Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 155/ШШ/2023/00088

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн даргалж, Ерөнхий шүүгч Б.Отгонбямба, шүүгч Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар баг Прокурорын байр, Хөвсгөл аймгийн Прокурорын газар,

Итгэмжлэгдсэн төлөөлөгч: Хөвсгөл аймгийн Прокурорын газрын шүүхэд төлөөлөх ажил хариуцсан ахлах прокурор ажилтай Ш.Л.О (А........),

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 2 дугаар багт оршин суух Ц.П.Лундаажанцан (Р...)

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохирол 56,964,579 (тавин зургаан сая есөн зуун жаран дөрвөн мянга таван зуун далан ес) төгрөг гаргуулах тухай 155/2022/01200/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Иргэдийн төлөөлөгч: Ч.Б

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.О,

Хариуцагч П.Л,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Өлзийбуян

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Прокурорын газар нь П.Л-д холбогдуулан гэм хорын хохирол төлбөр 56,964,579 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: П.Л нь 2021 оны 8 дугаар сард Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Цэцүүх 2 дугаар баг Их савга гэх газраас зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар 18.5 мшинэс модыг бэлтгэж экологи эдийн засагт 18,988,193 төгрөгийн хохирол учруулсныг Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч цолтой Ц.Тэмүлин нь Эрүүгийн 2238000850637 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан.

П.Л-д холбогдох Хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийг 2021 оны 01 дүгээр сар болон 8 дугаар саруудад үйлдсэн ба 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан үндэслэлээр 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 22 дугаартай тогтоолоор Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Уламбаяр нь хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна гэж заасан, иргэн П.Л-н хууль бус үйлдлийн улмаас Байгаль орчин, уур амьсгалын санд хохирол учирсан, уг хохирлыг нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргах эрх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно гэж заасны дагуу прокурор өөрийн санаачлагчаар төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

П.Л нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 18,988,193 төгрөгийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-т ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно гэж заасны дагуу 3 дахин нэмэгдүүлсэн буюу 56,964,579 төгрөгийг одоо болтол төлж барагдуулаагүй нь төрийн ашиг сонирхолд хохирол учруулсан хэвээр байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар П.Л нь 2021 онд хууль бус санаатай үйлдлээр төрд учруулсан гэм хорын хохирлоо хариуцан арилгах үүрэгтэй болно.

Иймд Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 41 дүгээр зүйл, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 31 дүгээр зүйлүүдэд заасны дагуу Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор прокурорын нэхэмжлэл гаргаж байна.

Иргэн П.Л-с гэм хорын хохирол 18,988,193 /арван найман сая есөн зуун наян найман мянга нэг зуун ерөн гурав/ төгрөгийг гурав дахин нэмэгдүүлж 56,964,579 /тавин зургаан сая есөн зуун жаран дөрвөн мянга таван зуун далан есөн/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулж өгнө үү гэж тодорхойллоо.

Хариуцагч П.Л шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Өмнө жил нь мод бэлтгэх зөвшөөрлийг өөрийн нэр дээр гаргуулж авсан байсан учраас миний нэр дээр мод бэлтгэх зөвшөөрөл гарахгүй, гэр бүлийн насанд хүрсэн гишүүний нэр дээр зөвшөөрөл ав гэхээр нь өөрийн хүү Л.Д-н нэр дээр 8м3 мод бэлтгэх тусгай зөвшөөрөл гаргуулж авсан байсан. Хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд миний хүү Л.Д хотод байсан, би өөрөө нэг ширхэг ч мод унагаагаагүй. Манай сумын ..дугаар багийн иргэн Р.Э нь 2021 онд манай гэрт ирээд би мод хийгээд сумын байгаль орчны болон экологийн байцаагч нарт баригдчихлаа, таньд ашиглаагүй гоожин байдаг гэнэ хүнээс дууллаа надад гоожингоо өгчих. Таны гоожингоор модоо үзүүлээд аргалах учир гоожингийн талаар ямар нэгэн хэл ам гаргахгүй, таньд хүндрэл учруулахгүй, санаа зовох ямар ч асуудал гаргахгүй гэж 3-4 удаа дахин дахин ирээд байхаар нь нутгийн хүн болохоор нь өрөвдөөд хэрэгтэй юм бол ав гээд гоожингоо өгсөн. Мод унагахад оролцоогүй, надад хөрөө рам ч байхгүй. ...Цагдаад хоёр удаа мэдүүлэг өгсөн, ...би мод бэлтгэсэн. Э-г цагаалж аваарай... гэх мэдүүлгийг Р.Э-г гуйгаад байхаар нь худлаа мэдүүлэг өгсөн. Одоо нэхэмжлэлийг би бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Надаас мөнгө гарах хууль зүйн үндэслэл байхгүй гэв.

Иргэдийн төлөөлөгч Ч.Б дүгнэлтдээ: Хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт шаардлага хангасан гэж үзэх боломжгүй байна. Тийм учир П.Л хохирлыг төлөх үндэслэлгүй харагдаж байна гэв.

Нэхэмжлэгч байгууллагаас шүүхэд 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 96 дугаартай Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, Хөвсгөл аймгийн Прокурорын газрын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 22 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Прокурорын тогтоол, Хөвсгөл аймгийн Эрчимт-Идэр сум дундын ойн ангийн инженер Р.О-н дүгнэлт, Экологийн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Б-ы 2022.05.09-ний өдрийн Т.С-с, 2022 оны 5 сарын 06-ны өдөр З.Б-с, 2022 оны 5 сарын 30-ны өдөр З.Батжаргалаас авсан гэрчийн мэдүүлэг, Ахлах дэслэгч Г.Ч-н 2022 оны 8 сарын 05-ны өдөр Л.Д-с авсан гэрчийн мэдүүлгүүдийн хуулбар, 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Г-96 дугаартай Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, 2022 оны 6 дугаар сарын 24-нд Модонд үзлэг хийсэн тэмдэглэлүүдийн хуулбарууд зэрэг баримтууд (хавтаст хэргийн 2-16-р дугаар тал)

Хариуцагч П.Л хариу тайлбар, Хөвсгөл аймгийн Прокурорын газрын эрүүгийн хэргийн салбар архив №31 ХУУЛБАР ҮНЭН 2022 оны 12 сарын 22 өдөр гэсэн дардас дарагдсан Мод бэлтгэх эрхийн бичиг ХӨА, дугаар 084282 , Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн прокурорын тогтоолыг танилцуулсан тэмдэглэл, 2022 оны 5 дугар сарын 09-ний өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай Мөрдөгчийн санал, 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Хөвсгөл аймгийн Прокурорын газар 2022 оны 10 сарын 19-ний өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай Прокурорын тогтоол, 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, Мэдүүлэг шалгах ажиллагаа явуулсан тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт, Хөвсгөл аймгийн Ж сумын засаг даргын тамгын газрын 2022 оны 4 сарын 20-ны өдрийн 3/167 дугаар, 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 01 дүгээр Мөрдөгчийн тогтоол, Хөвсгөл аймгийн Эрчимт-Идэр сум дундын ойн ангийн инженер Р.О-н дүгнэлт, Бөөрөнхий модон материалын хэмжилтийн хүснэгт, Эрүүгийн 2238000850637 дугаартай хэргийн яллагдагч Р.Э-н Фото зургийн үзүүлэлт зэргийн хуулбаруудыг гарган өгсөн. (хавтаст хэргийн 29-43 дугаар тал)

ҮНДЭСЛЭХ нь

Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч П.Л-н 2021 оны 8 дугаар сард Хөвсгөл аймгийн Ж сумын Цэцүүх 2 дугаар багийн нутаг Их савга гэх газраас зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар 18.5 м3 шинэс мод бэлтгэсэн гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан боловч гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

П.Л-н үйлдсэн дээрх гэмт хэргийн улмаас экологи, эдийн засагт 18.988.193 төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно гэж заасны дагуу 3 дахин нэмэгдүүлсэн буюу 56.964.579 төгрөгийг хариуцагч нь төлж барагдуулаагүй тул хохирлыг гаргуулна гэж нэхэмжилсэн байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ. Үүнд: ...Миний бие мод унагахад гар бие оролцоогүй, надад хөрөө рам ч байхгүй. Манай сумын ..дугаар багийн иргэн Р.Э нь 2021 онд гэрт ирээд би мод хийгээд сумын байгаль орчны болон экологийн байцаагч нарт баригдчихлаа, танд ашиглаагүй гоожин байдаг гэж хүнээс дуулсан, гоожингоо надад өгчих. Таны гоожингоор модоо үзүүлээд аргалах учир гоожингийн талаар ямар нэгэн хэл ам гаргахгүй, танд хүндрэл учруулахгүй, санаа зовох ямар ч асуудал гаргахгүй гэж 3-4 удаа дахин дахин ирээд байхаар нь нутгийн хүн болохоор нь өрөвдөөд хэрэгтэй юм бол ав гээд гоожингоо өгсөн. ...Прокурорын газраас надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон талаар хариу, албан бичгийг огт өгөөгүй, би шүүх дээр ирж байж л энэ бүхэнтэй танилцсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж мэтгэлцжээ.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдлоо.

Нэхэмжлэгч нь хариуцагч П.Л-г зөвшөөрөлгүй, хууль бусаар 18.5м3 шинэс мод бэлтгэсэн, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно гэж заасны дагуу хариуцагчаас 56.964.579 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулж өгнө үү гэж шаардлага гаргасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно гэж хуульчилсны дагуу прокурор нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

Хөвсгөл аймгийн Прокурорын газраас хариуцагч П.Л-г Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Цэцүүх 2 дугаар багийн нутаг Их савга гэх газраас зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар 18.5м3 шинэс модыг бэлтгэсэн үйлдэлд нь Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан боловч гэмт хэрэг үйлдсэнээс хойш 1 жилийн хугацаа буюу хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэсэн үндэслэлээр 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Прокурорын тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүн, эд хөрөнгөд хууль бусаар санаатай бюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/ -ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

Мөн зүйлийн 497.2-т зааснаар гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгддөг болно.

Өөрөөр хэлбэл учруулсан хохирол, гэм буруутай этгээдийн үйлдлийн улмаас үүссэн, энэ нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон тохиолдолд нэхэмжлэгчид шаардах эрх үүсэх онцлогтой юм.

Монгол улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 14-т зааснаар гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно гэж,

Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай эсэх, гэмт хэргийн улмаас хохирол учирсан эсэхийг шүүх шийдвэрлэх бөгөөд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 1-д шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хүн, хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй г гэж тус тус хуульчилсан.

Иймд П.Л-г Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн прокурорын тогтоолоор хариуцагч П.Л-г гэм буруутай гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Түүнчлэн нэхэмжлэгч нь П.Л-н үйлдсэн дээрх гэмт хэргийн улмаас экологи, эдийн засагт 18.988.193 төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэх тайлбар гарган маргаж байх боловч эрүүгийн хэргийг шалгаж байх явцад гаргасан Хөвсгөл аймгийн Эрчимт-Идэр сум дундын ойн ангийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр гаргасан 01 дугаартай Шинжээчийн дүгнэлтийн хуулбарыг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд үнэлэх боломжгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ өөрөө нотлох үүргээ биелүүлээгүй, мөн хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 96 дугаартай Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, Хөвсгөл аймгийн Прокурорын газрын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 22 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Прокурорын тогтоол, Хөвсгөл аймгийн Эрчимт-Идэр сум дундын ойн ангийн инженер Р.О-н 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр гаргасан Шинжээчийн дүгнэлт, Экологийн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Болдсайхны 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Т.С-с, 2022 оны 5 сарын 06-ны өдөр З.Б-с, 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр З.Батжаргалаас авсан гэрчийн мэдүүлэг, Ахлах дэслэгч Г.Ч-н 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Л.Д-с авсан гэрчийн мэдүүлгүүд, 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Г-96 дугаартай Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, 2022 оны 6 дугаар сарын 24-ны өдөр Модонд үзлэг хийсэн тухай тэмдэглэл зэрэг баримтуудын хуулбарт Хөвсгөл аймгийн Прокурорын газрын архивын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангахгүй баримтуудыг ирүүлжээ.

Иймд дээрх үндэслэлүүдээр Хөвсгөл аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй П.Л-д холбогдох гэм хорын хохирол 56.964.579 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэдийн төлөөлөгч Ч.Б нь шинжээчийн дүгнэлт шаардлага хангахгүй байх тул П.Лундаажанцан хохирлыг төлөх үндэслэлгүй гэх дүгнэлтийг гаргасан бөгөөд энэхүү дүгнэлт нь шүүхээс өгсөн эрх зүйн дүгнэлттэй тохирч байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хариуцагч П.Л-д холбогдох гэм хорын гэм хорын хохиролд 56,964,579 (тавин зургаан сая есөн зуун жаран дөрвөн мянга таван зуун далан ес)төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Н.БЯМБАСҮРЭН

ШҮҮГЧИД Б.ОТГОНБЯМБА

Б.МӨНХТУЯА