Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн

2023 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 155/ШШ2023/00057

 

 

 

 

 

2023 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 155/ШШ2023/00057

Х аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Харилцаа холбооны зохицуулах хороо,

Хариуцагч: Б хоршоо,

Нэхэмжлэлийн шаардлага: Радио давтамж ашиглах эрхийн бичгийн гэрээний дагуу төлөх тусгай зөвшөөрлийн үлдэгдэл өр төлбөр нийт 1,095,000 (нэг сая ерэн таван мянга) төгрөг гаргуулах тухай, 155/2022/001084/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А (цахим),

Хариуцагч: Б.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага нар оролцов.

(нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, хариуцагч Б.Э нарын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Харилцаа холбооны зохицуулах хороо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай Харилцаа холбооны зохицуулах хороо нь “Б хоршоо”-той 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 20511088 дугаар “Радио давтамж ашиглах эрхийн бичгийн гэрээ”-г байгуулан Х аймгийн нутаг дэвсгэрт байгууллагын дотоод хэрэгцээнд харилцаа радио станцын зориулалтаар KENWOOD МК271 загварын 10 ширхэг гар станцыг ашиглах эрх бүхий тусгай зөвшөөрлийн гэрчилгээг олгосон.

Бидний хооронд байгуулагдсан 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1-т “Эрхийн бичиг эзэмшигч нь Радио долгионы тухай хуулийн 5.2.3-т заасан журмын дагуу Радио давтамж ашигласны төлбөрийг жил бүр холбогдох үзүүлэлтүүдийг үндэслэж шинэчлэн тооцоолсон Хавсралт-1ээр Зохицуулах хорооны Голомт банкин дахь 1102626829 тоот дансанд жил бүрийн 01 дүгээр сарын 02-ны өдөр төлнө” гэж заасан байдаг.

Гэтэл тусгай зөвшөөрөл эзэмшигч “Б хоршоо” нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж тусгай зөвшөөрлийн 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл хугацааны үлдэгдэл төлбөр болох нийт 1,095,000 төгрөгийг төлж барагдуулаагүй, гэрээгээр хүлээсэн тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх үүргээ ноцтой зөрчсөн байна.

"Б хоршоо”-оос тусгай зөвшөөрлийн үлдэгдэл төлбөрөө төлөхийг удаа дараа шаардаж, төлбөрөө төлөх боломж олгосон боловч өнөөг хүртэл тодорхой үр дүн гараагүй болно.

Иймд “Б хоршоо”-той байгуулсан 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 20511088 дугаар “Радио давтамж ашиглах эрхийн бичгийн гэрээ”-ний дагуу төлөх тусгай зөвшөөрлийн үлдэгдэл өр төлбөрийг гаргуулахаар тус шүүхэд хандан энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагч “Б хоршоо”-д холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Үүнд:

Нэг. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь манай Харилцаа холбооны зохицуулах хороотой байгуулсан 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 20511088 дугаар “Радио давтамж ашиглах эрхийн бичгийн гэрээ”-ний дагуу төлөх тусгай зөвшөөрлийн үлдэгдэл өр төлбөр нийт 1,095,000 төгрөгийг гаргуулах гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай Харилцаа холбооны зохицуулах хорооны зүгээс хариуцагч компанид холбогдуулан тусгай зөвшөөрлийн өр төлбөр гаргах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэ нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна. Бичгээр гаргасан нэхэмжлэлийг дурдвал Харилцаа холбооны зохицуулах хороотой Б хоршоо гэх компани 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр радио холбоог ашиглах албан бичгийн гэрээг байгуулсан байдаг. Уг гэрээг нотлох баримтын шаардлага хангасан байдлаар хэргийн материалд гаргаж өгсөн байгаа. Тухайн гэрээний дагуу хариуцагч компани Х аймгийн цахим хэрэгсэл байгууллагын дотоод харилцаа радио станцын зориулалттай КНК271 загварын 10 ширхэг гар станцыг ашиглах эрх бүхий тусгай зөвшөөрлийн гэрчилгээ авсан байдаг. Бидний хооронд байгуулагдсан 2017 оны гэрээнд тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа тухайн компани маань жил бүр тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа эрхийн төлбөрөө жил бүр манай компанийн Голомт банкны нэхэмжлэлийн шаардлагад бичсэн тоот дансанд жил бүрийн гэрээ байгуулсан өдөр буюу 01 дүгээр сарын 02-ны өдөр төлнө гэсэн эрх үүрэгтэй байгаа. Гэтэл тусгай зөвшөөрөл эзэмшигч Б хоршоо нь манайтай хүчин төгөлдөр гэрээ байгуулсан, гэрээнд тухайн байгууллага үйлчилгээ явуулсан эсэхээс үл хамааран тусгай зөвшөөрлийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөхөөр заасан боловч энэ үүргээ хариуцагч биелүүлээгүй. 2 жилийн хуримтлагдсан төлбөр 1,095,000 төгрөг байгаа. Энэ төлбөрийг манай байгууллагын санхүүгийн тамга тэмдэгтэй, тооцооллыг нь гаргаж хэргийн материалд хавсаргаж өгсөн байгаа. Хариуцагчийн зүгээс энэ баримттай танилцсан байгаа байх гэж бодож байна. Харилцаа холбооны зохицуулах хороо нь Монгол Улс даяараа харилцаа холбооны үйл ажиллагаа явуулах, тусгай зөвшөөрөл олгох чиг үүргийг бүрэн дүүрэн хэрэгжүүлж байгаа байгууллага. Үүнийхээ дагуу хариуцагч Б Хоршоо гэдэг компанийн гаргасан хүсэлтээр тус компанид тусгай зөвшөөрөл олгож үйл ажиллагаа явуулсан. Энэ хугацааныхаа төлбөрийг нэхэмжилж байгаа гэдгийг хариуцагч ойлгоосой гэж хүсэж байна. Энд тухайн компани үйл ажиллагаа явуулсан үгүйгээс хамаарч тусгай зөвшөөрлийн төлбөр өөрчлөгдөнө гэсэн ойлголт байхгүй учраас энэ төлбөрийг нэхэмжлэх эрх, үүрэгтэй гэж манай зүгээс үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байгаа. нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь хангаж шийдвэрлүүлэх байр суурьтай байна... Манайх гол нь радио станц ашиглах эрхийн төлбөрийг нэхэж байгаа. Түүнээс биш ашигласан, ашиглаагүй чухал биш. Тухайн байгууллага 2 жилийн тусгай зөвшөөрөл авах юм бол энэ хугацаандаа та үйл ажиллагаа явуулахаа больсон гэж байгаа бол талуудын хооронд байгуулсан гэрээнийхээ дагуу манайх үйл ажиллагаа явуулахаа больсон, тусгай зөвшөөрлөө цуцлуулъя гэдэг санал хүсэлтээ манай руу бичгээр өгөөд түүнийх нь дагуу манайхаас гэрээ цуцлагдлаа гэсэн шийдвэр гарсан тохиолдолд тусгай зөвшөөрлийн эрхийг тооцохгүй байх үндэслэлтэй. Нэгэнт талуудын хооронд гэрээ байгуулагдаж тусгай зөвшөөрөл олгогдсоноос хойш “Б Хоршоо” гэдэг компанийн зүгээс манай компанид хандаж тусгай зөвшөөрлийн эрхээ цуцлуулъя гэдэг хүсэлт ирүүлж байгаагүй учраас энэ хоёр жилийн хугацааны төлбөр нэхэгдэж байгаа юм. ... Нэгдүгээрт алданги, хугацаа хэтэрсний төлбөр гэсэн хариуцлагын асуудал тооцохгүй. Хоёрдугаарт манайх Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтарч ажилладаг хуулийн фирм. Харилцаа холбооны зохицуулах хорооноос өр төлбөртэй иргэдээс үлдэгдэл өр төлбөрөө гаргуулах ажиллагаа сүүлийн 3 жил үргэлжилж байгаа. Үлдэгдэл өр төлбөртэй байгаа хүмүүсийн мэдээлэл, хуримтлагдсан 2017 оноос хойших нэлээн олон байгууллагуудын өр төлбөрийн асуудал яригдаж байгаа. Баримт материалуудын хувьд ажилтнууд солигдоод байдаг учраас энд тэнд орсон. Тиймээс хугацааны хувьд баримт материал бүрдүүлэхээс болж одоо шүүхэд хандсан гэв. 

Хариуцагч хоршооны гүйцэтгэх захирал Б.Э нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь: Манай “Б” хоршоо нь Х аймгийн Мөрөн сумын иргэд хөдөлмөрчдөд дуудлагын такси үйлчилгээ үзүүлэх зорилгоор харилцаа радио станц зориулалтаар Кenwood МК271 загварын 10 ширхэг станцыг өөрийн хөрөнгөөр худалдан авч радио давтамж ашиглах эрхийн бичгийн гэрээг харилцаа холбооны зохицуулах хороотой 2017.01.02-ны өдөр байгуулж 10 тээврийн хэрэгсэлдээ суурилуулан МУ-ын стандартын шаардлагад нийцсэн дуудлагын такси үйлчилгээ эрхлэн явуулж эхэлсэн боловч уг радио долгион шаардлагын хэмжээнд ажиллахгүй дуу шуугиан ихтэй байсан. Гэтэл орон нутаг буюу тус аймагт хувьдаа тээврийн хэрэгсэлтэй стандартын бус буруу талдаа жолооны хүрдтэй шатахуун бага зарцуулдаг тээврийн хэрэгсэлтэй иргэд манай үйлчилгээнээс эх аван радио давтамж ашиглах эрхгүй ба станц ашиглахгүйгээр өөрсдийн гар утсаар зар тавих бие биес рүүгээ гар утаснаас захиалга өгөх үнэ төлбөргүй холбоо үүссэнээс болж манайд эерэг сөрөг үйл ажиллагаа явагдсанаас болж манай хоршооны хөрөнгө оруулалт төсөл хэрэгжих боломжгүй үйл ажиллагаа алдагдалд орж дампууралд орсон юм. Энэ бодит нөхцөл байдлаас болж бид 2017 оны 5-р сараас хойш станцыг огт ашиглаагүй станцуудаа тээврийн хэрэгслэлүүдээс хураан авсан юм. Радио долгионы тухай хуулийн 5.2.3-д заасан журмын дагуу радио давтамж ашигласны төлбөрийг жил бүр холбогдох үзүүлэлтүүдийг үндэслэж төлнө гэж заасан байна. Гэтэл манай хоршоо нь 2017 оны 5-р сараас хойш огт ашиглаагүй учир мөнгө төлөх ёсгүй нөгөө талаар ашигласны төлбөрийг жил бүр холбогдох үзүүлэлтийг үндэслэж төлнө гэжээ. Тэгвэл нэгэнт радио зурвас ашиглаагүй учир төлөх үндэслэл болох үзүүлэлтүүд байхгүй учир төлөх ёсгүй гэж үзэж байна. Зохицуулах хороонд станц ашиглахгүй байгаа талаар 2017 оны 5-р сард ирж шалгаж үзэх талаар утсаар албан ёсоор мэдэгдсэн юм. Зохицуулах хороо радио зурвас ашиглахгүй байгаа талаар мэдэж байсан байх. Зохицуулах хороонд радио долгионы ашиглагч этгээдийн үйл ажиллагаа шалгах хяналтын хуудас гэж байх ёстой 2017, 2018 онуудад эрхийн бичгийн нөхцөл шаардлагын хэрэгжилтийг болон тоног төхөөрөмжийн ашиглалт байгаа эсэх мөн гэрээний үүрэг хэрхэн биелэгдэж хэрэгжиж байгаа талаар хянах үүргээ зохицуулах хороо хэрэгжүүлээгүй гэрээний хагас жил, жилийн хугацаанд станц ашигласан ашиглуулсан талаар дүгнэж төлбөр тооцооны талаар танилцуулаагүй яагаад төлбөрөө төлөхгүй байгаа, станц ашиглаж байгаа эсэх талаар манай байгууллагыг дуудаж сонсох ажиллагаа хийгээгүй зохицуулах хороо нь гэрээний бодит хэрэгжилтийн талаар анхаар ч үзээгүй юм. Иймд радио давтамж ашиглаагүй учир ашигласан гэх төлбөр нэхэмжилж байгаа нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч хоршооны гүйцэтгэх захирал Б.Э шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би 2017 онд Х аймагт хамгийн гол нь дуудлагын такси явуулж ард түмэнд үйлчилье гэсэн зорилгоор өөрийнхөө хөрөнгөөр тэр станцуудыг авсан. Гэхдээ надад заавал ийм тусгай зөвшөөрөл ав, гэрээ хий гэсэн ямар нэгэн шахалт байгаагүй. Би өөрөө Эрдэнэтээс асууж судалж байгаад өөрийн хүсэлтээр энэ байгууллагатай холбогдсон. 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 4 дүгээр сарын дундуур хүрээд яагаад больсон гэхээр би сум орон нутгаас дэмжиж туслаад, наана цаана гэх байх гэж харсан боловч дэмжээгүй. Мөн Приүс гэдэг жижиг тэрэг манай аймагт орж ирээд хоорондоо утсаар ярьдаг болсон учраас манай станцын үйлчилгээ цохигдож хүн хандахаа больж дандаа хувиараа явдаг болсон учраас би алдангид орж энэ байгууллагад ашигласан сарынхаа 395,000 төгрөгийг тушаасан. Би гэрээ хийсэн. Тэр гэрээнд тусгасан гэж эднийх надаас өнөөдөр мөнгө нэхэмжлээд байгаа юм шиг байна. Тэрнээс хойш надтай нэг хүн утсаар ярьж та 395,000 төгрөг хийсэн байна. Та үүнээс хойшоо гэхээр нь манай үйл ажиллагаа зогссон гэж хэлсэн. Тэрийн сая миний гэрчээр асуулгая гэсэн диспичер бүртгэж авсан. Тухайн үед утсаар ярьсан 80123232 гэсэн дуудлагын утас миний нэр дээр одоо ч байж л байна. Ийм л учиртай бүх үйл ажиллагаагаа зогсоосон. Одоо ч гадуур ямар ч зөвшөөрөлгүй бие биеэ дуудаад явж л байна шүү дээ. Би ашигласан хэмжээний 395,000 төгрөгөө төлсөн. Тэгээд бүх станцуудаа хурааж авсан. Гэрэлцэцэг гэдэг хүнтэй нэг л удаа утсаар ярьсан. Надтай одоо та мөнгөө төл гэж удаа дараа яриагүй. Би тэрэнд нь нэг албан тоот бичсэн боловч тэрийгээ олон жилийн өмнөх асуудал учраас олохгүй байна. Би үнэхээр хүний юмыг ашигласан бол төлөхөд хамаа алга. Гэтэл үйл ажиллагаа маань гадны нөлөөнөөс болж зогссон. Би 2,000,000 гаруй төгрөгөөрөө авсан станц одоо болтол манай амбаарт байна. Таксин дээр тавьж байсан симпон, антен, станц гээд бүгд байгаа. Би ч гэсэн ард түмэндээ үйлчилье гэж яваад хохирсон хүн. Хэнээсээ нэхэх вэ дээ. Нэг өндөр антен босгосон байснаар гүйдэг хаалга хийсэн, бусад нь бүгд амбаарт байна. Эднийх манайд зөвшөөрөл өгсөн, гэрээ хийсэн гэдгээрээ надаас 1,095,000 төгрөг нэхээд байгаа юм байна. Миний хөрөнгийг 1,095,000 төгрөгтөө авна гэвэл ав. Одоо Б хоршооны данс руу орж гардаг мөнгө гэж юу ч байхгүй, хаагдсан. Намайг заавал төл гэвэл би станцуудаа л өгье. Надад өөр юм байхгүй. Өнөөдөр ч гэсэн фэйсбүүк, гар утсаар яриад хаа сайгүй л таксинууд явж байна шүү дээ. Би ямар нэгэн хүнийг ашиглая, хожъё, өөртөө ашигтай юм хийе гэсэн бодол байгаагүй ... Надтай эрхийн зөвшөөрөл өгсөн. Хоёр албан байгууллага гэрээ хийхэд танайх яаж байна, доголдож байна уу гэж асуух харилцаа байдаг. Би эд нарыг төрийн нэр барьж мөнгө олох зорилгоор гэрээ хийсэн хандлага байна гэж би бодож байгаа. Гэхдээ н.Гэрэлцэцэг гэдэг хүн надтай ярьсан. Энэ хүн харин надтай удаа дараа ярьсан гэж байна. Тухайн үедээ 2 жилийн хугацаанд энэ төгрөгөө төлөх ёстой шүү. Бид нар хяналт шалгалт хийх хамаагүй, нэгэнт гэрээ хийсэн бол төлнө гэдгээ хэлсэн бол нэг өөр хэрэг. Гэхдээ би 3 сар ашигласан 395,000 төгрөгийн төлбөрөө төлсөн. Энэ мөнгөө төлөөгүй байхад надтай утсаар яриад төлбөрөө хийгээрэй гэхээр нь би төлсөн. Би 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр байх гэрээ хийсэн. Тэгээд 2 жил гэхээр 2019 оны 01 дүгээр сард дуусах байх. Надтай 2017 оны 4 дүгээр сард байх төлбөр төлөхөөс өмнө ярьсан. Манайх одоо ашиглахаа болилоо шүү. Станцуудаа хурааж байгаа. Манайх ийм учраас үйл ажиллагаа зогсоож байгаа гэдгээ диспичерээр дамжуулж хэлсэн. Тэрнээс хойш энэ хүний яриад байгаа шиг надтай удаа дараа ярьсан зүйл байхгүй. Одоо миний ойлгосноор 2 жилийн хугацаатай тусгай зөвшөөрлийн эрх олгосон. Та энэ төлбөрөө төлөх ёстой. Таны ашигласан ашиглаагүй, хаясан хаяагүй хамаагүй гэж байх шиг байна Миний ойлгосноор ашигласан 3 сарынхаа 395,000 төгрөгийг төлсөн. Надад удаа дараа та төлбөрөө төлчих, хоорондоо зохицоод ингэе, тэгье гэж хэлсэн бол би адилхан хүн, ойлгоно шүү дээ. Гэтэл тэгээгүй байж гэв гэнэт шүүхэд өгчихсөн байна. Өмнө нь надтай яриад ийм учиртай юм, та заавал ашигласан ашиглаагүй нь хамаагүй төлнө гэж хэлсэн бол нэгэнт гэрээ хийсэн учраас би ярих л байсан. Одоо надаас тэр станцаа ав. Надад өөр зүйл байхгүй. Өмнө нь хэлэлцээд ярьж тохирсон болж болох байсан, би төлөх байсан. Гэтэл чив чимээгүй явж байгаад гэнэт ингэж болохгүй шүү дээ. Хэрэглэсэн зүйлээ өгөхгүй гээд байгаа юм байхгүй. Хэрэглэсэн төлбөрөө би төлсөн. Харин саяны хэлсэн тайлбарыг би ойлголоо. Тэрнийхээ оронд над руу удаа дараа ярьсан гэж худлаа хэлэхийнхээ миний утас байгаа юм бол надтай яриад ийм үлдэгдэл гарсан байна, одоо энийг яах вэ гэж хэлж болно. Заавал шүүхэд өгөх шаардлага байхгүй. Би хэдийгээр өнөөдөр тэтгэвэрт байгаа хүн ч гэсэн ярьж тохирч болох байсан. Тэгээд би талыг нь төлж тал нь үлдсэн. Тэрнээс хойш би ч яриагүй, эднийх ч яриагүй. Диспичер надад ийм хүн ярьж байна та албан тоот биччихээч гээд би тоот бичиж байсан. Тийм учраас тэр хүнийг гэрчээр асууж өгөөч гэсэн. Түүнээс надад үгүйсгээд маргалдаад шүүх цагдаа гээд явах бодол байгаагүй. Үнэхээр ярьсан бол хэдэн сарын хэдний өдөр, 5, 6 удаа ярьсан юм уу, би утсаа авахгүй байсан юм уу гэдгийг надад нотлоод өг. Хэрэв тийм бол би энд энэ олон хүний цагийг үрэхгүйгээр тохирч өгөх хугацаа байсан гэв.

Нэхэмжлэгчээс Харилцаа холбооны зохицуулах хорооны улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,  Харилцаа холбооны зохицуулах хорооноос Н.А, С.Буянхишиг нарт олгосон итгэмжлэл, Радио давтамж ашиглах эрхийн бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 20511088 тоот Радио давтамж ашиглах эрхийн бичгийн гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Б хоршооны 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1/497 дугаар албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Харилцаа холбооны зохицуулах хорооноос гаргасан санхүүгийн тооцоо, зөвшөөрлийн төлбөрийн нэхэмжлэл,

Хариуцагчаас Б хоршооны улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Х аймгийн Б хоршооны даргын 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 02 дугаар тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэргийг тус тус ирүүлсэн байна.

Шүүх хариуцагч хоршооны гүйцэтгэх захирал Б.Эын хүсэлтээр О.Алтангэрэл, Б.Батням, П.Шадав, Ж.Дулмаа нараас гэрчийн мэдүүлэг авсан байна. 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.

Нэхэмжлэгч Харилцаа холбооны зохицуулах хороо нь хариуцагч Б хоршоонд холбогдуулан радио давтамж ашиглах эрхийн бичгийн гэрээний дагуу төлөх тусгай зөвшөөрлийн үлдэгдэл өр төлбөр нийт 1,095,000 (нэг сая ерэн таван мянга) төгрөг гаргуулах шаардлага гаргаж, нэхэмжлэлийнхээ үндэслэлийг 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан 20511088 дугаар “Радио давтамж ашиглах эрхийн бичгийн гэрээ” гэж тайлбарлажээ.

Хариуцагч компанийн гүйцэтгэх захирал Б.Э ... Зохицуулах хороонд радио долгионы ашиглагч этгээдийн үйл ажиллагаа шалгах хяналтын хуудас гэж байх ёстой 2017, 2018 онуудад эрхийн бичгийн нөхцөл шаардлагын хэрэгжилтийг болон тоног төхөөрөмжийн ашиглалт байгаа эсэх мөн гэрээний үүрэг хэрхэн биелэгдэж хэрэгжиж байгаа талаар хянах үүргээ зохицуулах хороо хэрэгжүүлээгүй гэрээний хагас жил, жилийн хугацаанд станц ашигласан ашиглуулсан талаар дүгнэж төлбөр тооцооны талаар танилцуулаагүй яагаад төлбөрөө төлөхгүй байгаа, станц ашиглаж байгаа эсэх талаар манай байгууллагыг дуудаж сонсох ажиллагаа хийгээгүй зохицуулах хороо нь гэрээний бодит хэрэгжилтийн талаар анхаар ч үзээгүй юм....Би ашигласан хэмжээний 395,000 төгрөгөө төлсөн. Хэрэглэсэн төлбөрөө би төлсөн. Харин саяны хэлсэн тайлбарыг би ойлголоо. Тэрнийхээ оронд над руу удаа дараа ярьсан гэж худлаа хэлэхийнхээ миний утас байгаа юм бол надтай яриад ийм үлдэгдэл гарсан байна, одоо энийг яах вэ гэж хэлж болно. Заавал шүүхэд өгөх шаардлага байхгүй. Би хэдийгээр өнөөдөр тэтгэвэрт байгаа хүн ч гэсэн ярьж тохирч болох байсан. Тэгээд би талыг нь төлж тал нь үлдсэн. Тэрнээс хойш би ч яриагүй, эднийх ч яриагүй... Үнэхээр ярьсан бол хэдэн сарын хэдний өдөр, 5, 6 удаа ярьсан юм уу, би утсаа авахгүй байсан юм уу гэдгийг надад нотлоод өг. Хэрэв тийм бол би энд энэ олон хүний цагийг үрэхгүйгээр тохирч өгөх хугацаа байсан гэж маргажээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хариуцагч Б хоршоо нь Харилцаа холбооны зохицуулах хороотой 20511088 дугаар “Радио давтамж ашиглах эрхийн бичгийн гэрээ” байгуулсан үйл баримт тогтоогдлоо.

Зохигчийн хооронд 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр  радио давтамж ашиглах эрхийн бичгийг радио давтамжийн зурвасыг ашиглах эрхийг хариу төлбөртэйгээр авахаар талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна.

Талууд гэрээ байгуулагдсан байдал, гэрээний нөхцөл, хариу төлбөрийн хэмжээний хувьд маргаагүй.

Нэхэмжлэгч Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Харилцаа холбооны зохицуулах хороо хариу төлбөрийн үлдэгдэл 1,095,000 төгрөгийг хариуцагч Б хоршооноос шаардах эрхтэй.

Гэвч хариуцагч шүүх хуралдаанд “Тэрнийхээ оронд над руу удаа дараа ярьсан гэж худлаа хэлэхийнхээ оронд миний утас байгаа юм бол надтай яриад ийм үлдэгдэл гарсан байна, одоо энийг яах вэ гэж хэлж болно. Заавал шүүхэд өгөх шаардлага байхгүй. Би хэдийгээр өнөөдөр тэтгэвэрт байгаа хүн ч гэсэн ярьж тохирч болох байсан. Тэгээд би талыг нь төлж тал нь үлдсэн. Тэрнээс хойш би ч яриагүй, эднийх ч яриагүй... Үнэхээр ярьсан бол хэдэн сарын хэдний өдөр, 5, 6 удаа ярьсан юм уу, би утсаа авахгүй байсан юм уу гэдгийг надад нотлоод өг. Хэрэв тийм бол би энд энэ олон хүний цагийг үрэхгүйгээр тохирч өгөх хугацаа байсан” гэсэн тайлбарыг гаргаж байгаа нь хариуцагч хөөн хэлэлцэх хугацааны талаар маргаж байна гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-т Энэ хуульд өөрөөр заагаагүй бол дараахь тохиолдолд хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчилнэ:

75.2.1. гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж хуульчилсан болно.

Талууд хоорондоо 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Радио давтамж ашиглах эрх худалдах, худалдан авах гэрээг байгуулж, хариу төлбөрийг жил бүрийн 01-р сарын 02-ны дотор багтаан төлөхөөр гэрээнд тусгажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн хариу төлбөрийн талаарх тооцооллын баримтандаа Төлбөр хийх огноо Хамрах хугацаа гэх хэсэгт 2017  1/2/2017 1/2/2018 төлбөл зохих 745,000, төлөлт 395,000 үлдэгдэл 350,000, 2018 1/2/2018 1/2/2019 төлбөл зохих 745,000, төлөлт -  үлдэгдэл 1,095,000 гэсэн байна.

Үүнээс үзвэл хариуцагч 2017 онд радио давтамж ашигласан төлбөрөө 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн дотор, 2018 онд ашигласан радио давтамж ашигласан төлбөрөө 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн дотор төлөх ёстой байсан бөгөөд эхний төлбөрийн үлдэгдлийг 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс хойш, 2018 оны радио давтамж ашигласан төлбөрийг 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс хойш тус тус нэхэмжлэгч шаардах эрхтэй юм.

Нэхэмжлэгч Харилцаа холбооны зохицуулах хороо Б хоршоонд холбогдох радио давтамж ашиглах эрх олгосон гэрээний үндсэн дээр 1,095,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ирүүлсэн болно.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд энэ талаар “...манайх Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтарч ажилладаг хуулийн фирм. Харилцаа холбооны зохицуулах хорооноос өр төлбөртэй иргэдээс үлдэгдэл өр төлбөрөө гаргуулах ажиллагаа сүүлийн 3 жил үргэлжилж байгаа. Үлдэгдэл өр төлбөртэй байгаа хүмүүсийн мэдээлэл, хуримтлагдсан 2017 оноос хойших нэлээн олон байгууллагуудын өр төлбөрийн асуудал яригдаж байгаа. Баримт материалуудын хувьд ажилтнууд солигдоод байдаг учраас энд тэнд орсон. Тиймээс хугацааны хувьд баримт материал бүрдүүлэхээс болж одоо шүүхэд хандсан...” гэж тайлбарлажээ.

Үүнээс үзвэл нэхэмжлэгч нь 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх 3 жил 9 сар 29 хоногийн хугацаанд шаардах эрхээ хэрэгжүүлээгүй, хариуцагчид төлбөрийн талаар мэдэгдэж, түүнээс шаардаагүй байна.

Иймд нэхэмжлэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 20511088 дугаар Радио давтамж ашиглах эрхийг олгосон гэрээний дагуу төлбөрийг нэхэмжлэх, шаардлага гаргах хугацаа гурван жил өнгөрсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. 

Радио долгионы тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т Нийтийн хэрэглээний радио давтамжийн зурвасыг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдаж, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд, иргэн энэ хуулийн дагуу Зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг авч, бүртгүүлж ашиглана гэж,

Мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5Тусгай зөвшөөрөл олгох тухай шийдвэр хүлээн авсан этгээд нь түүнийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг төлнө. Жилийн төлбөр төлөөгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл олгохгүй гэж

Мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т Зохицуулах хороо өргөдөл гаргасан этгээд тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөр хийснээс хойш ажлын 5 өдрийн дотор тусгай зөвшөөрлийг 20 хүртэл жилийн хугацаатайгаар олгоно гэж,

Тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг дуусгавар болох үндэслэлийг Радио долгионы тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг эзэмшигч нь тусгай зөвшөөрөл, радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй бол гэж тус тус хуульчилжээ.

Ийм байтал нэхэмжлэгч нь хариуцагчид тусгай зөвшөөрөл олгосон эсэх, 1 жилийн төлбөрийг урьдчилан авсан эсэх нь тодорхойгүй байх бөгөөд дээрх хуулийн заалтыг нэхэмжлэгч хэрэгжүүлээгүй болохыг дурдлаа.

Нэхэмжлэгч Харилцаа холбооны зохицуулах хороо нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар нэхэмжлэгч Харилцаа холбооны зохицуулах хорооны хариуцагч Б хоршоонд холбогдох радио давтамж ашиглах эрхийн бичгийн гэрээний дагуу төлөх тусгай зөвшөөрлийн үлдэгдэл өр төлбөр нийт 1,095,000 (нэг сая ерэн таван мянга) төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т тус тус зааснаас нэхэмжлэгч Харилцаа холбооны зохицуулах хороо нь улсын тэмдэгтийн хураамж төлөөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.МӨНХТУЯА