2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2295

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,  

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Юмжирдулам,

улсын яллагч Ц.Ганцэцэг,

шүүгдэгч ***нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч ***холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2503000000905 дугаартай хэргийг 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: ******

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ***тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ 2025 оны 8 дугаар сарын 19-ний шөнө 00 цаг 15 минутын орчимд Баянгол дүүргийн 16 дугаар хорооны замд “Тоёота приус” маркийн ***улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч ***шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахиж ийм алдаа гаргахгүй” гэв.

Эрүүгийн 2503000000905 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Эрх бүхий албан тушаалтны: “...2025.08.19-ний өдрийн 00 цаг 15 минутын үед ***улсын дугаартай машины жолооч ***нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон...” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дахь тал),

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан: “***улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ***спиртийн агууламж 1,11 %...” гэх баримт (хавтаст хэргийн 3 дахь тал),

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025.04.22-ны өдрийн 2025/ЗШ/7939 дүгээр шийтгэврийн “...2025 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 04 цагт 1,84 хувийн согтолттойгоор Т.Приус маркын ***улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон тул Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 51 дэх хэсэгт зааснаар ***тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 400,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай...” гэх хуулбар (хавтаст хэргийн 17 дахь тал),

Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл: “Жолооны үнэмлэхийн төлөв хэсэгт эрх хасагдсан, 2025.04.22-ны өдрөөс 2026.04.22 хүртэл 1 жил” гэжээ (хавтаст хэргийн 10 дахь тал),

шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-13), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-16), оршин суугаа хаягийн лавлагаа (хх-12), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хх-11), хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар (хх-15) зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг,

шүүгдэгчээс шүүх хуралдаанд гаргаж өгсөн Хаан банкны 55 хуудас дансны хуулгыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч ***тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ 2025 оны 8 дугаар сарын 19-ний шөнө 00 цаг 15 минутын орчимд Баянгол дүүргийн 16 дугаар хорооны замд “Тоёота приус” маркийн ***улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодсон нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан “***улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ***спиртийн агууламж 1,11 %...” гэх хуудас (хх-3), Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025.04.22-ны өдрийн 2025/ЗШ/7939 дүгээр шийтгэврийн хуулбар (хх-17) зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэх заалтыг зөрчжээ.

Шүүгдэгч ***урьд 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр согтуугаар (1,84%) тээврийн хэрэгсэл жолоодож тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан нь Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025.04.22-ны өдрийн 2025/ЗШ/7939 дүгээр шийтгэвэр (хх-17)-ээр нотлогдлоо.

“Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг, “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно.

Иймд шүүгдэгч ***тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа дахин согтуу (амьсгал дахь спиртийн агууламж 1,11%)-аар тээврийн хэрэгсэл жолоодсон санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.  

Энэхүү гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үйлдэл, эс үйлдэхүй хийгдсэнээр төгсөх хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд уг үйлдлийн улмаас материаллаг хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч ***тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ 2025 оны 8 дугаар сарын 19-ний шөнө 00 цаг 15 минутын орчимд Баянгол дүүргийн 16 дугаар хорооны замд “Тоёота приүс” маркийн ***улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодсон болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, ялыг 10 сарын хугацаанд төлүүлэх саналтай...гэж,

шүүгдэгч “Зөвшөөрч байна. Дахиж ийм алдаа гаргахгүй” гэж дүгнэлтээ тус тус танилцууллаа. 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.   

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байхдаа, зөрчилд шийтгүүлснээс хойш 4 сар орчмын дараа дахин согтуу /1,11%/-аар тээврийн хэрэгслийн зогсоол дээр тээврийн хэрэгсэл жолоодсон), дээрх гэмт хэргийн улмаас эд хөрөнгөд учирсан хохиролгүй, шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой гэх, бага насны хүүхэдтэй)-ыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 3500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,500,000 (гурван сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэлээ.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, 1,11%-ийн согтолттой, тээврийн хэрэгслийн зогсоол дээрээс тээврийн хэрэгслийг хөдөлгөсөн гэх нийгмийн аюулын шинж, ажил хөдөлмөр эрхэлдэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, төлөх төлбөргүй зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн 3,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь тохирно гэж үзэв. 

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж (хувиараа хөдөлмөр эрхэлдэг, тодорхой орлоготой гэх)-ийг харгалзан шүүгдэгч *** 3,500,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 10 (арав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоолоо.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ***цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч *** овогт *** *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 3500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,500,000 (гурван сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** 3,500,000 төгрөгөөр торгох ялыг 10 (арав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ***цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                   Л.БААТАР