Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 101/ШШ2023/00891

 

 

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Б.Ундраа, шүүгч Д.Янжиндулам нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: О.М

Нэхэмжлэгч: О.У

Нэхэмжлэгч: Г.У

Нэхэмжлэгч: Г.М

Нэхэмжлэгч: Д. нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: М ХХК холбогдох,

53,869,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: О.М, О.У, Г.У, Г.М нарын хууль ёсны төлөөлөгч Д.Н-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.*, Д.*, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*, нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

Иргэдийн төлөөлөгч Б.*хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд хүрэлцэн иргээгүй, талуудын саналыг үндэслэн иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч нар хариуцагч М ХХК-д холбогдуулан 53,869,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхйолсон. Үүнд: М ХХК-д барилгын даамал албан тушаал эрхэлдэг Б.Бнь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу нэхэмжлэгчийн гэр бүлийн хүн болох Н.О- аюулгүй ажиллагааны зааварчилга өгч ажилд гаргаагүйн улмаас үйлдвэрлэлийн осол болж хүний амь насыг хохироосон үйлдэлд 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр ******* дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Б.Быг гэм буруутайд тооцож, хохирогчийн төлөөлөгч Д.*нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар иргэний хариуцагч М ХХК-с нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсан байдаг. Хохирогч Н.О- нь өөрийн эхнэр болох Д.Н-, төрсөн хүүхдүүд болох О.У, О.М, дагавар хүүхдүүд болох Г.У, Г.М нарын хамт амьдардаг байсан ба ******* аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газраас хохирогчийн төрсөн хүүхдүүд болох О.У, О.М нарт Тэжээгчээ алдсаны тэтгэмжийг 188,000 төгрөгөөр тогтоож, түүний асрамжинд байсан Г.У, Г.М нарт тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоогоогүй юм. Дээрх хэрэгтэй холбоотойгоор амь хохирогч нэг сарын 900,000 төгрөгний цалин авдаг байсан болох нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар нотлогддог ба Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1.2 дах хэсэгт заасны дагуу үйлдвэрлэлийн ослоор ажилтан нас барсан нөхөн олговорт 32,400,000 төгрөг, оршуулгын зардал, сэтгэл санааны хохиролд 17,600,000 төгрөг, Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1, 508.3 д заасан хохирогч нас барсны улмаас учирсан гэм хорын хохирол буюу хохирогчийн өөрт нь болон түүний асрамжинд байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсэг, тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасч сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтоосон хохиролд 53,869,000 төгрөг нэхэмжилснээс М ХХК нь сэтгэл оршуулгын зардал, санааны хохиролд 17,600,000 төгрөг, нөхөн олговорт 32,400,000 төгрөг, нийт 54,817,346 төгрөг төлсөн боловч 53,869,000 төгрөгний хохиролыг төлөөгүй юм.

Дээрх төлөгдөөгүй хохирлын талаар иргэний хариуцагч М ХХК-иас шүүхийн шатанд дагавар хүүхдүүдэд ногдох хэсгийг хасна гэж маргасан нь үндэслэлгүй, хүн чанаргүй үйлдэл бөгөөд шүүхээс Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д гэр бүлийн гишүүн гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг, 21 дүгээр зүйлийн 21.3-д Дагавар хүүхэд хойт эцэг, хойт эхийн хооронд эцэг, эх, хүүхдийн эрх, үүрэг үүснэ, 25.2-д Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эхээс төрсөн болон гэрлэгчдийн хэн нэгний нь дагавар хүүхдийг ялгаварлан гадуурхаж, эрх, ашиг сонирхлыг нь хохироохыг хориглоно. гэж заасан тул төрүүлсэн болон дагавар хүүхэд нэгэн адил тэтгэмжийн зөрүү хохирлыг нэхэмжлэх эрхтэй бөгөөд Д.Н- нь хүүхдүүдийн хууль ёсны төлөөлөгчийн хувиар нэхэмжлэл гаргаж байгаа юм.

Мөн иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ... гэж заасан байх ба Д.Н- нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдож эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан юм. Иймд Иргэний хариуцагч нь Иргэний хуулийн 508.1, 508.3-д заасан хохирогч нас барсаны улмаас учирсан гэм хорын хохирол болох Г.Уд ногдох 8,549,000 төгрөг, Г.Мд ногдох 9,373,000 төгрөг, О.Уд ногдох 22,248,000 төгрөг, О.Мт ноогдох 13,699,000 төгрөг нийт 53,869,000 төгрөгийг төлөх үндэслэлтэй байх тул М ХХК-с гаргуулж өгнө үү гэв.

2.Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: М ХХК нь Д.Н- нарын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчаар оролцож байгаа юм. Нэхэмжлэл нарын нэхэмжлэлд иргэний хуулийн 508.1, 508.3-д зааснаар нийт 53,869,000 төгрөгийг нэхэмжилжээ. Тус компани нь хохирогчоор тогтоогдсон Д.Н- эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оршуулгын зардал болон учирсан хохирол хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийг бүрэн төлж барагдуулсан, дахин төлбөр төлөх үндэслэл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь үл зөвшөөрч байна. Иймээс нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье.

