2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2470

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Энхзул,

улсын яллагч Т.Нансалмаа,

хохирогч ********,

шүүгдэгч ********, өмгөөлөгч О.Цэрэнпунцаг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч ********ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2410042051041 дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: ******

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******** нь 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 12 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд гарсан зам тээврийн зөрчлийн улмаас хохирогч ********тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, гар утас барьсан гараараа нүүр хэсэгт цохиж зодон эрүүл мэндэд “зүүн нүдний ухархайн доод ханын хугарал, баруун сарвуунд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, зүүн зовхинд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч ******** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Зөвшөөрч байгаа тул шүүхэд мэдүүлэг өгөхгүй. Би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Хохирогч руу 2-3 удаа залгасан ч харьцаа муутай хүн шиг санагдсан” гэв.

Хохирогч ******** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2024 оны 9 сард энэ хэрэг болсон. Жолоочтой нь ярилцаж байхад энэ хүн хажуунаас орж ирээд өдөөд байсан. Гартаа барьсан утсаараа намайг цохисон. Намайг цагдаа дуудахад энэ хүн зугтаад явсан. Явахдаа над руу утасны дугаараа хэлсэн. Салхины шилний үнэ 600,000 төгрөг нэхэмжилнэ. Толгой бариулсан баримт өгөөгүй. Би чулууг нь тавиулах гэж барьцалдсан. Харилцан зодоон болоогүй. Толгойн MRI авхуулсан 150,000 төгрөгийн баримт байцаагчид гаргаж өгсөн. Хохирол учруулсан жолооч машины хохирлыг барагдуулсан. Салхины шилний мөнгийг энэ хүнээс гаргуулах ёстой гэсэн. Эм тарианы зардал 250,000 төгрөг болсон. Би 600,000 төгрөгийг л нэхэмжилнэ. Энэ хүн 23 цагаас хойш залгадаг, тэгэхээр нь уурласан” гэв.

Эрүүгийн 2410042051041 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч ********ын: “2024 оны 09 сарын 16-ны өдөр 12 цагийн орчимд би өөрийн тээврийн хэрэгсэлтэй Хан-Уул дүүргийн 3-р хороо, *** хотхоны арын зам дээр явж байсан чинь 2 дугаар эгнээнд явж байсан тээврийн хэрэгслийн жолооч миний машиныг мөргөж зам тээврийн осол гаргасан. Тухайн машины жолооч бууж ирээд ярилцаад би 102 дугаар луу залгасан чинь болохгүй байсан. Би тухайн жолоочид та 102 луу залгачих гэсэн чинь хоёулаа тохиролцоод учраа олцгооё гэхээр нь би үгүй гэсэн. Уг машинаас 40-50 орчим насны 2 эрэгтэй хүн бууж ирээд “тохирчих, чиний буруу” гээд байсан. Би “үгүй” гэсэн чинь саарал өнгийн пиджак өмссөн 180см өндөртэй эрэгтэй тухайн жолоочийн данс руу 100,000 төгрөг шилжүүлээд наад хүндээ өг гээд байсан. Би жолоочийг 102 дугаар луу залгаад өг гэж байсан чинь миний утас дуугараад утсаар ярьсан. Мөнгө шилжүүлсэн залуу гартаа утсаа барьж байгаад миний нүүрэн тус газар цохисон. Замын хажуугаас чулуу аваад миний машины урд салхины шил, хойд гупер лүү шидсэн, машиныг өшиглөсөн. Манай ажлын ******** явж байхаар нь “цагдаа дуудаад өгөөч” гэж хэлсэн. ******** ах над дээр ирсэн чинь тухайн маргаан үүсгэсэн болон намайг цохисон 2 хүн зугтаагаад явсан. Мөргөсөн жолоочийн хамтаар үлдээд замын цагдаа дуудсан. Миний машиныг эвдэлж байхад нь би болиулах гэсэн боловч намайг өшиглөж баруун гарын чигчий хурууг хазсан. ...Одоо сэтгэцэд учруулсан хохирлоо тогтоолгох шаардлагагүй. Би эмнэлэгт үзүүлж яаралтай тусламж аваагүй. Толгойны зураг авахуулж эмчилгээ бичүүлсэн. Би 600,000 төгрөг нэхэмжилж байна. Энэ нь толгойны зураг авахуулахад гарсан зардал болон эмчийн бичиж өгсөн эмийн мөнгө юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29-32, 34 дэх тал),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2024.09.25-ны өдрийн 12322 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.4. ********ын биед зүүн нүдний ухархайн доод ханын хугарал, баруун сарвуунд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, зүүн зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.5.6.7. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 8. ********ын биед учирсан зүүн нүдний ухархайн доод ханын хугарал, баруун сарвуунд няцарсан шарх гэмтэл нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг, зүүн хацар, зүүн зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь тус журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй” гэжээ (хавтаст хэргийн 37-38 дахь тал),

Шүүгдэгч ********ийн яллагдагчаар өгсөн: “2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэрийнхээ араас зам дээрээс такси бариад явж байсан. Араас тээврийн хэрэгсэл ирж мөргөсөн. Таксины жолооч машинаас буугаад мөргөсөн залуутай уулзах үед нөгөө залуу таксины ахыг хэл амаар доромжилж барьж идчих гээд байсан. Тэгэхээр нь би машинаас бууж очоод “чиний буруу шүү дээ, араас мөргөсөн биз дээ” гэхэд миний толгой хэсэгт гараараа шууд цохиод авсан. Тухайн залуутай харилцан цохилцсон. Би дийлэхгүй болохоороо такси бариад цагдаад дуудлага өгчихөөд яваад өгсөн. Ийм л зүйл болсон. Би тухайн залууд гэмтэл учруулсан эсэхээ тухайн үед мэдээгүй. Миний толгой жаахан хөндүүрлэж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 77-78 дахь тал),

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2025.04.14-ний өдрийн 358 дугаар дүгнэлтэд: “1. ******** нь Сэтгэл санааны /цочирдлын/ органик эмгэг, Засрал сайжралын байдал сэтгэцийн эмгэгтэй байна. 2. ********ийн дээрх эмгэг нь 17 наснаас эхэлсэн тухай эмнэлгийн бичиг баримт байна. Дээрх эмгэг нь органик хүчин зүйлээс болж өвчин нь сэдэрсэн тохиолдолд сэтгэл гутрах хам шинж, сэтгэл хөөрөх хам шинж ээлжлэн болон холилдон үүсдэг органик гаралтай сэтгэл цочирдлын эмгэг болно. Хэзээ өвчин сэдрэхийг тогтоох боломжгүй бөгөөд эмчилгээ, сэтгэцийн эмчийн тогтмол хяналтын үр дүнд засрал сайжралын байдалд ордог эмгэг болно. 3. ********ид эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. Харин ар гэр, асран хамгаалагч, харъяа дүүргийн сэтгэцийн эмчийн хяналтад байх шаардлагатай байна. 4. ******** нь гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадвартай байсан байна. ******** нь одоо хэрэг хариуцах чадвартай байна” гэжээ (хавтаст хэргийн 46-48 дахь тал),

Дуудлагын лавлагааны хуудас (хх-16), хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-17-20), хохирогч ********т хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл (хх-120),

шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-81), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-83), оршин суугаа хаягийн лавлагаа (хх-82), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хх-44), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хх-80), АСАП сангийн лавлагаа (хх-85-101) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч ******** нь 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 12 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд гарсан зам тээврийн зөрчлийн улмаас хохирогч ********тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, гар утас барьсан гараараа нүүр хэсэгт цохиж зодон, эрүүл мэндэд “зүүн нүдний ухархайн доод ханын хугарал, баруун сарвуунд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, зүүн зовхинд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч ********ын мэдүүлэг (хх-29-32, 34), шүүх эмнэлгийн 12322 дугаар дүгнэлт (хх-40-42) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч ********ийн зам тээврийн зөрчлийн улмаас таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж хохирогчийн нүүрэнд гар утас барьсан гараараа хэд хэдэн удаа цохиж хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч ********ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохиролд төлөгдсөн зүйлгүй тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

Хохирогч ******** “Эмнэлгийн байгууллагаас тусламж үйлчилгээ аваагүй, толгойны зураг авахуулсан, салхины шилний үнэ нийт 600,000 төгрөг нэхэмжилнэ” гэснийг үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж байна.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч ******** нь 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 12 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” Төрийн өмчит үйлдвэрийн газрын ойролцоо гарсан зам тээврийн зөрчлийн улмаас ********тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, гар утас барьсан байсан гараараа түүний нүүр хэсэгт цохиж зодон, эрүүл мэндэд “зүүн нүдний ухархайн доод ханын хугарал, баруун сарвуунд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, зүүн зовхинд зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай. Хөнгөн хохирол учирсан ч хохирогч баримт ирүүлээгүй. Тээврийн хэрэгсэлд хохирол учирсан талаар хэрэгт баримт авагдаагүй, өөрөө гэмтэл учраагүй гэсэн. Эрүүл мэндийн зардлаа баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай...” гэж,

хохирогч “Цаашид хохирлоо нэхэмжилнэ” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Гэм буруугийн талаар маргах нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа тул улсын яллагчтай санал нэг байна. Иргэд хоорондын таарамжгүй байдлаас энэ гэмт хэрэг гарсан. Сэтгэцийн байдал нь нөлөөлсөн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Улсын яллагчийн саналын хүрээнд шийдэж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч, хохирогч нар зам тээврийн зөрчлийн улмаас таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж хохирогчийн нүүр хэсэгт хэд хэдэн удаа цохиж эрх, эрх чөлөөнд нь халдан гэмтэл учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогч “Гомдолтой” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэмж авдаг гэх, орлоготой)-ыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********ийг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж (хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмж авдаг гэх, тодорхой орлоготой)-ийг харгалзан шүүгдэгч ********ийг 550,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоолоо.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******** цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ********ийн ******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********ийг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********ийг 550,000 төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******** торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******** энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Хохирогч ******** гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ********ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                        Л.БААТАР