Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 2021/ДШМ/32

 

Ж.От холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Уламбаяр даргалж, шүүгч Л.Нямдорж, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор В.Дэлгэрмаа

Насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгч Ц.Б

Шүүгдэгч Ж.О

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Уранчимэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Золцэцэг нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж, ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа, шүүгч Ч.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 2021/ШЦТ/58 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Уранчимэгийн гаргасан давж заалдах гомдлоор Ж.От холбогдох эрүүгийн 2014002820410 дугаар хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Ж.О, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй,

Ж.О нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Шаргалжуут 8 дугаар багт 2020 оны 03 дугаар сард өөрийн эхнэрийн төрсөн дүү болох насанд хүрээгүй буюу 16 настай Б.Ггийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчээр бэлгийн харьцаанд орж улмаар жирэмсэн болгосон гэмт хэрэгт холбогджээ. / Яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

Баянхонгор аймгийн Прокурорын газраас Ж.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Ж.Оыг хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдлийг арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг, хохирогчийг жирэмсэн болгож үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3, 2.4-д зааснаар шүүгдэгч Ж.Оыг зургаан / 06 / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч Ж.От оногдуулсан зургаан жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Шүүгдэгч Ж.От нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй зүйлгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан ургийг устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Ж.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж түүний эдлэх ялыг 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Уранчимэг гаргасан давж заалдах гомдолдоо:

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэнгэл даргалж шүүгч Б.Гэрэлмаа, Ч.Байгалмаа нарын бүрэлдхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газраас эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3, 2.4 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жанхүузын От холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд "хохиргчын хүсэл зоригын эсрэг хүч хэрэглэж, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдлийг 14-16 насанд хүрээгүй хүнийг, гэр бүлийн хамаарал бүхий харьцаатай хүнийг, хохирогчийг жирэмсэн болгож үйлдсэн гэм буруутайд тооцож" 6 жилийн хорих ял оноож оноосон ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн 58 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 д зааснаар гомдол гаргаж байна.

Болсон хэргийн тухайд: Ж.О нь 2020 оны 03 дугаар сарын эхээр өөрийн эхнэрийн дүү Б.Гтай нэг удаа харилцан тохироод бэлгийн харьцаанд орсон байна. Гэтэл 2020 оны 04 дүгээр сард хохирогч охин жирэмсэн болж улмаар Лхагважавт хүчиндүүлсэн хэрэг шалгагдах явцад Ггийн биеэс зулбасан урагийг шинжилгээнд явуулсанаар ураг Оын ДНХ тай тохирсоноор энэ асуудал шалгагдсан.

Г нь анхан шатны шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцож "би ахдаа сайн байдаг бөгөөд эгчийг байхгүй үед нэг удаа зөвшөөрч бэлгийн харьцаанд орсон нь үнэн гомдолтгүй" гэх мэдүүлгийг өгсөн боловч шүүхээс хохирогчийн хүсэл зоригын эсрэг хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн гэж гэм буруутайд тооцсон.

Хэргийн материалд авагдсан нотлох баримтаар энэ хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 заасан чухам ямар хэлбэрээр хүч хэрэглэсэн гэх үйлдэл тогтоогдоогүй. Хохирогч охин анх мэдүүлэхдээ байцаагчийн хүчиндүүлсэнүү гэсэн асуултанд тийм гэж хариулсан нь энэ гэмт хэргийн шинжийг бүрэн тодорхойлох боломжгүй байна. Гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив тал хохирогчийн хүсэл зоригын эсрэг буюу эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан хэлбэрээр хүч хэрэглэсэн байхыг шаардсан. Гэтэл хүч хэрэглэсэн гэх тогтоогдоогүй бөгөөд үйлдлийг нарийвчлан тогтоосноор гэмт хэргийн бүрэлдэхүүн хангагдах ёстой. Гэтэл хохирогч өөрөө зөвшөөрсөн буюу Оын саналыг хүлээн авч бэлгийн харьцаанд орсон, Оын зүгээс хүч хэрэглэсэн үйлдэл хийгээгүй байгаа тул энэ гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэж байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2 д зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Прокурор В.Дэлгэрмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Баянхонгор аймгийн дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 04-ны өдрийн 58 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1-т техникийн шинжтэй алдаа гарсан байх тул түүнд өөрчлөлт оруулах саналтай байна. “...шүүгдэгч Ж.О нь хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдлийг 14-18 насанд хүрээгүй, гэр бүлийн хамаарал бүхий хүнийг хүчиндэж, хохирогчийг жирэмсэн болгож үйлдсэн гэм буруутайд тооцсугай...” гэснийг шүүгдэгч Ж.О нь хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, 14-18 насанд хүрээгүй, гэр бүлийн хамаарал бүхий хүнийг хүчиндэж, хохирогчийг жирэмсэн болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай гэж өөрчлөлт оруулах саналтай байна. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгч Ц.Б тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгч: Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч хүүхдийн нас биед тохирсон байдлаар асуулт асуух нь зүйтэй юм байна гэж энэ хэрэг дээрээс харагдсан. Миний үйлчлүүлэгч хүчиндсэн гэдгийг юу гэж ойлгож байна гэхээр би бэлгийн харьцаанд орсон болохоор хүчиндсэн гэж ойлгож байна гэдэг. Хэрвээ нас биед нь тохирсон асуулт асуусан байсан бол бид өнөөдөр хэргийн хэргийн зүйлчлэл дээр маргаан үүсгэх шаардлага байхгүй байсан гэж бодож байна. Иймээс миний үйлчлүүлэгчийн анхан шатны шүүх хуралдааны явцад өгсөн мэдүүлгийг үнэлж шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Уранчимэг тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Шийтгэх тогтоол дээр насанд хүрээгүй хохирогчийн эгч нь шүүгдэгч Ж.Оын эхнэр учраас насанд хүрээгүй хохирогч Б.Ггийн анхан шатны шүүх хурал дээр өгсөн мэдүүлгийг Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хамаатан, төрөл садных нь хүний эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхээ эдэлсэн гэж үзэж байна. Тэгвэл 7 сарын 20-ны өдрийн мэдүүлгийг яагаад үнэлээд байна вэ, нэг хүний өгч байгаа 2 мэдүүлэг. Энэ дунд өөрчлөгдсөн зүйл байхгүй. Шүүх энэ гэмт хэргийг яаж үйлдсэн гэдэг нөхцөл байдлыг тогтоох практикийг сайн тогтоохгүй бол дараа дараагийн хэрэг хүчиндсэн гэдэг үгэн дээр ирнэ шүү. Прокурор дур зоргоороо үйлдээд байх ёстой юм уу гэж байна. Хүний хувь заяаг шийдэж байгаа шүү дээ. Ж.Оын хувьд бага насны хүүхэдтэй бэлгийн харьцаанд орсноо хүлээн зөвшөөрч байгаа. Харин миний үйлдэл хүчиндэх гэмт хэргийг үйлдэл мөн үү гэдэг эсэх дээр эргэлзэж байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль дээр тэгвэл яагаад яаж үйлдсэн гэдгийг нь заавал тогтоо гэж заасан эдгээрийг бодолцох ёстой. Иймээс энэ гэмт хэргийн хувьд гэмт хэргийн объектив талын үйлдлийг нарийвчилж тогтоогоогүй учир яллагдагчид ашигтай байдлаар шийдвэрлэж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Уранчимэгийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд үндэслэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад:

Ж.О нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Шаргалжуут 8 дугаар багт 2020 оны 03 дугаар сард өөрийн эхнэрийн төрсөн дүү болох насанд хүрээгүй буюу 16 настай Б.Ггийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчээр бэлгийн харьцаанд орж улмаар жирэмсэн болгосон гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Дээрх үйл баримт нь 2014002820410 дугаар эрүүгийн хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн хэлэлцсэн

Хавтаст хэргийн 37-39 дүгээр талд авагдсан “... бид хоёр гэрт байхад О ах намайг хүчиндэж байсан. Хүчээр нэг удаа бэлгийн харьцаанд орсон...” гэх насанд хүрээгүй хохирогч Б.Ггийн өгсөн мэдүүлэг,

Хавтаст хэргийн 64-65 дугаар талд авагдсан “... Б.Г нь бэлгийн бойжилт олсон, хурьцал үйлдэх боломжтой. Б.Ггийн охин хальс хуучин урагдалтай байна. Уг урагдлын үүссэн шалтгаан, цаг хугацааг тогтоох боломжгүй байна. Б.Ггийн биед болон бэоэг эрхтэнд гэмтэл тогтоогдсонгүй. Хүчиндэх гэдэг нь хуулийн ойлголт бөгөөд шинжээч эмч тогтоохгүй. Б.Г нь бэлгийн замын халдварт өвчингүй байна. Б.Г нь 8-9 долоо хоногтой жирэмсэн байна. Б.Г нь 2020.03.01-нээс 2020.03.10-ны хооронд жирэмсэн болсон байх боломжтой байна” гэх Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 248 тоот дүгнэлт,

Хавтаст хэргийн 87-89 дүгээр талд авагдсан “... Ж.О нь Б.Ггийн ургийн биологийн эцэг байх боломжтой байна. Ж.О нь Б.Ггийн ургийн биологийн эцэг байх магадлалыг тооцоолж үзэхэд 99,96%-ийн магадлалтай байна” гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 4090 тоот дүгнэлт,

Хавтаст хэргийн 105-106 дугаар талд авагдсан “... 2020 оны цагаан сарын дараахан байсан санагдаж байна. ...өөрийн гэртээ эхнэр Б.Ганчимэгийн дүү болох Б.Гтай 1 удаа бэлгийн харьцаанд орсон, бэлгийн харьцаанд орохдоо бэлгэвч хэрэглээгүй...” гэх шүүгдэгч Ж.Оын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, дээр дурдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй хэргийг шийдвэрлэхэд хангалттай, прокуророос зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Дээрх нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн, шүүгдэгч Ж.Оыг хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдлийг арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг, хохирогчийг жирэмсэн болгож үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3, 2.4 заасан төрөл хэмжээний хүрээнд ял оногдуулсан нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, хохирлын шинж чанар, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Энэ гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Б.Г нь үр хөндүүлсэн буюу жирэмслэлтээ эмнэлгийн аргаар таслан зогсоолгосон, шүүгдэгч Ж.О нь насанд хүрээгүй хохирогчийн төрсөн эгчийн нөхөр буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн “... хохирогч өөрөө зөвшөөрсөн буюу Оын саналыг хүлээн авч бэлгийн харьцаанд орсон, Оын зүгээс хүч хэрэглэсэн үйлдэл хийгээгүй байгаа...” гэх утга бүхий гомдол нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Уранчимэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 2021/ШЦТ/58 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Ж.Оын 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл нийт 47 хоног цагдан хоригдсныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсон болно.

 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.2,

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

 зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 2021/ШЦТ/58 дугаар шийтгэх тогтоолыг дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Уранчимэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Ж.Оын 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 47 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ Г.УЛАМБАЯР

ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ

Б.БОЛОР-ЭРДЭНЭ