| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 195/2025/2210/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/2469 |
| Огноо | 2025-10-31 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | М.Эрдэнэзаяа |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2469
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Галмандах,
улсын яллагч М.Эрдэнэзаяа,
шүүгдэгч ********, өмгөөлөгч С.Оюунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт шүүгдэгч ********ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2505000000812 дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: **********
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******** нь үргэлжилсэн үйлдлээр “Хятад Улсаас шалаанз тээврийн хэрэгслийг хямд үнээр оруулж өгнө” гэж хохирогч ********хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2024 оны 12 сарын 09-ний өдөр 7 сая төгрөг, 12 сарын 19-ний өдөр 21 сая 200 мянган төгрөг, 2025 оны 01 сарын 20-ны өдөр 32 сая 100 мянган төгрөг, нийт 60 сая 300 мянган төгрөгийг Баянгол дүүргийн ******* тоотод байхдаа шилжүүлснийг авч, их хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч ******** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул шүүхэд мэдүүлэг өгөхгүй. Каргоны машин нэмж авахаар болоод хөрөнгө оруулалт хийсэн. Машины толгойн мөнгийг нь хүнд зээлсэн, төлж чадаагүй. Хохирлоо төлсөн байгаа. Маш их гэмшиж, ойлгож байгаа. Хохирогчоос уучлалт гуйсан. Дахиж хэрэг хийхгүй. Торгох ял өгнө үү” гэв.
Эрүүгийн 2505000000812 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч ********: “Би нөхөр ********зөвшилцөж байгаад 2024 оны 11 сарын сүүлээс 12 сарын 02-ны өдрийн хооронд гэртээ нөхрийн найз ********тэй уулзаад бид хоёрт ******** карго зөөх автомашин Хятад улсаас захиалж өгөхөөр ярилцаад бас түүний эхнэр ********тай уулзаад харилцан тохиролцоод 53 сая 300 мянган төгрөгөөр захиалуулахаар болсон. ******** “эхлээд 7 сая төгрөг өгчих, би та хоёрын машиныг авахын тулд эхлээд өөрийнхөө машиныг янзлах шаардлагатай байна” гэснээр 2024 оны 12 сарын 09-ний өдөр би өөрийн ...данснаас ********ийн ...данс руу 7 сая төгрөг шилжүүлсэн. 2024 оны 12 сарын 19-ний өдөр ******** “эхний ээлжинд та хоёрын захиалсан машины толгойг авах мөнгө 21 сая 200 мянган төгрөгийг шилжүүлээрэй” гэсэн болохоор нь би өөрийн данснаас ********ийн данс руу 10 сая төгрөг, үлдсэн 11 сая 200 мянган төгрөгийг ******** манай хадам аавын данс руу хийчих гэхээр нь **** ...данснаас ********ийн өгсөн түүний хадам аав гэх ********* ...данс руу шилжүүлсэн. 2025 оны 01 сарын 20-ны өдөр ...******** фейсбүүкээр надтай холбогдоод “машины үлдэгдэл болох чиргүүлийн мөнгө 32 сая 100 мянган төгрөгийг яаралтай шилжүүлэх хэрэгтэй байна, би цагаан сарын өмнө ажилдаа явна” гэхээр нь би данснаасаа ********ийн ...данс руу 32 сая 100 мянган төгрөг шилжүүлсэн. Ингээд нийтдээ ********д 3 удаагийн үйлдлээр 60 сая 300 мянган төгрөг шилжүүлсэн. Түүнээс хойш машинаа асуух бүрт ******** машин байгаа гэж хэлсээр 3 сар хүрсэн. 4 сард ******** “та хоёр одоо машины татварын мөнгөө төл” гэхээр Хятад руу ********тэй ********гэх найзыгаа цуг явуулаад машин бодитоор үзүүлээд татвараа төлөх гэхэд 2024 оны 04 сарын 30-ны өдөр ********Эрээнд очиж үзээд машин байхгүй байгааг бид хоёрт хэлсэн. Энэ хугацаанд ******** нөхөр бид хоёртой байнга холбоотой байгаад найдлага төрүүлж худлаа хэлж байсан. Гэвч машинаа ч авч чадаагүй залилуулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-10 дахь тал),
Гэрч ********: “Би нөхөр ********ийн хамт 2024 оны 12 сарын дундуур түүний найз ********, ******** нартай уулзаж хамтарч том машин авна, онлайн дэлгүүр нээнэ гэж ярилцан тохиролцоод салсан. Түүнээс хойш энэ асуудлын талаар уулзаагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33 дахь тал),
Гэрч ********: “Намайг Б.********, ********хоёр нь ********тэй Эрээн яваад байгаа машиныг үзэж хараад гялс гаалиар оруулаад ир гэж хэлсэн. 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Эрээн хот руу гараад хил дээр машин байгаа эсэхийг шалгах гэсэн боловч ******** надад “машины чиргүүл нь байхгүй, толгой нь Эрээнд биш, өөр хотод байгаа гэж хэлсэн. Тийшээ явах гэсэн боловч би явах боломжгүй байсан тул ******** зориуд явж чадахгүй гэж бодож өөр хотод байгаа гэж хэлсэн байх. Хэрвээ тэр толгой нь байсан бол одоо Монгол руу ороод ирэх боломжтой цаг хугацаа өнгөрсөн байна. Тэр үед Эрээн хот руу гарсан боловч машин байгаагүй. ******** “хоёулаа автомашины захаас том машины зураг аваад тэр зургийг Б.********, ********хоёрт явуулаад машин нь байна гээд 15 хоногийн хугацаа хожоод өгөөч” гэж гуйж байсан. Энэ хугацаанд ээжээрээ цалингийн зээл хөөцөлдүүлж байгаа, бүтэхээр нь машинаа бүтээгээд машинаа гаргаж ирээд ажлаа хийж эхэлье гэсэн. Тэгэхээр нь би “мөрийтэй тоглоом тоглохоо боль, чи ээжээрээ зээл авахуулаад дахиж тоглоод асуудалд унах юм байна, битгий тэг” гэсэн. Мөн би 15 хоногийн хугацаа хожиж өгч чадахгүй, чи зүгээр үнэнээ хэл гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 79 дэх тал),
Хохирогчийн Хаан банк дахь ...тоот депозит дансны хуулга (хх-12-13 дахь тал), ...тоот дансанд үзлэг хийсэн “2024.12.09 *** ******** ...тоот данс руу ******** гэх утгатай 7,000,000 төгрөг, 2024.12.19 ***** машин гэх утгатай 10,000,000 төгрөг, 2025.01.20 Машин гэх утгатай 32,100,000 төгрөг...” гэх тэмдэглэл (хх-14 дэх тал), Голомт банк дахь ...тоот дансны хуулга (хх-15 дахь тал), хохирогч, шүүгдэгч нарын фейсбүүк чатны хуулбар (хх-18-26 дахь тал), шүүгдэгчийн Хаан банк дахь ...тоот дансны хуулга (хх-33 дахь тал), хохирогчийн “******** нь зээлсэн мөнгөө бүрэн төлж барагдуулсан тул гомдол саналгүй” гэх хүсэлт (хх-87 дахь тал),
шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-39), эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол (хх-42), шийтгэх тогтоолын хуулбар (хх-45-48) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг,
шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргаж өгсөн Ус сувгийн удирдах газрын авто баазын “******** нь тус байгууллагад 2025 оноос хойш суудлын машины жолоочоор ажиллаж байна” гэх тодорхойлолт, Сүхбаатар дүүргийн ***дугаар хорооны Засаг даргын “******** нь тус хорооны **** тоотод ам бүл 8, түр оршин суудаг” гэх тодорхойлолт, хохирогчийн “********өөс хохирлоо авч барагдуулсан тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. Уучлалт гуйж хохирлыг бүрэн төлсөн байдлыг харгалзан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэх хүсэлт, хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаанууд зэрэг 7 хуудас баримтыг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч ********ийн гэрчээр өгсөн мэдүүлэг (хх-29-30)-ийг шүүх үнэлээгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.
Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанаар шүүгдэгч ******** нь үргэлжилсэн үйлдлээр “Хятад Улсаас шалаанз тээврийн хэрэгслийг хямд үнээр оруулж өгнө” гэж хохирогч ********хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2024 оны 12 сарын 09-ний өдөр 7 сая төгрөг, 12 сарын 19-ний өдөр 21 сая 200 мянган төгрөг, 2025 оны 01 сарын 20-ны өдөр 32 сая 100 мянган төгрөг, нийт 60 сая 300 мянган төгрөгийг Баянгол дүүргийн ******** тоотод байхдаа шилжүүлснийг авч их хэмжээний хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч ******** мэдүүлэг (хх-9-10), дансны хуулга (хх-12-13, 14-15), гэрч ********, ********нарын мэдүүлэг (хх-32-33, 79) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч ********ийн “Хятад улсаас шалаанз тээврийн хэрэгслийг хямд үнээр оруулж өгнө” гэж хохирогчийг хуурч, 3 удаагийн үйлдлээр 60,300,000 төгрөгийг шилжүүлж авсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан залилах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр, их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Өөр этгээдийн өмчлөл, эзэмшилд байгаа эд юмс, түүнийг хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг зөрчиж, үгээр болон үйлдлээр бодит байдлыг гуйвуулах замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлсний үндсэн дээр түүний зөвшөөрлийн дагуу хариу төлбөргүйгээр, өөрийн өмчлөлд авч байгаа, шунахай сэдэлттэй, шууд санаатай хийсэн шүүгдэгч ********ийн үйлдлийг залилах гэмт хэрэг гэж үзнэ.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.********д 60,300,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол бүрэн төлөгдсөн, хохирогчийн “******** хохирлоо бүрэн төлсөн” гэх хүсэлт (хх-87)-ийг үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч ********ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч ******** нь үргэлжилсэн үйлдлээр “Хятад Улсаас шалаанз тээврийн хэрэгслийг хямд үнээр оруулж ирж өгнө” гэж хохирогч ********хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулсны дагуу 2024 оны 12 сарын 09-ний өдөр 7 сая төгрөг, 2024 оны 12 сарын 19-ний өдөр 21 сая 200 мянган төгрөг, 2025 оны 01 сарын 20-ны өдөр 32 сая 100 мянган төгрөг, нийт 3 удаагийн гүйлгээгээр 60 сая 300 мянган төгрөгийг Баянгол дүүргийн *** дүгээр хороо, ***тоотод байхдаа шилжүүлснийг авч, их хэмжээний хохирол учруулан залилсан авсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч мөрийтэй тоглоом их тоглосон, одоо энэ зуршлаасаа салсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хувийн байдлыг харгалзан үзэх ёстой. Ар гэрийн байдлыг харгалзан 10 сая төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгнө үү...” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Иймд шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч шунахайн сэдэлтээр, үргэлжилсэн үйлдлээр хохирогчийг хуурч, их хэмжээний мөнгөн хөрнгийг шилжүүлэн авч эд хөрөнгийн эрхэд нь халдсан), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчид 60,300,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан, хохирол бүрэн төлөгдсөн, хохирогч “Гомдол саналгүй” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн “Ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэх хүсэлт, эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой, ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын шүүгдэгчийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгод нийцүүлэн шүүгдэгч ********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 (арван сая) төгрөгөөр торгох ял шийтгэв.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж (****-т жолооч ажилтай, тодорхой орлоготой гэх)-ийг харгалзан шүүгдэгч ********ийг 10,000,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******** цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ********гийн ********ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан залилах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр, их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч ********ийг 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 (арван сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********ийг 10,000,000 төгрөгөөр торгох ялыг 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******** торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******** бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР