2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2453

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Онцгойгэрэл,

улсын яллагч Ж.Баянжаргал,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Алтанцэцэг,

шүүгдэгч ********нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч ********холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2510023591341 дугаар хэргийг 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: *********

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ********нь 2025 оны 4 дүгээр сарын 25-26-нд шилжих шөнө 01 цагийн орчимд таксинд явж байхдаа хохирогч ********“таксины мөнгө өгөөгүй, хэл амаар доромжилсон” гэх шалтгааны улмаас маргалдажн араас нь түлхэж унагаан эрүүл мэндэд “хамар ясны хоёр хажуу хананы цөмөрсөн нийлмэл хугарал, хэлбэр алдагдал, хамрын таславчийн зөрүүтэй хугарал, мурийлт, дух, хамарт няцарсан шарх, дух, хоёр нүдний зовхи, хамар, хацарт зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний зовхинд цус хуралт, тархи доргилт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч ********шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би хааяа аавын машиныг гуйгаад таксинд явдаг. 4 дүгээр сарын 26-ны шөнө 12 цаг өнгөрч байхад их дэлгүүрийн хажуугаас нэг хүн авсан. Согтуу байсан гэдгийг би машинд суусных нь дараа мэдсэн. Жаахан явж байгаад буулгах гэтэл буухгүй, хүрэх газраа хүрнэ гэхэд би яах ч аргагүй Хүннү 2220 хотхон руу хүргэсэн. “Ахаа ирчихлээ, буугаарай” гэхэд сэрэхгүй байсан. Сэрэхгүй байхаар нь би цагдаа дуудсан. Цагдаа “Та гэрийнх нь хажууд ирсэн байгаа бол сэрээгээд буулгачих. Олон дуудлагатай байгаа учир нэлээн удахаар байна” гэж хэлсэн. Би нэлээн удаан ноцолдож байгаад “ахаа сэрээрэй” гэхэд сэрсэн. Сэрээд над руу агсам тавихаар нь “та надад эхнэрийнхээ гар утасны дугаарыг өгчих, эхнэрийг нь гарч ирээд авчих гээд хэлье” гэсэн. Эхнэр лүү нь залгахад утсаа авахгүй байсан. Нөгөө ах над руу нэлээн агсам тавьж уурласан. Би Хүннү 2220 хотхоны хойд талд очсон байсан. Гэтэл намайг “Чи урд нь очих ёстой” гэж агсам тавьсан. Би урд талд очоод “ахаа та машинаас буучих, би танаас мөнгө авахгүй” гэхэд “үгүй би машинаас чинь буухгүй, чи намайг гарааш руу оруулж өг” гэсэн. Хотхон нь чиптэй байсан учир гарааш руу оруулж өгөх боломжгүй байсан. Гэтэл хохирогч гэнэт миний хойноос боосон. Би 2 гарыг нь бариад татсан. Би цагдаа дуудсан. Өөр арга байхгүй байсан болохоор та машинаас буугаад ир гэж өдөж байгаад буулгасан. Надаас нэлээн биерхүү, том биетэй ах байсан. Намайг зодох гээд наашаа хэд алхсан. Би хойшоо ухарч явж байхад хохирогч ямар хүйтэн юм бэ гээд хараагаад машин руу суух гэж оролдсон. Тэгээд би араас нь түлхэж унагаагаад машиндаа суугаад явсан. Хохирогч гар утсаа машинд үлдээсэн байсан. Эргэж очоод харахад хараал хэлээд, ухаантай байх шиг байхаар нь удахгүй гэр лүүгээ орчих байх гээд явсан. Би ийм үйлдэл хийсэндээ гэмшиж байна” гэв.

Эрүүгийн 2510023591341 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч ********: “2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэж нэлээн муудсан тул харихаар болсон. Төв зам дээрээс такси бариад Хан-Уул дүүргийн Хүннү-2222 хотхоны гадаа ирсэн. Би утсаараа мөнгө шилжүүлэх гэтэл чадахгүй байсан учир шууд машинаас буухад миний санаж байгаагаар араас хүчтэй түлхэхэд би газар унаад цааш юу болсон талаар санахгүй байна. Төлбөрөө хийж чадахгүйн улмаас эхнэрийн утасны дугаарыг жолоочид өгөөд эхнэрээс төлбөрөө авчих гээд хэлтэл таксины жолооч түрүүлж бууж ирээд хаалга онгойлгож өгөөд буу гэхэд нь би буусан. Буугаад 3-4 удаа алхаад эргэж харахад нөгөө таксины жолооч намайг ардаас түлхэж унагаад яваад өгсөн. Миний хамрын яс таславч цөмөрч бяцарсан хугаралтай, духнаас хамрын яс хүртэл сэтэрч ханзарсан, 9 оёдол тавиулсан. Солонгос улсад 2023 оны 11 сард хамрын таславч болон муруйгаа тэгшлүүлэх хагалгаанд орсон. Жил гарангийн өмнө орсон хагалгааг минь үр дүнгүй болгосон болохоор гомдолтой байна. Би зам барилгын компаний удирдах албан тушаалтан болохоор бүх ажилд гар бие оролцдог тул ажлаа хийж чадахгүй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-22, 25-26, 29-30 дахь тал),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2025.04.29-ний өдрийн ЕГ0725/6108 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. ******** биед хамар ясны хоёр хажуу хананы цөмөрсөн нийлмэл ил хугарал, хэлбэр алдагдал, хамрын таславчийн зөрүүтэй хугарал, мурийлт, дух, хамарт няцарсан шарх, дух, хоёр нүдний зовхи, хамар, хацарт зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний зовхинд цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 3. Шинэ гэмтэл байна. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэжээ (хавтаст хэргийн 40-42 дахь тал),

Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжээчийн 2025.08.27-ны өдрийн ЕГ0825/2645 дугаартай дүгнэлтэд: “1.3. ******** сэтгэцэд 2025 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. 2. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна” гэжээ (хавтаст хэргийн 60-61 дэх тал),

Камерын бичлэгт үзлэг хийсэн: “1. Сэжигтэй этгээд хойд хаалга онгойлгож хохирогчийг буулгах гэж буй. 2. Хохирогч машинаас бууж сэжигтэй этгээд рүү дөхөж буй байдлыг харуулав. 3. Сэжигтэй этгээд нь хохирогчийг түлхэж байдлыг харуулав. 4.Хохирогч унаж буй байдлыг харуулав. 5.Сэжигтэй этгээд хөдөлж буй байдлыг харуулав” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-11-14),

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-7-10), таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-15-16),

шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-77), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-81), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хх-79) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг,

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргаж өгсөн Монгол Улсын Их Сургуулийн Мэдээллийн технологи, электроникийн сургуулийн тодорхойлолтыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч ********нь 2025 оны 4 дүгээр сарын 25-26-нд шилжих шөнө 01 цагийн орчимд таксинд явж байхдаа хохирогч ********“таксины мөнгө өгөөгүй, хэл амаар доромжилсон” гэх шалтгааны улмаас маргалдаж, машинаас буун алхаж байхад нь араас нь түлхэж унагаан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 4,549,950 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэх, сэтгэцэд учирсан хохирлын хоёрдугаар зэрэглэлд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлж 3,960,000 төгрөг гаргуулж хохирогчид олгуулах саналтай. Хохирогч хохирлын баримт гаргаж өгөөгүй, баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Эрүүл мэндийн даатгалын сангийн нэхэмжлэлийг төлнө. Шүүгдэгчийн төлбөрийн чадварыг харгалзан үзнэ үү. Сэтгэцэд учирсан хохирлыг 3,5 сая төгрөгөөр тогтоож өгнө үү...” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх хуралдаанаар шүүгдэгч ********нь 2025 оны 4 дүгээр сарын 25-26-нд шилжих шөнө 01 цагийн орчимд таксинд явж байхдаа хохирогч ********“таксины мөнгө өгөөгүй, хэл амаар доромжилсон” гэх шалтгааны улмаас маргалдажн араас нь түлхэж унагаан эрүүл мэндэд “хамар ясны хоёр хажуу хананы цөмөрсөн нийлмэл хугарал, хэлбэр алдагдал, хамрын таславчийн зөрүүтэй хугарал, мурийлт, дух, хамарт няцарсан шарх, дух, хоёр нүдний зовхи, хамар, хацарт зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний зовхинд цус хуралт, тархи доргилт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч ******** мэдүүлэг (хх-20-22, 25-26, 29-30), шүүх эмнэлгийн ЕГ0725/6108 дугаар дүгнэлт (хх-40-42), камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-11-14) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч ********таксигаар үйлчлүүлж байсан согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хохирогч ********“таксины мөнгө өгсөнгүй” гэх шалтгаанаар таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж түлхэж унаган хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч ******** эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын баримт гаргаж өгөөгүй бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж байна.

Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжээчийн 2025.08.27-ны өдрийн ЕГ0825/2645 дугаар дүгнэлт (хх-60-61)-ээр хохирогч ******** сэтгэцэд гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинж бүхий хоёрдугаар зэрэглэлийн хор уршиг учирчээ. Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023.07.03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор батлагдсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д хоёрдугаар зэрэглэлийн нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээгээр тогтоохоор заасан.

Тус аргачлалын 3.8-д зааснаар хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн хохирогчийг түлхэж унагасан, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, хохирогчид гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинж бүхий сөрөг үр дагавар үүссэн, хохирогч согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж таксины мөнгө төлнө төлөхгүй гэж маргаан үүсгэж, жолоочийн шаардлагыг биелүүлээгүйн улмаас гэмт хэрэг гарахад нөлөөлсөн, шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмшиж байгаа зэргийг харгалзан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 720,000х5=3,960,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэв.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж заажээ. Хохирогч ********нь гэмт хэргийн улмаас нийт 4,549,950 төгрөгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг Эрүүл мэндийн даатгалын сангаас авсан нь баримт (хх-96)-аар тогтоогдсон тул шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй.

Иймд шүүгдэгч ********төлбөл зохих хохирлыг 8,509,950 төгрөгөөр тогтоож, хохирогч ********(*****)-д 3,960,000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 тоот дансанд 4,549,950 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч ********Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд эмнэлгийн тусламж авахаас бусад үндэслэлээр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй болно.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч таксигаар үйлчлүүлж байсан согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн хохирогчтой “таксины мөнгө өгсөнгүй” гэх шалтгаанаар маргалдаж хохирогчийг араас нь түлхэж унаган эрх, эрх чөлөөнд нь халдан гэмтэл учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохиролд төлөгдсөн зүйлгүй, хохирогч “Гомдолтой” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, оюутан, эрхэлсэн ажил, орлогогүй, ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********2 (хоёр) сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг буюу Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэлээ.

Эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 3 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ********цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***** овогт *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********2 (хоёр) сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг буюу Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 3 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ********цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***** 8,509,950 төгрөг гаргуулж, хохирогч ********(********)-д 3,960,000 төгрөг,

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 тоот дансанд 4,549,950 төгрөг тус тус олгосугай.

6. Хохирогч ********гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой бусад нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                        Л.БААТАР