2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2430

 

 

 

 

 

 

 

 2025           10           28                                         2025/ШЦТ/2430

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал,

улсын яллагч Ц.Гэрэлчимэг,

шүүгдэгч ****нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ****ид холбогдох эрүүгийн 2510000001005 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ****

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч ****нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр ****эзэмшлийн байшингийн цонхны салхивчийг автеркаар хөшин дотогш хууль бусаар нэвтэрч эрэгтэй шаргал өнгийн бөгж 1 ширхэг, эрэгтэй эмэгтэй хаан бугуйвч, хатан сүйх хээтэй шаргал өнгийн бөгж 2 ширхэг, цагаан өнгийн төмөр металл бугуйвч 1 ширхэг, шаргал өнгийн металл ээмэг 1 ширхэг, эмэгтэй хүний шаргал өнгийн металл гинж 1 ширхэг, цагаан алтан бөгж 1 ширхэг зэрэг нийт 7 ширхэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3.150.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ****мэдүүлэхдээ: “...Тухайн үед эхнэртэйгээ жаахан маргалдсан байсан, машинтай халтуур хийх гэж байгаад цааш алхаж яваад ийм асуудалд орсон. Ийм гэмт хэрэг хийхгүй амьдарч болно гэдгийг мэдэрсэн, миний буруу...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 8-10 дахь тал/,

 

Хэргийн газрын үзлэгээр олдсон гэх саарал өнгийн өрөөсөн ажлын бээлийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 11 дэх тал/,

 

Хохирогч Б.Бадралын:  

“... Өнөөдөр буюу 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 21-р хороо, 815-р “Таун хауст” гэртээ унтаж байхад миний унтаж байсан өрөөнд юм унах шиг чанга чимээ гарах шиг болохоор нь би босож харахад нүүрэндээ хар маск зүүсэн эрэгтэй хүн эхнэрийн үнэт эдлэлийн хайрцгийг шалнаас авах гээд зогсож байсан. Би тухайн хүнд хандаж хэн бэ гэж асуухад Ганаа байна гэж хэлээд гэрээс гарах гээд зугтаах гэж байхад манай эхнэр болох Халиун гаднаас орж ирж таарсан. Тухайн этгээд орж ирсэн гэх жижиг өрөөний цонхоор гараад зугтах гэж байгаад цаашаа унаад өгөх шиг болсон. Би гэрийнхээ араар тойроод цонхны гадна талд очиход манай эхнэрийн цаг мөн абтерка байсан. Би тухайн этгээдийн явсан чигт машинаа унаад явахад 400 метрийн зайд тухайн этгээд нь хөлөө бариад овоолсон шорооны хажууд зогсож байсан. Манай гэрээс хуримын хоёр ширхэг монетон бөгж 1.200.000 төгрөг, могойн дүрстэй мөнгөн бугуйвч 100.000 төгрөг, монетон ээмэг 2 хос 100.000 төгрөг, цагаан алтан гинж 1.300.000 төгрөг, монетон гинж 150.000 төгрөгөөр тус тус алдагдсаныг үнэлж байна. Надад нийт 2.850.000 төгрөгийн хохирол учирсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дэх тал/,

 

Даатгалын хохирол үнэлгээний “Гранд Ассет Валью” ХХК-ний 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хохирол үнэлгээ “Хөрөнгийн үнэлгээ нийт 3.150.000 төгрөг...” гэсэн тайлан /хавтаст хэргийн 19-25 дахь тал/,

 

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдал:

“...****нь 170 см өндөртэй, 71 кг жинтэй, мах маарай дунд, толгойдоо шулуун 6 см урт үстэй. ****дээгүүрээ хар өнгийн урдаа цахилгаантай тамирын хүрэмтэй, хар өнгийн хагс ханцуйтай цамц өмссөн, доогуураа хар өнгийн ноосон өмдтэй, доогуур цагаан өнгийн пүүзтэй, түүний өмссөн хувцсанд ямар нэгэн гэмтэл, урагдтал цооролтгүй. Мөн ****ийн гарт саарал өнгийн жижиг цүнх байсныг тэмдэглэлд тусган онгойлгон үзэхэд цагаан өнгийн мятал /богино/ гинж 1 ширхэг, эрэгтэй, эмэгтэй хүний 2 ширхэг шаргал өнгийн мятал бөгж 2 ширхэг, шаргал өнгийн эмэгтэй хүний өрөөсөн ээмэг 1 ширхэг, шаргал өнгийн гинж, чолон 1 ширхэг, цагаан өнгийн утасгүй чихэвч /өрөөсөн/ 1 ширхэг байхыг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн түр хураан авав...” гэсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 32-34 дэх тал/,

 

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдал:

“...****ийн биед үзлэг хийсэн тэмдэглэлээр түр хураан авсан саарал өнгийн цүнхэнд үзлэгийг үргэлжлүүлэн хийхэд,

-Саарал өнгийн цүнхийг хэмжиж үзэхэд 15х21 см хэмжээтэй, гурван ширхэг цахилгаан хаалттай байх бөгөөд хамгийн урд талд цахилгаантай халаасанд эд зүйл үгүй, дунд байх цахилгаантай халаасанд эд зүйл үгүй, хамгийн хойд талд байх цахилгаантай халаасыг онгойлгон үзэхэд дотор талд нь цагаан өнгөтэй гинж байхыг хэмжихэд 19.5 см урттай могойны толгой мэт түгжээтэй бугуйнд зүүх зориулалтай гинж 1 ширэг, шаргал өнгөтэй эрэгтэй хүний хурмын бөгж 1 ширхэг, шаргал өнгөтэй эмэгтэй хүний хурмын бөгж 1 ширхэг, шаргал өнгөтэй эмэгтэй хүний өрөөсөн ээмэг 1 ширхэг, шаргал өнгийн нарийхан гинж 46 см урт хар өнгийн хар өнгийн зүрхэн хэлбэртэй чулуу мэт кулон 1 ширхэг, цагаан өнгийн утасгүй чихэвч 1 өрөөсөн байсныг тэмдэглэлд тусган гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав...” гэсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 35-37 дахь тал/,

 

Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн хошууч М.Мөнх-Эрдэнийн “...хулгай хийсэн хүнийг барьсан...” гэсэн дуудлага, мэдээллийн дагуу очиж шалгасан тухай илтгэх хуудас /хавтаст хэргийн 38 дахь тал/,

 

Шүүгдэгч ****оос хураан авсан эд зүйлсийг хохирогч Б.Бадралд хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 39 дэх тал/, ****, ***** ийн овог, эцэг (эх)-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, урьд ял шийтгүүлсэн шийтгэх тогтоолын хуулбарууд хорих ял эдлүүлэх албаны 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 02-03/2235 дугаартай албан бичиг зэрэг түүний хувийн байдлын талаарх зах бүхий байгууллагын лавлагаа, мэдээлэл /хавтаст хэргийн 42-46, 55 дахь тал/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

 

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч ****нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр ****эзэмшлийн байшингийн цонхны салхивчийг автеркаар хөшин дотогш хууль бусаар нэвтэрч эрэгтэй шаргал өнгийн бөгж 1 ширхэг, эрэгтэй эмэгтэй хаан бугуйвч, хатан сүйх хээтэй шаргал өнгийн бөгж 2 ширхэг, цагаан өнгийн төмөр металл бугуйвч 1 ширхэг, шаргал өнгийн металл ээмэг 1 ширхэг, эмэгтэй хүний шаргал өнгийн металл гинж 1 ширхэг, цагаан алтан бөгж 1 ширхэг зэрэг нийт 7 ширхэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3.150.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй.

 

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч  ****ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч ****нь:

2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр ****эзэмшлийн байшингийн цонхны салхивчийг автеркаар хөшин дотогш хууль бусаар нэвтэрч эрэгтэй шаргал өнгийн бөгж 1 ширхэг, эрэгтэй эмэгтэй хаан бугуйвч, хатан сүйх хээтэй шаргал өнгийн бөгж 2 ширхэг, цагаан өнгийн төмөр металл бугуйвч 1 ширхэг, шаргал өнгийн металл ээмэг 1 ширхэг, эмэгтэй хүний шаргал өнгийн металл гинж 1 ширхэг, цагаан алтан бөгж 1 ширхэг зэрэг нийт 7 ширхэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3.150.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан болох нь хохирогч Б.Бадралын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний “Гранд Ассет Валью” ХХК-ийн хохирол үнэлгээний тайлан, дүгнэлтүүд хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдал, дуудлага, мэдээллийн дагуу очиж шалгасан тухай илтгэх хуудас, шүүгдэгч ****оос хураан авсан эд зүйлсийг хохирогч Б.Бадралд хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

 

Иймд Хан-Уул дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч ****ийг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүн амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.

 

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Бадралд нийт 3.105.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогчид алдагдсан эд зүйлсийг биет байдлаар буцаан хүлээлгэн өгсөн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэж байна.

 

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч ****ийг Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

Иймд шүүхээс шүүгдэгч ****ийг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, мөн түүний хувийн байдал зэргийг харгалзан, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

 

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2510000001005 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 1 ширхэг ажлын бээлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ****цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ****ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч ****ийг 2 /хоёр/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****ид оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 1 ширхэг ажлын бээлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж, хэрэгт  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ****цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч ****ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, түүний эдлэх ялыг 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч ****ид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ДАЛАЙХҮҮ