2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2202

 

 

 

 

 

 

 

 

 

   2025          9          23                                           2025/ШЦТ/2202

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Ц.Дашдолгор,

улсын яллагч Г.Энэрэл,

шүүгдэгч Т.А****************, түүний өмгөөлөгч Т.Мөнхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас К****************** овогт Т*****************н А****************д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2305032071059 дугаартай хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 19** оны 8 дугаар сарын **-ны өдөр ** аймагт төрсөн, 40 настай, эмэгтэй, дээд боловсролтой, ашигт малтмалын баяжуулалтын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл **, нөхөр, хүүхдүүдийн хамт ** аймгийн *** сумын 4 дүгээр баг, ***, ** дүгээр хороолол, ** байр, *** тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо ***** дүүргийн *** дүгээр хороо, "****" хотхон, *** дугаар байр, *** тоотод түр оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, К****************** овогт Т*****************н А****************. /*********/

 

Шүүгдэгч Т.А**************** нь "Л.Э***************ын эзэмшлийн **-** БӨҮ улсын дугаартай, Мицубиши фюсо супергрийт маркийн тээврийн хэрэгслийг бусдад 70,000,000 төгрөгөөр худалдаж, төлбөрийг 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлнө" гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 2022 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах нотариатын газраар тээврийн хэрэгслийг худалдах, эрх шилжүүлэх итгэмжлэл хийлгүүлэх замаар эд хөрөнгийн эрхийг нь шилжүүлэн авсны улмаас хохирогч Л.Э***************т 49,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.А**************** мэдүүлэхдээ “Би багш Э********ийн хэлсэн үг, үйлдлээр явсан бөгөөд намайг хуурч мэхэлж гэмт хэрэгт орооцолдуулж байна гэж бодоогүй. Би дээрх хүмүүсийг танихгүй, урьд өмнө нь уулзаж байгаагүй.

Итгэмжлэлийг авсан өдрөөс өмнө дээрх хүмүүстэй уулзаж байгаа учир итгэл төрүүлж, бусдыг хуурч авсан зүйл байхгүй. Цэцэрлэгийн байр болгохоор авсан байрыг 5 дугаар сард түрээслэхээр Эрдэнэтэд хотод очсон байсан бөгөөд түрээсэлж байх хугацаандаа Э***************ыг манай найз гэр бүлээрээ ирж надад тусалж ажиллах гэж байгаа гэж хэлсэн. Учир шалтгааныг нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасуулсан учир ажилгүй байгаа гэж хэлсэн. Тэгээд уг тээврийн хэрэгслийг 5 дугаар сараас 7 сар хүртэл зарах гэж явсан тухайгаа хэлсэн. Улаанбаатар хотод байрлаж байгаа байр нь том тээврийн хэрэгслийг хөдөлгөөд явах боломж байхгүй байна, Эрдэнэтэд ирж надад туслах гэж байгаа учир чи итгэмжлэл аваад үлдчих гэж хэлсэн. Тэгээд намайг 7 дугаар сард 25 дугаар эмийн сангийн тэнд байх нотариат орж, уг тээврийн хэрэгслийг 2 сарын хугацаанд зарж борлуулахаар итгэмжлэл хийлгэчих гэж Э******** багшийнхаа хэлсний дагуу итгэмжлэл хийгдсэн. 2 сарын хугацаанд зарна гэж итгэмжлэл хийлгэсэн боловч уг хугацаанд тээврийн хэрэгсэл зарагдаагүй. Харин байрлаж байх ТЭЦ 3-ийн хашаанаас авсан зорилго нь гэвэл уг тээврийн хэрэгслийг яаралтайгаар гаргах хэрэгтэй байна гэж хэлсэн. Би Э*************** ах өөрөө түр гуйж байрлуулсан тухайгаа хэлсэн учир би уг тээврийн хэрэгслийг авч явж Эрдэнэтэд байрлуулсан. 7 дугаар сард Э***************, Бя*********** нар нь Баян-Өлгий орж эд зүйлээ бэлдээд эргэн Эрдэнэтэд ирж манай ажлыг байр нь дээр үйл ажиллагаагаа бүтэн жил явуулсан. Хоорондоо хэрхэн тохиролцож ажилласан талаар мэдэхгүй, харин энэ хоёр гэр бүл үйл ажиллагаа явуулж байсан нь үнэн. Түрээсэлж байх үеийн зардал 13,000,000 төгрөгийн түрээсийг зогсоогоод, уг түрээсийг өгнө гэж хэлж явсан боловч бүтэн жилийн хугацаанд өгсөн зүйл байхгүй. Уг тээврийн хэрэгслийг 2 сарын хугацаанд зарна гэж итгэмжлэл хийсэн байсан бөгөөд зарагдахгүй удаад байхаар нь би 10 дугаар сарын сүүлээр Н*********** гэх залууд өгсөн. Яагаад өгсөн бэ гэвэл би Н***********ийн эгчээс 100,000,000 төгрөг зээлсэн байсан бөгөөд 65,000,000 төгрөгийг төлөөд үлдсэн 35,000,000 төгрөгийг төлөөгүй байсан учир би өрөндөө уг тээврийн хэрэгслийг өгсөн. Өгөх үедээ Э*************** ахтай тохиролцож өгсөн. Уг тээврийн хэрэгсэл 2005 оных байсан бөгөөд 70,000,000 төгрөгөөр зарагдахгүй байсан. Тэгээд итгэмжлэл хийгдсэнээс хойш 4 сарын дараа зарагдсан” гэв.

 

Нийслэлийн тойргийн нотариатчийн 2022 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 0427 бүртгэлийн дугаартай Л.Э***************аас Т.А****************д **********арлын дугаар бүхий **-** БӨҮ улсын дугаартай, Мицубиши Фюсо супергрийт /Mitsubishi, Fuso Supergreat/ маркийн тээврийн хэрэгслийг худалдах, арилжих, гэрээ байгуулах, гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, бүртгэлийн байгууллагад өмчлөх эрхийг шилжүүлэх үйлдэлд төлөөлөх, холбогдох баримтад гарын үсэг зурах үйлдэл хийх бүрэн эрхийг олгосон итгэмжлэлийн хуулбар. /хэргийн 15 дахь тал/

 

Хохирогч Л.Э***************ын “Би ерөнхийдөө машинаа зарах гэж байсан, тэгээд манай эхнэр найздаа хэлээд манай эхнэрийн найз, миний ч бас найз Э******** нь өөрийн шавьдаа хэлсэн байгаа юм, тэгээд А**************** гэх эмэгтэйг танилцуулаад ерөнхийдөө бартерд оролцуулаад яагаад ч билээ дээ мөнгийг чинь гаргаад өгье гэж хэлж байсан. Тэгээд би ерөнхийдөө итгэлгүй байсан боловч манай найз Э******** нь "Манай шавь байгаа юм, асуудалгүй, нөхөр нь ГОК-д ажилладаг, асуудалгүй мөнгийг чинь өгчихнө өө, ямар нэгэн татлаа түтлээ байхгүй, хувьдаа хаус, орон сууцтай, өөрсдөө бизнес эрхэлдэг, ёстой ямар ч асуудал байхгүй" гэж тайлбарлаж байсан. Тэгэхээр нь би найздаа итгээд тухайн А**************** гэх эмэгтэйд итгэмжлэл хийж өгөөд машинаа өгсөн юм. Тухайн үедээ надад бичгээр машин худалдан борлуулж мөнгийг 2022.09.01-ний дотор хийнэ гэж хэлсэн юм. Тэгээд манай эхнэр Эрдэнэтэд 2022 оны 08 сард очоод 2022 оны 12 сар дуустал ажилласан, тэгэхэд А**************** нь байнга очдог байсан бөгөөд "Ажил бүтсэнгүй, ажил бүттэл сар бүр 2,5%-ийн хүүтэйгээр бодож төлбөрийг төлье" гэж хэлж байсан. Түүнээс хойш эхнэр бид 2 хүлээсэн бөгөөд одоог хүртэл ердөө 11.050.000 төгрөгийг увуулж цувуулаад, зовлон жаргал ярьж байгаад өгч байгаа юм. Энэ мөнгө нь хүүний мөнгө гэж тооцсон юм. Сар болгон хүүг нь өгч байя гэж байсан боловч хүүгээ ч цаг хугацаанд нь өгөхгүй, машины төлбөрийг ч өгөхгүй байгаа юм.

Би яг гэрээ бол хийгээгүй, нотариатаар орж, тээврийн хэрэгслийг худалдан борлуулах итгэмжлэл хийж өгөөд тээврийн хэрэгслээ өгч явуулсан юм.

Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 25-р эмийн сангийн автобусны буудалд байх нотариат орж итгэмжлэлээ хийж өгөөд, гэрээсээ түлхүүрээ авч өгөөд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ТЭЦ- 3-ын хашаанаас машин авч явсан. Би мөнгөө буцаан авах хүсэлтэй байна. Одоо бол ямар ч холбоогүй байгаа юм. Би тээврийн хэрэгслийн 70.000.000 төгрөгөө буцаан авмаар байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 23-24 дэх тал/

 

Гэрч М.Э********ийн "2022 оны 7 дугаар сард 10 жил төгсөлтийн ой болоод ангийнхаа хүүхдүүдтэйгээ уулзаж, уулзалтын үеэр Э***************тай юм яриад сууж байх үед Э*************** Баян-Өлгийгөөс ачааны автомашинаа зарахаар хотод авч ирсэн гээд байсан. Би Э***************т туслах санаатай хүнээс асууж байгаад манай шавь А**************** машин тэрэг авч зараад байдаг болохоор "машин авах уу" гэж асуутал А**************** би зараад өгч болно гэхээр нь би тэр хоёрыг холбож өгсөн.

2022 оны 10 сард А**************** Э***************ын машиныг зарчихаад мөнгийг нь өгөөгүй байхаар нь А****************, Э***************ын эхнэр болох Бя*********** бид гурав уулзахад А**************** "миний мөнгө болохгүй байна, миний мөнгө гарах хүртэл би сар бүр хүү бодож хүүгийнхээ мөнгийг нь өгч байя" гэж хэлсэн" гэсэн мэдүүлэг. /хэргийн 32-33 дахь тал/

 

Гэрч Т.Бя***********ийн “Э*************** манай нөхөр байгаа юм. Анх А****************ыг бид нарт танилцуулсан М.Э******** нэг удаа бид нарыг уулзуулсан. Тэр үед А**************** нь "бид нар нэг зээл хөөцөлдөж байгаа, тухайн зээл бүтэхгүй байна, зээл бүтсэн үед бүрэн төлж өгөх болно” гэж хэлж тохиролцсон.

2023 оны 9 дүгээр сарын дундуур 10,000,000 төгрөг шилжүүлж өгсөн. Миний тооцоогоор ойролцоогоор 17,000,000-18,000,000 төгрөг авсан болов уу гэж бодож байна" гэсэн мэдүүлэг. /хэргийн 39 дэх тал/

 

Гэрч П.Н***********ийн "Би **-** БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшдэггүй. Тухайн тээврийн хэрэгсэл 2022 онд А****************ын нэр дээрээс миний нэр рүү шилжсэн. Учир нь А**************** нь миний төрсөн эгч Баа********гээр дамжуулан хүнээс зээлүүлж авсан 100.000.000 төгрөгөөс 65.000.000 төгрөгийн оронд өгсөн юм.

Тухайн тээврийн хэрэгслийг би цааш нь зараад төрсөн эгч Баа********гийн мөнгө зээлж авсан өрөнд өгсөн” гэсэн мэдүүлэг. /хэргийн 42 дахь тал/

 

Гэрч Г.Бат-Эрдэнийн "2023 оны 4 сард **-** БӨҮ улсын дугаартай Мицубиши фюсо супергрийт маркийн тээврийн хэрэгслийг Н*********** гэх хүнээс худалдаж авсан. Одоо тус тээврийн хэрэгслийг би зарчихсан. Харин миний нэр дээрээс шилжигдээгүй байгаа” гэсэн мэдүүлэг. /хэргийн 47 дахь тал/

 

Автотээврийн үндэсний төвийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 06 дугаартай албан бичиг, хавсралт. /хэргийн 59-60 дахь тал/

 

"Дамно" ХХК-ийн 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 1491 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 63-67 дахь тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд Л.Э***************, Т.А**************** нарын хооронд “**********арлын дугаар бүхий **-** БӨҮ улсын дугаартай, Мицубиши Фюсо супергрийт /Mitsubishi, Fuso Supergreat/ маркийн тээврийн хэрэгслийг худалдах, арилжих, гэрээ байгуулах, гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, бүртгэлийн байгууллагад өмчлөх эрхийг шилжүүлэх үйлдэлд төлөөлөх, холбогдох баримтад гарын үсэг зурах үйлдэл хийх бүрэн эрхийг олгосон итгэмжлэл” байгуулжээ.

 

Т.А****************, Л.Э*************** нарын хооронд иргэд хоорондийн хэлцэл байгуулж, нотариатаар баталгаажуулан гэрээ байгуулсан бөгөөд Т.А**************** нь өөрийн хүлээсэн үүргийг биелүүлж тээврийн хэрэгсэлийн төлбөрт Л.Энхбаатрын эхнэр Т.Бя***********ийн Хаан банкны ********** дансанд нийт 20,050,000 төгрөг төлж байжээ.

 

Хохирогч Л.Э*************** нь “тээврийн хэрэгслийн үнийг буцаан авмаар байна” гэсэн агуулгатай гомдол гаргаж энэ талаар хохирогчийн мэдүүлэг өгсөн байна.

 

Залилах гэмт хэрэг нь “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж“ гэсэн үндсэн шинжтэй байна.

 

Харин Т.А****************ын хувьд дээрх гэмт хэргийн шинж тогтоогдоогүй ба хохирогч Л.Э***************ын хувьд зөвхөн автомашины мөнгийг өгөхгүй удсан гэсэн шалтгаан хэлж байгаа бөгөөд энэ нь залилах гэмт хэргийн шинжид хамаарахгүй юм.

Иймд Т.А****************д холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгах үндэслэлтэй байна.

 

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Ингээд шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судласан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээнээс дүгнэхэд зөвхөн автомашины мөнгийг өгөхгүй удсан гэж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр Т.А****************д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Шүүгдэгч Т.А****************д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн тул иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхив.

 

Шүүгдэгч Т.А**************** нь Л.Э***************т нийт 23,850,000 төгрөгийг төлсөн баримт шүүхэд гаргаж өгсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Т.А**************** нь баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

                                                               ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч К****************** овогт Т*****************н А****************д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгасугай.

 

2. Шүүгдэгч Т.А****************д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийдвэр хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, Т.А**************** баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Энэ хэрэг гаргасан иргэний нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхисон болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Т.А****************д авсан хувийн баталгаа гаргах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