Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 155/ШШ2023/00366

 

 

 

 

 

2023 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 155/ШШ2023/00366

Хөвсгөл аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Т банк хувьцаат компани,

Хариуцагч: И.Т, Ц.Э,

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээлийн үлдэгдэл 10,000,000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 1,039,975.62 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 25,150.68 төгрөг, нийт 11,065,126.30 (арван нэгэн сая жаран таван мянга нэг зуун хорин зургаан төгрөг гучин мөнгө) төгрөг гаргуулах тухай 155/2023/00184/и дугаар индесктэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батсайхан,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Н,

Хариуцагч нарын өмгөөлөгч Б.Батдорж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т банк хувьцаат компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч И.Т болон хамтран зээлдэгч Ц.Э нар нь 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Дугаар №MN910034200301851984 тоот Зээлийн гэрээ (Цаашид гэрээ гэх)-ний үндсэн дээр 15,000,000.00 (арван тавсан сая төгрөг)-ийг жилийн 18 хувийн хүүтэй, сарын 1.5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай малчны зээл авсан. Зээлдэгч зээлийн хүүгийн төлбөрийг гэрээний хуваарийн дагуу төлөх гэрээний үүргээ зөрчиж 159 хоног хугацаа хэтрүүлсэн болно. 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 10,000,000.00 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 1,039,975.62 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 25,150.68 төгрөг, нийт 11,065,126.30 төгрөгийг зээлдэгч И.Т болон хамтран зээлдэгч Ц.Э нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Т банкнаас 15,000,000 төгрөгийн малчны зээл авсан. 2021 оны 12 дугаар сард зээлийн эхний төлөлтөө хийх ёстой байсан боловч хийгээгүй хугацаа хэтрүүлж 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нийн төрсөн охин н.Бямбасүрэн гэдэг хүний данснаас хийгдсэн. Тухайн зээл 2021 оны 6 дугаар сарын 29-ний орой 16 цаг 02 минутад харилцагч И.Т гэдэг хүний харилцах данс руу орсон буюу зээлийн гэрээнд гарын үсэг зурж зээл тухайн харилцагчийн дансанд орсноор зээл олгогдсонд тооцно гэж үздэг учраас манай банкнаас зээл олгосон гэж үзэж байгаа. Тухайн зээл нь 6 дугаар сарын 29-ний өдрийн 16 цаг 02 минутад олгогдож 16 цаг 08 минутад, 16 цаг 12 минутад тус тус хоёр зээл төлөгдсөн байгаа. 16 цаг 06 минутад Жүгдэрбямбын Саран гэдэг хүний зээлийн төлөлт буюу Б.Нийн малчин байсан хүний малчны зээлийн төлбөр 895,000 төгрөг төлөгдсөн байдаг. 16 цаг 12 минутад Нүрзэдийн Н.П гэдэг хүний зээл төлөгдсөн байдаг. Энэ хүн бол Б.Н гэдэг хүний хамаатан хүн буюу тухайн үед 3,740,000 төгрөгийн зээл төлөгдсөн байгаа. Сарын сүүл байсан учраас зээлийн төлөлт хийгдэх болсон байдаг. Б.Н гэдэг хүн Ж.Саран, Н.П гэдэг хоёр хүний зээлийг хүлээн зөвшөөрдөг. Энэ хоёр хүний зээлийн эргэн төлөлт тухайн өдөр хийгдсэн байдаг. Зээлийн эргэн төлөлт үндсэн зээлээс 5,000,000 төгрөг, хүү 1,324,109.59 төгрөг нийт 6,324,109.59 төгрөг 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төлөгдөх ёстой байсан боловч 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Б.Н гэдэг хүний охин н.Бямбасүрэнгийн 200300027722 тоот данснаас И.Т гэдэг хүний эхний төлөлт хийгдсэн. Үүнээс үзэхэд харилцагч зээлээ авч хамаарал бүхий хоёр хүнийхээ зээлийг төлж эргэн төлөлтөө хийсэн байна гэж үзсэн. Иймд учраас үндсэн зээлийн үлдэгдэл 10,000,000 төгрөг, хүү 1,039,975.62 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 25,150.68 төгрөг нийт 11,065,126.30 төгрөгийг зээлдэгч И.Т, Ц.Э нараас гаргуулж өгнө үү гэж хүсэж байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүхэд гаргасан тайлбартаа: Т банкны Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй И.Т болон хамтран зээлдэгч Ц.Э нараас 2021.6.23 өдрийн малчны зээл авсан 15,000,000 төгрөгөөс зээлийн үлдэгдэл 10,000,000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 1,039,775.62 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 25,150.68 төгрөг, нийт 11,065,126.30 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлтэй танилцлаа.

Дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Учир нь өндөр настай аав болон ээж маань нэхэмжлэлд шаардсан зээлийг 15,000,000 төгрөгийг огтхон ч аваагүй. Харин 2021.03.02 өдөр малчны зээл 4,000,000 төгрөгийг бол авч байсан. Энэ үед манай ээж Ц.Э нь гэрээ байгуулж гарын үсэг зурж авсан байдаг. Баянзүрх сумын Т банкны салбарын эрхлэгч Б.Х нь эрх мэдэл, албан тушаалаа ашиглан өөртөө 15,000,000 төгрөгийг зээл нэрээр авснаа манай ээж Ц.Эт хэлсэн байдаг.

Иймд нэхэмжлэл нь үндэслэлгүй болно гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:  2021 оны 6 дугаар сарын 27-ны өдөр манайхан зусландаа бууж манайх Тэрмэс гэдэг газарт нүүж очиж байсан. Манай аав, ээж хоёр зусландаа үлдэж 29-ний өдөр сумын төв орж ирээд зээл авъя гэхэд зээл авах боломжгүй байсан. Би Жүгдэрхорлоогийн 800,000 төгрөг гэдэг бол би тухайн үед зээл төлөх гэж өөрийнхөө дансанд 3,000,000 гаруй төгрөг үлдээсэн байсан боловч тэр мөнгө зээл төлөгдсөн гээд миний данснаас гарчихсан байсан. Тэгээд бид нар тэр намар Авлигатай тэмцэх газарт өргөдөл өгсөн. Тэндээс ирэх хариуны дагуу би үүнийг үнэнээр нь шийдэх байх гэж бодож байна. Одоо И.Т, Ц.Э нар тэр өдөр орж ирж зээл аваагүй байхад нэр дээр нь 15,000,000 төгрөгийн зээл гаргасан байгаа учраас би хүлээн зөвшөөрөхгүй гэж тэр хоёр хүнийг төлөөлөн оролцож байна. Бид нар гарын үсэг зурж зээл аваагүй учраас хүлээн зөвшөөрөхгүй, төлөхгүй гэж байгаа. Тухайн үед гарын үсэг зураад авсан бол төлнө. Гэхдээ тэгж зээл аваагүй учраас төлөхгүй. Манай нөхөр заставт ажилладаг бөгөөд нэг өдөр охин маань зээлийн төлбөр гээд байна гэж утсаар ярьсан. Өмнө нь ээж бид хоёр зээлээ хаасан л юм даа гэж гайхаж байгаад охиныхоо данснаас үлдэгдэл  байгаа юм байгаа биз гээд төлбөр төлүүлсэн. Гэтэл дараа нь банкан дээр ээж бид хоёр очтол арван сая төгрөгний зээлийн үлдэгдэлтэй байна гэхээр нь гайхаад ээж маань Мөрөн рүү орж ирж банкны хүмүүстэй уулзаж гомдол гаргасан байдаг. Шийдэж өгнө гээд одоог болтол шийдвэрлээгүй юм. Хишигжаргал бидэнд уг зээлийг өөрөө авчихсан гэдгээ хэлдэг юм. Манай аав ээж хоёр тэр үед төвд орж ирээгүй ямар ч зээлийн гэрээн дээр гарын үсэг зураагүй данснаасаа мөнгө гаргаж аваагүй гэв.

Нэхэмжлэгчээс Т банк хувьцаат компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Т банк ХХК-ийн гүйцэтгэх захирал Ө.ГанТ Хөвсгөл салбарын захирал Лааган овогтой Дашцэрэнд олгосон итгэмжлэл, Л.Дашцэрэнгээс Г.Батсайханд олгосон итгэмжлэл, 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн MN9100342003018551984 дугаартай “Барьцаат зээлийн гэрээ”-ний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, И.Т, Ц.Эийн иргэний үнэмлэхийн хуулбар, Т банкинд гаргасан өргөдөл, багийн засаг даргын тодорхойлолтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, зээлдэгчийн анкетын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Т банк ХК-ийн гүйцэтгэх захирал Ө.ГанТ Хөвсгөл салбарын захирал Лааган овогтой Дашцэрэнд олгосон итгэмжлэл, Л.Дашцэрэнгээс Г.Батсайханд олгосон итгэмжлэл,

Хариуцагчаас итгэмжлэл, И.Т, Ц.Э нарын иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Б.Нийн иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэргийг тус тус ирүүлсэн байна.

Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу зээлийн гэрээнд зурагдсан гарын үсэгт Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсээр шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасныг хангаж шийдвэрлэсэн ба шинжээч Д.Өнөбат 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 4 дугаар шинжээчийн дүгнэлтийг гарган ирүүлжээ.

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.

Т банк хязгаарлагдмал хариуцлагатай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Дашцэрэн нь нэхэмжлэгчийг төлөөлж 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр тус шүүхэд И.Т, Ц.Э нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11,065,126.30 (арван нэгэн сая жаран таван мянга нэг зуун хорин зургаан төгрөг гучин мөнгө) төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан байна.

Гэвч нэхэмжлэгч Т банк хязгаарлагдмал хариуцлагатай компани нь 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Т банк хувьцаат компани болж хэлбэрийн хувьд өөрчлөгдсөн нь нийтэд илэрхий тул нэхэмжлэгчийг Т банк хувьцаат компани гэж үзэх нь зүйтэй.

Нэхэмжлэгч Т банк хувьцаат компани нь хариуцагч И.Т, Ц.Э нарт холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 10,000,000 (арван сая) төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 1,039,975.62 (нэг сая гучин есөн мянга есөн зуун далан таван төгрөг жаран хоёр мөнгө) төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 25,150.68 (хорин таван мянга нэг зуун тавин төгрөг жаран найман мөнгө) төгрөг, нийт 11,065,126.30 (арван нэгэн сая жаран таван мянга нэг зуун хорин зургаан төгрөг гучин мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч И.Т, Ц.Э нар нь 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр (нэхэмжлэлд 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдөр гэж зээл олгосон өдрийг андуурч бичсэн гэж залруулж тайлбарласан) Т банк хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Хөвсгөл салбарын харъяа Баянзүрх тооцооны төвд дээр ирж MN910034200301851984 дугаар зээлийн гэрээг байгуулсан.

Тус зээлийн гэрээгээр 15 сая төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 1,5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай малчны зээл олгосон.

Зээлдэгч зээлийн хүүгийн төлбөрийг гэрээний хуваарийн дагуу төлөх гэрээний үүргээ зөрчиж 159 хоног хугацаа хэтрүүлсэн.

Хэдийгээр шүүх шинжилгээний байгууллагаар зээлдэгч нарын гарын үсэг биш гэж гарсан ч энэ хүмүүс зээл авсан болох нь зээлдэгч И.Тын данс руу мөн өдрийн 16 цаг 02 минутанд зээлийн гүйлгээг хийж шилжүүлсэн байдаг ба зээлийг тухайн хүний дансанд шилжүүлснээр олгосонд тооцдог.

Хариуцагч И.Т, Ц.Э нараас үндсэн зээлийн үлдэгдэл 10,000,000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 1,039,975.62 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 25,150.68 төгрөг, нийт 11,065,126.30 (арван нэгэн сая жаран таван мянга нэг зуун хорин зургаан төгрөг гучин мөнгө) төгрөг гаргуулахаар байна.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэж байна. Үүнд: И.Т, Ц.Э нар нь тухайн 15,000,000 төгрөгийн зээлийг  аваагүй.

 Тухайн өдөр буюу 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр манай аав, ээж хоёр зусландаа Тэрмэс гэх газар нүүж очиж байсан учир сумын төв рүү ороогүй, Баянзүрх сумын Т банкны эрхлэгч байсан Б.Х авсан учир төлөх боломжгүй.

Аав И.Т, ээж Эрдэнчимэг нар нь зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй гэсэн байна.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.  Үүнд:

Т банкны гүйцэтгэх захирлын 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 01/1181 дугаартай албан бичгээр Т банкыг төлөөлж нэхэмжлэл гаргах эрхийг Хөвсгөл салбарын захирал Л.Дашцэрэнд олгосон (хх-ийн 5 дугаар тал) байх тул Т банк ХХК /ХК/-ийн Хөвсгөл салбарын захирал Л.Дашцэрэн нь шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батсайхан нь нэхэмжлэлийн шаардлагын үндслэлээ “хариуцагч И.Т, Ц.Э нар нь Т банк ХХК /ХК/-тай 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр MN910034200301851984 дугаартай Барьцаат зээлийн гэрээ байгуулан Хөвсгөл аймгийн Баянзүрх 385 толгой бүхий мал, 6 ханатай гэр зэргийг барьцаалан 15,000,000 төгрөгийг сарын 1.5 хувийн хүүтэй, жилийн 18 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатайгаар зээлсэн. Зээлдэгч И.Тын данс руу мөн өдрийн 16 цаг 02 минутанд зээлийн гүйлгээг хийж шилжүүлсэн” гэж тодорхойлсон.

Харин хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н нь “15,000,000 төгрөгийн зээл аваагүй” гэж маргав.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ”, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу Т банк ХХК /ХК/ нь шаардах эрхтэй.

Гэвч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн MN910034200301851984 дугаартай Барьцаат зээлийн гэрээний зээлдэгч И.Т, Ц.Э гэх хэсэгт зурагдсан гарын үсэг нь хариуцагч И.Т, Ц.Э нарын гарын үсгийн ерөнхий шинж тэмдэг болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирохгүй болох нь Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 4 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдлоо. /хх-ийн 44-67 дугаар тал/ Энэ талаар талууд маргаагүй болно.

Мөн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батсайхан нь “Барьцаат зээлийн гэрээ байгуулсан өдөр буюу 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 15,000,000 төгрөгийг И.Тын дансанд шилжүүлсэн” гэж тайлбарлах боловч энэ байдал нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “Барьцаат зээлийн гэрээгээр олгосон зээлийн эхний төлбөрийг Наранчимэгийн охин Бямбасүрэнгийн данснаас 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр үндсэн төлбөр 5,000,000 төгрөг, хүүгийн төлбөр 1,324,109.59 төгрөгийг шилжүүлсэн учир энэ хүмүүс энэ зээлийг авсан байх үндэслэлтэй” гэж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н нь үгүйсгэж “Манай нөхөр Застав дээр ажилладаг ба холбоогоор охин маань зээлийн төлбөр гэж нэхэгдсэн талаар ярьсан. Би ээжийн зээлийг хаасан байтал яагаад ингэж нэхэгдэж байгааг тухайн үедээ гайхаад үлдэгдэл байсан юм болов уу гэж бодоод охин руугаа мөнгө шилжүүлж төлүүлсэн, дараа нь ээжтэйгээ банкан дээр иртэл 10,000,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл байна гэхээр нь гайхаад энэ талаар мэдэж ээж минь Мөрөн рүү ирж банканд гомдол гаргасан” гэж тус тус тайлбарлав.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дээрх тайлбартаа холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй тул хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн охин Бямбасүрэнгийн данснаас зээлийн төлбөрийг шилжүүлсэн үйл баримт байгаа боловч энэ нь хэний, ямар зээлийн төлбөрт төлөгдсөн нь баримтаар нотлогдохгүй байна гэж үзэв.

Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батсайхан нь шүүх хуралдаанд “Тухайн зээл олгогдсоны дараа хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Наранчимэгийн хамаарал бүхий С, Н.П нарын зээл төлөгдсөн  байдаг. Тэгэхээр тухайн зээлийг энэ хүмүүс авсан байх үндэслэлтэй” гэж тайлбарлах боловч энэ талаарх бичгийн нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй тул шүүх иргэн н.Саран, Н.П нарын зээлийн төлбөрийг тус банканд төлөгдсөн гэх үйл баримтаар хариуцагч И.Т, Ц.Э нарыг 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн MN910034200301851984 дугаар Барьцаат зээлийн гэрээг байгуулан тухайн зээлийг авсан гэж үзэх боломжгүй юм.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй.

Иймд хариуцагч М.И.Т, Ц.Э нар нь 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн MN910034200301851984 дугаартай Барьцаат зээлийн гэрээний дагуу олгосон зээлийн төлбөр, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг хариуцан төлөх этгээд гэж үзэх үндэслэл хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагч И.Т, Ц.Э нараас үндсэн зээлийн үлдэгдэл 10,000,000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 1,039,975.62 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 25,150.68 төгрөг, нийт 11,065,126.30 (арван нэгэн сая жаран таван мянга нэг зуун хорин зургаан төгрөг гучин мөнгө) төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Т банк хувьцаат компанийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн ба шүүхээс шинжилгээ хийхэд шаардлагатай, харьцуулах болох туршилтын загварыг авахад шүүхээс 140,000 төгрөгийн зардлыг гаргасан бөгөөд үүнийг хариуцагч нар шүүхийн холбогдох дансанд төлсөн нь хэрэгт авагдсан нэхэмжлэх, мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдож байна.

Иймээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч Т банк хувьцаат компаниас 140,000 төгрөгийг гаргуулж, хариуцагч И.Т, Ц.Э нарт олгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 192,000 (нэг зуун ерэн хоёр мянга) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар нэхэмжлэгч Т банк хувьцаат компанийн нэхэмжлэлтэй, хариуцагч И.Т, Ц.Э нарт холбогдох, үндсэн зээлийн үлдэгдэл 10,000,000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 1,039,975.62 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 25,150.68 төгрөг, нийт 11,065,126.30 (арван нэгэн сая жаран таван мянга нэг зуун хорин зургаан төгрөг гучин мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 192,000 (нэг зуун ерэн хоёр мянга) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч нараас төлсөн шүүхийн зардал  140,000  (нэг зуун дөчин мянга) төгрөгийг нэхэмжлэгч Т банк хувьцаат компаниас гаргуулж хариуцагч И.Т, Ц.Э нарт олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.МӨНХТУЯА