| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 195/2025/2250/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/2491 |
| Огноо | 2025-11-04 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Б.Одонтуяа |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2491
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Юмжирдулам хөтөлж,
улсын яллагч Тээврийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Одонтуяа,
шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч Т.Төмөрбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт *******ын *******т холбогдох эрүүгийн 2503000000861 дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 627 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 01 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг 01 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Боржигон овогт *******ын ******* /РД:***/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.******* нь 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ Хан-Уул дүүргийн 6-р хороо Яармагийн 3 дугаар автобусны буудлын хажуу замд 2025 оны 7 дугаар сарын 22-ны шөнийн 04 цаг 00 минутын орчимд Тоёота Приус маркийн ******* УЕЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 "жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн" гэх заалтыг зөрчиж замын хөдөлгөөнд оролцсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргахгүй. Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйл байхгүй гэв.
Хоёр. Эрүүгийн 2503000000861 дугаартай хэргээс:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дахь тал/,
Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын ЗЦХ-ийн зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч О.Наранбаярын Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 3 дахь тал/,
Жолоочийн согтуурлыг шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 4, 6 дахь тал/,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2024/ЗШ/3195 дугаартай шийтгэвэр /хавтаст хэргийн 13-14 дэх тал/,
Шүүгдэгч Б.*******ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 45 дахь тал/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 7 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 8 дахь тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 11 дэх тал/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хавтаст хэргийн 12 дахь тал/, ял шалгах хуудас /хавтаст хэргийн 15 дахь тал/, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 627 дугаартай шийтгэх тогтоол /хавтаст хэргийн 18-21 дэх тал/, дансны хуулга /хавтаст хэргийн 62-75 дахь тал/, “Гүмүда констракшн” ХХК-ийн ажлын байрны тодорхойлолт /хавтаст хэргийн 76 дахь тал/ зэрэг болно.
Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.*******ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Шүүгдэгч Б.******* нь 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 01 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2025 оны 7 дугаар сарын 22-ны шөнийн 04 цаг 00 минутын орчимд Хан-Уул дүүргийн 6- р хороо Яармагийн 3 дугаар автобусны буудлын хажуу замд Toyota Prius маркийн ******* УЕЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 0.34 хувийн согтолттой, согтуурсан үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцсон болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дахь тал/,
Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын ЗЦХ-ийн зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч О.Наранбаярын Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 3 дахь тал/,
Жолоочийн согтуурлыг шалгасан тэмдэглэлд. Б.*******ыг 2025 оны 07 дугаар сарын 22-ны 04 цаг 09 минутад шалгахад 0,34 хувийн спиртийн агууламж илэрсэн /хавтаст хэргийн 4, 6 дахь тал/,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2024/ЗШ/3195 дугаартай шийтгэвэрт: Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулав /хавтаст хэргийн 13-14 дэх тал/,
Шүүгдэгч Б.*******ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: 2025 оны 7 дугаар сарын 22-ны шөнийн 00 цагийн үед Хан-Уул дүүрэгт байрлах Яармагийн 1-р автобусны буудлын ойролцоо зогсоол дээр найз Энхбаттай уулзаад тус бүр 2 лааз 0,33 мл “Сэнгүр” нэртэй пиво уугаад Хан-Уул дүүргийн Нисэхийн Дэнжид байрлах Пирамид хотхон руу такси бариад найз Энхбатын гэрт очсон. Энхбатын гэрт очоод хоёулаа юм ярьж сууж байгаад шөнийн 3 цагт найзынхаасаа ганцаараа гараад такси бариад Яармагийн 1 дүгээр буудлын ойролцоо автомашины зогсоол руу машинаа авах гээд очсон. Шөнийн 04 цагийн үед нагац эгч Сувдмаагийн эзэмшлийн ******* УЕЕ улсын дугаартай Toyota Prius маркийн тээврийн хэрэгслийг зогсоолоос жолоодож яваад Яармагийн 3-р автобусны буудлын ойролцоо цагдаа зогсоож, согтуурлын зэрэг шалгах драгер багажаар шалгаж 0,34% согтолттой гарсан. Намайг зогсоосон цагдаа миний унаж явсан автомашиныг түр саатуулах байр луу ачаад надад “өглөө та 6 цагийн үед Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн газар хүрээд ирээрэй” гээд явуулсан. Өглөөний 6 цагийн үед цагдаатайгаа уулзаад намайг Тээврийн цагдаагийн албан дээр авчирч ирээд мөрдөгчид хүлээлгэж өгсөн...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 45 дахь тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хуульчилсан.
Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж байхаар хуульчилсан.
“Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг,
“Согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20 түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно гэж хуульчилжээ.
Шүүгдэгч Б.******* нь 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 01 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2025 оны 7 дугаар сарын 22-ны шөнийн 04 цаг 00 минутын орчимд Хан-Уул дүүргийн 6- р хороо Яармагийн 3 дугаар автобусны буудлын хажуу замд бусдын эзэмшлийн ******* УЕЕ улсын дугаартай Toyota Prius маркийн тээврийн хэрэгслийг 0.34 хувийн согтолттой, согтуурсан үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцож Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д заасан заалтыг зөрчсөн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.******* нь урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 627 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 01 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг 01 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзан шийдвэрлэсэн байх тул түүнд нэмж нэгтгэх ялгүй гэж үзнэ.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Б.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх дүгнэлт гаргасан.
Шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч Т.Төмөрбаатар нар нь улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын талаар маргаагүй болно.
Шүүгдэгч Б.*******т ял оногдуулахдаа эрүүгийн хариуцлагын зорилго болох гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх зорилгод нийцүүлэн эрхэлсэн тодорхой ажилтай хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 3500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,500,000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.******* нь барилга дээр хувиараа мужаанаар ажилладаг, түүний орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг 06 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.*******т мэдэгдэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолох нь зүйтэй.
Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Боржигон овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 3500 /гурван мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,500,000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 06 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.*******т мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
5. Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР