Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 101/ШШ2023/01724

 

 

 

 

 

 

 

2023 04 05

101/ШШ2023/01724

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Ф ХХК-д холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 4,007,500 төгрөг гаргуулах үндсэн, гэрээний үлдэгдэл төлбөр 8,662,500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, Н.А,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.З, Л.Н,

Гэрч П.Э, П.Э, Н.Т,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Нямдаваа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус байгууллага нь гадаад харилцаа, бараа бүтээгдэхүүн борлуулалт, түгээлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хариуцагч Ф ХХК-тай 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд санхүүгийн хөндлөнгийн аудитын дүгнэлт гаргуулахаар Татвар, санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх №21 тоот гэрээ байгуулсан.

Гэтэл уг гэрээнд заасан хугацааны дагуу ажиллагаа явагдаагүй ба аудитын дүгнэлт гарах хугацаа удаа дараа хойшлогдож цаг хугацаа их алдсаар өнөөдрийг хүртэлх хугацаанд гэрээний үүргээ биелүүлээгүй санхүүгийн тайлан мэдээ дүгнэлтийг манайд ирүүлээгүй бөгөөд үүнээс үүдэн жилийн эцсийн тайлан мэдээ гарахтай холбоотой ажлууд удааширч компанийн санхүүгийн нэгжид ихээхэн хүндрэл учруулснаар бид дахин хөндлөнгийн аудит томилон дүгнэлт гаргуулах шаардлагатай болоод байна.

Хариуцагч нь гүйцэтгэж буй ажлын явцыг тайлагнах хугацааг удаа дараа хойшлуулж байсан ба 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн хоёр талын уулзалтын гар протоколоор хариуцагч нь Татвар, санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээний 4 дүгээр зүйлийн 4.17-д заасан үүргээ биелүүлээгүй, гэрээний хугацаанд ажил үүргээ гүйцэтгээгүй, үйлчилгээний хөлсөнд төлсөн урьдчилгаа төлбөрийг буцаан өгөхөө хүлээн зөвшөөрч хариуцлага хүлээнэ гэж хэлсэн байдаг.

Иймд ажил гүйцэтгэх гэрээний үүргийн урьдчилгаа төлбөрт төлсөн 2,887,500 төгрөг, дахин хөндлөнгийн аудитын шинжилгээ хийсэн шинжээчийн ажлын хөлс 1,120,000 төгрөг, нийт 4,007,500 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа:

2021 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн №21 тоот Татвар, санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, үр дагаврыг арилгуулах тухай;

Тус дүүргийн шүүхэд Т ХХК-ийн нэхэмжлэлтэй Ф ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 4,007,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан билээ. Нэхэмжлэгч компани нь үүсгэн байгуулагдаад удаагүй, санхүүгийн тал дээр дутуу дульмаг, туршлага таарууг ашиглан компанийн хэдэн ажилчид санхүүгийн башир аргаар бэлэн орлого болон бараа бүтээгдэхүүнийг өөрсдөдөө авч завшсан хэрэг явдал гарснаас болж компанид нилээдгүй хэмжээний хохирол учирсан. Үүнтэй холбоотойгоор зохих байгууллагад нь хандаж гомдол гаргасны дагуу Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс хэрэг бүртгэлтийн 201002394 дугаартай хэргийг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаатай холбогдуулан Т ХХК-ийг Санхүүгийн хөндлөнгийн аудитын дүгнэлтийг зайлшгүй гаргуулах шаардлагатай гэж үзсэний дагуу манайх хариуцагч Ф ХХК-д хандан учир шалтгаанаа тайлбарлан зөвшилцөж, богино хугацаанд Санхүүгийн хөндлөнгийн аудитын дүгнэлтийг гаргуулахаар хандсан байдаг.

Талуудын хооронд гэрээ байгуулагдахаас өмнө 2 талаас зохих шатны санхүүгийн мэдлэг мэргэшилтэй бие төлөөлөгч нар уулзалдаж нэхэмжлэгчийн зүгээс Санхүүгийн хөндлөнгийн аудитын дүгнэлт гаргуулах талаар хүсэл зоригоо илэрхийлж, хариуцагч талаас түүнийг нь хүлээн авч, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д ...хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно.." гэж зохицуулсны дагуу Санхүүгийн хөндлөнгийн аудитын дүгнэлтийг гаргаж, нэхэмжлэгчид хүлээлгэн өгснөөр ажлын хөлсийг нэхэмжлэгч тал гэрээнд заасны дагуу үе шаттайгаар хариуцагчид төлөхөөр харилцан тохиролцсон.

Улмаар хариуцагчаас гэрээний загварыг ирүүлсэн бөгөөд нэхэмжлэгч нь тохиролцсоны дагуу Санхүүгийн хөндлөнгийн аудитын дүгнэлт гаргуулах гэрээ гэж ойлгон, хариуцагч талд бүрэн итгэсний улмаас утга агуулгыг нягтлалгүйгээр гарын зурж баталгаажуулан урьдчилгаа төлбөрийг шилжүүлсэн байдаг. Гэтэл бодит байдал дээр хариуцагч анхнаасаа нэхэмжлэгч талыг ноцтой төөрөгдөлд оруулж, үйл ажиллагааныхаа чиглэлийг зөрчиж хийсэн хэлцэл гэж үзэж байна. Хавтаст хэрэгт авагдсан нотолгооны баримтууд болон хариуцагчийн гаргасан хүсэлттэй холбоотой тайлбар зэргээс ажил гүйцэтгэх гэрээ маань өөрөө анхнаасаа Санхүүгийн хөндлөнгийн аудитын дүгнэлт гаргуулах зорилго агуулсан хэлцэл байсныг тодорхой харуулдаг.

