| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2023/00184/и |
| Дугаар | 155/ШШ2023/00346 |
| Огноо | 2023-03-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн
2023 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 155/ШШ2023/00346
| 2023 оны 03 сарын 28 өдөр | Дугаар 155/ШШ2023/00346 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүххуралдаанаар:
Нэхэмжлэгч: Р.Ч,
Хариуцагч: Д.М, С.Г,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн төлбөр 26,000,000 (хорин зургаан сая) төгрөг гаргуулах тухай, 155/2023/00184/и дугаар индесктэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Р.Ч,
Хариуцагч:Д.М, С.Г,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Р.Ч нь Д.М, С.Г нарт холбогдуулан зээлийн гэрээгээр авсан зээлийн төлбөр болох 26,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Р.Ч би 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр иргэн Д.М болон түүний нөхөр С.Г нар 26,000,000 төгрөгийг сарын 3% хувийн хүүтэй зээлсэн боловч өнөөдрийг хүртэл хүүндээ нийтдээ 6,410,000 (3ургаан сая дөрвөн зуун арван мянга) төгрөгийг төлсөн бөгөөд үндсэн мөнгөө одоо болтол төлж барагдуулахгүй байгаа тул зээлсэн 26,000,000 (Хорин зургаан сая) төгрөгийг гаргуулан Д.М болон түүний нөхөр С.Г нараас гаргуулж өгнө үү. Би Д.М, С.Г нараас хүү болон алданги тооцохгүй болно гэж,
Шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 26,000,000 төгрөгийг 1 сарын 3 хувийн хүүтэй зээлэх хүсэлт гаргасан учраас би хүсэлтийнх нь дагуу өгсөн. Одоо би хүү, алданги тооцохгүйгээр 26,000,000 төгрөгөө гаргуулах хүсэлттэй байна. Сая бид нар ярьж уулзахад өгнө гэсэн боловч энд орж ирээд өөр зүйл яриад байна. Өмнө нь бас маргааш өгнө гээд зөндөө мөнгө авч л байсан. Тэд болгож өгнө гэж хэлээд зөндөө хүмүүсээс мөнгө авсан байгаа. Би 26,000,000 төгрөгийг 0000000000 дугаартай Д.Мийн данс руу хийж өгсөн гэжээ.
Хариуцагч Д.М, С.Г нар шүүхэд гаргасан тайлбартаа: Р.Чтай 2018.01.17-ноос эхлэн санхүүгээр харьцаж эхэлсэн. Бид тодорхой хугацаанд төлбөр тооцоогоо хийж явсан. Бидний харилцаа биенесийн итгэмжлэл дээр үндэслэн явж байсан. 2021.08.17-ны өдрийн танайд өгсөн 26,000,000 төгрөгийг харилцааны явцад тооцогдох хүү болон алданги гэж тооцоолж дахин хүүлэх гэж Д.Мийн 0000000000 дансанд хийснийг 9 минутын дараа Р.Чын 0000000000 дансанд шилжүүлсэн. Дансны хуулгаар баталгаажуулж байна. Үүнээс хойш 6,410,000 төгрөгийг алданги хүү гэж авсан байна. Үүнийг өөрөө гэрчилнэ. Иймээс бидний асуудлыг үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.М шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Тухайн өдөр 26,000,000 төгрөг миний данс руу ороод би буцаагаад шилжүүлсэн. Өмнөх нь санхүүгийн харилцаатай байсан ч бүгдийг нь эд хөрөнгөөр болон бэлнээр өгч байсан. Хас банкнаас 97,000,000 төгрөг авч гарч ирээд ихэнх мөнгөө энэ хүнд өгч л байсан. Бид хоёр итгэлцлийн үндсэн дээр илүү мөнгө ч өгч л байсан. Сүүлийн 26,000,000 төгрөгийг авсан ч тухайн үедээ мөнгөний хэрэггүй болсон учраас буцаагаад өөрийнх нь данс руу шилжүүлсэн. Тиймээс хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Хариуцагч С.Г шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 26,000,000 төгрөгийг бид хоёр авахаар болж манай эхнэрийн данс руу шилжүүлсэн. Тухайн үедээ мөнгө хэрэггүй болсон учраас 26,000,000 төгрөгийг 9 минутын дараа буцаагаад Р.Чын данс руу шилжүүлж өгсөн. Өмнөх мөнгөний асуудлыг ярьж байх шиг байна. Өмнөхөө ч гэсэн төлж дууссан байгаа гэв.
Нэхэмжлэгчээс Р.Чын иргэний үнэмлэхийн хуулбар, зээлийн гэрээ, Д.Мийн иргэний үнэмлэхийн хуулбар, мөнгөн шилжүүлгийн баримт 2 ширхэг, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,
хариуцагчаас депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргийг тус тус ирүүлсэн байна.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.
Нэхэмжлэгч Р.Ч нь хариуцагч Д.М, С.Г нарт холбогдуулан зээлийн төлбөр 26,000,000 (хорин зургаан сая) төгрөг гаргуулах шаардлага гаргасан ба хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.
Үүнд: Хариуцагч Д.М, С.Г нар 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр надтай зээлийн гэрээ байгуулсан, би мөн өдрөө хариуцагч Д.Мийн Хаан банкны данс руу уг мөнгийг шилжүүлсэн, зээлийн гэрээгээр тохирсон хүү, алдангийг авахгүй зөвхөн үндсэн зээл болох 26,000,000 төгрөгийг хариуцагч Д.М, С.Г нараас гаргуулмаар байна.
Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн болно.
Үүнд: Бид уг мөнгийг хэрэглэх шаардлагагүй болсон учир зээлсэн мөнгөө 9 минутын дараа буцааж шилжүүлсэн. Ийм учраас төлөх үндэслэлгүй юм гэжээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчээс ирүүлсэн 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, хариуцагч Д.Мийн Хаан банкан дахь 0000000000 дугаар Депозит дансны 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн дэлгэрэнгүй хуулга, нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдов.
Үүнд: Нэхэмжлэгч Р.Ч, хариуцагч Д.М, С.Г нарын хооронд 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр зээлдүүлэгч Р.Ч нь зээлдэгч Д.М, С.Г нарт 26,000,000 төгрөгийн зээлийг гэрээ байгуулсан өдөр олгох, зээлийн хүү 3 хувь, эргэн төлөх хугацааг 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр, /түүний доод хэсэгт 2023,8,17 гэж дахин хугацаа тавьсан/ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор “Зээлийн гэрээ”-г байгуулсан,
Хариуцагч Д.Мийн Хаан банкан дахь 0000000000 данс руу 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 11 цаг 50 минутанд Р.Чаас гэх утга бүхий 0000000000 дугаар данснаас 19,000,000 төгрөгийн орлогын, мөн өдрийн 11 цаг 51 минутанд Р.Чаас гэх утга бүхий 0000000000 дугаар данснаас 7,000,000 төгрөгийг орлогын гүйлгээ тус тус хийгдсэн, 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр дээрх орлогын гүйлгээ хийгдсэнээс 9 минутын дараа 12 цаг 00 минутанд хариуцагч Д.Мийн Хаан банкан дахь 0000000000 данснаас түүний данс руу 19,000,000 төгрөгийн орлого хийн харилцсан 0000000000 дугаар данс руу 26,000,000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгджээ.
Нэхэмжлэгч, хариуцагч нар нь дээрх үйл баримтын талаар маргаагүй. Өөрөөр хэлбэл зээлийн гэрээний байгуулагдсан байдал, гэрээний нөхцлийн талаар болон гарын үсэг зурсан, зураагүй зэрэгт хариуцагч Д.М, С.Г нар, хариуцагч Д.Мийн Хаан банкан дахь харилцах данс руу мөнгө шилжүүлсэн байдал болон Д.Мийн буцаан шилжүүлсэн мөнгөний хэмжээ, цаг хугацааны байдалд нэхэмжлэгч Р.Ч тус тус маргаж мэтгэлцээгүй.
Харин нэхэмжлэгч Р.Ч нь “надад шүүх хуралдаанаас өмнө танд мөнгийг тань өгнө гэж байснаа энд шүүх дээр орж ирээд өгөхгүй гэж байна. Би нэхэмжлэлээ буруу гаргасан юм байна” гэж тайлбарлан зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 26,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин оролцсон болно.
Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж хуульчилсан байх тул нэхэмжлэгч Р.Ч нь зээлийн төлбөрөө шаардах эрхтэй.
Гэвч хариуцагч нар нь зээлсэн мөнгөө тэр даруйд буцаан төлсөн гэж маргаж энэ нь депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 27 дугаар тал)-аар нотлогдож байх ба нэхэмжлэгч үүнийг үгүйсгээгүй юм.
Түүнчлэн хариуцагч П.Д.Мийн Хаан банкан дахь депозит дансны хуулгаар хариуцагчийн харилцах данс руу 19,000,000 төгрөг, 7,000,000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн нь зээлийн гэрээний гол нөхцөл болох зээлийн хэмжээ, гэрээ байгуулагдсан хугацаа зэрэгтэй тохирсон, хариуцагчийн данснаас дээрх нэхэмжлэгчийн шилжүүлсэн мөнгөний хэмжээтэй тохирох мөнгөн дүнгийн зарлагын гүйлгээг нэхэмжлэгчийн мөнгө шилжүүлсэн данс руу буцаан, зарлагын гүйлгээ хийсэн зэргээс хариуцагч Д.М, С.Г нар нэхэмжлэгч Р.Чтай 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан зээлийн гэрээгээр шилжүүлэн авсан мөнгийг буцаан өгөх үүргээ биелүүлсэн гэж дүгнэв.
Иймд нэхэмжлэгч Р.Чын зээлийн төлбөр 26,000,000 (хорин зургаан сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 287,950 (хоёр зуун наян долоон мянга есөн зуун тавь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар нэхэмжлэгч Р.Чын хариуцагч Д.М, С.Г нарт холбогдогдуулан зээлийн төлбөр 26,000,000 (хорин зургаан сая) төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 287,950 (хоёр зуун наян долоон мянга есөн зуун тавь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА