Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 2021/ДШМ/33

 

Г.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Уламбаяр даргалж, шүүгч Л.Нямдорж, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор В.Дэлгэрмаа

Хохирогч Б.Ж

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Пүрэвдаваа

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Золцэцэг нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 2021/ШЦТ/61 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Пүрэвдаваа, шүүгдэгч Г.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Г.Бд холбогдох эрүүгийн 2114000000022 дугаар хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Г.Б, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй,

Г.Б нь 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр өглөө 07 цагийн үед Баянхонгор сумын Эрдэнэцогт сумын Эрхэт тамч 5 дугаар багийн нутаг ” Ар хүйтэн” гэх газар Б.Жыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ./ яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн Прокурорын газраас Г.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.Быг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Г.Быг 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Г.Бд оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Шүүгдэгч Г.Бд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Шүүгдэгч Г.Баас 957,295 төгрөг гаргуулж, хохирогч Б.Жт олгож, Хохирогч Б.Жын нэхэмжлэлээс 490,705 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, цаашид гаргах хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гаргах эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга 1 ширхэг, аяга 1 ширхгийг устгуулахаар Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газар даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч Г.Бы эзэмшлийн “... Самсунг А-71 маркийн гар утас...”-ыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгцээний дагуу эд зүйлсийг эзэмшигч Г.Бд буцаан олгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Пүрэвдаваа гаргасан давж заалдах гомдолдоо:

Монголын хуульчдын холбооны гишүүн хуульч өмгөөлөгч Т.Пүрэвдаваа миний бие Г.Бд холбогдох эрүүгийн 2114000000022 дугаартай хэрэгт Г.Бы өмгөөлөгчөөр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа ба Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 10-ны өдрийн 2021/ШЦТ/61 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Аймгийн прокурорын газраас Г.Быг 2021 оны 01 дүгээр сарын 01 ний өдрийн 07 цагийн үед Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Эрхэт Тамч 5-р багийн нутаг Ар Хүйтэн гэх газар Б.Жыг зодож эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлснийг Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 03 сарын 10-ны өдөр хэргийг хянан хэлэлцэж 2021/ШЦТ/61 дугаартай шийтгэх тогтоол гаргасан.

Уг шийтгэх тогтоолоор ...Шүүгдэгч Г.Бы дээрх үйлдэл нь бусдын бие махбодид халдаж эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулсан, гэм буруугийн санаатай хэлбэртэй, өөрийн үйлдэл хууль бус болохыг мэдсээр байж хүсэж үйлдсэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл байх бөгөөд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн үйл баримтад нийцсэн, хэргийн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгч Г.Быг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэх үзэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэн гэм буруутайд тооцож, 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, 957.295 төгрөгийг хохиролд гаргуулан хохирогч Б.Жт олгохоор шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх нь эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэргийн бодит байдалд нийцэхгүй дүгнэлт хийн хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж шүүгдэгч талын зүгээс үзэж байна.

Учир нь Г.Бы тухайн үйлдэл нь гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдалд хамаарахаар байдаг. Энэ нь гэрч Т.Батцэцэгийн ...Би Бумцэндийн хажууд зогсож байсан чинь Ж ах манай гэрийн урдуур тойроод гартаа эвхэгддэг хутга дэлгээгүй бариад хүрээд ирснээ Бумцэндрүү далайсан, би тэгэхээр нь Ж ах хутга барьсан байна шүү гэж хэлсэн. Б ах ирээд Ж ахыг боль гээд хэлсэн чинь Ж ах эргээд явсанаа гэнэт эргээд хутгаа дэлгээд Бумцэндрүү дайрсан чинь Б ах тонгороод шидсэн Ж ах газар унасан Баатарзориг дээлийнх нь ханцуйг атгаад Ж ахыг гэр рүү нь дагуулж явсан. Б тонгорч л унагаасан, цохиж, өшиглөөгүй, ...хажууд нь би Бумцэнд Баатарзориг бид 3 л байсан гэх мэдүүлэг /хх-51-53/, гэрч Б.Баатарзоригийн ...эргээд хартал Ж ах ганцаараа Аюурын гэрийн араар хутгаа дэлгээд хүрээд ирсэн Бумцэндрүү дайрах шиг болсон чинь Б урдаас нь очоод тонгороод унагаасан Ж ахын хутгатай гарыг дээлийнх нь ханцуйгаар боож бариад дагуулаад гэррүү нь ороод эхнэр Гэрлээд нь танай хүн чинь хүнрүү хутга барьж дайрч байна гэж хэлчихээд гараад явсан. ...Эвхэгддэг хутга байсан хутганы ир нь нилээн лав гарсан байсан. Б цохиж өшиглөөгүй хөлөө тавиад нилээн даацтай тонгорсон гэх мэдүүлэг /хх-54-56 I,гэрч Бумцэндийн ... Ж ах намайг адуугаа аваад зайл гээд байсан ...гараад надаас уучлалт гуйсан юм. Тэгээд Ж ах гэррүүгээ яваад ирснээ надруу дэлгээгүй эвхээтэй тонгоргоо бариад дайртал Б ах болиулсан дахиад хутгаа дэлгээд дайрсан чинь Б ах барьж аваад тонгорсон Баатарзориг гэх хүн Жыг дагуулаад гэррүү нь явсан. ...зөвхөн тонгорсон гэх мэдүүлэг /хх-57-59/, гэрч Г.Гэрэлмаагийн ...би гэртээ ороод галаа түлээд байж байсан чинь Ж орж ирж байж байснаа гэнэт гараад явсан нэлээн байж байснаа мөр гэмтчихлээ гээд Баатарзоригтой ороод ирсэн. ...Аюурын гэр манай гэрээс зайтай болохоор Аюурын гадаа хүмүүс хэрэлдэж байгаа чимээ сонсогдохгүй ээ. Ж мөрөө гэмтээчихээд орж ирэхдээ Б тонгорч шидээд мөр гэмтээлээ гээд ороод ирсэн өөр юм яриагүй, Ж надад хэлэхдээ хутга бариад явж байсан чинь тонгорчихлоо гэж байсан. Б.Ж ямар шалтгаанаар Аюурын гэрийн гадаа байсан хүмүүс дээр очсоныг сайн мэдэхгүй байна, гэнэт л гараад явсан гэх мэдүүлэг/ хх-60-64/, гэрч Г.Эрдэнэчимэгийн ...би босоод үнсээ авчаад гарсан чинь Ж Баатарзоригтой цуг гэррүүгээ орж байсан. Би цайгаа чаначаад Жынд ортол Б үүрж шидээд миний мөрийг гэмтээчихлээ гээд эхнэртэйгээ хоёулаа сууж байсан гэх мэдүүлэг /хх-81-82/ Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 сарын 07 ны өдрийн 37 дугаартай ...Жын биед эгэм, далны холбоосны салалт, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо гэх дүгнэлт /хх-107-108/ Бы гэрчээр болон яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг, хохирогч Жын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр Г.Бы үйлдэл буюу Жыг тонгорч унаган биед нь хүндэвтэр зэргийн хохирол учруулсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл нь Жын бусдын буюу Бумцэндийн амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 т зааснаар гэмт хэрэгт тооцохгүй байх нөхцөлийг бүрэн хангасан үйлдэл гэж үзэхээр байна.

Анхан шатны шүүх дүгнэхдээ Б.Жыг Г.Бы эсрэг түүний эрхэд халдсан ямар нэгэн үйлдэл хийгээгүй буюу хууль бус үйлдэл хийснийг тэрээр таслан зогсоох зорилгоор аргагүй хамгаалалт хийх эрх үүсээгүй байна, ...Бд бодитой хүч хэрэглэсэн үйлдэл хийгээгүй гэжээ. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт Б мэдүүлэхдээ надтай бол Ж маргалдаагүй, харин Бумцэндрүү дэлгээгүй хутга бариад дайрхад нь болиулсан, дараа нь хутгаа дэлгэж ирээд дахин Бумцэндрүү дайрхад Бумцэндийн амь нас эрүүл мэндэд нь халдах гэж байна гээд үйлдлийг нь таслан зогсоох зорилгоор тонгорч унагаасан, хэрэв намайг таслан зогсоогоогүй бол Бумцэндийн биед халдах байсан, Ж өнөөдрийг хүн хутгалахаас Бумцэндийг хүнд хутгалуулахаас би хамгаалан уг үйлдлийг таслан зогсоосноос болж энд зогсож байгаа талаараа мэдүүлдэг, мөн өмгөөлөгчийн зүгээс ч Жыг Бруу бус Бумцэндрүү довтолсон үргэлжилсэн үйлдлийг Б таслан зогсоох явцдаа Жт гэмтэл учруулсан нь гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байгааг дүгнэлттэй хэлдэг. Үүнийг анхан шатны шүүх анхаарч үзээгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 т заасан үндэслэл нь өөрөө, эсхүл бусдын гэсэн байдаг бөгөөд уг хэргийн хувьд Ж нь Бы гэрт байхдаа Бумцэндрүү хандан адуугаа аваад зайл гэх байдпаар маргаан үүсгэж, гэрээс гараад хоорондоо эвлэрсэн боловч Ж нь гэртээ ороод хутга авч ирээд Бумцэндрүү дэлгээгүй хутга 2-3 удаа далайсан, хэн нь үхмээр байна гэж хэлсэн, мөн Б боль гэхэд үйлдлээ зогсоож буцаж явснаа хутгаа дэлгээд дахин Бумцэндрүү дайрч байгаа үйлдэл нь үргэлжилсэн үйлдлээр Бумцэндийн амь нас, эрүүл мэндэд халдах гэсэн шууд чиглэсэн үйлдэл байгаа бөгөөд үүнийг таслан зогсоож тонгорч унагаасан үйлдэл нь гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал болж байгаа юм. Гэтэл анхан шатны шүүх аргагүй хамгаалалтыг тайлбарлахдаа заавал Г.Б руу чиглэсэн үйлдэлд хариу үйлдэл хийхийг шаардаж байгаа нь уг заалтыг буруу тайлбарлан хэрэглэж байна. Мөн хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мах идэж байгаад хүмүүс маргах чимээнээр салгах зорилгоор шууд гарсан тэгэхдээ мах идэж байсан хутгаа авч гарсан гэдэг хэрэв мах идэж байхдаа хутгаа аваад шууд гарсан бол хутга анхнаасаа дэлгээтэй байх байсан, мөн өөх огтолж идсэн гэдэг бөгөөд тухайн үед эхнэр Гэрэлмаа нь галаа түлэх гэж байсан, эд өвлийн хүйтэн байсан зэрэг нь гал түлээгүй, цай чанаагүй байхад хүйтэн царцуу мах өөх идсэн гэхэд эргэлзээ түрүүлж байна, мөн эхнэр Гэрэлмаа мэдүүлэхдээ Жыг мах идсэн талаар огт мэдүүлдэггүй бөгөөд гаднаас гэртээ орж ирчихээд байж байснаа гэнэт гараад явсан л гэдэг, мөн хүмүүсийн маргаж байсан газар буюу Аюурын гадаа хүмүүсийн маргах чимээ огт сонсогдохгүй, Аюурынх манайхаас зайтай байдаг гэх мэдүүлгийг өгдөг, энэ нь хохирогч Аюурын мэдүүлгийг үгүйсгэж байна. Мөн шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн асуултад хохирогч нь хариулахдаа хутгаа бариад хүнрүү далайсан зүйл байхгүй гэдэг боловч өмгөөлөгч миний асуусан асуулт болох мөрдөн байцаалтын шатанд өгсөн хутгатай гараараа 2, 3 удаа далайсан гэдэг мэдүүлэг үнэн үү шүүхийн хэлэлцүүлэгт өгч байгаа хутгатай гараа хүнрүү далайгаагүй гэдэг үнэн үү гэхэд далайсан гэдэг. Мөн шүүхийн хэлэлцүүлэгт Б тонгорч шидэхэд нь газар унаад газраас өөрөө босоод ганцаараа гэртээ орсон талаар мэдүүлдэг боловч мөн тодруулах асуултанд Баатарзориг гэрт оруулсан талаар мэдүүлдэг, мөн Батцэцэг Ж ах хутгатай байна шүү гэхэд нь гараа өргөөд ханцууруугаа хутгаа унагаад дээлийнхээ өвөрт хутгаа оруулсан талаар мэдүүлдэг гэтэл хамт байсан гэрчүүд болох Баатарзориг, Батцэцэг, Бумцэнд нар Жыг эвхээтэй хутга бариад Бумцэндрүү дайрсан Б боль гээд болиулахад болиод цаашаа явснаа хутгаа дэлгээд буцаж ирээд Бумцэндрүү дайрахад нь Б үйлдпийг нь таслан зогсоож тонгорч унагаасан талаар мэдүүлдэг. Гэтэл уг мэдүүлгүүдийг үнэлээгүй нь шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх чадвараа алдах нөхцөл байдлыг бүрдүүлсэн гэж үзэхээр байна. Хохирогч нь гэрээсээ хутга авч ирж байгаа үйлдэл нь мөн үнэхээр түүний хэлж байгаагаар хутга барьсан байна гэж Батцэцэгийг хэлэхэд нь хүн хутгалах санаа зорилгогүй хутгатай ирсэн бол яагаад хутгаа нуугаад байгаа зэрэг нь хохирогчийн мэдүүлэг бодит байдалд нийцэхгүй байгааг илэрхийлж байна.

Аргагүй хамгаалалт нь Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т заасан... амьд явах, халдашгүй чөлөөтэй байх ... болон бусад эрхээ эдпэх, энэ эрхэд халдсан довтолгооныг няцаах, түүнээс хамгаалах чухал ач холбогдолтой Эрүүгийн хуулиар зөвшөөрөгдсөн, түүнчлэн уг хуулиар хамгаалагдсан ямар ч хохирол, хор уршигт хүргэж болох боловч гэмт хэрэгт тооцдоггүй, гэмт хэргийг үгүйсгэдэг онцгой нөхцөл байдал юм. Халдагч этгээдийн зөвхөн тулгарсан довтолгооноос гадна үргэлжилсэн довтолгоон, халдлагын үед өөрийн боломжит үедээ өөртөө болон бусдад хамгаалалт хийсэн болон бусдын зүгээс халдлага, довтолгоо хийгдэх нь энгийн ухамсрын хүрээнд ойлгомжгой болсон бодитой оршиж халдлага үргэлжилж буй үед өрсөж хамгаалах нь аргагүй хамгаалалтын хүрээнд хийгдсэн хууль ёсны үйлдэлд тооцогддог бөгөөд бодит агуулгаараа нийгэмд ашигтай буюу гэмт хэргийн нийгмийн хор аюулыг үгүйсгэдгээрээ чухал ач холбогдолтой гэж үздэг. Үргэлжилсэн довтолгооны үед довтолгооны аль ч цаг хугацааны хэсэгт хамгаалалт хийж болох ба цаашид халдлага үргэлжлэх нь тодорхой байсаар буй бол ээлжит тулгарсан халдлагыг хүлээхийг хамгаалагчаас шаардах байдпаар иргэний аргагүй хамгаалалт хийх эрхийг хязгаарлах нь аргагүй хамгаалалтын үр нөлөөг багасгаж хүний амь нас, эрүүл мэндийг илүү эрсдэлд оруулах сөрөг нөлөө бий болгоно. Мөн халдпагын шинж чанар, учирсан буюу учирч болох байсан гэм хорын хэр хэмжээ нь хамгаалалтын шинж чанар, хэр хэмжээтэй тохирсон байх талаар ямар нэгэн шаардлага,хязгаарлалт Эрүүгийн хуульд тусгагдаагүй болно. Заавал эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмтэл учирсан байхыг шаардаж болохгүй, аргагүй хамгаалалт нь учирч болох эрсдэлийг бий болохоос өмнө хийгдэх үйлдэл. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан заалтад 2020 оны 01 сарын 10 ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулан бусдын гэдэг зүйлийг оруулж өгсөн. Шүүгдэгч талын зүгээс давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянан хэргийн бодит байдлыг тогтоосон үндэслэлтэй шийдвэр гаргана гэдэгт итгэж байна.

Иймд Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 10-ны өдрийн 2021/ШЦТ/61 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Г.Б гаргасан давж заалдах гомдолдоо:

Г.Б миний бие Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 2021/ШЦТ/61 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна.

Би Б.Жыг Бумцэнд рүү хутга бариад дайраад байхаар нь тухайн үйлдлийг таслан зогсоох гэж тонгорч унагаснаас болж Б.Жт гэмтэл учирсан. Энэ үйлдэл минь Бумцэндийн Б.Жт хутгалуулснаас Б.Жыг хүн хутгалж алахаас урьдчилан сэргийлсэн үйлдэл гэж би үзэж байна. Тухайн үед тонгорч шидэхдээ ч ийм л бодолтойгоор тонгорч унагаасан. Б.Ж тухайн өдөр Бумцэнд рүү адуугаа аваад зайл гээд газар нутгийн маргаан үүсгээд байсан. Бумцэнд нь өөр багийн иргэн бөгөөд зуд турхантай байгаагаас шалтгаалан танайд адуугаа тавиад маллаж байсан залуу юм. Түүнээс болж малын бэлчээр булаацалдаж түүнийг хөөж туусан асуудал гарсан. Тухайн үед тэр хоёр гараад явсан, хэсэг хугацааны дараа бид гараад Батжаргал, Бумцэндтэй маргаад эвлэрээд тамхилаад байж байтал Батжаргалыг эхнэр нь аваад явсан. Тэгтэл Ж гэрээсээ хутгатай ирээд Бумцэнд рүү дайраад зодох гээд байхаар нь боль гээд салгаад явуулсан. Тухайн үед хутга барьсныг Батцэцэг хэлэхэд нь мэдсэн. Тэгээд Ж буцаж явсанаа гэнэт хутгаа дэлгээд хэн нь алуулмаар байна хэн нь үхмээр байна гээд шууд Бумцэнд рүү дайрахад нь би дундуур нь ороод тонгороод унагаасан. Ийм үйл явдал болоход Батцэцэг, Баатарзориг, Бумцэнд бид байсан. Тухайн байсан гэрчүүд болсон зүйлийг ярьдаг. Гэтэл анхан шатны шүүх бодит байдлыг тогтоогоогүй үндэслэлгүй шийдвэр гаргасан. Би иргэн хүнийхээ хувьд нийгмийн хариуцлагаа ухамсарлаж хүмүүсийг салгаснаас болж өөрөө гэмт хэрэгт холбогдсонд гомдолтой байна. Иймд үнэн зөвийг тогтоож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Прокурор В.Дэлгэрмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Пүрэвдаваа тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нэг талыг хэт барьсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Хохирогчийн мэдүүлгээр хэргийг шийдвэрлэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Т.Пүрэвдаваа нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлуудад үндэслэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад:

Г.Б нь 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр өглөө 07 цагийн үед Баянхонгор сумын Эрдэнэцогт сумын Эрхэт тамч 5 дугаар багийн нутаг ” Ар хүйтэн” гэх газар Б.Жыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Дээрх үйл баримт нь 2114000000022 дугаар эрүүгийн хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн хэлэлцсэн

Хавтаст хэргийн 29-30 дугаар талд авагдсан “... Б хажуугаас барьж аваад унагаасан, унагаачихаад хөлөөрөө дэвсчихээд явсан. Би босоод шууд гэр лүүгээ явсан, гэртээ ороод мөр өвдөөд байхаар нь бариач Шар ахынх руу явсан...” гэх хохирогч Б.Жын өгсөн мэдүүлэг,

Хавтаст хэргийн 51-53 дугаар талд авагдсан “... Ж ах манай гэрийн урдуур тойроод гартаа эвхэгддэг хутга дэлгээгүй бариад хүрээд ирснээ Бумцэнд рүү далайсан, ... Ж ах эргээд явсанаа гэнэт эргээд хутгаа дэлгээд Бумцэнд рүү дайрсан чинь Б ах тонгороод шидсэн. Ж ах газар унасан... “ гэх гэрч Т.Батцэцэгийн өгсөн мэдүүлэг,

Хавтаст хэргийн 54-56 дугаар талд авагдсан “...Б.Ж ах ганцаараа Аюурын гэрийн араар хутгаа дэлгээд хүрээд ирсэн. Бумцэнд рүү дайрах шиг болсон чинь Б урдаас нь очоод тонгороод унагаасан...” гэх гэрч Б.Баатарзоригийн өгсөн мэдүүлэг,

Хавтаст хэргийн 57-59 дүгээр талд авагдсан “...над руу дэлгээгүй эвхээтэй тонгорогоо бариад дайртал Б ах болиулсан дахиад хутгаа дэлгээд дайрсан чинь Б ах барьж аваад тонгорсон...” гэх гэрч Д.Бумцэндийн өгсөн мэдүүлэг,

Хавтаст хэргийн 107-108 дугаар талд авагдсан “... Б.Жын биед эгэм, далны холбоосын салалт, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх шинжилгээний дүгнэлтийг хохирогч Б.Жын биед шүүх эмнэлгийн шинжилгээ хийж гаргасан Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 37 тоот дүгнэлт,

Хавтаст хэргийн 119-120 дугаар талд авагдсан “... Б.Жын биед өмнө гаргасан 2021.01.07-ны №37 тоот дүгнэлтэнд эгэм, далны холбоосын салалт, духанд зулгаралт гэмтэл тогтоогдсон ба нэмэлтээр ирүүлсэн эмнэлгийн бичиг баримтаас харахад баруун IX-р хавирганы хуучин бороолсон хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх баруун IX-р хавирганы хуучин бороолсон хугарлын үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй байна. Уг баруун IX-р хавирганы хуучин бороолсон хугарал гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. Дээрх баруун IX-р хавирганы хуучин бороолсон гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 10 тоот дүгнэлт болон Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийн тодорхойлолт,

Хавтаст хэргийн 136-138 дугаар талд авагдсан “... Б.Ж ах гэрээсээ гараад бид нар дээр хутга бариад хүрээд ирсэнээ хэн нь миний гарт үхмээр байна гэж хэлээд хүмүүсийн дунд руу ороод ирэхээр нь би Ж ахаа та боль гэж хэлсэн чинь миний хэлэхийг тоолгүй Бумцэнд рүү хутгаа дэлгээд ална шүү гээд дайрахаар нь би хүн аллаа гэж хэлээд тонгороод шидсэн...” гэх шүүгдэгч Г.Бы мэдүүлэг болон бусад хэрэгт хавсаргагдсан бичгэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, дээр дурдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй хэргийг шийдвэрлэхэд хангалттай, прокуророос зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Дээрх нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн, шүүгдэгч Г.Быг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан төрөл хэмжээний хүрээнд ял оногдуулсан нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, хохирлын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд зохицуулсан аргагүй хамгаалалтын талаарх ойлголт нь өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус, тулгарсан довтолгооны эсрэг хийсэн үйлдлийг тооцох бөгөөд аргагүй хамгаалалтыг бусдын хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийсэн байхыг хуульд нарийвчлан тодорхой заасан байдаг.

Г.Бд холбогдох хэргээс үзвэл хохирогч Б.Жын зүгээс Д.Бумцэнд рүү довтолсон халдлагыг бодитой хийгээгүй байх бөгөөд Г.Бы “... Б.Ж ах гэрээсээ гараад бид нар дээр хутга бариад хүрээд ирсэнээ хэн нь миний гарт үхмээр байна гэж хэлээд хүмүүсийн дунд руу ороод ирэхээр нь би Ж ахаа та боль гэж хэлсэн чинь миний хэлэхийг тоолгүй Бумцэнд рүү хутгаа дэлгээд ална шүү гээд дайрахаар нь би хүн аллаа гэж хэлээд тонгороод шидсэн...” гэх мэдүүлгээс үзэхэд Б.Жын хутга далайж буй үйл явцыг Д.Бумцэнд рүү чиглэсэн довтолгоон эхэлсэн гэж үзэхгүй, Б.Ж хутга далайсан байх үед нь шүүгдэгч Г.Б тонгорч унагаан хохирогчийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан байна.

Хохирогч Б.Жын хутга далайсан үйлдлийг Д.Бумцэндийн амь нас, эрүүл мэндийг гэмтээх зорилготой үйлдэл, Г.Бы Б.Жыг тонгорч шидсэн үйлдлийг аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Т.Пүрэвдаваа нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 2021/ШЦТ/61 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.2,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 2021/ШЦТ/61 дүгээр шийтгэх тогтоолыг дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Т.Пүрэвдаваа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ Г.УЛАМБАЯР

ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ

Б.БОЛОР-ЭРДЭНЭ