Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 128/ШШ2023/0251

 

  

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 3 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар:

Дүгнэлт гаргагч: Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор М.А*******,

Хариуцагч: Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч С.Ц*******,

Маргааны төрөл: төрийн сангийн дансны дугаар бичээгүй нь хууль бус гэж шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулуулах тухай прокурорын дүгнэлт бүхий хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор М.А*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Д*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дэлгэрмөрөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Прокурорын 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 86 дугаартай дүгнэлт: “Татварын улсын байцаагчийн 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 0069043 дугаартай шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах”

Хоёр. Маргаж буй үндэслэл:

1. Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор дүгнэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор М.А******* би, Улсын ерөнхий прокурорын 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн А/62 дугаартай тушаалаар баталсан "Зөрчлийн хэрэг бүртгэлтэд тавих прокурорын хяналтын аргачилсан заавар"-ын 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасны дагуу хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгав.

Тус дүүрэг дэх Татварын хэлтсийн татварын улсын байцаагч С.Ц******* 26/0522048 дугаартай зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авч, хялбаршуулсан журмаар шалгаад 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр холбогдогч Б.М*******д Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтаар торгох шийтгэл оногдуулахдаа 0069043 дугаартай шийтгэлийн хуудсын "Шийдвэрлэх нь" хэсэгт төрийн сангийн дансны дугаарыг бичээгүй орхигдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулах шийдвэртээ зөрчлийг шалган шийдвэрлэсэн он, сар, өдөр, шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтны нэр, албан тушаал, зөрчлийн талаар тогтоогдсон нөхцөл байдал, шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авах үндэслэл, хуулийн зүйл, хэсэг, заалт, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээ, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардлыг хуваарилсан тухай, түүнийг сайн дураараа биелүүлэх хугацаа, хэлбэр, нөхцөл, хураан авсан, битүүмжилсэн эд зүйлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгана" гэж заасны дагуу шийтгэлийн хуудсанд холбогдох мэдээллийг бүрэн гүйцэд дурдаагүй байх тул эрх бүхий албан тушаалтны шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон тус дүүрэг Татварын хэлтсийн татварын улсын байцаагч С.Ц*******ийн шийтгэл оногдуулсан 0069043 дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулахаар прокурорын дүгнэлт бичсэн.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.5-т зааснаар эрх бүхий албан тушаалтнаас шийтгэл оногдуулсан материалыг хялбаршуулсан журмаар прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлдэг. Прокурорын хяналтад “бүртгэв” гэсэн дардас дардаг. Улсын ерөнхий прокуророос 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн А68 дугаар тушаалаар баталсан зөрчлийн хэрэг бүртгэлийг хянах аргачилсан зааврын дагуу дүүргийн ерөнхий прокурорын баталсан удирдамжаар улирал бүрээр шалгалт хийж хянаад “хянав” гэсэн гарын үсэг зурдаг. Шалгалтад 63 материал хамрагдсанаас 9 материалд татварын хэлтсийн эрх бүхий албан тушаалтнууд төрийн сангийн дансны дугаарыг бичсэн байсан. Үлдсэн төрийн сангийн дугаар бичээгүй материалууд дээр дүгнэлт бичиж шүүхэд хандсан байгаа.

Шийтгэлийн хуудас нь үнэт цаас учраас өөрчлөх, хүчингүй болгохдоо зөвхөн шүүхийн шийдвэрээр өөрчлөлт оруулж, хүчингүй болгох тул өөрчлөлт оруулахаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8-д “Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлтэй гэж үзвэл прокурор дүгнэлт бичиж шүүхэд хүргүүлнэ” гэж зааснаар дүгнэлт бичсэн бөгөөд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Прокурорын тухай хуульд хянах хугацааны талаар заагаагүй, дүүргийн ерөнхий прокуророос баталдаг удирдамжийн дагуу прокурор хяналтын ажлаа хэрэгжүүлж байгаа.гэв.

2. Хариуцагч татварын улсын байцаагч тайлбартаа: “Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор М.А*******ийн "Эрх бүхий албан тушаалтын шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрчлөлт оруулах тухай" прокурорын дүгнэлтийг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Монголын татварын алба нь нэхэмжлэлд суурилсан цахим төлбөрийн системийг 2019 оноос нэвтрүүлсэн бөгөөд Татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 “татвар, алданги, торгуулийн бүртгэл" нь татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд хамаарна, мөн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 “Татварын алба энэ хуулийн 50 дугаар зүйлд заасан татварын өрийг төлүүлэхээр татварын нэхэмжлэх /цаашид нэхэмжлэх" гэх/-ийг татвар төлөгчид хүргүүлэх..." гэж заасан. Татварын багц хуулийн шинэчлэл, татварын удирдлагын нэгдсэн системээр иргэд, татвар төлөгчид дансны дугаараар биш, нэг удаагийн нэхэмжлэхийн дугаараар татвар, алданги, торгуулийг төлүүлдэг болсон. Мөн хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх явцад хэргийн оролцогч нь торгуулийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэхийн дугаараар торгуулийг төлсөн нь холбогдох баримтаар нотлогдож байна.

Иймд эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэл байхгүй гэж үзэж байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2-т “дансны дугаар бичих” гэж заагаагүй, Засгийн газрын 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 135 дугаар тогтоолоор батлагдсан Шийтгэлийн болон шийтгэлээс чөлөөлөгдөх хуудасны маягт хэрэглэх тухай журмын 1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт “шийтгэлийн хуудас нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн  7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан мэдээллийг агуулсан байна хэмээн заасан.

Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т Татварын бус орлогод торгуулийн орлого хамаарна гэж заасан бөгөөд аймаг, нийслэл, сум, дүүргийн татвар орон нутгийн дансанд төвлөрөх зохицуулалттай. Татварын албанаас үүсэж буй нэг удаагийн нэхэмжлэхийн дугаар нь татварын төлөгчийн тухайн орон нутгийн татварын алба ба төрийн сангийн данстай холбогддог. Өөрөөр хэлбэл зөрчил шалган шийдвэрлэхэд харьяа нутаг дэвсгэр хамаарахгүйгээр үйлдэгдсэн торгуулиараа төлдөг. Тухайн зөрчил үйлдсэн нутаг, дэвсгэр нь хаана ч байж болно, харин зөрчилд холбогдогч нь аль ч сум, дүүрэг, хороо, аймгийн иргэн байх боломжтой тэгэхээр тухайн иргэний орон нутгийн дансанд төвлөрдөг гэсэн үг юм. Тэгэхээр тухайн зөрчилд төрийн сангийн данс бичих шаардлагагүйгээр татварын төрлөөр нэхэмжлэхийн дугаар үүсгэж татвараа төлдөг. Энэ нь татвар, торгууль  төлөгч иргэн татвар, торгуулийн данс андуурах гүйлгээ хийгдэх асуудал үүсгэхээс сэргийлдэг, иргэн данс сонгохгүй, нэхэмжлэхийн дугаараар төлөхөд цахим төлбөрийн системээр тухайн дансанд ордог.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.5-д эрх бүхий албан тушаалтан хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн даруй прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлнэ гэж заасны дагуу прокурорын байгууллагад бүртгүүлж, хянуулж байгаа. Татварын улсын байцаагчаас 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн шийтгэлийн хуудсыг мөн өдөр нь прокурорт бүртгүүлж, хянуулсан. 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр үйлдэгдсэн шийтгэлийн хуудсыг өөрчлүүлэхээр 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр прокурорын дүгнэлт бичсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан хугацааг хэтрүүлсэн байх тул  прокурорын дүгнэлтийг хүлээж авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү.

Татварын албаны ямар ч төлбөр, хураамж байсан бүгдэд нь дахин давтагдашгүй 10 оронтой дугаар өгч нэхэмжлэх үүсдэг болсон. Татвар төлөгч биш этгээд зөрчил гаргавал татвар төлөгчөөр бүртгээд татвар төлөгчийн дугаар үүсгээд нэхэмжлэх үүсээд явдаг. Бусад байгууллагууд тухайлбал Мэргэжлийн хяналтын газар, Улсын бүртгэлийн ерөнхий газруудын систем цахим болоогүй учраас шийтгэлийн хуудсанд дансны дугаар бичиж байгаа. Энэ тохиолдолд төлсөн  баримтаа заавал авчирч өгнө.

Иймд зөрчил үйлдэж буй этгээдэд оногдуулсан торгуулийг татвар төлөгчийн дугаараар нэхэмжлэх үүсгэж, зөрчилд холбогдох хүн, хуулийн этгээдэд үүссэн нэхэмжлэхийн дагуу банкаар дамжуулан төрийн сангийн дансанд тушааж байгаа нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй, холбогдох данс бичээгүй гэдэг нь хууль зүйн үндэслэлгүй хэмээн үзэж байгаа. Мөн гарах үр дагавар байхгүй гэж үзэж байна. Нэхэмжлэхийг гардуулж өгч байгаа, мөн цахим системд өөрийн торгууль цэсээс нэхэмжлэх нь үүссэн байдаг, дансны дугаар бичээгүйн улмаас төрийн сангийн дансанд торгууль орохгүй байна гэх үр дагавар байхгүй.” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч С.Ц******* 26/0522048 дугаартай зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авч, хялбаршуулсан журмаар шалгаад 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 0069043 дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч Шийзз фешн ХХК /холбогдогчийн төлөөлөгч Б.М*******/-д “хуулийн хугацаанд нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлээгүй” зөрчилд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтаар 150,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байх бөгөөд шийтгэлийн хуудсын "Шийдвэрлэх нь" хэсэгт төрийн сангийн дансны дугаарыг бичээгүй орхигдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж тус дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор М.А******* үзээд шийтгэлийн хуудаст зохих өөрчлөлт оруулахаар 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 113 дугаартай дүгнэлтийг бичжээ.

Прокурор дүгнэлтийн үндэслэлдээ Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулах шийдвэртээ зөрчлийг шалган шийдвэрлэсэн он, сар, өдөр, шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтны нэр, албан тушаал, зөрчлийн талаар тогтоогдсон нөхцөл байдал, шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авах үндэслэл, хуулийн зүйл, хэсэг, заалт, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээ, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардлыг хуваарилсан тухай, түүнийг сайн дураараа биелүүлэх хугацаа, хэлбэр, нөхцөл, хураан авсан, битүүмжилсэн эд зүйлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгана" гэж заасны дагуу шийтгэлийн хуудсанд холбогдох мэдээллийг бүрэн гүйцэд дурдаагүй орхигдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй болсон гэж маргадаг ч, хариуцагч татварын улсын байцаагч “татварын алба 2019 онд төлбөрийн нэгдсэн систем нэвтрүүлсэн бөгөөд төлбөрийн нэгдсэн системээр татвар, торгуулийн орлогыг нэхэмжлэх үүсгэн төлүүлдэг тул төрийн сангийн дансны дугаарыг татвар төлөгчид өгөх, шийтгэлийн хуудсанд бичих шаардлагагүй болсон” хэмээн дүгнэлтийг эс зөвшөөрч тайлбарлажээ. 

Хуульд заасан журмаар зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн материалд цуглуулсан, шүүх хуралдаанд судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр прокурорын 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 86 дугаартай дүгнэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Баянгол дүүргийн Прокурорын газрын ерөнхий прокурорын 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн шалгалтын удирдамжаар 2022 оны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж шийтгэл оногдуулсан материалуудыг прокурор 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл шалгаж 02 дугаар сарын 16-ны өдрөөр огноолсон дүгнэлтийг 2 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд ирүүлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасан хугацааг зөрчөөгүй байх тул мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.3.3-т зааснаар дүгнэлтийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй байна. 

2. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8-д зааснаар шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулахаар дүгнэлт бичих эрх прокурорт олгогдсон, дүгнэлтийг мөн хуулийн 7.6 дугаар зүйлийн 2, 1.8 дугаар зүйлийн 6.12-т зааснаар захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэхээр байна.

3. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2-т шийтгэлийн хуудаст зөрчлийг шалган шийдвэрлэсэн огноо, шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтан, зөрчлийн талаар тогтоогдсон нөхцөл байдал, шийтгэл оногдуулах үндэслэл, хуулийн зүйл, хэсэг, заалт, оногдуулах шийтгэл, сайн дураараа биелүүлэх хугацаа, хэлбэр нөхцөл зэргийг тусгахаар заасан бөгөөд улсын байцаагч 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 0069043 дугаартай шийтгэлийн хуудаст эдгээр мэдээллийг тусгасан, уг зүйл, хэсэгт төлбөр төлөх хэлбэр, нөхцөлийг тусгахаар дурдсанаас биш төрийн сангийн дансны дугаар бичих талаар тухайлан тусгаагүй бөгөөд шийтгэлийн хуудаст төлбөр төлөх хэлбэр, нөхцөлийг тусгаагүйгээс торгуулийг хаана, хэрхэн төлөх нь тодорхойгүйгээс төлөөгүй гэх хууль зүйн үр дагавар үүсээгүй буюу зөрчилд холбогдогч мөн өдөр нь Худалдаа хөгжлийн банкны төлбөрийн баримтаар торгуулийн төлбөрийг төлж барагдуулсан байна.

4. Татварын алба Татварын тухай хуулиар зохицуулсан зохицуулалтын хүрээнд төлбөрийн нэгдсэн цахим системээр торгуулийн төлбөрийг нэхэмжлэхийн дугаараар төлүүлдэг гэж хариуцагч татварын улсын байцаагч тайлбарласан бөгөөд холбогдогч нь ийнхүү торгуулийг нэхэмжлэхийн дугаараар төлсөн байна.

Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлбөрийн нэгдсэн системээр зөрчлийн торгуулийн төлбөрийг хэрхэн төлүүлдэг талаарх тодруулгыг Татварын ерөнхий газраас гаргуулсан, Татварын ерөнхий газрын Хуулийн хэрэгжилтийг хангах газраас 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 06/553 тоот албан бичгээр “Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 48.1-д “татварын алба нь татвар, торгууль, алдангийн ногдуулалт, төлөлтийг татвар төлөгч бүрээр бүртгэнэ”, Татварын ерөнхий газрын даргын 2019 оны А/262 дугаар тушаалаар батлагдсан Татварын орлого бүртгэх, орлогын данснаас татвар хооронд суутгах журмын 1.2-т “татварын орлогын дансыг тухайн төсвийн ангиллын дагуу татварын төрөл тус бүрээр зөвхөн төрийн санд байршуулна” гэж зохицуулснаар татвар төлөгчид төлбөрийн баримтын дугаар үүсгэж, татвар төлөх боломжийг бүрдүүлж байгаа, төлбөрийн баримт нь баримтын дугаар, татвар төлөгчийн нэр, дугаар, татварын албаны нэр, татварын төрөл, төлөх дүн зэргийг тусгасан төрийн сангийн данстай шууд холбогдож төсөвт төвлөрдөг бөгөөд төлбөрийн баримтад суурилсан нэхэмжлэхийн дугаараар төлсөн татвар нь тухай бүрд татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн санд орлогын гүйлгээ тус бүрээр бүртгэгддэг, ингэснээр татвар төлөгчөөс тодорхой бус гүйлгээ хийх, гүйлгээ андуурах эрсдэлийг бууруулдаг” хэмээн тайлбарлажээ.

Өөрөөр хэлбэл төлбөрийн нэгдсэн системд татвар төлөгчид төлбөрийн баримтын дугаар үүсгэснээр татвар төлөгч, татвар төлөгчөөр шинээр бүртгэгдсэн этгээд  нэхэмжлэхийн дугаараар татвар, торгуулийн төлбөрийг төлдөг болсон байх тул шийтгэлийн хуудаст төрийн сангийн дансны дугаар бичээгүйг  Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэхгүй, энэ үндэслэлээр шийтгэлийн хуудаст төрийн сангийн дансны дугаар бичих өөрчлөлт оруулахаар бичсэн  прокурорын 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 113 дугаартай дүгнэлт үндэслэлгүй байна.

5. Улсын ерөнхий прокурорын 2021 оны А/62 дугаар тушаалаар баталсан Зөрчлийн хэрэг бүртгэлтэд тавих прокурорын хяналтын аргачилсан  зааврын 4.19-д зааснаар шийтгэлийн хуудсыг өөрчлүүлэхээр дүгнэлт бичих “баримталсан Зөрчлийн тухай хуулийн зүйл, заалтыг өөрчлөх, шийтгэлийн хэмжээг өөрчлөх, холбогдогчийг өөрчлөх” үндэслэл үүсээгүй байна.

6. Прокурор 86 дугаартай дүгнэлтдээ холбогдогчийг “Б.М*******” гэж холбогдогч Шийзз фешн ХХК-ийн төлөөлөгчийн нэрээр, мөн шийтгэлийн хуудаст баримталсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “2.1” дэх заалтыг “2.3” гэж тус тус андуу бичсэнийг тэмдэглэв. 

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2, 7.2 дугаар зүйлийн 2, 8, 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан “татварын улсын байцаагчийн 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 0069043 дугаартай шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах тухай” Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 86 дугаартай дүгнэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар прокурор дүгнэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар прокурор, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.ХАЛИУНА