2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 2025/ШЦТ/214

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буянзаяа,

улсын яллагч Б.Манлайбаатар,

хохирогч Ш.*******,

хохирогчийн өмгөөлөгч М.*******,

гэрч Т.*******,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.*******

шүүгдэгч Т.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Манлайбаатарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******д холбогдох эрүүгийн 2507001300174 дугаартай хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Монгол Улсын иргэн, *******-ний өдөр *******од төрсөн, , тай, боловсролтой, “” , , , , дүүрэг, , од оршин суух,

урьд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 396 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,

******* овогт *******ын ******* /РД: /.

 

            Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” нэртэй амралтын газарт 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Ш.*******ийн нүүрэн тус газар нь цохиж, газар унагаан цохих өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь “хамар ясны зүүн хажуу хананы далд хугарал, таславчийн мурийлт, дух, хамар, хоёр талын хоншоорын хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбэн, хацарт сорви гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Т.*******ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дараах дүгнэлтийг хийв.

 

Нэг. Гэм буруугийн талаар:

 

Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Т.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайг нотлох, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.******* “улсын яллагчийн зүйлчилсэн хуулийн зүйл, заалттай маргахгүй, ял шийтгэлийг хөнгөрүүлэх” гэсэн, хохирогчийн өмгөөлөгч М.******* “шүүгдэгчийн гэм бурууг тогтоох прокурорын байр суурийг дэмжиж, түүний сэтгэцэд учирсан хохирлыг арилгуулах, нөхөн төлүүлэх” гэсэн байр сууринаас тус тус оролцов.

 

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг:

 

Шүүгдэгч Т.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Ярих зүйл байхгүй. Би найзыгаа өмөөрсөн. А.ийг чамайг өмөөрөх хэн ч байхгүй гэж хэлэхээр нь би найз нь болохоор өмөөрнө гэж хэлээд өмөөрсөн” гэв.

 

Хохирогч Ш.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн өдөр караокены өрөөнд муудалцсан нь үнэн. Энэ талаараа би бас цагдаад хэлсэн. Маргалдсан үед өөрийнх нь биед түрүүлж гар хүрсэн зүйл байхгүй. Гэрч А.ий биед мөн түрүүлж гар хүрсэн зүйл байхгүй. Караокеноос гараад эхний байшинд очих үед би цүнхээ аваад гэр лүүгээ явах гэж байсан. Тэгсэн эхний байшинд цүнх маань байхгүй байсан тул нөгөө байшин руу нь орох гэж байхад шүүгдэгч найзтайгаа гүйж ирээд хоёулаа над руу дайрсан.  Үснээс зулгаагаад газар унагаасан. Нүүр хэсэг минь муухай болчих вий дээ гэж бодоод гараараа нүүрээ дарсан. Аль болох чадахаараа дарсан боловч дэвсээд зодоод байсан. Караокены өрөөнд байсан хүмүүс яг ард нь явж байсан тул салгасан. Тэгээд би байшин руу орж цагдаа дуудсан. Үйл явдал болсны дараа шүүгдэгч  нөгөө байшинд байсан. Тэгээд намайг цагдаа дуудах гэж байгааг мэдээд найз А.тэйгөө орж ирээд 30-40 минут тэр байшинд орилж, намайг доромжилсон. Тэгэхээр нь би чамтай юм ярихгүй, цагдаа ирэхээр мэдүүлэг өгөх тул битгий орилоод бай, миний бие өвдөөд байна гэж хэлсэн. Би өөрөө өөрийгөө өмгөөлөөд явчихна гэж хэлсэн. Цагдаа ирж байна гэхэд шүүгдэгч би явлаа гээд яваад өгсөн. Тэгээд би А. гэх охинтой хамт үлдээд цагдаагийн байгууллага дээр очиж мэдүүлэг өгсөн. Налайх дүүргийн эмнэлэг дээр очиж үзүүлсэн. Эрүүл мэндийн хувьд хамар хугарснаас хойш дандаа цацлага хэрэглэдэг болсон. Амьсгалахад хүндрэлтэй байгаа тул байнга гаа үнэрлэдэг болсон. Зүүн талын хацар дээрх сорви арилахааргүй болсон. Чихний зулгаралтыг Налайх дүүргийн эмч үзсэн өдрөө шууд боосон. Гэмтлийн эмнэлэг дээр очиход оёдол хийх хэмжээний том шарх үүссэн байсан. Тухайн үед нь оёдол хийлгээгүй эмчилгээ хийлгэсэн. Тэгээд жижиг сорвитой үлдсэн. Хэрэг болсноос хойш 4 удаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. 2 сарын хугацаанд хэвтрийн дэглэм барих ёстой байсан ч босож яваад мэдүүлэг өгч, эмнэлгээр явснаас болоод шилэн хүзүү хөшиж өвдөн босож, сууж чадахгүй болсон тул 4 удаагийн эмчилгээ хийлгэсэн. Хамрын хугарал нь хагалгаанд орох шаардлагатай гэж эмч хэлсэн. Хацрын сорви арилахааргүй болсон. Сэтгэцэд учирсан хохирлоо тогтоолгох гээд эмч нартай уулзаж ярилцлага өгсөн. Шүүгдэгч охиныг тэр өдөр анх харсан. Өнөөдөр дахин хоёр дахь удаагаа харж байна. Одоо харахад би сандарч зүрх дийлэхээргүй байна. Энэ охины үйлдлээс болж 8 сарын хугацаанд гэртээ байсан. Нийгэмтэй харилцах боломжгүй, айдас, эмээлтийн байдалтай байсан. Одоо би суралцаж байгаа хэдий ч оройн цагаар хичээл тарсан бол ээж ирж авахгүй бол оройн цагаар гадуур явж чадахгүй хэмжээнд хүрсэн байгаа. Энэ асуудалтайгаа нүүр тулаад сэтгэл зүйчтэй уулзаж байгаа хэдий ч энэ айдас хэвээрээ байгаа. Энэ хэргээс болж би өөрийн ажлаа алдсан. Миний ажил орлогын эх үүсвэр байсан тул үүн дээр маш гомдолтой байна. Сэтгэцэд учруулсан хохирлоо нэхэмжилнэ. Мөн эмнэлэгт  хэвтэн эмчлүүлсэн төлбөрөө бүрэн нэхэмжилнэ. Боломжтой бол сорвио арилгуулж хамрынхаа хагалгаанд орно гэж бодсон боловч Монгол улсад ийм процесс болдоггүй гэдгийг мэдсэн” гэв.

 

Гэрч Т.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Шүүгдэгч Т.******* нь манай А. гээд дүүгийн найз, би нээх сайн танихгүй. Хохирогч Ш.*******тэй 2-3 жилийн өмнө байрны найз болсон. Тухайн өдөр дотор бид хэд юм ярьж ууж суусан. Хойд талын байшин руу орж караокед дуулъя гэсэн. Би ороогүй. Харин цаад талынх нь өрөөнд биллиард тоглож байсан. Энэ хэд надтай ээлж ээлжээрээ ирж тоглосон. Биллиард, караокены цаг дуусахад Ш.******* болон А.ын хоёр найз болох Т.*******, А. нар муудалцсан байдалтай байсан. Гарах гэж байхдаа энэ 3 хоорондоо маргалдаж байсан. Ш.*******ийн араас А. гүйх гэж байхад нь би болиулсан. Ш.*******тэй хамт урд гараад алхаад явж байхад хойноос нэг хүн үсдэж хойшоо дарсан. Тэгээд зодоон эхэлсэн. Дууссаны дараа Ш.*******ийг аваад зүүн талын байр луу орсон. Яг юунаас болж яагаад маргасан юм бэ гэхэд би тодорхой шалтгаан болон учрыг ойлгоогүй. Ш.******* цагдаа дуудах үед Т.******* явсан. А. үлдсэн байсан. Юунаас болж маргасан талаар Ш.*******ээс асуухад надад юу болсон талаараа хэлээгүй. Тэгээд байж байтал энэ хэд нэг нэгээрээ орж ирээд Ш.*******ийг аргадаж байсан. Би тэр хооронд нойр хүрээд унтсан байсан” гэв.

 

            1.2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

 

Шүүгдэгч Т.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” нэртэй амралтын газарт 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Ш.*******ийн нүүрэн тус газар нь цохиж, газар унагаан цохих өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь “хамар ясны зүүн хажуу хананы далд хугарал, таславчийн мурийлт, дух, хамар, хоёр талын хоншоорын хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбэн, хацарт сорви гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

  • Хохирогч Ш.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 17 цагийн орчимд ийн “” амралтын газар ын төрсөн өдрийг тэмдэглэх гэж би түрүүлээд Ганди, , гийн дүү, Боёкогийн найз, Хангэрэл нарын хамт түрүүлж очсон. Бид нарын араас бусад найзууд ирсэн. Намайг зодсон ******* гэх охин анхнаасаа ирэхдээ согтуу ирээд тэр олон хүн дундаас над руу 2-3 цаг сонин ааш зан гаргаад байсан. Орой 22 цагийн үед над руу аашлаад байсан *******ын найз охин ирж байгаа гэж тэнд байсан хүмүүс хэлсэн. Найзыгаа ирж байгааг сонссон цагаас ******* бүр илүү бүдүүлэг аашлаад би байшин дотор сууж байсан чи цаашаагаа яв гэх мэтээр хуруугаараа над руу заагаад байсан. ...******* найзтайгаа миний араас алхаж байгаад ******* гэх миний араас үсдэж намайг газар унагаад үснээс зулгаагаад газраар миний зүүн хацар хэсгээр чирэхээр нь нүүрээ дараад хэвтэхэд хэн өшиглөөд байгаа нь мэдэгдэхгүй нүүр нүдгүй өшиглөөд байсан. Тухайн үед би аягүй шоконд ороод юу болсон гэдгийг ойлгоогүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дэх тал),

 

  • Гэрч Т.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр манай найзууд хотод цуглаад 17 цагийн орчимд “” амралтын газар ирээд хоёр байшин түрээслээд хөзөр тоглоод суусан. Хэсэг хугацааны дараа 21 цагийн орчимд хоол ундаа идээд караоке орохоор болоод надаас бусад нь караоке орсон. Би болохоор биллиардын өрөөнд той биллиард тоглож байгаад шуугиантай өрөөнд ормооргүй санагдаад ганцаараа ч хамаагүй биллиард тоглож байхад гэх орж ирээд надтай биллиард тоглож байхад орж ирээд бас тоглосон. Тэгээд цаг дуусаад биллиардын өрөөнөөс гарч байх явцад караокены өрөөнд маргаан болж байгаа сонсогдсон. Яг өрөөнийх нь үүдэнд очоод сонсоход *******, ******* гэх охинтой маргалдаж байгаа сонсогдсон. Тэгээд би *******тэй түрүүлээд шатаар өгсөөд явж байхад бид хоёрын араас нөгөө караокены өрөөнд байсан хэд гарч ирээд ******* *******ийн араас хэрүүл хийгээд шатаар өгсөөд гүйх гэхэд нөгөө хэд *******ыг болиулсан. Яг караоке байдаг барилгаас бид нарын байрлаж байсан байшин 30 метр орчим зайтай байсан. Өөрсдийнхөө байрлаж байсан байрны урд ирэхэд *******ийн араас ******* гэх үсдэж унагаад *******ийн дээрээс зодоод байх шиг байсан, тухайн орчин харанхуй байсан болохоор яг яаж зодож байгааг сайн хараагүй. Тэгээд тэнд байсан манай найзууд тэр хоёрыг салгаад, би *******ийг аваад зүүн талын байшин руу орсон” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дахь тал),

 

  • Гэрч А.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр миний төрсөн өдрийг тэмдэглэх гэж “” амралтын газар найзуудын хамт 18 цагийн орчимд очоод хоол цайгаа идэж уугаад миний төрсөн өдрийг тэмдэглэж байгаад орой нь “” амралтын газрын караоке орж дуулж байгаад би түрүүлээд нөгөө хэдээс өмнө гараад амралтын байшин руугаа явсан. Манай хэд ресортоос караокены цаг дуусаад хүрч ирцгээж байсан. Би тэд нарыг зодож байхыг хараагүй, намайг байшин дотор байхад ******* байшин луу орж ирээд ******* намайг зодчихлоо гээд зүүн талын хацраа барьсан, зүүн талын хацар нь зулгарсан, зүүн талын чих зулгарсан, дух хэсэгт хөхөрсөн байдалтай орж ирээд ******* цагдаа руу залгаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дахь тал),

 

  • Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Налайх дүүргийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн НАЛ0725/132 дугаартай “Ш.*******ийн хамар ясны зүүн хажуу хананы далд хугарал, таслагчийн мурийлт, дух, хамар, хоёр талын хоншоорын хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбэн, хацарт сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 34-36 дахь тал),

 

  • Шүүгдэгч Т.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 17 цагийн орчимд манай нэг найзын төрсөн өдрийг тэмдэглэх гэж арав гаруй найзуудын хамт *******оос ийн “” амралтад очоод бид нар байшин аваад тэндээ хөзөр тоглож, дуу дуулж, хоол унд идэж амарцгаасан. Караокед суухаас өмнө ******* гэх охин бид нарыг хэл амаар доромжлоод би нэг найзынхаа талаар ярихад тэр залуу чинь явдалтай гэх мэтээр үгээр өдөөд, караокед дуу дуулах гэж байгаад дууны сонголтоос болж хэрүүл үүсээд ******* шууд миний толгой руу гараараа нэг удаа цохиод авсан. Тэгсэн манай найз *******тэй барьцалдаж авахад тэнд байсан хүмүүс салгаад бид бөөндөө гадаа гарахад ******* над руу уурлаад хараагаад байхаар нь би *******ийг үсдээд тавьсан. Манай найз Идэрээ намайг аваад өөр байшинд оруулаад тайвшраад сууж байхдаа *******ийг ганцаарыг нь өөр байшинд байлгаад байх муухай юм биш үү, хэдүүлээ ярилцаж учраа олъё гэх үед аль хэдийн цагдаа дуудсан байсан. Би цагдаа ирэхээс өмнө тэнд байх ямар ч хүсэл байхгүй байсан болохоор хот руу яваад өгсөн” гэх мэдүүлэг зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

1.3. Эрх зүйн дүгнэлт:

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх субьектив болон обьектив шинжийг хангахыг шаарддаг.

 

            Хууль зүйн хувьд шүүгдэгч Т.*******ын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хохирогч Ш.*******ийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.

 

            Шүүгдэгч Т.*******ын үйлдлийн улмаас хохирогчийн биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

 

            Өөрөөр хэлбэл шүүгдэгч Т.******* нь тухайн үед үүссэн байсан хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Ш.*******ийг араас нь татаж, газарт унагаан нүүрэн тус газар нь цохих, өшиглөх зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь “хамар ясны зүүн хажуу хананы далд хугарал, таславчийн мурийлт, дух, хамар, хоёр талын хоншоорын хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбэн, хацарт сорви” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Т.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.

 

            1.4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч Ш.*******ийн биед хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, харин шүүхийн хэлэлцүүлэгт сэтгэцэд учирсан хохирол, хор уршигт 10,000,000 төгрөг болон цаашид хийгдэх эмчилгээний зардлыг нэхэмжилсэн.

 

            Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын Шүүх сэтгэцийн шинжилгээний тасгийн шинжээчийн 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн ЕГ0825/1490 дугаартай дүгнэлтээр “Шоовдор овогтой *******ийн сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна”...” гэх дүгнэлтийг үндэслэн Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан “Хүний сэтгэцэд хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д зааснаар “Хоёрдугаар зэрэглэл ...Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээний нөхөн төлбөрийг олгоно” гэж тогтоосны дагуу хохирогч Ш.*******ийн эрүүл мэндэд энэ гэмт хэргийн улмаас учирсан хамар ясны зүүн хажуу хананы далд хугарал, таславчийн мурийлт гэмтэлд хагалгаа хийлгэх шаардлагатай, гэмтлийнхээ улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн, шүүгдэгчийн төлбөрийн чадвар зэргийг харгалзан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 7 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр (660,000х7=4,620,000 төг) буюу 4,620,000 төгрөгөөр тогтоож нөхөн төлбөрийг олгох нь зүйтэй гэж үзсэн.

 

Харин хохирогч Ш.******* нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Т.*******аас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Мөн уг гэмт хэргийн улмаас хохирогч Ш.******* нь эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, эрүүл мэндийн даатгалын сангаас 55,396 төгрөгийг зарцуулсан байх бөгөөд шүүгдэгч Т.******* нь уг төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын санд төлж барагдуулсан тул түүнийг Эрүүл мэндийн даатгалын санд төлөх төлбөргүй гэж үзэв.

 

            Шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр гарсны дараа шүүгдэгч Т.*******, түүний өмгөөлөгчөөс “хохирол нөхөн төлөх үндэслэлээр ажлын 3 хоногийн завсарлага авах” хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл завсарлуулсан ба энэхүү хугацаанд шүүгдэгч Т.******* нь шүүхээс тогтоосон хохирол төлбөр болох 4,620,000 төгрөгөөс 1,620,000 төгрөгийг хохирогчид төлсөн болох нь хэрэгт гаргаж өгсөн баримтаар тогтоогдож байна.

 

            Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.*******аас 3,000,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Ш.*******ид олгохоор шийдвэрлэв.

 

            Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Т.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, тухайн торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” гэсэн дүгнэлт,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.******* “шүүгдэгч Т.******* нь оюутан, шүүхээс тогтоосон хохирлоос тодорхой хэмжээнд төлсөн, үлдсэн хохирлыг төлөхөө илэрхийлж байгаа, гэмт хэрэг гарах болсон шалтгаан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын хамгийн бага нэгжээр торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлт,

хохирогчийн өмгөөлөгч М.******* “Эрүүгийн хариуцлагатай холбоотой тусгайлан гаргах санал байхгүй” гэсэн тайлбарыг тус тус гаргасан болно.

 

            Шүүгдэгч Т.******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 1 удаа ял шийтгэгдэж, уг ялыг биелүүлж дуусгавар болсон байх тул түүнд нэмж нэгтгэх ялгүй байх ба шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Шүүх шүүгдэгч Т.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн үед үүссэн таагүй харилцааны улмаас бусдын биед халдсан байдал) учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, сэтгэл санааны хохиролд 1,620,000 төгрөг төлсөн, үлдсэн хохирлын нөхөн төлөхөө илэрхийлсэн), хувийн байдал (их сургуулийн төгсөх курсийн оюутан, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа байдал) зэргийг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, тухайн торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч Т.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******ыг 750 (долоон зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750,000 (долоон зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******д оногдуулсан 750 (долоон зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750,000 (долоон зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялыг 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******аас 3,000,000 (гурван сая) төгрөгийг гаргуулж, хохирогч Ш.*******ид олгосугай. 

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн  2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ш.******* нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Т.*******аас нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

  1. Шүүгдэгч Т.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Э.ЭНХЖАРГАЛ