| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Ганболд |
| Хэргийн индекс | 101/2022/05971/И |
| Дугаар | 101/ШШ2023/02327 |
| Огноо | 2023-05-10 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 101/ШШ2023/02327
| 2023 05 10 | 101/ШШ2023/02327 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Ө” ХХК /рд:/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: “А” ХХК /рд:/-д холбогдох
20,416,511 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 44,680,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э, хариуцагчийн төлөөлөгч Г.Т, хариуцагчийн өмгөөлөгч Б.Д, гэрч Э.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Ө” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч Н.Б, өмгөөлөгч Ө.Э нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ө ХХК нь /РД:/ 2022 оны 05-р сарын 27-ны өдөр “А” ХХК-тай /РД:/ Б дүүргийн хорооны нутаг дэвсгэр буюу замын уулзвар, Р оффисын замын урд байрлалтай О ХХК- ийн захиалгаар бариулж буй О төслийн В блокийн 994 м2 нил хавтан суурийн угсралтын ажлыг гүйцэтгэхээр нийт 80,500,000 төгрөгийн гэрээ байгуулсан. Тус угсралтын ажилд А ХХК нь барилгад шаардагдах машин, механизм, кран, үндсэн болон туслах материал, ус цахилгаан бохир зэрэг зардлуудыг төлөхөөр бидний зүгээс зөвхөн ажил гүйцэтгэхээр харилцан тохиролцон, энэ тухай гэрээний 2.5-д тусган 2022 оны 05-р сарын 27-ны өдрөөс барилгын суурийн ажил эхэлсэн. 06-р сарын 14-нд арматур ажлын талбайд анх бууснаар үндсэн угсралтын ажил явагдаж, 2022 оны 07-р сарын 08-ны өдөр бетон цутгалт хийгдээж дууссан. Суурийн ажлыг “О” ХХК-ийн үйлчилгээтэй орон сууцны барилга Шифр: ,,, тоот батлагдсан зургийн дагуу гүйцэтгэсэн. Цутгалтын дараа наадмын амралтын өдрүүд таарсан тул 2022 оны 07-р сарын 20-нд ил далд ажлын актыг захиалагч, зохиогч нараар баталгаажуулан хүлээлцсэн. “А” ХХК-ийн зүгээс гэрээний хэд хэдэн заалтыг зөрчсөн. Үүнд:
1. Суурийн ажил дуусаж, ил далд ажлын акт баталгаажмагц, 1 хоногийн дотор төлбөрийг шилжүүлнэ, төлбөр төлөх хугацаанаас хоцорсон тохиолдолд 0,3 хувь хэмжээгээр алданги төлнө хэмээн гэрээний 2.6-д заагдсан байгаа.
Гэсэн хэдий ч 7-р сарын 20-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл цувуулж бага багаар төлсөөр 12,976,326 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа. Түүнд ногдох алданги 5,940,185 төрөгт хүрсэн байна. Гэвч уг үлдэгдэл төлбөр болон алдангийг төлөхгүй хэмээн гэрээний үүргээс татгалзсан.
2. А ХХК-ийн захирал Г.Т нь манай инженерүүд болон менежер, өдрийн ажилчдыг танай компанийн ажилчдын гал тогооноос 1 хүний 7000-р тооцон хоол идүүлээд төлбөрийг төлье гэж гуйж зөвшөөрүүлсэн бөгөөд тус мөнгө 1.5 сая төгрөг болсон атал мөнгө байхгүй хэмээн төлөөгүй.
Гэрээт ажлын үлдэгдэл төлбөр 12,976,326 төгрөг, алданги 5,940,185 төгрөг, хоолны төлбөр 1,500,000 төгрөг нийт 20,416,511 төгрөгийг А ХХК -аас гаргуулж өгнө үү.
1а. 2022.5.27-ны өдөр хариуцагчтай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Үнийн дүнг гэрээнд заасан. Ажлыг гүйцэтгэж дуусаад наадмын дараа хүлээлгэж өгсөн. Хүлээлгэж өгсөн акт дээр захиалагч болон зураг зохиогч гарын үсэг зурсан. Зураг зохиогч бага зэргийн алдаа хэлсэн бөгөөд энэ алдааг зассан. Үүнийг гүйцэтгэснийг мөн адил талууд хүлээн авсан акт хэрэгт байгаа юм. Үүний дараа дахиж доголдолтой гэх зүйл яригдаагүй. Мөнгийг төлнө гэсэн бөгөөд зээл бүтэхгүй байна гэж байсан юм. Мессежээр төлбөрөө төлнө гэдэг боловч сүүлд төлбөрөө төлөхгүй гэсэн. Ингээд намайг очиж уулзахад ажилтнууд нь манайхыг алдаагүй хийсэн, харин хариуцагчийн төлөөлөгчийг ажлаа мэдэхгүй байна гэсэн. Тэгээд шүүхэд нэхэмжлэл гаргахаар танихгүй, доголдол гарсан, амаар тохирсон гэх мэтээр ярьж эхэлсэн. Энэ нь гэрээний үүргээ биелүүлэхгүй зугтаах гэж байна. Мөн нэхэмжлэл авахдаа хүртэл 2 сар ирэхгүй байж байгаад ирсэн. Шүүхийн ажилд саад болж байна. Гэрээгээр 80,5 саяар тохироод 10 сая, 500 мянгыг авсан ба өөр мөнгө аваагүй. Үлдэх 70-с цувуулж байгаад одоо 12 976 326 төгрөг дутуу ба алданги 5 940 185 төгрөг, мөн хоолны мөнгө 1 500 000 төгрөг, нийт 20 415 511 төгрөг нэхнэ.
1б. Ажлын илүү хөлс төлсөн гэдэг нь үндэслэлгүй. Учир нь ажлын хөлсийг м.кв-р төлөх гэрээ байгуулаагүй. Ажил дүгнэсэн акт дээр энэ талаар байхгүй юм. 914 м.кв гэдэг нь хариуцагч тал тухайн үед хэлж байсан юм. Хэрэв илүү мөнгө төлсөн бол цаг хугацааны хувьд тухайн үед асуудал яригдаагүй. Тухайн үед хариуцагч баталгаа гаргаж акт үйлдсэн байдаг. Энд м.кв-р хөлс тооцох талаар тохиролцоогүй юм. Доголдлыг арилгуулсан гэж байна. Зохигчид ажлаа хүлээлцсэн юм. Хүлээж авсан ажилд доголдол илэрсэн гэж байна. Энэ нь эхний шаардлагатайгаа зөрөлдөж байна. Доголдол арилгуулсан гэх компанид төлбөр төлсөн баримт гаргаж өгөөгүй. Зөвхөн гэрээг өгсөн бөгөөд бид хардаж байгаа нь ажил гүйцэтгэх гэрээг доголдол арилгуулах гэж хийсэн байна. Уг гэрээ нь хэрэгжээгүй гэрээг шүүхэд гаргаж өгсөн байна. Дам сонсоход таньдаг хүний компани гэж ойлгосон. Доголдол илэрсэн гэдэг нь үндэслэлгүй. Доголдолтой холбоотой зардал гарсан баримтгүй. Хэв хашмалтай холбоотойгоор ажлын багаж болон материалын талаар нэхэмжлэгч үүрэг хүлээгээгүй. Энэ талаар ямар нэг баримтгүй. Ганбаатарт төлбөр төлсөн болон дутаасан гэх баримтгүй тул сөргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хариуцагчийн гол маргаж байгаа юм нь м.кв талбайг 80 000 төгрөгөөр тохирсон тул илүү төлбөр төлсөн гэж байна. Үндсэн гэрээгээр суурь нь 809 м.кв гэж байхад дараа нь нэхэмжлэгчтэй гэрээ байгуулахдаа талбайн хэмжээг мэдсээр байж 994 м.кв талбайгаар тохирсон гэдэг нь үгүйсгэгдэж байна. Үлдэх төлбөр дээр маргаангүй байна. Алдангийг ажил дууссаны дараа төлнө гэснээр тооцсон. 7.20-ны өдрийн зөвлөмжийг нэхэмжлэгч зөвшөөрсөн. Улмаар доголдлыг засаад өгсөн. Хариуцагч болон зураг зохиогч нар гарын үсэг зурсан байдаг. Үүнээс хойш алдангийг тооцсон юм. Төлөгдөөгүй нийт 50 сая төгрөг байсан. 7.30-нд 3 саяыг төлсөн тул 47 саяас гэх маягаар тооцсон. Хоолны хувьд амаар тохирсон тул нотлох баримтгүй. Иймд нотлогдсон хэмжээгээр шаардлагыг хангаж өгнө үү гэв.
2. Хариуцагч “А” ХХК нь шүүхэд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэл, түүний төлөөлөгч Г.Т, өмгөөлөгч Б.Д нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ө” ХХК-ийн нэхэмжлэл гаргасан албан тооттой танилцлаа. “Ө” ХХК нэхэмжлэл дээр дурдсан 994м2, 80,500,000 төгрөгөөр тохиролцсон гэх мэт худал мэдээллээс бүрдсэн байна. Манай компани нь “Ө” ХХК биш Б гэдэг хүний НӨАТ, татвар төлөөгүй байна гэх хүсэлтээр бүрэн цутгамал 22 давхар барилгын угсралтын ажлыг 1м2 нь 50.000 төгрөг, Б талаас нийт 30 хүн ажиллахаар давхар давхартаа гүйцэтгэл өгөхөөр хувь хүн буюу бригадын шугамаар тохиролцон. Манай компани нь “О” ХХК-аас бүрэн цутгамал 22 давхар барилгын ажлыг авч гүйцэтгэгч хайх ажпыг эхлүүлсэн. Барилга угсралтын гүйцэтгэгч хайх хугацаандаа “Ө” ХХК биш Б гэдэг хүнтэй бүрэн цутгамал 22 давхар барилгын угсралтын ажлыг 1м2 нь 50,000 төгрөг, Б талаас нийт 30 хүн ажиллахаар давхар давхартаа гүйцэтгэл өгөхөөр тохиролцон. Б нь тохиролцооны явцад "манай бригадад цэргийн ангийнхан, барилгачид гээд нийт үндсэн 25 хүнтэй, хүн нэмэх боломжтой” гэсэн мэдээлэл өгсөн. Манай барилгын нил хавтан суурь нийт 809.04м2. Бт нил хавтан суурийн угсралтын урьдчилгаа 10,000,000 төгрөг өгч, нил хавсан суурийг угсарч дууссаны дараа 30,452,000 төгрөг өгөхөөр ажлыг эхлүүлсэн.
| Нэгж үнэ | Хэмжих нэгж | хэмжээ | Нийт үнэ |
| 50,000 | м2 | 809,04 | 40,452,000 |
Барилгын нил хавтан суурийн ажил эхэлж гүйцэтгэгч Бт талаас ажиллах ёстой 25 хүнтэй бригад биш туршлагагүй 8-10 ажиллаж төлөвлөсөн хугацаат хонгоос хэтэрч, арматур угсралтын ажлыг буруу хийж манай компанийг нэр хүнд, их хэмжээний мөнгөн дүн ажиллах хүчний алдагдалд оруулсан. Барилгын нил хавтан суурийг 2022 оны 7 сарын 9 өдөр хийгдэж дуусаж, гүйцэтгэгч талаас уг суурийн бетоныг 5 өдөр хөргөж арчлах ёстой байсан боловч бетон арчилгааны ажлыг манай талаас нийт Хавсралт 1 заасны дагуу зарлага гаргаж Бт гүйцэтгэгчийн хийх ёстой ажлыг хийж Бт гүйцэтгэгчид акт тавьсан. Тус нил хавтан суурийн гаргалгааны арматурууд бүгд барилгын хэмжээндээ тааралгүй буруу хийгдсэн. Гаргалгааны арматуруудыг зөв болгож засаад үлдэгдэл мөнгөө аваарай гэсэн боловч 8 сарын 20 хүртэл алдаагаа засалгүй манай компанийг 450,000,000 гаруй төгрөгийн алдагдал оруулсан. Бид тус алдагдалд гаргалгааны арматур засвар, цалин, багаж, материал, түрээс гэх мэт зүйлс зарцуулсан байна. Бт гүйцэтгэгчийн данс уруу манай компани нь нийт 57,023,674 төгрөг шилжүүлсэн байна. Манай компани нь Б гэдэг хүнээс болж нэр төр, цаг хугацаа, мөнгөн дүнгийн хувьд их хүнд байдал орсон. Хэрэв Б гэдэг хүн манай компани уруу “Ө” ХХК-с ямар ч үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж байгаа бол манай компани хавсралт 2 дагуу сөрөг нэхэмжлэл гаргаж. байна.
2а. Сөрөг нэхэмжлэлийн үндэслэл: 2022.05.27-ны өдөр манай Компани “Ө” ХХК-тай “суурийн угсралтын ажил гүйцэтгэх” гэх гэрээ байгуулсан юм. Уг гэрээгээр “Ө” ХХК нь “О” төслийн Б блокийн барилгын 994 м2 талбайд суурийн угсралтын ажил гүйцэтгэх, манай Компани нэгж талбайд гүйцэтгэх ажлын хөлсийг багцлан 80.000 төгрөгөөр тооцож, “Ө” ХХК-нд нийт 80.500.000 төгрөг төлөхөөр тус тус тохиролцсон юм. Талуудын хооронд байгуулсан дээрх гэрээний үүрэг, хэрэгжилттэй холбоотой манай Компанийн зүгээс харилцан тооцох шаардлага бүхий үүрэг бодитой үүссэн нь энэхүү сөрөг шаардлагыг гаргах үндэслэл болсон. Тодруулбал:
1. Манай Компани 2022.05.27-ны өдөр “Ө” ХХК-тай суурийн угсралтын ажлын гэрээ байгуулахдаа 1м2 талбайд гүйцэтгэх ажлын хөлсийг бүхэлд нь базаж, 80.000 төгрөгөөр тооцож, нийт 994 м2 талбайд нил хавтан суурийн ажил хийлгэхээр тохиролцсон тухай дээр дурдсан. Энэ Гэрээний үүрэг, хэрэгжилтийн дараа “Ө” ХХК-ийн гүйцэтгэсэн нийт ажлын хэмжээний талаар талуудын хооронд зөрүүтэй тооцоолол үүсэж, манай Компани “Ө“ ХХК-ийг 809.04 м2 талбайд суурийн ажил гүйцэтгэсэн гэж, “Ө” ХХК-ийн зүгээс нийт 994 м2 талбайд суурийн ажил хийсэн гэж харилцан зөрүүтэй байр сууринаас маргасан. Хэдийгээр талууд бид нэгж талбайд гүйцэтгэх ажлын хөлсийг зах зээлийн дундаж үнэлгээнээс харьцангуй өндөр үнээр буюу 80.000 төгрөгөөр тохиролцсон байдаг боловч гэрээ байгуулах үедээ барилгын зураг болон бодит байдалд гүйцэтгэх суурийн ажлын нийт талбайн хэмжээг буруу тооцсоноос ажлын хөлсний талаар зөрүүтэй тооцоолол үүссэн юм. Өөрөөр хэлбэл “Ө” ХХК нь бодит байдалд 994 м2 талбайд биш, харин зургийн дагуу 809.04 м2 талбайд нил хавтан суурийн угсралтын ажил гүйцэтгэсэн байсан. Уг ажлын хөлсөнд манай Компани “Ө” ХХК-нд 65.200.000 төгрөг /815х 80.000/ төлөх байтал 67.587.674 төгрөг төлж, 2.223.674 төгрөгийн илүү төлөлт хийсэн. Энэ нь тус Компанийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй тул ажлын хөлсөнд илүү төлсөн 2.223.674 төгрөгийг “Ө” ХХК-с гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.
2. Манай Компани Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, Дэд бүтцийн хөгжлийн сайдын 2000.01,07-ны өдрийн 09 дугаар тушаалд тус тус заасны дагуу үйл ажиллагаандаа “барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн тэмдэглэл” буюу “улаан дэвтэр” хөтөлдөг. Улаан дэвтэр нь тухайн барилга, байгууламжийг барилгын зураг, төсөл, техникийн нөхцөл, технологийн дагуу баригдсан эсэхийг гэрчлэх гол нотлох баримт юм. “Ө” ХХК “суурийн угсралтын ажил”-ын гэрээний дагуу нил хавтан суурийн угсралтын ажлыг гүйцэтгэхдээ бетон сууринаас гарах олон тооны арматурын гаргалгааг буруу тооцож, зөрүүтэй гаргасан, зургийн зохиогч Эрдэнэсүрэн эдгээр доголдол, зөрчлийн талаар “улаан дэвтэр”-т тэмдэглэл үйлдэж, зөрчил арилгах талаар даалгавар өгсөн. Гэвч “Ө” ХХК гүйцэтгэсэн ажлынхаа доголдлыг арилгалгүй “ажил дууссан” хэмээн ажлаа орхиж явсан. Бид энэ асуудлаар “Ө” ХХК-тай холбогдож, гүйцэтгэсэн ажлын доголдлоо арилгах талаар мэдэгдэхэд шүүхээр явж, хоорондын маргаанаа шийдүүлнэ гэсэн. Манай Компани “Ө” ХХК-ийн доголдолтой ажлын гүйцэтгэлийг арилгахгүйгээр цаашид угсралтын ажлаа үргэлжлүүлэх боломжгүй тул зураг зохиогчийн өгсөн даалгаврын хүрээнд “К” ХХК-тай “суурийн ажлын доголдол арилгах” тухай гэрээ байгуулж, ажлын хөлсөнд тус Компанид 32.450.000 төгрөг төлж, дээрх доголдлыг арилгуулж гүйцэтгүүлсэн. Энэ зардал нь өөрөөр хэлбэл “суурийн ажлын доголдол арилгах” тухай гэрээний ажлын хөлсөнд төлсөн 32.450.000 төгрөг нь манай Компанид учирсан хохирол тул “Ө” ХХК-с учирсан хохиролд 32.450.000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.
3. “Ө” ХХК-ийн захирал Б суурийн ажлаа эхлүүлэхдээ манай Компанийн түрээсэлж авсан 1000 ширхэг хэв хашмал буюу пум-г суурийн ажилдаа хэрэглэхээр нэг бүрчлэн тоолж, хүлээн авсан юм. “Ө” ХХК суурийн ажилдаа эдгээр 1000 ш хэв хашмалыг хэрэглэж дуусаад манайд 912 ширхэг хэв хашмал хүлээлгэн өгч, үлдэх 88 ш хэв хашмалыг өгөөгүй өдий хүрч байна. “А” ХХК-ийн захирал Т би эрх бүхий хүмүүсийн бүрэлдэхүүнтэй энэ тухай акт үйлдэж, “Ө” ХХК-ийн захирал Бт мэдэгдсэн боловч тодорхой хариу өгөөгүй. Эцэст нь түүний цахим хаягаар дахин мэдэгдсэн боловч хариу өгөөгүй. “А” ХХК 88 ш хэв хашмалын нэг бүрийг үнийг зах зээлийн дундаж үнэ 110,000 төгрөгт тооцож, түрээслүүлэгч иргэн Ганбаатарт бартерын нөхцөлөөр 9.680.000 төгрөгийн цемент өгч, хэв хашмалын тооцоог хааж дуусгасан юм. Иймд “А” ХХК нь өөрийн хөрөнгөөр 88 ш хэв хашмалын үнэ 9.680.000 төгрөгийг иргэн Ганбаатарт төлж барагдуулсан, энэ мөнгөн дүн нь манай Компанид учирсан хохирол тул “Ө” ХХК-с 88 ш хэв хашмалын үнэ 9.680.00 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Сөрөг нэхэмжлэлийн нийт дүн 2.223.674 + 32.450.000 + 9.680.000 = 44.353.674
2б. 2022.5.25-ны үед нэхэмжлэгч нь ирж уулзсан. Ингэхдээ компаниар биш бригадаар ажиллана гэсэн. Ажлыг гүйцэтгэх хүн хүчтэй тул ажлыг хурдан гүйцэтгэнэ гэж хэлсэн. 7 сарын 8-ны үед суурийн ажил дууссан гэж байна. Үүнийг 10 хэд хоног хоцорч цутгалт авсан. Би бол барилгаа мэдэж байна. Ажил хэмжээндээ хийгдээгүй юм. Тэр ажлыг засах гэж их хэмжээний мөнгө зарцуулсан. Доголдол зассан компани нь манай аавын компани биш юм. Маш их доголдолтой байсан. Дээшээ давхар угсрахад угсрах боломжгүй байсан. Дээшээ угсрах үед доголдлыг мэдсэн. Үүнээс бол ажлын хугацаа их хойшилсон. Түрээсийн алданги амссан. Бид суурийн зөв болгож зассан. Нэхэмжлэгчийг гарсны дараа зураг зохиогч даалгавар өгсөн. Барилга тэнхлэгээрээ зөрсөн байдаг. Барилга 994 м.кв гэдэг нь яаж гаргасан нь ойлгомжгүй. Нэхэмжлэгчээс болж манай компанид маш их хохирол учирсан. 2 сар намайг шүүхэд ирээгүй гэж байна. Гэтэл би нэхэмжлэгчийн алдааг засах гээд завгүй байсан юм. Сөргөөр доголдол арилгасан компанитай байгуулсан гэрээг хэрэгт өгсөн. Нэхэмжлэгчийн алдаанаас болж К компанид төлсөн төлбөрөө нэхнэ. Доголдол арилгасан төлбөр 32 450 000 төгрөг, хэв хашмалын дутуу 88 ширхэгийн үнэ 9 680 000 төгрөг, нэхэмжлэгч нь 994 м.кв гэдэг ба бид 815 м.кв цутгалт хийлгэсэн тул илүү төлсөн 2 223 674 төгрөгийг нэхнэ. Талбайн асуудал зураг болон гэрээгээр нотлогдоно. Нийт 44 352 674 төгрөг нэхнэ. Б гэдэг хүн нь ажлын м.кв-г 60 000 төгрөгөөр хийе гэж байсан юм. Урьдчилгаа өгөхгүй гэсэн боловч гуйсан тул 10 саяын урьдчилгаа өгсөн. Энэ талаар амаар ярьсан. Хэрэгт байгаа гэрээ нь миний мэйлээр явуулсан гэрээ биш юм. Би энэ гэрээнд дээр гарын үсэг зураагүй. Золбаяр нь манайд ажиллаж байсан бөгөөд барилгын инженер биш юм. Яагаад ажил хүлээж авсныг мэдэхгүй бөгөөд нэхэмжлэгчийн зуучилж ажилд оруулсан хүн юм. Үлдэгдэл мөнгөний тооны хувьд маргаан байхгүй. Сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү. Нэхэмжлэгч нь бетоны арчилгаа хийгээгүй. Бид наадмын хоногуудад өөрөө талбай дээр байсан.
2в. Нэхэмжлэгч нь талбай дээр очиж олон хүнтэй уулзаж байсан гэх боловч энэ талаар баримтгүй. Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийг өчигдөр гаргасан тул зарим баримтыг гаргаж чадаагүй. Гэрээн дээр бүхэлд нь бүтнээр тооцсон боловч 994 м.кв гэж тохирсон гэж байна. Гэтэл бодит байдал 815 м.кв байсан тул илүү төлөлт гарсан юм. Доголдлын асуудлыг мөн адил нэхэмжлэгч хэлж байна. Зураг зохиогч зөрчил гарсныг тогтоосон гэж байна. Зөрчил гаргасан талаар маргахгүй байна. Энэ хэргийг шийдэхэд баримт дутуу байгааг харгалзаж үзнэ үү. Гэрээг харахаар хүчинтэй гэж үзэх боломжгүй байгаа юм. Гэрээний эхний хуудас дээр л хариуцагчийн төлөөлөгчийн гарын үсэг байдаг. Арын хуудас дээр төслийн менежер гарын үсэг зураагүй. Арын 3 хуудас баталгаажаагүй тул алданги тооцох үндэслэлгүй. Гэрээний үргэлжлэл мөн гэдэг нь эргэлзээтэй. Миний явуулсан гэрээ биш гэж хариуцагчийн төлөөлөгч хэлдэг. Нэхэмжлэлд 994 м.кв ажлыг 80 500 000 төгрөгөөр хийнэ гэсэн зүйл байдаг тул үүнээс 1 м.кв-н үнэ гарч ирнэ. Талууд хийсэн ажлын талбайн талаар маргаж байна. Иймд бид зураг зохиогчийг асуулгах хүсэлт гаргаж байсан юм. Иймд хурлыг нэг удаа хойшлуулах хүсэлтэй байна гэв.
3. Зохигчид дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн:
3а. Нэхэмжлэгчээс: суурийн угсралтын ажил гүйцэтгэх гэрээний хуулбар /хх7-8/, талбайн даалгаврын хуулбар /хх9/, суурийн ул бетон хийсэн актын хуулбар /хх10-11/, цутгамал төмөр бетон бүтээцийн арматурчилсан актын хуулбар /хх12-14/, цутгамал төмөр бетон бүтээцийн арматурчилсан актын хуулбар /хх15-16/, цутгамал бетон, төмөр бетон бүтээцийн ажил гүйцэтгэсэн актын хуулбар /хх17-18/, 2022 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн төлбөр төлөх графикийн хуулбар /хх19/, төлбөрийн тооцоолол /хх20/, Хаан банк дахь Н.Бийн дансны хуулга /хх21-34/, “Ө” ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ны өдрийн 06/2022 дугаар албан тоот /хх35/, 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн суурийн ажил гүйцэтгэлийн авторын дүгнэлт /хх46/, 8 ширхэг гэрэл зураг /хх80-84/, талбайн даалгавар /хх85/, суурийн угсралтын ажил гүйцэтгэх гэрээ /хх94-97/
3б. Хариуцагчаас: 2022 оны 07 дугаар сарын .. өдрийн “О” В блок төслийн ажил гүйцэтгэх гэрээ /хх170-188/, барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн тэмдэглэлийг баталгаажуулсан гэх баримтын хуулбар /хх189/, зураг төслийн байгууллагаас тавьсан шаардлага, өгсөн зөвлөмжийн хуулбар 2 ширхэг /хх190, 191/ 2022 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн суурийн доголдол арилгах гэрээ /хх192-195/, зарлагын баримт хуулбарын хамт 2 ширхэг /хх196-199/
3в. Шүүх хариуцагчийн хүсэлтээр Шүүхийн шинжилгээний ерөнхий газраар 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн дүгнэлтийг гаргуулсан /хх133-159/
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас 13,253,115.80 төгрөг гаргуулж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7,163,395.20 төгрөгт холбогдох хэсэг болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч “Ө” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт үндсэн хөлс 12,976,326 төгрөг, алданги 5,940,185 төгрөг, ажилчдын хоолны төлбөр 1,500,000 төгрөг, нийт 20,416,511 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
3. Хариуцагч “А” ХХК нь нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, илүү төлсөн хөлс 2,223,674 төгрөг, ажлын үр дүнгийн доголдол арилгасан хохиролд 32,450,000 төгрөг, барилгын туслах материал дутаасан хохирол 9,680,000 төгрөг, нийт 44,680,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргасан.
4. Шүүх хуралдааныг нээж хариуцагч талаас гэрч асуулгах тухай хүсэлт гаргаснаар хуралдааныг завсарлуулж, хүсэлтийг хангахаас татгалзаж, хуралдааныг үргэлжлүүлэх тухай шүүгчийн захирамж гарсан. Улмаар энэ үед хариуцагчийн өмгөөлөгч нь хүсэлт хангаагүйтэй холбоотойгоор шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргаж байгаа талаар тайлбарласан. Энэ үед шүүгч хүсэлт хангаагүй нь шүүгчийг татгалзан гаргах үндэслэлд хамаарахгүй бөгөөд Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 05 дугаар тогтоолын тайлбарлах хэсгийн 3-т зааснаар уг асуудал нь шүүгчийг татгалзан гаргах үндэслэлд хамаарахгүй, мөн татгалзан гаргах хүсэлт гаргаагүйд тооцож, хуралдааныг үргэлжлүүлэх тухай тайлбарласан болохыг дурдаж байна.
5. Зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн талаар хэн аль нь маргаагүй.
5а. Улмаар 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байх бөгөөд хариуцагч нь энэхүү гэрээ нь бидний хооронд байгуулагдсан гэрээ биш гэж маргаж байна. /хх7-8, 94-97/
Гэвч энэхүү гэрээг хариуцагчийн захирал Г.Т баталсан болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 1456 дугаар дүгнэлтээр тогтоогдсон. /хх133-136/
Цаашлаад, хариуцагчийн өмгөөлөгч нь хэдийгээр гэрээний эхний нүүрэнд хариуцагчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд гарын үсэг зурсан байх боловч арын хуудаснуудад гарын үсэг зурагдаагүй гэж маргасан. Хэргийн 94-97 дугаар талд байх гэрээний эх хувиас үзвэл гэрээний хуудас бүрд хариуцагч хуулийн этгээдийн тэмдэг таллаж дарагдсан байх тул хариуцагч талын энэхүү тайлбар үндэслэлгүй. Түүнчлэн хариуцагч, түүний төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд энэ талаар маргаагүй бөгөөд шүүх хуралдааны хэлэлцүүлэг дуусах шатанд хариуцагчийн өмгөөлөгч ямар нэг үндэслэлгүйгээр энэхүү тайлбарыг гаргасан болно.
Эдгээрээс үзэхэд зохигчдын хооронд дээрх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй.
5б. Хариуцагчийн төлөөлөгч нь ажил гүйцэтгэх гэрээг иргэн Н.Бтэй байгуулахаар тохиролцсон гэж маргасан боловч энэхүү тайлбар нь дээрх ажил гүйцэтгэх гэрээний удиртгал болон гэрээ байгуулсан хэсэгт захиалагч “А” ХХК, гүйцэтгэгч “Ө” ХХК гэж зааснаар үгүйсгэгдсэн.
Мөн хариуцагч нь шүүхэд гаргасан тайлбартаа ажлын хөлсөнд 40,452,000 төгрөг төлөхөөр тохиролцсон гэх боловч гэрээний удиртгал хэсэгт ажлын нийт хөлсийг 80,500,000 төгрөг, үүнээс 10,500,000 төгрөгийг урьдчилгаанд төлж, үлдэх 70,000,000 төгрөгийг ажил гүйцэтгэж дууссаны дараа төлөхөөр тохиролцсон байгаа нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасантай нийцэж байна.
6. Нэхэмжлэгч нь нийт төлсөн төлбөрийн талаар Хаан банк дахь нэхэмжлэгчийг итгэмжлэлгүйгээр төлөөх эрхтэй этгээдийн дансны хуулгыг шүүхэд ирүүлсэн бөгөөд хариуцагч тал төлсөн төлбөрийн мөнгөн дүнгийн талаар маргаагүй. Тодруулбал, хариуцагчийн төлөөлөгч нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэрэв ажлын хөлсийг 80,500,000 төгрөгөөр тохиролцсон гэж үзвэл төлсөн төлбөрийг хасаад 12,976,326 төгрөг төлөгдөөгүй үйл баримтыг зөвшөөрсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцээний зарчмаар явагдах тул зохигчдын маргаагүй үйл баримтыг шүүх нотлох шаардлагагүй.
6а. Гэрээний 2.6-д зааснаар төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгэлийн 0.3 хувиар алданги тооцохоор заасан. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрүүлэхгүйгээр төлөх анзын алданги гэнэ. Иймд талууд хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутам 0.3 хувиар алданги төлөхөөр тохиролцсон гэж үзлээ.
6б. Зохигчид ажлыг гүйцэтгэж дуусаад холбогдох ажил хүлээлцсэн актуудыг үйлдсэн байна. /хх10-17/
Улмаар гэрээний талуудыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдүүд 2022 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар үлдэх ажлын хөлс болох 30,000,000 төгрөгийг 5 хувааж төлөхөөр тохиролцож, хуваарь гаргасан байна. /хх19/
Дээрх үйл баримтаас дүгнэвэл нэхэмжлэгч нь ажлын дутуу хөлсөнд 12,976,326 төгрөг шаардсан тул хариуцагч нь 9/09-нд төлөх 7,500,000 төгрөгөөс 5,476,326 төгрөг дутуу бөгөөд 9/14-нд төлөх 7,500,000 төгрөгийн төлбөр төлөгдөөгүй гэж үзэхээр байна.
Үүнээс алдангийг тооцвол шүүхэд 2022 оны 09 дүгээр сарын 21-ны өдөр нэхэмжлэл гаргасан тул эхний 5,476,326 төгрөг төлөх хугацааг дараагийн төлбөр төлөх хүртэл 5 хоног, мөн нийт дутуу төлбөрийг нэхэмжлэл гаргах хүртэл 5 хоног тус тус хэтрүүлсэн. Иймд 5,476,326 төгрөгийн алдангид 1 хоногт 16,428.98 төгрөг, 5 хоногт 82,144.90 төгрөг, нийт дутуу 12,976,326 төгрөгийн алдангид 1 хоногт 38,928.98 төгрөг, 5 хоногт 194,644.90 төгрөг буюу нийт 276,789.80 төгрөгийг алданги тооцогдоно.
6в. Эдгээрийг бүхэлд нь нэгтгэн дүгнээд зохигчид ажлын хөлсийг нийтэд нь 80,500,000 төгрөгөөр тохиролцсон нь тогтоогдож байх тул үлдэх төлбөр, алдангид хариуцагчаас 13,253,115.80 төгрөг гаргуулах үндэслэлтэй байна.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хэргийн оролцогч нь өөрийн тайлбарыг өөрөө нотлох, холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэг хүлээж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно.
7а. Нэхэмжлэгч нь хариуцагчийн ажилчид нэхэмжлэгчийн ажилчдын хоолноос хамтран хэрэглэх, хариуцагч нь холбогдох төлбөр төлөхөөр тохиролцсон гэж тайлбарласан бол хариуцагч үүнийг үгүйсгэж маргасан. Улмаар нэхэмжлэгч нь энэхүү шаардлагатай холбогдуулан шүүхэд ямар нэг баримт ирүүлээгүй тул хоолны төлбөр 1,500,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
8. Зохигчид ажлын хөлсийг талбайн м.кв-тай уялдуулан тохиролцоогүй болох нь дээр дурдсан үндэслэлүүдээр тогтоогдсон тул хариуцагчийн 2,223,674 төгрөгийн хөлс илүү төлсөн гэх сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Түүнчлэн энд хариуцагч нь захиалагч “О” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу туслан гүйцэтгэгчээр нэхэмжлэгч ажилласан гэж тайлбарлаж, ажлын хөлсийг талбайн хэмжээгээр тохиролцсон гэх тайлбараа нотлох зорилгоор ажил гүйцэтгэх гэрээг шүүхэд ирүүлсэн. /хх170-188/
Гэвч маргаж буй гэрээ нь 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан байх бөгөөд харин захиалагчтай байгуулсан гэх гэрээний огноо нь 2022 оны 07 дугаар сард байх тул хариуцагчийн тайлбар нотлогдоогүйг дурдах нь зүйтэй.
9. Хэрэгт 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр болон 2022 оны 08 дугаар сарын 11-ны өдрийн зураг төслийн байгууллагаас тавьсан шаардлага, өгсөн зөвлөмжийн хуулбар авагдсан. /хх190, 191/
Нэхэмжлэгч нь эхний зөвлөмжийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд 2 дахь зөвлөмжийн талаар мэдэхгүй, харин эхний зөвлөмжид заасан доголдлыг арилгасан гэж маргасан. Нэхэмжлэгчийн энэхүү тайлбар нь 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр зохигчид гараар бичиж үйлдсэн зөвлөмжийн дагуу ажлыг гүйцэтгэсэн талаарх баримтаар тогтоогдсон гэж үзэхээр байна. /хх46/
Энэхүү баримтад гарын үсэг зурсан этгээдүүд тухайн үед төслийн захиалагч болон үндсэн гүйцэтгэгч буюу энэ хэргийн хариуцагч нарт ажиллаж байсан болох нь хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. Тодруулбал, хариуцагчийн төлөөлөгч нь энэхүү баримтыг үйлдсэн үйл баримтын талаар маргаагүй.
9а. Хариуцагч нь доголдол арилгуулсан гэх сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан 2022 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн суурийн доголдол арилгах гэрээг шүүхэд ирүүлсэн. /хх192-195/
Гэвч энэхүү гэрээний дагуу 32,450,000 төгрөг төлсөн гэх тайлбараа санхүүгийн анхан шатны баримтаар нотлоогүй. Түүнчлэн энэхүү доголдол арилгуулах гэрээг 2022 оны 08 дугаар сарын 19-ны өдөр байгуулсан байх боловч зохигчид уг гэрээ байгуулагдсаны дараа буюу 27-ны өдөр тооцоо нийлж, үлдэх төлбөрийг төлөх хуваарийг баталжээ. /хх19/
9б. Эдгээрээс үзэхэд нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын үр дүн нь доголдолтой бөгөөд доголдлыг арилгаагүй гэх хариуцагчийн тайлбар баримтаар нотлогдоогүй, хариуцагч доголдол арилгуулахаар төлбөр төлсөн гэх тайлбараа нотлоогүй тул 32,450,000 төгрөгт холбогдох сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй.
10. Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний 2.5-д заасан агуулгаас үзэхэд хариуцагч нь ажил гүйцэтгэхтэй холбогдох бүхий л материал, тоног төхөөрөмжийг нийлүүлэх үүрэг хүлээсэн байна. Улмаар 1000 ширхэг хэв хашмалыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгч, 88 ширхгийг дутуу буцаан хүлээж авсан гэх тайлбараа нотлоогүй. Цаашлаад хэв хашмал түрээсэлсэн гэх н.Ганбаатартай байгуулсан түрээсийн гэрээ хэрэгт авагдаагүй бөгөөд түүнд нийлүүлсэн гэх цементийн баримт нь дутуу хэв хашмалын төлбөр гэж шууд үзэх боломжгүй байна. /хх196, 197/
10а. Иймд нэхэмжлэгчид хэв хашмал хүлээлгэн өгч, дутуу буцаан хүлээн авсан талаар баримтгүй, дутаасан гэх хэв хашмалын төлбөрийг хариуцагч төлсөн нь эргэлзээгүй баримтаар нотлогдоогүй тул 9,680,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох журамтай. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тохиолдолд хангасан хэсэгт холбогдох хураамжийг хариуцагчаас гаргуулна. Иймд улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгчийн 260,033 төгрөг, хариуцагчийн 379,719 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 224,215.58 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 352 дугаар зүйлийн 352.2.2, 352.4, 496 дугаар зүйлийн 496.1-д зааснаар хариуцагч “А” ХХК-с 13,253,115.80 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Ө” ХХК-д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7,163,395.20 төгрөгт холбогдох хэсэг болон нэхэмжлэгч “Ө” ХХК-д холбогдох нийт 44,353,674 төгрөг гаргуулах тухай хариуцагч “А” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгчийн 260,033 төгрөг, хариуцагчийн 379,719 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 224,215.58 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД