Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 155/ШШ/2023/00170

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн даргалж, шүүгч С.Оюунжаргал, шүүгч Р.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн М... сумын ... дугаар багийн ....тоотод оршин суух, Д.М. Ө.

Хариуцагч: Хөвсгөл аймгийн М... сумын ... дугаар баг ....тоотод оршин суух, Ш.Б.М

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд олох байсан орлого 6,746,330 (зургаан сая долоон зуун дөчин зургаан мянга гурван зуун гуч) төгрөг гаргуулах тухай 155/2022/01250/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Иргэдийн төлөөлөгч: Э.Н,

Нэхэмжлэгч М.Ө, түүний өмгөөлөгч Б.Манлайбаяр,

Хариуцагч Б.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Далайбаяр

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Ө нь Б.М-д холбогдуулан гэм хорын хохирол төлбөр 6,746,330 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэгч М.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие М.Ө нь 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Б.М-д Хөвсгөл аймгийн М сумын 8 дугаар багт байрлах Б буудлын гадаа шалтгаангүй нөхцөл байдлын улмаас зодуулж, эрүүл мэндээрээ хохирсон. Миний хувьд түүнд зодуулсны улмаас баруун доод зовхинд шарх бүхий гэмтэл авч, давхрааны оёдол задарч гоо сайхан, эрүүл мэндээрээ хохирсны улмаас 2 сар гаруйн хугацаанд ажил хөдөлмөрөө эрхлэх боломжгүй байдалтай хүнд хэцүү цаг хугацааг туулсан. Б.М-д холбогдох эрүүгийн хэргийг Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газраас шалгаж, холбогдох материалыг Прокурорын хяналтаас шилжүүлснийг Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 2022\ШЦТ\... дугаартай шийтгэх тогтоолоор дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэсэн.

Мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад ...хохирогч М.Ө нь 6.746.330 төгрөгийн хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Б.М-с иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай... гэсэн байдаг.

Миний бие хохирогчийн хувьд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.М-с эмчилгээний зардал 1.569.300 төгрөг, хөдөлмөрийн чадвараа түр алдсантай холбогдон ажилгүй байсан хугацааны буюу үйл ажиллагааны олох байсан орлого 5.110.930 төгрөг, замын болон бусад зардалд 830.000 төгрөг, нийт 7.510.230 төгрөг нэхэмжилсэн байснаас зөвхөн 763.900 төгрөгийн шаардлагыг л хангаж шийдвэрлэсэн нь надад маш их хохиролтой байдлыг бий болгосон.

Миний хувьд У... оёдол эсгүүрийн компанийн захирлаар ажиллаж, олон хүнд оёдлын сургалт, оёдол эсгүүрийн үйл ажиллагаа явуулж, дээрхи чиглэлээр дагнан бизнесийн ашиг орлого олж, амьдралаа тэжээн тэтгэдэг иргэн юм.

Харин Б.М-д зодуулсны улмаас нүдний оёдол задарч, гэмтэл авсан шалтгаанаар мэргэжлийн эмчийн эмчилгээ, зөвлөмжид үндэслэн гам сахих зайлшгүй шаардлагаар дээрх бизнесийн үйл ажиллагаа минь доголдоход хүрч, уг хохирлыг амссан болно.

Би оёдол, эсгүүр, сургалтын үйл ажиллагаа явуулж дараах орлогыг олдог байсан. Үүнд: суралцагчийн сургалтын төлбөр, дээл, хувцас оёсон ажлын хөлс, туслах бараа, материал зарж борлуулсны орлого гэж тус тус олдог. 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд би сургалтын төлбөрийн орлого 1.426.000 төгрөг, дээл, хувцас оёсон ажлын хөлс 2.038.000 төгрөгийг (дансаар) , 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд суралцагчийн сургалтын төлбөрийн орлого 1.410.300 төгрөг, дээл, хувцас оёсон ажлын хөлс 10.567.400 төгрөгийг (дансаар), 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд суралцагчийн сургалтын төлбөрийн орлого 742.000 төгрөг, дээл хувцас оёсон ажлын хөлсний орлого 1.716.500 төгрөгийг (дансаар), бэлэн мөнгөөөр нийт 2.982.200 төгрөгийг тус тус олж байсан. Дээрх 3 сарын хугацаанд би нийт 20.882.400 төгрөгийн орлоготой ажиллаж байсан ба 3 сарын дунджаар тооцоход би нэг сард 6.960.800 төгрөгийн орлоготой байгаа.

Иймд би 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд тус оёдол, эсгүүр, сургалтын үйл ажиллагаа явуулж чадаагүй, энэ хугацаанд олох ёстой байсан орлогыг дээрх 3 сарын дундаж орлогод дүйцүүлэн 6.746.330 төгрөгийг хариуцагч Б.М-с гаргуулахаар нэхэмжлэл гаргасан гэв.

Хариуцагч Б.М шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр шүүхээс надаар төлүүлэхээр шийдвэрлэсэн. 770.000 төгрөгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн дансанд шилжүүлсэн. Одоо Ө-н нэхэмжилж байгаа 6.746.330 төгрөгийг төлөх боломжгүй. Учир нь анхан болон давж заалдах шатны шүүхээс М.Ө-н гаргаж өгсөн нотлох баримтуудыг нотлох баримтуудын шаардлага хангахгүй төлөх үндэслэлгүй байна гэсэн. Мөн М.Ө-д учирсан гэмтлийн зэргийг шинжээч эмч дүгнэхдээ М.Ө-н биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт гаргасан байхад гэмтлийн зэрэгтэй тохироогүй хэт их хэмжээний мөнгийг ядарсан надаар төлүүлэхээр янз бүрийн аргаар үзэж байна. Би М.Ө-д учруулсан хохирол, зардлын мөнгийг бүрэн төлсөн гэж бодож байна гэв.

Иргэдийн төлөөлөгч Э.Н дүгнэлтдээ: Б.М нь М.Ө-г зодож баруун нүдэнд нь гэмтэл учруулсан байх тул хохирлыг төлүүлэх нь зүйтэй гэв.

Нэхэмжлэгч М.Ө-с 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн иргэний үнэмлэхийн лавлагаа, 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 0000085765 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн мэргэжлийн сургалтын байгууллагын бүртгэлийн 420/2021 дугаартай гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, төрийн мэдээлллийн сангаас гаргах лавлаагаа, тодорхойлолтын нэгдсэн маягтын 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Монголын татварын албаны аж ахуй нэгж, байгууллагаас гаргасан 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн тодорхойлолт, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/190 дугаартай шийтгэх тогтоол, Монголын татварын албаны аж ахуй нэгж, байгууллагаас гаргасан 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн тодорхойлолт, У  ХХК-ийн татварын тайлан тушаалтын талаарх тодорхойлолт, Queens med эмнэлгийн тодорхойлолтын хуулбарт Хөвсгөл аймаг дахь шүүхийн тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарагдаж баталгаажсан хуулбар,

Ёндонгомпилын Батбаярын жолоочийн үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Цагаангэр Ёндонгомпилын Батбаярын иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, жолооч 66-46 ХӨҮ улсын дугаартай Toyota prius-XW20 маркийн авто машины техникийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, жолооч Ё.Батбаярын нийтийн такси үйлчилгээ эрхлэгчийн замын хуудас, Түвшинтөгсийн Мөрөнгийн жолоочийн үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарт хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбар, Хэрдэг Түвшинтөгсийн Мөрөнгийн иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарт үнэн тэмдэг дарагдсан хуулбар, 66-46 ХӨҮ улсын дугаартай Toyota prius-XW20 маркийн авто машины техникийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарт хуулбар үнэн тэмдэг дарагдаж баталгаажсан хуулбар, жолооч Т.Мөрөнгийн нийтийн такси үйлчилгээ эрхлэгчийн замын хуудас гэх бичигтэй хуулбар, Цахир Баярсайханы Гантулгын жолоочийн үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Цахир Баярсайханы Гантулгын иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 55-17 УНЕ улсын дугаартай Toyota prius-Alpha-XW40 маркийн авто машины техникийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарт хуулбар үнэн тэмдэг дарагдаж баталгаажсан хуулбар, Жолооч Б.Гантулгын нийтийн такси үйлчилгээ эрхлэгчийн замын хуудас, 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хэрэг болсон үеийн зураг гэх бичвэртэй А4 цаасан дээр хэвлэсэн 4 ширхэг зураг, Удам учиг ХХК-ийн оёдол захиалга, түүний дэргэдэх оёмол бүтээгдэхүүний оёдолчин бэлтгэх сургалтын орлогын тооцоонд хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбар, М.Ө-н хувийн гар бүртгэлүүд, данс эзэмшигчийн нэргүй дансны хуулганы хуулбарууд, бэлэн мөнгөний орлогын баримтад Хөвсгөл аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуулбарлав гэх тэмдэг бүхий эмчийн тодорхойлолт, 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 1130 дугаартай Мөнхөө овогтой Өлзийжаргалын худалдаа үйлдвэрлэлийн тэргүүний ажилтан тэмдгээр шагнасан үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 01 дугаартай Мовогтой Ө-н тэргүүний ажилтан тэмдгээр шагнасан үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2008 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 638 дугаартай Мөнхөө овогтой Өлзийжаргалын жуух бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2007 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хөвсгөл аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлөөс М.Ө-д олгосон өргөмжлөлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2012 оны 02 дугаар сарын 03-ны өдөр М.Ө-д Засаг дарга А.Эрдэнэбаатараас олгосон хүндэт жуух бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 19/01 дугаарта У  ХХК, М.Ө-д олгосон хүндэт жуух бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн сургалтын гэрээ зэрэг баримтуудыг гаргасан өгсөн. (хавтаст хэргийн 2-6, 7-10, 23-65, 79-85 дугаар тал),

Хариуцагчаас шүүхэд хариу тайлбар, хаан банкны гүйлгээний баримт, шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай 01 дугаартай мэдэгдэл зэрэг баримтуудыг гаргасан өгсөн. (хавтаст хэргийн 19,20 дугаар тал),

Шүүх нэхэмжлэгч талын хүсэлтээр Ё.Батбаяр, Ж.Эрдэнэцэцэг, Д.Амарсайхан нарыг гэрчээр асууж, У У ХХК-ийн данс тооцооны бүртгэлийг баталгаажуулсан гар бичмэл бүхий тэмдэглэлийн дэвтэрт үзлэг хийж нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 88-92, 93-136, 138-139 дүгээр тал)

ҮНДЭСЛЭХ нь

Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч М.Ө нь хариуцагч Б.М-д зодуулсны улмаас нүдний оёдол задарч гэмтэл авсан шалтгаанаар мэргэжлийн эмчийн эмчилгээ, зөвлөмжид үндэслэн гам сахих зайлшгүй шаардлагаар бизнесийн үйл ажиллагаа минь доголдоход хүрсэн учир хариуцагчаас олох ёстой байсан 1 сарын орлого 6.746.330 төгрөгийг гаргуулна гэж нэхэмжилж шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон.

Үүнд: Нэхэмжлэгч нь У.У ХХК-ийн захирлаар ажилладаг бөгөөд уг компанийн дэргэдэх сургалтын төвд оёдол, эсгүүрийн сургалт явуулдаг. Иймээс 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд сургалтын төлбөрийн орлого 1.426.000 төгрөг, банкны дансаар дээл, хувцас оёсон ажлын хөлсөнд 2.038.000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд суралцагчийн сургалтын төлбөрийн орлого 1.410.300 төгрөг, банкны дансаар дээл, хувцас оёсон ажлын хөлс 10.567.400 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд суралцагчийн сургалтын төлбөрийн орлого 742.000 төгрөг, банкны дансаар дээл хувцас оёсон ажлын хөлсний орлого 1.716.500 төгрөг, дээрх гурван сарын хугацаанд бэлэн мөнгөөр 2.982.200 төгрөгийн орлоготой ажиллаж байсан. Энэ хугацааны буюу 3 сарын хугацаанд нийт орлого 20.882.400 төгрөг болж байгаа ба 3-т хувааж нэг сарын дундаж орлого нь 6.960.800 төгрөгөөр тодорхойлсон. Иймд 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд оёдол, эсгүүрийн сургалт болон бизнесийн үйл ажиллагаа явуулж чадаагүйн улмаас энэ хугацаанд олох байсан орлого 6.960.800 төгрөг гарч байгаа боловч нэхэмжлэлд бичигдснээр нэг сарын олох байсан орлого 6.746.330 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэв.

Хариуцагч Б.М нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Шийтгэх тогтоолоор М.Ө тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт гарсан. Гаргасан нэхэмжлэл нь нотлогдохгүй, баримт байхгүй, М.Ө нь зовхио татаж оёулсныхаа дараа оёдол шархаа эдгэрээгүй байхад нь баар, цэнгээний газраар үйлчлүүлж, архи согтууруулах ундаа хэрэглээд, өөрөө гам дэглэмээ бариагүй байх учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн болно.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.  Үүнд:

Хариуцагч Б.М нь 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах Б буудлын гадаа нэхэмжлэгч М.Ө-тай хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн болох нь Эрүүгийн хэргийг Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/190 дугаартай шийтгэх тогтоолоор тогтоогдож байна. /хх-ийн 7-9 дүгээр тал/.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. гэжээ.

Хуулийн дээрх зохицуулалтад дурдсан гэм хорын хохирлыг гаргуулахаар шаардах эрхийн урьдчилсан нөхцөл нь бусдын эрүүл мэндэд халдсан гэм буруутай үйлдэл, учирсан хохирол, уг гэм буруутай үйлдэл, хохирол нь хоорондоо шалтгаант холбоотой байхаар тодорхойлогдоно.

Дээрх гэмт хэргийн улмаас нэхэмжлэгч М.Ө-н биед баруун доод зовхинд шарх бүхий хөнгөн гэмтэл учирсанд зохигч маргаагүй.

Харин хариуцагч нь нэхэмжлэгчийн биед учирсан гэмтэл нь хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт гарсан гэж маргав.

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ...зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж, мөн хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй. гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас өөрт учирсан хохирол болох олох байсан орлогыг шаардах эрхтэй.

Харин хариуцагчийн буруутай үйлдлээс нэхэмжлэгчийн биед учирсан гэмтэл нь нэхэмжлэгчийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд ямар байдлаар нөлөөлснөөс тэрээр олох байсан орлогоороо хохирсон үйл баримттай шалтгаант холбоотойгоос гадна олох байсан хохирол нь баримтаар нотлогдох ёстой.

Гэтэл нэхэмжлэгч М.Ө-н биед учирсан баруун доод зовхинд шарх бүхий гэмтэл нь түүний хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлсөн, мөн олох байсан орлого зэрэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч нь 28 хоногийн хугацаанд тоос, тоосонцортой орчинд удаан хугацаагаар юм ширтэхгүй байх, гам сахих шаардлагатай гэж эмч зөвлөсний улмаас ажлаа хийж чадаагүй гэж тайлбарлах боловч хавтаст хэргийн 25, 65 дугаар хуудсанд авагдсан эмнэлгийн тодорхойлолт, эмч Л.Баньдхүүгийн тодорхойлолтын хуулбарууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасныг зөрчсөн.

Мөн 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд дансаар 14,321,900 төгрөгийн орлого олсон гэх боловч хавтаст хэргийн 56-63 дугаар хуудсанд авагдсан дансны хуулга нь данс эзэмшигчийн нэр тодорхойгүй буюу нэхэмжлэгчийн эзэмшдэг данс эсэх нь тодорхой бус байна.

Түүнчлэн дээрх хугацаанд суралцагчийн сургалтын төлбөрийн орлого 3,578,300 төгрөг, бэлнээр 2,982,200 төгрөгийн орлогыг тус тус олж байсан гэх боловч энэ талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй, мөн нүүрэн хэсэгтээ У  эсгүүрийн сургалт, хуудас 69-86, 2019 .9 сар суралцагчдын тооцоо гэх бичвэр бүхий дэвтэрүүдэд тус шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 02-ны өдөр хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тухайн орлогыг олсон эсэхийг тооцоолох боломжгүйн зэрэгцээ дээл оёсны ажлын хөлсөөр олох байсан орлогын үндэслэлээ тодорхойлсон боловч энэ талаар нотолсон баримт хэрэгт авагдаагүй.

Нэхэмжлэгч М.Ө нь У ХХК-ийн захирлаар ажиллаж үслэг арьсан хувцаснаас бусад хувцас үйлдвэрлэл, оёдол эсгүүрийн сургалт, даавуу бөс барааны төрөлжсөн дэлгүүрийн жижиглэн худалдаа эрхэлдэг болох нь хавтаст хэрэгт авагдсан Удамт учиг хязгаарлагдмал хариуцлагатай компанийн 1711008027 улсын бүртгэлийн дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, /хх-ийн 3, 4-р тал/, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас олгосон Мэргэжлийн сургалтын байгууллагын гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус нотлогдож байна.

Компанийн тухай хуулийн 95 дугаар зүйлд компани нь хууль тогтоомжоор тогтоосон журмын дагуу нягтлан бодох бүртгэл хөтлөн, санхүүгийн тайлангаа баталгаажуулан, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан гаргаж, татвар төлөх үүргийг хуулиар хүлээнэ.

Өөрөөр хэлбэл, хуулийн этгээдийн санхүүгийн орлого, зарлага, ашиг, алдагдал нь төрийн зохих байгууллагад тайлагнасан санхүүгийн тайлан, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн баримтаар баталгааждаг учир тухайн санхүүгийн баримтаар олох байсан орлого, эсвэл татвар төлсний дараах ашиг буурсныг нотлох юм.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон Удамт учиг ХХК-ийн 2021 оны 4 дүгээр улирлын татварын тайлан тушаалтын талаарх тодорхойлолт хавтаст хэргийн 23 дугаар хуудсанд авагдсан боловч уг тодорхойлолтын хүчинтэй байх хуулийн хугацаа дууссан.

Түүнчлэн нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан нэхэмжлэлийн шаардлагын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй хэрэгжүүлээгүй байна.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар нэхэмжлэгч М.Ө-н нэхэмжлэлтэй, хариуцагч Б.М-д холбогдох, гэм хорын хохиролд олох байсан орлого 6,746,330 (зургаан сая долоон зуун дөчин зургаан мянга гурван зуун гуч) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Иргэдийн төлөөлөгч Э.Ням-Эрдэнийн-ныг төлүүлэх нь зүйтэй дүгнэлт нь шүүхээс өгсөн хариуцагчийг гэм буруутай гэх эрх зүйн дүгнэлттэй тохирч байх хэдий ч нэхэмжлэгчийн олох байсан орлого нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтаар нотлогдохгүй байх тул иргэдийн төлөөлөгчийн хохирлыг төлүүлэх гэх агуулга бүхий дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдах нь зүйтэй.

Хавтаст хэргийн 5-6, 19-20, 24, 26-37, 64, дугаар хуудсанд авагдсан баримтууд нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, 39, 64 дүгээр хуудсанд авагдсан Хөвсгөл аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуулбарлав гэх тэмдэг бүхий баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасныг зөрчсөн, 40-55 дугаар хуудсанд авагдсан баримтууд нь бичгийн нотлох баримтын шаардлага хангахгүй, 84-85 дугаар хуудсанд авагдсан баримт нь тухайн сургалтын гэрээг байгуулсан боловч төлбөрийг ямар хэлбэрээр авсан эсэх нь тодорхойгүй, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан У ХХК-ийн 2022 оны 4 дүгээр улирлын татварын тайлангийн тушаалт гэх баримт нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар нэхэмжлэгч М.Ө-н нэхэмжлэлтэй, хариуцагч Б.М-д холбогдох, гэм хорын хохиролд олох байсан орлого 6,746,330 (зургаан сая долоон зуун дөчин зургаан мянга гурван зуун гуч) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.  

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Н.БЯМБАСҮРЭН

ШҮҮГЧИД С.ОЮУНЖАРГАЛ

Р.САРАНТУЯА