Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 74

 

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гансүх даргалан,

                        Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Сувд-Эрдэнэ,

Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор: Я.Дина,

                        Шүүгдэгч: Ч.Төмөрцоож нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийж, Увс аймгийн Прокурорын Газраас 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сайван овгийн Чойжилсүрэнгийн Төмөрцоожид холбогдох 1735000020002 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 8 дугаар сарын 16-нд хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, холбоочин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамт Увс аймгийн Ховд сумын Ачит багт  оршин суудаг, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, РД:ОП91042714, Сайван овогт Чойжилсүрэнгийн Төмөрцоож.

            Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ч.Төмөрцоож нь 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн Ховд сумын Ачит багийн нутаг “Олон нуур” гэх нутагт М.Өзгерисийг хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд :

1. Хохирогч Ш.Өзгерис мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Батырбек, Тогтолхан, Ербалот, Айгүл бид хэд олон нуурт очиж амарсан юм. Орой амрах болоход Батырбек эхнэр Айгүл болон хүүхэдзздтэй голын эрэгт майхан барьж амрахаар болсон. Харин Тогтолхан, Ербалот бид гуравт хонох газар байхгүй байсан тул Тогтолхан ах “Манай таньдаг айл байгаа гурвуулаа очиж хоноё” гэхээр нь хамт явсан. Тэгээд бид 3 нэг айлд очсон. Тэр айлын нөхөр Төмөрцоож гэдэг залуу Тогтолхан ахыг таньдаг аав, ээжтэй нь сайн найзууд гэсэн. Тэгээд цай уучихаад сууж байтал Төмөрцоож 3 литрийн савтай шимийн архи гаргаж ирээд бид гуравт аягалж өгсөн тэгээд юм яриад сууж байтал  Тогтолхан ах унтлаа гээд хэвтсэн юм. Ербалот, Төмөрцоож бид гурав 3 литрийн шимийн архийг хувааж ууж дуусгаад одоо амарцгаая гээд хэвтсэн. Тэгээд нэг сэртэл Төмөрцоож намайг заамдаж аваад гэрээсээ чирч гаргаад миний нүүрэн хэсэгт гараараа 2-3 удаа цохиж зодсон. Тэгэхэд би унтаж байгаад зүүдлээд Төмөрцоожийн гал зуухны хажууд нь шээж байсан юм. Түүнээс болж Төмөрцоож уурлаж намайг зодсон би Төмөрцоожоос уучлалт гуйж бид 2 ярилцаж байхад Тогтолхан ах сэрээд юу болсоныг асуугаад намайг унт гэж загнисан тул би оронд орж амарсан. Тэгээд би өглөө үүр цайгаад 05:00 цагийн орчимд сэрээд босоход Төмөрцоож ганцаараа шимийн архи уугаад сууж байсан би босоод гэрээс гарах гэтэл 10000 /арван мянга/ төгрөг өгөөд чи надад архи аваад ир гэсэн би хажуу талын айлд очоод архи байна уу гэхэд байхгүй гэсэн тул би шууд голын хажууд байсан машин, майхан руу явсан. Намайг гол руу явж байхад миний араас Ербалот, Төмөрцоож хоёр ирж байсан. Намайг очиход Батырбек боссон. Тэгээд би гал түлээд сууж байтал Төмөрцоож, Ербалот нар ирсэн Батырбек загас барихаар гол руу явсан. Ербалот ус авахаар гол руу явсан Төмөрцоож бид 2 галын хажууд зэрэгцээд сууж байсан юм. Би түүнд 10000 /арван мянга/-н төгрөгийг нь өгөөд надад архи олдохгүй байна гэж хэлэхэд Төмөрцоож уурлаад муу хасгууд та нар намайг доромжилж байна уу? гээд байсан тэгсэнээ гэнэт хутга гаргаж ирээд миний баруун хөлний шилбэ хэсэгт нэг удаа хутгалсан би сандраад босох гээд өндийтөл зүүн суганы доод хэсэгт дахин нэг удаа хутгалсан. Би босоод Батырбек рүү гүйж очсон. Ербалот бас цаашаа зугтаасан байсан. Батырбек машинаас маниул аваад Төмөрцоожийн гар луу цохиж хутгыг нь унагаасан. Тэгтэл майханаас Айгүл гарч ирсэн тэгээд Төмөрцоож голын цаад талд байсан айл руу явсан. Миний зүүн талд суганы доод хэсэгт өвдөж цус гарч байсан. Тэгээд би машинд суусан. Тэд нар юмнуудаа аваад машинд суусан. Тэгээд эмч дээр ирээд үзүүлэхэд эмч надад нэг тариа хийгээд шарханд боолт хийж өгсөн. Тэгтэл тэр эмчийн гэрийн гадна Төмөрцоож ирээд бид нарыг явах гэтэл явуулахгүй гээд машинаас зуураад тавихгүй болохоор нь Тогтолхан ах Төмөрцоожтой хамт үлдсэн бид нар хотгор луу явсан. Хотгорт ирээд эмчид үзүүлэхэд яаралтай аймаг яв гэсэн тул шуул Баян-өлгий аймаг явсан. Би түүнтэй хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй. Харин шөнө унтаж байхдаа зүүдлээд гэрт нь шээсэн тул Төмөрцоож надад уурлаж та нар намайг доромжилж байна гээд байсан. 2017 оны 06 сарын 26-ны өдөр 12 цагийн орчимд бид нар нэг шил 0,5 л Улаанбаатар гэдэг архи хувааж уусан. Тэгээд тэр орой нь Төмөрцоожийн гэрт 3 л шимийн архи Тогтолхан, Ербалот, Төмөрцоож бид хэд хувааж уусан. Тэр хутгыг гэрээсээ л авсан байх яг сайн мэдэхгүй. Миний бие эмчилгээ хийгээд эдгэрч байна одоо нэг их өвдөж зовох зүйл байхгүй. Би Төмөрцоожоос 1,300,000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөг нэхэмжилж байна. Эмчилгээний зардалд нийт 600000 /зургаан зуун мянга/ төгрөг зарцуулсан. Мөн Баян-Өлгий аймаг явахад 70 л түлш шатахуун түгээх станцаас авсан юм. Мөн энэ хэргээс болж би нэг сар ажлаа тасалсан тул нэг сарын цалин 600000 /зургаан зуун мянга/ төгрөг тул нийтэд нь бодоод ойролцоогоор 1,300,000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөг болж байгаа юм. Надад учирсан хохирол болох миний нэхэмжилж буй мөнгийг барагдуулж Төмөрцоож өгөх байх гэж бодож байна” гэх мэдүүлэг /хх-ийн 18-20-р тал/,

2. Гэрч Х.Тогтолхан мөрдөн байцаалтад өгсөн: “ 2017 оны 6 дугаар сарын 26-нд хажуу айлын Батырбек эхнэр хүүхдүүдийн хамт Олон нуурт амрах гэж байна та яваад өг гэхээр нь өөрийн хүүхэд Ерболатын хамт явсан бид нар дээр Өзгерис гэдэг залуу бас хамт явсан. Тэгээд Олон нуурт ирээд орой болоод амрах гэтэл Өзгерис, Ерболат бид гуравт хонох газар байхгүй болохоор нь би тэр 2-ыг дагуулж Төмөрцоожийн гэрт дагуулж очсон. Төмөрцоож бид нарыг хүлээж аваад цай чанаж өгөөд эхнэр нь ор засаж өгөөд амрах гэж байтал Төмөрцоож 3 л савтай архи гаргаж ирээд бид нарт хийж өгсөн. Би түүнээс нэг хоёр тойруулчихаад унтаад өгсөн. Тэгтэл хүн чанга дуугарахаар нь босоод иртэл Төмөрцоож Өзгерисийг бариад авчихсан байсан. Өзгерис намайг уучилаарай гээд Төмөрцоожоос уучлалт гуйж байхаар нь юу болсныг Өзгерис асуухад “би унтаж байгаад зүүдлээд гэрт нь бие зассан /шээсэн/ байна” гэж хэлсэн. Тэгээд Өзгерисийг загнаад уурлахад Өзгерис Төмөрцоож бид 2 эвлэрч Өзгерис Төмөрцоожоос уучлалт гуйсан. Би Өзгерисийг унт гээд оронд нь оруулж хэвтүүлсэн. Тэгтэл Төмөрцоож унтахгүй ганцаараа суугаад шимийн архи уугаад байсан. Би жаахан ажиглаж байгаад унтсан. Гэнэт нэг хүн намайг татаад та босооч гэхээр нь босоод хартал Төмөрцоожийн эхнэр Төмөрцоож ална гээд гэрээс хутга аваад явчихлаа хурдан араас нь яв гэхээр нь би босоод машин дээр ирэхэд Өзгерисийг хутгалсан байсан. Тэгээд бид нар багийн эмчийн гэрийн гадаа очиход эмч гарч ирсэн бид нар дуудаж Өзгерисийн биеийг үзүүлэхэд түүний зүүн суганы доод хэсэгт болон баруун хөлний шилбэнд тус тус хутгалсан байсан. Эмч цус тогтоох тариа боолт хийж өгөөд хурдан эмнэлэг яв гэж хэлсэн. Тэгээд явах гэтэл Төмөрцоож хүрч ирээд машинаас зуураад бид нарыг явуулахгүй болохоор нь би Төмөрцоожтой хамт үлдээд тэд нар явсан. Тэгтэл Төмөрцоож намайг чи намайг үүрээд яв гээд зодсон /хөлрүү өшиглөж татаж унагааж, боож зодсон/ тэгээд Төмөрцоож бид 2 тэдний гэрт нь очсон тэгтэл шимийн архи гаргаж ирээд уу гэхээр нь би уугаагүй тэгсэн чинь дахиад намайг зодсон /өшиглөж, мөргөж, өвдөглөж зодсон/ тэгтэл хажуу айлын хүн орж ирээд намайг яв гэхээр нь би гэрээс нь гараад явж байтал мотоциклтой хүн тааралдаад би тэр хүнээр гэртээ хүргүүлж ирсэн. Би түүнийг цохиж зодоогүй. Харин Төмөрцоож намайг зодсон. Бид 2 хэрэлдэж маргалдаагүй харин Төмөрцоож намайг хүн дагуулж ирж гэрт шээлгэсэн доромжилсон гээд уурлаад байсан. Төмөрцоож Өзгерисийг хутгалж байхыг хараагүй би сүүлд очсон намайг очиход Өзгерисийн зүүн суганаас цус гарсан байсан. Харин Төмөрцоож тэнд байгаагүй доошоо айл руу явсан байсан. Түүний эхнэр намайг сэрээхдээ Төмөрцоож гэрээс хутга аваад явсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22-р тал/,

3. Гэрч Т.Ерболотын мөрдөн байцаалтад өгсөн: “ 2017 оны 6 дугаар сарын 26-нд Батырбек эхнэр Айлгүл болон хүүхдүүд, Өзгерис, аав Тогтолхан бид хэд Олон нуурт очиж амрах гээд явсан орой голын эрэгт  майхан бариад хоол цайгаа хийж идчихээд амрах гэтэл Өзгерис аав бид 3-т майхан хүртээгүй болохоор хонох газаргүй болсон тэгтэл аав энд миний таньдаг хүн байгаа гээд Өзгерис бид 2-ыг дагуулж явсан. Тэгээд нэг айлд орсон нөхөр бид нарт цай хийж өгсөн аав учир байдлыг хэлэхэд эхнэр нь бид нарт ор засаж өгсөн тэгээд амрах гэж байтал Төмөрцоож 3 л савтай шимийн архи гаргаж ирээд бид 3-т хийж өгсөн. Тэгээд юм яриад сууж байтал аав унтахаар хэвтсэн би ч ууж суулгүй унтлаа гээд хэвтсэн. Тэгтэл гэнэт хүн чанга дуугарахаар нь босоод хартал Өзгерис Төмөрцоожоос уучлалт гуйж байсан тэгтэл аав сэрээд Өзгерисээс юу болсоныг асуухад зүүдлээд гэрт шээсэн гэсэн тэгээд аав Өзгерисийг загнаад Төмөрцоож Өзгерис 2 эвлэрээд сууцгаасан. Тэгтэл Төмөрцоож шимийн архи гаргаж ирээд уусан тэгээд Өзгерисийг аав унт гээд бид 3 унтсан. Тэгээд Өзгерис бид 2 боссод нүүр гар угааж байтал Төмөрцоож Өзгерист 10000 /арван мянга/ төгрөг өгөөд архи аваад ир гэсэн тэгээд Өзгерис гэрээс гараад явсаны дараа Төмөрцоож намайг гаръя гэхээр нь би Төмөрцоожтой хамт гэрээс гарч Өзгерисийн араас явсан голын эрэгт очиход Өзгерис гал түлээд сууж байсан Батырбек голын эрэг загас барих гээд зогсож байсан Төмөрцоож бид 2 очоод Өзгерисийн хажууд суусан тэгээд би ус авч цай чанах гээд гол руу яваад ус аваад эргээд ирж байтал Төмөрцоож хутга барьчихсан Өзгерисийг хөөж байсан. Өзгерис энэ намайг хутгалчихлаа гэж орилсон. Тэгтэл Төмөрцоож над руу хутга бариад ирэхээр нь би усаа шидчихээд зугатсан Өзгерис гүйгээд Батырбекийн хажууд очсон байхад нь би харахад түүний зүүн суганы орчимоос цус гарч байсан. Батырбек машинаас маниул аваад Төмөрцоожийг 1 удаа цохисон тэгтэл майханаас Айгүл гарч иртэд нөгөө голын доод талд байсан айл руу Төмөрцоож явсан тэгээд бид нар юм хумаа машиндаа ачиж байтал аав ирсэн тэгээд багийн эмчийн гэрт очиж Өзгерисийн биеийг үзүүлэхэд зүүн суганы доод хэсэг, баруун хөлний шилбэ орчимд 2 удаа хутгалсан байсан. Тэгтэл эмчийн гэрт Төмөрцоож ирээд бид нарыг явах гэтэл машинаас зуураад тавихгүй болохоор нь аав хамт үлдэж бид нар Хотгорт ирсэн юм. Анх Өзгерис гэрт нь шээсэн гэж Төмөрцоож уурлаад байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р тал/,

4. Гэрч Ц.Буядаагын мөрдөн байцаалтанд өгсөн: “2017 оны 6 дугаар сарын 27-ны өглөө 07:00 цагийн орчимд гэрт байж байтал Төмөрцоож халамцуухан орж ирээд манайд 3 казак ирж хонолоо би 5 л шимийн архи гаргаж өгсөнийг уучихаад нэг нь гэрт шээгээд бөөлжөөд, шээгээд тэгэхээр нь би архи уугаад тэд нартай зодолдлоо гэж ярьсан тэгээд жаахан сууж байгаад гараад явсан би босоод гэр янзалж байтал гэрт нэг хар иштэй хутга байхаар нь гэрээс гаргаад хаячихсан тэр хутга одоо гэрийн гадна байгаа. Тухайн үед Төмөрцоожийн биед ил харагдах гэмтэл байгаагүй”   гэх мэдүүлэг /хх-ийн 25-р тал/,

5. Гэрч А.Арайгүл мөрдөн байцаалтанд өгсөн: “2017 оны 06 дугаар сарын 26-ны өдөр нөхөр Батырбек болон хүүхдүүд мөн Тогтолхан, Өзгерис, Ерболат нарын хамт Олон нуур гэдэг газарт зугаалахаар явсан юм. Олон нуур гэдэг газарт очоод бид нар майхангаа бариад би тэд нарт хоол хийж өгсөн. Тэгээд орой нөхөр Батырбек болон хүүхдүүдтэйгээ унтхаар майханд орсон харин Тогтолхан, Өзгерис, Ерболат нар машин дотор унтахаар болсон юм. Тэгээд би майханд орж унтсан. Өглөө гэнэт майханы гадаа хүмүүс чанга чанга дуугархаар нь гараад иртэл танихгүй эрэгтэй хүн хутга барьчихсан майханы хажууд зогсож байсан тэнд бас манай нөхөр Батырбек Өзгерис, Ерболат нар байсан. Тэгээд би сандраад та хэн бэ? Манай хүүхдүүд айгаад байна гэж хэлтэл тэр хүн цаашаа яваад өгсөн. Тэгээд би хүүхдүүдээ босгож хувцасыг нь өмсүүлээд машинд орж суусан Батырбек, Ерболат хоёр майханаа хурааж машинд ачсан тэгж байхад Өзгерисийн зүүн талын суганы орчмоос цус гарч байхыг би харсан. Бид нарыг майханаа хурааж байхад Тогтолхан ирсэн тэгээд бид нар машинаар багийн эмчийн гэрт очсон багийн эмч Өзгерисийн биеийг үзэж байхад нөгөө залуу бас ирсэн. Тэгээд Өзгерисийн биеийг эмчилж дууссаны дараа бид нарыг явах гэтэл нөгөө залуу машины хаалганаас зуураад тавихгүй бид нарыг явуулахгүй гээд байсан тул Тогтолхан ахыг тэнд нөгөө залуутай хамт үлдээгээд бид нар Хотгорын уурхай явсан. Намайг майхнаас гарч ирэхэд тэр залуу гартаа хутга барьчихсан зогсож байхыг л харсан өөр зүйл хараагүй.”   гэх мэдүүлэг /хх-ийн 26-р тал/,

6. Гэрч Ш.Батербекийн мөрдөн байцаалтанд өгсөн: “2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр эхнэр хүүхдүүд болон Тогтолхан, Ерболат, Өзгерис нарын хамт амрахаар Олон нуур гэдэг газарт очсон юм. Бид нар Олон нуурт очоод майхан барьж хоол хийж идчихээд амрах гэтэл Тогтолхан, Ерболат, Өзгерис гуравт майхан байхгүй тул айлд очиж хононо гээд явсан юм. Маргааш өглөө нь 06-н цагийн орчимд Өзгерис ганцаараа ирээд цай чанах гээд гал түлж байтал Ерболат, Төмөрцоож гэх залуу хоёр ирсэн тэр Төмөрцоож гэх залуу жаахан халамцуу байсан би тэр хоёрыг ирэхээр нь загас барих гээд голын эрэгт очиж дэгээ шидэж байтал гэнэт Ерболат, Өзгерис хоёр хоёр тийшээ гүйж байсан. Харин нөгөө Төмөрцоож гэх залуу гартаа хутга барьчихсан Өзгерисийг хөөгөөд гүйж байсан. Өзгерис миний хажууд зугтаж ирээд намайг хутгалчихлаа гэхээр нь хартал түүний зүүн талын суганы доод хэсгээс цус гарч байсан. Тэгтэл Төмөрцоож майханы ойрхон зогсож байхаар нь би эхнэр хүүхэд айчих байх гэж бодоод машинаас маниул аваад майханы хажууд очоод Төмөрцоожийг юу болоод байна наад хутгаа хая гэхэд Төмөрцоож муу хасгууд би та нарыг бүгдийг чинь ална гэж хэлсэн. Тэгээд ойртоод ирэхээр нь би хутгыг нь унагах гээд хутга барьсан гарлуу нь нэг удаа маниулаар хальт цохьсон юм. Тэгж байтал миний эхнэр Арайгүл майханаас гарч ирээд юу болоод байна аа чи хүүхдүүд айлгаад байна гэж хэлэхэд Төмөрцоож цаашаа айлруу яваад өгсөн. Тэгээд бид нар сандраад майхнаа нурааж машиндаа ачиж байтал Тогтолхан ах ирсэн тэгээд бид нар шууд багийн эмчийн гэрт очиж Өзгерисийн биеийг үзүүлж байтал Төмөрцоож тэнд бас ирсэн багийн эмч Өзгерисийн биеийг үзэж байхад нь хартал түүний баруун хөлний шилбэ хэсэгт нэг удаа, зүүн суганы доод хэсэгт нэг удаа хутгалсан байсан тэгээд эмч цус тогтоох тариа хийгээд боолт хийж өгөөд хурдан эмнэлэг яв гэсэн тэгээд бид нар явах гэтэл Төмөрцоож та нарыг явуулахгүй гээд машинаас зуураад тавихгүй, машин доор орж хэвтээд болохгүй болохоор нь Тогтолхан ахыг тэнд Төмөрцоожтой хамт үлдээгээд бид нар Хотгорлуу явах замдаа утасны сүлжээ орсон газарт зогсож цагдаад мэдэгдсэн юм. Тэгээд Хотгорын уурхайд ирж эмчид үзүүлэхэд оёдол тавьж Баян-Өлгий аймаг явахгүй бол болохгүй гээд аймаг аваад явсан. Яг хутгалж байхыг нь хараагүй. Намайг голын эрэгт загас барьж байтал гэнэт хүн орилохоор нь хартал Төмөрцоож гартаа хутга баьчихсан Өзгерисийг хөөж байсан. Ерболат бас зугтаагаад гүйж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28-р тал/,

7. Гэрч О.Мажигсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “2017 оны  7 дугаар сарын 27-ны өглөө 07-н цагийн орчимд гэрт байж байтал Төмөрцоож орж ирсэн тэгээд Казакууд манай гэрт архи ууж байтал нэг нь манай гэрт бөөлжөөд, шээгээд тэгээд би өнөөдөр архи уучихлаа гэж ярьсан. Тэгтэл Төмөрцоожийн гутлын түрийнд нь хутга байхаар нь би чи надад гутлынхаа түрийнд байгаа хутгаа өг гэтэл надад өгөхөөр нь би хутгыг нь аваад гэрт орхичихоод Төмөрцоожтой хамт багийн эмчийн гэрийн гадаа очиход нэг казак залуу хутгалуулсан гээд эмчилгээ хийлгэж байхаар нь Төмөрцоожийг тэнд нь үлдээгээд гэртээ ирсэн юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 29-р тал/,

8. Гэрч З.Нансалмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “2017 оны 6 дугаар сарын 27-ны өглөө 06 цаг өнгөрч байхад би босоод байж байтал манай гэрийн гадаа машин ирэхээр нь гараад уулзахад та багийн эмч мөн үү? Нэг хүн хутгалуулчихлаа гэхээр нь очоод үзэхэд нэг Казак залуу машин дотор цус гоожуулчихсан сууж байсан. Тэгээд би тэр хүнийг машинаас буулгаад биеийг нь үзээд юу болсоныг асуухад нэг казак залуу Төмөрцоожийг хутгалсан гэж надад хэлсэн тэгж байтал Төмөрцоож согтуу ирсэн тэгээд юу болсоныг асуухад энэ хүмүүс манай гэрт бөөлжиж шээсэн юм тэгээд би архи уучихлаа л гэж хэлсэн. Тэгээд би тэр хутгалуулсан залуугийн биеийг үзэхэд зүүн суганы доод хэсэгт зүсэгдсэн шархнаас цус нилээн их гоожиж байсан бас баруун хөлний шилбэ хэсэгт зүсэгдсэн шарх байсан тэгээд би шарханд нь боолт хийгээд цус тогтоох тариа хийгээд суурин газарт хурдан очиж эмчид үзүүлэхийг зөвлөөд явуулсан. Төмөрцоож тэр хүмүүстэй уулзаад хэсэг байж байгаад нэг казак хүнтэй хамт үлдсэн бусад нь яваад өгсөн. Зүүн суганы доод хэсэгт нилээд гүн орсон байх магадлалтай 3-4 см орчим шарх байсан түүнээс их цус алдаж байсан бас баруун хөлний шилбэнд 2 см орчим зүсэгдсэн шарх байсан. Тэр залуугийн биед өөр ямар нэгэн шарх сорви, гэмтэл байгаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 30-р тал/,

9. Гэрч Б.Ганзоригийн мөрдөн байцаалтанд өгсөн: “ Ч.Төмөрцоож нь эхнэр 2 хүүхдийн хамт Ачит багт мал маллаж амьдардаг ахуй амьдралын хувьд дажгүй амьдралтай хувьдаа машин, мотоцикльтой, 300 гаруй малтай амьдралын эх үүсвэр нь мал аж ахуй юм. Айлын том залуу учраас дүү нараа удирдаж амьдрал ахуйг нь авч явдаг хүн юм. Ч.Төмөрцоож нь ааш зангийн хувьд даруухан хүнд нэг их юм хэлээд байдаггүй, үг дуу цөөтэй, их ажилсаг нямбай хүн, биеийн байдлын хувьд жаахан зүрх муутай зүрх нь өвддөг, үе үе эмчилгээ хийлгэдэг юм. Түүнээсээ болоод нэг уурлахаараа биеэ барьж чаддагүй түргэн зан гаргадаг хүн байгаа юм. Ер нь их цайлган зантай хүнд хар муу санаад яваад байдаггүй хаяа хүнтэй хэрэлдэж маргалдсаныхаа дараа түүндээ их гэмшдэг. Нэг их архи дарс уугаад байдаггүй хаяа баяр ёслол найз нөхөдтэйгээ уулзсан үедээ уудаг боловч тааруулаад уудаг.” гэх мэдүүлэг /хх-ийн 31-р тал/,

10. Гэрч Б.Туулын мөрдөн байцаалтанд өгсөн: “ 2017 оны 6 дугаар сарын 26-ны орой 23-н цагийн орчимд манай гэрт үл таних З-н Казак хүмүүс орж ирсэн Төмөрцоож цай хийж өгөөд юм ярьж байтал нэг настай хүн нь миний нөхөр Төмөрцоожийн аавынх нь найз гэж ярьсан. Тэгээд би тэр гурван хүнд ор засаж өгчихөөд унтах гээд орондоо орж хэвтсэн Төмөрцоож ёс болгож тэр хүмүүст 5-н летрийн савтай шимийн архи гаргаж ирээд аягалж амсуулсан юм. Тэгээд тэд нар хэсэг зуур сууж юм ярьж шимийн архи ууж байгаад нэг настайвтар хүн нь амарлаа гээд орондоо орж хэвтсэн. Төмөрцоож нөгөө хоёр залуутай нь юм яриад шимийн архиа аягалж өгөөд сууж байсан. Тэгтэл нэг залуу нь хойшоо хэвтээд өгсөн Төмөрцоож нөгөө нэг залуу хоёр ч гэсэн за за одоо унтаж амрая гээд орондоо орцгоосон. Төмөрцоож хамгийн сүүлд орондоо орж гэрэл унтраасан тэгээд хэсэг хэвтэж байтал нэг залуу нь орондоо бөөлжихөөр нь би Төмөрцоожийг сэрээгээд наад хүн чинь ор дэвсгэр дээр бөөлжөөд байна гадаа гаргаж бөөлжүүлээч гэхэд за за одоо яахав маргааш өглөө л цэвэрлэнэ биз гэхээр нь би унтаад өгсөн. Тэгтэл гэрэл асахаар нь сэртэл нөгөө бөөлжөөд байсан залуу нь гар утасныхаа гэрлийг асаачихсан байсан тэгээд унтраасан хэсэг байж байтал Төмөрцоож гэнэт цочиж босч ирээд асаагуурын гэрэл тусгаж харахад нөгөө залуу Төмөрцоожийн хажууд гэрт шээж байсан. Төмөрцоож уурлаад цааш нь түлхэж унагаагаад гэрэл асааж хувцасаа өмсөөд “ чи яагаад хүн доромжлоод байгаа юм бэ? гээд барьж аваад гэрээс гаргах гээд хаалгаруу явж байтал нөгөө хоёр хүн нь сэрэхээр нь би болсон явдлыг ярьж өгтөл настайвтар хүн нь гэрт шээсэн залууг загнаад байх шиг байсан. Казакаар юм хэлээд байсан. Тэгээд Төмөрцоож нөгөө хоёр залуутай нь хамт сууцгаагаад ахиад шимийн архи уусан. Тэгээд өглөө 05-н цагийн орчимд Төмөрцоож нөгөө манай гэрт шээсэн казак залууд 10000 /арван мянга/ төгрөг өгөөд архи аваад ир гэхэд мөнгө аваад гэрээс гарсан араас нь Төмөрцоож хамт явсан казак залууг нь дагуулаад гэрээс гарсан. Харин настайвтар хүн нь унтаж байсан. Тэгээд би босч гал түлж цай хийчихээд араас нь гарч харахад Төмөрцоож гэрээс хамт гарсан казак залуутай хамт голруу явж байсан тэр хоёрын урд талд нь нөгөө манай гэрт шээсэн залуу ганцаараа голын хажууд байсан машинлуу чиглээд явж байсан. Тэгээд би гэрт орж ирээд настайвтар хүнийг дуудаад та тэд нарын араас нь явахгүй бол хоорондоо зодолдож магадгүй гэхэд тэр хүн босоогүй. Тэгээд би үхэрээ сааж дуусчихаад гэрлүүгээ явах замдаа голын эрэг дээр байсан хүмүүс бужигналдаад байхаар нь гэрт орж ирээд нөгөө ахыг татаж сэрээгээд та тэд нар дээр очоодох гээд явуулсан тэгээд юу болж байгааг дурандаж харахад хүмүүс нааш цааш гүйлдээд байсан. Тэгээд хэсэг байж байтал Төмөрцоож гэртээ ирэхээр нь юу болсон бэ? Гэхэд тэд нар намайг нийлж зодох гэхээр нь би тэд нартай зодолдлоо гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33-р тал/,

11. Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 231 дугаартай шинжээч эмчийн: “ Иргэн М.Өзгерисийн цээжний зүүн талд зүүн талын суганы дунд шугамаар 4-5-р хавирганы түвшинд болон баруун талын хөлийн шилбэний урд хэсэгт хатгаж зүссэн зах ирмэг нь тэгш шарх гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй үйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтанд  нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 43-р тал/,          

            12. Шүүгдэгч Ч.Төмөрцоожийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа /хх-ийн 63-р тал/,

            13. Хохирогч М.Өзгерисийн 882 дугаартай Өвчний түүх, эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас /хх-ийн 47-51-р тал/,

            14. Хохирогч М.Өзгерсийн “2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Төмөрцоожтой маргалдсаны улмаас Төмөрцоож намайг хутгалж миний биед хохирол учирсан. Одоо Төмөрцоож бид хоёр эвлэрсэн гомдол тэмцэл байхгүй болно. Төмөрцоож нь миний хохирлыг бүрэн барагдуулсан бид хоёрт хохирол гомдлын тооцоо байхгүй. Төмөрцоожоос хохирол болох 400.000 төгрөг авсан” гэх тодорхойлолт /хх-ийн 65-р тал/,

            15.  Шүүгдэгч Ч.Төмөрцоожийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “  2017 оны 6 дугаар сарын 26-ны орой гэртээ байж байтал 23-н цаг өнгөрч байх үед манай гэрт Тогтолхан, Өзгерис, Ерболат нар ирсэн Тогтолханыг би танидаг байсан тул цай чанаж өгөөд манай эхнэр ор засаж өгөөд амрах гэж байтал Тогтолхан шимийн архи байна уу гэхээр нь би 5 летрийн савтай шимийн архи гаргаж аягалж өгсөн тэгээд шимийн архи ууж байтал Тогтолхан нэг их уулгүй одоо ах нь амарлаа гээд унтхаар хэвтсэн. Ерболат, Өзгерис бид гурав тэр 5 летрийн шимийн архийг бараг ууж дуусгаад амархаар орондоо орцгоосон би хамгийн сүүлд гэрэл унтраагаад унтсан. Тэгтэл гэнэт эхнэр намайг дуудахаар нь сэртэл тэр нэг залуу гэрт бөөлжөөд байна гэхээр нь хартал Өзгерис бөөлжсөн байсан би шөнө юм чинь өглөө босоод цэвэрлэчих гэж эхнэрт хэлчихээд унтах гээд хэвтэж байтал удалгүй Өзгерис гар утасныхаа гэрэл асаагаад нөгөө Ерболатыг дуудаад казакаар юм хэлээд байсан яг юу хэлсэнийг би мэдэхгүй тэгээд ахиад гар утасныхаа гэрлийг унтраагаад хэвтсэн юм. Би ч за одоо унтчихлаа гэж бодоод хэвтэж байтал миний баруун гарлуу халуу оргиод явчихаар нь асаагуурын гэрэл тусгаж хартал Өзгерис миний гарлуу шээж байхаар нь би босоод гэрэл асааж хувцасаа өмсөөд Өзгерисээс чи яаж байгаа юм бэ? гэж асуухад юу ч дугарахгүй суугаад байхаар нь би уурлаад чи муу пизда минь гэрт яагаад шээж байгаа юм бэ? гэхэд Өзгерис би зүүдлээд танай гэрт шээчихлээ намайг уучлаарай гэсэн тэгээд би тамхи татаад сууж байтал Өзгерис архинаасаа нэг хийчих гэхээр нь би аягалж Өзгерис бид хоёр шимийн архи уусан бид хоёрыг хэрэлдэж байхад Тогтолхан ах сэрээд Өзгерисийг загнаад унт гэж оронд оруулж хэвтүүлсэн. Тэгээд удалгүй Өзгерис босч ирээд бид хоёр ахин 5л шимийн архи уусан юм. Тэгээд өглөө болоод үүр цайхаар нь би Өзгерисд 10000 /арван мянга/ төгрөг өгөөд нэг шил архи аваад ир гээд явуулсан тэгээд Ерболат бид хоёр араас нь гараад хамт Сариг ахынд ороход тэднийхэн унтаж байсан. Би Сариг ахтай юм яриад сууж байтал нөгөө Өзгерис гараад явчихсан байхаар нь би Өзгерисээс мөнгөө авах гээд Ерболаттай хамт голын эрэгт байсан машин, майханлуу явсан. Тэнд очиход Өзгерис ирчихсэн гал түлээд сууж байсан Батырбек гэх залуу голын эрэг дээр загас барьж байсан. Би Өзгерисээс чи яагаад явчихав гэж асуухад надад архи олдохгүй байна гэсэн тэгээд би мөнгөө авъя гэсэн тэгээд бид хоёр тэнд маргалдсан яг юу гэж маргалдсаныг сайн санахгүй байна. Тэгээд сууж байтал Өзгерис намайг нэг удаа нуруу орчимд өшиглөсөн би босоод Өзгерисийг 1-2 удаа гараараа толгой хэсэгт цохисон тэгтэл Ерболат ирж салгасан тэгээд би голын эрэгт байсан Батырбекрүү очоод даварсан хасгууд та нар хүн зоддог, загас барьдаг хэн юм бэ? гэхэд Батырбек миний орчимд загасны уургаар нэг удаа цохиод авахаар нь би тэр уургыг нь хугалсан тэгтэл Батырбек машинлуугаа явсан би араас нь очиход Өзгерис, Ерболат, Батырбек нар машиныхаа хажууд байхаар нь очоод би та нар хүн зоддог хэн бэ? гэхэд Өзгерис миний урдаас хүрч ирээд бид хоёр бие биенийгээ заамдаж аваад маргалдаж байтал Батырбек машиныхаа маниулыг авч ирээд намайг цохихоор нь би гараараа хаагаад гутлын түрийнд байсан хутгаа гаргаж ирээд даварсан хасгууд гэтэл Өзгерис хүрээд ирэхээр нь би түүний зүүн суганы доод хэсэгт нэг удаа хутгалсан юм. Тэгтэл тэд нар бүгд зугтаасан би гол гараад Буядаа ахын гэрт ороод байж байтал нөгөө хүмүүс машинаа асаагаад хойшоо багийн эмчийн гэрлүү явахаар нь би араас нь дагаж очоод тэр хүмүүстэй уулзаад байж байтал Нансалмаа эмч намайг загнаад чи хүн алах дөхсөн байна яаж байгаа юм бэ? гээд загнаж байсан түүнээс хойш би юу болсоныг сайн санахгүй байна. Нэг мэдэхэд гэрт унтаж байсан. Надад хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.

        

            Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл: Шүүгдэгч Ч.Төмөрцоож нь нь 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн Ховд сумын Ачит багийн нутаг “Олон нуур” гэх газар М.Өзгерисийг хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч М.Өзгерис, гэрч Х.Тогтолхан, Т.Ерболат, Ш.Батербек, Ц.Буядаа, А.Арайгүл, Ш.Батырбек, О.Мажигсүрэн, З.Нансалмаа, Б.Туул нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 231 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Ч.Төмөрцоожийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон байна.

            Шүүгдэгч Ц.Төмөрцоожийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч И.Өзгерисийн бие махбодид “цээжний зүүн талд зүүн талын суганы дунд шугамаар 4-5-р хавирганы түвшинд болон баруун талын хөлийн шилбэний урд хэсэгт хатгаж зүссэн зах ирмэг нь тэгш шарх ” гэмтэл учирсан байх ба уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хэргийн бүрдэл хангагдсан байна.

            Шүүгдэгч Ц.Төмөрцоож нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан болох нь хохирогч М.Өзгерисийн нь нэхэмжлэх хохирол, төлбөргүй талаараа гаргаж өгсөн тодорхойлолтоор нотлогдож байх тул шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж үзлээ. 

            Шүүгдэгч Ц.Төмөрцоож нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов. 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн хүрээтэй цагаан өнгийн хуванцар иштэй 28 см урттай хуучин хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийлвэрлэв.       

            Шүүх шүүгдэгч Ц.Төмөрцоожид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа төлж барагдуулсан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн болно.

 

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

            1. Шүүгдэгч Сайван овогт Чойжилсүрэнгийн Төмөрцоожийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Төмөрцоожид 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.Төмөрцоожид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 /ер/ хоногийн дотор төлж барагдуулах хугацаа тогтоосугай.

 

            4. 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын  15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

            5. Шүүгдэгч Ч.Төмөрцоож нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй болохыг тус тус дурдсугай.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн хүрээтэй цагаан өнгийн иштэй, 28 см урттай хутга 1 /нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Ч.Төмөрцоожид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ГАНСҮХ