3.Нэхэмжлэгч 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа: М ХХК-д барилгын даамал албан тушаал эрхэлдэг Б.Б у, хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу амь хохирогч Н.О-т аюулгүй ажиллагааны зааварчилга өгч ажилд гаргаагүй, хамгаалах нэг бүрийн хэрэгслээр хангаагүйн улмаас үйлдвэрлэлийн осол болж хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдэгдсэн. Уг хэргийг мөрдөн шалгаж, шүүхээр хянан шийдвэрлэгдсэн ба 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр ******* дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 813 дугаартай шийтгэх тогтоолоор Б.Быг гэм буруутайд тооцож, хохирогчийн төлөөлөгч Д.Норовричин нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар иргэний хариуцагч М ХХК-с нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсан байдаг. Хохирогч Н.О- нь өөрийн эхнэр болох Д.Н-, төрсөн хүүхдүүд болох О.У, О.М, дагавар хүүхдүүд болох Г.У, Г.М нарын хамт амьдардаг байсан ба ******* аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газраас хохирогчийн төрсөн хүүхдүүд болох О.У, О.М нарт Тэжээгчээ алдсаны тэтгэмжийг 188,000 төгрөгөөр тогтоож, түүний асрамжинд байсан Г.У, Г.М нарт тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоогоогүй юм. Дээрх хэрэгтэй холбоотойгоор амь хохирогч нь Иргэний хариуцагч М ХХК-тай хөдөлмөрийн харилцаатай байсан, нэг сарын 900,000 төгрөгний цалин хөлс, авдаг байсан болох нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон ба нотлогддог. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь Эрүүгийн журмаар хэргийг хянан шийдвэрлэх явцад гэмт хэргийн улмаас учирсан хохиролд анх 137,940,000 төгрөг нэхэмжилж байсан. Үүнийг тодруулбал Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1.2 дах хэсэгт заасны дагуу үйлдвэрлэлийн ослоор ажилтан нас барсан нөхөн олговор, Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1, 508.3-д заасан хохирогч нас барсны улмаас учирсан гэм хорын хохирол, оршуулгын зардал, сэтгэл санааны хохирол болно. Хохиролд М ХХК нь нийт 44,817,346 төгрөг, ******* ХХК нь 10,000,000 төгрөг төлсөн ба үүнийг миний бие нийт сэтгэл санааны хохирол, оршуулгын зардал, нөхөн олговор гэж ойлгосон ба тэтгэмжийн зөрүүг шүүхээс шийдвэр гарах үед тэжээгчээ алдсаны тэтгэмжийн хэмжээ тодорхойгүй, өөр өөр байснаас Иргэний журмаар шийдвэрлүүлэхээр үлдээсэн. ******* аймгийн нийгмийн халамжийн газраас ирсэн баримтаар миний нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо ашигласан тооцоололд хасагдах дүн болон тэжээгчээ алдсаны тэтгэмж нь 188,000 төгрөг болох нь тогтоогдож байгаа ба ИХ-ийн 508.3 дахь заалтын аргачлалаар нэхэмжлэлийн дүнг дараах байдлаар тооцсон болно.

Нэр

Төрсөн Он, Сар, Өдөр

Тэтгэмж Авах Нийт Сар

Цалингийн Ноогдох Хэсэг

Нэхэмжлэлийн Үнийн Дүн

О.У

2017.08.25

216 сар /18 жил/

103,000

22,248,000 төгрөг

О.М

2011.06.09

144 сар /12 жил/

103,000

14,832,000 төгрөг

Г.У

2006.04.24

83 сар /7 жил/

103,000

8,549,000 төгрөг

Г.М

2007.11.23

91 сар /8 жил/

103,000

9,373,000 төгрөг

 

 

 

Нийт үнийн дүн

55,002,000 төгрөг

Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д гэр бүлийн гишүүн гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг, 21 дүгээр зүйлийн 21.3-д Дагавар хүүхэд хойт эцэг, хойт эхийн хооронд эцэг, эх, хүүхдийн эрх, үүрэг үүснэ, 25.2-д Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эхээс төрсөн болон гэрлэгчдийн хэн нэгний нь дагавар хүүхдийг ялгаварлан гадуурхаж, эрх, ашиг сонирхлыг нь хохироохыг хориглоно гэж заасан тул төрүүлсэн болон дагавар хүүхэд нэгэн адил тэтгэмжийн зөрүү хохирлыг нэхэмжлэх эрхтэй. Иргэний хуулийн 508.2-т ..хохирогчийн асрамжид байсан буюу нас барах үед түүнээс тэтгэвэр авах эрхтэй байсан хөдөлмөрийн чадваргүй этгээд, хохирогчийг нас барсны дараа төрсөн хүүхэд тус тус... авах эрхтэй гэж заасан. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ... гэж заасан байх ба Д.Н- нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдож эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, Шийтгэх тогтоолын ТОГТООХ хэсгийн 4 дэх заалтаар М ХХК-иас хохирлыг нэхэмжлэх эрхтэй гэж дурдагдсан мөн хүүхдүүдийн хууль ёсны асран хамгаалагч тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх заалтын дагуу хүүхдүүдийг хууль ёсоор төлөөлөх эрхтэй.

Өмнө гаргасан нэхэмжлэлийн шаардлагад О.Мын тэтгэмж авах хугацааг 133 сар гэж алдаатай бичсэн байх ба уг зөрүү болох 1,550,346 төгрөгөөр нэмэгдсэн. Иймд Иргэний хариуцагч нь М ХХК-иас гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох тэтгэмжийн зөрүүг Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1, 508.3-д заасан үндэслэлээр тооцоолж, нэхэмжилж байгаа ба хохирогч нас барсны улмаас учирсан гэм хорын хохирол болох 55,002,000 төгрөгийг Иргэний хариуцагч М ХХК-с гаргуулж өгнө үү гэв.

4.Нэхэмжлэгч 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа: Хохирогч Н.О- нь М ХХК-д туслах ажилтанаар ажилд ороод ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа буюу 2017 оны 05 сарын 13-ны өдөр үйлдвэрлэлийн осолд орж, 2017 оны 05 сарын 15-ны өдөр нас барсан. Уг үйл явдлыг цагдаагийн байгууллагаас шалгаж компанийн гүйцэтгэх захирал Э.*******, даамал Б.Б нарыг Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1-д заасан Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас нэг хүний амь насыг хохироосон гэмт хэрэгт яллагдагчаар татсан байдаг. Шүүхээс Компанийн захирал Э.******* нь өөрийн эрх, үүргээ гэрээгээр Б.Бод шилжүүлсэн ба барилгын даамал ажилтай Б.Б нь хохирогч Н.О-т аюулгүй ажиллагааны зааварчилга өгч ажилд гаргаагүй, хамгаалах нэг бүрийн хэрэгслээр хангаагүй гэм буруутайд тооцсон.

Харин М ХХК-ийг иргэний хариуцагчаар тогтоож, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигийг иргэний хариуцагч М ХХК-иас нэхэмжлэх эрхтэй хэмээн шийдвэрлэсэн. ******* дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 813 дугаартай шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон бөгөөд Иргэний хариуцагч М ХХК нь шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч, давж заалдах гомдол гаргаагүй байдаг. Энэ тухай нотлох баримтуудыг иргэний хэргийн материалд нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр гаргаж өгсөн болно. Хохирогч Н.О- нь өөрийн эхнэр болох Д.Н-, төрсөн хүүхдүүд болох О.У, О.М, дагавар хүүхдүүд болох Г.У, Г.М нарын хамт амьдардаг байсан ба ******* аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газраас хохирогчийн төрсөн хүүхдүүд болох О.У, О.М нарт Тэжээгчээ алдсаны тэтгэмжийг 188,000 төгрөгөөр тогтоож, түүний асрамжинд байсан Г.У, Г.М нарт тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоогоогүй юм. Амь хохирогч Н.О- нь Иргэний хариуцагч М ХХК-ийн ажилтан байсан ба нэг сарын 900,000 төгрөгний цалин хөлс, авдаг байсан болох нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2020 оны 03 сарын 27-ны өдрийн 05-092/14 дугаартай Шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н- нь Эрүүгийн журмаар хэргийг хянан шийдвэрлэх явцад гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 137,940,000 төгрөг нэхэмжилж байсан. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1.2 дах хэсэгт заасны дагуу үйлдвэрлэлийн ослоор ажилтан нас барсан тохиолдолд олгох нөхөн олговор, оршуулгын зардалд, сэтгэл санааны хохирол, гэм хор учруулсны төлбөр зэрэг тус тус хамаарч байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хохирогчийн төлөөлөгч Д.Н-д М ХХК нь 34,817,346 төгрөг, ******* ХХК нь 10,000,000 төгрөг, Б.Б 10,000,000 төгрөгийг тус тус хохиролд төлсөн. Харин хохирогчийн хүүхдүүдэд гэм хор учруулсны төлбөрийг төлөөгүй. Үүнтэй холбоотой Эрүүгийн хэргийг шүүхээр шийдвэрлэх үед Гэм хор учруулсны төлбөрийг иргэний хариуцагчаас нэхэмжлэхэд дээр дурьдсан хүүхдийн тэтгэмжийн хэмжээ зөрүүтэй байсан тул Иргэний журмаар шийдвэрлүүлэхээр үлдээсэн.

******* уул аймгийн нийгмийн халамжийн газраас ирүүлсэн 2022 оны 09 сарын 20-ны өдрийн 606 тоотод хавсаргасан 9 хуудас баримтаар тэжээгчээ алдсаны тэтгэмжийг 188,000 төгрөг болохыг нотолсон тул гэм хор учруулсны төлбөрийг ИХ-ийн 508.3 дахь заалтын аргачлалаар тооцож дараах байдлаар гэм хорын хохирлыг тооцож байна. Үүнд:

Нэр

Төрсөн Он, Сар, Өдөр

Тэтгэмж Авах Нийт Сар

Цалингийн Ноогдох Хэсэг

Нэхэмжлэлийн Үнийн Дүн

О.У

2017.08.25

216 сар /18 жил/

103,000

22,248,000 төгрөг

О.М

2011.06.09

144 сар /12 жил/

103,000

14,832,000 төгрөг

Г.У

2006.04.24

83 сар /7 жил/

103,000

8,549,000 төгрөг

Г.М

2007.11.23

91 сар /8 жил/

103,000

9,373,000 төгрөг

 

 

 

Нийт үнийн дүн

55,002,000 төгрөг

 

Итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа тооцооллын алдаа гаргасан байсныг засаж нэхэмжлэлийн шаардлагын дүнг нэмэгдүүлж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодруулсан болно.

Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д гэр бүлийн гишүүн гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг, 21 дүгээр зүйлийн 21.3-д Дагавар хүүхэд хойт эцэг, хойт эхийн хооронд эцэг, эх, хүүхдийн эрх, үүрэг үүснэ, 25.2-д Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эхээс төрсөн болон гэрлэгчдийн хэн нэгний нь дагавар хүүхдийг ялгаварлан гадуурхаж, эрх, ашиг сонирхлыг нь хохироохыг хориглоно гэж заасан тул амь хохирогч Н.О-ын төрсөн болон дагавар хүүхдүүдийг бүгдийг түүний асрамжид байсан гэж үзнэ. Иргэний хуулийн 508.2-т ..хохирогчийн асрамжид байсан буюу нас барах үед түүнээс тэтгэвэр авах эрхтэй байсан хөдөлмөрийн чадваргүй этгээд, хохирогчийг нас барсны дараа төрсөн хүүхэд тус тус... гэм хор учруулсны төлбөрийг авах эрхтэй гэж заасан тул хохирогч Н.О-ын асрамжид байсан 3 хүүхэд болон нас барсны дараа төрсөн 1 хүүхэд тус бүр иргэний хариуцагч М ХХК-иас гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дах хэсэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгуулахаар гаргасан нэхэмжлэл тул чөлөөлөгдөхөөр хуульчилсан байна. Иймд Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-т зааснаар гэмт хэргийн хохирогч Н.О- нас барсны улмаас нэхэмжлэгч нарт ногдох гэм хор учруулсны төлбөр болох 55,002,000 төгрөгийг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр иргэний хариуцагч мөн болох нь тогтоогдсон М ХХК-иас гаргуулж өгнө үү.

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчийн тодруулсан шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь М ХХК-д холбогдуулан 2022 оны 12 сарын 07-ны өдрийн Нэхэмжлэлийн шаардлага тодруулж, нэмэгдүүлэх тухай танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Н.О- нь М ХХК-тай Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй буюу талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүсээгүй. Н.О- нь тодорхой ажил гүйцэтгэж, гүйцэтгэсэн ажил үүрэгт тохиролцсон хөлс төлөх үүргийг М ХХК хүлээн ажилласан. 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 05-092/14 дугаартай Шинжээчийн дүгнэлт-д дурдсан 900,000 төгрөг нь Н.О-ын нэг сарын орлого бус гүйцэтгэсэн ажилд нь төлөхөөр тохиролцсон ажлын хөлс юм. Тиймээс хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хууль-ийн 125 дугаар зүйлд заасан хохирлыг нөхөн төлөх үүргийг хүлээгээгүй болно. Мөн нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.2-т заасныг үндэслэн гэм хорын хохирлыг нэхэмжилсэн байна. Хавтаст хэрэгт авагдсан ******* аймгийн ******* сумын 15-р багийн Иргэн Далантайн Норовринчингийн халамжийн сангаас Тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхдийн тэтгэмжийн үйлчилгээнд хамрагдсан тухай тайлбар-т ...Д.Н-, Г.******* нар гэрлэлтээ цуцлуулсан Г.У, Г.М нарт тэтгэвэр тогтоон давхар олгосныг зогсоож... гэсэн нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль-ийн 12 дугаар зүйлийн 2.3 дугаар зүйлд заасны дагуу Г.У, Г.М нарт шүүхийн шийдвэрээр тэтгэлэг тогтоосон нь тэжээгчээ алдсан гэж үзэхгүй тул гэм хорын хохирол гаргуулах үндэслэлгүй байна. М ХХК нь Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-т заасны дагуу хохирогчийн оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг бүрэн төлсөн бөгөөд үүнтэй холбоотой баримтыг эх хувиар шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн болно. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

6.Нэхэмжлэгчээс шүүхэд:******* дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 201/ШЦ/813 дугаар шийтгэх тогтоол (хх-ийн 6-14, 17-31), ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 972 дугаар шийдвэр(хх-ийн15-16), ******* дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 813 дугаар тэмдэглэл (хх-ийн 17-31), ******* дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны 2020 оны 04 дугаар сарын 02-ны өдрийн 1868 дугаар тэмдэглэл(хх-ийн33-43), 2019.0.118-ны өдрийн Хохирогчоос авсан тэмдэглэл(хх-ийн44-45), ******* сумын 15 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт(хх-ийн46), ******* аймаг дахь Хөдөлмөр, халамжийн үйлчилгэаэний газрын 2021.09.08-ны өдрийн 566 дугаар тодорхойлолт(хх-ийн47), хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар(хх-ийн48-51), Д.Н-гийн 0031466 дугаар халамжийн дэвтрийн хуулбар(хх-ийн149-150), Б.Бын *******ны депозит дансны хуулга (хх-ийн 151) зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

7.Хариуцагч талаас шүүхэд: хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээ(хх-ийн62), компанийн дүрэм(хх-ийн63-65), 2020.03.27-ны өдрийн Шинжээчийн дүгнэлт(хх-ийн233-237), 2017.05.23-ны өдрийн төлбөрийн даалгавар (хх-ийн238, 244),Улсын байцаагчийн акт(хх-ийн239), мэргэжлийн хяналтын газарт гаргасан тоот(хх-ийн240), зөрчлийн тухай№00001849 тэмдэглэл(хх-ийн241), үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт(хх-ийн242-243), ******* дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст итгэмжлэл(хх-ийн245), мөрдөгчийн тогтоол(хх-ийн246), Д.Н-гийн *******ны дансны депозит хуулга(хх-ийн247-248) зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

