| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Далайхүү |
| Хэргийн индекс | 195/2025/0055/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/2438 |
| Огноо | 2025-10-29 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | О.Батбилэг |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2438
2025 10 29 2025/ШЦТ/2438
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал,
улсын яллагч О.Батбилэг,
хохирогч С.Эрдэммэдлэг,
шүүгдэгч ****нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ****т холбогдох эрүүгийн 2508025081430 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ****
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч ****нь “тавилга захиалгаар хийж өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, итгэл үнэмшил төрүүлэн хохирогч С.Эрдэммэдлэгээс 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр урьдчилгаа төлбөр гэж 3.500.000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 1.050.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5645057094 тоот дансаар нийт 4.550.000 төгрөгийг 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлэн авч, хохирол учруулан залилах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ****мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Эрдэммэдлэг мэдүүлэхдээ: “...Би пэйж хуудсаар нь ороод тавилгаа хийлгэсний дараа тал төлбөр өгч болно, мөн хувь лизингтэй гэсэн байсан тул тавилгын захилга өгсөн. Тэгээд тавилгын үйлдвэрээс хоёр хүн катологитой ирж хэмжээ авсан ба төлбөрөө хэрхэн төлөх талаар болон гэрээгээ байгуулах талаар ярилцаад гэрээгээ байгуулах гэтэл гэрээ нь 2021 гэсэн онтой байсан тул 2025 болгоод засаад гэрээ байгуулъя гэж хэлсэн. Тэгээд төлбөрөө шилжүүлэх гэж байгаад гэрээгээ янзлахаа мартаад явсан байсан. Одоо хохирол болох 4.550.000 төрөг нэхэмжилж байна...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:
“...Би 2025 оны 02 дугаар сарын 13-ны өглөө өөрийн фейсбүүк цахим хаягаараа "Халиун тавилга" гэх хаяг руу тавилга захиалж хийлгэхээр холбогдож юнителийн 86926016 дугаарыг нь авч ярихад нэг эрэгтэй хүн утас авсан тэр хүнд би гал тогооны болон ханын тавилга захиалж хийлгэхээр ярилцсан. Тэгээд тэр хүн манайд өдөр зураг гаргаж хэмжээ авахаар ирсэн. Ирэхдээ хоёулаа ирсэн. Тэгээд тэр хоёр хүнд гал тогоо болон ханын тавилга хийх газраа зааж өгсөн. Тэгээд тэр хоёр хэмжээ аваад ямар тавилга хийх талаар ярилцсан. Тэгээд тэр хүмүүс тавилгын материалын танилцуулга гаргаж ирээд үзүүлээд тавилгын материал болон өнгө сонгуулсан. Өнгө сонгуулсныхаа дараа гэрээгээ байгуулъя гээд гэрээний хуудас гаргаж ирсэн. Тэгээд гэрээ хийх гэсэн чинь нөгөө хоёр залуу хуучин 2021 оны гэрээ аваад ирсэн байна гэхээр нь засаж бичээд гэрээ байгуулчихъя гэсэн чинь тэгвэл тэгье гэж байгаад төлбөр тооцоо болон урьдчилгаа мөнгөө ярилцаад гэрээгээ мартчихсан. Тэгээд би өөрийн эзэмшлийн Хаан банкны 5171592017 гэх данснаас Хаан банкны 5645057094 Эрдэнэбаатар Энхбаатар гэх данс руу нь урьдчилгаа 3,500,000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд тэр хоёр залуу тавилгаа 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр авчирч ирээд угсраад өгнө гэж хэлээд явсан. Тэгээд 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр би тавилга захиалсан хүний 86926016 дугаарын утсаар нь холбогдож тавилган дээрээ нэмэлтээр юм хийлгэе гэсэн чинь болно мөнгө чинь нэмэгдэнэ шүү гэхээр нь үнэ хөлсөө тохиролцоод өөрийн эзэмшлийн Хаан банкны 5030361261 дугаартай данснаас Хаан банкны 5645057094 Эрдэнэбаатар Энхбаатар гэх данс руу 1,050,000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд тэрнээс хойш 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр тавилга ирэхээс өмнөх өдөр 86926016 дугаар руу нь залгаад маргааш иргэн биз дээ хуучин тавилгаа гаргаж хаяад бэлдчихсэн байгаа шүү гэсэн чинь маргааш очно гэсэн. Тэгээд ирэх ёстой 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр ирэхгүй болохоор нь залгахад тавилга наадаг машин эвдэрчихсэн засуулахаар болчихлоо ямар ч байсан цагаан сараас өмнө бэлэн болгоод танайхыг хохироочихлоо баярын дараа тавилгыг чинь гоё хийж дуусгана таныг залгахаар үнэхээр хэлэх үг олдохгүй ярьж чаддаггүй ээ уучлаарай гэж бичсэн байсан. Тэрнээс хойш одоог хүртэл ямар ч холбоогүй болсон...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 9-10 дахь тал/
Шүүгдэгч ****ын:
"... Би 2024 онд тавилгын үйлдвэрт ажиллаж байгаад 2024 оны намар 11 сараас хойш ажиллахаа больчихсон байсан юм. Тэгээд хувиараа хүний тавилга үйлдвэрлэдэг тоног төхөөрөмжийг түр ашиглаж хаа нэг захиалга хийж өгдөг байсан. Тэгээд зайсанд нэг айлын тавилга хийхээр болсон тэр захилга нь 11,000,000 төгрөгийн захиалга байсан юм. Энэ нь 11,000,000 төгрөгийн 4,500,000 төгрөгийг нь авч үлдсэн мөнгөнд нь шүд эмчлүүлэхээр бартераар тохирсон юм. Тэгээд тэр захиалгаа хийх гэж байсан чинь нөгөө хүн нь 2,000,000 төгрөг л өгсөн юм. Тэгээд тэр захиалгаа хийх гэж байсан чинь нөгөө хүн нь 2,000,000 төгрөг л өгсөн юм. Тэгээд би мөнгө асуугаад нэхэж байгаад нийт 4,500,000 төгрөг болгож авсан. Тэгээд материал нь хүрэхгүй болсон. Тэр үед давхар хүний төхөөрөмж дээр тавилга хийж байтал тэр хүн нь түрээсээ төлөхгүй байна гээд хөөгдсөн. Тэгээд өмнөх захиалгын материал хүрэхгүй байхаар нь нэмж 3,500,000 төгрөгийн захиалга авсан. Тэгээд би өмнөх 11,000,000 төгрөгийн захиалгын тавилгад зарцуулсан юм. Тэгээд сүүлийн захиалгаа хийх гэсэн чинь тавилга хийх газарч байхгүй болоод мөнгө байхгүй болоод хийж өгч чадаагүй..." гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 87-88 дахь тал/,
Гэрч Б.Баатарын:
“...Яг одоогийн байдлаар хүн түрээслээгүй үйл ажиллагаа явуулахгүй байгаа. Түрээсэлж байсан хүн нь түрээсээ төлөхгүй болохоор нь гэрээгээ цуцлаад гаргасан. 2024 оны 10 байна уу 11 сард гаргаад зөрүүлээд өөр хүнд түрээсэлсэн. Тухайн хүн нь 2025 оны 06 дугаар сард гэрээгээ дуусгаад гарсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дэх тал/,
2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн "Надад тавилга хийх тоног төхөөрөмж, хийх газар байгаагүй" гэсэн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 94-98 дахь тал/
2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 30-31 дэх тал/
2025 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 52-61 дэх тал/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 27 дахь тал/,
Төрийн үйлчилгээний ХУР системээс авсан лавлагаанууд, АСАП сангийн лавлагаа, дансны хуулга болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
I. Гэм буруугийн талаар:
Улсын яллагч “шүүгдэгч ****нь хохирогчийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах, шүүгдэгчээс нийт 4.550.000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч ****нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй.
Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч ****нь:
“тавилга захиалгаар хийж өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, итгэл үнэмшил төрүүлэн хохирогч С.Эрдэммэдлэгээс 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр урьдчилгаа төлбөр гэж 3.500.000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 1.050.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5645057094 тоот дансаар нийт 4.550.000 төгрөгийг 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлэн авч, хохирол учруулан залилсан болох нь хохирогч С.Эрдэммэдлэг, гэрч Б.Баатар нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч ****ыг Эрүүгийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.Эрдэммэдлэгт нийт 4.550.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгчээс мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд дээрх хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгч **** нийт 4.550.000 төгрөгийг гаргуулж, хохирогч С.Эрдэммэдлэгт олгох нь зүйтэй гэж үзлээ.
II. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас “шүүгдэгч ****Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Иймд шүүгдэгч ****ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
- Бусад асуудлаар:
Эрүүгийн 2508025081430 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ****нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ****ыг Эрүүгийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****ыг 300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****аас нийт 4.550.000 төгрөгийг гаргуулж, хохирогч С.Эрдэммэдлэгт олгосугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ****нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ДАЛАЙХҮҮ