Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
Хэргийн индекс | 155/2023/00068/и |
Дугаар | 155/ШШ2023/00243 |
Огноо | 2023-03-02 |
Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 155/ШШ2023/00243
2023 оны 03 сарын 02 өдөр | Дугаар 155/ШШ2023/00243 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: М.Л
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У
Хариуцагч: Б.Н
Нэхэмжлэлийн шаардлага: Хашаа болон байшинг худалдан авсан хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай, 155/2023/00068/и дугаар индесктэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У, түүний өмгөөлөгч Т.Долгорсүрэн,
Хариуцагч: Б.Н,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь иргэн М.Лын өмнөөс түүний эд хөрөнгө болох Хөвсгөл аймгийн У сумын төвд байрлах өвөл, зуны зориулалттай, одоо амьдарч байгаа хашаа болон байшинг иргэн Б.Нын хүсэлтийг харгалзан 2020 оны 02-р сард 12,000,000 төгрөгөөр авъя гэхээр нь зээлээр худалдсан байдаг. Б.Н нь тэр үед хүмүүсээс хүүтэй мөнгө авдаг байсан болохоор нь түүнд итгээд өгсөн байдаг. Иргэн М.Л нь Б.Нын удахгүй өгнө гэсэн үгэнд итгээд амьдарч байгаа байшингаа мөнгөө авч байж чөлөөлж өгнө гээд одоо хүртэл амьдарч байгаа бөгөөд байшингаа иргэн Б.Нт чөлөөлж өгөөгүй өдий хүрч байна. Гэтэл Б.Н нь М.Лын хашаа байшинд өөрийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авсан. Улмаар төрийн банкны зээлд барьцаанд тавиад зээл аваад түүнийгээ төлөхгүй байсан тул М.Лын хашаа болон байшин хураагдах дээрээ тулаад байна. Үүнийг саяхан мэдлээ. Б.Н нь иргэн М.Лыг хууран мэхэлж хийсэн хэлцэл байх тул Иргэний хуулийн 59-р зүйлийн 59.1-д зааснаар ...Хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй. Энэ тохиолдолд хууран мэхэлсэн этгээд ашиг хонжоо олох, эсхүл мэхлэгдсэн этгээдэд гэм хор учруулах зорилготой байсан эсэх нь хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцоход нөлөөлөхгүй.
Мөн зүйлийн 59.2-т ...Хэлцэл хийхэд саад болох нөхцөл байдлыг хэлцэл хийгч нэг тал нь нуун дарагдуулсныг нөгөө тал хожим мэдсэн бол хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй.
Иймд иргэн Б.М.Л болон иргэн Б.Н нарын хооронд хийгдсэн хашаа болон байшинг худалдах, худалдан авахаар хийгдсэн хэлцэл нь хууран мэхэлж хийгдсэн байх тул хүчин төгөлдөр бус гэж тооцож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэгч М.Лын нөхрийнх нь эгчийн хүүхэд буюу н.Саранхүү бид хоёр эгч дүүгийн хүүхдүүд байгаа юм. Нэхэмжлэгч манай бэр одоо жирэмсэн бөгөөд өнөөдөр төрөх гэж байгаа. Ийм учраас намайг өөрийнхөө өмнөөс ороод өгөөч гээд би итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Анх хариуцагч Б.Н гэдэг хүн манай дүүд “танай хашаа байшинг худалдаж авъя” гээд хашаа байшингаа өөрийнхөө нэр дээр гаргуулж аваад зээл авчихсан байсан. Тэгээд мөнгийг нь өгөөгүй 2 жил гаруй болсон. Иймд хашаа байшинг 12,000,000 төгрөгөөр худалдах худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү. У сумын Төгөл багт байдаг. 2 өрөө байшин, бусдыг нь сайн мэдэхгүй байна. 2020 оны 02 дугаар сард М.Л нь Б.Нтай гэрээ хийсэн. Амаар тохиролцсон гэсэн. Газрын гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг огт аваагүй байж байхад нь хариуцагч шууд худалдаж авна гээд өөрийнхөө нэр дээр гаргуулж аваад зээл авчихсан гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батдорж шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Уг нь орон сууцны зорилалтыг байшинг зээлээр худалдан авах гэж тохиролцсон нь үнэн юм. Нэгэнт мөнгөө өгч чадаагүй өдий хүрсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхөөс өөр аргагүй боллоо. Хариуцагч нь бусдад өр төлбөртэй болохоор нэхэмжлэгч мэдсэн байна. Өөр ямар нэгэн асуудал байхгүй гэжээ.
Хариуцагч Б.Н шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би нэхэмжлэгч М.Лтай 2020 онд хашаа байшинг нь авна гэж аман гэрээ хийж авсан. Би хүнээс мөнгө хүүтэй мөнгө аваад өгч чадаагүй өрөнд орчихсон байсан учраас хашаа байшингаа банкны барьцаанд тавьж зээл авсан. Тэгээд би хашаа байшингийн мөнгийг нь төлж чадахгүй болсон. Одоо намайг хашаа байшинг минь буцааж өг, эсвэл мөнгө өг гэж өдөр шөнөгүй дарамталж байгаа. Нэгэнт мөнгийг нь өгч чадахгүй учраас одоо би хашаа байшинг нь буцааж өгөхөд татгалзах зүйлгүй. Буцааж өгөх гэхээр Төрийн банканд 20,000,000 гаруй төгрөгийн барьцаанд тавьчихсан учраас болохгүй байгаа. Банкны зээл дуусах болоогүй байгаа, үлдэгдэл хэд байгааг сайн мэдэхгүй байна. Газар, байшин хоёр нь хоёулаа миний нэр дээр байдаг. Би сард авдаг 500,000 төгрөгийн группийн мөнгөө шууд банкны зээл рүү хийдэг. Банкны зээл дээр шүүхийн шийдвэр гарсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа. Нөхөр хүүхэдтэйгээ хамт амьдардаг. хүүхэд маань 9 дүгээр ангид сурдаг. Том хүүхэд маань тусдаа гарсан. би хүнээс өдрийн 1 хувийн хүүтэй мөнгө зээлж байгаад төлж чадахаа байгаад маш их мөнгөний өрөнд орсон. Хүний дэлгүүрт зогсдог байсан. Дэлгүүртээ өрөнд орж хүнээс өдрийн 1 хувийн хүүтэй мөнгө зээлээд төлж чадахгүй өрөнд орсон гэв.
Нэхэмжлэгчээс М.Лын иргэний үнэмлэхийн хуулбар, итгэмжлэл, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 155/ШЗ2022/03393 дугаар шүүгчийн захирамж, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,
хариуцагчаас итгэмжлэл зэргийг тус тус ирүүлсэн байна.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.
Нэхэмжлэгч П.У нь хариуцагч Б.Нт холбогдуулан хашаа болон байшинг худалдан авсан хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлага гаргасан ба шүүх хуралдаанд 2020 оны 02 дугаар сард амаар тохиролцсон, Хөвсгөл аймгийн У сумын төвд байрлах хашаа, түүн дээр байрлах өвөл, зун суух зориулалттай хоёр өрөө байшинг 12,000,000 төгрөгөөр худалдах-худалдан авахаар хийгдсэн хэлцлийг хуурч залилан мэхэлж хийсэн учраас хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шаардлагаа тодруулжээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн байна.
Нэхэмжлэгч, хариуцагч үйл баримтын талаар болон нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
Үүнд: 1/ Хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тухайн гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө Төрийн банк хувьцаат компаниас авсан хариуцагчийн зээлийн үүрэгт барьцаалбар болсон, одоо шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байгаа гэснээс үзвэл нэхэмжлэгч хариуцагч хэдийгээр хүсэл зоригийн хувьд нэг байгаа ч энэ нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг, сонирхлыг хөндөж байх тул Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасан хариуцагчийн зөвшөөрлийг батлах хууль зүйн үндэслэлгүй юм.
2/ Шүүх иргэдийн хооронд үүссэн эдийн болон, эдийн бус баялагтай холбоотой, талуудын хооронд үүссэн зөрчигдсөн эрхийг сэргээх маргааныг шийдвэрлэх учиртай. Гэтэл хариуцагч үйл баримтын талаар болон нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй байна.
3/ Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хуурч мэхэлж өнөөдрийг хүртэл худалдах-худалдан авах гэрээгээр тохирсон төлбөрийг өгөөгүй гэж тайлбарласан боловч хариуцагчийн хуурч мэхэлсэн талаар холбогдох баримтыг гаргаж өгөөгүй тул хариуцагчийг хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн болох нь нотлогдохгүй байна гэж үзэв.
Түүнчлэн энэ нь хариуцагчийн би тухайн үл хөдлөх эд хөрөнгөд амьдрахаар авсан бөгөөд банкнаас зээл аваад энэ хүний мөнгийг өгөх гэтэл өмнөх өртэй хүмүүс өрөө нэхээд би өгч чадаагүй юм гэх тайлбараар няцаагдаж байна.
4/ Талуудын хооронд хаана байрлах ямар үл хөдлөх эд хөрөнгийг хэдэн сарын хэдний өдрийн гэрээгээр худалдах-худалдан авах хэлцэл хийгдсэн талаар холбогдох баримтыг нэхэмжлэгч шүүхэд ирүүлээгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулж гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй байх тул шүүх талуудын хооронд гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй болно.
Өөрөөр хэлбэл шүүх ямар хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцох нь ойлгомжгүй, тодорхойгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Уийн Хөвсгөл аймгийн У сумын Төгөл багт байрлах хашаа, түүн дээр байрлах 2 өрөө өвөл зун суух зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгийг худалдах- худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206,950 (хоёр зуун есөн мянга есөн зуун тавь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар нэхэмжлэгч М.Лын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Уийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Нд холбогдох 2020 оны 02 дугаар сард амаар тохиролцсон, Хөвсгөл аймгийн У сумын төвд байрлах хашаа, түүн дээр байрлах өвөл, зун суух зориулалттай хоёр өрөө байшинг 12,000,000 төгрөгөөр худалдах-худалдан авахаар хийгдсэн хэлцлийг хуурч залилан мэхэлж хийсэн учраас хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206,950 (хоёр зуун есөн мянга есөн зуун тавь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА