| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2022/00871/и |
| Дугаар | 155/ШШ2023/00059 |
| Огноо | 2023-01-09 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 155/ШШ2023/00059
| 2023 оны 01 сарын 09 өдөр | Дугаар 155/ШШ2023/00059 | Х аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан хуралдаанаар:
Нэхэмжлэгч: А хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х аймгийн Ж сумын Соёлын төвд холбогдох,
Дулааны эрчим хүчээр хангах гэрээний дагуу дулаан ашигласан төлбөр алдангид 234,345,357 (хоёр зуун гучин дөрвөн сая гурван зуун дөчин таван мянга гурван зуун тавин долоо) төгрөг, бинзен шатахууны зардалд 535,168 (таван куун гучин таван мянга нэг зуун жаран найм) нийт 234,880,525 (хоёр зуун гучин дөрвөн сая найман зуун наян мянга таван зуун хорин тав) төгрөг гаргуулах тухай, 155/2022/00871/И дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч Э.Ш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “А” хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А ХХК нь Х аймгийн Ж сумын Соёлын төвтэй 2019, 2020, 2021 онуудад Дулааны эрчим хүчээр хангах гэрээ байгуулж, гэрээний үндсэн дээр хангагч байгууллагаас хэрэглэгч байгууллагад дулааны эрчим хүчээр хангаж ирсэн. Хангагч байгууллага А ХХК нь гэрээний үүргээ зохих ёсоор байгуулж байв. Харин хэрэглэгч байгууллага нь хэрэглэсэн эрчим хүчний төлбөр тооцоог гэрээнд заасан хугацаанд төлөхгүй байгаагаас болоод манай байгууллагад гарах ёсгүй зардал гарсан байдаг. Гэрээнд оролцогч талууд гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд биеүүлээгүй үнийн дүнгээс хожимдуулсан хоногт 0.5 хувиар алданги тооцох заалттай. Гэрээнд оролцогч байгууллагууд 2019, 2020, 2021 онуудад дулаан борлуулалтын тооцоо нийлсэн тооцооны үлдэгдлийн баталгааг 156,230,238 төгрөгийг харилцан баталсан. Одоогийн байдлаар 156,230,238 төгрөгийн үндсэн төлбөр, үүн дээр алданги 78,115,119, энэ ажлыг хөөцөлдөхөөр Ө аймгаас Х аймаг явахад зарцуулсан шатахууны үнэ 535,168 төгрөг бүгд 234,880,525 төгрөгийг хариуцагч байгууллагаар гаргуулахаар Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаар зуучлуулан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон.
Иймд талуудын хооронд байгуулсан гэрээний үүрэгт зааснаар хариуцагчаас гэрээний үүргийн дагуу 234,880,525 төгрөгийг манай компанид олгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд Арвайн Илч нэртэй Ө аймгийн компани Х аймгийн Ж сумын Соёлын төвд холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн үндсэн шаардлага нь тухайн соёлын төвтэй 2019, 2020, 2021 онуудад дулааны эрчим хүчээр хангах гэрээ байгуулсан байдаг. Гэрээний үндсэн дээр дулааны эрчим хүчээр хангаж ирсэн. Гэрээг хоёр тал харилцан тохиролцож байгуулсан. Гэрээнээс харахад жилд 8 сарын хугацаанд дулаанаар хангахаар гэрээ байгуулж төлбөрөө төлөөд явахаар тохирсон байгаа. Тухайн байгууллага 2019, 2020, 2021 онуудад яагаад гэрээний үүргээ биелүүлээгүй гэрээ байгуулаад яваад байсан юм бэ гэсэн асуудал гардаг. Нэгэнт харилцагч байгууллага нь төсвийн байгууллага учраас төлбөрийг дараа шилжүүлж болох юм. Нэгэнт гэрээ байгуулсан юм чинь гэдэг үүднээс гэрээгээ байгуулаад явсан. Ж сумын Соёлын төвтэй анх гэрээ байгуулахдаа гэрээний үүргээ биелүүлээгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцож гэрээгээ байгуулсан. 2019 оноос 2021 оны хүртэлх хугацаанд гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзсэн. Хариуцагчийн ярьж байгаагаар одоогийн байдлаар 156,230,238 төгрөгийн үндсэн төлбөр байгаа. Үүнээс гэрээний үүрэг биелүүлээгүй гэдгээр 0,5 хувийн алданги тооцсон. Уг алданги нь 78,215,219 төгрөг байна. Ж сум болон Рашаант сумын Соёлын төвтэй Арвайн Илч компанийн захирал н.Батмөнх гуай өөрөө уулзаад аль болох тохиролцож шийдье, заавал шүүхээр ороод яах юм бэ. Багасгаад шийдвэрлэе гэхэд тухайн байгууллагууд энэ асуудлыг шийдэх эрх хэмжээ байхгүй байна. Шүүхээр шийдвэрлүүл гэсэн учраас шүүхэд хандсан байдаг. Одоо багасгаж шийдвэрлүүлье гэдэг санал гаргаж байна. Нэхэмжлэгч надад багасгаж тохиролцох талаар хэлээгүй. Гэрээнд заасан үүргээ шүүхээр шийдвэрлүүлье гэсэн байр суурьтай байгаа. Эвлэрүүлэн зуучлалаар ороод шийдье гэсэн бодолтой байсан боловч хүлээн зөвшөөрөхгүй өдийг хүрсэн гэдэг. 3 жилийн хугацаанд дулааны эрчим хүчээр хангасан байгаа учраас төлбөрийн асуудал дээр тухайн үеийн төлөөгүй үнийн дүнгээс нь хожимдуулсан хоног тутамд 0,5 хувийн алданги тооцсон байгаа. Үндсэн мөнгө 156,230,238 төгрөгийг тооцооны хувьд хариуцагч талд ашигтай тооцсон гэж нэхэмжлэгч ярьдаг. Алданги төлөхөд хүндрэл гарч байгаа л даа. Гэхдээ 3 жилийн хугацааны алданги нийлээд 78,115,119 төгрөг болж байгаа. Дээр нь н.Батмөнх дарга тухайн байгууллагатай уулзаж энэ асуудлыг шийдвэрлэх талаар ярилцсан учраас наашаа цаашаа явсан унааны зардал болох бинзен шатааны зардал мөнгө нэхэмжилсэн байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гээд нэхэмжлэлээ дэмжиж байна гэв.
Хариуцагч Х аймгийн Ж сумын Соёлын төвийн эрхлэгчээр 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл ажиллаж байсан Т.Г нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Х аймгийн Ж сумын Соёлын төвийн даргын ажлынг түр гүйцэтгэгчээр ажиллаад 10 сар болж байна. 2019-2021 оны халаалтын зардал болох 156,230,238 төгрөгийг тухайн үеийн Боловсрол соёлын яамнаас хариуцаж батлуулж, улс аймгийн төсөвт суулгаж батлуулах үүрэгтэй. Гэтэл төсөвт суусан төсөвлөсөн санхүүжилт байхгүй байсан гэсэн хариуг тэр үед ажиллаж байсан хүмүүс нь надад өгсөн. Миний хувьд шинэ ажил авсан учир мэдэх зүйл огт алга байна... гэжээ.
Хариуцагч Э.Ш (2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс Х аймгийн Ж сумын Соёлын төвийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон) шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Энэ өр яаж үүссэн гэхээр тухайн онууддаа төсөв нь дутуу ирсэн юм байна лээ. Тухайн ондоо ирсэн төсвийг өмнөх дарга нар тушаагаад явж байсан боловч хүрэхгүй байсан учраас ийм өр үүссэн юм байна лээ. Би энэ ажлыг аваад 2 сар болж байна. Өмнөх бүх дарга нартай энэ талаар уулзсан. Тэр битгий хэл цэвэр бохир усны мөнгөө хүртэл нэмж хийгээд ч хүрэхгүй байсан асуудал гарсан юм байна лээ. 0.5 хувийн хүүтэй гэрээг Арвайн Илч компанитай хийсэн байсан. Би гэрээг харсан. Тийм учраас төрийн төлөө оготно гэгчээр алдангийг багасгаж болохгүй юм болов уу, аймаг орон нутгийн төсвийн ачааллыг бага ч гэсэн бууруулдаггүй юм болов уу гэсэн үндэслэлээр энэ саналыг тавьж байна. Түүнээс биш надад өөр ямар нэгэн ашиг сонирхол байхгүй. Миний бодлоор алдангийг төлмөөргүй байна. 156,238,000 төгрөгийг ямар нэгэн байдлаар төлнө. Арвай Илч компани манай сум хоёрын хооронд асуудал байдаг юм байна лээ. Манай хуучин уурын зуухын суурин дээр баригдсан учраас зуухны барилга зэрэг янз бүрийн жижигхэн асуудлууд байдаг юм байна лээ. Тэр талаар сая иргэдийн нийтийн хурал дээр яригдсан. Ямар ч байсан шүүхийн шийдвэр гаргуулж холбогдох газарт нь хүргүүлээд үндсэн мөнгөө төлье гэсэн чиглэл өгсөн учраас ийм тайлбар гаргаж байна гэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан Дулааны эрчим хүчээр хангах тухай гэрээ, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан Дулааны эрчим хүчээр хангах тухай гэрээ, 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан Дулааны эрчим хүчээр хангах тухай гэрээ, 2020 оны тооцооны үлдэгдлийн баталгаа №26, 2021 оны тооцооны үлдэгдлийн баталгааны хуулбар, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, А ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2019, 2020, 2021 онуудын Ж сумын Соёлын төвийн дулааны борлуулалтын тооцоо, 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн албан томилолт, 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн албан томилолт, 100,000 төгрөг, 328,168 төгрөг, 67,000 төгрөг, 40,000 төгрөгийн дүнтэй и-баримтууд, Х аймгийн Ж сумын Соёлын төвийн даргыг түр орлон гүйцэтгэгч Т.Гы Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд гаргасан тайлбар, Т.Гы иргэний үнэмлэхийн хуулбар, Б.Бийн иргэний үнэмлэхийн хуулбар, А ХХК-иас Б.Бид олгосон итгэмжлэл, Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 155/ШЗ2022/02553 дугаар шүүгчийн захирамжийн хуулбар, 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 155/ШЗ2022/01264 дугаар шүүгчийн захирамжийн архивын хуулбар, итгэмжлэл, нэхэмжлэлийн шаардлагад тооцогдсон алдангийн тооцооны жагсаалт, 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Бэлэн мөнгөн олгохыг хүссэн өргөдлийн хуулбар, 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Кассын зарлагын ордерын хуулбар, 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Бэлэн мөнгөний зарлагын баримтын хуулбар, Кассын зарлагын ордер, Бэлэн мөнгөн олгохыг хүссэн өргөдлийн хуулбар, Бэлэн мөнгөний зарлагын баримтын хуулбар, 125, 118, 110, 145, 80, 81, 72, 57, 45, 55, 96, 95, 88, 80, 13, 22, 05, 18, 31, 12, 24 дугаартай нэхэмжлэх, дугааргүй 1 ширхэг нэхэмжлэх, 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 500,000 төгрөгийн бэлэн мөнгөн олгохыг хүссэн өргөдөл, 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн томилолтын зардал 500,000 төгрөг гэх утгатай Кассын зарлагын ордер, 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 500,000 төгрөгийн бэлэн мөнгөн олгохыг хүссэн өргөдөл, Б.Батмөнх томилолтын зардал 500,000 төгрөг гэх утгатай Кассын зарлагын ордер зэргийг,
Хариуцагчаас Х аймгийн Ж сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1/364 дүгээр албан бичиг, 2021 оны А ХХК үүссэн өрний эцсийн үлдэгдэл, итгэмжлэл, Х аймгийн Ж сумын Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн в/20 дугаар захирамж, захирамжийн хавсралт зэргийг тус тус ирүүлсэн байна.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгч “А” хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Х аймгийн Ж сумын Соёлын төвд холбогдуулан дулааны эрчим хүчээр хангах гэрээний үүрэгт 234,345,357 (хоёр зуун гучин дөрвөн сая гурван зуун дөчин таван мянга гурван зуун тавин долоо) төгрөг, бинзен шатахууны зардалд 535,168 (таван куун гучин таван мянга нэг зуун жаран найм) нийт 234,880,525 (хоёр зуун гучин дөрвөн сая найман зуун наян мянга таван зуун хорин тав) төгрөг гаргуулах шаардлага гаргаж, нэхэмжлэлийнхээ үндэслэлийг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан Дулааны эрчим хүчээр хангах тухай гэрээ, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан Дулааны эрчим хүчээр хангах тухай гэрээ, 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан Дулааны эрчим хүчээр хангах тухай гэрээ, уг асуудлыг шийдвэрлэхээр Х аймгийн Ж сум болон Х аймгийн Мөрөн суманд ирж дарга нартай уулзахад зарцуулсан бинзен шатуухын зардал бөгөөд энэ талаарх санхүүгийн анхан шатны баримтыг хэрэгт хавсаргасан гэж тайлбарлажээ.
Хариуцагч Э.Ш ...алдангийг төлмөөргүй байна. 156,238,000 төгрөгийг ямар нэгэн байдлаар төлнө. Ирж очсон зардлын тухайд хэлээд байх зүйлгүй. Арвай илч компанийнхан ирсэн гэж дуулдаж байсан. Алдангийг ямар нэгэн байдлаар бууруулж хасаж өгөөч гэж хүсэж байна.. гэж маргажээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар 2019, 2020, 2021 онуудад хариуцагч Х аймгийн Ж сумын Соёлын төв нь “А” хязгаарлагдмал хариуцлагатай компанитай “Дулааны эрчим хүчээр хангах тухай гэрээг” байгуулсан, гэрээний дагуу дулааны эрчим хүчээр 2019, 2020, 2021 онуудад Х аймгийн Ж сумын соёлын төв дулаанаар хангагдаж байсан үйл баримт тогтоогдлоо.
Дээрхи үйл баримтад талууд маргаагүй.
Хэрэглэгчийг төлөөлж Х аймгийн Ж сумын ССТ-ийн эрхлэгч В.Архадий, хангагчийг төлөөлж “Арвай илч” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ерөнхий захирал Б.Батмөнх нар баталсан 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн “Дулааны эрчим хүчээр хангах тухай” гэрээгээр хангагч тал дулааны эрчим хүчээр хангах, халаах эзлэхүүн 9576 метр куб, нэгжийн үнэ 1300, НӨАТ-т 130 1 сард төлөх үнийг 13,693,680 төгрөгөөр, халаах хугацаа-8 сар, бүгд үнэ 109,549,440 төгрөгөөр тооцохоор гэрээний гол нөхцлийн талаар тохирч, гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т Хугацаандаа төлөөгүй дулааны үнийг тооцохдоо хоногийн 0,5 хувийн алданги бодож хэрэглэгч нэмж төлнө гэж,
Хэрэглэгчийг төлөөлж Х аймгийн Ж сумын ССТ-ийн эрхлэгч В.Архадий, хангагчийг төлөөлж “Арвай илч” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ерөнхий захирал Б.Батмөнх нарын баталсан 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн “Дулааны эрчим хүчээр хангах тухай” 03 дугаар гэрээгээр хангагч тал дулааны эрчим хүчээр хангах, халаах эзлэхүүн 9576 метр куб, нэгжийн үнэ 1430, НӨАТ-т 1573, 1 сард төлөх үнийг 15,063,048 төгрөгөөр, халаах хугацаа-8 сар, бүгд үнэ 120,504,384 төгрөгөөр тооцохоор гэрээний гол нөхцлийн талаар тохирч, гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т Хугацаандаа төлөөгүй дулааны үнийг тооцохдоо хоногийн 0,5 хувийн алданги бодож хэрэглэгч нэмж төлнө гэж,
Хэрэглэгчийг төлөөлж Х аймгийн Ж сумын ССТ-ийн эрхлэгч В.Архадий, хангагчийг төлөөлж “Арвай илч” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ерөнхий захирал Б.Батмөнх нар баталсан 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн “Дулааны эрчим хүчээр хангах тухай” 03 дугаар гэрээгээр хангагч тал дулааны эрчим хүчээр хангах, халаах эзлэхүүн 9576 метр куб, нэгжийн үнэ 1573, 1 сард төлөх үнийг 15,063,048 төгрөгөөр, халаах хугацаа-8 сар, бүгд үнэ 120,504,384 төгрөгөөр тооцохоор гэрээний гол нөхцлийн талаар тохирч, гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т Хугацаандаа төлөөгүй дулааны үнийг тооцохдоо хоногийн 0,5 хувийн алданги бодож хэрэглэгч нэмж төлнө гэж тус тус тохиролцож гэрээг байгуулсан байна.
Талууд гэрээ байгуулагдсан байдал, гэрээний нөхцөл, гэрээний дагуу тооцсон үндсэн төлбөр буюу дулааны эрчим хүч ашигласан төлбөрийн үлдэгдэл нийт 156,238,000 төгрөгийг төлөх талаар маргаагүй.
Шүүх нэхэмжлэгч хариуцагчийн хооронд нэхэмжлэгч хариуцагчийг 2019, 2020, 2021 онуудад дулааны эрчим хүчээр хангаж, хангасан хугацааны төлбөрийг хариуцагч байгууллага төлөхөөр тохиролцсон худалдах- худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэлээ.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж,
Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т эрчим хүчний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх үүрэгтэй гэж,
Мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т Эрчим хүчээр хангагч нь гэрээнд заасан хугацаанд эрчим хүчний төлбөрөө төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй хэрэглэгчид хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хүртэл хувьтай тэнцэх алданги ногдуулна гэж тус тус хуульчилсан.
Мөн нэхэмжлэгч хариуцагчийн хооронд байгуулагдсан 2019, 2020,2021 оны дулааны эрчим хүчээр хангах тухай гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т Хугацаандаа төлөөгүй дулааны үнийг тооцохдоо хоногийн 0,5 хувийн алданги бодож хэрэглэгч нэмж төлнө гэж тусгасан байна.
Иймд нэхэмжлэгч “Арвай илч” хязгаарлагдмал хариуцлагатай компани нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2, 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар шаардах эрхтэй юм.
Хэрэгт авагдсан дулааны борлуулалтын тооцоо гэх баримтаар Х аймгийн Ж сумын Соёлын төв 2019 онд 107,723,616 төгрөгөөр тооцогдох дулаанаар хангагдаж үүнээс 31,502,287 төгрөгийг төлсөн, 2020 онд 110,964,453.60 төгрөгөөр тооцогдох дулаанаар хангагдаж үүнээс 84,725,581 төгрөгийг төлсөн, 2021 онд 120,504,384 төгрөгөөр тооцогдох дулаанаар хангагдаж үүнээс 66,734,247 төгрөгийг төлжээ.
Үүнээс тооцвол хариуцагч нь 2019 онд 76,221,329 төгрөгийн, 2020 онд 26,238,872.6 төгрөгийн, 2021 онд 53,770,137 төгрөгийн буюу нийт 156,230,338.6 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна.
Нэхэмжлэгч нь төлбөрийн үлдэгдлийг нэхэмжлэлдээ 156,230,238 төгрөг гэж тодорхойлсон учир шүүх энэ хэмжээгээр шийдвэрлэх нь зүйтэй болно.
Хариуцагч төлбөрийн үлдэгдлийн мөнгөн дүнгийн талаар маргаагүй бөгөөд төлөхийг зөвшөөрсөн бөгөөд харин алдангийг багасгах, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж мэтгэлцжээ.
Иргэний хууль болон Эрчим хүчний тухай хуульд алданги нь нийт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж,
Мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж тус тус хуульчилсан.
Хариуцагч алдангийн хамжээг багасгах, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж мэтгэлцсэн боловч ямар үндэслэлээр, ямар хэмжээгээр багасгах, хэрэгсэхгүй болгох тухайгаа тайлбарлаагүй, үүнд холбоотой баримтыг ирүүлээгүй учир шүүх алдангийн хэмжээг багасгаж шийдвэрлэх үндэслэлгүй юм.
Иймд нэхэмжлэгчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 156,230,238 төгрөгийн 50 хувь буюу 78,115,119 төгрөгийн алдангийг нэхэмжлэгчээс гаргуулж хариуцагчид олгож шийдвэрлэх зүйтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч нь энэ асуудлаас болж Ө аймгаас Х аймгийн Ж сум, Х аймгийн Мөрөн суманд ирж тодорхой хүмүүстэй энэ төлбөрийн асуудлаар уулзсан ингэхдээ зарцуулсан бинзен шатахууны зардал гэж нэхэмжлэлийнхээ үндэслэлийг тайлбарлан 535,168 төгрөгийг нэхэмжилжээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас дээрх 535,168 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үнсдэслэлтэй гэж үзсэн болно.
Учир нь талуудын тохиролцсон гэрээнд энэ талаар тодорхой заагаагүй мөн нэхэмжлэгчээс үүнтэй холбоотой гаргаж ирүүлсэн бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөл, кассын зарлагын ордер зэрэг баримтууд нь эх хувиар ирүүлсэн байгаа боловч санхүүгийн анхан шатны баримтын шаардлага болох дарга, ерөнхий нягтлан бодогч нарын гарын үсэг зурагдаж, санхүүгийн тэмдэг дарагдаагүй байна.
Тодруулбал талууд гэрээний үүргээ биелүүлээгүйгээс гарсан зардлыг хэн аль нь хэрхэн төлөх талаар гэрээнд заагаагүй болно.
Иймд хариуцагч Х аймгийн Ж сумын Соёлын төвөөс 234,345,357 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Арьай илч хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 535,168 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийг журамлан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч “А” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,332,353 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х аймгийн Ж сумын Соёлын төвөөс 1,329,677 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “А” хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2, 31 дүгээр зүйлийн 31.3-т тус тус зааснаар хариуцагч Х аймгийн Ж сумын Соёлын төвөөс дулааны эрчим хүчээр хангах гэрээний үүрэгт үндсэн төлбөр болох 156,230,238 (нэг зуун тавин зургаан сая хоёр зуун гучин мянга хоёр зуун гучин найм) төгрөг, алданги 78,115,119 (далан найман сая нэг зуун арван таван мянга нэг зуун арван ес) төгрөг, нийт 234,345,357(хоёр зуун гучин дөрвөн сая гурван зуун дөчин таван мянга гурван зуун тавин долоо) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Арвай илч” хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 535,168 (таван зуун гучин таван мянга нэг зуун жаран найм) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийг журамлан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч “А” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,332,353 (нэг сая гурван зуун гучин хоёр мянга гурван зуун тавин гурав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х аймгийн Ж сумын Соёлын төвөөс 1,329,677( нэг сая гурван зуун хорин есөн сая зургаан зуун далан долоо) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “А” хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА