Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 101/ШШ2023/00853

 

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:А.Ж-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: О.Б холбогдох

Гэрээний үүрэгт учирсан хохирол 2,664,459 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, үндэслэлгүйгээр олж авсан 2,915,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.*******, нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч А.Ж хариуцагч О.Б-т холбогдуулан гэрээний үүрэг зөрчсөнөөс учирсан хохирол 2,664,459 төгрөгийг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах үндэслэлээр тодорхойлсон. Нэхэмжлэгч А.ж миний бие өөрийн эзэмшлийн 00 УБҮ улсын дугаартай соната 7 маркийн авто машинаа О.Б-т 2022 оны 02 дугаар сарын 14-ний өглөө 9:00 цагт нэг хоногийн хугацаатай, хоногийн 120,000 төгрөгөөр, 200,000 төгрөгийг барьцаа болгон авч иргэний хуульд заасанчлан гэрээг орлох баримт бичиг үйлдэн хариуцагчийн хүсэл зоригоо илэрхийлсэн гар бичмэлийг үйлдүүлэн гарын үсэг зуруулж баталгаажуулан түрээслүүлсэн. О.Б- нь авто машиныг хүлээлгэн өгөх ёстой 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрөө осол аваар гаргасан бөгөөд гэрээг орлох баримтанд гарын үсэг зурсанчлан эвдрэл гэмтэл учруулвал засварлагдах хүртэл түрээсэлсэнд тооцно гэсний дагуу түрээсээ сунгаж засварлаж өгөхөөр болсон бөгөөд миний машины гэрээт тээврийн хэрэгсэлийн Практикал даатгалаас 1,700,000 төгрөгийг өөрийн дансруу шилжүүлж авсан билээ.

Гэвч хариуцагч О.Б- авто машиныг засварлуулахдаа зөвхөн буфер, гэрэл хоёрыг янзлуулан бусад эд ангиуд болох буферийн арын рам төмөр хуниралдсаныг тэнийлгээгүй, усны сав хагарсаныг солиулаагүй, доод нэмэлт гэрэлийг хийлгээгүй онгорхой орхисон, 2 дугуй задарч урагдсан, обудыг нь цохиж эмтэлсэн учир хий орохооргүй зуйван зэрэг гэмтлүүдийг янзлах төлбөрийг авсан хэдий ч зориулалтын дагуу зарцуулаагүй, авто машинаа хүлээлгэн өгөхдөө урсгал сөрүүлж зам дээр орхиж ачуулсан, осол гаргасан Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст эрэн сурвалжлагдаж байгаа тухай мэдээллийн базыг өөрчлүүлээгүй, машины тосонд антифризер хийсэн тул моторын тос солих шаардлагатай болгосон 112,520 төгрөг, 56,9397 төгрөг газ, шатахуунгүй 30,000 төгрөг машины гадна, дотор салоны суудлуудыг шавар болгож суудал дээр хагархай дугуй ачсан тул угаалга 25,000 төгрөг обуд дугуй авах 120,000 төгрөг, гэрлийг асааж орхисон тул асахгүй акумлятор суусан байдалтай орхисоны улмаас асахгуй засварын газар тээвэрлэх шаардлагатай болсноос үүссэн 2 удаагийн ачилтын төлбөр 140,000 төгрөг, журмын хашааны 140,000 төгрөг, түрээсийн үлдэгдэл 5 хоногийн дутуу төлсөн 480,000 төгрөг, хөрөнгийн үнэлгээний үнэлэгдсэн үнэлгээ 1,920,000 төгрөг байхад Пратикал даатгалаас 1,536,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсний зөрүү 384,000 төгрөг нийт 2,664,459 төгрөгийг гэрээний үүргийг хангуулж О.Б-оос гаргуулахаар шаардаж байх тул гэрээний үүргийг хангуулж энэхүү асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэв.

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус шүүхэд А.Ж нь иргэн О.Б-т холбогдуулж гэрээний үүрэг хангуулах тухай гэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, 2,664,459 төгрөгийг нэхэмжилсэн байх бөгөөд миний бие нэхэмжлэлийн хувийг 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр гардан авч танилцан шүүхээс тогтоосон хугацааны дотор ийнхүү хариу тайлбарыг бичгээр гаргаж байна. А.Жгийн гаргасан 2,664,459 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлд дурдсан автомашиныг би нэг хоногийн хугацаатай авч ашигласан бөгөөд харин А.Жгийн нэхэмжилж байгаа нийт 2,664,459 төгрөгийг хариуцан төлөх ёсгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь шүүхэд энэ нэхэмжлэлийг гаргахаас өмнө үндэслэлгүйгээр мөнгө нэхэмжилж улмаар утсаар холбогдож харааж, шорондоо яв гэж дарамталж, мөн зүй зохисгүй үгсээр доромжилж маш бүдүүлэг, ёс зүйгүй аашилж байсан. Жишээ нь: А.Ж нь өөрийн 00000 утаснаас над руу ...Шорондоо явах нь дээ. Даатгалаас мөнгө авсан боловч залилсан. Чамайг давхар бусдын эд зүйлд санаатай хохирол учруулсан хэргээр эрүү үүсгэсэн байгаа шүү..., жижиг зардал дээр хэнэггүй залхуу хандаж байгаад залуус алддаг. Гадаад дотоод явахад хөнгөн хүнд гараад л ирнэ. Хэрэг төвөгт орж байсан бүртгэл үүсгээд чамд л дэмий дээ... гэсэн мессежийг оройн цагаар бичиж, сэтгэл санаагаар дарамталсан. Шаардлагатай гэж үзвэл эдгээр мессежийг шүүхэд гарган өгөх бүрэн боломжтой. Нэхэмжлэгч нь хуулийн дагуу гэрээний үүрэг хангуулж өгнө үү гэсэн байх ба нэхэмжлэгчтэй ямар нэгэн гэрээ байгуулж, үүрэг хүлээгээгүй. Иймд нэхэмжлэгч А.Жгаас холбогдуулж гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3.Хариуцагч О.Б- шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд А.Жгийн нэхэмжлэлтэй, О.Б-т холбогдох 2,664,459 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг хянан шийдвэрлэгдэж байна. Хариуцагчаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд энэхүү сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна. Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд автомашин 1 хоногийн хугацаатай хөлслүүлэх талаар буюу эд хөрөнгө хөлслүүлэх гэрээний харилцаа үүссэн байдаг. А.Ж нь ийнхүү автомашиныг хөлслүүлэхдээ өөрийн аж ахуйн үйлчилгээний стандарт нөхцөлөө хэлж түүнийгээ О.Б-ын гараар бичүүлэн авсан. А.Ж нь О.Б-оор гараар нь бичүүлсэн 2022 оны 02 сарын 14-ний өдрийн гар бичмэлд Эвдрэл гэмтэл гарсан үед засагдах хүртэл түрээслэсэнд тооцно... гэж тусгуулж, уг тохиролцоог үндэслэж, түрээс гэх нэрээр хоног тутамд 120,000 төгрөгийг О. *******оос гаргуулж авсан байдаг. Дээр дурдаж буй ...Эвдрэл гэмтэл гарсан үед засагдах хүртэл түрээслэсэнд тооцно... гэх тохиролцоо нь Монгол Улсын Иргэний хууль зөрчсөн буюу хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Ийнхүү дээрх тохиролцоо нь хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус тул үүний дагуу авсан мөнгөө А.Жавлхан нь О.Б-т буцаан төлөх ёстой буюу О.Б- шилжүүлсэн мөнгөө А.Жгаас буцаан шаардах эрхтэй болно. Иймд Монгол Улсын Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсгийг үндэслэн иргэн О.Б- нь А.Жд шилжүүлсэн нийт 2,915,000 төгрөгийг түүнээс шаардан буцаан нэхэмжилж байна гэв.

4.Нэхэмжлэгч А.Ж хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: *******ын ******* миний бие Иргэний хуулийн 42.2-т заасны дагуу О.Б-оос 2,664,459 төгрөгийг гэрээг орлох баримт бичиг буюу хариуцагчийн өөрийн хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан гар бичмэлийг үндэслэн Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ нь хууль зөрчөөгүй бөгөөд хариуцагчийн гаргасан, харъялал шилжүүлэх хүсэлт, шүүх хурал хойшлуулах хүсэлтүүд, шүүгчээ солих хүсэлт, өмгөөлөгч авах хүсэлт, хэрэгсэхгүй болгох хүсэлт одоо сөрөг нэхэмжлэл өгөх гэх мэт иргэний шүүхэд байдаг хойшлуулдаг олон хүсэлтүүдийг шүүх хянан хууль ёсны учир буюу тухайн О.Б- гэх иргэн хүсэл зоригоо илэрхийлж зам тээврийн хууль дүрэм сахиж амь нас эрүүл мэнд авто машины эвдрэл гэмтэл зэргийг бүрэн хариуцна. Хэрэв эвдэлсэн тохиолдолд засварлагдах хүртэл түрээсэлсэнд тооцно. Засварлуулж өгнө хэмээсэн гар бичмэл, гарын үсэг зурсан, он сартай байх гэсэн хуулинд заасан шаардлагууд хүсэл зоригоо илэрхийлсэн гэрээг орлох баримт бичигт тусгагдсан тул шүүх хурал процессийн дагуу явагдаж байна гэж ойлгож байгаа. Тиймээс хуулийн мэдлэг боловсролыг бусдад гэм хор учруулсан бусдын амьдралд хохирол учруулах байдлаар, түүнийгээ хаацаалах байдлаар хууль зөрчиж ажиллах нь хуулинд нийцэхгүй гэж үзэж байна. О.Б- нь өөрийн мэссэж дээр төлбөрөө бүрэн барагдуулахаа амласан зурвас байдаг. Түүнчлэн авто машиныг эвдэлсэн эс эвдэлсэн бай миний машиныг хүлээлгэж өгсөн цаг хугацаа хүртэл би нэхэмжлэлээ гаргаж байгаа болно. О.Б- нь машиныг бүтэн 2 сарын турш хэрэглэсэн 2022 оны 02 дугаар сарын 14-ний Валентины өдрөөс эхлээд мартын 8 дуусгаж, 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээлгэж өгсөн. Ингэхдээ эвдэлсэнээ гүйцэд янзлаагүй, шатахуунгүй, гэрлүүдийг асааж акумлятор суулгаж мөн зам дээр урсгал сөрүүлж тависан, осол аваарийн бүртгэлээ арилгаагүй байсан тул ТС-6 СБД замын цагдаагаас ачаад явсан байсан. Бусдад хохирол учруулсан, бусдын хөдлөг хөрөнгийг хэрэглэсэн төлбөр эргүүлэн нэхэмжлэх нь хуулинд огт нийцэхгүй тул эрхэм шүүгч та энэхүү сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

5.Нэхэмжлэгч талаас шүүхэд:иргэний үнэмлэхийн лавлагаа(хх-ийн2), кости эстимэйт ХХК үнэлгээний тайлан(хх-ийн6), гэрэл зураг(хх-ийн7-8), пратикал даатгалын төлбөрийн даатгал(хх-ийн9-12), төлбөрийн баримт(хх-ийн31-40), Хэлцэл(хх-ийн41),татвар төлсөн баримт(хх-ийн42), 2022.04.14-ний өдрийн зарлагын падаан(хх-ийн92) зэрэг баримтыг гаргаж өгсөн.

6.Хариуцагч талаас шүүхэд: Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны тодорхойлолт(хх-ийн107), Хаан банкны 0тоот дансны депозит хуулга(хх-ийн173), Голомт банкны 0дансны депозит хуулга(хх-ийн174-178), ******* ХХК-ийн албан тоот(хх-ийн205), зарлагын баримт(хх-ийн206-210) зэрэг баримтыг гаргаж өгсөн.

7.Зохигчдын хүсэлтээр шүүхээс:******* ХХК-ийн албан тоот(хх-ийн119-133), иргэний үнэмлэхийн лавлагаа(хх-ийн118), ******* аймаг дахь Цагдаагийн хэлтсийн албан тоот(хх-ийн134), ******* дүүргийн Цагдаагийн хэлтсийн албан тоот(хх-ийн135),Ачигч автомашинуудын нэгдсэн холбооны албан тоот(хх-ийн136-139), ******* аймгийн 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт(хх-ийн140), Пратикал даатгалын албан тоот (хх-ийн218-228) зэрэг баримтыг бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч А.Ж хариуцагч О.Б-т холбогдуулан эд хөрөнгө хөлсөлсөн гэрээний үүрэгт тээврийн хэрэгсэлд шинэ копуд шинээр авч тавьсан зардалд 500,000 төгрөг, ачилтын хөлс 2 удаагийн зардалд 140,000 төгрөг, моторын тос сольсон 112,520 төгрөг, авто газ хийсэн 56,939 төгрөг, 30,0000 төгрөг, угаалга 25,000 төгрөг, обуд дугуй авсан зардалд 120,000 төгрөг, журмын хашааны төлбөр 140,000 төгрөг, ******* эстимэйнт ХХК-ийн үнэлгээ 1,920,000 төгрөгөөр үнэлэгдэгдсэн байхад Пратикал даатгалаас 1,536,000 төгрөгийг шилжүүлсний зөрүү төгрөгийг, 4 хоногийн түрээсийн төлбөр 1өдрийн 120,000 төгрөгт тооцон 480,000 төгрөг нийт 2,964,950 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

2.Хариуцагч О.Б- Пратикал даатгалаас 1,536,000 төгрөгийн нөхөн төлбөрийг авч тээврийн хэрэгслийг бүрэн зассан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

3..Хариуцагч О.Б- хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад А.Жгаас үндэслэлгүй шилжүүлсэн 2,915,000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасныг, А.Ж хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Хэрэг авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар дараах үйл баримт тогтоогдов.

4.Үндсэн нэхэмжлэл 2,664,459 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

4.1. Зохигчид харилцан тохиролцож, 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 02 дугаар сарын 15-ны өдрийн 09.00 цаг хүртэл хугацаанд sonota-7 маркийн, 00 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 200,000 төгрөгийн барьцаатайгаар хоногийн 120,000 төгрөгөөр түрээслүүлэх, түрээслэхээр тохиролцжээ.

4.2. Тээврийн хэрэгслийг түрээслэгч О.Б- ....зам тээврийн хууль дүрмийг сахиж зорчигчийн болон амь нас эрүүл мэнд, авто машины бүрэн бүтэн байдал, эвдрэл гэмтлийг хариуцна. Цаг хэтэрвэл нэг цагийн 20,000 төгрөгөөр тооцоо хийнэ. Эвдрэл гарсан үед засагдах хүртэл түрээсэлсэнд тооцно гэж тохиролцож, хариуцагч Голомт банкны 0данснаас 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 100,000 төгрөгийг Хаан банкны н.М гэх дансанд 0, 02 дугаар сарын 14-ны өдөр 220,000 төгрөгийг Хаан банкны н.М гэх дансанд 80217376 гэх утгатайгаар тус тус шилжүүлж нэхэмжлэгчээс дээрх тээврийн хэрэгслийг шилжүүлэн авсан болох нь зохигчдын тайлбар хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож, энэ талаар талууд маргаагүй. (хх-ийн 41)

4.3. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д зааснаар Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж зааснаар эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэж үзэв.

4.4.Хариуцагч О.Б- 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр зам тээврийн осол гаргаж, тухайн sonota-7 маркийн, 00 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд гэмтэл учруулсан болох нь хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

4.5.Хариуцагч О.Б- нь 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хөрөнгийн үнэлгээний *******- эстимэйт ХХК-иар sonota-7 маркийн, 00 УБҮ улсын дугаартай авто машины техникийн эвдрэл, хохирлыг үнэлгээг хийлгэжээ.

4.6 Хөрөнгийн үнэлгээний *******- эстимэйт ХХК-ийн автомашин техникийн эвдрэл, үнэлгээнд тодорхойлсноор автомашины эвдэрсэн эд ангийг солих, засварлахад гарах шууд зардал 1,650,000 төгрөг, эд анги солих засварлалттай холбоотой шууд бус зардлын буюу ажлын зардал 240,000 төгрөг нийт шууд бус зардлын дүн 1,800,000 төгрөг, үнэлгээгээр тогтоогдсон дүн 1,920,000 төгрөгийн үнэлгээ  тогтоогджээ. (хх-ийн 6-8)

4.7.Хариуцагч О.Б- нь Практикал даатгал ХХК-д хүсэлт гаргаснаар 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн №PD2022/4576 Нөхөн төлбөр олгох тухай авто тээврийн хэрэгслийн даатгалын нөхөн төлбөрт 1,536,000 төгрөгийг хариуцагчийн Голомт банкны 3015116858 дансанд шилжүүлсэн байна. (хх-ийн9-10)

4.8.Хариуцагч тал sonota-7 маркийн, 00 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл *******ны эзэмшлийн өмч гэж маргах боловч хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч А.Ж нь *******ны МУИС-ийн тооцооны төвөөс 0000 тоот барьцаат зээлийн гэрээ, 000тоот фидуцийн гэрээ тус тус байгуулж, 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр зээл, зээлийн хүүг бүрэн төлж барагдуулжээ. Тээврийн хэрэгслийн гэрчилгээг өөрийн нэр дээрээ шилжүүлэх эсэх нэхэмжлэгчийн хүсэл зоригийн эрхийн асуудал байх бөгөөд Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.4-д зааснаар хариуцагч тал тухайн тээврийн хэрэгслийг *******ны эзэмшлийн өмч гэж маргах үндэслэлгүй болно.

4.9.Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.3.хөлслөгчид урьдчилан сануулсаар байхад хөлслөн авсан эд хөрөнгийг муутгасан, гэмтээсэн буюу муутгах, гэмтээх бодит нөхцөл бий болгосон, эсхүл хөлслөгч гурван сарын турш хөлсөө төлөөгүй бол гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах 290.7.-д Хөлслүүлэгч эд хөрөнгийн доголдлыг арилгах үүргээ биелүүлэхгүй байвал хөлслөгч уг доголдлыг арилгаж, холбогдох зардлыг хөлслүүлэгчээс шаардах эрхтэй., 292.3.Талууд тохиролцсон бол нэмэлт зардлын төлбөрийг нэгэн адил төлнө. гэж зааснаар нэхэмжлэгч эд хөрөнгөд учирсан хохирлоо нэхэмжлэгч шаардах эрхтэй.

4.10.Хариуцагч Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.5-д зааснаар гэрээ дуусгавар болоход эд хөрөнгийг хөлслүүлэгчид бүрэн бүтэн буцааж өгөх үүргийг биелүүлээгүй байна.

4.11.Хөрөнгийн үнэлгээний  *******- эстимэйт ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн sonota-7 маркийн, 00 УБҮ улсын дугаартай автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангийн хавсралтын арын хуудаст  ....баруун урд шанаа кузов эвдрэл дунд, засварлах 150,000 төгрөг, урд буфер эвдрэл их, солих шаардлагатай-300,000 төгрөг, капот /некелтэй/ эвдрэл их, солих шаардлагатай, 380,000 төгрөг, баруун урд гэрэл эвдрэл их, солих шаардлагатай 350,000 төгрөг, урд нүүр /элэгдэл тооцов./ эвдрэл их, солих шаардлагатай 75,000 төгрөг, урд панел жааз эврдэл их, солих шаардлагатай 250,000 төгрөг, баруун урд крыло эвдрэл их, солих шаардлагатай 150,000 төгрөг, баруун урд подкрыло эвдрэл их, солих шаардлагатай 40,000 төгрөг, урд буферын суурь эвдрэл их, солих шаардлагатай 30,000 төгрөг, урд буферын зам /баруун/ эвдрэл их, солих шаардлагатай 30,000 төгрөг, зүүн урд дугуй /элэгдэл тооцов/ эвдрэл их солих шаардлагатай,45,000 төгрөг/ гэж нийт солих шаардлагатай эд ангийн үнийн дүн 1,650,000 төгрөг, засварлах боломжтой эд ангийн дүн 150,000 төгрөг шууд зардал 1,800,000 төгрөг, шууд бус зардал 1,920,000 төгрөгөөр үнэлсэн байна.

4.12.Хариуцагч О.Б- sonota-7 маркийн, 00 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нийт 1,429,000 төгрөгийн эд ангийн засуулсан болох хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна./хх-ийн206-211/

4.13.Хариуцагч О.Б- тухайн тээврийн хэрэгслийг 2022 оны 03 дугаар сарын 14 ний өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Замын хөдөлгөөний дүрмийн 14.8 дахь заалтыг зөрчиж замын зорчих хэсгийн 1 дүгээр эгнээд орхиж явсныг ******* дүүрэг дэх Тээврийн Цагдаагийн газраас түр саатуулах хашаанд зөөвөрлөн шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон болно./хх-ийн 134-139/

4.14.Хөрөнгийн үнэлгээний *******- эстимэйт ХХК-ийн авто машины эвдрэл, хохирлын үнэлгээний жагсаалтын 2 дугаарт копот солих шаардлагатай, 380,000 төгрөгөөр үнэлэгдсэн байна. Нэхэмжлэгч шүүхийн хэлэлцүүлэгт ...капотыг солих шаардлагатай гэсэн байхад солиогүй, тэгшлээд тавьсан байсан тул би шинээр 500,000 төгрөгөөр шинэ капот авч тавьсан гэж тайлбарласныг хариуцагч тал баримтаар няцаагаагүй. (хх-ийн 6, 92)

4.15.Нэхэмжлэгч тухайн тээврийн хэрэгслийг 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 80,000 төгрөгөөр, 03 дугаар сарын 21-ний өдөр 60,000 төгрөгөөр ачилтын компаниар тээвэрлүүлсэн, копот шинээр 500,000 төгрөгөөр худалдан авч сольсон, авто газ 56,939 төгрөгөөр, тос маслыг 112,520 төгрөгөөр, угаалга 25,000 төгрөг нийт 834,459 төгрөг зарцуулсан нь хэрэгт авагдсан кассын орлогын баримт Е баримтаар нотлогдож байна.(хх-ийн 31-39)

4.16.Иймд хариуцагч О.Б-оос хөрөнгийн үнэлгээний *******- эстимэйт ХХК-ийн тээврийн хэрэгслийн эвдрэлийг 1,920,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ Пратикал даатгалаас хариуцагчид олгосон 1,536,000 төгрөгийн зөрүү 384,000 төгрөгийг, тээврийн хэрэгслийг үнэлсэн үнэлгээ 1,920,00 төгрөгөөс хариуцагчийн авто машин засварлахад зарцуулагдсан 1,429,000 төгрөгийг хасаж зөрүү 491,000 төгрөгийг, нэхэмжлэгчээс тээврийн хэрэгсэлд зарцуулсан төлбөр /30,000+56,939+25,000+112,520+60,000+80,000+500,000/834,459 төгрөгийг нийт 1,689,459 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх 975,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов. (хх-ийн31-39,92).

4.17. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 975,000 төгрөгийн шаардлагад хариуцагч О.Б-той 1 өдрийн буюу 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 02 дугаар сарын 15-ны өдрийн 09.00 цаг хүртэл 1 хоногийн хугацаатай түрээслүүлсэн болох зохигчдын хооронд байгуулсан хэлцлээр тогтоогдож байх тул 5 хоногийн түрээсийн төлбөр 480,000 төгрөгийг, 140,000 төгрөгөөр аккумлятор шинээр авсан, 120,000 төгрөгөөр обуд, дугуй шинээр авсан зэрэг хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

4.18.Иймд хариуцагч О.Б-оос эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт учирсан хохиролд 1,689,459 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх 840,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх зүйтэй гэж дүгнэв.

5.Сөрөг нэхэмжлэлийн шаардлагад 2,915,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

5.1. Хариуцагч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч А.Жгаас үндэслэлгүйгээр авсан 2,664,459 төгрөгийг гаргуулахыг шаардсан.

5.2. Нэхэмжлэгч А.Ж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

5.3. Зохигчид Зохигчид харилцан тохиролцож, 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 02 дугаар сарын 15-ны өдрийн 09.00 цаг хүртэл хугацаанд sonota-7 маркийн, 00 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 200,000 төгрөгийн барьцаатайгаар хоногийн 120,000 төгрөгөөр түрээслүүлэх, түрээслэхээр тохиролцжээ. Тээврийн хэрэгслийг түрээслэгч О.Б- ....зам тээврийн хууль дүрмийг сахиж зорчигчийн болон амь нас эрүүл мэнд, авто машины бүрэн бүтэн байдал, эвдрэл гэмтлийг хариуцна. Цаг хэтэрвэл нэг цагийн 20,000 төгрөгөөр тооцоо хийнэ. Эвдрэл гарсан үед засагдах хүртэл түрээсэлсэнд тооцно. гэж тохиролцжээ. (хх-ийн 41)

5.4. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д зааснаар Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж зааснаар эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн талаар маргаагүй.

5.5. Хариуцагч О.Б- sonota-7 маркийн, 00 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг нэхэмжлэгчээс түрээслэн авахдаа Голомт банкны 30   данснаас 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 100,000 төгрөгийг Хаан банкны н.М гэх дансанд 000, Голомт банкны 30 данснаас 2022 оны 02 дугаар сарын 14-ны өдөр 220,000 төгрөгийг Хаан банкны н.М гэх дансанд 80217376 гэх утгатай шилжүүлж нэхэмжлэгчээс тээврийн хэрэгслийг шилжүүлэн авсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон гэж үзэв.

5.6.Шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгч А.Ж ... н. М манай гэр бүлийн хүн... гэдгийг хүлээн зөвшөөрч, хариуцагчаас тээврийн хэрэгслийн түрээсийн төлбөрт 120,000 төгрөгийг, барьцааны төлбөрт 200,000 төгрөгийг шилжүүлж, нэхэмжлэгч хариуцагчид тээврийн хэрэгслийг шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна.

5.7. Хариуцагч О.Б- Голомт банкны 0000данснаас Хаан банкны н.М-н дансанд:

5.7.1.2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 120,000 төгрөгийг 80217376, 02 дугаар сарын 16-ны өдөр 120,000 төгрөгийг 80217376, 02 дугаар сарын 17-ны өдөр 120,000 төгрөгийг 80217376, 02 дугаар сарын 18-ны өдөр 120,000 төгрөгийг 80217376, 02 дугаар сарын 19-ний өдөр 120,000 төгрөгийг 80217376 гэх утгатайгаар нийт 600,000 төгрөгийг,

5.7.2. *******ны а.ж дансанд: 02 дугаар сарын 23-ны өдөр 240,000 төгрөгийг 0000, 02 дугаар сарын 26-ны өдөр 120,000 төгрөгийг 000, 02 дугаар сарын 27-ны өдөр 120,000 төгрөгийг 00, 03 дугаар сарын 01-ний өдөр 120,000 төгрөгийг 80217376, 03 дугаар сарын 02-ны өдөр 120,000 төгрөгийг 00 , 03 дугаар сарын 03-ний өдөр 40,000 төгрөгийг 00, 03 дугаар сарын 10-ны өдөр 120,000 төгрөгийг 00, 03 дугаар сарын 12-ны өдөр 120,000 төгрөгийг 00гэх утгатайгаар нийт 1,560,040 төгрөгийг шилжүүлсэн хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна.(хх-ийн 173-177)

5.8. Зохигчдын хооронд байгуулсан 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн хэлцэлд ...цаг хэтэрвэл нэг цагийн 20,000 төгрөгөөр тооцоо хийнэ. гэж тохирсон атлаа зохигч нар цагийг хэрхэн тооцох нь талаар тодорхойгүй, тохиролцоогүй гэж үзэв.

5.9. Иргэний хуулийн 292 дугаар зүйлийн 292.1.Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлслөгч нь гэрээний хугацаа дуусахад хөлсийг төлнө., 300.1.Эд хөрөнгө хөлслөхтэй холбоотой дараахь гэрээ буюу тохиролцоо хүчин төгөлдөр бус байна, 300.1.3.-д учруулсан гэм хороос илүү хэмжээгээр хохирлыг нөхөн төлөхийг хөлслөгчид үүрэг болгосон гэж зааснаар талуудын хороонд байгуулсан 2022 оны 02 дугаар сарын 14-ны өдөр байгуулсан Хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэв.

5.10. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд шаардах эрхтэй, 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр буюу хүчин төгөлдөр бус болсон гэж заасан.

5.11.Тодруулбал, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэдэг нь бусдын хөрөнгийг шилжүүлж авсан этгээд нь хөрөнгийн эзний зөвшөөрлийг үүргийн суурь хэлцлийн замаар аваагүй, зөвшөөрөл олгосон ч энэ нь хүчин төгөлдөр бус байгаа тохиолдлыг ойлгоно.

5.12. Маргааны үйл баримтаас үзэхэд зохигчид sonota-7 маркийн, 00 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл буюу эд хөрөнгө хөлслөх хэлцлийг ...2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 02 дугаар сарын 15-ны өдрийн 09.00 цаг хүртэл хугацаагаар, цаг хэтэрвэл нэг цагийн 20,000 төгрөгийг төлнө гэж тохиролцсон байхад нэхэмжлэгч нь хариуцагчаас 1,560,040 төгрөгийг үндэслэлгүй авсан гэж үзэж А.Жгаас 1,560,040 төгрөгийг гаргуулж О.Б-т олгож, нэхэмжлэлээс үлдэх 1,354,960 төгрөгийг А.Жд өгсөн хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 57,581.34 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 41,981 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, сөрөг нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж урьдчилан төлсөн 62,690 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 39,911 төгрөгийг А.Жгаас гаргуулж О.Б-т олгохоор шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.2, 116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний 287 дугаар зүйлийн 287.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч О.Б-(рд:)-оос 1,689,459 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Жд олгож, нэхэмжлэлээс үлдэх 840,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад А.Ж(рд:)-гаас 1,560,040 төгрөгийг гаргуулж О.Б-т олгож, нэхэмжлэлээс үлдэх 1,354,960 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 57,581.34 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 41,981 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, сөрөг нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж урьдчилан төлсөн 62,690 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 39,911 төгрөгийг А.Жгаас гаргуулж О.Б-т олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсмогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.ГАНЧИМЭГ