| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 101/2022/06680/И |
| Дугаар | 101/ШШ2023/00892 |
| Огноо | 2023-02-13 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 101/ШШ2023/00892
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Х
Нэхэмжлэгч: Ш.Б нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: НШШГГ холбогдох,
Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Даваажаргал, хариуцагчийн итгэмжлэгсэн төлөөлөгч Д.Даваасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б.Х, Ш.Б нар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үнэлгээ хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 3985 дугаар захирамжаар Б.Х, Ш.Б нараас 150,000,000 төгрөг гаргуулж, Эко капитал ББСБ ХХК -д олгохоор шийдвэрлэсэн.
Гэтэл эд хөрөнгийн үнэлгээг хийж, 277,400,000 төгрөгөөр үнэлсэн тухай 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 1-153/14043 дугаар мэдэгдлийг явуулсан байна. Энэ мэдэгдэлд үнэлгээний тайлан танилцуулж, хавсралтаар хүргүүлэв гэсэн боловч үнэлгээг хавсралтаар явуулаагүй, үнэлгээтэй танилцаагүй бөгөөд 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 10/24 дугаартай, анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол үйлдэж, энэ тухай төлбөр төлөгч нарт мэдэгдэл хүргүүлсэн байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шижээчээр тогтоолгосон бол ...дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч тэмдэглэл хөтөлнө гэж заасан байхад үнэлгээ хийсэн дүгнэлтийг төлбөр төлөгч нарт танилцуулах ажиллагаа хийлгүйгээр албадан дуудлага худалдаанд оруулах тухай мэдэгдсэн нь хуульд заасан журам зөрчиж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэж үзэж байна.
Төлбөр төлөгч нарын зүгээс өнөөдрийг хүртэл тухайн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг 350,000,000 төгрөгөөр үнэлэх санал өгсөн байдаг боловч үнэлгээ тогтоохдоо ямар компаниар үнэлгээ хийлгэсэн нь тодорхойгүй, зах зээлийн өнөөгийн бодит ханшнаас хэт доогуур үнэлж өмчлөгчийн хөрөнгийг үнэгүйдүүлж, бусдад давуу байдал үүсгэж, эрх ашгийг хохироох үйлдэл хийсэн байгаа тул Сүхбаатар дүүргийн 0дугаар хороо, 0дүгээр хороолол, 1 дүгээр байрны 0тоот 0мкв талбай бүхий 0өрөө, улсын бүртгэлийн Ү-0дугаартай орон сууцыг 277,400,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.
2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 3985 дугаар захирамжаар Б.Х, Ш.Б нараас 150,515,000 гаргуулж Эко капитал ББСБ ХХК-д олгох, эвлэрсэн хугацаанд төлбөр төлөөгүй тохиолдолд Сүхбааатар дүүргийн 0дугаар хороо 0дүгээр хороолол 0дүгээр байр 0тоотод байрлах 0.м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр үүсгэж, төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацаатай мэдэгдлийг гардуулсан боловч төлбөрийг барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан төлбөр төлөгч Б.Хгийн өмчлөлийн улсын эрхийн бүртгэлийн Y-00дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 0дугаар хороо 0дүгээр хороолол 0дүгээр байр 0тоотод байрлах 0м.кв талбай бүхий 0өрөө орон сууцыг битүүмжилж, хураасан.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу хөндлөнгийн шинжээч томилж үл хөдлөх эд хөрөнгөнд Хөрөнгийн үнэлгээний төв" ХХКомпаниар үнэлгээг тогтоолгосон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу хөндлөнгийн шинжээчийн томилоход төлбөр төлөгч Б.Хгийн өмчлөлийн улсын эрхийн бүртгэлийн Ү-0дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 0дугаар хороо 0дүгээр хороолол 10дүгээр байр 0тоотод байрлах 0м.кв талбай бүхий 0өрөө орон сууцыг үнэлгээчийн тогтоосон зах зээлийн үнэ болох 277,400,000 төгрөгөөр үнэлж төлбөр төлөгч Б.Х, Ш.Б нарт 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 4-153/14044, 4-153/14043 дугаартай үнэлгээний мэдэгдэлийг биечлэн болон баталгаат шуудангаар хүлээлгэн өгсөн.
Анхны албан дуудлага худалдааны мэдэгдэлийг 2022 оны 9 дүгээр сарын 15- ны өдрийн 4-157/17133 дугаартай мэдэгдэлийг биечлэн болон баталгаат шуудангаар төлбөр төлөгчийн хаягаар хүргүүлсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгч талаас шүүхэд: Итгэмжлэл(хх-ийн 3), мэдэгдэл(хх-ийн 4,5), анхны албадан дуудлага худалдаа явуулаах тухай тогтоол (хх-ийн 6), Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж(хх-ийн 7-8), Монгол шуудан ХК-ийн тодорхойлолт (хх-ийн 97-98) зэрэг баримтыг нотлох баримтын шаардлага ханган бүрдүүлж өгсөн.
4. Хариуцагч талаас шүүхэд: Ц.Даваажаргалын хүсэлт (хх-ийн 29), анхны болон хоёр дахь дуудлага худалдааны тэмдэглэл (хх-ийн 30), шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл (хх-ийн31,46,50,51), 2022.09.15-ны өдрийн 4-157/17134 дугаар мэдэгдэл (хх-ийн 32), анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2022.09.13-ны өдрийн 10/24 дүгээр тогтоол (хх-ийн 33), 2022.07.28-ны өдрийн 4-153/14041 дүгээр, 20380412/6 тоот мэдэгдэл (хх-ийн 35,44), шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл (хх-ийн 36,43), 2022.02.10-ны өдрийн 101/ГХ2020/00212 дугаар Шүүхийн гүйцэтгэх хуудас(хх-ийн 37), Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШЗ2019/03985 дугаартай Эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай захирамж(хх-ийн38-39), 2020.05.11-ний өдрийн 20380412 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол(хх-ийн 40), шүүхийн шийдвэр биелүүлэн мэдэгдэл(хх-ийн41), 2020.06.11-ний өдрийн 20380412/03 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол(хх-ийн42), шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл(хх-ийн44), 20380412/100 тоот эд хөрөнгө хураах тухай тогтоол (хх-ийн 45)шүүхийн шийдвэр биелүүлэн мэдэгдэл (хх-ийн 46,-48), Б.Х, Ш.Б нарын үнэлгээний санал(хх-ийн 49), Ш.Бийн үнэлгээний санал(хх-ийн 51), Тэмдэглэл (хх-ийн 52,55), Эко капитал ББСБ ХХК-иас НШШГГ-т гаргасан хүсэлт (хх-ийн 53), 2022.07.18-ны өдрийн 7/196 дугаар шинжээч томилох тухай тогтоол (хх-ийн 54), Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн шинжээчийн тайлан(хх-ийн 55-68), Б.Х, Ш.Б нарт явуулсан мэдэгдэл (хх-ийн 69-70) зэрэг баримтыг нотлох баримтын шаардлага ханган гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Б.Х, Ш.Б нар эрхийн улсын бүртгэлийн Ү-0дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг, 0дугаар хороо, 0дүгээр хороолол, 0дүгээр байрны 0тоот 0м.кв талбай бүхий 0өрөө орон сууцыг 227,400,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй тул хөрөнгийн үнэлгээний төвийн үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай шаардлагыг шүүхэд гаргасан.
2.Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар дараах үйл баримт тогтоогдов.
3.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШЗ2019/03985 дугаар Эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай захирамжаар Б.Х, Ш.Б нараас 150,000,000 төгрөгийг гаргуулж Эко капитал ББСБ ХХК-д олгохоор, хэрэв Б.Х, Ш.Б нар төлбөрөө төлөөгүй тохиолдолд Б.Хы өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 0дугаар хороо, 0дүгээр хороолол, 0дүгээр байрны 0тоот 56 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай талуудын эвлэрлийг баталгаажуулжээ.(хх-ийн 38-39)
4.Дээрх захирамжийн дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийн дагуу 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 101/ГХ2020/00212 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 20380412 тогтоолоор үүсгэж, Б.Х, Ш.Б нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Ү-0дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг, 0дугаар хороо, 0дүгээр хороолол, 0дүгээр байрны 0тоот 0м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 20380412/03 тогтоолоор битүүмжилж, 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 20380412/100 дүгээр тогтоолоор хураажээ. (хх-ийн 37-40, 42,45)
5.Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно. гэж заасны дагуу төлбөр төлөгч төлбөр авагч нар барьцааны хөрөнгийн үнэлгээний талаар тохиролцоогүй төлбар авагчийн хүсэлтээр хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр биелүүлэх газраас 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 7/196 дугаар Шинжээч томилох тухай тогтоолоор Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг шинжээчээр томилж, барьцаа хөрөнгийг 227,400,000 төгрөгөөр үнэлсэн байна.(хх-ийн 53-68)
6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч тэмдэглэл хөтөлнө. гэж зааснаар шийдвэр гүйцэтгэгч 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 4-153/14042 албан тоотоор шинжээчийн дүгнэлтийг төлбөр авагч, төлбөр төлөгч нарт тус тус мэдэгдэж, тайланг хүлээн авсан нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Монгол шуудангийн дардас, төлбөр төлөгч нар мэдэгдлийг хүлээн авсан талаар бичигдсэн гарын үсэг зурсан бичвэрээр нотлогдож байна. (хх-ийн 70)
7.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж хуульчилсан.
8.Нэхэмжлэгч нар Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн шинжээчийн үнэлсэн эрхийн улсын бүртгэлийн Ү-0дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүрэг, 0дугаар хороо, 0дүгээр хороолол, 0дүгээр байрны 0 тоотод байрлах, 0м.кв талбайтай орон сууцны зориулалттай 4 өрөө үл хөдлөх хөрөнгийг 227,400,000 төгрөгөөр үнэлсэн дүгнэлтийг шийдвэр гүйцэтгэгч 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр үл зөвшөөрч тус шүүхэд гомдлыг 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэл гаргасан нь гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж шүүх дүгнэв.
9.Өөрөөр хэлбэл төлбөр төлөгч нар шийдвэр гүйцэтгэгчийн танилцуулсан шинжээчийн дүгнэлтийг 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр танилцсан бол 08 дугаар сарын 05-ны өдөр, 08 дугаар сарын 02-ны өдөр өдөр танилцсан бол 08 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд гомдол гаргах эрхтэй байсан.
10.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт шинжээчийн дүгнэлтийг танилцуулаагүй гэсэн тайлбарыг гаргасан хэдий ч хуульд дүгнэлтийг мэдэгдсэнээс хойш 7 хоногийн дотор гомдлыг гаргахаар хуульчилсан тул шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хуульд заасан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Х Ш.Б нарын нэхэмжлэлтэй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үнэлгээ хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНЧИМЭГ