Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 2021/ДШМ/34

 

Ө.Эт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Л.Нямдорж, Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор В.Дэлгэрмаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргал

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Золцэцэг нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж хянан шийдвэрлэсэн шүүгчийн 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 2021/ШЗ/246 дугаар захирамжийг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцлээр Ө.Эт холбогдох эрүүгийн 1914005450026 дугаар хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Ө.Э, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,

Ө.Э нь Баянхонгор аймгийн Жинст сумын Бэлчээр ашиглалтын холбооны өмчлөлийн Хил хязгааргүй малын эмч нар, агрономичид тогтвортой ноолуур төсөл байгууллагын 2019 оны 2 сард өгсөн бусдын итгэмжлэн хариуцуулан өгсөн эд хөрөнгө болох 39-12 УНП улсын дугаартай УАЗ фургон маркийн тээврийн хэрэгслийг албан тушаалын байдлаа ашиглан 2019 оны 05 сард бусдад дур мэдэн зарж борлуулан завшин бусдад 12.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн Прокурорын газраас Ө.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Ө.Эт холбогдох хэрэгт цугларсан болон шүүхээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудын хүрээнд шүүх эрх зүйн дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй дараах үндэслэл тогтоогдов.

Үүнд:

1/ Гэрч Д.Эийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Холбооны тэргүүн захиран зарцуулах эрхтэй гэж үзэж байна...” гэх мэдүүлэг, гэрч С.Лы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “....Бэлчээр ашиглалтын холбооны эд хөрөнгийг тэргүүн захиран зарцуулах эрхтэй, цагдаад гаргасан гомдолд зурсан гэхдээ бараг хүчээр зуруулсан юм, Бэлчээр ашиглалтын холбоонд ирсэн Пургон машин хэзээ ирснийг санахгүй байна. Ирэх нь бол ирсэн, Пургон машин худалдах талаар зөвшөөрөл авсан, Тэр тогтоолд гарын үсэг зурсан байна. Зөвшөөрсөн учраас гарын үсэг зурсан...” гэх мэдүүлэг, гэрч Ж.Бы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Ө.Э холбооны хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй байсан, Пургон машин худалдах борлуулах талаар хэлж байсан. Өвөл тэмээний уралдаан болж байсан. Бэлчээр ашиглах холбоонд машин ирсэн гэж байсан. Ганц эмэгтэй хүн Пургон унаад хаана явж байх вэ жижиг машин болгоод унаж болно гэж ахлагч нар хэлсэн, худалдах эрхийг олгосон, манай бэлчээр ашиглалтын хэсгийн 6-7 тэргүүлэгч ирсэн байсан, Пургоноо жижиг машин болгож уная гэж хэлж байсан....” гэх мэдүүлэг, гэрч Б.Мөнхзоригийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Эд хөрөнгийг захиран зарцуулах эрх

Эт байдаг, Машин солих талаар надаас асуусан зүйл байхгүй, Пургон машиныг жижиг тэрэг болгох талаар мэдэхгүй...” гэх мэдүүлгүүдээс дүгнэхэд шүүгдэгч Ө.Э сумын бэлчээр ашиглагчдын холбооны пургон авто машиныг захиран зарцуулах эрхтэй, эсхүл удирдах зөвлөлийн шийдвэрээр захиран зарцуулсан болох талаар гэрчүүд мэдүүлж байх тул шүүгдэгч Ө.Эийн үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3-д заасан гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг нотлоогүй өөрөөр хэлбэл шүүгдэгч Ө.Э нь бэлчээр ашиглалтын холбоонд өгсөн авто машиныг албан тушаалын байдлаа ашиглан завшсан буюу дур мэдэн зарсан гэх үйлдэл бүрэн нотлогдоогүй, уг авто машиныг зарах зөвшөөрлийг удирдах зөвлөл буюу гишүүд Л, Б, Мөнхзориг нар зөвшөөрсөн, энэ талаар хурал хийж хурлын тэмдэглэл гаргасан гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж өмнөх мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээс зөрүүтэй мэдүүлэг өгч байгаа бөгөөд нотолбол зохих байдал нотлогдоогүй байна гэж үзэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор В.Дэлгэрмаа тус шүүхэд гаргасан 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 18 дугаар эсэргүүцэлдээ:

Хэргийг буцаасан шүүгчийн захирамжид заасан ажиллагаа нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн буюу хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь шүүхээс шүүхийн хэлэлцүүлэгт орсон гэрчүүд болох С.Л, У.Мөнхжаргал, Т.Энхбаатар, Н.Долгормаа, Ж.Н, Ж.Б, Ц.Г, П.Батчулуун, С.Л, Б.Мөнхзориг нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүдэд хэрхэн ямар байдлаар үнэлэлт, дүгнэлт өгч байгаа талаар дурдалгүй зөвхөн шүүхийн хэлэлцүүлэгт гэрч С.Л, Ж.Б, Б.Мөнхзориг нарын мэдүүлэгт үндэслэж хэргийг буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэснийг зөрчсөн байна.

Нөгөөтээгүүр нь гэрчүүдийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээс гадна Жинст сумын бэлчээр ашиглалтын холбооны улсын бүртгэлд хадгалагдаж байгаа хувийн хэргээс хуулбарлан авсан нотлох баримтууд болох 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн үүсгэн байгуулагчдын 01 дугаартай тогтоолоор баталсан Баянхонгор аймгийн Жинст сумын Бэлчээр ашиглалтын холбоо төрийн бус байгууллагын дүрэм”, 01 дугаартай тогтоол, хурлын тэмдэглэл зэрэгт тал бүрээс бүрэн бодитой дүгнэлт хийгээгүй байна.

Учир нь үүсгэн байгуулагчдын 01 дугаартай тогтоолоор баталсан Баянхонгор аймгийн Жинст сумын Бэлчээр ашиглалтын холбоо төрийн бус байгууллагын дүрэмд зааснаар тэргүүн нь холбооны эд хөрөнгийг дур мэдэн захиран зарцуулах эрхгүй байх бөгөөд мөн дүрмийн 5.4 дүгээр зүйлд зааснаар удирдах зөвлөлийн тэргүүн нь “ ажлын тайлан, төлөвлөгөө төсвийн гүйцэтгэлийн тайланг бэлтгэж удирдах зөвлөлийн хуралд хэлэлцүүлэх, удирдах зөвлөлийн хурлын бэлтгэл ажлыг хангах, шаардлагатай мэдээ, мэдээллийг гаргаж өгөх” эрх, үүрэгтэй байхаар тусган баталсан байдаг.

Мөн дүрэмд зааснаар удирдах зөвлөл нь эрх барих дээд байгууллага бөгөөд удирдах зөвлөл нь холбооны хөрөнгийн шинжтэй харилцааг Төрийн бус байгууллагын хууль болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн Удирдах зөвлөл шийдвэрлэхээр заасан зэргээс үзэхэд тэргүүн Ө.Э нь дүрмийн 7.1.2-д заасан бусад байгууллагын хандиваар ирсэн УАЗ Пургон маркийн тээврийн хэрэгслийг дур мэдэн зарж борлуулах эрхгүй байна.

Холбооны тэргүүн Ө.Э нь машин худалдан борлуулах талаар удирдах зөвлөлийн гишүүдэд 2019 оны 02 дугаар сард болсон тэмээний уралдааны үеэр мэдэгдэж хуралдсан гэж яллагдагч болон гэрчүүд мэдүүлж байгаа хэдий ч тухайн цаг хугацаанд буюу 2019 оны 02 дугаар сард хуралдсан гэх хурлын тэмдэглэл, тэмдэглэлд үндэслэсэн тогтоол, шийдвэр зэрэг баримтууд байхгүй, 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр гэсэн огноо бүхий хурлын тэмдэглэл мэт удирдах зөвлөлийн гишүүд болох С.Л, н.Н нарын нэр бүхий 4 хүний гарын үсэг зурсан баримтыг хэрэгт яллагдагч Ө.Эийн зүгээс гаргаж өгсөн бөгөөд түүнийг холбооны албан ёсны дүрэмд зааснаар хуулийн хүчин төгөлдөр хурал болсон гэж үзэх үндэслэлгүй юм.

Түүнчлэн хурал хийж шийдвэр гаргасан гэх боловч тухайн гарын үсэг зурсан 5 гишүүд нь хурал болоогүй талаар дараах мэдүүлгийг өгсөн байна. Үүнд:

С.Лгийн “2019 оны 2 сард тэмээчдийн баяр дээр хурал болоод тухайн хурал... дээр зарахаар шийдвэр гарсан” гэж,

Ж.Бы “тэмээний баяр болоод суманд ирсэн байсан. Тэгээд холбооны тэргүүн Ө.Эийн өрөөнд ороход төслийн байгууллагаас манай холбоонд фургон машин ирсэн... жижиг машин болгосон нь дээр юм гэж хэлж ярилцсан юм” гэж,

Гэрч Т.Ггийн “2019 оны 01 сард Ө.Эийн өрөөнд ороход С.Л, Ж.Б нар байсан. Өөр хүмүүс байгаагүй. Тэр үед...бид нар ярилцаж байгаад зөвшөөрсөн юм” гэж,

Гэрч Ц.Гын “2019 оны 02 сард... тэмээчдийн баяраар би ямар нэг хурал зөвлөгөөнд суугаагүй юм. Гарын үсэг зурсан өргөдлийг уншаагүй гарын үсэг зурсан. 2019 оны 05 сард... би бол хуралд суугаагүй... гарын үсэг зурсан өдрийг 2019 оны 05 сарын хэдний өдөр гэдгийг санахгүй байна” гэж,

Гэрч Ж.Нийн “2019 оны 02 сарын үед... Ө.Этэй таарахад ... төслийн машинаас пургон автомашин ирж байгаа, унаж байсан Тулга гэх жолооч нь өөрөө машинаа авч үлдмээр байна. Зараад мөнгийг нь өгье гэж хэлж байна. Мөнгөөр нь бензин бага иддэг жижиг машин авчихдаг юмуу гэж ярьж байхаар нь тэг тэг гэж хэлээд... хуралдмаар юм бишүү гэж хэлэхэд Ө.Э “хурлын зар өгөөд хуралдаа ирдэггүй юм” гэсэн мэдүүлэг зэрэг мэдүүлгүүд авагджээ.

Дээрх байдлаас дүгнэж үзэхэд Төрийн бус байгууллагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийг зөрчиж удирдах зөвлөлийг хуульд заасан журмын дагуу хуралдуулалгүйгээр удирдах зөвлөлийн бусад 5 гишүүнийг огт мэдэгдэлгүй, албан ёсны зар тавилгүй, албан бусаар ганц нэг хүнтэй амаар ярьж, нөхөж гарын үсэг зуруулсныг хуралдсан мэтээр тайлбарлаж буй нь нотлогддог.

Мөн Ө.Э нь УАЗ пургон машиныг зарсны дараагаар холбоондоо худалдан авсан гэх тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр шилжүүлэн хувьдаа ашиглаж байсан бөгөөд 2019 оны 06 дугаар сард хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж эхэлсний дараа холбооны нэр дээр шилжүүлсэн нь түүний сэдэлт, санаа зорилгыг бүрэн нотлох бөгөөд уг үйл баримт нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний түүхчилсэн мэдээллээр тогтоогдоно. Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг зөрчиж, хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянаагүй, прокурорын яллаж буй гэрчүүдийн мэдүүлгийг хэрхэн үгүйсгэж буй талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй, байх тул Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 2021/ШЗ/246 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

Прокурор В.Дэлгэрмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүхэд гаргасан эсэргүүцлээ дэмжиж оролцоно.Шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаана уу гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргал тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгчийн захирамж үндэслэлтэй тул хэвээр үлдээнэ үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Прокурор В.Дэлгэрмаагийн бичсэн эсэргүүцэлд үндэслэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлан үзвэл:

Прокуророос шүүгдэгч Ө.Э нь Баянхонгор аймгийн Жинст сумын Бэлчээр ашиглалтын холбооны тэргүүнээр ажиллаж байхдаа Хил хязгааргүй малын эмч нар, агрономичид тогтвортой ноолуур төсөл байгууллагаас 2019 оны 2 сард Баянхонгор аймгийн Жинст сумын Бэлчээр ашиглалтын холбоонд өгсөн, тус холбооны өмчлөлийн 39-12 УНП улсын дугаартай УАЗ фургон маркийн тээврийн хэрэгслийг албан тушаалын байдлаа ашиглан 2019 оны 05 сард бусдад дур мэдэн зарж борлуулан завшиж бусдад 12.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас Ө.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч Ө.Эт холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлон тогтоосон байх бөгөөд эрүүгийн хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу авагдсан нотлох баримтуудыг шүүгч тал бүрээс нь нягт нямбай, бодит байдлаар хянах, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн хэлэлцүүлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд гэм буруутай, эсэхийг холбогдох хуулиудад нийцүүлэн хянан шийдвэрлэх бүрэн боломжтой байхад хэргийг үндэслэлгүйгээр Прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ “ ... шүүгдэгч Ө.Эийн үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3-д заасан гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг нотлоогүй өөрөөр хэлбэл шүүгдэгч Ө.Э нь бэлчээр ашиглалтын холбоонд өгсөн авто машиныг албан тушаалын байдлаа ашиглан завшсан буюу дур мэдэн зарсан гэх үйлдэл бүрэн нотлогдоогүй, уг авто машиныг зарах зөвшөөрлийг удирдах зөвлөл буюу гишүүд Л, Б, Мөнхзориг нар зөвшөөрсөн, энэ талаар хурал хийж хурлын тэмдэглэл гарсан гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж өмнөх мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээс зөрүүтэй мэдүүлэг өгч байгаа бөгөөд нотолбол зохих байдал нотлогдоогүй байна” гэх дүгнэлт хийж хэргийг Прокурорт буцаасан нь үндэслэлгүй болжээ.

Хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн хэлэлцүүлсэн гэрчүүдийн мэдүүлгүүд болон Баянхонгор аймгийн Жинст сумын Бэлчээр ашиглалтын холбоо төрийн бус байгууллагын дүрэм”, 01 дугаар тогтоол, хурлын тэмдэглэл зэрэг бусад нотлох баримтуудыг хэргийн үйл баримтттай холбон үнэлж ингэхдээ Төрийн бус байгууллагын тухай хуулийн холбогдох зүйл, заалтуудын хэм хэмжээний хүрээнд шүүгч өөрийн дотоод итгэлийн хүрээнд хянан шийдвэрлэх бүрэн боломжтой байна.

Прокурорын “Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг зөрчиж, хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянаагүй, прокурорын яллаж буй гэрчүүдийн мэдүүлгийг хэрхэн үгүйсгэж буй талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй” гэж бичсэн эсэргүүцлийн агуулга нь хуулийн үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 2021/ШЗ/246 дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, Ө.Эт холбогдох эрүүгийн 1914005450026 дугаар хэргийг мөн шүүхэд буцаасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч Ө.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг анхан шатны шүүхэд очтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ Г.УЛАМБАЯР

Л.НЯМДОРЖ