2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 29 өдөр

Дугаар     2025/ШЦТ/2255

 

 

 

 

 

 

 

 

    2025       09           29                                          2025/ШЦТ/2255

 

                                  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Банязүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Чанцалням даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Сүххуяг,

улсын яллагч Б.Ууганбаяр,

шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б-ийн Э-т холбогдох эрүүгийн .................. дугаартай хэргийг тус шүүхийн хуралдааны “Е танхимд 2025 оны  08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн товч утга:

Шүүгдэгч Б.Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн ......-р хорооны нутаг дэвсгэрт хохирогч Х.С-тэй маргалдаж хохирогчийн толгойн хэсгийг чулуугаар цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн дээрх цаг хугацаанд хохирогч Х.С-гийн өмчлөлийн ................ дугаартай “BMW” маркийн авто машины урд салхины шилийг чулуугаар хагалж гэмтээж хохирогч Х.С-д 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн .... дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гараагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн, нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

 

Гэм буруугийн талаар:

1.Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрч, хохирлоо төлж барагдуулахаа илэрхийлж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болохыг дурдаж байна.

 

2.Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлэг, гэм буруугийн талаарх дүгнэлтээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Б.Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн .....-р хорооны нутаг дэвсгэрт хохирогч Х.С-тэй маргалдаж хохирогчийн толгойн хэсгийг чулуугаар цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, Мөн дээрх цаг хугацаанд хохирогч Х.С-ийн өмчлөлийн.............. дугаартай “BMW” маркийн авто машины урд салхины шилийг чулуугаар хагалж гэмтээж хохирогч Х.С-д 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдлоо. Энэ нь:

 Хохирогч Х.С-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…2024 оны 03 дугаар сарын 18-ны 19:00 цагийн үед багийн найз болох Т-тэй уулзаж, юм ярьж байгаад найзуудтайгаа уулзаж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх талаар ярилцаж, Г, Т  гэх хоёр найзыгаа очиж аваад, бид 4 миний авто машин дотор 2,5 литрийн савлагаатай шар айргаас 2 савыг уусан. Тухайн үед Т уугаагүй миний авто машиныг барьж явсан. Бид хэд цайз-16 хавьцаа байран дунд шар айргаа уусан. Шар айргаа ууж дуусчхаад тарахаар болж Т-ийг хүргэж өгөх гэхэд, би эмэгтэйчүүдийн хорихын  хажууд найзындаа хононо гэхээр нь Т-ийг хүргэж өгөхөөр явж байтал, Эмэгтэйчүүдийн хорих руу уруудаж байтал, Тэргэлийн 3, 4-н найзууд зам дагуу авто машинтай байж байсан ба бид хэд яасан бэ гэж асуутал хүмүүстэй маргалдаад авто машиныхаа цонхыг хагалуулсан гэж хэлсэн. Тэгэхээр нь бид хэд буугаад очтол Т-ийн найзууд нь 2 эрэгтэй маргалдаж байсан ба бид хэдийг хараад шууд чулуу шийдээд эхэлсэн. Тухайн чулуу нь миний авто машины дээвэр хэсгийг оночихоор нь тухайн залууг барьж аваад яагаад миний авто машин руу чулуу шидээд байгаа юм гэж хэлтэл миний толгойг чулуугаар цохисон...” гэх мэдүүлэг /хх 24/,

Хохирогч Х.С-ийн дахин өгсөн: “............улсын дугаартай “BMW” маркийн машин нь миний эзэмшлийнх байсан бөгөөд би анх 2023 оны 05 дугаар сард фэйсбүүк зарын дагуу Э.Э гэх хүнээс худалдан авч байсан бөгөөд уг хүн нь мөн өмнө өөр хүнээс авч байсан тухайн үедээ нэр шилжүүлэг хийгээгүй гээд миний нэр дээр шилжүүлж өгөөгүй. ...цагаан өнгийн марк 2 маркийн машинтай байсан санагдаж байна би эдгээр хүмүүсийг танихгүй тухайн үед Т мэдэж байгаа байх...” гэх мэдүүлэг /хх 97/,

Гэрч Б.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Би Д-ын тоглолтыг найз С болон С-гийн 2 найзын хамт явсан бөгөөд С-гийн нэг найз нь машин барьж явсан тэр найзынх нь нэрийг санахгүй байна тэгээд шөнө гэр лүүгээ явж байсан чинь манай найз Ц яриад уулзах уу? гэхээр тэгье гээд Монелийн эмэгтэйчүүдийн хорихын хажууд очсон чинь манай найз Ц-гийн найзын машин гэх марк 2 машины арын шилийг хагалчихсан байсан бөгөөд нар машины замаас гаргаад приус загварын хажууд зогсоогоод хашааны үүдэнд байсан хүмүүс рүү явсан чинь өөдөөс чулуу шидээд С-гийн машины шилийг хагалаад хаячихсан мөн шидсэн чулуунууд нь машины дээвэр хонхойлгосон бөгөөд бөөндөө бид нар луу дайраад нэг нь С-г барьж аваад цохиж унагаахаар нь би эргээд зугтаасан бөгөөд нэг харсан чинь С замын хажууд толгойноос нь цус гарчихсан гүйж байсан юм. ... Манай найз Ц найзынхаа хамт явж байсан бөгөөд Ц надад хэлэхдээ замаар явж байсан чинь зам дээр хэдэн хүмүүс барьцалдаж авсан байхаар нь замаас холдооч гэсэн чинь Ц-г нэг нь цохиод хамраас нь цус гаргасан гэсэн мөн чулуугаар машины арын шилийг цохиод хагалсан гэж байсан..." гэх мэдүүлэг/хх 100/,

Гэрч Н.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2024 оны 03 дугаар сарын 18-ны орой С, Г нартай Цайз-16-д уулзахаар тохиролцоод уулзсан чинь С машинтайгаа ирсэн байсан болохоор би өөрийн машинаа үлдээчхээд С-ийн машиныг барьж явсан юм. С нь Т гээд нэг залууг дагуулаад ирсэн байсан. Тэгээд би жолоо барьж явсан болохоор архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй манай найзууд машинд пиво ууж гадуур машинтай явж байгаад шөнө харихаар болцгоосон чинь Т найзындаа хононо гээд Цагаандаваа буюу эмэгтэйчүүдийн хорихын тэнд хүргүүлсэн. Тэгээд бид нар эмэгтэйчүүдийн хорихын тэнд очоод машинаасаа бууцгаасан чинь цаана хашааны буланд хэсэг хүмүүс зодолдоод байхаар нь С, Г, Т бид нар салгах гээд очсон чинь нөгөө хүмүүс өөдөөс чулуу шидээд цохих гээд байхаар нь бид нар буцаад зугтаасан чинь нэг эрэгтэй нь чулуу шидээд С-ийн машины шилийг хагалаад хаячихсан бөгөөд нэг харсан чинь С-ийн толгойноос цус гарч байсан. Тэгээд машиндаа суугаад цааш зугтаах гэсэн чинь нөгөө эрэгтэй нь машины түлхүүр авсан харин нэг эмэгтэй нь машины номер аваад явчихсан юм.  Тэгээд бид 4 машинаа орхиод зугтаагаад гэр гэрлүү гээ явсан... Тэр үед олон хүмүүс байсан болохоор хэн гэдгийг нь мэдэхгүй байна энэ явдал болсны дараа С надад машин руу нь чулуу шидсэн хүнийг бариад авсан чинь нөгөө хүн нь чулуугаар толгойг нь цохисон гэж хэлж байсан…” гэх мэдүүлэг/хх 29/,

Гэрч Б.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:  “...2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр цэргийн баярын өдрийг авто засварын найзууд болох Л түүний эхнэр О, Э түүний эхнэр Б, А бид зургаа тэмдэглэж Чингэлтэй дүүргийн 17 дугаар буудал хавьцаа байрлах караокед орсон. Тухайн караокед хүний 5 шил шар айраг уугаад байж байтал, Ө эхнэртэйгээ ирсэн. Л, О, Э, Б, А нар Л-ийн гэр лүү явахаар 2 авто машинтай  явсан ба би араас нь Ө-тэй явсан. Дарь эхийн ...... дугаар сургуулийн хажууд Ө-ийн гэр байдаг ба Ө гэрийнхээ гадаа буухаар нь би дагаж буусан. Л-гийн гэр нь Эмэгтэйчүүдийн хорихын хажууд байдаг тул би алхаад Л-гийн гэр лүү очиж байтал эмэгтэйчүүдийн хорих руу урууддаг хэсэгт манай найзууд олон залуустай маргалдаад, зодолдсон байдалтай зогсож байсан. Тэгэхээр нь би дундуур орж, -г салгаж гэр лүү нь оруулаад буцаж иртэл нэг залуу шууд хүрч ирээд миний толгой хэсэгт нэг удаа цохисон. Уг цохилтын улмаас миний ухаан балартаж ухаан алдаж унасан. Сэргэтэл маргаан болоод дууссан би газарт сууж байсан…” гэх мэдүүлэг /хх 33/,

Гэрч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2024 оны 03 дугаар сарын 18-ны орой би нөхөр Эрхэмбаяр, Л, Л-ийн эхнэр О, А бид 5 караоке орчихоод буцаад Л-гийн гэрт такси барьж очоод би Л-гийн гэрт орж 2 хүүхдээ авчихаад эргээд гараад ирсэн чинь хашааны үүдэнд нь нөгөө хэд хүмүүстэй зодолдоод байж байхаар нь эргээд хүүхдүүдээ Л-гийн гэрт оруулаад нөхөр Э-ыг авах гээд гарсан чинь нэг өндөр залуутай барьцалдаад авчихсан байсан бөгөөд салгах гээд дундуур нь орсон чинь хаанаас нь мэдэхгүй нэг охин гарч ирээд намайг үсдээд гэдэс рүү цохиод байсан юм. Тухайн үед жирэмсэн байсан ба найз О жирэмсэн хүн зодоод байна гэсэн чинь нөгөө хүмүүс зугтаагаад яваад өгсөн ба манай найзууд цагдаад дуудлага мэдээлэл өгсөн юм...” гэх мэдүүлэг/хх 36/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Н.Э-гийн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр гаргасан 3959 дугаартай дүгнэлт: “Х С-гийн биед дагзны хуйханд язарсан шарх, зүүн гарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих, үрэх механизмаар үүснэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэх дүгнэлт /44-45/,

“Сүлд үнэлгээ” ХХК-н 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр гаргасан ........ дугаартай автомашин техникийн үнэлгээний тайлан /хх 51-52/,

 Мөрдөгчийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 55-59/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.

 

3.Хохирогчийн биед учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэрээр буюу нүүрэн тус газар гараараа цохих зэрэг үйлдлийн улмаас үүссэн гэх нөхцөл байдал тогтоогдсон байна.

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Б.Э нь хэрэг хариуцах чадвартай, өөрийн үйлдлийн хууль бус болохыг мэдсээр байж хохирогчийн биед халдсан байх тул гэм буруугийн хувьд шууд санаатай гэж дүгнэлээ. 

Мөн бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд халдсан идэвхтэй хууль бус үйлдлийн улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан байх бөгөөд хууль бусаар устгасан, гэмтээсэн үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байдаг. 

Шүүгдэгч Б.Э нь хохирогч Х.С-тэй маргалдах явцдаа түүний өмчлөлийн ............... дугаартай “BMW” машины урд салхины шилийг чулуугаар хагалж 550.000 төгрөгийн буюу бага хэмжээнэээс дээш хэмжээний хохирол учирсан болох нь “Сүлд үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар нотлогдож байна.

Бусдын  хуулиар хамгаалагдсан эрхэнд халдаж эд хөрөнгийг устгаж, гэмтээсэн хууль бус идэвхтэй үйлдэл, үр дагавар хоёр хоорондоо шууд шалтгаант холбоотой байна. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж хуульчилжээ.    

Хэрэгт авагдсан баримтаар хэдийгээр дээрх гэмт хэргүүд нь нэг цаг хугацаанд гарсан байх боловч шүүгдэгч Б.Э-ын хууль бус нэг удаагийн үйлдэл биш харин хоёр тусдаа үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирсан гэх нөхцөл байдал тогтоогдсон байна.

Иймд улсын яллагчаас яллах дүгнэлт үйлдэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамласан нь үндэслэлгүй болсон байна гэж шүүх үзсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Э нь хэрэг хариуцах чадвартай, өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлах чадамжтай этгээд байх бөгөөд хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж дүгнэлээ.

4. Иймд шүүгдэгч Б.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, төлбөрийн талаар:

5. Шүүгдэгч Б.Э-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Х.С-д 550.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгчээс гаргуулж, хохирогч  Х.С-д олгуулахаар шийдвэрлэв.

Хохирогч Х.С нь цаашид нотлох баримтаа бүрдүүлэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

6. Улсын яллагчаас шүүгдэгч Б.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлтийг гаргасан.

 

Шүүгдэгч Б.Э-т эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхээс шүүгдэгч Б.Э-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ ажил хөдөлмөр эрхэлдэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хувийн байдал, учруулсан хохирлын нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн шүүгдэгч Б.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар,

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-т энэ тогтоолоор оногдуулсан тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 900 /есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоож, уг торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоож шийдвэрлэв.

 

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б овогтой Б-ийн Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар,

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-т энэ тогтоолоор оногдуулсан тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 900 /есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-аас 550.000 төгрөгийг гаргуулж, хохирогч  Х.С-д олгосугай.

 

7. Хохирогч Х.С нь цаашид нотлох баримтаа бүрдүүлэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

8.Шүүгдэгч Б.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй. 

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Э.ЧАНЦАЛНЯМ