжлэгч хариуцагчаа зөв тодорхойлсон эсэх нь эргэлзээтэй байна. Улсын ОС-ын хуралдааны 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 07 тэмдэглэлийн 9.3 дахь заалтад тусгаарлагдсан иргэдийн гарсан зардлыг иргэдийн өөрсдөөс нь гаргуулах ажлыг зохион байгуулахаар тусгасан. Уг ажлыг хариуцахыг аймгийн Засаг даргын Тамгын газар болон аймгийн БС-т үүрэг болгосон.

3.2.Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна”, 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” гэж зохицуулсан. Анх 2020 оны 3 дугаар сард иргэд тусгаарлагдсан байна. Нэхэмжлэгч тал шүүхэд хандах шаардах эрхээ алдсан гэж үзэж байна гэсэн байна.

 4.Нэхэмжлэгчээс Ерөнхий боловсролын Б Е сургуулийн нягтлан бодогч Д.Агийн гаргасан тус сургуульд тусгаарлалтад байгаа хүмүүсийн жагсаалт”-ын тооцоо, мөн нягтлан бодогч Д.Агийн гаргасан Ерөнхий боловсролын Б Е сургуулийн дансанд шилжүүлсэн (ковид-19) тусгаарлах байрны мөнгөний задаргаа, Ерөнхий боловсролын Б Е сургуулийн захирлын 2020 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн №14 дугаартай “Хүсэлт хүргүүлэх тухай” албан бичиг, тус сургуулийн байр болон дотуур байрны зураг, Б аймгийн О газрын дэслэгч Т.Цэцэгмаагийн тооцоог гаргаж нэгтгэсэн “2020 оны тусгаарлагдсан иргэдийн төлбөрийн мэдээлэл (төлөөгүй)” зэрэг бичгийн нотлох баримтуудыг гаргаж өгсөн болно.

 Хариуцагч Б аймгийн Огазраас шүүхэд Б аймгийн Засаг даргын 2020 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн №А/165 дугаартай “Коронавируст халдвар бүртгэгдсэн улс орноос ирсэн иргэдийг тусгаарлах тухай” захирамж, Б аймгийн Засаг даргын 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн №А/228 дугаартай “Ажлын хэсэг байгуулах тухай” захирамж, 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн №07 дугаартай “Улсын ОС-ын VII хурлын тэмдэглэл” зэрэг бичгийн нотлох баримтуудыг гаргаж өгсөн болно.

Хамтран хариуцагч Б аймгийн ОС (аймгийн Засаг дарга)-аас шүүхэд нотлох баримт гаргаж өгөөгүй болно.

Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр тус шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн №130/ШЗ2023/01246 дугаартай захирамжийн дагуу хариуцагч Б аймгийн О газраас “Коронавирусаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд 2020 онд “Е” сургуульд  тусгаарлагдсан иргэдийн судалгаа”-г шүүхэд хүргүүлсэн, мөн Б аймгийн Засаг даргын Тамгын газраас  Б аймгийн Засаг даргын 2020 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн №1-01/191 дугаартай “Ерөнхий боловсролын Б Е сургуулийн захирал А.Е танаа” гэсэн албан бичиг, “Аймгийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/125 дугаар захирамжаар байгуулагдсан байнгын шуурхай штабт 24 цагаар жижүүр хийх байгууллагуудын хуваарь зэрэг бичгийн баримтууд хэрэгт авагдсан болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

5.Шүүх талуудын шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зармыг хангаж, зармыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх зүйтэй байна.

6.Нэхэмжлэгч Ерөнхий боловсролын Б Е сургууль нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... Б аймгийн О газраас тухайн төлбөрийг тухайн үед зөвшөөрч нэхэмжлэгч байгууллагад шилжүүлж байсан. Дайчилгаанд хамруулсан субъект нь өөрөө аймгийн ОС буюу аймгийн Засаг дарга байсан. Иймд тусгаарлагдсан иргэдийн төлбөрийг аймгийн Засаг дарга эсвэл аймгийн О газар авч бидэнд шилжүүлэх ёстой байсан боловч төлөхөөс татгалзсан тул Б аймгийн О газар болон Б аймгийн ОС (аймгийн Засаг дарга)-оос “Короновируст халдвар /ковид-19/-ын цар тахалтай холбогдуулан тусгаарлагдсан иргэдийн байрласан байр, хоол, урсгал зардлын нөхөн олговор болох үлдэгдэл  24,017,000 төгрөгийг  гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

7.Хариуцагч Б аймгийн О газар нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ...Аймгийн ОС өөрөө тамга тэмдэг бланктай боловч ОС-ын данс гэж байгаагүй байсан тул тухайн үед аймгийн О газрын нэмэлт дансанд орж ирсэн хандив тусламжийг тус газрын нэмэлт дансанд төвлөрүүлж захиран зарцуулсан. Данснаас мөнгө шилжүүлсний төлөө О газар хариуцагч болж байна. Иймд Б аймгийн О газар нь Короновируст халдвар /ковид-19/-ын цар тахалтай холбогдуулан тусгаарлагдсан иргэдийн байрласан байр, хоол, урсгал зардлын нөхөн олговор олгох эрхий бүхий субъект буюу хариуцагч биш тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас Б аймгийн О газарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох зүйтэй байна.

8.Хамтран хариуцагч Б аймгийн ОС (аймгийн Засаг дарга)-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Т шүүх хуралдаанд нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ... Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна”, 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” гэж зохицуулсан. Анх 2020 оны 3 дугаар сард иргэд тусгаарлагдсан байна. Нэхэмжлэгч тал шүүхэд хандах шаардах эрхээ алдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

9.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

9.1.Монгол Улсын шадар сайд, Улсын ОС-ын дарга Ө.Э, Улсын ОС-ын нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, О ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.А нарын гарын үсэгтэй 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн №07 дугаартай “Улсын ОС-ын VII хурлын тэмдэглэл”-ийн Ес.Аймаг, нийслэлийн Засаг дарга, ОС-ын дарга нарт гэсний 9.3 дахь заалтаар “Коронавируст халдвар гарсан улс оронд оршин сууж байсан, дамжин өнгөрсөн, халдвартай хүнтэй болон сэжиг бүхий хүнтэй хавьтал болсон (хамт байсан, нэг унаанд суусан зэрэг) өгүүлэмжтэй хүмүүсийг тусгаарлах байранд 14 хоног өөрсдийнх нь зардлаар тусгаарлаж шинжилгээний хариу гартал ажиглалт хийх”-ийг, мөн 9.4 дэх заалтаар “Тусгаарлах болон ажиглалт хийх байрны бэлтгэхтэй холбогдуулан гарах зардлыг орон нутгийн нөөц боломжийг дайчлан, ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллагатай хамтран шийдвэрлэх”-ийг тус тус үүрэг болгосон байна. 

9.2.Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль-ийн 9 дүгээр зүйлийн 9.17-д “Засгийн газар, Улсын ОС-ын шийдвэрийг хэрэгжүүлэх хүрээнд холбогдох хууль тогтоомжийн дагуу аймаг, нийслэлийн Засаг дарга цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор тухайн нутаг дэвсгэртээ дагаж мөрдөх дүрэм, журам, заавар, төлөвлөгөө, удирдамжийг батлан хэрэгжилтийг хангана” гэж заасан байна.

9.3.Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7дүгээр зүйлийн 71.1-д “Цар тахлын үед иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, хорио цээр, хязгаарлалтын дэглэмд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэх зорилгоор жилийн батлагдсан төсвийн нийт зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр хөрөнгийн болон урсгал зардал хооронд төсвийн зохицуулалт хийх” гэж аймгийн Засаг даргаас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар заасан байна. 

9.4.Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1 дэх хэсэгт ”Засаг дарга нутаг дэвсгэрийн хэмжээнд гамшгаас хамгаалах арга хэмжээг төлөвлөх, санхүүжүүлэх, удирдах, хэрэгжүүлэх эрхтэй” гэж, 32.1.3 дахь хэсэгт “Гамшиг болон аюулын үед шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх, түүнийг захиран зарцуулах эрхтэй” гэж тус тус заасан байна.

9.5.Иймээс Б аймгийн Засаг дарга 2020 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн №А/165 дугаартай “Коронавируст халдвар бүртгэгдсэн улс орноос ирсэн иргэдийг тусгаарлах тухай” захирамжийн 1 дэх заалтаар “Бүгд Найрамдах Казахстан Улсад коронавируст халдварын тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан Бүгд Найрамдах Казахстан Улсаас Оросын Холбооны Улсаар дамжиж Цагааннуурын авто боомтоор орж ирсэн Монгол Улсын иргэдийг 2020 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн 14 хоног өөрсдийнх нь зардлаар тусгаарласугай” гэсэн байна.

9.6.Мөн Б аймгийн Засаг даргын 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн №А/228 дугаартай “Ажлын хэсэг байгуулах тухай” захирамжаар Бүгд Найрамдах Казахстан Улс, Оросын Холбооны Улсад коронавируст халдвар бүртгэгдсэнтэй холбогдуулан авто замын Цагааннуур боомтоор нэвтэрч 14 хоногийн хугацаатай тусгаарлагдсан иргэдийн тусгаарлах байранд байх хугацаанд гарсан төлбөрийг барагдуулах ажлын хэсгийг байгуулан, тусгаарлалтаас гарсан иргэдийн хаягийг бүртгэн, орлогын эх үүсвэрийг хүн бүрээр нарийвчлан тогтоох, тусгаарлалтад байсан хугацаанд гарсан төлбөрийг хугацаандаа барагдуулах ажлыг шуурхай зохион байгуулахыг ажлын хэсэг (Х.Ербол)-д үүрэг болгосон байна.

9.7.Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль-ийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх үйл ажиллагаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшлийн эд хөрөнгө, барилга байгууламжийг дайчлан авч болох бөгөөд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өдөр тутмын нэн шаардлагатай хэрэгцээг хангахад ашиглагддаг эд хөрөнгө, барилга байгууламжийг дайчлахгүй” гэж заасан байна.

Иймээс Б аймгийн Засаг дарга 2020 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн №1-01/191 дугаартай албан бичгээр .... Бүгд Найрамдах Казахстан Улсад коронавируст халдварын тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан тус улсаас ирсэн Монгол Улсын иргэдийг 14 хоног тусгаарлахаар шийдвэрлэсэн тул танай сургуулийн дотуур байрыг шаардлагатай тохиолдолд тусгаарлах байрны зориулалтаар ашиглахад бэлтгэж 250 ортой тусгаарлах байрыг 2020 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүртэл бэлэн болгохыг (нэхэмжлэгч) Ерөнхий боловсролын Б Е сургуулийн захирал А.Е мэдэгдсэн байна.

9.8.Ерөнхий боловсролын Б Е сургуулийн захирал А.Е нь.... энэхүү аймгийн Засаг даргын 2020 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн №1-01/919 дугаартай албан бичигтэй танилцаад...тус сургууль нь нийгмийн хариуцлагын хүрээнд та бүхий ирүүлсэн хүсэлтийг дэмжиж, хамтран ажиллах боломжтой... Мөн сургуулийн дотуур байранд тусгаарлагдах иргэдийг хүлээн авах хүчин чадалт 158 иргэн тул эдгээр иргэдийн байр, хоолны төлбөрт өдрийн 35 мянган төгрөгийн хөлстэй байх үнийн саналыг...Дотуур байрны өрөөний тоо, багтаамжийг хүснэгтээр хавсаргав 2020 оны 3 дугаар сарын №14 дугаартай албан бичгийг Б аймгийн Засаг даргад хүргүүлсэн байна.

9.9.Б аймгийн О газраас гаргаж өгсөн “Коронавирусаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд 2020 онд “Е” сургуульд  тусгаарлагдсан иргэдийн судалгаа”-аар нийтдээ 111 хүн тусгаарлагдсан болох нь нотлогдож байна.

Мөн Б аймгийн О газрын ахлах нягтлан бодогч дэслэгч Т.Ц-гийн тооцоог гаргаж нэгтгэсэн 2020 оны тусгаарлагдсан иргэдийн төлбөрийн мэдээлэл (төлөөгүй)”-ийн жагсаалтаар нийт нэр бүхий 74 хүнээс 21,714,000 төгрөгийн төлбөр төлөгдөөгүй талаар тусгасан байна. 

9.10.Ерөнхий боловсролын Б Е сургуулийн нягтлан бодогч Д.Агийн гаргасан “Б Е сургуульд тусгаарлалтад байгаа хүмүүсийн жагсаалт”-аар 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 41 хүн 14 хоногоор, нэг өдрийн хөлс 30,000 төгрөгөөр тооцоход 17,220,000 төгрөг; 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 6 хүн 14 хоногоор, нэг өдрийн хөлс 30,000 төгрөгөөр тооцоход 2,520,000 төгрөг; 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 31 хүн 14 хоногоор, нэг өдрийн хөлс 30,000 төгрөгөөр тооцоход 13,020,000 төгрөг; 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 30 хүн 14 хоногоор, нэг өдрийн хөлс 30,000 төгрөгөөр тооцоход 12,600,000 төгрөг; 2020 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 4 хүн 14 хоногоор, нэг өдрийн хөлс 30,000 төгрөгөөр тооцоход 1,680,000 төгрөг; 2020 оны 03 дугаар сарын 14-ны өдөр 2 хүн 14 хоногоор, нэг өдрийн хөлс 30,000 төгрөгөөр тооцоход 840,000 төгрөг; 2020 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 6 хүн 14 хоногоор, нэг өдрийн хөлс 30,000 төгрөгөөр тооцоход 2,520,000 төгрөг; 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 2 хүн 14 хоногоор, нэг өдрийн хөлс 16,000 төгрөгөөр тооцоход 448000 төгрөг; 2020 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 1 хүн 14 хоногоор нэг өдрийн хөлс 16,000 төгрөгөөр тооцоход 224,000 төгрөг; нийт дүн 51,072,000 төгрөг байна.

Мөн нягтлан бодогч Д.Агийн гаргасан  “Ерөнхий боловсролын Б Е сургуулийн дансанд шилжүүлсэн (ковид-19) тусгаарлах байрны мөнгөний задаргаа”-аар 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Х банкны 5197000000 харьцах дансанд 20,244,000 төгрөг; 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Х банкны 5197000000 харьцах дансанд 3,000,000 төгрөг; 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Х банкны 5197000000 харьцах дансанд 2,877,000 төгрөг; 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Х банкны 5197000000 харьцах дансанд 180,000 төгрөг; 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Төрийн банкны 291500146181 харьцах дансанд 204,000 төгрөг; 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Төрийн банкны 291500146181 харьцах дансанд 200,000 төгрөг; 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Төрийн банкны 291500146181 харьцах дансанд 350,000 төгрөг; нийтдээ 7 удаагийн үйлдлээр 27,055,000 төгрөгийг Б аймгийн О газраас шилжүүлсэн гэдэгт талууд маргаагүй болно.

9.11.Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д “Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Гамшгаас хамгаалах тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэн” гэж заасан байна.

Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль-ийн 16 дугаар зүйлийн 16.2-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшлийн эд хөрөнгө, барилга байгууламжийг дайчилсан тохиолдолд тухайн хөрөнгийн урсгал, эсхүл үйл ажиллагааны зардлын хэмжээгээр нөхөх олговор олгоно” гэж заасан байна.

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.1.1-д зааснаар “аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараах бүрэн эрхийг хэрэгжүүлэн ажиллах ба бүрэн эрхийнхээ хүрээнд нутаг дэвсгэрийн хэмжээнд гамшгаас хамгаалах арга хэмжээг төлөвлөх, санхүүжүүлэх, удирдах, хэрэгжүүлэх үүрэгтэй” гэж заасан байх тул хамтран хариуцагч Б аймгийн ОС-ын дарга, аймгийн Засаг дарга нь Короновируст халдвар /ковид-19/-ын цар тахалтай холбогдуулан тусгаарлагдсан иргэдийн байрласан байр, хоол, урсгал зардлын нөхөн олговрыг хариуцах ёстой  байна.

9.12.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1, 72.2-д зааснаар хамтран хариуцагч Б аймгийн ОС-ын дарга, аймгийн Засаг даргын орлогч Х.А-д нэхэмжлэлийн нэг хувийг шүүхээс 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр гардуулан, эрх үүргийг танилцуулсан ба хамтран хариуцагч 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүрэг хүлээсэн боловч үүргээ биелүүлээгүй болно.

9.13.Шүүх хуралдаанд хамтран хариуцагч Б аймгийн ОС-ын дарга, аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж маргасан.

9.14.Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн тусгаарлагдсан иргэдийн байрласан байр, хоол, урсгал зардлын нөхөн олговор гаргуулах үүрэгтэй холбоотой шаардлагад хөөн хэлэлцэх хугацаа хамаарна.

9.15.Талууд Короновируст халдвар /ковид-19/-ын цар тахалтай холбогдуулан тусгаарлагдсан иргэдийн байрласан байр, хоол, урсгал зардлын нөхөн олговрыг хэзээ хэрхэн олгох талаар талаар тохиролцоогүй бөгөөд хамгийн сүүлчийн тусгаарлагдсан иргэдийн нөхөн олговрын мөнгө 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Төрийн банкны 291500146181 харьцах дансанд 350,000 төгрөг шилжиж орж ирсэн энэ өдрөөс эхлэн нэхэмжлэгч тусгаарлагдсан иргэдийн байрласан байр, хоол, урсгал зардлын нөхөн олговрын үнийг дутуу авсан буюу эрх нь зөрчигдсөн, зөрчигдсөн тухай мэдсэн, мэдэх ёстой байсан ба Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн шаардах эрхээ хэрэгжүүлэх хугацааг энэ үеэс эхлэн тоолох үндэслэлтэй байна.

9.16.Нэхэмжлэгч Короновируст халдвар /ковид-19/-ын цар тахалтай холбогдуулан тусгаарлагдсан иргэдийн байрласан байр, хоол, урсгал зардлын нөхөн олговор болох 24,017,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээ тус шүүхэд 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр гаргасан тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасан шаардлага гаргах 3 жилийн хугацаа өнгөрөөгүй бөгөөд  нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байна.

9.17.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж зааснаар хамтран хариуцагч Б аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгчийн нэхэмжилсэн Короновируст халдвар /ковид-19/-ын цар тахалтай холбогдуулан тусгаарлагдсан иргэдийн байрласан байр, хоол, урсгал зардлын нөхөн олговор болох 24,017,000 (хорин дөрвөн сая арван долоон мянга) төгрөгийг үгүйсгэсэн талаар нотлох баримтаа гаргаж өгөөгүй болно. 

10.Хавтаст хэрэгт авагдсан аймгийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/125 дугаар захирамжаар байгуулагдсан байнгын шуурхай штабт 24 цагаар жижүүр хийх байгууллагуудын хуваарь нь энэ нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй болно.

11.Иймд Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1 дэх хэсэг, Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дах хэсэгт заасныг тус тус баримтлан хамтран хариуцагч Б аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс Короновируст халдвар /ковид-19/-ын цар тахалтай холбогдуулан тусгаарлагдсан иргэдийн байрласан байр, хоол, урсгал зардлын нөхөн олговор болох 24,017,000 (хорин дөрвөн сая арван долоон мянга) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ерөнхий боловсролын Б Е сургуульд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Б аймгийн О газарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

12.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.10-д зааснаар энэ нэхэмжлэл нь хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авсан тохиолдолд нөхөн олговор төлүүлэхтэй холбогдолтой маргаан тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага 24,017,000 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 278,035 төгрөгийг хамтран хариуцагч Б аймгийн ОС (Б аймгийн Засаг дарга)-оос гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1.Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1 дэх хэсэг, Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хамтран хариуцагч Б аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс Короновируст халдвар /ковид-19/-ын цар тахалтай холбогдуулан тусгаарлагдсан иргэдийн байрласан байр, хоол, урсгал зардлын нөхөн олговор болох 24,017,000 (хорин дөрвөн сая арван долоон мянга) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ерөнхий боловсролын Б Е сургуульд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Б аймгийн О газарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.10-д зааснаар нэхэмжлэгч Ерөнхий боловсролын Б Е сургууль нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Б аймгийн ОС (Б аймгийн Засаг дарга)-оос 278,035 (хоёр зуун далан найман мянган гучин таван) төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Б.МАНГИЛИК