Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 2021/ДШМ/031

 

Г.С, Б.Ж, Б.Л нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Г.Уламбаяр, Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Шүүгдэгч Г.С, түүний өмгөөлөгч *******

Шүүгдэгч Өсвөр насны Б.Ж, Б.Л, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч *******, *******, өмгөөлөгч *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар В.Ундрах-Оргил нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 2021/ШЦТ/12 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурорын бичсэн эсэргүүцлээр Г.С, Б.Ж, Б.Л нарт холбогдох эрүүгийн 2014001730362 дугаар хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Г.С, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй,

Монгол Улсын иргэн, Б.Ж, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй,

Монгол Улсын иргэн, Б.Л, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй,

Г.С, өсвөр насны шүүгдэгч Б.Л, Б.Ж нар нь бүлэглэн, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 1 дүгээр байрны гадна зогсоолд байсан иргэн Ш.Иын эзэмшлийн 78-70 БНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн аккумляторыг 2020 оны 02 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө хулгайлан авч иргэн Ш.Ид 120000 төгрөгийн хохирол,

Мөн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 122 дугаар байрны гадна зогсоолд байсан иргэн С.Эын эзэмшлийн 89-92 БНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн аккумляторыг 2020 оны 02 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө бүлэглэн хулгайлан авч иргэн С.Эт 120000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн Прокурорын газраас Г.С, өсвөр насны шүүгдэгч Б.Л, Б.Ж нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Г.С, өсвөр насны шүүгдэгч Б.Л, Б.Ж нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 болгон өөрчилж, Шүүгдэгч Г.С, өсвөр насны шүүгдэгч Б.Л, Б.Ж нарыг бүлэглэн машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг бармтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар шүүгдэгч Г.Сг 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Л, Б.Ж нарт тус бүр 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4, 8.2 дугаар зүйлийн 1.3, 8.5 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Г.Сд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад, өсвөр насны шүүгдэгч Б.Л, Б.Ж нарт тус бүр оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч Б.Л, Б.Ж нарт тус бүр оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг тус бүр 1 жилийн хугацаагаар тус тус хойшлуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Л, Б.Ж нарт оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Л, Б.Ж нарт оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч Г.Сгийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 2.000.000 төгрөгийг шүүгдэгч Г.Сгаас гаргуулж, улсын төсөвт шилжүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 2, 3 -т зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Л, Б.Ж нар нь шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэхийг, энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулахыг тус тус дурдаж, Шүүгдэгч Г.С, өсвөр насны шүүгдэгч Б.Л, Б.Ж нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Өсвөр насны шүүгдэгч Б.Л, Б.Ж нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Г.Сд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Прокурор ******* тус шүүхэд гаргасан 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 17 дугаар эсэргүүцэлдээ:

Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, өсвөр насны шүүгдэгч Б.Л, Б.Ж нарын эрх зүйн байдлыг дордуулан шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 5.6 дугаар зүйлд заасан журмаар тусгай ангид заасан хорих ял оногдуулж эдлэх ялыг хоёр дахин багасгана” гэж заасан байхад шүүхийн шийтгэх тогтоолоор өсвөр насны шүүгдэгч Б.Л, Б.Ж нарт тус бүр 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлэх ялыг 2 дахин багасгалгүйгээр шийдвэрлэсэн нь эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл өсвөр насны шүүгдэгч Б.Л, Б.Ж нар нь дахин гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд эрх зүйн байдал нь дордож уг шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялыг биечлэн эдлэх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлэх ялыг 2 дахин багасгасан тохиолдолд уг багасгасан ялыг эдлэх учиртай бөгөөд эрх зүйн байдлын хувьд дээрдэх юм.

Иймд Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1.3, 8.5 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Л, Б.Ж нарт тус бүр оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж 1 жилийн хугацаагаар хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад тус тус эдлүүлсүгэй”, 5 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч Б.Л, Б.Ж нарт тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг тус бүр 1 жилийн хугацаагаар тус тус хойшлуулсугай” гэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

Өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шийтгэх тогтоолыг Г.С хүлээн зөвшөөрч байгаа. Хэвээр үлдээнэ үү гэв.

Шүүгдэгч өсвөр насны Б.Л, Б.Ж нарын өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжин оролцоно. хорих ялыг багасган оногдуулна уу гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Прокурор *******ын давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлд гомдолд үндэслэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахдаа тус хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлахад:

Шүүгдэгч Г.С, өсвөр насны шүүгдэгч Б.Л, Б.Ж нар нь 2020 оны 2 дугаар сарын 3-4 нд шилжих шөнө бүлэглэн, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 1 дүгээр байрны гадна зогсоолд байсан иргэн Ш.Иын эзэмшлийн 78-70 БНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн аккумляторыг хулгайлан авч хохирогч Ш.Ид 120000 төгрөгийн хохирол,

Мөн 2020 оны 2 дугаар сарын 3-4-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 122 дугаар байрны гадна зогсоолд байсан иргэн С.Эын эзэмшлийн 89-92 БНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн аккумляторыг бүлэглэн хулгайлан авч хохирогч С.Эт 120000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Баянхонгор аймгийн Прокурорын газраас Г.С, өсвөр насны шүүгдэгч Б.Л, Б.Ж нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх “...тухайн автомашины кабинд нэвтэрсэн арга, саад, хамгаалалтыг даван туулсан, түгжээ хаалт, дохиоллыг эвдсэн, салгасан байдал, санаа сэдэлт зэргийг харгалзан ..., ...машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-д зааснаар зүйлчлэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Дээрх үйл баримт нь

2 дугаар хавтаст хэргийн 102-103, 107-108, 115-119 дугаар талд тус тус авагдсан шүүгдэгч Г.С, Б.Л, Б.Ж нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд,

1 дүгээр хавтаст хэргийн 51-53, 2 дугаар хавтаст хэргийн 55-59 дүгээр талд тус тус авагдсан хохирогч С.Э, Ш.И нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд,

1 дүгээр хавтаст хэргийн 68-69, 79-80 дугаар талд авагдсан “.“...хулгайд алдагдсан аккумляторын үнэ 120.000 төгрөг тус тус ..." гэх Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 84 дугаар дүгнэлт,

1 дүгээр хавтаст хэргийн 82-83 дугаар талд авагдсан “...Папилон санд 2020-005-БНХ.1 кодоор кодлон оруулсан гарын мөр нь АДИС-Папилон салбар станцад ММ003810006530 дугаараа 1 удаа бүртгэгдсэн Г.Сгийн зүүн гарын дунд хурууны хээгээр үүсгэгдсэн мөр байна” гэх Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 022 дугаар дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудаар тус, тус нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэх үндэслэлгүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Г.С, өсвөр насны шүүгдэгч Б.Л, Б.Ж нарын тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус оруулан тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-д заасан ялын төрөл хэмжээний хүрээнд өсвөр насны шүүгдэгч Б.Л, Б.Ж нарт хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, шүүгдэгч Г.Сд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулж, түүний эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэн шийдвэрлэж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

Харин Прокурорын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 5.6 дугаар зүйлд заасан журмаар тусгай ангид заасан хорих ял оногдуулж эдлэх ялыг хоёр дахин багасгана” гэж заасан байхад өсвөр насны шүүгдэгч Б.Л, Б.Ж нарыг тус бүр 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлэх ялыг 2 дахин багасгалгүйгээр шийдвэрлэсэн нь эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн...” гэх үндэслэлээр бичсэн эсэргүүцэл хуулийн үндэслэлгүй байна.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд шийтгэх тогтоолоор оногдуулж буй ял болон биечлэн эдлүүлэх ял хоорондоо ялгаатай, эрх зүйн өөр өөр үр дагаврыг үүсгэдэг бөгөөд өсвөр насны шүүгдэгч Б.Л нь гэмт хэрэг үйлдэх үедээ 14 настай, анхан шатны шүүхээр хэргийг хянан шийдвэрлэх үед 15 настай, Б.Ж нь гэмт хэрэг үйлдэх үедээ 16 настай, анхан шатны шүүхээр хэргийг хянан шийдвэрлэх үед 17 настай байсан байх бөгөөд тэдэнд тухайн зүйл ангид заасан хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулж, ял оногдуулсан шийтгэх тогтоолыг хойшлуулж шийдвэрлэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжгүй болно.

Иймд Прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 2021/ШЦТ/12 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Сгийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл нийт 102 хоног цагдан хоригдсныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсон болно.

  Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.1 -т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 2021/ШЦТ/12 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Г.Сгийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 102 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ Г.УЛАМБАЯР

Л.НЯМДОРЖ