8.Шүүхээс зохигчдын хүсэлтээр: ******* аймаг Засаг даргын тодорхойлолт(хх-ийн113-122), ******* аймаг дахь Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас ирүүлсэн Тэтгэвэр,тэтгэмжийн хувийн хэрэг(хх-ийн123-129), Нийгмийн даатгалын ерөнхий газраас Н.О-ын нийгмийн даатгалын шимтгэлийн тодорхойлолт (хх-ийн 184-187), ******* аймаг дахь Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас Д.Н-гийн халамжийн сангаас тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхдийн тэтгэмжийн үйличлгээнд хамрагдсан тухай тайлбар(хх-ийн188-197) зэрэг баримтыг бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч О.М, О.У, Г.М, Г.У нарын хууль ёсны төлөөлөгч Д.Н- нь хариуцагч М ХХК-д холбогдуулан Иргэний хуулийн 508.1, 508.3-д заасан хохирогч нас барсаны улмаас учирсан гэм хорын хохирол болох Г.Уд ногдох 8,549,000 төгрөг, Г.Мд ногдох 9,373,000 төгрөг, О.Уд ногдох 22,248,000 төгрөг, О.Мт ноогдох 13,699,000 төгрөг нийт 53,869,000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар амь хохирогч Н./О/ нас барсны улмаас нэхэмжлэгч нарт ногдох гэм хор учруулсны төлбөр болох 55,002,000 төгрөгийг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр иргэний хариуцагч мөн болох нь тогтоогдсон М ХХК-иас гаргуулахаар тодоруулсан.

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үнэдслэлээ ...амь хохирогч Н./О/ нь М ХХК-д туслах ажилтанаар ажилд ороод ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа 2017 оны 05 дугаар сарын 13-ны өдөр үйлдвэрлэлийн осолд орж, 05 дугаар сарын 15-ны өдөр нас барсан. ******* аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газраас хохирогчийн төрсөн хүүхдүүд болох О.У, О.М нарт тэжээгчээ алдсаны тэтгэмжийг 188,000 төгрөгөөр тогтоож, түүний асрамжинд байсан Г.У, Г.М нарт тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоогоогүй. Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4., 21 дүгээр зүйлийн 21.3., 25 дугаар зүйлийн 25.2.-т тус тус зааснаар төрүүлсэн болон дагавар хүүхэд нэгэн адил тэтгэмжийн зөрүү хохирлыг нэхэмжлэх эрхтэй. ******* дүүргийн эрүүгийн хэргийн шийтгэх тогтоолоор амь хохирогч Н./О/-ыг М ХХК-ийн ажилтан гэдгийг тогтооогдсон тул Иргэний хуулийн 508.1-д зааснаар хариуцагчаас нэхэмжлэгч нарт ногдох гэм хор учруулсны төлбөр болох 55,002,000 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлсон.

3.Хариуцагч М ХХК нь ...амь хохирогч Н./О/ нь М ХХК-тай Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй буюу талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүсээгүй. Тус компанийн даамал ажилтай Б.Бтой Угсралт будаг заслын ажил хийлгэхээр хамтран ажиллах гэрээг байгуулж өөрийн бригадийг ирж ажилуулсан. Амь хохирогч нь тодорхой ажил гүйцэтгэж, гүйцэтгэсэн ажил үүрэгт тохиролцсон хөлс төлөх үүргийг М ХХК хүлээн ажилласан тул Хөдөлмөрийн тухай хууль-ийн 125 дугаар зүйлд заасан хохирлыг нөхөн төлөх үүргийг хүлээгээгүй болно. М ХХК нь Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-т заасны дагуу хохирогчийн оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг бүрэн төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзсан тайлбар гаргасан.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын шүүхэд ирүүлсэн тайлбараар дараах үйл баримт тогтоогдов.

4.Нэхэмжлэгч Д.Н- нь иргэн Г.Г2005 оны 06 дугаар сарын 10-ны өдөр гэр бүл болж, 2006 оны 05 дугаар сарын 17-ны өдөр иргэний гэр бүлийн бүртгэлд бүртгүүлж, тэдний дундаас 2006 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр охин Г.У, 2007 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүү Г.М нарыг төрүүлж хамтран амьдарч байгаад ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 778 дугаар шийдвэрээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.6 д заасныг баримтлан гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийг эхийн асрамжид үлдээж, нэхэмжлэгч болох Н.Нхүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүйг, эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдаж шийдвэрлэж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.(хх-ийн 114-117)

5. Д.Н- амь хохирогч Н./О/ нар 2010 оноос хамтран амьдарч, тэдний дундаас 2011 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүү О.М, 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр охин О.У нар нар төрсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч О.М,О.У тэдгэрэийн хууль ёсны төлөөлөгч нар Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар хууль ёсны өвлөгч, өв залгамжлагч мөн тул 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар нэхэмжлэл гаргах эрхтэй.(хх-ийн 48-49)

6. Хэргийн баримтаас үзэхэд М ХХК нь тус компанийн барилгын даамал албан тушаалтан Б.Бтой Угсралт будаг заслын ажил хийлгэхээр хамтран ажиллах гэрээг байгуулж, ******* дүүрэг 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах агуулахын хашаан дахь 12 метр өндөрт нефть агуулах босоо савыг Н.Ө, Д.Д, Н./О/ нараар будуулах ажлыг хариуцан гүйцэтгүүлж байхдаа хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас амь хохирогч Н./О/ 2017 оны 05 дугаар сарын 13-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж байхдаа өндрөөс унаж, 05 дугаар сарын 15-ны өдөр эмнэлэгт нас барсан байна.

7.Улмаар ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 2021/ШЦТ/813 дугаар шийтгэх тогтоолоор Б.Быг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас нэг хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар 1 жилийн хорих ялаас өршөөн хэтрүүлж, гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар хариуцагч М ХХК-иас нэхэмжлэх эрхтэйг дурдсан байх бөгөөд уг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болжээ. (хх-ийн 6-14)

8. Нийслэлийн Улсын байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн актаар Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 36.4-д заасныг үндэслэн хариуцагч М ХХК-д 2,400,000 төгрөгийн захиргааны шийтгэл ногдуулсныг хүлээн зөвшөөрч төлж барагдуулсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. (хх-ийн 238-244)

9.******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 972 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Д.Н-, амь хохирогч Н./О/ нарыг 2010 оноос 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг, 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин О.Угийн эцэг Боржин овогт Н/О/ мөн болохыг тогтоосон шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.(хх-ийн15-16)

10.Хариуцагч М ХХК-иас амь хохирогчийн ар гэрт 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр буяны ажилд 1,780,000 төгрөгийг, буяны ажилд 380,000 төгрөгийг, 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр аршаант буяны ажилдгэх утгатай 2,000,000 төгрөгийг 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр М ХХК-иас тусламж 1,000,000 төгрөгийг, 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр буцалтгүй тусламж 50,000,000 төгрөгийг тус тус олгосон нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.(хх-ийн 106-109)

11. Хэрэгт нэхэмжлэгч Д.Н-гийн ******* дүүргийн прокурорын газарт гаргасан тайлбар авагдсан. Уг тайлбарт...миний бие Д.Н- 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр үйлдвэрийн ослын улмаас миний нөхөр Оын амь нас хохирсон болно. Гэм буруутайн эцэслэн шийдвэрлэгдээгүй прокурорын шатанд явж байгаа боловч М ХХК-ийн Э.Л, Б.Бнараас 40,000,000/дөчин сая/, Дөт сайхан компани Д.Г10,000,000 /арван сая/ төгрөг төлсөн нь үнэн болно.Цаашид нэхэмжлэх зүйл, гомдол санал үгүй болно гэж дурджээ.(хх-ийн 110)

12.Нэхэмжлэгч шүүхийн хэлэлцүүлэгт ... нөхөр Н./О/ М ХХК-ийн барилгын туслах ажилтнаар 2017 оны 03 дугаар сарын сүүлчээс эхлэн ажилласан. Б.Бманай компанид ажиллаач гэж хэлсэн. Тэр үед би жирэмсэн байсан тул тогтвортой ажил хийх гээд Улаанбаатар хотод ирсэн.Б.Бцаашдаа тогтвортой ажлын байраар хангана гэж хэлсэн.Миний дансруу Б.Б900,000 төгрөгөөр өнгөрсний дараа үлдсэн хоногийн цалин гээд 600,000 төгрөгийг шилжүүлсэн гэж тайлбарласан. Нэхэмжлэгч Д.Н-гийн *******ны 5046173995 дансанд 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 5088057108 данснаас Б.Б гэх утгатай 900,000 төгрөгийг, 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 5088057108 данснаас Б.Б гэх утгатай 900,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн баримт хэрэгт авагдсан.(хх-ийн1518, 247-248)

13.Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан шинжээчийн дүгнэлтэд амь хохирогч Н./О/-ыг М ХХК-ийн ажилтан гэж дурдсан, сарын 1,500,000 төгрөгийн цалинтай байсан гэж маргах боловч М ХХК нь тус компанийн барилгын даамал албан тушаалтан Б.БУгсралт будаг заслын ажил хийлгэхээр хамтран ажиллах гэрээг байгуулж, ******* дүүрэг 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах агуулахын хашаан дахь 12 метр өндөрт нефть агуулах босоо савыг Н.Ө, Д.Д, Н./О/ нараар будуулах ажлыг хариуцан гүйцэтгүүлж байхдаа хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буруутай үйлдлийн улмаас Н.О-ын амь нас хохирсон болох нь тогтоогдсон гэж үзэв.

14.Хэрэгт амь хохирогч Н./О/-ын нийгмийн даатгалын шитгэл төлөлтийн талаарх тодорхойлолт баримтаар авагдсан. Уг баримтад талийгаач нь 2008 оны 04 дүгээр сараас 08 дугаар сар, 2010 оны 07 дугаар сараас 2013 оны 04 дүгээр сар, 2014 оны 07 дугаар сараас 2015 оны 04 дүгээр сар хүртэлх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлж , 2015 оны 04 дүгээр сараас хойш хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй нь болох тогтоогдож байх тул, амь хохирогчийг М ХХКд барилгын туслах үндсэн ажилтнаар ажиллаж байсан гэх нэхэмжлэгч талын тайлбар няцаагдсан.(хх-ийн184-187)

15. Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй бөгөөд зохигч ба хэргийн бусад оролцогч шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримтын талаар маргах эрхгүй тул нэхэмжлэгч талаас амь хохирогч Н./О/-ыг М ХХК-ийн барилгын туслах үндсэн ажилтнаар ажиллаж байсан гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй.

16.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д Энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шимтгэл төлөх хугацааг хангасан тэжээгч ердийн өвчин, ахуйн ослын улмаас нас барвал түүний асрамжид байсан гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй дор дурдсан гишүүд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй, 12.1.1-д хууль ёсоор тэжээх өөр хүн байгаа эсэхийг харгалзахгүйгээр төрүүлсэн буюу үрчлэн авсан 19 нас хүрээгүй хүүхэд /үүнд эцгээ нас барснаас хойш мэндэлсэн, төрсөн хүүхэд нь хамаарна, Нийгмийн халамжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-д тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхэд гэж заажээ.

17.Тус шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 00425 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасныг баримтлан ******* аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 566 болон 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 343 дүгээр тодорхойлолтуудын зөрүүтэй байдлыг тодруулсан буюу тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны 1-2 хүүхдийн 3-4 хүүхдийн тэтгэврийн аль төрөл багтаж байгаа талаарх лавлагааг гаргуулахаар захирамжилсан.(хх-ийн 177-181) ******* аймаг дахь Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас ирүүлсэн баримтад ... ******* сумын Амьжиргааг дэмжих орон тооны орон тооны бус зөвлөлийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/02 дугаар шийдвэрийг үндэслэн Тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны 3-4 хүүхдэд олгох тэтгэмжийг 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 189,750 төгрөгөөр тогтоож 2019 оны 06 дугаар сар хүртэлх хугацаанд тэтгэмжийг авч байсан бөгөөд дотоодын хяналт шалгалт хувийн хэргийн баяжилт хийх явцад Д.Н-, Г.Г нар нар гэрлэлтээ цуцлуулсан.Г.Уо, Г.М нарт тэтгэвэр тогтоон давхар олгосныг зогсоож, 2019 оны 07 дугаар сараас О.У О.М нарт тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны 1-2 хүүхдэд олгох тэтгэврийг 2019 оны 07 дугаар сараас 2022 оны 09 сар хүртэлх хугацаанд олгосон байна. гэж дурджээ.(хх-ийн 188-197)

18.Нэхэмжлэгч Н.Н тэжээгчээ алдсаны тэтгэмжээс Г.У, Г.М нар хасагдсан, О.У, О.М нар тэтгэмж авч байгаа талаар маргаагүй.

19.Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь Монгол улсын иргэний журамт үүрэг, Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.-д Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ., 38 дугаар зүйлийн 38.1.-д Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй. гэж зааснаар эцэг Г.Ганбаяр нь өөрийн төрсөн хүүхдүүд болох Г.У, Г.М нарыг тэжээн тэтгэх хуульд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй тул хүүхдүүдэд тэтгэвэр тогтоон давхар олгосныг зогсоосон ******* аймаг дахь Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрыг буруутгах боломжгүй юм.

20.Нэхэмжлэгч Н.НГэр бүлийн тухай хуульд зааснаар Г.У, Г.М нарын эцэг Г.Г тэжээн тэтгүүлэх эрх нь нээлттэй тул хариуцагч М ХХК-иас Г.У, Г.М нарыг 18 нас хүртэлх хугацааны тэтгэмжийг шаардах эрхгүй.

21.Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.2.Гэм хор учруулсны төлбөрийг нас барсан хохирогчийн асрамжид байсан буюу нас барах үед түүнээс тэтгэвэр авах эрхтэй байсан хөдөлмөрийн чадваргүй этгээд, хохирогчийг нас барсны дараа төрсөн хүүхэд тус тус, түүнчлэн нас барагчийн найман нас хүрээгүй хүүхэд, дүү, ачийг асран хүмүүжүүлж байгаа байнгын цалин хөлс орлогогүй эцэг, эх, нөхөр /эхнэр/-ийн аль нэг нь авах эрхтэй., 508.3.Төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтооно. Түүнчлэн төлбөр авагч тус бүрт тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасна.,509 дүгээр зүйлийн 509.1.Хохирогч нас барсан буюу хөдөлмөрийн чадвараа алдсантай холбогдсон төлбөрийг сар тутам төлнө. гэж заасан.

22. Нэхэмжлэгч Н.Ннь ******* сумын Амьжиргааг дэмжих орон тооны орон тооны бус зөвлөлийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/02 дугаар шийдвэрийн дагуу Тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны 4 хүүхдэд олгох тэтгэмжид 2018 оны 01 дүгээр сараас 2019 оны 06 дугаар сар хүртэлх хугацаанд 4,284,680 төгрөгийг, 2019 оны 07 дугаар сараас 2022 оны 09 дүгээр сарын хугацаанд 2 хүүхэдэд 10,134,000 төгрөгийн тэтгэмжийг авсан байх нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.(хх-ийн189-191)

23.Шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар талийгаач Н.О-ыг сарын 1,500,000 төгрөгийн цалинтай байсан гэж тайлбарладаг боловч хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нас барагчийн сарын цалин хөлс, орлогын хэмжэээргэлзээгүй баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан амь хохирогчийг сарын 1,500.000 төгрөгийн орлогоор тооцож төлбөр гаргуулах хэмжээг тодорхойлох хууль зүйн үндэслэлгүй.

24.Нэхэмжлэгч Н.Ннь Халамжийн сангаас 288,000 төгрөгийн тэжээгчээ алдсаны тэтгэврийг авдаг болох нь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын албан тоотоор нотлогдож байгаа бөгөөд Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3-т төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтооно. Түүнчлэн төлбөр авагч тус бүрд тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасна гэж заажээ.

25. Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5-д зааснаар иргэний эрх зүйн харилцаа үүсэж, энэ хуулийн 187 дугаар зүйлийн 187.1-д заасан үүрэг үүсэх үндэслэлд хамаарах бөгөөд энэ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4-д зааснаар нэхэмжлэгч нь нөхөр Н.О-ын амь үрэгдсэнд гэм буруутай гэж үзэж хариуцагчид холбогдуулан өөрийн асрамжид байгаа 4 хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг 18 нас хүртэл хугацаанд шаардсан. Амь хохирогчийн нас барснаас учирсан гэм хорыг арилгах төлбөрийн хэмжээг түүний сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтоохоор хуульд заасан.

26.Харин цалин хөлс, орлогогүй байсан, орлогыг тодорхойлох боломжгүй тохиолдолд гэм хорын төлбөрийн хэмжээг тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцох хууль зөрчихгүй бөгөөд 2017 оны 06 дугаар сараас 2019 оны 12 дугаар сарын хугацаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 320,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сараас 2022 оны 09 дугаар сарын хугацаанд 420,000 төгрөг, байх тул нас барагчийн орлогыг энэ хэмжээгээр тооцох үндэслэлтэй.

27.Иймд Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3.-т зааснаар төлбөр гаргуулах хэмжээг 2017 оны 06 дугаар сараас 12 дугаар сард тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 320,000 төгрөгийг гэр бүлийн 4 гишүүнд хувааж нэг хүнд ногдох хэсгийг тойдорхойлбол 80,000 төгрөг байх ба 2017 оны 06 дугара сараас 12 дугаар сарын хугацааны тэтгэмжийн зөрүү 840,000 төгрөгийг, 2018 оны 01 дүгээр сард 65,160 төгрөгийг, 2018 оны 02 дугаар сараас 2019 оны 06 дугаар сард 525,000 төгрөгийг, 2019 оны 02 дугаар сараас 06 дугаар сард 147,500 төгрөгийг, 2019 оны 07 дугаар сараас 12 дугаар сар хүртэлх хугацааны тэтгэмжийн зөрүүд төлбөр гараагүй, 2020 оны 01 дүгээр сард хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420,000 төгрөг болж өөрчлөгдснийг гэр бүлийн 4 гишүүнд хувааж нэг хүнд ногдох хэсгийг тойдорхойлбол 70,000 төгрөг байх тул 2020 оны 01 дүгээр сард тэтгэмжийн зөрүүд 36,000 төгрөгийг, 2020 оны 02 дугаар сараас 12 дугаар сар хүртэлх хугацаанд тэтгэмжийн зөрүү гараагүй, 2022 оны 02 дугаар сараас 04 дүгээр сар хүртэлх хугацаанд 66,000 төгрөгийг, 2022 оны 04 дүгээр сараас 09 дүгээр сар хүртэлх хугацаанд тэтгэмжийн зөрүү гараагүй болно. Үүнээс тэжээгчээ алдасны тэтгэмэийн зөрүүг 2017 оны 06 дугаар сараас 2022 оны 09 дүгээр сар хүртэлх хугацаанд 2 хүүхэдэд төлөх тэтгэмжийн зөрүү төлбөр 1,679,660 төгрөгийг төлөх үүрэг хариуцагч М ХХК-д үүсч байна.

28.Иймд хариуцагч М ХХК-иас амь хохирогчийн төрсөн хүүхдүүд О.У, О.М нарт 2019 оны 07 дугаар сараас 2022 оны 09 дүгээр сар хүртэлх хугацаанд тэжээгчээ алдсны тэтгэмжийн зөрүү 1,679,660 төгрөгийг хариуцагч М ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч О.У, О.М нарын хууль ёсны төлөөлөгчид олгож нэхэмжлэлээс үлдэх 48,322,340 төгрөгийн Г.У, Г.М нарын шаардлагыг төрсөн эцэг Г.*******аар тэжээн тэгүүлэх эрхтэй гэж үзэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

29. Нэхэмжлэгч О.У, О.М нарыг 18 нас хүртэл хугацааны тэтгэмжийн зөрүүг хариуцагч М ХХК-иас нэхэмжилсэн боловч хэрэгт авагдсан баримтаар тэжээгчээ алдсаны тэтгэмжийг зөрүүг тооцож хариуцагчаас гаргуулж олгож, шүүх ирээдүйд гарах тэтгэмжийн зөрүүг хөдөлмөрийн доод хэмжээг урьдчилан тооцох боломжгүй тул хэрэгсэхгүй болгов.

Нэхэмжлэгч нар улсын тэмэдэгтйин хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 41,825 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2,116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3, 509 дүгээр зүлйийн 509.1-д заасныг баримтлан хариуцагч М ХХК/рд:/-иас 1,679,660 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.У /рд:/, О.М /рд:/ нарын хууль ёсны төлөөлөгч Н.Норовринчин/рд:/ нарт олгож нэхэмжлэлээс үлдэх 48,322,340 төгрөгийг Г.У, Г.М нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 д заасныг баримтлан нэхэмжлэгч нар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнг дурдаж, хариуцагч М ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 41,825 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНЧИМЭГ

ШҮҮГЧИД Б.УНДРАА

Д.ЯНЖИНДУЛАМ