Иймд талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-д ...хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл.., мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.3-т ...хэлцэл хийх гол үндэслэл болсон эрхийн талаар төөрөгдсөн.. гэж тус тус заасны дагуу талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн №21 тоот Татвар, санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т ...нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй. гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байх тул хуулиар олгогдсон эрхийн хүрээнд хүсэлтийг хүлээн авч, хангаж шийдвэрлэж өгнө үү.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагаа тодруулахдаа:

2021 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 21 тоот Татвар, санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр үүссэн үр дагавар болох 1,120,000 төгрөгийн хохирлыг арилгуулах тухай;

Тус дүүргийн шүүхэд Т ХХК-ийн нэхэмжлэлтэй Ф ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 4,007,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан билээ.

Нэхэмжлэгч компани нь үүсгэн байгуулагдаад удаагүй, санхүүгийн тал дээр дутуу дульмаг, туршлага таарууг ашиглан компанийн хэдэн ажилчид санхүүгийн башир аргаар бэлэн орлого болон бараа бүтээгдэхүүнийг өөрсдөдөө авч завшсан хэрэг явдал гарснаас болж компанид нилээдгүй хэмжээний хохирол учирсан. Үүнтэй холбоотойгоор зохих байгууллагад нь хандаж гомдол гаргасны дагуу Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс хэрэг бүртгэлтийн 201002394 дугаартай хэргийг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаатай холбогдуулан Т ХХК-ийг санхүүгийн хөндлөнгийн аудитын дүгнэлтийг зайлшгүй гаргуулах шаардлагатай гэж үзсний дагуу манайх хариуцагч Ф ХХК-д хандан учир шалтгаанаа тайлбарлан зөвшилцөж, богино хугацаанд Санхүүгийн хөндлөнгийн аудитын дүгнэлтийг гаргуулахаар хандсан байдаг. Талуудын хооронд гэрээ байгуулагдахаас өмнө 2 талаас зохих шатны санхүүгийн мэдлэг мэргэшилтэй бие төлөөлөгч нар уулзалдаж нэхэмжлэгчийн зүгээс Санхүүгийн хөндлөнгийн аудитын дүгнэлт гаргуулах талаар хүсэл зоригоо илэрхийлж, хариуцагч талаас түүнийг нь хүлээн авч, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д ...хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно.. гэж зохицуулсны дагуу Санхүүгийн хөндлөнгийн аудитын дүгнэлтийг гаргаж, нэхэмжлэгчид хүлээлгэн өгснөөр ажлын хөлсийг нэхэмжлэгч тал гэрээнд заасны дагуу үе шаттайгаар хариуцагчид төлөхөөр харилцан тохиролцсон.

Улмаар хариуцагчаас гэрээний загварыг ирүүлсэн бөгөөд нэхэмжлэгч нь тохиролцсоны дагуу Санхүүгийн хөндлөнгийн аудитын дүгнэлт гаргуулах гэрээ гэж ойлгон, хариуцагч талд бүрэн итгэсний улмаас утга агуулгыг нягтлалгүйгээр гарын үсэг зурж баталгаажуулан урьдчилгаа төлбөрийг шилжүүлсэн байдаг. Гэтэл бодит байдал дээр хариуцагч анхнаасаа нэхэмжлэгч талыг ноцтой төөрөгдөлд оруулж, үйл ажллагааныхаа чиглэлийг зөрчиж хийсэн хэлцэл гэж үзэж байна. Хавтаст хэрэгт авагдсан нотолгооны баримтууд болон хариуцагчийн гаргасан хүсэлттэй холбоотой тайлбар зэргээс ажил гүйцэтгэх гэрээ маань өөрөө анхнаасаа Санхүүгийн хөндлөнгийн аудитын дүгнэлт гаргуулах зорилго агуулсан хэлцэл байсныг тодорхой харуулдаг.

Иймд талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар алийн 56.1.9-д ...хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл.. гэж, 58 дугаар зүйлийн 58.3.3-т ...хэлцэл хийх гол үндэслэл болсон эрхийн талаар төөрөгдсөн.. гэж тус тус заасны дагуу талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 21 тоот Татвар, санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр үүссэн үр дагавар болох 1,120,000 төгрөгийн хохирлыг мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д ...энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй.. гэж 56.6-д ...хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө.. гэж тус тус зохицуулсан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т ...нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй.. гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байх тул хуулиар олгогдсон эрхийн хүрээнд хүсэлтийг хүлээн авч, хангаж шийдвэрлэж өгнө үү.гэжээ.

 

Нэхэмжлэгч 2023.03.14-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа:

Тус шүүхэд иргэн Т ХХК-ийн нэхэмжлэлтэй Ф ХХК-д холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэгдэж байгаа билээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс хэрэгт цугласан нотлох баримт хариуцагч талын тайлбарыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулж байна. Үүнд:

1. 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 21 дугаар Татвар, санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээний урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 2,887,500 төгрөгийн тухайд:

Нэхэмжлэгчийн хувьд Санхүүгийн хөндлөнгийн аудитын тайлан гаргуулах зорилгоор тухайн Татвар, санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ-г хийсэн байдаг хэдий ч нэхэмжлэгчийн удирдлага нь сайн танилаараа дамжуулж танилцсан, итгэлтэй байгууллага гэж хариуцагч компанийг ойлгон тухайн гэрээг нягталж шалгалгүйгээр баталгаажуулсан байдаг. Харин хариуцагчийн хувьд талуудын хооронд байгуулагдсан Татвар, санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээгээр Санхүүгийн хөндлөнгийн аудитын тайлан бус санхүүгийн зөвлөх үйлчилгээг цогц байдлаар үзүүлэхээр гэрээ байгуулагдсан, тус ажлаа ч гэрээнд заасны дагуу хийж гүйцэтгэсэн гэж тайлбарлан гэрээний үлдэгдэл төлбөрөө нэхэмжилж байна.

2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 21 дугаар Татвар, санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ-нээс үзвэл: Гэрээний 1.1-д Энэхүү гэрээний дагуу гүйцэтгэгч тал Захиалагчийн нягтлан бодох бүртгэлийг СТОУС-ын дагуу тайлагнаж татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ үзүүлэх, хэрэглэгчийн санхүүгийн чадавхи, зах зээлд эзлэх байр суурийг өргөтгөхийн тулд санхүү бизнесийн судалгаа шинжилгээ явуулж, санхүүгийн иж бүрэн цогц үйлчилгээ үзүүлэхээр, харилцан тохиролцсон. Энэхүү ажил нь 1. Касс болон харилцахын тайлан, 2. Бараа материалын тайлан, З. НДШ-ын тайлан гаргах, тушаах, 4. Гүйлгээний журнал, ерөнхий журнал хөтлөх, 5. Cap бүр орлого үр дүн мөнгөн урсгалын тайлан гаргаж, танилцуулах, 6. Улирал бүр санхүүгийн тайлан гаргаж, шивэх, 7. Улирал бүр ААНОАТ-ын тайлан гаргаж, цахимаар шивэх, 8. Жилийн эцсийн тайлан гарган, шивэх, .... гэх мэт тайлангуудыг 2019 оны 05 дугаар сараас 2020 он дуусгал хугацаагаар бүрэн хийх, Гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-4.17-д заагдсан ажлуудаас бүрдэхээр зохицуулжээ.

Гэсэн хэдий ч хариуцагч тал дээрх гэрээнд заагдсан ажлыг огт хийгээгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ огт биелүүлээгүй, санхүүгийн цогц үйлчилгээ огт үзүүлээгүй, ажил хийсэн гэдэг ч нэхэмжлэгч талд огт хүлээлгэж өгөөгүй гэдэг нь болсон үйл баримт, хэрэгт цугласан баримтууд талуудын тайлбар зэргээс тодорхой нотлогдож байгаа гэж үзэж байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. 343.2-д Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна. 343.3-д Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ. 346.2.Ажлыг тодорхой хэсгээр, үе шаттайгаар гүйцэтгэхээр тохиролцож, ажлын хөлсийг хэсэг тус бүрээр тогтоосон бол тухайн хэсгийн үр дүнг хүлээлгэн өгөх үед зохих хөлсийг төлнө. гэж тус тус заасан.

Гэвч хариуцагч тал ажил үүргээ огт гүйцэтгээгүй мөртлөө ажил гүйцэтгэсэн гэж үлдэгдэл төлбөр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс талуудын хооронд байгуулсан 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 21 дугаар Татвар, санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн ч хариуцагч хуулийн этгээд нь гэрээгээр тохирсон ажил үүргээ биелүүлээгүй, манай байгууллага гэрээгээр тохирсон ажил үйлчилгээг аваагүй, манай байгууллагад гэрээт ажлын үр дүнг хүлээлгэж өгөөгүй тул гэрээний урьдчилгаанд шилжүүлсэн 2,887,500 төгрөгийг буцаан нэхэмжлэх бүрэн үндэслэлтэй юм.

2. Шинжээчийн ажлын хөлс 1,120,000 төгрөгийн хувьд:

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй. гэж зохицуулсан. Хариуцагч талтай Татвар, санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулах болсон үндсэн зорилго буюу тухай үеийн гэрээ байгуулах хүсэл зориг нь ямар шалтгаантай байсан гэдгийг хариуцагч талын тухайн үеийн ажилчид удирлагууд тодорхой мэдэж байгаа. Тодруулбал, Т ХХК-д ажиллаж байсан борлуулагч, түгээгч нар эд хөрөнгө завшсан үйл баримттай холбогдуулан цагдаагийн байгууллагад тухайн үед эрүүгийн журмаар гомлол гаргаж байсан бөгөөд гомдолд дурдагдсан үйл баримтыг тодруулахаар цагдаагийн байгууллагын зүгээс 2019-2020 оны санхүүгийн баримтуудыг цэгцлээд, аудитын дүгнэлт гаргуулж ирэх шаардлагыг тавьсан учраас маргаан бүхий гэрээг байгуулж үйлчилгээ авахаар болсон. Ингээд Ф ХХК нь урьдчилгаа төлбөр авсан атлаа гэрээгээр хүлээсэн ажил үйлчилгээг үзүүлэхгүй, санхүүгийн тайлан, аудитын тайлан аль аль нь хийгдэхгүй байснаас шалтгаалаад цагдаагийн байгууллагын зүгээс танай хийсэн аудитын дүгнэлтийг удаан хугацаанд хүлээлээ, хэрэг хянан шийдвэрлэх хугацаа яваад байгаа тул эрүүгийн журмаар шинжээч томилуулж дүгнэлт гаргууллаа гэж бидэнд хэлсэн.

Өөрөөл хэлбэл Ф ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа биелүүлж, биднийг хохироосон нөхцөл байдлыг бий болгоогүй бол эрүүгийн журмаар хийсэн шинжээчийн дүгнэлтийг гаргуулж дахин 1,120,000 төгрөгөөр хохирох нөхцөл үүсэхгүй байсан.

Иймд дээрх төлбөрийг иргэний хуулийн 227.1-д заасныг үндэслэн гэрээнээс үүдсэн хохирол гэж үзэн хариуцагч талаас нэхэмжлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.гэжээ.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн зарим шаардлагаасаа татгалзах тухай;

Тус шүүхэд Т ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ф ХХК-д холбогдох 2021 оны 02 сарын 02-ны өдрийн 21 тоот Татвар, санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, хүчин төгөлдөр бус хэлцлээс үүдсэн үр дагаврыг арилгуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна. Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсантай холбогдуулан 2023 оны 03-ны өдрийн 14-ний өдөр шаардлагаа тодруулж өгсөн болно.гэв.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай байгууллага нь татварын мэргэшсэн зөвлөх явуулдаг бөгөөд нэхэмжлэгч Т ХХК-тай 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн 2021 оны 5 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд татвар санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх №21 тоот гэрээ байгуулсан юм. Гэрээний хугацаанд Ковид-19 цар тахалтай холбоотойгоор нийт улс орон даяар хатуу хөл хорио тавигдаж нийт 27 хоног ажил түр зогсолтонд орсон юм. Бидний зүгээс ажиллах боломжгүй нөхцөл байдал үүсэж гэрээний хугацаанд ажлыг гүйцэтгэж амжихгүй болсон тул гэрээний 5.4-т заасны дагуу албан бичиг хүргүүлэн гэрээний хугацааг сунгах хүсэлт гаргаж харилцан тохиролцож гэрээний хугацааг сунгасан болно.

Бид гэрээний Дөрөвдүгээр зүйлд заасан ажил үйлчилгээг гүйцэтгэн дуусгаж гэрээт ажлын тайлан, дүгнэлт, санал, зөвлөмж болон ажпын файл, дүгнэлтүүдийг Т ХХК-д хүлээлгэн өгөхөд аудитын дүгнэлт шаардлагатай гэснээр зөрчилдөөн үүссэн юм. Бидний хооронд байгуулсан гэрээ нь хөндлөнгийн аудитын гэрээ бус татвар, санхүүгийн зөвлөх үйлчилгээний гэрээ байсан бөгөөд гэрээний загвар файлыг бид 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдөр өгч Т ХХК-ийн хүсэлтээр гэрээний 4.17-д Гэрээнд заасан үйлчилгээ үзүүлэх үзүүлсэн хугацаанд холбогдох санхүүгийн төлбөр тооцоо түүнийг барагдуулахтай холбоотой үйл ажиллагаанд мөн татварын хяналт шалгалт бусад асуудлуудтай холбоотой шаардлагатай мэдээ мэдээлэл баримт материалуудыг заасан хугацаанд нь бэлтгэн өгөх ба бэлтгэн өгсөн материалаа хамгаалах үүрэг хүлээнэ. Хамгаалахтай холбогдон гарсан зардлыг хариуцахгүй болно. гэсэн нэмэлт өөрчлөлт оруулж гэрээний 4 дүгээр зүйлд заасан ажил үүрэг гүйцэтгэхээс гадна нэмэлтээр тус компанийн программд бүртгэгдсэн дата өгөгдлийг татан авч нэг бүрчлэн тулган худалдааны төлөөлөгч болон борлуулалтын жолооч, эд хариуцагч нэг бүрийн тооцооны авлагын үлдэгдэл /хариуцсан худалдан авагч бүрээр/ бодитоор гарган баталгаажуулсан юм. Бидний зүгээс заасан ажил, үүргээ бүрэн гүйцэтгэсэн тул ямар нэгэн төлбөр хариуцахгүй юм. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна.

Нэг. Нэхэмжлэгч Т ХХК нэхэмжлэлээ нэмж тайлбарласан тайлбартаа Файнэншл такс консалтинг ХХК-ийг гэрээт ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй мэт тайлбарласан байна. Хэдийгээр Т ХХК гэрээнд заасан үлдэгдэл төлбөрөө төлөөгүй байгаа тохиолдолд ажлын эцсийн үр дүнг хүлээлгэж өгөх үүрэггүй боловч манай байгууллагын тухайн үеийн нягтлан бодогч Н.Т 2021 оны 7 дугаар сарын 5-нд Т ХХК-ийн нягтлан бодогч П.Э-д ажлын тайлан нэгтгэлийг хүлээлгэж өгсөн юм. Энэ тухай нотлох баримтыг эх хувиар нь шүүхэд гаргаж өгч байна.

Хоёр. Ф ХХК нь гэрээгээр Т ХХК-д ямар нэгэн эрүүгийн хэрэгт холбогдуулан дүгнэлт гаргаж өгөх үүрэг хүлээгээгүй тул үүнээс үүссэн аливаа хор уршиг, хохирол, үр дагаврыг хариуцахгүй болно. Хариуцах ямар нэгэн хууль зүйн үндэслэлгүй юм.

Иймд Т ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгох өмнөх тайлбараа дэмжиж байна.гэв.

 

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Манай байгууллага нь татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ явуулдаг бөгөөд нэхэмжлэгч Т ХХК-тай 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн 2021 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд татвар санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх №21 тоот гэрээ байгуулсан юм.

Бид гэрээний хугацаанд 3 удаа уулзалт хийж ажлын явц танилцуулсан бөгөөд ажлын гүйцэтгэлийг хангаж дууссан учир 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр албан бичиг хүргүүлэн гэрээний дагуу ажил үүргээ хийж гүйцэтгэсэн тул Т ХХК-ийг гэрээний 3.1 заасан төлбөрийг гэрээний 3.3-т заасан төлбөр төлөх графикийн дагуу төлж барагдуулахыг хүссэн юм. Манай байгууллага нь бизнесийн ёс зүйн хүрээнд ажлын хугацаа хоцорч хохирол учруулсан хэмээн үзэж гэрээний дүнгээс хоцорсон хоног тутам 0,5 хувь алданги болох 2,598,750 төгрөгийн хариуцлага хүлээж байгаагаа албан бичгээр мэдэгдэж Т ХХК-ийг гэрээний 3.3-т заасан графикийн дагуу үлдэгдэл төлбөр төлөхийг мэдэгдсэн болно. Үүний дараагаар бид 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хүлээсэн боловч үлдэгдэл төлбөрийг огг барагдуулаагүй учир 52 тоот албан бичиг хүргүүлэн бид өөрсдийн бизнесийн ёс зүйн хүрээнд ажлын хугацаа хоцорсон хэмээн үзэж гэрээний дүнгээс тодорхой төлбөрийг алдангид тооцохоор хасах санал тавьсан боловч Т ХХК-тай ойлголцолд хүрээгүй тул өмнөх алданги хасах саналаасаа буцаж байгааг мэдэгдэж гэрээний 8.4-т заасан алданги огт бодолгүйгээр үлдэгдэл төлбөр болох 8,662,500 төгрөг төлөхийг шаардаж албан бичиг хүргүүлсэн юм. Бидний зүгээс гэрээнд заасан бүх ажил үйлчилгээг хийж гүйцэтгэсэн болно. Үүнд:

-Анхан шатны баримт шинжлэх, шалгах, боловсруулах ажиллагаа хийгдсэн

-Касс болон харилцахын тайлан боловсруулсан

-Бараа материалын тайлан гарган боловсруулсан

-Гүйлгээ баланс гаргасан

-Мөнгөн гүйлгээний тайлан

-Санхүү байдлын тайлан

-Авлага өглөгийн товчоо тайлан cap тутам болон 2019, 2020 оны өссөн дүнгээр бэлтгэн гаргасан.

-Гэрээт ажлын дүгнэлт өгсөн.

Иймд бид Хамтран ажиллах ажил гүйцэтгэх №21 тоот гэрээний ажил үүргийг биелүүлсэн тул Т ХХК-иас гэрээний дагуу төлөх үлдэгдэл төлбөр болох 8,662,500 төгрөгийг гаргуулж өгнө үү.гэв.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

Тус дүүргийн шүүхэд Т ХХК-ийн нэхэмжлэлтэй Ф ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 4,007,500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан билээ. Хариуцагч Ф ХХК-иас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр сөрөг нэхэмжлэл гаргаж, гэрээнд дурдсан ажлыг хийж гүйцэтгэсэн тул гэрээний 3.3-т заасан үлдэгдэл төлбөр болох 8,662,500 төгрөгийг гаргуулахаар шаарджээ. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч Ф ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд дараах тайлбарыг гаргаж байна.

Хариуцагч Ф ХХК нь гэрээний дагуу холбогдох ажлыг хийж гүйцэтгэсэн гэх боловч гэрээний хүрээнд ямар ажлыг хэрхэн хийсэн, хэнд хүлээлгэж өгсөн нь тодорхойгүй юм.

Учир нь талуудын хооронд гэрээ байгуулан гарын үсэг зурж баталгаажуулсан тухайн цаг үед нэхэмжлэгч Т ХХК маань гэрээний 25 хувь буюу 2,887,500 төгрөгийг хариуцагч компанийн харилцах дансанд шилжүүлсэн. Гэрээний 3.3-т зааснаар урьдчилгаа төлбөрийг 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн дотор багтаан шилжүүлэх ёстой байсан хэдий ч манай компани хариуцагчид итгэж гэрээ байгуулагдсан өдөр урьдчилгаа төлбөрийг шилжүүлсэн байдаг. Ажил гүйцэтгэх гэрээний явцад ажлын гүйцэтгэлтэй холбогдуулан талуудын хооронд уулзалт зохион байгуулагдахад хариуцагч Ф ХХК нь ямар ч ажил хийж гүйцэтгээгүй байдаг ба өөрсдөө хийж гүйцэтгээгүйгээ хүлээн зөвшөөрдөг. Энэ талаар хавтаст хэрэгт авагдсан талууд хоорондын харилцсан албан тоот бичгүүдээс тодорхой харагддаг. Товчхондоо хариуцагчаас сөрөг нэхэмжлэлдээ хавсаргаж өгсөн 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн №01-04 тоот ажлын тайлан, дүгнэлт, санал, зөвлөмж гэхийг албан ёсоор хүлээлгэж өгөөгүй, ажпын, тайлан, дүгнэлт, санал, зөвлөмжийг нь хэн боловсруулж, гүйцэтгэсэн ажилтны гарын үсэг байхгүй ганцхан Б.Б гээд компанийн тамгатай 4 хуудас баримтыг мэдэхээс бусад хийж гүйцэтгэсэн гэх ажлыг мэдэхгүй, манайд цаасан болон цахим хэлбэрээр гаргаж албан ёсоор танилцуулан, хүлээлгэж өгөөгүй.

Гэрээний 3.3-т ...мөнгөн урсгалын тайлан, орлого үр дүнгийн тайланг танилуулан.. төлбөрийн 50 хувь буюу 5,775,000 төгрөгийг ...санхүү байдлын тайланг танилцуулан.. үлдэгдэл 25 хувь буюу 2,887,500 төгрөгийг гэрээний дагуу ажил гүйцэтгүүлэгчээс шаардах эрх үүсэхээр байна. Гэтэл гэрээний дагуу ямар ч ажил гүйцэтгээгүй, танилцуулаагүй, хийж гүйцэтгэсэн ажлаа хүлээлцэж өгөөгүй атлаа төлбөрийг нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн №52 тоот албан бичгийн 5 дугаар догол мөрөнд ...төлбөрийг төлсөн тохиолдолд хийж гүйцэтгэсэн ажлын баримт болон тайланг /касс, харилцах бараа материал, авлага, өглөг, гэх мэт/-ийг файлаар болон цаасан хэлбэрээр хүлээлгэн өгөхөд бэлэн.. гэсэн барьцаалсан шинжтэй утга бүхий тайлбарыг өгсөн байдаг. Үүнээс харахад өнөөдрийг хүртэлх хугацаанд хариуцагч Ф ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлыг зохих хугацаанд хийж гүйцэтгээгүй, хийж гүйцэтгэсэн ажлаа танилцуулаагүй, мөн хүлээлгэн өгөөгүй нь тодорхой байх тул хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.гэв.

 

5. Нэхэмжлэгчээс 1-р хавтаст хэргийн 1-13, 110-118, 202-250, 2-р хавтаст хэргийн 1-4, Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2021.03.31-ний албан бичиг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021.02.05, 2021.07.22-ны албан бичгүүд, Т ХХК-нд ажиллаж байсан Б, Б-Э түгээгч хийсэн үеийн авлагын дэлгэрэнгүй тооцоо баримтуудыг, Т ХХК-ийн 2019 оны санхүүгий тайлан, нэгтгэл материалууд гэх бор хавтастай 180 хуудас бүхий баримтууд,

Хариуцагчаас 1-р хавтаст хэргийн 16-19, 36-67 талд авагдсан баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн, Himalaya HERBALS-Ургамлын ид шидийг таны гоо сайханд гэсэн бичиглэл бүхий ногоон тэмдэглэлийн дэвтрийг тус тус шүүхэд гаргаж өгсөн,

 

Шүүхийн журмаар 1-р хавтаст хэргийн 127-135, 138-139 талд авагдсан баримтуудыг бүрдүүлж, шүүх хуралдаанд гэрч П.Э, П.Э, Н.Т нарын мэдүүлгийг авсан.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан Ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 2,887,500 төгрөг, шинжээчийн ажлын хөлс 1,120,000 төгрөг, нийт 4,007,500 төгрөг гаргуулах шаардлага гаргаж, үндэслэлээ санхүүгийн хөндлөнгийн аудитын дүгнэлт гаргуулахаар Татвар, санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан боловч хариуцагч гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүй тул урьдчилгаа төлбөр, хөндлөнгийн аудитын шинжилгээ хийсэн шинжээчийн ажлын хөлс гаргуулахаар нэхэмжилж байна гэж тодорхойлжээ.

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн №21 тоот Татвар, санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, үр дагаврыг арилгуулах гэж тодорхойлсон.

4. Үүний дараа нэхэмжлэгч тал 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулж, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2, 343.3-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээний үр дүнг хүлээлгэн өгөөгүй тул гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 2,887,500 төгрөг гаргуулах, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т зааснаар гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж зааснаар, хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлж, биднийг хохироосон нөхцөл байдлыг бий болгоогүй бол эрүүгийн журмаар хийсэн шинжээчийн дүгнэлт гаргуулж 1,120,000 төгрөгөөр хохирохгүй байсан тул уг мөнгийг гэрээнээс татгалзсантай холбоотой хохирол гэж тайлбарлажээ.

5. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн №21 тоот Татвар, санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, үр дагаврыг арилгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан, 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тодруулж, өөрчилж өгсөн гэж тайлбарлаж байна.

6. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулсан тайлбарт тус тус тайлбар гаргасан ба шүүх хуралдаанд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, уг гэрээгээр хариуцагч тал аудитын дүгнэлт гаргаж өгөхөөр тохироогүй, гэрээнд заасан ажлын 70 хувийг хийж хүлээлгэн өгсөн, ажлын хөлсийг бүрэн өгөөгүй тул үлдэх ажлыг хөлсөө төлж байж хүлээж авах ёстой үндэслэлээр маргаж, улмаар нэхэмжлэгчид холбогдуулан ажлын хөлс 8,662,500 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

7. Нэхэмжлэгч тал хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, гэрээнд заасан үе шаттай хийх ажлуудыг хийж гүйцэтгээгүй, Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулийн 3.1.7-д заасны дагуу ажлын баримт үйлдээгүй, үйлчлүүлэгчийн өмнөөс үйлдсэн, шалгасан татварын тайлан, бусад баримт бичигт татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан, эсхүл түүнээс эрх олгосон этгээд гарын үсгээ зурж, татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээдийн тэмдэг дарж баталгаажуулах; ажлыг хийгээгүй гэж маргажээ.

Хэрэгт тогтоогдсон үйл баримтууд, түүнд хийсэн шүүхийн дүгнэлтүүд;

8. Нэхэмжлэгч Т ХХК, хариуцагч Ф ХХК нар 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Татвар, санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж, гэрээний зорилгоо Гүйцэтгэгч тал Захиалагчийн нягтлан бодох бүртгэлийг СТОУС-ын дагуу тайлагнаж, татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ үзүүлэх, хэрэглэгчийн санхүүгийн чадавхи, зах зээлд эзлэх байр суурийг өргөтгөхийн тулд санхүүгийн бизнесийн судалгаа шинжилгээ явуулж, санхүүгийн иж бүрэн цогц үйлчилгээ /аутсорсинг/ үзүүлэх, Захиалагч нь нягтлан бодох бүртгэлийн анхан шатны болон бусад татвар, санхүүгийн үнэн зөв баримтуудыг гаргаж өгөх, үйлчилгээнд тохирсон үнийг төлөх болон талуудын эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхойлохтой холбоотой харилцааг зохицуулна гэж тодорхойлсон. /1-р хх-ийн 5-7/

Талууд гэрээний хугацааг 2021 оны 02-р сарын 23-ны өдрөөс 2021 оны 05-р сарын 01-ний өдөр хүртэл байхаар зааж, гэрээний төлбөрийн нөхцөлийг нэг сарын үйлчилгээний төлбөрийг 1,650,000 төгрөг бөгөөд старт-ап бизнес эрхлэгчийг дэмжих бодлогын хүрээнд 1 сарын 577,500 төгрөг, болгон хөнгөлсөн ба 2019 оны 05 сараас 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх нийт 20 сарын санхүүгийн байдалд дүн шилжилгээ хийхээр, үйлчилгээний төлбөр 11,550,000 төгрөг байхаар тохиролцжээ.

Хариуцагч хуулийн этгээд нь татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааны чиглэлтэй болох нь улсын бүртгэлийн гэрчилгээнд тусгагджээ. /1-р хх-16/

Талуудын хооронд байгуулсан Татвар, санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээ байна гэж үзлээ.

Шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Т ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Э, санхүү эрхэлсэн захирал П.Э-ийн мэдүүлэгт, гэрээ байгуулах болсон шалтгааныг Т ХХК-д түгээгчээр ажиллаж байсан ажилтнууд дутагдал гаргаж, улмаар цагдаагийн байгууллагад эрүүгийн журмаар шалгуулахад хөндлөнгийн байгууллагын санхүүгийн аудитын дүгнэлт гаргаж ирүүлэхийг шаардсан тул хариуцагчтай гэрээ байгуулж аудитын дүгнэлт гаргуулах зорилготой байсан гэж мэдүүлж байгаа боловч гэрээнд энэ талаар тусгаагүй, тодруулбал, аудитын дүгнэлт гаргуулах асуудлыг уг гэрээгээр тохирсон гэж үзэх үндэслэлгүй юм.

Талууд гэрээгээр тохирсон ажлыг өөр өөрөөр тайлбарлаж байгаа боловч Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т зааснаар хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг шүүх анхаарч гэрээний 4.4-4.17-д заасан ажлыг хийж гүйцэтгэхээр тохирсон гэж үзнэ.

-Хариуцагч Ф ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай Н.Т-н гэрчээр өгсөн мэдүүлэгт, шүүх хуралдаанд шинжлэн судласан Himalaya HERBALS-Ургамлын ид шидийг таны гоо сайханд гэсэн бичиглэл бүхий ногоон тэмдэглэлийн дэвтэрт 2019 оны санхүүгийн тайлан-1 ш, 2020 оны санхүүгийн тайлангийн нэгтгэл-2 ш баримтуудыг нэхэмжлэгч байгууллагын нягтлан бодогчид хүлээлгэн өгсөн гэж,

Үүнийг гэрч П.Э тайлбарлахдаа, гэрээгээр тохирсон ажлыг 2021 оны 07-р сарын 01-нд хүлээлгэж өгөх байсан ч 7-р сарын 05-нд өгөхдөө санхүүгийн тайлангийн эхлэлтийн баланс буруу, компанийн дүрмийн санг 20,000 төгрөг гэж тайлан гаргасан байсан, гэтэл тус компанийн дүрмийн сан улсын бүртгэлийн гэрчилгээнд зааснаар 50,000.00 төгрөг ба улсын бүртгэлд өөрчлөлт оруулж байж өөрчлөгддөг зүйлийг өөрчилж буруу гаргасан. Эхлэлтийн баланс зөрүүтэй тул цаашид тайлан буруу болох нь тодорхой, цагдаагийн байгууллагад өгсөн тайланг би өөрөө гаргасан гэж мэдүүлсэн.

Энэ үйл баримтын талаар нэхэмжлэгч тал Т ХХК-ийн 2019 оны санхүүгийн тайлан, нэгтгэл материалууд гэх бор хавтастай 180 хуудас бүхий баримтуудыг гаргасан.

 

Шүүх хуралдаанд оролцсон гэрчүүд ажлын гүйцэтгэлийг хүлээлцсэн талаар зөрүүтэй мэдүүлж байгаа боловч хэрэгт авагдсан баримтаар,

-№21 тоот гэрээт ажлын талаар Т ХХК-иас өгсөн нэмэлт ажлын даалгавар №01-04 тоот ажлын тайлан, дүгнэлт, санал, зөвлөмж /1-р хх-ийн 39-42/, ажилчдаас авах авлагын тооцны нэгтгэл баримтууд гарсан байна. /1-р хх-39-50/

1-р хавтаст хэргийн 51-62 талд авагдсан баримтууд нотлох баримтын шаардлага хангаагүй ба шүүх хуралдаанд оролцсон гэрч Н.Т мэдүүлэхдээ манай компани татвар, санхүүгийн мэргэшсэн зөвлөх үйлчилгээ үзүүлж, олон мэргэшсэн нягтлан бодогч нар ажиллаж нэхэмжлэгч компанийн гэрээнд заасан санхүүгийн хугацааны дүгнэлтийг сар бүрээр хувааж гарган, захирал хянаж баталгаажуулсан гэсэн мэдүүлгийн хэсэг нь хэргийн үйл баримтыг тодруулсан гэрчийн өгсөн мэдүүлэг гэж шүүх үзсэнийг дурьдах нь зүйтэй.

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 121 дугаартай дүгнэлтээр Т ХХК-д түгээгчээр ажиллаж байсан Т.Б, Э.Б-Э нарт холбогдох эрүүгийн 201002394 хэрэгт санхүүгийн баримтанд шинжилгээ хийхдээ Ф ХХК нь татвар, санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээний дагуу 2021 оны 06 сарын 10-ны өдрийн 01 дугаартай санхүүгийн дотоод хяналтын тайлан, дүгнэлтэнд нэмэлт шинжилгээ хийж, дүгнэлт гаргасан байна.

Уг дүгнэлтэд, Т ХХК-ийг аудитын дүгнэлт ирүүлээгүй гээд Ф ХХК-ийн гаргасан санхүүгийн дотоод аудитын дүгнэлтийг бүрэн үндэслэлтэй гэж үзэхгүй гээд түгээгч нарын дутагдуулсан тооцооллыг гаргасан байна.

Дээрх үйл баримтыг дүгнэхэд санхүүгийн тайлан үнэн зөв гарсан эсэх нь эрх бүхий этгээдийн дүгнэлтээр тогтоогдох учиртай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан явцад гарсан энэхүү шинжээчийн дүгнэлтээр зохигч талуудын хооронд байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээний ажлын үр дүн, түүний доголдолтой эсэхийг тогтоохгүй гэж шүүх үзлээ.

Хэрэгт авагдсан Ф ХХК-ийн 2021 оны 05 сарын 28-ны өдрийн албан бичигт ажил хүлээлцэх гэрээний хугацааг тодорхой шалтгаанаар сунгаж өгөх хүсэлтийг Т ХХК-д хүргүүлж, Ф ХХК-ийн 2021 оны 07 сарын 02-ны өдрийн 40 дугаартай албан бичгээр, гэрээнд заасан ажлыг 45 хоног хоцорч гүйцэтгэн дуусгаж, анхан шатны баримт шинжлэх, шалгах, боловсруулах ажиллагаа хийгдсэн, касс болон харилцахын тайлан боловсруулсан, бараа материалын тайлан гарган боловсруулсан, гүйлгээ баланс гаргасан, санхүү байдлын тайлан, авлага өглөгийн товчоо тайлан сар тутам болон 2019, 2020 оны өссөн дүнгээр бэлтгэн гаргасныг мэдэгдэж, хугацаа хэтрүүлсэн гэрээний хариуцлагыг суутгаж, үлдэгдэл төлбөрийг гэрээний 3.3-т заасан төлбөр төлөх графикийн дагуу төлж барагдуулах талаар Т ХХК-д мэдэгджээ.

Гэвч шүүх хуралдаанд оролцсон гэрчүүдийн мэдүүлгээс үзэхэд ажлын үр дүнг хүлээлгэн өгөх уулзалтын явцад талууд маргалдаж нэхэмжлэгч байгууллагын гүйцэтгэх удирдлага уулзалтыг орхин гарч, санхүүгийн ажилтан шүүх хуралдаанд эх хувиар шинжлэн судласан тэмдэглэлийн дэвтэрт тусгагдсан санхүүгийн тайланг хүлээн авч уулзалтын ажиллагаа дууссан байна.

Иргэний хуулийн 206 дугаар зүйлд зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх зарчимтай ба хариуцагч тал гэрээний үүргийн гүйцэтгэлийг хугацаа хожимдуулах болсон талаараа мэдэгдсэн, нэхэмжлэгч тал удаа дараа үүргийн гүйцэтгэлийг хариуцагчид сануулсан гэж байгаагаас үзэхэд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ гэсний дагуу нэхэмжлэгч нь хариуцагчид нэмэлт хугацаа тогтоож өгсөн гэж үзэхээр байна.

Гэрээний 3.3-т гэрээний төлбөрийг -2021 оны 3 дугаар сарын 5-ны дотор урьдчилгаа 25%,-мөнгөн урсгалын тайлан, орлого үр дүнгийн тайлан танилцуулан төлбөрийн 50%, -Санхүү байдлын тайлан танилцуулан 25% шилжүүлэх буюу бэлнээр төлнө гэж гэрээний төлбөрийг үе шаттай төлөхөөр заасан.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас ажлын гүйцэтгэлийн тодорхой хувийг хүлээж авсан, түүнийг үндэслэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлт гарсан байна. Иймээс ажил гүйцэтгэх гэрээний үр дүнг хүлээлгэн өгөөгүйгээс гэрээний урьдчилгаа төлбөр 2,887,500 төгрөг гаргуулах үндэслэлгүй юм.

Мөн эрүүгийн хэрэгт шинжээч томилж дүгнэлт гаргуулсан 1,120,000 төгрөгийн зардал нь ажил гүйцэтгэх гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлсэн эсэх, хугацаа хэтэрсэн эсэхээс үл хамаарч нэхэмжлэгчээс зайлшгүй гарах байсан зардал гэж үзээд Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.4-т зааснаар хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй байна.

Харин сөрөг нэхэмжлэлийн хувьд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар ...захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээхээр заасан тул ажлын үр дүнг эхлээд хүлээн авч, дараа нь хөлс төлөх үүрэгтэй гэж үзлээ. Гэтэл хариуцагчийн төлөөлөгч нь нэхэмжлэгчийг гэрээний төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тул ажлын үр дүнг хүлээлгэн өгөхгүй гэж, мөн гэрээний 8.2-т Захиалагч тал энэхүү гэрээний 3.3 дүгээр зүйлд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд Гүйцэтгэгч тал гэрээний 4-т заасан үүргийг биелүүлэхгүй ба тухайн үүргийг биелүүлээгүйгээс захиалагч талд учирсан хохирлыг Гүйцэтгэгч тал бүрэн хариуцахгүй гэж заасан зэрэг нь хуулийн зохицуулалтын дээрх дарааллалтай нийцээгүй байна.

Тодруулбал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гэрээнд гэрээний төлбөрийг үе шаттайгаар төлөхөөр заасан гэж тайлбарлаж байгаа ба хийсэн ажлын хөлсийг өгөөгүй тул дараагийн ажлыг хүлээлгэн өгөөгүй гэсэн нь үндэслэлгүй юм.

Зохигчийн хооронд үүссэн маргааныг онцлог нь ажил гүйцэтгэх гэрээний зүйл болох хийсэн ажлын үр дүн нь нэхэмжлэгчээс өөр этгээдэд шаардлагагүй, нэхэмжлэгч хуулийн этгээдийн санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой ажил тул хариуцагчийн хувьд ажил гүйцэтгэх гэрээний үүргээ бүрэн хүлээлгэн өгсний дараа гэрээний төлбөрөө шаардах байжээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгч, хариуцагчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг тус тус улсын орлогод үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дүгээр зүйлийн 343.1-т зааснаар хариуцагч Ф ХХК-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 2,887,500 төгрөг, шинжээчийн ажлын хөлс 1,120,000 төгрөг, нийт 4,007,500 төгрөг гаргуулах тухай Т ХХК-ийн нэхэмжлэлийг, Т ХХК-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 8,662,500 төгрөг гаргуулах тухай Ф ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 79,070 төгрөг, хариуцагчийн төлсөн 153,550 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШЗ2023/08166 дугаар захирамжаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь энэ хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