Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 78

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гансүх даргалан,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Сувд-Эрдэнэ,

            Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Бунжаа,           

Шүүгдэгч: С.Төрмөнх нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хууль /шинэчилсан найруулга/-ийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж овогт Содномын Төрмөнхөд холбогдох 1735000290024 дүгээртэй эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

             Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, маргэжилгүй, ам бүл-3,  эхнэр 1 хүүхдийн  хамт  Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн 007 тоотод оршин суух Тайж овогт Содномын Төрмөнх /РД:ОЛ87112479/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Төрмөнх нь 2017 оны 6 дугаар сарын 22-ны орой Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн  нутагт С.Батдэлгэрийг нүдэн тус газар нь зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд :

             1. Хохирогч С.Батдэлгэрийн мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хадмындаа нөхөр Төрмөнхийн хамт очоод буцаад гэртээ 23 цагийн орчимд ирсэн. Тэгээд нөхөр, хүү Эрхэмбаяр бид гуравыг байж байсан чинь гадаа хашааны хаалга цохиод байхаар нь гарч очоод хэн бэ гэсэн чинь Мөнхөөтэй уудлзах гэсэн юм гэхээр нь байхгүй гэж хэлсэн чинь манай нөхөр хажуу айлаас гарч ирээд нөгөө хүний машинд суугаад хаалгаа хаагаад явах гээд байхаар нь араас нь гараад явуулахгүй машиных нь урд зогсоод явуулахгүй гэсэн чинь хөдлөөд зугтаагаад явсан. Нөхрийнхөө утасруу залгахаар утсаа авахгүй байсан. Тэгээд гэртээ ороод хувцасаа өмсөөд гарах гэсэн чинь машины түлхүүр аваад явсан байсан.  Тэгээд шөнө 02 цагийн орчимд манай нөхөр эрүүл шахуу орж ирээд намайг чи гарч явсан юмуу гэхээр нь би машины түлхүүр байхгүй гараагүй ээ гэсэн чинь чи гарсан байна, гэрт хүн авч ирсэн юм биш үү, хувцасаа өмссөн байна шдээ гэж хэлээд гараараа миний толгойд 5 удаа цохьсон, гараараа миний хоолойг боосон. Баруун  нүд рүү нэг  цохьсон чинь миний баруун нүдний ухархайн яс цөмөрсөн.  Хажуу айлын ах гадаа ирээд хаалга татсан чинь манай нөхөр хаалгаа тайлахгүй цагдаа дуудаад хэрэггүй гээд байсан. Тэгээд тухайн үедээ манай нөхөр уучлалт гуйсан. Ер нь зоддог байсан. Хэд хэдэн удаа зодсон. Архи согтууруулах ундааны зүйл байнга хэрэглэдэг. Надад ямар нэгэн санал, гомдол, хүсэлт байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 23-р тал/,

            2. Гэрч С.Отгонсүрэн мөрдөн байцаалтад өгсөн: “ 2017 оны 6 дугаар сарын 21-ний  өдөр Улаангом сумын 7 дугаар багийн нутагт 20-07 тоот хашаанд байх гэртээ ганцаараа байж байтал 23:00 цагийн үед манай хажуу талын айлын Төрмөнх гэдэг залуу манайд эрүүл орж ирсэн. Тэгээд байж байтал манай хашааны хаалгыг нэг хүн цохисон бөгөөд Төрмөнх манайхаас гараад явчихсан юм. Төрмөнх манай хашааны хаалга цохиод байсан хүмүүстэй хамт явсан юм. Тэгээд би шөнө гэртээ унтаж байтал 2017 оны 06 дугаар сарын 22-ны 03:00 цагийн үед манай хажуу талын айлын С.Батдэлгэр намайг дуудах шиг болсон тэгээд би гэрээсээ гараад тэдний хаалгыг эхлээд онгойлгоогүй бөгөөд Төрмөнх надад “зүгээрээ бид хоёрын хооронд жоохон маргаан гараад” гэж хэлээд хаалгаа онгойлгоогүй юм. Тэгээд би гэртээ унтаж байгаад өглөө 5:00 цагийн үед хажуу айлд хашгирах дуу гараад байхаар нь дахин тэдний хаалгыг очиж татахад онгойлоогүй юм. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өглөө шүү гэж хэлэхэд Төрмөнх гэрийнхээ хаалгыг онгойлгосон бөгөөд би тэдний гэрээр шагайхад С.Батдэлгэр зодуулчихсан байдалтай орон дээр сууж байсан юм. Тэгээд би Төрмөнхөд хүн амьтан унтуулахгүй байх юм цагдаад дуудлага өгнө шүү” гэж хэлчихээд гараад явсан юм. Тухайн үед Төрмөнх надад бид 2-ын хооронд маргаан байлаа та битгий цагдаад өгөөч” гэсэн. Тэгээд би гэрлүүгээ ороод унтаж амарсан юм.  Тэгээд үдээс өмнө би хашаандаа байж байтал С.Батдэлгэр гэрээсээ гарч ирэхэд баруун нүд нь хөхөрсөн байсан тэгэхээр нь би Төрмөнхөд “яаж байгаа юм” гэж асуухад “харин тиймээ бид 2 маргалдаад би цохичихсон юм” гэж хэлж байсан. Урьд өмнө нь Батдэлгэр, Төрмөнх нар гэртээ хэрэлдэж маргалдаж байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25-р тал/,

3. Гэрч Д.Жамбалдорж мөрдөн байцаалтанд өгсөн: “ С.Төрмөнх нь Сагил сумын 3 дугаар багт байдаг байсан бөгөөд С.Төрмөнх нь зан аашийн хувьд даруу төлөв, илүү дутуу үггүй, морь маланд сонирхолтой юм. С.Төрмөнх нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг бөгөөд архи уусан үедээ агсам согтуу тавьдаггүй юм. С.Төрмөнх нь одоогоор Улаангом суманд амьдарч байгаа бөгөөд эхнэр, нэг хүүхдийн хамт амьдардаг юм. С.Төрмөнх нь одоогоор ямар нэгэн эрхэлсэн тодорхой ажил байхгүй.   С.Төрмөнх нь хүнд тусархуу, хичээл зүтгэл сайтай, үнэнч хүн юм. Эрүүл мэндийн хувьд ямар нэгэн өвчингүй” гэх мэдүүлэг /хх-ийн 26-р тал,/

4. Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 417 дугаартай шинжээч эмчийн: “Үзүүлэгч С.Батдэлгэрийн биед гэмтэл учирсан байна. Баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун нүдний зовхи, алимны салстад цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шнжилгээ хийлгэх тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тодорхой хугацаанд нөлөөлнө. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно” гэх дүгнэлт /хх-ийн 12-р тал/,

 

            5.  Шүүгдэгч С.Төрмөнхийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа /хх-ийн 40-р тал/,

            6. Шүүгдэгч С.Төрмөнхийн хувийн байдлыг тогтоосон баримт /хх-ийн 33, 35, 43-44, 45-60-р тал /

            7. Шүүгдэгч С.Төрмөнх мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:  “Би Улаангом 7 дугаар багийн нутаг Ажилчны хороо 007 тоотод эхнэр Батдэлгэр, хүү Эрхэмбаяр нарын хамтаар оршин суудаг бөгөөд эхнэртэйгээ гэр бүл болоод 4 жил болж байна. 2017 оны 06 дугаар сарын 21-ны өдөр Улаан уулын хажууд байх өөрийн ээжийн гэр эхнэр хүүхдийн хамтаар очсон юм.  Тэгээд 23 цагийн орчимд эхнэр хүүхдийн хамт гэртээ ирсэн. Тэгээд гэртээ ирчихээд хажуу талын айл болох Отгонсүрэн ахын гэрт ороод байж байтал гадна хашааны хаалга дугарах шиг болсон тэгэхээр нь би Отгонсүрэн ахын гэрээс гарахад манай эхнэр болох Батдэлгэр нь хашаан хаалганы өмнө зогссон тэгээд би хашааны хаалга онгойлгоход манай найз Чинбат намайг машин бариад өгөөч би жаахан уух гэсэн юм гэсэн. Тэгээд манай эхнэр намайг гаргахгүй гээд байсан юм. Тэгээд би өөрийн найз Чинбатын машиныг бариад явж байгаад 2017 оны 06 дугаар сарын 22-ны шөнө 02:00 цаг болж байхад гэртээ ирэхэд манай эхнэр  хүүхэд унтаж байсан юм. Тэгтэл манай эхнэр сэрээд надад шөнө орой хүртэл явлаа гээд уурлаад байхаар нь би юм яриагүй халаалснаасаа тамхиа гаргаад авдар дээр тавьтал манай эхнэрийн хар өнгийн хөхний даруулга авдар дээр байсан тэгээд би юм бодолгүй хэвтэж байтал манай эхнэр бие засна гээд гараад явсан бөгөөд эхнэрийг гараад ороод ирэхэд авдар дээр байсан хар өнгийн хөхний даруулга нь алга болчихсон байсан юм тэгэхээр нь би эхнэрээсээ асуухад хар өнгийн хөхний даруулгаа өмсчихсөн байсан ба хөнжил дотор намайг гарахад өмсөж байсан улаан өнгийн плат нь үрчийчихсэн нойтон болчихсон байсан бөгөөд юу болсныг асуухад ээжийн гэрт байхад юм гараад платаараа арччихсан юм гэж надад хэлсэн. Тэгээд түүнээс болж би эхнэрээ хардаж хэрэлдэж маргалдаж байгаад манай эхнэр гарна гэхээр нь би гаргахгүй заамдаад автал манай эхнэр миний хуруунаас хазсан юм. Тэгэхээр нь би гараа сугалаад автал манай эхнэрийн баруун нүдийг би гараараа цохичихсон. Би урьд өмнө нь эхнэрээ зодож байгаагүй, хэрэлдэж маргалдаж байсан. Би С.Батдэлгэрээс уучлалт гуйсан бөгөөд эмчилгээний зардлыг төлсөн бөгөөд эхнэр бид хоёр одоо эвлэрсэн юм. Би өөрийн эхнэр болох С.Батдэлгэрийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан явдалд гэмшиж байна” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.          

             Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл: Шүүгдэгч С.Төрмөнх нь 2017 оны 6 дугаар сарын 22-ны орой Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутагт С.Батдэлгэрийг зодсон болох нь хохирогч С.Батдэлгэр, гэрч С.Отгонсүрэн, Д.Жамбалдорж нарын мэдүүлэг, шүүгдэгч С.Төрмөнхийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдож тогтоогдсон байна.

             Шүүгдэгч С.Төрмөнхийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Батдэлгэрийн бие махбодид “Баруун нүдний ухайрхайн дотор ханын хугарал, баруун нүдний зовхи, алимны салстад цус хуралт, зөөлөн эдийн няцралт зэрэг” гэмтэл учирсан байх ба уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь  2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 417 дугаартай шинжээчийн дүгнэлт тогтоогдсон тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзнэ. 

            Шүүгдэгч С.Төрмөнхийн үйлдэл нь 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял халдаах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.Төрмөнх нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан, хохирогч С.Батдэлгэр нь нэхэмжлэх хохирол, гомдолгүй гэж мэдүүлсэн нь хавтаст хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж үзлээ. 

 

             Шүүгдэгч С.Төрмөнх нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтоов.             

 Шүүгдэгч С.Төрмөнх нь учруулсан хохирлоо сайн дураараа төлж барагдуулсан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг ял шийтгэхдээ харгалзан үзсэн, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

            1. Шүүгдэгч Тайж Содномын Төрмөнхийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Төрмөнхийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгтэй тэнцэх хэмжээ буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Төрмөнхөд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын  дотор төлж барагдуулах хугацаа тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

            5. Шүүгдэгч С.Төрмөнх нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй болохыг тус тус дурдсугай.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар С.Төрмөнх нь өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.ГАНСҮХ